Categories
мэдээ эдийн-засаг

“Coal Mongolia 2015” чуулган үргэлжилж байна

“Coal Mongolia 2015” чуулганы төлөөлөгчид нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг олон улсад хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрөн ярилцаж байна. Чуулганд Засгийн газрын төлөөлөл болон олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Тав дахь жилдээ зохиогдож байгаа тус чуулга уулзалт гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа /IPO/ гаргасны таван жилийн ойтой давхцаж байгаа гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ жилийн чуулга уулзалтаар нүүрсний нөөц, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд голлон анхаарч байгаа юм. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, ингэхийн тулд нэн даруй төмөр зам барих асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй хэмээн илтгэлийнхээ үеэр дурдаж байлаа. Чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Наран: Ийм өргөн боломжийг алдана гэдэг бол үр хойчийнхоо өмнө хийж байгаа том нүгэл

Тавантолгойн хө­рөнгө оруулагчтай хийх хэлэлцээний ажлын хэс­гийн гишүүн Монгол нүүрс ассоциацийн тэргүүн Т.Наран­тай ярилцлаа.

-Тавантолгойн гэрээ хэлэлцээний үйл явцын та­лаар ажлын хэсгийн ги­шүүний хувьд Та хариулт өгнө үү? Сүүлийн үеийн мэдээллүүдийг харахад Зас­гийн газраас тавьсан нөхцлүүдийг хүмүүс март­сан бололтой байна?

-Дэлхий дахинд өнөөдөр уул уурхайн бизнес саарчихсан үе. Ашигт малтмалын үнэ уначихсан үед манай Засгийн газар Тавантолгойд хөрөнгө оруулагчдад хүнд нөхцөл тавьж, тендерт орол­цохыг урьсан. Энэ сонгон шалгаруулалт бол өмнөх тен­дерийн үргэлжлэл, гол ялгаа нь Монголын үндэсний компанитай хамтарч оролцох, хувь эзэмшлийн 51 хувь нь Монголын талд байх, мөн лицензээ шилжүүлэхгүй гэсэн нөхцөл тавьсан. Энэ бол прак­тикт ховор тохиолддог маш хүнд нөхцөл. Хөрөнгө оруулагчдаас Америкийн Pea­body дангаар, Хятадын Шэньхуа Энержи, Японы Су­ми­томо компаниуд Мон­голын Энержи Ресурс компани­тай консорциум хэлбэрээр өрсөлдсөн л дөө. Хамгийн өндөр оноог хамтарсан консор­циум авч, хөрөнгө оруулалтын хэлэлцээ эхлүүлсэн юм.

Хөрөнгө оруулалтын бодит тоон утгыг тендерийн нөхцөлд төрөөс тодорхой зааж өгсөн. Үүнд: 2.5 жилийн дотор баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тоннд хүргэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр зам өөрсдийн хөрөнгөөр тавиад тодорхой хугацааны дараа Монголын засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэх, Чалкод тө­лөх ёстой өрийг дарах, урьдчилгаа мөнгө төлөх гээд хүнд болзлуудыг тулгасан. Консорциум засгийн газраас тавьж байгаа саналуудыг бүгдийг хүлээн авч хөрөнгө оруулъя л гэсэн. Гуравдагч орны зах зээлд гаргах шаард­лагыг ч хангахаар санал өгсөн. Ажлын хэсэг тээнэгэлзээд, оноо балл тавихдаа эргэлзээд байхаар юм огт байгаагүй.

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч асар том компани BHP Тавантолгойд хөрөнгө оруулахад ашиггүй юм байна гээд гараад явсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Олон жилийн турш дэл­хийн нүүрсний гол зах зээл бол Хятадын зах зээл, Хя­тадын хэрэглэгчид л бай­сан, байсаар ч байна. BHP гэж дэлхийн асар том уул уурхайн компани бий. Тэд Монголын Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан юм шүү дээ. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхэд ашиггүй, дэд бүтэцгүй, тээвэрлэлтийн зардал өндөр гээд гараад яв­сан. Гэтэл 2009, 2010 оны үед Австралид байгалийн гам­шиг болоод, нүүрсний уурхай­нууд нь үерт автчихсан. Дэлхийн нүүрсний зах зээлийн талыг нийлүүлэгч энэ улс нийлүү­лэлтээ хийж чадахаа болингуут нүүрсний зах зээлд бөөн бужиг­наан үүссэн. Тухайн үед Монголын Энержи Ресурс ком­пани Хонконгийн хөрөнгийн биржид гарч, нүүрсний эрэлт ихтэй тэр цаг үеийг ашиглаж чадсан. Үйлдвэрлэлийн дэд бүтцээсээ гадна нийгмийн дэд бүтцийг гадныхан шагширтал байгуулсныг Монголчууд бид мэднэ. Тийм ч учраас тэднийг дэлхийн хоёр том компани сонгоод, хамтарч ажиллая гээд ороод ирсэн юм. Ажлын хэсэг, хөрөнгө оруулагчид өдөр шөнөгүй сууж хэлэлцээгээ эцэс­лэхэд бэлэн болгоод байна. Мэргэжлийн хүмүүс бид нар маш урт хугацааны, өргөн хүрээтэй хэлэлцээр байгуулах учраас олон зүйл заалтыг нарийн чам­бай судалж ажилласан. Бодит байдлаа харах ёстой. Өнөөдөр нүүрсний салбар маань эл­гээрээ хэвтчихсэн байгаа. Мон­гол улсын хил дээр дундын худалдаачдад зарагддаг, одоо бүр байдал хүндрээд уурхайн аман дээрээсээ нэг юм зарж байна. Энэ байдлыг халж, дэл­хийд Монголын нүүрсний салбар том тоглогч болж гарч ирэхийн төлөө энэ хэлэлцээг хоёр талаас хийж байна.

-Таны яриаг сонсоод байх­нээ, Баабарын нилээд хэдэн жилийн өмнө бичиж байсан “Нүүрс үнс болохын цагт нэг ойлгоноо” гэдэг үг санаанд орчихлоо.

-Саадгүй сайхан яваад, овоо босч ирж байсан нүүрсний салбарыг төмөр зам ярьж 6 жил хөгжлөөс хоцроосон. Улс төржилт, хий хоосон популизм, сэтгэлийн хөөрөл үндсэндээ нүүрсний салбарыг өнөөдрийн хавцлын ирмэгт аваад ирчихсэн юм. Эцсийн бүлэгтээ хорлон сүйтгэгч бүлгийнхэн хожиж, Монголын ард түмэн л хохирч байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол ганц нэг нүүрс олборлодог компанийн асуудал биш, энэ бол улс орондоо ажил олгож, татвар төлж, тэрнээс нь төсвийнхөн, халамжийнхан тэтгэвэр тэтгэмжээ авдаг гэж үзвэл улс орноо бүхэлд нь хорлож байгаа хэрэг. Нүүрснээс багахан ашиг олж, амтыг нь дөнгөж зах зухаас нь авахын даваан дээр унагаасны гор өнөөдөр гарч байна. Хөрөнгө оруулагчдын хувьд дэлхийн зах зээл дээр нүүрс хэрэггүй болохоор Монгол дагаад л хэрэггүй болчихож байгааг ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ энэ үеийг боломж гэж харах хэсэг байгаа…

-Монголын экспортын хам­гийн боломжтой, нөөц ихтэй бүтээгдэхүүн бол нүүрс. Нүүрс борлогдохоо болихын цагт бус­дыг царай алддаг юм байна. Жинхэнэ бодит байдал, хөрсөн дээрээ буугаад, бужигнаан халуурал биш үед хүмүүс арай эрүүл саруулаар хандах сайн тал байдаг л даа. Хөрөнгө оруулагчид дандаа Монголыг гуйгаад байхгүй, өөрсдөө нүүр­сээ зарах гэж зовдгийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Тавантолгойн хэлэлцээ амжилттай явбал эдийн засаг хүндэрсэн энэ үед том түшиг болно. Хөрөнгө оруулагчдынхаа да­вуу талуудыг ч бодох ёстой. Зөвхөн Шэньхуа Энержи л гэхэд Хя­тадын компани гэхээсээ дэлхийн аварга том компани гэдгийг ойлгох ёстой. Өөрөө төмөр замтай, Тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлд хүргэх бүрэн чадалтай компани. Хятадын нутаг дэвсгэр дээгүүр бид нар нүүрсээ тээвэрлэхийн тулд 1-2 жилийн өмнө захиалга өгч, жаахан тээвэрлэлт хийх квот олдог байсныг халж чадна. Дундын зуучлагчгүйгээр Сумитомо гуравдагч орны зах зээл дээр борлуулна, Энержи ресурс дэлхийн хэмжээний үйлдвэрлэл, тээвэрлэлт хийнэ. Энэ төслийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийг хүчтэй болгоно, долларын ханшийн өсөлтийг шууд сааруулна.

-УИХ-ын гишүүд хэлэлцээ хийж байгаа ажлын хэсэгт итгэхгүй байх шиг. Та ямар тайлбар хийх вэ?

-Бүгд ч биш л дээ. Монгол улсад урт удаан хугацаанд ажиллаж, нүүрсний баялгийг ашиглах гэж байгаа үйл явцыг хүмүүс сонирхож болно. Ойлгох­гүй байгаа зүйлээ асуух нь хүн бүрт нээлттэй. Мэдээлэл олж чаддаг хүн гэж байна, өөрт нь зориулаад тайлбарлаж өгөхгүй бол ойлгож өгдөггүй хүн гэж байна. Энэ бол харьцангуй асуудал. Мэдээлэл хаалттай, нууц болоод байгаа юм ерөөсөө байх­гүй. Их хурал, Засгийн газар тен­дерийн нөхцлүүдээ тавьсан, Ажлын хэсэгт хүрэх цэгийг тогтоогоод өгчихсөн. Хөрөнгө оруулагчид бүх болзлуудыг хүлээж аваад, хөрөнгөө хийж хамтарч ажиллая л гэсэн. Энд ямар ч ойлгомжгүй юм байхгүй, улс орныхоо эрх ашгийн эсрэг ямар ч үйлдэл хийсэн зүйл заалт энд байхгүй. Эдийн засгийн ийм хүнд үед гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд итгэл олох нь хамгийн чухал байна. Олон улсын дүрмээр тоглож сурахгүй, бөөн хардалт, хий хоосон сүржигнэл, өөрсдийнхөө дүрмээр ингээд яваад байх юм бол хөшиг шууд хаагдана. Хөшигний цаана хэдүүлээ зодолдоод үлдвэл энэ улс орон чинь цаашаа яаж хөгжих юм бэ?

-Хөрөнгө оруулагчдад бас ашиг сонирхол гэж байгаа байх?

-Шэньхуа Энержи орж ирс­нээ­рээ Тавантолгой ор­дын өрсөлдөх чадвар мэдэг­дэхүйц нэмэгдэнэ. Бид тө­мөр замгүйгээсээ болоод шахагдсан зах зээлээ эргүүлэн олж авна. Японууд үргэлж олон эх үүсвэрээс худалдан авах стратеги барьдаг. Манай нүүрсний чанар тэдэнд тохирч байгаа учраас дан ганц Авст­рали­чууд ноёлдог байдал ааж­маар саарахыг тэд ч хүсч байгаа. Азийн том зах зээл дээр Монголын Тавантолгойн нүүрсийг гаргаж ашиг олох боломжийг сонирхогч талууд харсан учраас нэгдсэн. Бид аар саархан, явуургүй улстөржилтөөс үүдэн маш их цаг хугацаа алдаж байна. Энэ хооронд тэр зах зээл чинь зүв зүгээр байгаад байдаг юм биш. Австрали, Индонезиос өөр нийлүүлэгчгүй байсан Хятадад өнөөдөр маш олон нийлүүлэгчид орж ирсэн. Бидэнд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Орос. 2010-12 онд Оросын нүүрс гэж ямар ч сураг байгаагүй юм шүү дээ. Гэтэл өнөөдөр Оросын засгийн газар хязгаар нутгуудад байгаа нүүрсний ордууддаа асар их хөрөнгө оруулалт хийж, боомт барих ажлуудыг шуурхайлж байна. Харин биднийг хэрэлдүүлэх, хоног хугацаа алдуулж өөрсдийн бүтээн байгуулалтаа явуулах хүсэл тэдэнд байна. Тэдний хүслийг гүйцэлдүүлж байгаа хэсгийнхэн ч Монголын төрд шургалан орсон байгааг харж байгаа байлгүй дээ.

-Шийдлийн Засгийн газар бүх асуудлаа их хурлынхаа өмнө очиж тайлагнадаг болох нь дээ. Хэрвээ шийдвэр гар­лаа л бол Тавантолгой хөдлөх нь гэж ойлгосон?

-Гэрээ зурагдлаа л бол Таван­толгойгоос угаасан нүүрс шууд ачигдаад гарна. Учир нь Энержи ресурс бүх дэд бүтцийг бариад байгуулчихсан. Хэрвээ Энержи Ресурс үйлдвэр, станцаа бариагүй байсан бол бүх юм тэгээс эхлэх байсан. Ийм өргөн боломжийг өдөр сараар хойшлуулж, цаг алдаад байна гэдэг бол үр хойчийнхоо өмнө хийж байгаа хорлон сүйтгэх супер ажиллагаа л гэж хэлэх байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт Т.Цогтод 3-5 жил, Г.Маралмаад 13-15 жилийн ял төлөвлөжээ

Дөрөвхөн настай охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжиглэн, саатуулан шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Т.Цогтод бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн заалтаар буруутгаж байна.

Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн гэсэн заалтаар буруутгаж байгаа бөгөөд энэ нь шүүхээр нотлогдвол 15-25 жил, эсвэл цаазын ялаах юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын e-Bay онлайн дэлгүүрт Жадамба судар зарагдаж байна

Манай Улсын соёлын үнэт өвүүдийн нэг Жадамба судар АНУ-ын онлайн худалдааны e-Bay дэлгүүрт зарагдаж байгаа тухай цахим ертөнцөд бичигдэж байна. Тодруулбал, өчигдөр e-Bay онлайн дэлгүүрт 29 мянган ам.доллараар зарахаар тавьсан алт, эрдэнээр бичсэн Жадамба судар хууль бус аргаар хууль бус давсан хэмээн энэ төрлийн өв соёлын тухай мэдээлэл цуглуулдаг нэгэн иргэн Фэйсбүүк хуудастаа бичжээ. Иймэрхүү хар цаасан дээр алтаар бичсэн хуучны судар маш ховор байдаг төдийгүй зарим эх сурвалжийн хэлснээр 20 гаруй жил иймэрхүү судрыг гадагшаа зөөж буй аж. Тэнд монгол лам нарын гараар бичиж, зохиосон маш чухал агуулгатай судрууд хил давсаар байгаа гэнэ. Хамгийн гол нь эдгээр судрыг эмхлээд, соёлын биет өвд бүртгэн, улсын хяналтад оруулаагүй учир хууль бус аргаар бусдын гарт орж улмаар хилийн чанадад зарагдах болсон юм байна. Эдгээр ном, судрыг төвд судлаач, төвд эрдэмтэд гадагшаа зөөдөг гэх сураг байна. Тэдний хилийн чанад руу гаргасан судрын тоонд ганцхан хувь барлагдсан байдаг монгол ламын Чойрын номууд байх магадлал тун өндөр байгаа тул үүнд анхаарлаа хандуулахыг холбогдох газруудаас хүсчээ.

Categories
гадаад мэдээ

Skype Итали, Хятад хэлний орчуулгыг нэмжээ

Microsoft корпораци аман орчуулгын Skype үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүллээ. Өдгөө Skype нь дэлхийн хэдэн арван хэлийг англи хэл рүү хөрвүүлэх гол хэрэгсэл болж байна. хамгийн сүүлд Skype үйлчилгээ англи хэлнээс испани хэл руу орчуулах системээ танилцуулснаас гадна саяхан хятад, итали хэлийг үйлчилгээний цэсэндээ нэмжээ. “Mandarin Translator” гэгдэж буй хятад хэлнээс орчуулах систем нь асар эрэлттэй байсан төдийгүй Microsoft үүний ард гарахын тулд багагүй хугацаа зарцуулсан гэж хөгжүүлэгч Яасмин Кан өгүүлжээ. “Ойролцоогоор 10 мянган тэмдэгт болон тэр тооны хэл ярианд хэрэглэгдэх үгсийг дуу авиагаар багтаасны сацуу дэлхийн хамгийн хэцүү хэл болох араб, япон, солонгос хэлийг англи хэл рүү шууд хөрвүүлэх бололцоо олгоно” хэмээн хөгжүүлэгчид ярьжээ. Програм хангамжийн гигант компанийн Skype үйлчилгээг хөгжүүлэгчид хятад, итали хэлийг орчуулах төхөөрөмжийг бүтээхийн тулд 2012 оноос хойш үгсийн сан бүрдүүлэх, дуу авианы технологи бүтээхийн тулд зогсолтгүй ажилласны эцэст өнөөдөр л нийтийн хүртээл болгож байна.

Categories
мэдээ спорт

Харцагууд цувралыг 3:0-ээр тэргүүлж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны Супер лиг өндөрлөх дөхөөд байна. Плей-оффын тоглолтууд эдгээр өдөр үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Өчигдөр “Дундговь Аленс Тех Харцага” болон “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багуудын цувралын гурав дахь тоглолт явагдлаа. Харцагууд уг тоглолтод 93:86-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авснаар цувралыг 3:0-ээр тэргүүлэн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

Харин хагас шигшээн өөр нэг тоглолт “Дорнод Танан Гарьд” болон “СБЛ Хасын хүлгүүд” багийн хооронд явагдлаа. Хоёр багийн цувралын харьцаа 1:1-ийн харьцаатай байсан. Харин өчигдрийн тоглолтод Гарьдууд 114:96-ийн харьцаатай ялалт авснаар цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ.

Categories
гадаад мэдээ

“Google”-ийн менежер Клинтоны онлайн сурталчилгааг хариуцна

АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Хиллари Клинтон өөрийн сонгуулийн суталчилгааны техникийн даргаар “Google” компанийн менежер Степани Хэннонийг сонголоо. Хэннон Клинтоны онлайн сурталчилгааг хариуцан ажиллах бөгөөд сонгогчид болон дэмжигчдэд зориулж сонгуулийн шинэ аппликэйшнүүдийг гаргана гэж Вашингтон Пост сонин болон Ройтерс агентлаг мэдээллээ.

Хэннон нь Силикон Валлеид ажиллахын зэрэгцээ “Google” компанийн нийгмийн салбарын бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажилладаг аж. Гэхдээ Хиллари Клинтон 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаагүй байгаа юм.

Түүнийг энэ сард багтаж мэдэгдэл гаргана хэмээн албаныхан найдаж байна. Клинтон Нью-Йорк хотын Брүүклинд сонгуулийн сурталчилгааны төв байраа байгуулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүчтэй өрсөлдөгч болж байна.

Харин Бүгд Найрамдах намаас Кентаки мужийн сенат Рэнд Пол болон Техас мужаас Тэд Круз нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үнсгэлжин” сонгодог бүжгэн жүжиг СТӨ-ний тайзнаа тавигдана

Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжиг 2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас, 11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.

“Үнсгэлжин” балет нь Монголд 1972 онд Дуурь Бүжгийн Театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавигдаж байжээ. Тухайн үед уг бүтээл цөөн тоглогдож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглогдоогүй өдий хүрчээ.

“Үнсгэлжин” балет нь АНУ-ын Нью Йорк балет, Бостон балет компани, Чикагогийн Броадвэй театр, Лос Анжелес Хотын Театр, Канадын Торонто хотын театр, ОХУ-ын Москва хотын Большой театр зэрэг дэлхийн олон орны тайзнаа сонгодог, орчин үеийн ба хошин хэлбэрийн тавилттайгаар тоглогддог байна.

Энэхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, “UB Ballet” балетын сургалтын төв, Хөгжим Бүжгийн Коллеж хамтран Ариг Банк, Төгөлдөр сангийн санхүүжилтээр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Т.Санчир Филиппин улсыг зорьжээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тоглогч Т.Санчир Ази Тивдээ хамгийн шилдэгт тооцогддог Филиппин улсын Лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй Barangay Ginebra San Miguel багт тоглохоор өчигдөр тус улсыг зорьлоо.

Т.Санчир PBA-д явахаас өмнө Баярцогт дасгалжуулачтай Хасын Хүлэгүүд багтай хамтран бэлтгэлээ базаасан бөгөөд энэ сарын долооны өдөр сүүлийн бэлтгэлдээ оролцсон юм. Түүнийг баг хамт олон болон клубын зүгээс хүндэтгэл үзүүлэн аян замын ерөөл өргөн үдэн гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа өсчээ

“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа олон улсын биржүүд дээр мэдэгдэхүйц өсөж эхэлжээ. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны 3.6 ам.доллар буюу 11.12 хувиар өссөн байна. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа өнгөрсөн оны сүүлчээс хойш анх удаа ийм өндөр үнэ хүрч байгаа тохиолдол болжээ. Түүнчлэн “Туркойз Хилл Ресурс”-ын нийт 10.5 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь өдөрт арилжаалагддаг дундаж хувьцааны тооноос даруй тав дахин өссөн байна. Сүүлийн таван өдрийн арилжаагаар “Туркойз”-ийн хувьцаа 19 хувиар өсөөд байгаа юм байна.