Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн бууруулах ажлыг эрчимжүүлжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Дүүргийн Засаг Даргын тамгийн газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг Баянгол дүүргийн 5 дугаар хороонд энэ сард эхлүүллээ. Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлэг, Сувилахуйн сургууль, Техник технологийн дээд сургууль, Цоглог, Голден парк, Тэмүүлэл, Энэрэл, Баялаг хотхон, 10 дугаар хороолол, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй нутаг дэвсгэр юм.

2014 онд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт 1374 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 209 буюу 15.2 хувь 5-р хорооны нутаг дэвсгэрт, 117 буюу 55.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэн тоон үзүүлэлт гарчээ.

Энэ аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлын мэдээлэл хүргэж, санал солилцон гэмт хэрэг зөрчлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор сайн дурын эргүүл гаргаж, хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын талбайд МАН-ын ажлаа төлөвлөх аян болж байна

Өнөөдөр Нийслэлийн МАН түүхээ таниулах, цаашдын хөгжлийн ажлуудаа төлөвлөх 26 хоногийн аяныг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Аяны хүрээнд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн иргэд, дэмжигчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдуулж байгаа аж. Мөн хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, замын түгжрэлийг хэрхэн бууруулах, хог хаягдлыг багасгах, бусад асуудлаар иргэдийн саналыг авч байгаа юм байна. Тэд иргэдийн саналыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган ажиллах гэнэ. Ирэх өдрүүдэд хүүхэд багачууд, залуу гэр бүл, оюутан залуус, өндөр настнуудад зориулсан хөтөлбөр болон “Замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшье”, “Эрүүл хот-эрүүл иргэн” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Мөн “Хотын хөгжил” нэрийн дор гэрэл зургийн уралдаан, илтгэлийн уралдаан, сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохиох аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод энэ онд 14 байршилд 91 тербумаар замын ажил хийж гүйцэтгэнэ гэв

Нийслэлийн Авто замын газар энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өчигдөр боллоо. Уулзалтанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон юм. Нийслэл хотод 2012-2014 онд 81.9 км авто зам, 144.9 км автозамыг өргөтгөж шинэчлэсэн байна. Мөн 654.9 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барьж, 380.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэж, явган хүнд зориулсан гурван гүүрэн гарц, нэг нүхэн гарц, төмөр зам доогуур хоёр байршилд нүхэн гарц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг тус тус хийсэн ажээ. 2008-2012 онд өмнөх жилүүдээс гурав дахин урт замыг хийсэн байна. Өнгөрсөн жил Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Мөн энэ үеэр Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж 2015 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх замын ажлаа танилцуулж, цаашлаад компаниуд юунд анхаарах талаар хэлэлцлээ. Үүнд, он дамжиж хийж байгаа ажилд Нарны замыг 19-н арын замтай холбох 1.5 км авто зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх нарны замтай холбогдсон 22 метр туннелийн хамт барих ажил, Нарны замаас Саруул хотхон хүртэл 0.24 км авто зам, 55 у/м гүүрийн барилгын ажил, Өлзийт хороолол био комбинат шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замын барилгын ажил орж байгаа аж. Энэ байдлаар энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил хийх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах талаараа өчигдөр мэдээллээ. Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд мянга орчим төлөөлөгч оролцох аж. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм байна. Тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх аж. Мөн тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм байна. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Шаравдорж: М.Энхболд дарга “30:70-ын харьцаатай бол хамтарч болно“ гэсэн байна лээ

МАХН-ын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-МАХН-ын удирдлагууд болон тус намд харьяа­лалтай УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр БНСУ-д очиж Н.Энхбаяр даргатай уулзаад ирсэн гэсэн. Ямар асуудлуудыг хөндөв?

-БНСУ-д эмчилгээнд байгаа намын даргатайгаа бид очиж уулзаад ирсэн. Бямба гаригт яваад бүтэн сайнд ирсэн ч гэсэн богино хугацааны гэхээргүй ажил хэрэгч уулзалт тэнд өрнөсөн. Намын дотоод асуудал болон намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх, нам ямар ажил хийх вэ гэдгээ ярилцлаа. Ганц манай нам гэлтгүй бусад намууд манайхаас илүү хөдөлгөөнд орчихсон байна. Нэр дэвшигчид нь сонингоо хэвлүүлж, мөнгөө тараагаад эхэлчихсэн байна шүү дээ. МАХН-ын хувьд мэдээж ирэх сонгуульд орно. Гэхдээ бид ирэх сонгуульд оролцохдоо хүчтэй өрсөлдөгч байхын тулд бусад намуудаас илүү ажиллах шаардлагатай гэдгийг ярилаа. Үүнийгээ ч бид ухамсарлаж байгаа. Энэ ч үүднээсээ ажлаа нарийн нягт төлөвлөж, зохион байгуулах ёстой гэдэг дээр голлон намын даргатай яриа өрнүүлсэн.

-Хаврын чуулганаар Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль, сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Тавантолгойн асуудал дээр ямар байр суурьтай байна. Эдгээр асуудалд хэрхэн хандана гэж байна вэ?

-МАХН-ын даргын ч, МАХН-ын ч тэр байр суурь маш тодорхой. Монголыг тэжээх стратегийн энэ том ордын тухай асуудал эхнээсээ замбараагүй байж, хүнийрхүү сэтгэлээр хандсан. Иймээс хоёр толгойн асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хөнгөн гоомой хандаж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэхэд хоёр толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, итгэхгүй байна гэсэн. Энэ бол Төрийн тэргүүний амнаас гарахааргүй үг л дээ. Төрийн хууль тогтоох дээд байгууллага парламент нь улсын амин чухал асуудлыг хэлэлцэхгүй тэгээд юу хэлэлцэх юм. Одоо бүгд УИХ-даа итгэж, УИХ-аас хариуцлага, зөв шийдвэр шаардах ёстой. Оюу толгой, Таван толгойн асуудал дээр Н.Энхбаяр дарга төслийг хэрэгжүүлэх явцдаа үе шаттайгаар монголчуудын эзэмших хувь хэмжээг 51-ээс дээш хувьд хүргэх ёстой гэж байгаа юм. Үүнийгээ ч өмнө нь хэлж байсан. Тийм болохоор улс төрийн хилс хэрэгт холбон даргатай тооцоо бодох гэж зүтгэсэн. Бид Оюу толгой, Таван толгой дээр хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал мөн намын анхаарлын төвд байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр тэгээд ямар байр суурьтай байгаа юм?

-Одоогийн нөхцөл байдлыг хараад байхад хөнгөн гоомой хандах хандлага байна уу хэмээн МАНАН-г хардаж байгаа. Үндсэн хууль гэдэг чинь эх хууль. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж байж ямар ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр саналыг нь асуух шаардлагатай. Үнэнийг хэлэхэд бид одоогийн эрх баригчдад итгэхгүй байна. Үндсэн хуулийг хөндөх эрх зүйн чадамж, чадвар байна уу. Мөн Гацууртын тухай асуудлыг хөндөх ёстой. Гацууртыг яагаад гадныханд өгөх гээд байгаа нь тун сэжигтэй байгаа юм. Оюу толгой, Таван толгойгоо тавиад туучих хэмжээнд очсон хүмүүст Гацууртын ордыг өгнө гэдэг нь зөвхөн тэнд байгаа алтны асуудал биш. Монголын түүхийг ухаж болохгүй. Эцсийн бүлэгт бидэнд түүх л үлдэнэ. Нутгийнхан нь зүгээр нэг Ноён уулаа хадгалаагүй, Монголынхоо түүхийг хадгалж ирсэн юм байна. Манай намын зүгээс Ноён уулыг эцэг, дээдсийн захиас гэж харж байгаа. Булшийг нь хөндөхгүй алтыг нь авчихна гэдэг бол туйлын хариуцлагагүй мэдэгдэл. Эрх баригчид хэдий болтол монголчуудаа ингэж хуурах юм. Цаанаасаа өгөгдсөн өгөгдлөөр, захиалгаар бүх юм явж байна. Өнөөдөр Монголд алт нь байна уу, баялаг нь байна уу, байж л байгаа. Байгаль дэлхий, мал ахуй нь байна уу, байна. Мал нь өсөөд байхад ард түмний амьдрал уруудаад байгаа нь эрх баригчид ард түмнээ бодохгүй байгаагийн тод илрэл гэж бид үзэж байна.

-Намын дарга тань Улс төрийн болон Сонгуулийн тухай хуулинд ямар санаа оноо дэвшүүлж байх юм. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал даваа гаригт болсон. Ямар асуудлуудыг ярилцсан юм бэ?

-Эдгээр хуулиуд дээр намынхаа дотоод бодлогын асуудлыг дэлгэмээргүй байна. Энэ хаврын чуулган ихээхэн хариуцлагатай болох тул хэлэлцэж буй асуудал бүр дээр “Шударга ёс” эвсэл хариуцлагатай хандах ёстой. Энэ тал дээр үүрэг даалгавар өгөгдсөн.

Даваа гаригт манай намын Гүйцэтгэх товчоо хуралдан хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн. Манай намын хувьд өмнө нь Байнгын хороо, Засгийн газрын хэмжээнд ротаци хийсэн. Одоо “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар МҮАН-ын Н.Батцэрэг, УИХ-ын дэд даргаар МАХН-ын Л.Цог дарга ажиллаж байгаа. Бид ротаци хийж УИХ дахь намын бүлгээ МАХН авч, УИХ-ын дэд даргаа МҮАН ав гэж байгаа юм. Гүйцэтгэх товчооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн УИХ дахь намын бүлэгтээ саналаа хүргүүлсэн. Ойрын үед шийдэгдэнэ байх. Хаврын чуулган болон түүний дараахь бүх зүйлд МАХН чамбай хандаж, няхуур оролцоно. Энэ нь УИХ-д өөрсдийн хийж буй алхмаа харуулах томоохон зүйл. Түүнээс биш Л.Цог, Н.Батцэрэг гэдэг хувь хүнээс болж сольж байгаа юм биш шүү. Манай хоёр дарга ч гэсэн үүнийгээ зөвшөөрнө. Зөвшөөрөх ч ёстой. Нэг суудалд удаан суух нь тийм зохимжтой ч юм биш. Нөгөө талдаа УИХ-д байгаа манай намын гишүүд хариуцлагаа дээшлүүлэх ёстой гэдгийг нэлээд ярьсан. Намынхаа нэрээр УИХ-д суучихаад мартчихаж болохгүй. Намын бодлого та нараар дамжих ёстой шүү гэдгийг нэлээд хатуу ярьсан. Намынхаа үгэнд ордоггүй, тэс хөндлөн давхидаг, бодлогын чанартай асуудал дээр алдаа гаргавал хариуцлага тооцно.

-МАХН дөрвөн фракц болон хуваагдсан тухай О.Баасанхүү гишүүн ярьсан байна лээ. Хөлөө олох гэж зүтгэж яваа нам дөрвөн фракц болон хуваагдвал хэцүү л байх даа?

-МАХН хөл дээрээ зогсож байгаа нам. Үүн дээр эргэлзээд байх юмгүй. Манай нам шиг эв нэгдэлтэй байх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа нам Монголд алга. АН, МАН гэхэд эрх ашгийн зөрчлөөсөө болж хуваагддаг.

Үүнийгээ ч нуудаггүй. Бидний хувьд тийм зүйл байхгүй. О.Баасанхүү гишүүн МАХН дөрвөн фракц болсон гэдэг зүйлийг ярьсан байна лээ. Үүнийг манай намынхан буруушааж байгаа. О.Баасанхүү гишүүн тэгж ярих шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Яагаад тэгж хэлснийг ойлгохгүй байна. Лав л тэгж хэлэх үндэслэл байхгүй. О.Баасанхүү өөрөө тийм зүйл бодоод явж байгаа бол алдаа шүү гэдгийг хэлье. Үүнийг олон түмэнд яриад байх ч зүйл биш. Цаашид энэ мэтийн намаа хуваасан гэх мэт эрүүл бус зүйл ярихаа зогсоо гэдгийг гишүүддээ хэлнэ. Манай намыг хуваагдаасай гэдгийг хүлээж суудаг улс төрийн хүчинд үйлчилсэн иймэрхүү яриа дахин гарах ёсгүй. Үнэхээр хуваагдсан юм байхгүй шүү.

О.Баасанхүү гишүүн МАН-ын дарга М.Энхболдтой уулзаад “Хоёр нам хамтрах тал дээр таны бодол юу байна” гэж асуухад нь М.Энхболд дарга “30:70-ын харьцаатай байвал хамтарч болно” гэдэг зүйл ярьсан гэсэн байна лээ. Үүн дээр хариулт өгөхөд МАН-тай нэгдэх асуудал МАХН-д байхгүй. Амьдрал харуулах байлгүй. Яахав тодорхой хүчин зүйлс дээр МҮАН-тай хамтарсан шиг хамтрахыг үгүйсгэхгүй. Манай нам тусдаа бие даагаад сонгуульд ороод явах бүрэн боломжтой.

-Д.Тэрбишдагва гишүүн МАН, МАХН нэгдээд явахад болохгүй зүйлгүй гэсэн байна лээ. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-МАХН гэдэг улс төрийн том хүчин өнөөдөр хоёр хуваагдсан нь үнэн. Тухайн үеийн удирдлагын хэдэн хүн юуны ч халуунд юм гаргасан шийдвэр. Нам нэрээ өөрчлөх асуудал тавигдах ёстой байж магадгүй. Гэхдээ тухайн цаг үед лав биш байсан. Үүнээсээ болоод ялагдал хүлээж байна. МАН дахь цөөн хэдэн хүний зөрүүд гажууд зан болон бусад улс төрийн хүчинтэй ашиг сонирхол нэгтэйн гай улс төрийн энэ том хүчинд яаж тусав гэдгийг нь бид харж л байна шүү дээ.

-Ямар хүмүүсийн гай болсон гэж?

-Тодорхой шүү дээ. С.Баяр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол гээд намын удирдлагууд нь байна. Заавал надаар нэр хэлүүлэх гээд байгаа бол ингээд хэлчихье. Өнөөдөр ч гэсэн МАН-ын удирдлагууд хар хор, өшөө хорслоо тээсээр байгаа нь туйлын харамсалтай. Одоо болоо шүү дээ. Хэдий болтол өшөө хорсол тээж явах гээд байгаа юм. Ийм өшөө хонзон өөрөө өөрийгөө идэхээс биш өөр юуг ч идэхгүй. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Ам нээсэн дээрээ хэлчихье. МАН-ын дунд болон доод шатандаа намын масс нь намынхаа удирдлага үйл ажиллагааг дэмждэггүй юм билээ. МАН ийм байдлаар цааш явбал улам л хүнд байдалд орно. Томоохон шинэчлэл хийж, хагарал бутралаа цэгцлэхгүй бол болохгүй. МАН бидний үйл ажиллагааг заахгүй. Тухайн үед улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх нь вэ. Түүнийг харж байгаад хамтрахыг үгүйсгэхгүй. Түүнээс биш манай намын зүгээс нэгдье гээд гүйгээд очих асуудал байхгүй.

-Өнөөдрийн нийгэм эдийн засгийн талаар ямар бодолтой байгаа бол?

-Мал нь байгалийн баялаг нь байсаар байхад монголчуудын амьдрал туйлын хүнд байна. Би гайхдаг юм. Монголчууд яасан тэвчээртэй ард түмэн юм бэ, гэж. Энэ хүнд байдлаас гарах ёстой. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд лав л гаргаж чадахгүй. Баахан хоосон амлаж, хугацаа авдаг. Ерөнхийлөгч нь 2.6 жил намайг үлдээгээд өгөөч гэдэг. Ерөнхий сайд нь Эдийн засгийн форум дээрээ нэг сарын хугацаа өгөөч гэж байна. Дандаа хугацаа авсан, цаг алдсан, ард түмнийг хошгируулаад эцэст нь элгээр нь хэвтүүлсэн буруутнуудтай монголчууд хариуцлага тооцох ёстой.

-Таван толгойн асуудал дээр УИХ, Засгийн газар хоёр тийшээ харсан байр суурьтай байх шиг байна. Та хэрхэн харж байгаа вэ?

-Таван толгойг ард түмэнд мэдэгдэхгүйгээр, УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдчих гээд байгаа. УИХ-ын дарга З.Энхболдыг нэлээд үнэн үг хэлчихлээ гэж бодоод байна. Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэхгүй ямар шийдвэр гаргах гээд байгаа юм. Оюу толгойг анх Таван толгой шиг нуусан. Ямар гэрээ хийгээд байгаа нь ч нууц байсан. Ерөнхийлөгч Таван толгойн тал дээр УИХ-д итгэхгүй байна гээд хэлэхэд үнэнийг хэлэхэд гайхсан. УИХ-д итгэхгүй юунд итгэх гээд байгаа юм. Тэгээд гадаадынханд итгэх гээд байгаа юм уу. Оюу толгой, Таван толгой, Гацууртыг заавал Их хурлаар хэлэлцүүлж, ард түмэнд нээлттэй байлгах ёстой. УИХ-аар шийдэхгүй бол одоогийн Засгийн газрын хэдэн нөхдийн гараар орвол юу ч үгүй болох гээд байна. Өнөө их хүлээлт, сайхан амьдралын талаарх төсөөлөл бүгд талаар болж байна. Нэг хэсэг нь баяжаад нөгөө нь хэсэг нь яаж амьдрах юм. Өнөөдөр хотын захын гэр хороололд нохойдоо өгөх хоол олдохгүй байгаа нь үнэн шүү дээ. Зах дээрээс яс гуйж аваад шөл хийгээд идэж байна шүү дээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжихээр болжээ

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар төгсгөлийн тоогоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжихээр болжээ. Ингэхдээ одоо мөрдөж байгаа 08.00-20.00 цаг гэсэн хуваарьт өөрчлөлт орохгүй бөгөөд зөвхөн бүсчлэлийг тэлж зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлахаар болжээ. Тодруулбал, өвлийн хуваарьт зарим замуудыг хязгаарлалтаас хассан байсан бол зуны хуваарьт шилжсэнээр дээрх замуудыг дахин хязгаарлах аж.

Дугаарын хязгаарлалт өвлийн хуваариар хорооллын эцэс, 32-н тойрог, Дарь-Эхийн уулзвар, КТМС-н урд аюулгүйн тойрог, офицерын тойрог, чулуун овооны уулзвар, Дүнжингаравын урд уулзвар, 120-н уулзвар, МИС-н хойд уулзвар, ТЭЦ-4 уулзар, соппорогоор хилэлдэг байсан. Харин зуны хувиараар хорооллын эцэс, МҮОНРТ-н уулзвар, 32 тойрог, долоон буудал, долоон буудлын арын цагдаагийн пост, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвар, Дарь-Эх, Сансарын тойрог, цайз захын урд уулзвар, ХСИСургууль, Чулуун оюооны үүлзвар, Наратуул захын уулзвар, их тэнгэрийн уулзвар, ХААИС-н уулзвар, Яармагийн гүүр, Саппоро, Геологийн төв лабораторын уулзваруудаар тэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Жигжид: Бид очоогүй бол тэр айл гал алдаж, нялх хүүхэд осгох байсан

Улаангомоос холгүй. 2014.04.05-ны шөнийн 01.05 цаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасаар хүчтэй шуурч, олон хүн төөрч, цөөнгүй мал хорогдсон. Увс аймагт хаваржаа руугаа нүүж явсан 500 шахам айл цасан шуурганд түлэх түлшгүй, нөмөрлөх хашаагүй гал алдсан тухай манай сонин мэдээлсэн билээ. Хаваржаандаа дөнгөж буусан айл түлх түлшгүй, нэг сартай нялх охин осгохын даваан дээр байхад нь таван залуу шөнөжин цас ухан байж аварчээ. Тэд 40 км замд найман цагийн турш цас ухаж очоод нэг сартай охиныг ээж, эмээтэй нь хамт Улаангом руу аваад буцахдаа мөн л төдий хугацаанд нүдгүй шуургатай тэмцжээ.

Сайн үйлс бүтээж, дөрвөн хүний амь аварсан залуусын нэг Ц.Жигжидтэй ярилцлаа.

-Цасан шуурганаар ажрахгүй зүтгэж олон хүний амь аварсанд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Ингэж сонинд ярилцлага өгөх гавьяа байгуулсан гэж бодоогүй шүү дээ. Намайг Цогтбаатарын Жигжид гэдэг. 29 настай. Аймгийн төвд хувиараа ажилладаг.

-Шуурганаар юу болсон талаар яриач?

-Өнгөрсөн бямба гаригт гэртээ байж байтал найз маань ирээд “Манай эгчийнх хаваржаандаа дөнгөж буучихсан байсан юм. Түлш түлээгээ бэлтгэж амжаагүй байтал цасаар шуурч гал алдаж байна гэнэ. Нэг сартай нялх хүүхэдтэй юм. Нүүрс, түлээ дөхүүлж өгмөөр байна” гэсэн. Ингээд таван найз нийлээд Улаангомоос гарсан хэрэг.

-Хэдэн цагийн орчимд вэ. Ид шуурч байв уу?

-Орой 18.00 цагийн орчимд гэрээсээ гараад бензин тосоо бэлтгээд аймгийн төвөөс цагийн дараа гарсан. Нүдгүй шуурч байсан үе. Онцгойгийнхон аймгийн төвөөс гарах пост дээр зогсчихсон, машин гаргахгүй байсан. 19.00 цагийн орчимд пост дээр очиход “90 гаруй машин буцаалаа. Та нар ч гэсэн буц” гэдэг юм байна. “Нэг сартай нялх хүүхэд хөлдөж үхэх гэж байна. Тэр хүмүүс гэрийнхээ тавилгыг түлээд дуусвал гал алдана. Очихоос өөр аргагүй. Идэр насны эрчүүд хөлдөөд үхтэл хаа юм. Сайн машин, их бензин байна” гээд бүгдээрээ гуйж, аргалж байгаад аймгийн төвөөс гарсан. Тэгтэл Тээлийн гүүр даваад л битүү цас, зам байтугай бүртийх хар бараан зүйл ч харагдахгүй. Цас машины хамар даваад ирчихсэн.

-Та нар ер нь ямар бэлтгэлтэй гарсан хүмүүс вэ. Замдаа саатаж магадгүй гэж цай хоол авсан уу. Зузаан хувцасласан биз дээ.

-Аймгийн төвд цасаар шуурч байсан болохоор хүрэм, зузаан өмдтэйгээ гарсан. Юмыг яаж мэдэхэв гээд машиныхаа банкийг дүүргэсэн. Тэгээд л нэг, нэг хүрз аваад гарсан даа. Нөгөө айлдаа хүргэж өгөх арван уут нүүрс бас аччихсан. Цай хоол аваагүй ээ. Залуу хүмүүс хоол цай санаанд орохгүй шүү дээ.

-Зорьсон айл хэр хол байгаа билээ?

-Өмнөговь сумаас Увс нуурын хөвөө рүүгээ дөхөж хаваржихаар нүүж очсон юм билээ. Хаваржаандаа буусан даруйд цасаар шуураад эхэлсэн гэсэн. Аймгийн төвөөс 40 гаруй км зайтай. Наранбулаг сумын Толийн хус гэдэг газар. Зам гайгүй байсан бол хэдхэн минут давхиад хүрэх газар шүү дээ. Гэтэл бид нэг талдаа найман цаг гаруй явсан.

-Машины хамар давсан цастай байсан бол аргагүй шүү дээ. Хүрзээрээ цас ухаад л байв уу?

-Нүдгүй шуурганд цас удаан ухах хүнд юм билээ. Жаахан ухаж зай гаргаж байгаад машинаа займчуулаад овоо явж байгаа юм. Хэсэг газар зам гаргачихаад машиндаа хэсэг дулаацаад дахиад ухна.

-Ойр хавьд айл байхгүй биз?

-Онцгойгийнхон нэг машин чирчихсэн зүтгүүлж яваад таарсан. Тэд “Та нар буц. Тийшээ явбал үхэж мэднэ” гэсэн. Тэнд нялх хүүхэд яаж ч мэдэхээр байхад бидний үхэх яах вэ л гэж яриад буцахгүй гэж тохирсон.

-Хүлээж байгаа хүмүүс утсаар холбогдож байсан уу?

-Аймгийн төвөөс гарахын өмнө утсаар ярьсан гэсэн. Уулын орой дээр гарахаар скайтелийн сүлжээ барьдаг юм байна. “Гэрийнхээ унь түлж эхэллээ. Гал алдаж байна” гэж ярьсан гэсэн.

-Та нар төөрөөгүй юу?

-Нутгийн хүмүүс болохоор баримжаа байлгүй яах вэ. Баримжаагаараа, цас ухаад, газар урагшлаад л байлаа.

-Шөнө дунд нөгөө айлдаа очив уу?

-Өмнөговь сумын харьяат Болдбаатар гэдэг залуугийнх. Биднийг очиход өндөр настай хөгшин, нэг сартай охин, түүний ээж гээд гурван эмэгтэй цэв хүйтэн гэрт бээвийчихсэн байсан. Нэг хүү нь цасанд дарагдсан ишиг, хурга бөөгнүүлээд орж гаран байсан. Хоолны шүүгээ, ширээгээ эвдэж түлээд унь руугаа орчихсон ч гэр нь хүйтэн. 20 шахам униа хугалаад түлчихсэн байсан. Хаваржаандаа бууж байна гээд гэрийнхээ дулаалгыг үлдээчихсэн юм билээ. Дан бүрээстэй гэр тэр шуурганд яаж дулаацах вэ дээ. Тэгээд газар хөлдүү. Хашаа хороо, нөмөрлөх уул хад байхгүй тал газар жиндүү гэж жигтэйхэн. Бас шуурганд гэр нь уначих гэж сандаргаад сүйд болсон гэсэн. Охиндоо живх хийгээд өлгийдчихсөн. Өглөөнөөс хойш нэг удаа л живхийг нь сольсон. Өлгийг нь тайлахдаа шүүгээгээ бүгдийг нь түлж байж гэрээ бүлээцүүлсэн гэсэн. Очсон даруйдаа нүүрс хийгээд жаахан бүлээцэж, цай ууцгаагаад гурав нь үлдээд бид хоёр хүүхэд, эмэгтэйчүүдээ аваад аймаг руу хөдөлсөн.

-Мал нь бас цасанд дарагдчихсан уу?

-180 гаруй бог төллөчихсөн байсан. Нялх ишиг, хургаа гэртээ оруулсан байна лээ. Бусад нь цасанд дарагдсан. Цасанд дарагдсан мал гурав хоногтоо бол амьд байдаг гэж ярьдаг. Тиймээс үлдсэн гурав нь цас ухаж мал гаргах, гэр орныг нь харахаар үлдсэн.

-Та хэд буцахад шуурга намжиж байв уу?

-4.00 цагийн орчимд хөдөлсөн. Шуурга намжаагүйгээр барахгүй бидний гаргасан зам ул мөргүй алга болчихсон байсан. Дахиад л цас ухаж эхэлсэн. “Нялх хүүхэдтэй ингэж зутарч байхаар буцъя” гэж ч бодогдлоо. Үүр цайх дөхөж байсан болохоор зүтгэсэн нь дээр, хүүхэд ханиад хүрсэн байх эмнэлэгтэй газар хурдан дөхье гэж ярилцаад зүтгэсэн. Цасанд суусан машин унтрахгүй л бол дотроо халуун гэж жигтэйхэн шүү дээ. Нэг сартай охин дулаацаад нам унтчихсан. Бид ирсэн шигээ цас ухаж урагшилсаар өглөө 9.00 цагийн үед аймгийн төвийн бараа харсан.

-Замдаа бас нэгнийхээ зургийг аваад зугаатай байсан юм шиг ээ?

-Залуу хүмүүс үхчихнэ гэж төсөөлөх биш. Нэг нь цасанд шургаад унахаар бусад нь шоолж инээгээд зургийг нь дараад зугаатай л байсан. Тэр их цаснаас гарч чадахгүй, эндээ хөлдөнө гэж бодоод байсан бол хүрзээ дийлэхгүй болох биз. Ер нь нэг их хүндрэл байгаагүй. Би өөрөө машин засдаг. УАЗ-569 машин маань 2003 оных. Бүх засвар, үйлчилгээг нь хийчихсэн болохоор эвдэрч саатна гэдэг айдас байгаагүй.

-Гэрийнхэн чинь санаа зовоод сүйд болсон байх.

-Санаа зоволгүй яах вэ. Гэхдээ загнаагүй. Бид очоогүй бол тэр айл түлшгүй гал алдаж, нялх хүүхэд осгох байсан. Одоо ч хаваржаандаа байгаа айлууд түлшгүй хэцүүхэн байгаа. Аймгийн удирдлагууд түлш дөхүүлж байгаа сонсогдсон.

-Охин зүгээр үү?

-Зүгээр гэсэн. Эмээ нь баярлалаа гэж байсан.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Зогсоолгүй байгууллагууд машин ачилтын мөнгөнөөс төлөлцөнө

Засаг дарга өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ны өдөр “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” захирамж гаргасны дагуу дүрэм зөрчигсдийн машиныг ачих ажил хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл зөвшөөрөлгүй газар зогссон автомашиныг зориулалтын чирэгчээр чирэх, ачих журамд НИТХ-ынхан машинаа ачуулсан тохиолдолд жолоочийн торгуулийн төлбөрийн 50 хүртэлх хувийг тус байгууллагаас гаргуулахаар зохицуулах гэнэ.

Харин аж ахуй нэгжүүдийн гаднаа зогсоол байгуулах асуудлыг нийслэлээс дэмжиж өгөх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном: Завшсан хөрөнгөө төрд тушаагаад ногоон зүлгэн дээрээ гэрээ бариад тайван амьдарцгаа

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбогдуулж, энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа. Асуудал боловс­руулж байгаа УИХ-ын гишүүд болон иргэдэд энэ хүний санал сонирхолтой байх төдийгүй ирэх жил болох УИХ-ын сонгуулийг зохистой зохион байгуулахад ч ач тустай байж болох юм.

-Засаг төр тогтворгүй, эдийн засаг хүндрэлтэй, нийгэмд тайван биш байдал ажиглагдаж байна. Энэ бүхний үндсэн шалтгаан нь юу байж болох вэ?

-Үндсэн шалтгаан нь их алсаас улбаатай байх шүү. Том улс гүрнүүдийн хооронд дэлхийд ноёрхох сонирхлоос үүдэлтэй ширүүн тэмцэл арга нь өөрчлөгдөж олон жил тасралтгүй үргэлжилж байна. Өнгөрсөн зууны сүүлчээр өрсөлдөгч улсыг цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр устгах зорилготой шинэ арга бий болжээ. Хүмүүст байдаг хязгааргүй хэрэгцээгээ хангаж байх хувиа хичээсэн ухамсрыг нь дэвэргэж улс оронд нь тогтворгүй байдал бий болгох явдал энэхүү шинэ аргын гол тулгуур бололтой. Хүн бүхний хүсч байдаг ардчилал, эрх чөлөө болон баяжих ашиг сонирхлыг нь туйлшруулах замаар сахилга, дэг журамгүй байдлыг дэвэргэх аргаар улс орныг нь сульдуулан устгах бодлогыг зарим том гүрний зүгээс амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Хүмүүсийн ухамс­рыг ашиглан явуулж байгаа энэ цусгүй дайны зорилго нь биелж буйн илрэл нь зарим улсын төр, засаг тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг, эдийн засаг нийгэм нь цэгцтэй бодлогоор хөгжиж чадахгүй болоход хүрч байгаа явдал гэж бодож байна.

Ардчилал, эрх чөлөө гэсэн сайхан нэртэй боловч өрсөлдөгч улсын иргэдийн нь ухамсрыг залж жолоодох замаар тухайн улсын бат бэх байдлыг сулруулах зорилготой цэрэг зэвсгийн хүч хэрэглэдэггүй шинэ дайны аргыг социалист гэж байсан том улсуудыг, ялангуяа манай хоёр том хөрш улсыг сульдуулах зорилгоор бий болгосон байх. Миний бодлоор шинэ аргын урхинд орохоос БНХАУ анхнаас нь сэргийлж чадсан, түүний ачаар энэ аварга улс сахилга, дэг журамтай тогтвортой төр, засагтай улс хэвээр үлдэж, зах зээлд аажмаар бодлого зохицуулалттай орж байгаа бөгөөд үүнийхээ ачаар дэлхийн хүчирхэг улс орны нэг болон хурдан хөгжиж байна.

Далайн цунами ямар аюултай билээ. Энэ улсад ардчилал эрх чөлөөг туйлшруулж 1,3 тэрбум иргэнээ сахилга, дэг журамгүй байдалд хүргэсэн бол түүнээс үүсэж болох байсан цунами дэлхийг донсолгох ч байсан байх. Оросын Холбооны Улс жаахан хожуу боловч ухаарч дэг журамтай, тогтвортой төр, засгийн удирдлагатай улс болж чадлаа. Гэвч эрсдэл хэвээр, дээрээс нь цэрэг зэвсгийн дарамт, эдийн засгийн янз бүрийн хязгаарлалт хавчилттай тулгарсаар. Ийм эрсдэл бэрхшээлийг их гүрэн ОХУ даван туулах болно. Мөнхийн хоёр их хөрш улс маань тогтвортой төр засагтай, амгалан тайван амьдралтай, өндөр хөгжилтэй байх, тэдгээр улстай найрсаг харилцаатай байх нь монголчууд бидэнд эрхэм зүйл. “Айлын амь нэг, саахалтын санаа нэг“ гэж ярьдаг. Амь, санаа нэг байх тавилантай хөршүүдээ бид харж мэдэрч байх ёстой. Гэтэл бид 1990-ээд оноос мэдрэмж муутай байсан санагддаг. Одоо цагт бид дараахь асуудалд хариу олох хэрэгтэй:

-Улсыг сульдуулах урхинд бид өөрсдөө давхиад орчихсон юм биш үү?

-Бидний монголчууд өөрсдөө үр дагаврыг нь ухаарч мэдрэхгүйгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөг маш их туйлшруулж сахилга, хариуцлага, дэг журамгүй байдлыг гааруулаад байгаа юм биш үү. Ардчиллаар Азид, дэлхийд үлгэрлэх улс гэж биднийг онгироож л байх юм. Зовлонг нь мэдсэн зарим гадаад улсын улс төрийн зүтгэлтэн манайд ирж үзээд дүр эсгэсэн ардчилал аюултай шүү гэж шууд хэлж байснаас дүгнэлт хийх ёстой биш үү.

Төрөө тогтворгүй байлгах нөхцөлийг бид өөрсдөө Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиараа бүрдүүлчихсэн юм биш үү. Хөгжлийн цэгц бодлоготой байхын чухлыг одоо болтол ухаарч ойлгоогүй байгаа юм биш үү. Манай улсын төрийн одоогийн тогтолцоо зохистой биш байна гэж би үздэг, яаж засах талаар саналаа хорь шахам жил хэлж, бичиж байгаа.

-Төрийн тогтолцооны юу нь болохгүй байгаа юм бэ?

-Одоо манай төр, засаг Үндсэн хуулийн дагуу дөрвөн жил тутамд байнга заавал өөрчлөгдөх ёстой. Төр, засгийн удирдлага муу байна уу, сайн байна уу хамаагүй, ямар ч нөхцөлд өөрчлөгдөж байх ёстой гэсэн төрийн байгууллын систем хуульчлагдаад хэрэгжиж байна. Төр тогтворгүй байх энэ систем нь ирээдүйд улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд муу нөлөө үзүүлэх аюултайг ухаарч даруй засахгүй бол болохгүй. Улс орон, ард иргэдийн эрх ашигт нийцсэн ухаалаг бодлого үйлдэлтэй, иргэдийнхээ дэмжлэг хүндэтгэлийг хүлээсэн төр, засаг уламжлагдаж тогтвортой байх систем бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 20 гаруй жилийн явцаас харахад улс орны маань төр, засгийн удирдлагад олз ашиг хайсан, хоноцын сэтгэлгээтэй цөөнгүй хүн шургалан орж, эрх мэдэл баялаг нөөцийн төлөө хоорондоо тэмцэлдлээ. Түүний хор нөлөөгөөр улс орон тогтвортой хурдан хөгжих боломжоо ашиглаж чадсангүй, төр, засгийн нэр хүнд, төрийн албаны чадвар, чадамж сонгуулиас сонгуулийн хооронд доройтож сульдсан, төрдөө итгэх иргэдийн итгэл муудаж байгаа гэж дүгнэхэд буруудахгүй байх. Төр засаг, түүний удирдлага тогтворгүй, ойр ойрхон солигдож байх нөхцөлд улс орон бодлогоор хөгжих нөхцөлгүй. Нэг сарын хугацаатай томилогдсон төрийн ажилтан хоёр сарын ажил төлөвлөхгүй. Түр ажил гүйцэтгэгч хэзээ ч эзэн хүн шиг ажилд хандахгүй. Хүн тийм л байдаг. Ямар системийг хуульчилна, тэр системийн дүрмээр л хүмүүс ажиллана. Түр хугацаанд томилогдсон удирдагч нар улс хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахгүй, богино хугацаанд ашиг олоод зайлж амжих сэтгэхүйтэй л байх болно. Үр уршиг нь юу байх вэ гэвэл эцсийн эцэст нийгэмд түгшүүр л бий болгоно. Иргэд ба төр, засгийн харилцан итгэлцэлд ан цав үүсгэнэ. Улсыг сульдуулах устгах зорилготой систем учраас тийм үр уршиг таригдах нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд ОХУ болон БНХАУ-ын удирдагчидтай уламжлалт сайн харилцаа, алсыг харсан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэлэлцээрүүд хийгдлээ. Хэлэлцэн тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх, түүний тулд итгэлцэл байх нь чухал. БНХАУ-ын СИ ЗИН ПИН даргатай төр, засгийн удирдлага арван жил тогтвортой ажиллана. ОХУ-ын В.ПУТИН Ерөнхийлөгчтэй төр, засгийн удирдлага 7-14 жил тогтвортой ажиллах байх. Гэтэл бид одоогийн хуулийн дагуу 2016, 2017 онд сонгууль явуулна, дөрвөн жил болоод дахин сонгууль явуулж төр, засгийн удирдлагаа, төрийн бүх яам, газрынхаа удирдлага төдийгүй төрийн албанд ажиллагсдынхаа ихээхэн хэсгийг намын харьяаллаар солино. Хоёр хөрш улстайгаа харилцааг тогтвортой хөг­жүүлэх сонирхлын үүднээс ч үзэхэд төр, засгийн удирдлага, төрийн албанд хоноцуудыг биш эздийг шалгаруулан сонгох буюу томилоод тогтвортой ажиллуулах асуудлыг шийдэх л ёстой.

-Одоо яах вэ? УИХ-ын сонгууль ирэх жил болно. Мөн л дөрвөн жилийн хугацаатай Их Хурал сонгоно шүү дээ?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдүүлэх ажлын хэсэг томилсон гэсэн. Ямар санал боловсруулж байгааг би мэдэхгүй. Үндсэн хуульд төрийн байгууллыг боловсронгуй болгох өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын 2016 оны сонгуулийг явуулна гэж шийдвэл хүсэшгүй хоёр үр дагавар гарч магадгүй. Эсвэл хүчин төгөлдөр гэж үзэх сонгууль болохгүй байх эрсдэлтэй, эсвэл сонгууль хүчин төгөлдөр болсон ч маргаашаас нь шинэ Их Хурал Засгийн газраа шүүмжлэх эсэргүүцэх эцэс төгсгөлгүй хөдөлгөөн гарч энх амгалан байдалд сөргөөр нөлөөлж магадгүй. Ингэж болгоомжлох шалтгаан байна. Иргэдийн дотор “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг зөрчиж улс нийгмийг хөгжүүлэх алсыг харсан бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу зохиох чадваргүй улс төрийн намуудын удирдлага дахь цөөн хүмүүсийн мэдэлд засгийн бүх эрх байгааг буруутгаж, эсэргүүцэж байгаа хүмүүс улам олон болж байна. “УИХ-ын гишүүнийг сонгогчид нууцаар шууд сонгоно“ гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг ноцтой зөрчиж намын нэрээр хууль бус санал авсан болоод сонгуулийн тойроггүй олон хүнийг намаасаа томилж УИХ-ын гишүүн болгож байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс их байна. Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт бий. Гэтэл ард түмний биш намын элч болчихоод томилсон намынхаа ашиг сонирхлыг УИХ-д илэрхийлж байдаг хүмүүс бий болгосонд иргэд дургүйцэх нь аргагүй болжээ. Төр засгийн удирдлага, эрх мэдэл албан тушаал олж авах хууль бус үйлдлээ улс төрийн намууд таслан зогсоох эсэхээс 2016 ба дараа жилүүдэд Монголын төр, засаг ухаалаг бөгөөд тогтвортой байх эсэх, иргэд сонгуульд идэвхтэй оролцох эсэх нь шууд хамаарна. Тийм учраас энэ 2015 ондоо багтаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг шийдэж, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөөд тэр үндсэн дээр 2016 оны УИХ-ын сонгуулийг явуулах нь зөв гэж би хувьдаа боддог.

-Төрийн байгууллыг өөрчлөх таны санал олон удаа нийтлэгдэж байсан. Саналынхаа гол утга учрыг товч хэлж өгөх үү?

-Миний санал бол: Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн төрийн байгууллын тухай заалтад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:

-Монгол Улсын Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Ардын Их Хуралд хадгална.

-Монгол Улсын Ардын Их Хурал нь 400 гишүүнтэй, Хурлаасаа томилсон 35 гишүүнтэй Улсын Бага Хуралтай байна.

-Ардын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сум, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, нэрийг нь дэвшүүлэн шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, долоон жилийн хугацаагаар сонгоно.

-Ардын Их Хурал жилд хоёр удаа, шаардлагатай бол түүнээс илүү удаа хуралдана. Ардын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хадгалж, Улсын Бага Хурлын хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд хяналт тавьж, хуульд шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж байна.

-Ардын Их Хурлаас 7 жилийн хугацаатай томилогдох Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хурлаараа батлах үндсэн үүрэгтэй байна.

-Ардын Их Хурал нь үйл ажиллагааг тасралтгүй хариуцаж ажиллах Ардын Их Хурлын тэргүүлэгчидтэй байна. Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүд болон Тэргүүлэгчдийн даргыг Ардын Их Хурлаас сонгоно.

-Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын дарга нь Бага хурлыг даргалан хуралдуулах, улс нийгмийн амьдралд зохицох хууль боловсруулж зохих журмаар батлан гаргаж байхыг Ардын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Ардын Их Хурлаас томилсон нэг орлогчтой байх.

Үндсэн Хуулийн Гуравдугаар бүлгийн Хоёр дахь Монгол Улсын Ерөнхийлөгч, Гурав дахь Монгол Улсын Засгийн газар гэсэн заалтуудад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:

-Монгол Улсын Ардын Их Хурлын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг долоон жилийн хугацаатай явуулах.

-Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхийн саналаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ардын Их Хурлаас томилогдсон дэд Ерөнхийлөгчтэй байна.

-Засгийн газрыг тэргүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын саналыг авах үндсэн дээр бие даан шийдэх эрхтэй байх.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлэхтэй холбогдуулж Үндсэн Хуулийн гуравдугаар бүлэгт заагдсан УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг заагласан хуваарьт зохих өөрчлөлт оруулж Ардын Их Хурал болон Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хуваарийг шинэчлэн тогтоох.

Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөв дэх хэсгийн Шүүх эрх мэдэл гэсэн заалтад дараахь өөрчлөлт оруулах:

-Улсын дээд шүүх, бусад шүүхийн шүүхчид болон Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.

-Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.

Монгол Улсын сонгуулийн тухай хуульд дараахь асууд­лыг зохистой шийдэх чиг­лэлээр өөрчлөлт оруулах.

-Улс төрийн намуудаас гадна эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэрчний зэрэг олон нийтийн байгууллагаас Ардын Их Хурлын гишүүнд сонгоход тохирно гэж үзэх хүнийхээ нэрийг дэвшүүлэх эрхтэй байх. Сонгуулийн тухай одоогийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг улс төрийн намуудад олгосон гажуудлыг, тухайлбал, УИХ-ын гишүүнд зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлдэг буюу ард иргэд нэр дэвшүүлэх эрхгүй болгоод байгаа, мөн нэр дэвшсэн хүний биш намын нэрээр санал хурааж УИХ-ын гишүүнийг намаас томилдог ноцтой гажуудлыг засах.

-Нэг тойрогт буюу нэг сум, нэг дүүрэгт 5 хүртэл хүний нэрийг дэвшүүлж түүнээс нэг хүнийг Ардын Их Хурлын гишүүнээр олонхийн саналаар шууд сонгох боломжийг сонгогчдод олгох.

-Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүдэд тавигдах шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр байх заалтуудыг сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд оруулах. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын ноцтой алдаа гаргасан, авлигын асуудалд холбогдсон, хөрөнгө завшсан, албан тушаалаа ашигласан зэрэг гэмт хэрэгт холбогдсон, сахилга, дэг журам, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтныг хууль, хяналтын байгууллага шалган байцаах, шийтгэл цээрлэл хүлээлгэхээс хаацайлах биш, харин ч илүү өндөр шаардлагаар ханддаг байх заалтыг холбогдох хуульд оруулах. Зөвхөн энэ нөхцөлд эрх мэдэл, албан тушаал, намын хамгаалалтыг ашиглаж ял завшдаг, шударга тэгш биш явдлыг эцэс болгоход тодорхой ахиц гарна.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар та санал дэвшүүлдэг байх аа?

-Тийм. Улс орны тогтвортой хөгжлийн чухал нөхцөл бол төр, засаг нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байх явдал. Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойших 25 жилд хөгжсөн. Гэвч үр өгөөж илүүтэй тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадаагүй учраас хүндрэл, хямрал давтагдаж ард иргэд бухимдаж, засаг барьж байгаа нөхөд “гал унтраах” гэж зовж байна. Дэлхийн олон улсад төр, засаг нь ойр ойрхон солигдож, сонгуулийг 4 жил дутам явуулдаг, улс төрийн намууд өрсөлдсөөр байдаг боловч улс нь тогтвортой хөгжиж байдгийн учрыг олж мэдэх хэрэгтэй. Миний бодоход гол учир нь тухайн улс нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөг, хэрэгжүүлэх арга механизмтай нь боловсруулсанд байдаг болов уу. Өөрөөр хэлбэл улс нийгмийнхээ хөгжлийн алсыг харсан бодлого боловсруулдаг, мэдлэг мэргэжилтэй хүмүүсээс бүтсэн хүч чадвартай аппарат төр, засагт нь байдаг, энэ асуудал хариуцсан төрийн албаны хүмүүсээ тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хамгийн чухал нь тэдний боловсруулсан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж байх сахилга хариуцлага өндөр байдаг байх. Тогтвортой ажилладаг, мэргэжил, боловсролтой ажилтнуудаас бүрдсэн төрийн яамны бодлого байх ёстой, ирж явж байдаг сайдын бодлого гэж байх ёсгүй гэж ярьдаг юм билээ. Монголчууд бид улс орноо хөгжүүлэх 4 жилээс цаашхийг харсан бодлого, төлөвлөгөөтэй, зарим яам, аймаг хотын удирдлагын санаачилж байгаа төлөвлөгөөг нэгтгэн уялдуулж улсын хэмжээний бодлого, төлөвлөгөө болгон боловсруулдаг, хэрэгжүүлэх арга механизм, хууль эрх зүйн үндэстэй болгон төгөлдөржүүлж хуульчилдаг болох юмсан гэж би хувьдаа боддог юм. Юуны өмнө Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яам буюу хороог Засгийн газрын бүтцэд бий болгож, хариуцах ажлаа зөв ойлгож, үр бүтээлтэй ажиллах мэдлэг чадвартай ажилтан нарыг сонгон авч мэргэшүүлж тогтвортой ажиллуулах, мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай болох нь чухал.

-Та Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болох, Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газраа тэргүүлдэг болгох саналтай байгаа юм байна. Үүний ач холбогдол юу вэ?.

Манай Үндсэн хууль Монгол Улсад засаглалыг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван хэсэгтэй байхаар суурь зарчим тогтоосон. Засаглалын энэ гурван хэсгийн бүрэн эрх, хүлээх үүрэг хариуцлагыг улам тодорхой зааг ойлгомжтой болгоход миний төрийн байгуулалтын талаар Үндсэн хуульд оруулах зарим өөрчлөлтийн санал тус болох болов уу гэж бодож байгаа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт бий. Сонгогчдын нууцаар шууд сонгосон 400 орчим гишүүнтэй Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болсон нөхцөлд засгийн бүх эрх улс төрийн намын мэдэлд байгааг болиулж ард түмний нь мэдэлд өгч Үндсэн хуулийн дээрх суурь заалтыг хэрэгжүүлэхэд алхам хийгдэх ач холбогдолтой гэж бодогддог.

Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газрыг удирдах үүрэгтэй болгосон нөхцөлд Гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлага өндөржих ач холбогдолтой гэж бодож байгаа. Төр улсын манлайлагч удирдагчтай байх, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээсэн удирдагчийг ажил амьдралаар сургаж хүмүүжүүлэн гаргаж ирэх хэрэгтэй санагддаг. Энэ асуудлыг шийдэхэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай миний санал тус болж магад.

Саяхан Санхүү эдийн засгийн дээд сургуульд Монголчуудын эрхэмлэх ёстой зүйлийн тухай сэдвээр болсон нэгэн хэлэлцүүлэгт бидний монголчууд хамтрахыг эрхэмлэгчид үү?, хувиа хичээгчид үү?, аль нь зонхилдог вэ? гэсэн асуудлаар санал солилцсон. Ихэнх хүмүүс “хувиа хичээгчид их, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувиа хичээх үзэл гаарсан, хамтарсан баг санаачлагддаг боловч хөрөнгө ашгийн хуваарилалтын асуудал гарах үед ихэвчлэн задардаг, хувиа хичээгчид давамгайлдаг, тэгэх ч жамтай” гэсэн дүгнэлттэй санал нэг байсан. Тэр хэлэлцүүлэг болсноос хойш сөхөгдсөн сэдвийг ярилцахын ач холбогдол, гарах дүгнэлт ямар байж болох талаар хүмүүс бодож байгаа байх. Манай улс 700 мянга орчим өрх айлаас бүтэж байгаа. Тэдгээр өрх айлын эздийн ихэнх нь гэр орноо тохижуулах, хашаа хавьдаа мод цэцэрлэгтэй болох, хүүхдүүдээ хүмүүжүүлэх гол зорилгоор л хөдөлмөрлөж байгаа. Зөв бөгөөд зорилго нь бүтэж байвал сайн хэрэг. Улсаар авч үзвэл эдгээр өрх айлууд бол улс гэдэг том айлын хувь хувиа бодож амьдарч байгаа хүүхдүүд юм. Тэгвэл энэ улсад нэг айлын гэр байшин барих биш хотууд барьж тохижуулах, айл орчим мод тарих төдий биш Монгол Улсыг ойжуулах, бас өөрийн хүүхдүүдээ төдий биш иргэдээ хүмүүжүүлэх хэмжээгээр сэтгэж, түүний төлөө тэмцэж, хэрэгжүүлэлтийг зохион байгуулагч улс үндэсний удирдагч байх зайлшгүй шаардлагатай. Төр улс, түмэн олноо амар амгалан, айл гэр болгоныг илүүдэх дутагдахын зовлонгүй байлгахын төлөө улс үндэсний хэмжээнд сэтгэж, түүний төлөө тэмцлийг манлайлан зохион байгуулж чадах ухаан чадвартай, улс гэдэг том айлын эзэн, эцэг шиг манлайлан удирдагч хүн дутагдаад байгаа биш үү? Найман зуун жилийн өмнөх Чингэс, 40-50 жилийн өмнөх Ж.Самбуу, Ю.Цэдэнбал шиг нэг айлын биш улс орны хэмжээнд асуудал шийдэх сэтгэлгээтэй удирдагч үгүйлэгдээд байгаа биш үү.

-Та сахилга, дэг журмын тухай хэд хэдэн удаа дурдлаа.

-Тиймээ. Гадаадын улс төрч ирээд буцахдаа болгоомжлуулсан үг хэлснийг би дурдсан. Сингапур, Малайзыг бар улс болгож хөгжүүлсэн гавьяатай, олон улсад үнэлэгдсэн удирдагчид нь бичсэн номондоо ардчилал, эрх, эрх чөлөөг туйлшруулж болохгүй, улс орны хөгжилд сахилга, дэг журам илүү ач холбогдолтой гэдгийг дахин дахин хэлж бичсэн байна билээ. Би тэдгээрийг сонсож уншаад, хөрш болон бусад улсуудад болж байгаа үйл явдлыг ажиглаад, улсынхаа байдлыг хараад сахилга, дэг журамтай байхад анхаарах цаг болжээ гэж хэлээд байгаа юм. Зарим хүн ардчилал, хүний эрх эрх чөлөөг боомилох, захиргаадалт дарангуйллыг мөрөөдөж байна, ардчиллаас ухрахыг уриалж байна гэх мэт шүүмжлэх биз. Гэвч туйлширсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө ямар хортой, сахилга хариуцлагагүй байдал ямар их хохирол учруулж байгааг бид бүгдээрээ сайн мэдэрч байгаа учраас ярих хэлэхээр хязгаарлахгүй сахилгагүй, дэг журамгүй, хариуцлагагүйн илрэл бүртэй иргэд бүр эвлэрэлгүй тэмцдэг болох, түүнийг төр, засаг зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болсон. Хүний эрх, эрх чөлөө гэх далавчин дор үйлдэгдэж байгаа гэмт үйлдлүүд, улс нийгэмд ямар гай тарьж байгааг тоочоод барах аргагүй. Тэр гэмт үйлдлүүдтэй зөвхөн цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд тэмцэх ёстой гэж хувиа бодоод сууж болохгүй болжээ. Хууль зөрчигчид, гэмт үйлдэл хийгчид өнөөдөр танд нөлөөлөөгүй өнгөрч байж болох ч маргааш хэний ч эрхэнд халдаж орж ирж болохоор болчихоод байна гэдгийг иргэн бүр бодох цаг болчихож. Онц их аюул бол авлига. Авлигыг сэжиглэсэн хүн бүхэн зохих газарт нь нууцаар боловч заавал мэдээлдэг болмоор. Авлигын эсрэг тэмцэж байгаа байгууллага, тэнд ажиллаж байгаа нөхдийг хамгаалж дэмжиж байцгаая, цагдаа нараа хайрлаж байяа гэж уриалмаар байна. Авлигын асуудалд холбогдсон л бол ямар ч эрхтэн, дархтан байх нь хамаагүй шалгалт байцаалтад ямар ч саадгүй очиж учраа олдог, хэрэв буруутай нь илэрсэн бол оногдуулах ялыг улам чангатгасан байхад буруудахгүй. Авлига гэдэг дайсантай ард иргэд бүгдээрээ хүч хавсарч дайтахгүй бол дарагдахгүй. Авлигаар баяжиж тэрбумтан болсон нь тодорхой байгаа зарим хүмүүс эсвэл УИХ, Засгийн газар юм уу намын удирдлагад шигдэн хамгаалалтад орсон, эсвэл гадаадад хөрөнгөө нууж гаргаад тэндээ тухалцгааж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаа юм биш үү. Тэр хүмүүст завшсан хөрөнгөө төрд тушаагаад, эх орныхоо хаана таалагдсан нутагт ногоон зүлгэн дээр гэрээ бариад сэтгэлийн зовлонгүй амар тайван амьдар гэж хэлж, үгэнд орохгүй бол албадаж болохгүй гэж үү.

-Үндсэн хуульд байгаа Төрийн байгууллын заалтуудыг өөрчлөх таны саналыг хууль санаачлах эрхтэй эрхмүүд зөвшөөрөх болов уу?. Засгийн эрхэнд байгаа улс төрийн намууд зөвшөөрөх эсэхээс хамаарах байх.

-Би эргэлзэж л байдаг. Засгийн эрхийг мэдэлдээ авсан улс төрийн намууд хууль санаачлах эрхийг эдэлж байгаа болохоор эрх мэдлээ ард түмний мэдэлд өгөхийг хүсдэггүй байж магад . Үндсэн хуульд улс төрийн намын холбогдолтой гуравхан заалт байгаа. Тухайлбал, 16.10 дугаар зүйлд Монгол Улсын иргэн нам байгуулах эрхтэй. Тэгэхдээ хуулийг дээдлэн биелүүлэх ёстой. Төрийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно гэсэн заалт бий. Мөн 31.2 болон 33.2 дугаар зүйлд Ерөнхийлөгчид болон Ерөнхий сайдад нам нэр дэвшүүлж болохыг заасан. Өөрөөр хэлбэл төр, засгийн эрх мэдлийг улс төрийн нам эзэрхэх хуулийн үндэс байхгүй. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна“ гэсэн заалт л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүнд иргэд биш зөвхөн намууд нэр дэвшүүлдэг болгосон, УИХ-ын 76 гишүүний 28-ыг намаас томилдог болгосон, УИХ, Засгийн газар ямар асуудал хэлэлцэх, ямар шийдвэр гарахыг нам, намын бүлэг мэддэг болгосон, Хууль тогтоох ба Гүйцэтгэх үүргийг нэг хүнд хариуцуулдаг болсон зэрэг албан тушаал эрх мэдлийн төлөөх шуналыг гааруулж байгаа үйлдлүүд бол Улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ингэж Үндсэн хууль завхруулахаа боль гэсэн санал хэлсэн хүнд намгүй төрийн байгуулал байдаггүй юм гэж хэлдэг. Гэвч хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэн, ойлгож шийднэ гэдэгт эргэлздэггүй учраас ярьж бичиж байгаа. Цаг их алдаж, улс нийгэмд улам их хохирол учруулах аюултай.

Ардчилсан хувьсгалыг санаачлагч залуучуудтай би БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тэд нарын санаачилгын дагуу уулзаж өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар санал солилцсон юм. Төв телевизээр уулзалтыг шууд нэвтрүүлсэн. Тэр нэвтрүүлгийн бичлэг манайд байдаггүй. Гадаадын хүнээс залуучууд саяхан олж авсан байна. Би тэр бичлэгийг үзсэн. Бидний хооронд болсон тэр уулзалтын яриаг одоо иргэдэд үзүүлэх юмсан гэж боддог.

Өөрчлөлт, шинэтгэлийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан С.Зориг тэргүүтэй залуучууд 3 үндсэн шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт МАХН хэмээх нэг нам засгийн бүх эрхийг барьж байгааг таслан зогсоо, Хоёрдугаарт Ардын түр хурал байгуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өг, Гуравдугаарт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо огцор. Би тэр шаардлагад МАХН-ын эрхийг хязгаарлах асуудлыг шийдэж болно, Улс төрийн товчоог огцруулах асуудлыг уламжилъя, харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Ардын түр хурал бий болгож байж шийдье гэх нь зохистой эсэхийг бодох хэрэгтэй гэсэн хариу хэлээд өлсгөлөнгөө зогсоохыг уриалсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 9-ний өдөр Ж.Батмөнх гуай Улс төрийн товчоо огцорч болно гэсэн мэдэгдлийг телевизээр хийж өлсгөлөн зогсож, хэд хоногийн дараа МАХН засаглах эрхээ зогсоох хууль гаргуулсан, тэр оныхоо 7 дугаар сард Улсын Их Хурлын шинэ сонгууль явуулж АИХ, Улсын Бага Хурал бий болж улмаар Шинэ Үндсэн хууль боловсрогдож 1992 оны 2 дугаар сард 430 гишүүнтэй АИХ-аар батлагдсан.

Энэ түүхийг сануулж байгаа учир бол тэр үед гаргаж байсан зөв шийдвэр өнөөдөр яаж хэрэгжиж байгаад дүгнэлт гаргах, Үндсэн хуулиа хатуу сахиж гажуудлыг засах чадвар боломж байна уу, эсвэл гажуудлыг засах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахаас өөр аргагүй болсон уу гэдэгт хариу олоход байгаа юм. Миний бодлоор бол сүүлчийнх.

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай, мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ боловсруулж байгаатай холбогдуулж өөрийн бодол саналаа илэрхийллээ. Дээрх хуулиудад миний хэлж байгаа саналын дагуу зарчмын өөрчлөлт оруулах бол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг нь уялдуулж нарийн боловсруулах шаардлага гарна. Зарчмын асуудлаар иргэдийн дунд асуулга тавьж санал авах хэрэгтэй болох байх. Мөн мэргэжлийн сайн хуульчдын баг бүрдүүлж хуулийн өөрчлөлтийг цогцоор боловсруулах нь чухал. Ярьдаг хүмүүс их, харин барьж аваад нягт нямбай боловсруулж бичдэг ажилсаг нь бага болсон байх шиг. Талийгаач Б.Чимэд агсан шиг хуулийн эхийг барих чадвартай ухаалаг хуулчийг олох юмсан.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Хурдны замыг Майдар хотоор дайруулах гэнэтийн санал хөрөнгө оруулагчдад нь хүлээлт үүсгээд байна

“Чингис лэнд девелопмент” группын ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд чиг­лэлийн буюу Ази, Европыг холбосон олон улсын хурдны авто замын төслийн явц ямар байна?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замынхаа трассын уртыг тогтоох чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллалаа. Зам тээврийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ оны эхээр эцэслэн дэмжсэн. Трассын чиг батлах үүрэг Авто замын тухай хуулиар салбарын яаманд байдаг л даа. Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр сайдын тушаал болж эцэслэх учиртай. Зөвлөл дэмжсэнээс хойш буюу гурван сарын дараа, энэ сарын эхээр сайдын тушаал гарлаа. Бидний зүгээс энэ хооронд нэлээд ажил амжууллаа. ТЭЗҮ-ээ боловсруулж батлууллаа. Урьдчилсан зургуудаа хийлээ. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч хөрөнгө оруулалтын багцаа тодорхойлоод ажиллаж байна. Алтанбулагаас трассынхаа цэгийг тэг цэг гэж аваад явж байгаа. Улаанбаатараас урагшаа Баян сум гэж бий. Мааньт ч гэж нэрлэдэг. Мааньт хүртэл 450 км газарт геотехникийн суурь судалгаагаа хийлгээд хүлээж авах шатандаа явж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүлээж авна. Энэ тендерийн үндсэн гүйцэтгэгчээр ОХУ-ын “Зстисиз” гэдэг компани, Монголын 26 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Урд талын 550 км хүртэлх газар буюу Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсэгтээ суурь судалгааны ажлын тендерийг хагас сарын өмнө зарласан. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор компаниудын сонирхол илэрхийлсэн захидлыг хүлээж авна.

-Ер нь хурдны замын төсөл ямар шат дараатайгаар хэрэгждэг вэ?

-Эхлээд трасс тогтоогддог. Тогтоогдсон трасс дээр геотехникийн суурь судалгаанууд хийгддэг. Хийгдсэн суурь судалгаан дээрээ үндэслээд зураг төсөв боловсруулах ажил хийгдэнэ. Зам барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын даалгавар гэж бий. Салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга баталж өгдөг юм. Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ илгээх гэж байна. Зургийн даалгавар гаргаад өгчихвөл зураг төсөв боловсруулах гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах тендер зарлана. Бид энэ долоо хоногийн лхагва гаригт хучилтын хийцийн технологийн зөвлөх компани сонгон шалгаруулах тендер зарлахаар болсон. Бага зардлаар барьж, олон жилийн турш эвдрэлгүй ашиглах технологийг сонгох зорилготойгоор ажиллана. Зургийн ажил гарсны дараа зам, барилгын гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тендерүүдийг зарлаад явна.

-Олон улсын хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх явцад садаа болсон ямар шалтгаан байна, яг одоо тулгараад буй асуудлаа яриач?

-Трасс батлагдахгүй удсан тал бий. Улстөрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчдад хүлээлтийн байдал нэлээд үүссэн л дээ. Бид өнгөрсөн намар тодорхой хэмжээний ажлууд эхлүүлэхээр тооцоолж байсан. Харамсалтай нь Засгийн газар огцорч, хоёр сар орчмын дараа байгуулагдсан. Гэрээ байгуулж, харилцаж байсан яам нь татан буугдчихаар хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хүндрэлтэй байдал үүссэн. Хүлээлт үүссэн гэсэн үг. Одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний хүлээлт байна. Манай замын трасс батлагдсан ч гэлээ хэсэгчилж батлагдлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа, Мааньт чиглэлийн трассын 347.2 км-ээс 444.4 км-ийг эцэслэн шийдээгүй байна.

Бид трассын чигийг нийслэлийн баруун талаар орж ирэхээр тооцож хийсэн юм. Энэ зам бол транзит тээврийнх. Авто замын тухай хуулиар бол олон улсын чанартай зам. Транзит тээвэр эрхэлж байгаа А, Б хоёр цэгийн хооронд зогсолтгүйгээр хурдтай тээвэрлэгдэх тээврийн зориулалттай зам байх учиртай. Тэр утгаар нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хамгийн захын цэгээр дайран өнгөрүүлж байгаа юм. Хурдны зам Хүй долоон худагаар дайраад Био, Шувуу хоёрын дундуур, Туул гол дээгүүр орж ирнэ. Цаашлаад Өлзийт хороолол, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаар дайруулж, урагш чигээр явуулсаар Баян сум хүргэнэ. Баян сумаас төмөр замынхаа баруун талыг бариад Багахангай, Чойр, Шанд, Замын-Үүд гэсэн маршруттайгаар үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг “Хот орчмын томоохон төслүүдийн уялдааг хангах гэж байна. Тийм учраас замынхаа трассыг ирээдүйд баригдах Майдар хотыг дайруулаач гэсэн санал тавьсан юм.

-Майдар эко хот байгуулна гэсэн сураг ч сонсогдож байгаа шүү. Сүүлд тэнд Майдар бурханыг бүтээж байгаа гэж дуулдсан. Ингэхэд нийслэлээс хэр зайтай юм бол?

-Майдар хотыг Богд хаан уулын урд талд, Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талд,нийслэлээс багцаагаар 70 орчим км-т байгуулах юм болов уу гэж бодож байна.

-Чиглэл нь нэлээд өөрчлөгдөх юм байна. ТЭЗҮ энэ тэр нь батлагдчихсан үед ийм өөрчлөлт хийх боломж байдаг юм уу?

-Нэгдүгээр сарын хорьдоор ажлын хэсгийн ахлагчид нь боломжгүй гэдгээ хэлсэн л дээ. “Хөрөнгө оруулагчидтайгаа урьдчилж тохироод замынхаа трассын нийт уртаар оруулах хөрөнгийнхөө хэмжээг гаргасан. Оруулах хөрөнгөө ТЭЗҮ дээрээ тусгаж, хөрөнгө оруулалтынхаа багцын дагуу гэрээгээ хийсэн. Энэ бүхэн задрахад хүрээд байна” гэж тайлбарласан.

-Боломжгүй гэхээр ямар хариу өгч байна?

-Өнөөдрийг хүртэл хоёр, гурван сарын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй байсан учраас дахин албан бичиг явуулсан. “Өөрчлөх тохиолдолд бидэнд хүндрэл учирч байна. Замын трасс уртасч байна. Хоолтын даваа гэж том асуудал бий. Төмөр замын хувьд энэ даваанд хавцал гаргаж сэтэлж цаашилсан байдаг. Төмөр замын хувьд ч тэр, хурдны авто зам ч ялгаагүй хазайлтын өнцөг гэж бий. Хурдны авто замын хувьд хазайлтын өнцөг нь таван градус байдаг юм. Орон нутгийн C-2 зэрэглэлийн зам шиг огцом даваад явчихдаггүй гэсэн үг. Ямар түвшинд байгаагаасаа хамаараад нэг бол сэтэлнэ, эсвэл туннель хийхээс аргагүй. Ийм бэрхшээл Хоолтын давааны хэсэгт гарна. Төсөв зардал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Трасс уртсахаар ч зардал өснө. Өнөөдөр хийчихээд байгаа ажлуудад гаргасан зардлыг яах вэ. Энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд шийднэ гэвэл ярилцаж болно” гэсэн утгатай санал тавьчихаад хүлээж байна. Ажлаа хурдасгах үүднээс тавьсан санал л даа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдэхээс өмнө трассыг хэсэгчлээд гаргачихлаа. Трасст өөрчлөлт орсон тохиолдолд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал тулгарвал яах вэ гэдэг эргэлзээ хөрөнгө оруулагчдад үүсчихлээ. Энэ хэсгийг эцэслэн шийдэхийг хүлээе гэж байна.

-Хурдны зам Майдар хот руу хазайхаар нэмж хэр зардал гарахаар байна. Урьдчилсан тооцоо хийж үзсэн үү?

-Бага мөнгөний асуудал биш. Урьдчилсан байдлаар судлахад трассын нэмэгдэж байгаа урт болон хийх туннельд гэхэд л 240 гаруй сая ам.долларын зардал нэмэгдэхээр байна. Тиймээс ажлын хэсэгт “Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн хүсэлт тавиад байгаа. Мөн Ерөнхий сайдад төслийнхөө танилцуулгыг албан ёсоор хийе гэж бодож байна. Монголын эдийн засагт их хэмжээний өгөөжтэй, маш чухал төсөл учраас явцыг нь албан ёсоор танилцуулъя гэсэн юм. Танилцуулах хүсэлтээ илэрхийлээд уулзалтын цаг хүлээгээд байж байна.

-Хурдны замын зам барилгын ажлыг ирэх сард эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Таны ярианаас анзаарахад хугацаандаа эхэлж амжихгүй нь ээ дээ?

-Зам барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ гэж тооцсон байсан л даа. Зураг төсвөө боловсруулаад эхэлсэн байсан. Гэтэл ийм өөрчлөлт гарчихлаа. Тэгэхээр зам, барилгын ажил маань гурав, дөрөв, магадгүй зургаан сараар ч хойшилж мэднэ гэсэн үг. Хугацаан дээр ийм асуудал гарч магадгүй гэсэн байр сууриа албан бичгээр илэрхийлсэн байгаа. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, барилгын ажил хийх таатай хугацаа нь бага. Ойролцоогоор 150 хоног л байдаг. 150 хоногийнхоо эхлэх учиртай эхний хугацааг алдаад байна. Энэ янзаар хойшилбол наймдугаар сараас наашгүй дүр зураг харагдаж байна. Монгол Улсын компани, төр аль нь ч хөрөнгө оруулагчдынхаа өмнө нэг баг болж ажиллах учиртай. Харилцан өөр мэдээлэлтэй, төр нь компаниа дэмжихгүй, компани нь төртэйгөө ойлголцохгүй байгаа юм шиг харагдсанаас эндээ нэг мөсөн асуудлаа шийдчихээд хөрөнгө оруулагчдадаа хандъя гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд нэлээд нарийн хэлцэл хийе гэсэн саналаа илэрхийлчихээд байна.

-Транзит тээврийн хурдны зам хотын дундуур баригдах хурдны замтай яаж холбогдох вэ?

-Бид өөрсдөө холбож өгнө. Хөшигийн хөндийн орчимд Өмнөговь, Дундговиос ирж байгаа аймгийн зам огтлолцоно. Огтлолцож байгаа тэр хэсгээс Хөшигийн хөндийтэй холбосон арав орчим км замыг төслийнхөө хөрөнгөөр нийслэлтэй холбож өгнө. Мөн хойшоогоо Туулын хурдны замын баруун үзүүртэй холбож өгнө.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам хэчнээн сумаар дайрч өнгөрөх вэ. Дайрч өнгөрөх сумдадаа амралт үйлчилгээний цогцолбор барина гэж дуулсан. Хурдны зам дагуу өөр ямар том бүтээн байгуулалт өрнөх бол?

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын хурдны зам зургаан аймгийн 24 сумаар дайран өнгөрнө. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зам дагуу хийгдэх бүтээн байгуулалтад зарцуулна. Хурдны замын стандартын дагуу түр амрах хэсэг болон амралт үйлчилгээний цогцолборууд байгуулагддаг. 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор баригдах юм. Сум хоорондын зай ихэвчлэн 50-70 км орчим учраас сумдаа түшиглэж байгуулна. Сумын хөгжилд ч нэмэртэй болчихож байгаа юм. Шатахуун түгээх станц, дэлгүүр, зочид буудал, цайны газар цогцоороо баригдана. Мөн энэ зам Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явах барааны урсгалын гол коридор. Тэр утгаараа Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд дээр томоохон ложистик, худалдааны төвүүдийг барих сонирхолтой байна. Монголд анх удаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хавьцаа тээврийн гурван том коридорын уулзвар бий болж байгаа. Ачаа тээврийн нисэх онгоцны буудал байна. Үүнээс гадна транзит тээврийн төмөр замыг хотоор дайруулахгүйгээр Богд уулын урдуур гаргаж Хөшигийн хөндийгөөр манай замтай зэрэгцүүлж оруулж ирнэ. Тэгэхээр энд төмөр зам, хурдны авто зам, транзит тээвэр гурав нийлнэ. Тийм учраас бид нисэх онгоцны буудал, Богд уул төмөр замынхантай уулзаж холимог ачаа тээврийн ложистик төвийг барих талаар яриа хөөрөө өрнүүлж байна.

-Хувийн хөрөнгө оруулалтаар мянга гаруй км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдэг асар том ажил. Ер нь дэлхийд ийм төсөл хэр олон хэрэгждэг вэ?

-Манай зам хоёр урсгал зургаан эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор таван хэсэг газарт туннель хийгдэнэ. 30 метрээс уртыг нь бид том гүүр гэж үзэж байгаа. Ийм том гүүр 12 газарт хийгдэнэ. Хамгийн том гүүрийг Туул голын дээгүүр барина. Татлагат гүүр байх юм. Монголд анх удаа монголчууд өөрсдөө санаачлаад хийж байгаа бүтээн байгуулалтын асар том төсөл л дөө. 1000 км-ын урт, ийм том хурдны зам дэлхийд ховор баригдаж байсан. Тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ийм төсөл тун ховор шүү. Дандаа хэсэгчилж хийгддэг. Манай төсөл их олон Засгийн газрын нүүр үзлээ. Бүх Засгийн газрын үед дэмждэг. Гэхдээ шинэ засаг гарч ирэх тоолонд бүх төсөлтэйгөө шинээр танилцана гэх шалтгаанаар цаг хугацаа алдсан тал бий.

Ц.БААСАНСҮРЭН