Categories
мэдээ спорт

Буудлагын Дэлхийн цомд оролцож байна

“Рио де Жанерио-2016” зуны олимпийн наадмын эрхийн төлөөх буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чанвон хотноо өчигдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд 68 орны 571 буудагчид 10 дасгалд цэц мэргээ сорьж байна. Уг тэмцээнд манай улсаас гар болон урт буу дасгалд нийт 11 тамирчин оролцож байна. Үүнд эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт, эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгал болж, нийт 98 тамирчин өрсөлдсөнөөс Унгарын буудагч, дэлхийн аварга Петр Сиди түрүүлж, Хятадын буудагч, дэлхийн аваргын мөнгөн медальт Ян Хаоран, олимп, дэлхийн аварга Чү Кюүнан нар удаалжээ. Энэ дасгалд ОУХМ Б.Бишрэл 54-р, ОУХМ Х.Бямбабаатар 60-р, ОУХМ Н.Баяраа 75-р байрт тус тус орсон байна.

Энэхүү дэлхий цомын тэмцээнээр “Рио де Жанерио-2016” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох юм. Тэмцээн энэ сарын 16-ны өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 7-10-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, дэд бүтэц хөгжсөн, олон улсын авто зам болон төмөр замын зангилаан дээр оршдог тус аймгийн хувьд газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхитэй бүсэд хамаарагддаг аж. 1980-аад оноос өмнө баригдсан хуучин барилга байгууламж, дулаан болон цахилгаан түгээх станц, төмөрлөгийн үйлдвэр, нэхий эдлэл зэрэг хүнд хөнгөн үйлдвэрийн обьект олноор байдаг нь болзошгүй томоохон аюулт үзэгдэл, ослын үед үлэмж хэмжээний хохирол учруулах эрсдлийг дагуулдаг.

Мөн байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эрчим хүчний шугамын тулгуур унах, тэсэрч дэлбэрэх бодис алдагдах, үйлдвэрийн томоохон ослууд гарсаар байгаа учраас гамшгаас хамгаалахад чиглэсэн дадлага сургуулилтыг шат дараалан зохион байгуулж, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох шаардлагатай байгааг сургуулийг зохион байгуулагчид онцолсон.

Дадлага сургуулийн үйл явцтай танилцахаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тус аймагт ажиллаж байна. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Камерун улстай дипломат харилцаа тогтоолоо

Монгол Улс Бүгд Найрамдах Камерун Улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс, Бүгд Найрамдах Камерун Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хоёр талын хамтарсан мэдэгдэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Камерун Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Мишел Томмо Монте нар 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурав.

Манай улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү өргөн боломж нээгдэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн болж байна

“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн болж байна “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах “ХОРЕКА-2015” олон улсын тэмцээн “Мишээл экспо” төвд өнөөдөр эхлээд байна. Тус тэмцээн энэ сарын 12-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тэмцээнд эхний шатнаас шалгарсан 30 ажилтан үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, тогооч, зөөгч, угаалгын ажилтан гэсэн ажил мэргэжлээр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна. Шилдэг оролцогчид ОХУ, БНХАУ, БНСУ-ын оролцогч өрсөлдөж байна. Мөн энэ үеэр “ХОРЕКА-2015” зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн зохион байгуулагдаж, 80 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж бараа бүтээгдэхүүний дэлгэн тавиад байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, улс нийслэлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн, тэмцээнийг 9 дэх жилдээ нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газрын холбоо хамтран зохион байгуулж байна. 3 өдөр үргэлжлэх “Хорека 2015” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шилдэг технологиуд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт шинэ дэвшил авч ирнэ гэдгийг салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойрын өдрүүдэд цасан шуургатай

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр дөрөвдүгээр сар хур тунадас ихтэй байх бололтой. Өнгөрсөн долоо хоногт Монгол орны нийт нутгаар, цас ихээр орж, салхи шуурсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 мянган мал хорогдсон гэх мэдээлэлийг ОБЕГ-аас өгч байгаа юм.

Цаг агаар өнөөдпөр, маргааш дахин хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ОБЕГ малчдыг цаг агаарын мэдээгээ сонсч, малдаа явахдаа дулаан хувцаслахыг сануулж байна.

Монгол орны нийт нутгаар өнөөдрөөс хүйтэрч эхлэх бөгөөд 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

“Шуурхай ажлын штаб”-ын мэдээлснээр 1-4-ний өдрүүдэд болсон их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэнээс 135 иргэн эсэн мэнд олдсон байна.

Сураггүй алга болсон хүний 90 нь малтайгаа шуурганд уруудаад байсан малчин юм байна. Үүнээс Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тус бүр нэг хүн нас баржээ. Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн байна. Цасан шуурганы үеэр Булган аймагт 17 мянга, Төв аймагт 14351 нийт одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн байна. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байгаа бөгөөд Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс нөхцөл байдал хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдеө аж ахуйн мэргэжилтнүүдийн багийг ажиллуулж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тонн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тонн өвс, Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тонн өвс, 10 тонн тэжээл, гурван тонн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Ойрын өдрүүдэд цас орж хүйтрэх тул чухал шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг,тээвэрчид дулаан хувцаслах, машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг холбогдох газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан давааны хогийн цэгийн иргэдэд тусламж үзүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм. Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийг “Танд туслая” компанит ажлын хүрээнд бүртгэлжүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Түүнчлэн дээрх иргэдэд хувцас, оол хүнс болон бусад эд материалын тусламжийг олголоо.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын залуус Бага хурлаа хийнэ

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуус өнөөдөр Бага хурлаа хийж дотооддоо үүсээд байгаа холбооны ерөнхийлөгчийн асуудлаа шийддвэрлэхэр болжээ. МАН-ын залуус одоогийн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр нарын талд хоёр хуваагдаад байгаа аж.

Энэхүү Бага хуралд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг хамтдаа байх шаардлагыг холбооны Удирдах зөвлөлийн зарим гишүүд тавьсан байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд АНУ-ын харвардын их сургуульд суралцдаг бөгөөд энэ хавар төгсөөд ирэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалайг 700 гаруй хүн дэмжиж гарын үсгээ зуржээ

Боомтын нэгдсэн захиргааны даргаар ажиллаж байсан Л.Гүндалай намаасаа гарч “Ард түмнээ хайрлья” нэртэй нам байгуулахаар иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа билээ. Түүнийг дэмжиж 801-ээс дээш хүн гарын үсэг зурвал Улсын дээд шүүхэд хандаж намаа бүртгүүлэх юм. Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа түүнийг 700 гаруй хүн дэмжиж саналаа өгсөн байна. Тэрээр ойрын өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, гарын үсгээ цуглуулж байна. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооноос албан ёсоор хасалт хийлгэж Эрдэнэт хотын Баянбулагт багт шилжин очоод байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойгоор амьсгалсан “Coal Mongolia-2015”

“Таван толгойн гэрээний асуудал түр хугацаанд хойш­логдоод байгаа ч Сумитомо-гийн төлөөлөгч энэ танхимд сууж байна. Сумитомо Таван тол­гой төслийн борлуулалт мар­кетингийг хариуцна гэж байгаа. Төслийн хүрээнд гарах эцсийн бүтээгдэхүүний 25 хувийг Солонгос, Энэтхэг, Тайвань, Японы зах зээлд хүргэх юм. Таван толгойн хэлэлцээртэй холбоотой ойлгоход хэцүү, тааварлаагүй байдал үүссэн ч тэд Японы зах зээлд маркетингаа хийгээд эхэлсэн гэсэн таатай мэдээг бидэнд дуулгалаа” гэж М.Энхсайханыг хэлэхэд танхимд цугласан бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид алга нижигнүүлэв. Тав дахь жилдээ болж буй“Coal Mongolia-2015” чуулга уулзалтын эхний өдрийн үдээс өмнөх хуралдаан үе үе алга ташсан ийм уур амьсгал дунд өрнөсөн юм. Төр том төслүүдээ хөдөлгөх ёстой, Таван толгой дээр хазаар тавибал баялаг бүтээгчид зүгээр суухгүй, эдийн засгийн хямралыг том төслүүдээ хөдөлгөж байж л давна гэсэн утгатай үгийг чуулганд оролцогчид дуу нэгтэй хэлж байв.

Нүүрсам.доллар олдог гол бүтээгдэхүүний нэг гэдэг утгаараа “Coal Mongolia” жил бүр олны анхааралд байдаг. Гэхдээ энэ жил SS convention center урьд онуудынхаас ч хөл хөдөлгөөн ихтэй угтав. Чуулган эхлэх үед танхимын суудал аль хэдийнэ дүүрсэн байлаа. Хэвлэл, мэдээллийнхэн ч олноороо цуглажээ. Энэ удаагийн чуулганд 20 гаруй орны 100 гаруй эрхэм ирсэн гэсэн мэдээг зохион байгуулагчид нь өгсөн юм.

Монголын “Энержи ресурс” компани Хятадын“Шэнхуа”, Японы “Сумитомо” гэсэн дэлхийн аваргуудтай консорциум нэрийн дор нэгдэж Монголын засгийг төлөөлсөн эрхмүүдтэй тохиролцоонд хүрээд буй. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэр­гүүлдэг Таван толгойн ордыг хөдөлгөхөд “Шинхуа” төмөр замыг нь, “Энержи ресурс” борлуулалтыг нь, ”Сумитомо” Энэтхэг, Япон, Солонгос, Тайвань гэсэн үнэтэй зах зээлүүд рүү гаргахыг нь ха­риуцна хэмээн за зүй болоод байгаа. Гэхдээ энэ тохироо амьдрал дээр хэрэгжих эсэхийг УИХ шийднэ. Нүүрсний үнэ шалдаа буусан энэ үед Таван толгойг дэлхийн том компаниудтай нийлжхөдөлгөвөл овоо хэдэн ам.доллар орж ирнэ, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орсон Монголын компаниуддагаад өндийнө, хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэнэ гэсэн горьдлого бий. Ийм эгзэгтэй үед тохиосон гэдэг утгаараа“Coal Mongolia” олны анхааралд байгаа юм.

Чуулганы эхний илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид тавьсан. Түүнийилтгэлээс коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч Монголдгол тоглогчоор тодрохорон зай бий, Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл буурахгүй өснө гэсэн гэгээтэй мэдээ анхаарал татав. Сайд хөрөнгө оруулах боломжтой төслүүдийг ч нэрлэлээ. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх болон цахилгаан станцын төслүүдийг нэр заан дурдана лээ. Тэрээр жилд 50 мянган тонн утаагүй шахмал түлш гаргах үйлдвэрийн судалгааг ”Марубени”-тай хамтран хийж эхэлснээ чуулганд оролцогсдод дуулгасан.

М.ЭНХСАЙХАН: 76 ШАЛГУУРААР ХЭМЖВЭЛ “ТАВАН ТОЛГОЙ” ТӨСӨЛ ЯВАХГҮЙ

Монгол Улсын сайд, Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан “Тавантолгой ба супер цикл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Сүүлийн 200 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 30-50 жил гэсэн циклээр явж ирсэн гэнэ. Супер цикл буюу эрдэс баялгийн үнэ огцом өсдөг хугацаа ийм хол зайтай тохиодог аж. 1950 иад онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн босгоход түүхий эдийн үнэ огцом өсч байж. Дараагийнөсөлтийн үе1970, 1980-аад онд тохиосон гэнэ. Сүүлийнх нь нүүрсний үнэ оргилдоо хүрч байсан 2011 онд тохиосон гэж М.Энхсайхан илтгэлдээ онцолсон. Түүний илтгэлээс анзаарахадойрын хорь, гучин жилдээ лав нүүрсний үнэ өмнөх шигээ өсөхгүй нь бололтой. Супер циклээ алдсан ийм үед өртгөө бууруулж олборлолтоо нэмэх л ганц гарц байгаа гэнэ. Сүүлийн үед нүүрсний зах зээл дээр манайшинэ өрсөлдөгчөөр тодроод буй Мозамбикад гэхэд 700 кмтөмөр зам барихаар ярьж эхэлснийг М.Энхсайхан дуулгав. Энэ мэдээндээ “Улстөрийн саад байхгүй учраас” гэсэн тайлбар дайлаа. Хэлэлцээний үеэр “Шинхуа”-тай тохиролцсонашигтай нөхцөлүүдээ ч мөн онцлов. “Шинхуа” төмөр замын хөрөнгө оруулалтаас гадна “Чалко”-гийн гэрээний хариуцлагыг өөр дээрээ авна гэж дуугарчээ.

Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласан үед төсөвт 340 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Гурван компанийн хамтарсан консорциумХөрөнгө оруулалтын, Хамтын ажиллагааны, Концессын гэсэн гурван гэрээг засагтай зурах юм байна. Компаниудын түвшинд 5-6 гэрээ байгуулах шаардлага байгаа аж. Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан сайд “Таван толгойн гэрээг удахгүй УИХ-д өргөн барих байх. Ямар шалгуураар хэмжих бол гэсэн том асуудал бий. 76 гишүүн 76 шалгуураар хэмжвэл энэ том төсөл явахгүй. Хоёр шалгуур л байх ёстой. Эхний шалгуур нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдэх ёстой.Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Том хөрөнгө оруулагчид хуулиас гадуур алхам хэзээ ч хийдэггүй. Ингэвэл өөрсдөд нь өндөр эрсдэлтэй. Хоёр дахь шалгуур бол Засгийн газрын 268 дугаар тогтоол. Уралдаант шалгаруулалтын талаарх энэ тогтоолын бүх заалт биелэгдсэн. УИХ асуудлыг өөртөө татаж хэлэлцдэг нь Америк зэрэг улсад байдаг л жишиг. УИХ энэ том төслийг авч хэлэлцээд нүүрсний салбарынхны хүлээлтийг хангасан, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэсэн үгээр илтгэлээ төгсгөлөө. Түүнийг ингэж хэлэхэд танхимд цуглагсад мөн л алга ташицгаав.ЭНЕРЖИ РЕСУРС: НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БАЙНА

“Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар олон улсад” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлээс нүүрсний салбар яг одоо ямар байдалд хүрснийганзаарч болохоор байв. Тэрээр “Бид өмнөх жилийн Coal Mongolia дээр Австралийн боомтын үнэ 126 ам.доллар болж уналаа, 200 гаруй ам.доллар байсан шүү дээ гэж халаглан ярьж байсан. Гэтэл өнөөдөр 100 ам.доллароос доошилчихлоо. Нүүрсний зах зээл ямар хатуу өрсөлдөөн дунд байгааг эндээс харж болно. Нийлүүлэгчдийн 75 хувь нь алдагдалтай ажиллаж байна” хэмээн ярив. Нүүрсний үнэ өндөр үед уурхайн амнаасаа хоёр дахин үнэтэй зарж, “нинжа” загвараар амьдарч болж байсан бол нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн ширүүссэн энэ үед далайн боомт буюу эцсийн хэрэглэгч рүү тэмүүлэхээс аргагүй гэж Г.Батцэнгэл онцоллоо. Түүний илтгэлээс далайн боомт хүрэхийн тулд төмөр замаар тээвэрлэхээс аргагүй, ингэхийн тулд хилийн дөнгөж цаахна төмөр замаа тулгаад барьчихсан ”Шинхуа”-тай түншлэх гарц бий, нүүрс тээвэрлэх өртгөө хэмнэж байж лурд хөршийн зах зээл дээр тэсч үлдэнэ гэсэн санаанууд анхаарал татав. Таван толгой дээр хамтрах консорциум төмөр замаа барьж, баяжуулсан нүүрсээ шууд далайн боомтод хүргэх, цаашлаад Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гаргах бизнес моделийн төлөө ажиллаж байгаа гэдгийг ч тэрээр илтгэлдээ дурдсан.

Г.Батцэнгэл илтгэлийнхээ төгсгөлд“Бид энэ зах зээлд бусадтай адилхан өрсөлдөгч болъё гэж зорьж байгаа. Санаснаараа зүтгээд явлаа гэхэд тэр өрсөлдөөнд давж гарна гэсэн баталгаа алга л байна. Сүүлийн хэдэн сард ажиглагдаж байгаа нэг том бэрхшээл бий. Австрали, канад доллар, орос рублийн ханш маш ихээр унасан. Үүнийгээ дагаад өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бидэнтэй өрсөлддөг Австрали, Канад, Оросыннүүрс олборлох өртөг зардал нь буураад эхэлж байгаа юм. Манайхан төгрөгийн ханш ч адилхан буурсаншүү дээ гэсэн тайлбар хэлжмагадгүй. Гэхдээ Монгол тэднээс өөр. Түлш, тоног төхөөрөмж гээд бүгдийг нь ам.доллароор авдаг. Бүх юм нь импорттойгоо уяатай учраас ханшийн уналттай холбоотой давуу тал бидэнд байхгүй. Австрали, Канад, Орос энэ боломжийг бүрэн ашиглаж нүүрснийүнээ бууруулж байгаа. Бодит байдал ийм л байна. Дүгнэлт бол тодорхой. Таван жил ярьснаа л давтаж хэлье. Тээвэр ложистикийн асуудлуудаа шийдэх шаардлагатай байна” гэж онцоллоо. Түүнийг илтгэлээ тавьж дуусангуут танхим алга нижигнүүлэв.

Г.Батцэнгэлийн үгнээс “Эцсийн дүндээ хөрөнгө оруулагч компани хамгийн их эрсдэл, ял үүрч явдаг. Бид төслөө2008 онд эхлүүлснээс хойш 600 тэрбум орчим төгрөгийн татвар хураамж төлсөн. Улсаас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Ажилчид хөрөнгө оруулалт нөхөгдсөнийдараа цалингаа авъя гэдэггүй. Цалингаа аваад амьдралаа дээшлүүлээд явдаг. Бэлтгэн нийлүүлэгчид ч мөнгөө аваад бизнесээ өргөжүүлсээр байдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үр шимээ хүртэж эхэлдэг. Ухаа худагийн лицензийг 2006 онд олгосноос хойш бараг арван жил өнгөрлөө. Юун хөрөнгө оруулалтаа нөхөх манатай явж байна. Уул уурхайн төсөл маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Өндөр эрсдэлтэй, зах зээлийн циклтэй бизнес учраас үр өгөөжийг ньурт хугацаанд харах хэрэгтэй. Монголчууд богино насалдаг учраас 30 жил урт хугацаа шиг санагдаж мэднэ. Том төслийн хувьд 30 жил бол хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа биш ч байж болно” гэсэн байр суурийг нь чуулганд оролцогчид толгой дохин сонсоно лээ.

Асуулт хариултын цагийн үеэр ч “Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирлын хариулт алга ташилт дагуулсан. Танхимаас“Хятадын нутгаар дамжин далайн боомт хүрэх өртөг ямар байна вэ” гэсэн асуултыг түүнд тавьсан юм. “Энержи ресурс” өнгөрсөн онд далайн боомт хүргэсэн нүүрсээ 127 ам.доллароор зарж байж. Үүнээс 80 ам.доллар нь тээврийн зардалдаа явсан гэсэн статистик гарчээ. Г.Батцэнгэл“Бид төмөр зам барьж зардлаа хэмнэхийг хүсч байна. Хил дамнасан төмөр замын асуудлаа шийдэхэд 15-20 ам.доллар хэмнэх тооцоо бий. Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардлыг 40 хувиар хөнгөлнө гэсэн ерөнхий тохироог БНХАУ-ын даргыг айлчлах үеэр хийсэн. Энэ бүхэн хэрэгжвэл нүүрсний тээврийн зардал огцом буурах боломж бий. Нэгэнт үүсчихээд байгаа боломжоо ашиглах эсэхийг бид шийдэхгүй.Улстөрчид шийднэ. Бүх юмыг тэд л шийддэг” гэсэн хариу өгсөн юм. Монгол Улсын сайд М.Энхсайхан Монгол, Хятадын хооорондын транзит тээврийн гэрээнүүдийн хөнгөлөлттэй нөхцөл, хямдралтай явах тохироо бүхэн Таван толгойн консорциумд үйлчилнэ гэж байв.

“Coal Mongolia”-гийн үеэр Баялаг бүтээгчдийн хөдөлгөөнийнхөн байр сууриа илэрхийлсэн юм. Тэд Таван толгой гэх мэт том төслүүдээ гацаалгүй урагшлуулахгүй бол тэмцэнэ гэцгээж байв. Чуулганд оролцогчид ч Таван толгой төслийн хөдлөхийг хүлээж байгаагаа нуусангүй. “Трансвест” компанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх“Манай компани энэ чуулганд их ач холбогдол өгч оролцдог. Ил уурхайн техник тоног төхөөрөмж нийлүүлдэг компани л даа. Оюу толгойн ил уурхайн бүх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Таван толгойн баруун Цанхи дээр ажиллаж байгаа үндэсний олборлогчидтой ч хамтарлаа. Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьдгацаад байгаа том төслүүд урагшлаасай гэж хүсч байна”хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Coal Mongolia-2015” өнөөдөр өндөрлөнө.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Удахгүй дарга нар нь фракцаа татан буулгах байх

УИХ-ын гишүүн А.Бакейгаас дараахь тодруулгыг авлаа.

-АН фракцгүй болно гээд зарлачихлаа. Асуудлыг гишүүд нь яаж харж байгаа юм бол?

-Би гишүүнийхээ хувьд анхнаасаа АН-ын фракц гэдгийг эсэргүүцдэг байсан. Хэрэг болсон үе байсан л байх. Гэхдээ сүүлийн үед фракцийн тогтолцоо буруу тийш эргэсэн гэдэг үзэл бодолтой байдаг. Тийм ч учраас бусад гишүүдтэй хамтарч фракцгүй АН болох саналыг гаргасан. АН фракцгүй болсноор олон ургальч үзлийг хязгаарлана гэж байхгүй. Яагаад гэвэл тодорхой лобби бүлэг байгуулах, фракц байгуулах нь тодорхой ажил хэргийн шугамаар байж болдог. Ялангуяа парламентын олон жилийн туршлагатай улс орнуудын практикт бий. Жишээ нь АНУ-ын Конгресст тодорхой асуудлаар лобби бүлэг, фракц байгуулагдаад тухайн асуудлаа шийдвэрлэхэд нөлөөлөл үзүүлээд зорилгоо биелсний дараа татан буугдаж байдаг. Гэтэл фракц гэдгийг хэтэрхий явцуу, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлын үүднээс, он удаан жил оршин тогтноод сүүлдээ төр барих түвшинд хүргэж орон нутагт халдварлуулах хэлбэрт шилжчихэж байгаа юм. Энэ нь буруу гэдгийг хаа хаанаа ярьдаг ч халж чаддаггүй байсан. Фракц гэдгийг албан тушаалын шат ахих, бялуу хуваах ийм арга хэрэгсэлд ашиглавал үнэхээр буруу болж байгаа юм. Тийм учраас сая АН-ын баярын өдрөөр намын дарга үүнийг албан ёсоор зарласан нь цаг үеэ оллоо. Миний хувьд 100 хувь дэмжиж байгаа.

-З.Энхболд дарга үүнийг зарлаад асуудал шийдэгдэх үү. Фракцийнхантайгаа ярилцаж тохиролцсон зүйл бий юу?

-Намын дарга дангаараа, бие дааж шийдээгүй. Мэдээж фракцийн ахлагчидтай, УИХ дахь АН-ын гишүүдтэй зөвлөлдсөн. Нөгөө талаар жирийн намын гишүүд “Та нар нам дотроо хуваагдаад тэмцэлдэхээ болиоч ээ. АН-ыг муухай харагдуулж байна” гэдэг санал шүүмжлэлийг харгалзаж үзсэн. Тиймээс саяын уриа зөв зүйтэй боллоо. Одоо асуудлыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд фракцийн удирдлагууд нь татгалзаж дарга нар нь фракцаа удахгүй татан буулгах байх. Түүнээс биш хэсэг бүлэг гишүүд эрүүл саруул ухаанаар, ажил хэргийн тодорхой асуудлыг шийдэхийн тулд лобби бүлэг байгуулж ажиллах нь нээлттэй.

-Фракцаа хэзээ татан буулгана гэж тохирсон юм?

-Ойрын хугацаанд уриалгаа бодит ажил болгохын төлөө хөдлөх байх. Яагаад гэвэл УИХ дахь АН-ын бүлгийн хэмжээнд зөвлөлдсөн. Эсэргүүцсэн нэг ч гишүүн байгаагүй.

-Алтан гадас, МоАХ, Шонхор гээд фракцуудын дарга нар нь тэгээд юу гэж байх юм?

-Бүгд фракцгүй АН-ыг хүлээн зөвшөөрсөн.

-Муу нэрийг хуссан ч арилахгүй гэдэг шиг АН-ынхан чадах уу гэдэг асуулт гарч байгаа. Таныг л гэхэд Алтангадасынх одоо МоАН-ынх гэж хараад асуудал бүр дээр тэгж хандана биз дээ?

-Өөр өөр намуудын суурин дээр АН үүсэн байгуулагдсан. Хэдийгээр үүсэл нь ийм ч нэг л намын туган дор ажиллаж байгаа учраас анхныхаа тохиолдолд хэзээд үнэнч байж хатуу баримтлаад явах нь утгагүй. Тэгэхээр ёстой л гагцхүү гишүүдийн чин зориг, хүсэл эрмэлзлээс энэ асуудал хамаарна. Тэр хэмжээнд асуудлыг зөвөөр ойлгож татгалзах чадавхи гишүүдэд байгаа. Яагаад гэвэл үүнийг нийгэм, АН-ын жирийн гишүүд хүсч байгаа учир хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага бий.

-Нэг л дарга фракцаа татан буулгахгүй, тэр фракц нь асуудлыг хуучин аргаараа шийдсээр байвал та бүхний яриад байгаа бүхэн талаар болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ АН-ын энэ фракциуд тодорхой үр дүнгээ өгсөн байх. АН 25 нас хүрнэ гэдэг хувь хүний бүтэн нэг үетэй тэнцэх хугацаа. Энэ хугацаанд олон ургальч үзлийг уралдуулах, олон талаас нь мэтгэлцэх боломж олгосныг үгүйсгэж болохгүй. Гэсэн хэдий ч одоо 25 нас хүрсэн нам бол нэгдмэл нэг үзэл бодолтой АН гэсэн ганцхан фракцтай болж ажиллах цаг нь болсон. Тиймдээ ч гишүүд нэн таатай хүлээн авч байгаа.

-Тэгвэл бялуу хуваахдаа ямар арга хэрэглэх юм?

-Заавал орлуулалгүйгээр асуудалд хандаж болно. Тоглоомын дүрэм л хамгийн тодорхой байх ёстой. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээд батлагдана. Түүний дараа намуудын дүрэм боловсронгуй болно. Тэгэхдээ л албан тушаалд томилох, шат ахиулах, хүний нөөцийн их тодорхой журамтай болж түүнийгээ баримтлаад явахад асуудал үүсэхгүй.

-Гэхдээ та чинь дөнгөж саяхан МоАН фракцийг байгуулалцаж гишүүнчлэлээ бүрдүүлсэн биз дээ?

-Энэ бол фракц биш. Монголын ардчилсан нийгэмлэг нь “Фракцгүй АН-ын төлөө” уриалгатай. Тэгээд ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг хамгаалахын төлөөх санаачилга гэж байгаа. Санаачилгын хүрээнд анх энэ асуудлыг хөндсөн.

-Нийгэмлэг гэж тайлбарласан ч нам дотроо хэд хэдээрээ тасарч, тусгай гишүүнчлэл бүрдүүлж байгаа нь фракцийн тогтолцоотой ижил биз дээ. АН-ынхан фракциудаа санаачилга гэж нэрлэдэг болох гэж байгаа юм уу?

-Санаачилгын түвшинд байгаа учраас зөвхөн УИХ-ын гишүүн бус жирийн иргэд ч энд нэгдэж ажиллах боломжтой. Өнөөдөр олон иргэд санаачилгыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл ардчиллын үнэт зүйлсийг хамгаалъя. Ардчиллыг хэрэгжүүлэх явцад гажуудал үүсч байгаа бол засч залруулъя. Ингэхийн тулд хэмнэлдэн тэмцэлдэх бус эвлэлдэн нэгдэж ажиллая гэсэн санаачилга бий болчихоод байгаа юм. Ерөнхийдөө ажил хэргийн шинжтэй гэсэн үг.

-МАН-ынхан бусад намын гишүүд ч МоАН-д орж болох уу?

-Энэ санаачилгад хэн ч нээгдэж болно. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын тулд, аливаа ажил хэргийн асуудлыг шийдэхийн тулд хэнтэй ч хамтарч ажиллаж болно.

Л.МӨНХӨӨ