Categories
мэдээ цаг-үе

Үржингийн Хүрэлбаатар: Намдаг багш маань цагаадсан өдрөөсөө Буяннэмэхийгээ цагаатгуулах гэж гүйсэн дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, Дэлхийн Хайкугийн хол­бооны жинхэнэ ги­шүүн Үржингийн Хүрэл­баатартай уулзаж хөөрөлд­лөө.

-Та саяхан Монголын анхны хайкугийн гурамсан номуудынхаа нээлтийг хийсэн. Хаврын улирал гэлээ ч яруу найргийн ургац арвин байна даа?

-Монголын утга зохиол, яруу найраг даяаршиж байна. Үндэстэн үндэстний өөрийн онцлогтой яруу найргийг нэлээд судалсан. Монголын яруу найраг бол давтагдашгүй шүү дээ. Японы хайкуг судалж үзэхэд манайд ихээхэн дэл­гэрлийг олсон ч жинхэнэ утгаар нь ойлгож хайку бичсэн хүн цөөхөн санагд­сан. Би Дэлхийн хайкугийн холбоотой 2011 онд холбог­дож жинхэнэ гишүүн болсон. Монголд залуучууд болоод цахим ертөнцийнхөн бүгд хайку бичдэг болчихсон. Энэ их дэлгэрлийг олсон ч буруу хөгжвөл утгаа алдана. Тиймээс би сонгодог хэлбэрийг нь ашиглаад монгол агуулгаар баяжуулан “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын нээлтээ хийхэд Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн “Мэижи” их сургуулийн профессор Банья Нацуиши ирж оролцлоо. Хайку шүлгүүд маань орос, англи, япон, монгол хэлээр кирилл, уйгаржин, ханз, латин үсгүүдээр хэвлэгдэн гарснаас гадна “Чөдөр гурвалжин”-гаас маань 50 хайку Будапештэд ном болон хэвлэгдэж уран бүтээлчийн жаргалаа эдэлж байна даа.

-Таны уран бүтээлд дууны яруу найраг голлодог. Олон ч сайхан дуугаар тань ард түмэн таныг мэднэ?

-Миний уран бүтээлийн чиглэл дууны яруу найраг яах аргагүй мөн. Хойшид ч хэвээрээ л байна. Өчигдөр хүртэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Зууны манлай эстрадын дуучин” алдраа амьдралаараа ч, авьяасаараа ч ам бардам авч яваа гавьяат жүжигчин Б.Сарантуяа хоёртойгоо “Зоргоороо амраг минь” гэсэн дуу хийлээ. Энэ сарын 20-нд болох төрсөн өдрөөрөө Сараа дуулна. Дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам гэж би хэлэх дуртай.

-Утга зохиолын суд­лалаар та хийсэн юмтай хүн. Шүүмжлэгч, судлаач хүн яаж яваад яруу найрагт урвачихав?

-Миний унаган мэргэжил бол утга зохиолын судлаач. Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Хонины найр” зэрэг олон кино, концертын шүүмж бичиж эхэлсэн. Сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын анги төгсүүт намайг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт театр судлаач эрдэм шинжилгээний ажилтнаар татаж авч байсан. Судалгаа хийхийн хажуугаар шүлэг бичнэ. Утга зохиолын судлал шүүмжлэлийн багш эрдэмтэн Ц.Мөнх маань “Чи ерөөсөө зохиол бичиж болохгүй, зөвхөн шүүмжээ бич. Та нар өөрсдөө шальдар бульдарюм биччихээд хүн шүүмжилнэ гэж байхгүй” гэж хориглосон юм. Тэгсэн мөртлөө багш маань хүүхдийн зохиол бичнэ ээ. Бид цаагуураа “Багш өөрөө зохиол бичээ л байх юм” гэлцэнэ. Тэр “бод, судал” гэсэн маш хатуу, бас зөв шаардлага байсан юм билээ. Тэр үед хослуулж бичсэн бол шүүмжлэгч ч биш, шүлэгч ч биш болох байсан. Ерэн он гараад би багшаасаа “Ядаж хэдэн дууны үг бичмээр байна” гэж гуйсан юм аа. Тэгэхэд “Чи одоо шүлэг бичиж болно” гэж зөвшөөрсөн. Дууны шүлгийн мастер Л.Дагвадорж гуай манай өрөөнд их ирнэ. Нэг өдөр ширээн дээр маань байсан шүлгүүдийг үзчихээд цаасан дээр нэг юм биччихээд гараад явлаа. Үзсэн чинь “Дуулж жаргаж явсуу” гэж номын оршил шахуу юм бичиж. Сониндоо Дагвадорж гуайн үгийг оршил болгоод хэдэн шүлгээ тавилаа. Хөгжмийн зохиолчид ч аялгуу зохируулж, өөрийн гэсэн дуутай болж урам орсон доо. Иймээс би тэр их хүнийг уран бүтээлийн багш гэж боддог. Дууны шүлгүүдээ хоёр жилийн өмнө тоолоход дуулагдсан нь гэхэд хагас мянга болсон байсан шүү.

-Таныг Монголын хүүрнэл үгийн их зохиолч Донровын Намдаг гуайн гарын, гэрийн сургуулийн шавь нарын нэг гэж сонссон?

-Манай Урлаг судлалын секторын эрхлэгч нь Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэж байсан их эрдэмтэн Сономын Лувсанвандан гуай байсан. Театр судлалыг хариуцсан ганц хүн нь би юм чинь амьд нэвтэрхий толиудтай уулзаж суралцахаас аргагүй болж байгаа юм. Тэгээд зохиолч Д.Намдаг багш, аугаа жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор нараас салахгүй. Эхнэр хүүхэдгүй залуу ганц хүн чинь цүнхээ шидчихээд л аль нэгнийх нь гэрт очоод гоё юм яриулаа л суучихдаг байлаа. Д.Намдаг гуайн гэрийн сургуульд би яг гурван жил суусан. Надаас хэдэн жилийн өмнө Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайды тэргүүтэй зохиолчдыг жүжгийн зохиолч болгох гэж гэрийн сургууль хийгээд туршлага суучихсан байсан. Надтай хамт “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, хөгжмийн зохиолч Мааяа нар сурч байсан. Чимэд-Осор гуай гучаад онд тоглож байсан дүрээ, партнёр дүрийнхтэйгээ хамтад нь ярьдаг гайхам­шиг­тай ой ухаантай хүн байлаа. Хоёр гурван сарын дараа сахилгагүйтээд асуухад яг текст хараад хэлж байгаа юм шиг шууд хэлнэ. Д.Намдаг багш, тэр хоёроос л би театр урлаг, жүжгийн уран бүтээлийн талаар асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух вэ дээ.

-Намдаг багшаасаа их зүйл авч хоцров уу?

-Нэг удаа багш маань “Их Нацагийг нутаглуулсан газрыг би чамд зааж өгнө өө. Дээр нь айл буучихсан байна лээ” гэж байсан. Хорин хэдхэн настай залуу байсан болохоор заалгаад авах ухаан ч байсангүй. Тухайн үед надад олдчихоор бэлэн унаа ч байсангүй. Түүнээс биш заалгаж аваад хоцорсон бол гэж харамсаж л явдаг юм. Багш намайг “Бичээд бай” л гэдэг байсан. Тэр бичүүлээд байсан юм нь надад их сургууль болсон доо. Хожим “Улаанбаатар” сонины эрхлэгч байхдаа “Д.Намдагийн туршиц, туурвил зүй” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалахад тэр бичүүлсэн зүйл нь бэлэн эрдмийн хишиг байсан даа. Тиймээс би багшийгаа шүтдэг юм. Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай шоронд хамт байснаа ярина. “Шоронд байсан” энэ тэр гэж ярихгүй ш дээ, “золгүй явдал” гэж эерүүлж хэлнэ. Нацагдоржийгоо бичгийн ухаантай, ярианы хувьд тааруу, харин Буяннэмэхийгээ өв тэгш хүн байсан, хувьсгалын уран зохиолд өөрийгөө зориулаагүй бол Нацагаас илүү уянгын найраг туурвих байсан хүн гэж ярина. Өөрөө цагаадсаныхаа маргаашаас л Буяннэмэхээ цагаатгуулах гэж хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Гэргий нь надад “Өөрөө арайхийжялнаас салчихаад чи хүний төлөө зүтгэж байж одоо дахиад хийлгэчихнэ” гэхэд “Хийлгэсэн ч хамаагүй, энэ хүнийг л цагаатгуулна” гэж явж байж цагаатгуулсан гэдэг.

-Утга зохиолын “Гал” бүлгэмийнхээ тухай хүүрнэвэл сонин доо?

-Би “Гал”-ынхаа тухай зохиолчдын дурсамжаар бүтсэн “Бурхадын сархад” номонд тодорхой дурдсан байгаа. Яруу найрагч Бат-Очирын Сундуй, Дагвадоржийн Цогт, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Жүмпэрэлийн Саруулбуян, төрийн шагналт зураач Ойдов, хэл бичгийн ухааны доктор Я.Баатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, дорнын их найрагч Данзангийн Нямсүрэн бид нарын өнөөгийн зэрэгт хүрсэн минь “Гал” бүлгэмийн маань л буян даа. Бид “Яавал энэ Урианхай, Л.Дашням, Б.Лхагвасүрэн нар шиг хэлтэй устай, соёлтой гайхамшигтай сэхээтэн болох вэ” гэж атгасан гарын хурууд шиг андалж нөхөрлөж явсан даа.

-Та нийслэлийн төв хэв­лэл “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар” сонинд олон жил сэтгүүл­ч эрхлэгчийн албыг хашсан хүн. Монголд чөлөөт хэвлэл үүсэхэд таны хувь нэмэр их байж таараа?

-Миний амьдралын хэв маяг, зорилго маань сэт­гүүл зүйтэй салшгүй холбоо­той. ШУА-д гурван жил ажиллаад Улаанбаатар Хотын намын хороо, Хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төв хэвлэл “Улаан­баатарын мэдээ” сонинд татагдаж ирж ажилласан. Энэ сонинд гучаас дээш насны, хөдөлгөөн багатай хүмүүс байсан. Ганжууржав, Дашдорж, Галсангийн Жамьян гуай нарын ланжгарууд байсан. Урлаг соёл, хөдөө гадаа явах томилолтын бүх ажилд гүйнэ. Энэ сайхан сонинд ирж идэвхтэй ажилласнаас хойш гурван жил дараалан оны шилдэг бичлэгийн шагнал аваад, дөрөв дэх удаагаа авах гэж байхад “Намын гишүүн биш байж юун олон жил шагнал авдаг юм” гэсэн яриа гараад, намайг сонины хэлтсийн даргаар тавьж байлаа. Нэг сонин зүйл ярихад Ардчилсан холбооны үйл явцын тухай анхны сурвалжлагыг би хийж байлаа. Налайхын Соёлын ордонд цуглаан хийгээд Э.Бат-Үүл нар хөөгдөж гарч байлаа. Тэр өдөртөө Бат-Үүл рүү ярьж үзүүлээд гаргаж байсан. “Миний ерэн он” гэж нэг ном гаргах гээд бэлдчихсэн байгаа. Хэвлэлийн эрх чөлөөгүй үед бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө ингэж тэмцэж явлаа гэж би одоо залууст хэлдэг юм.

-“Улаанбаатар” сонины өөрийнхөө багийг хэдэн онд анх үүсгэн байгуулав?

-Ерэн оны тавдугаар сарын 16-нд анхны туршил­тын дугаараа гаргасан юм. Би “Улаанбаатарын мэдээ” сониндоо ажиллаж байсан л даа. Тэр жил би Хотын хурлын депутат болчихсон байсан. Улаанбаатар хотын төрийн байгууллагын анхны бөгөөд сүүлчийн сонины ерөнхий эрхлэгч нь би юм.

-Тэр үед танай сонин яруу найрагчид, сэхээтэн залуучуудыг их дэмждэг байсан санагддаг?

-Нийслэл гэдэг чинь оюуны, сэтгэлгээний, соёлын, залуучуудын төв гэдэг утгаар танин мэдэхүйн оюуны дугаар бэлтгэн гаргаж эхэлсэн. Б.Галсансүх тэр үед дөнгөж аравдугаар анги төгссөн л хүүхэд байж дээ. Гүр.Нямдоржийн “Хориотой жимс” найраглалыг “Сонин доторхи сонин” буланд тавихад тэр өдрийн дугаар үдээс өмнө ч болоогүй байхад дуусаж байлаа. Модернист зохиолч С.Анударийн бүтээ­лүүдийг тавьж байлаа. Нийслэлийн сонин гэж зөвхөн хотын хог новш л бичдэг сонин биш гэдгийг амьдрал дээр нотолсон. Мон­голын цагдаагийн төв хэвлэл “Нүгэл буян”, гаалийн “Алтан босго”, “Улаанбаатарын үдэш”, “Арга билэг”, “Утга зохиол урлаг”, “Цог” сэтгүүл, зар мэдээлэл, сурталчилгааны “Алаг шаазгай” гээд олон сонинг эрхлэн гаргаж байлаа. Нийслэлийн хэвлэлийн түүх гэж байдаг бол миний хувь нэмэр жинхэнэ утгаараа сонины ерөнхий эрхлэгч гэдгээрээ бичигдэх болов уу гэж бяцхан сагсуурдаг юм шүү дээ.

-Таны удирдлагад ажиллаж байсан залуус “Манай Хүрлээ эрхлэгч ч мужик шүү. Аар саар зан гаргаад арга хэмжээ авах гээд байдаггүй ганц шанаа өгчихдөг байж билээ гэж байхыг сонссон?

-Үнэн үнэн. Хүнтэй ажил­лаж байгаа нэг хэлбэр л дээ. Нэг алгадуулчихсан хүн сүүлд нь “Хэрвээ тэр үед та надад арга хэмжээ аваад явуулчихсан бол балрахгүй юу” гээд инээгээд ороод ирдэг юм ш дээ. Хотын сонины эрх­лэгч байхдаа мөн ч олон сайхан залуус голдуу эрчүүдтэй ажиллаж байлаа.Би эцэг эхээсээ арвуулаа, айлын хоёрдахь хүү болохоор дүү нарынхаа ааль аягийг тохируулаад сурчихсан хөдөөний хүмүүжилтэй л хүн байхгүй юу. (инээв.сур)

-“Улаанбаатар” сонины нэрэмжит Монгол Улсын арслангуудын нэрэмжит барилдаан гэж сайхан үйл явдлыг та санаачилсан даа?

-Аваргуудыг бол олон түмэн сайн мэддэг. Аваргуудын энтэй арслангууд нас нь ахьчихсан хэн ч мэддэггүй байх жишээтэй. Төв аймгийн Баянбараатаас хөтөлгөө морьтой давхиж ирээд улсын наадамд түрүүг аваад явчихсан Оргодол арслан, тэмээ өргөдөг Жамьяндорж арслан нарыг гэхэд ард түмэн домог мэт ярьдаг мөртлөө хэн ч таньдаггүй л байсан байхгүй юу. Арслан цолтон их цөөхөн төрдөг. Арслан ганц л төрдөг цолтон, мартагдчихсан арслангуудыг гаргаж ирье гэж туршилтын дугаараа гаргасан өдрөө хийсэн юм. Манай Говь-Алтай аймаг Батсуурь гэдэг сайхан аваргатай, олон заан, начингуудтай. Тэр арслангийнх нь орон зайг нөхье гэж бодсон хэрэг.

-“Хангарьд” шагналыг бас бий болгосон гэл үү?

-Одоогийн Улаанбаатар хотын сүлд чинь манай сонины лого байлаа ш дээ. Лхамсүрэн гэдэг хүн анх санаа гаргасныг сониндоо хэлэлцүүлэг болгоод яваандаа Мөнхжаргал дарга, Б.Энэбиш дарга нар сайшааж хотын хурлаар тогтоол нь батлагдаж байлаа. Надад хоёр жилийн өмнө “Хангарьд” шагналыг өгөхдөө энэ тухай дурдахад сайхан л санагдаж байсан.

-Та чинь “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авьяастаны “Хангарьд” шагналыг анх санаачилж байсан байх аа?

-Эхний шагналыг жүжигчин Д.Сосорбарамд олгож, арслангуудын нэрэмжит барилдаан дээр хоёр өрөө байр өгсөн юм шүү. Со-д байр өгсөн гэж би матагдаж дуудагдаж байсан юм. Үүнээс хойш Өвөр Монголын дуучин Тэнгэр, дуучин Б.Сарантуяа, бөх тайлбарлагч Ганбаатар, яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумогийн Д.Батбаяр, Чингэс хааны дүр бүтээсэн Өвөр Монголын жүжигчин Дэлгэр нарт олгож байсан даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуульд Ерөнхийлөгч хориг тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлынхаа тайланг тавьж байгаа. Тэрбээр тайлангаа тавьсны дараа гишүүдийн асуултад хариуллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар асуулаа. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздээс ангид байлгаж, энэ салбарыг дампууруулах заалтууд орсон байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдаж байсны хувьд Д.Сарангэрэл гишүүн энэ хуулийн төслийн сөрөг талыг гярхай ажиглаж, ийм бүдүүлэг хууль орж ирвэл хэрхэхийг Ерөнхийлөгчөөс асуулаа. Ерөнхийлөгч “Хэрвээ тийм хуулийн төсөл батлагдвал хориг тавина” гэж хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шуудангийнхан ажил хаяхаа мэдэгдлээ

“Монгол шуудан” ТӨХК гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар улстөржин ажлаас нь халах Төрийн өмчийн тогтоол гарсантай холбоогоор тус компанийн 1000 гаруй ажиллагсдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Ц.Батсайхан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх захирал хийхдээ орлого, ашгийг сүүлийн хорин жилд байгаагүйгээр огцом өсгөж, зөв менежмент барьж, жирийн ажилчдынхаа цалинг гурван удаа шат дараатайгаар нэмэгдүүлсэн аж. “Монгол шуудан”-гийн харъяа Маркийн газрын дарга Д.Ганбат “Шуудангийн мянга гаруй ажиллагсад энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, суулт зарлаж, цаашлаад ажил хаяхад бэлэн нөхцөл байдал үүссэн учраас Ажилчдын түр хороо байгуулсан. Өнөөдөр энэ хүний ачаар ажилчдад ажиллах таатай нөхцөл байдал бий болсон. Өнгөрсөн жил манай байгууллага улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улсын татаасаар ажилладаг байсныг болиулж 800 сая төгрөгийн ашигтай ажилласан” гэдгийг хэлж байна. УИХ-ын дарга З.Энхболд төрийн албан хаагчдыг улстөржиж халахын эсрэг хатуу тэмцэнэ гэж байсан ч ийнхүү улстөржсөн томилгоо хийж Ц.Батсайханы оронд ОБЕГ-т ажиллаж байсан Т.Дуламсүрэн гэгчийг тавихаар болсон байна. “Монгол шуудан” компани нь өнгөрсөн хугацаанд татварын тайлан хүргэж, гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг хүргэх үйлчилгээ, ложистикийн үйлчилгээ, онлайн маркийн худалдаа зэргийг нэвтрүүлэн орчин үеийн техникийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг амжилттай ажилсан учраас дэлхийн 200 орноос шалгарч, олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. Өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд тус байгууллага 1,5 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэн ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит цөөхөн компаниудын нэг юм. Гэтэл ийнхүү сайн ажиллаж байсан салбарын самууруулж, мэргэжлийн бус хүнийг тавихаар улайрч байгаад дургүйцсэн шуудангийн 500 ажилчны гарын бүхий хууль бус томилгоог эсэргүүцсэн өргөх бичгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад явуулахаар болжээ. Хэрэв тэд энэ бусармаг үйлдлээ эргэн харахгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн.
Үүний улмаас Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн бөгөөд хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна.
Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийн багийг ажиллуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” ажиллаж, 262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи 10, 11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдав. Тус хуралдаанаар бодлогын хүүг өөрчлөхгүй байх нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Одоогоор төв банкны бодлогын хүү 13 хувьтай тэнцэж байгаа бөгөөд мөнгөний урсгал болон хөрөнгө оруулалт нэмэгдээгүй үед бодлогын хүүг одоогоор хэвээр хадгалах нь зөв гэж шийдсэн байна.

Ямартай ч дараагийн зөвлөлийн уулзалт хүртэл эдийн засагт ямар нэг тохиргоо, өөрчлөлт гарахгүй нь. Тавантолгой, Оюутолгой зэрэг том ордууд хөдлөөгүй, эдийн засагт орж ирэх мөнгө ямар нэг байдлаар нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасахтай гарч байгаа ийм үед бодлогын хүүг буурууллаа гээд ямар ч үр дүн гарахгүй билээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд зургадугаар сарыг дуустал үнэгүй зорчино

Монголын оюутны холбоо мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд “Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор ирэх зургадугаар сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм” гэжээ.

Түүнчлэн, нийтийн тээвэртэй холбоотой санал гомдлоо 11-326 352 утсаар мэдэгдэнэ үү гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс сэргийлэх шалгалт хийнэ

Улсын Онцгой комиссын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/173 дугаар захирамж, нийслэлийн Онцгой комиссын даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар ой, хээрийн түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад сургалт, дадлагыг явуулах, нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг шалгана.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээж авсан эсэх, барилгын зураг төсөл, төлөвлөлтөнд галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, норм дүрмийн заалтуудын тусгагдсан байдал, барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэглэл, объектын галын дохиоллын систем, гал унтраах автомат төхөөрөмжийн төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгдсэн эсэх, объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэх, барилга байгууламжийн гадна болон доторхи гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний бэлэн байдал, барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, объектын агааржуулалт ба утаа зайлуулах системийн төлөвлөлт, хэвийн ажиллагааг хангасан эсэх, объектын цахилгаан шугам сүлжээний угсралт, цахилгаан тоног төхөөрөмжийг норм дүрэм шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлыг хангасан эсэх, гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулж бэлэн байдлыг хангасан эсэх, болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан эсэхийг шалгаж заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж ажиллана.

Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад болон нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, дадлагыг зохион байгуулна.

Сургалт дадлагаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, тухайн байгууллагын хэмжээнд ажилтан, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан дайчлах хүч хэрэгсэл болон мэргэжлийн албадыг татан оролцуулах, тэдгээрт бодит нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургууль зохион байгуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах шатах тослох материал, хоол хүнсний нөөц бүрдүүлэлт, байгууллагын гадна талд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбарыг байрлуулсан эсэх зэрэг мэдлэг мэдээллийг олгох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монголд ирнэ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-нээс 13-нд албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд гуравдагч хөрш Турк Улстай хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц үзүүлэх юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийнэ. Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхана.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цэргийн албыг 63 иргэн дүйцүүлэн хаана

Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгаж эхэлсэн. Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 63 байхаар тогтоолоо.

Categories
мэдээ нийгэм

Шашны байгууллагуудын хугацааг сунгажээ

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудыг хэлэлцэн баталлаа. НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгалаа.