Categories
мэдээ нийгэм

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Монголын англи хэлний академиас санаачлан оюутан залууст зориулан “Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэг” боловсролын үзэсгэлэн, өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь “Монгол хүн хэрвээ чадвартай, эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байвал ямар ч төлбөргүйгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэг авах боломжтой” гэдгийг оюутан залууст ойлгуулах зорилгоор үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Мөн тус академиас санаачлан энэ сарын 12-ны өдөр оюутан, залууст урам өгөх зорилгоор салбар бүрийн шилдэг төлөөлөл болсон долоон эрхмийг оролцуулсан “Хаврын Витамин” лекцийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Боловсролын өдөрлөг Монголын англи хэлний академийн байранд, “Хаврын Витамин” залууст урам өгөх лекц энэ сарын 12-нд “UB Palace”-д концертын их танхимд 15.00 цагт болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Алдарт эхийн 1, 2 дугаар одон олгоно

НИТХ-ын Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнахаар болжээ. Нийт 2157 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 98,7 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөж, 9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5 мянган тугал, 4757.6 мянган хурга, 4294.5 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 87.6 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.2 хувийг эзэлж байна. Ховд, Баян-Өлгий, Дундговь, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай аймгууд мал төллөлтөөр 50-иас дээш хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 2014 онд 1374 гэмт хэрэг бүртгэгджээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Дүүргийн Засаг Даргын тамгийн газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг Баянгол дүүргийн 5 дугаар хороонд энэ сард эхлүүлжээ.

Энэ аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлын мэдээлэл хүргэж, санал солилцон гэмт хэрэг зөрчлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор сайн дурын эргүүл гаргаж, хамтран ажиллахаар боллоо.

БГД-ийн тавдугаар хороонд Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлэг, Сувилахуйн сургууль, Техник технологийн дээд сургууль ажилладаг. Мөн Цоглог, Голден парк, Тэмүүлэл, Энэрэл, Баялаг хотхон, 10 дугаар хороолол зэрэг аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй нутаг дэвсгэр. 2014 онд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт 1374 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 209 буюу 15.2 хувь 5-р хорооны нутаг дэвсгэрт, 117 буюу 55.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад үйлдэгдсэн тоон үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа явуулав

Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү спот арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж үг хэлэв. Тэрээр “Өнөөдрийн энэ туршилтын арилжааг эхлүүлснээр “ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн манай салбарт хандаж өгсөн Засгийн газрын үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа юм. ХАА-н биржээр арилжсанаар хүнсний буудайн үнэ зах зээлийн зарчмаар тогтож, газар тариалангийн салбарт төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай нь холбон олгох, мөн тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээлээ.

Туршилтын арилжаагаар ТЭДС-ийн Хөтөл, Булган, Хархорин салбаруудад хадгалагдаж буй 2-р ангиллын нийт 500 тн хүнсний буудай 552 700 төгрөгийн дундаж үнэтэйгээр арилжигдлаа. Хүнсний буудайн үнэ агуулахын байршлаас хамаарч харилцан адилгүй үнээр буюу 505 000 – 565 000 төгрөгийн хооронд зарагдсан бөгөөд арилжааны нийт дүн 276.4 сая төгрөг болсон байна.

Арилжаанд зөвхөн биржийн итгэмжлэгдсэн агуулахад хадгалагдаж буй хүнсний буудайг оруулах боломжтой бөгөөд одоогоор ТЭДС-ийн 5 агуулах биржийн итгэмжлэл аваад байна.

Энэхүү спот гэрээн дээр суурилаад 2015 оны намрын ургацаас гарах буудайнд фьючерсийн арилжааг явуулахаар төлөвлөж байна.

Барааны төрөл

Дундаж үнэ (төгрөг/тонн)

Нийт хэмжээ(тонн)

Нийт үнэ (төгрөг)

Хүнсний буудай(2-р ангиллын)

Хүнсний буудай (ТЭДС Хөтөл)

565,000

240

135,600,000

Хүнсний буудай (ТЭДС Булган)

550,000

210

115,500,000

Хүнсний буудай (ТЭДС Хархорин)

505,000

50

25,250,000

Нийт дүн

500

276,350,000

Categories
мэдээ соёл-урлаг

”Мөрөөдлийн баг” өнөөдрөөс ”Дэлхийг аварна”

Мөрөөдлийн театрынхан өнөөдрөөс “Мөрөөдлийн баг Дэлхийг аварна” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.

Уг тоглолтод уран бүтээлээсээ түр чөлөө авсан жүжигчин О.Дөлгөөнөө болон жүжигчин Батушка нар оролцож байгаа юм.

Ингэснээр тус хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм.

Categories
мэдээ улс-төр

Дунгийн суулгацын мэс заслын технологийг нэвтрүүлнэ

Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хоёр дахь удаагийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2011-2014 онд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан технологийн 9, цөм технологийн 2 нийт 11 төслийн үр дүнг хэлэлцэж, хүлээж авах боломжтой гэж зөвлөлийн хурал шийдвэрлэв.

Мөн УНТЭ эмнэлгийн “Дунгийн суулгацын мэс заслын технологи”-т хийсэн үнэлгээний тайланг хэлэлцээд эрүүл мэндийн сайдын тушаалаар эрх зүйн орчинг бүрдүүлэн, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зөвлөмж өглөө.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтынхан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа баталлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахаа илэрхийлж Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх баталгааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд өөрт хамааралтай этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй харилцаанд орохгүй гэсэн үг юм. Ингэснээр мэргэжлийн хяналтынхан өөрийн талын хүний аж ахуйн нэгжийг шалгах сонирхолтой, илэрсэн зөрчил, дутагдлыг нь нуун дарагдуулдаг, хайцаалж хамгаалдаг гэсэн ам дамжсан яриа төгсгөл болж байна. Цаашид улсын байцаагчид хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, хариуцлага хүлээлгэх, ажлын хэсэг ахлах, тендерийн үнэлгээний хороонд ажиллахын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн эсвэл үүсэхээр бол сайн дураараа татгалзана. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байх үед бусдын зүгээс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл санал болгосон тохиолдолд татгалзаж байхыг гэрээнд тусгажээ. Энэ нь байцаагч нарыг хууль дүрмээ сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нэг ёсны баталгаа болж байна. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярыг тэмдэглэх талаар ярилцлаа

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ялалтын баяртай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаа гаргаж ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт үүрэгдсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Батлан хамгалахын сайдын тушаалаар Ой зохион байгуулах салбар комисс хуралдсан бол өчигдөр ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийнхэн хуралдлаа.

Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, нарийн бичгийн даргаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ажиллаж байна. Харин ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах гишүүдээр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга, ХХЕГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нар багтаж байна. Мөн Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Улаанбаатар төмөр замын дарга, Монголын энхтайван найрамдлын байгууллага, дайнд оролцогчдын хорооны дарга нар багтжээ.

Өчигдрийн хурлаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх ажил хийхээр тогтсоноо ярилцсан. Мөн Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг төлөвлөж зардлын тооцоо, ажил үүргийн хуваарь, хөрөлбөрийг боловсруулснаа ярилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Майдар төсөлд дэлхийн шилдгүүд ажиллана

Майдар хотын төсөл дээр дэлхийн шилдэг уран барилгачид ажиллана

Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн орчин үеийн хот байгуулах шийдлийг эрх баригчид гаргаад байгаа билээ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох нь ойлгомжтой болоод буй энэ төсөл дээр дэлхийн шилдэг уран барилгачдыг урин ажиллуулахаар болсон гэсэн мэдээлэл Германы Дойче велле агентлагийн цахим хуудсанд гарсан байна.

Хот төлөвлөлт дээр ажиллах хүн нь Стефан Шмитц хэмээх Герман мэргэжилтэн байх юм байна. Тэрбээр 300 мянган хүн амьдрахаар төлөвлөж байгаа Майдар хотын төсөл дээр бусад архитекторуудын хамт ажиллах бөгөөд энэ нь амьдралд нь тохиолдсон хамгийн онцгой ажил байх болно хэмээн ярьжээ.

Майдар хотод эхлээд 20 000 хүн амьдарна гэж тооцож байсан ч сүүлдээ өргөжсөөр 300 мянган хүнтэй бие даасан хот болгож хөгжүүлэх нь хамгийн зөв хэмээн шийдсэн байна.

Хэрвээ Хаврын чуулганаар төслийг дэмжсэн шийд гарах юм бол өөрийн гэсэн музей, театр гээд хүний амьдрах орчныг бүрдүүлсэн орчин үеийн хот Майдарыг байгуулах ажил шулуудах юм байна.