Categories
мэдээ улс-төр

Камерун улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс, Бүгд Найрамдах Камерун Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хоёр талын хамтарсан мэдэгдэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Камерун Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Мишел Томмо Монте Нью-Йорк хотноо гарын үсэг зуржээ.

Манай улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү өргөн боломж нээгдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын элжит хуралдаан маргааш 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, үзэл баримтлалын тухай болон дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн даргад хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар тушаал, захирамж гарган өөртөө удаа дараа урамшуулал олгож байсан гэх эмнэлгийн даргад хариуцлага тооцжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа нь цөөнгүй тохиолдлоор өөртөө урамшуулал олгох тушаал гарган төсвийн мөнгөөр “тоглож” байсныг тогтоожээ. Ийнхүү Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд Ш.Хажидмаад сануулах арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны ослоор 35 хүн амиа алджээ

Морокко улсын өмнөд нутагт зорчигч тээврийн автобус шатахуун тээвэрлэж явсан машинтай мөргөлдөж, дэлбэрсний улмаас 35 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтээр бүх зорчигч амиа алдсан гэдгийг аврах албанаас уламжлав.

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 10-15 насны хүүхдүүд байсан гэж албаныхан мэдэгджээ. Осол өчигдөр өглөөний 9.00 цагийн орчимд болсон байна. Тус автобусанд олон улсын хүүхдийн спортын их наадамд оролцох ёстой өсвөрийн шигшээ багийн тамирчид байсан гэж “TV47” мэдээлжээ.

Энэхүү ослын дараа тус улсын Ерөнхий сайд харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө амласан байна.

Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэгчдийг бүртгэж байна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-нд зохион байгуулна. Энэхүү уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын www.ubchamber.mn цахим хуудсаар бүртгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дашрамд, тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээг Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүйг тогтоосон тул акталсан байна.

1954 онд ашиглалтад орсон уг барилгын газар 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилал барихаар төлөвлөжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа. 1960 онд ашиглалтад орсон нийт 29 сая 388 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасчээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа.
Мөн 2012 онд ашиглалтад орсон 1 тэрбум 265 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эзэмшилд олгов.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан нийт 400 сая 703 мянган төгрөгийн үнэ бүхий 12 гүний худгийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын эзэмшилд олгож, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр

Хүн анх сансарт ниссэн өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн баяр болгон тэмдэглэдэг. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Ю.А.Гагарин «Восток» хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол эрчим хүчний гол экспортлогч байх боломжтой гэв

“Coal Mongolia-2015” чуулга уулзалт өчигдөр өндөрлөлөө. SS convention center-т бол­сон чуулга уулзалтын сүүлийн өдрийн хуралдаан “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу?”, “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж техник технологийг дэвшил” гэсэн сэдвүүдээр өрнөсөн юм.

ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Эхний хэсгийн анхаарал татахаар илтгэгч нь “Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал Б.Түвшин байлаа. Засгийн газар 450 МВт-ын цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барих шийдвэр гаргаад байгаа юм. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн анхааралд Монгол Улсыг оруулах боломжтой гэгдэж буй энэ төслийн та­лаарх сүүлийн үеийн мэдээллийг тэрээр өгсөн.

“Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал 2016 оны хавраас станцын барилгын ажил эхэлнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Хөрөнгө оруулагчдаа энэ онд багтааж шалгаруулах гэнэ. Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүндтэй дөрвөн компани шалгараад байгаа аж. Японы“Марубени”, “Кансай электрик повер”, Солонгосын “Daewoo” зэрэг компани шалгарчээ. “GDF SUEZ” нь Францын үндэстэн дамнасан цахилгаан үйлдвэрлэх, түгээх, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан хэрэгслийн компани юм.

Энэ компани нь Gaz de France болон Suez нэгдсэнээр 2008 оны долдугаар сарын 22-нд байгуулагджээ. Үндсэн хувьцаа эзэмшигчид нь Францын Засгийн газар, Groupe Bruxelles lambert SA, GDF Suez аж. Парис, Брюссель хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй GDF Suez-ийнзах зээлийн хөрөнгө нь энэ сарын эхний байдлаар 49.508.7 сая ам.доллараар үнэлэгджээ. GDF Suez дэлхий даяар 152 мянга гаруй ажилтантай юм байна. POSCO-гийн хувьд Солонгосын анхны болон хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхийд танигдсан компани. Сөүл хотын эрчим хүчний 16.5 хувийг нийлүүлдэг POSCO групп дэлхийн дөрөв дэх томган үйлдвэрлэгч гэдгийг уншигчид андахгүй. Японы“Кансай электрик повер” ч дэлхийд гэж яригдах компани.Япон улсын хоёр дахь том цахилгаан станц бөгөөд Kansai-ийн бүс нутгийг хамардаг. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Зах зээлийн хөрөнгөнь 8.915.48 ам доллар гэгддэг. Moody’s-ийн зээлжих зэрэглэл нь A3.

Төслийн зүгээс санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад даалгавраа өгчихөж. Таван толгойн цахилгаан станцын нийт санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар гэж Б.Түвшин сонирхууллаа. Төслийн санхүүжилтээр Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг босгох юм байна.Барилга угсралтынхаа үед 2000 хүнийг ажлын байраар хангах төсөөлөл гарчээ. Станц хэвийн ажиллаж эхлэх хугацаанд 200 хүн тогтмол ажлын байраар хангагдах нь.

Таван толгойн үндсэн худалдан авагч нь Оюу толгой. Таван толгойгоос цахилгаан худалдан авна гэсэн амлалтыг нь цахилгаан станцын төслийнхөн “Рио”-гоос авчихаад байгаа. Хөрөнгө оруулалт босгох хамгийн том давуу тал нь энэ гэж Б.Түвшин онцолсон. Цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2013 онд батлуулжээ. Тавантолгой цахилгаан станц болон цахилгаан түгээх шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч 2013 онд батлуулсан юм байна.Тавантолгой цахилгаан станцыг Оюутолгойтой холбосон 220кВ цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ -ийг2013 оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгажээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нь “МотМакдоналд” компани гүйцэтгэж байгаа аж. ТЭЗҮ-ийгнь “Ворлей Парсонс” хийсэн гэнэ. Шалгарсан хөрөнгө оруулагч ньэцэслэн батлуулах юм байна. Ирэх онд Таван толгой станцын санхүүжилтийг босгож, газар шороо, барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө байгаа аж. Таван толгойн станцын ашиглалтад орох хугацааг 2019 он гэж төлөвлөжээ. Б.Түвшин Таван толгойн цахилгаан станц төслийн ач холбогдлыг “Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч орж ирж үйл ажиллагаагаа явуулах болно. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлдМонголын нэр хүнд өснө. Оюу толгой, Таван толгой гэх мэт том төслүүд найдвартай цахилгаан хангамжтай болно. Цахилгаан станцад жилд 1,5 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэхээс гадна эрчим хүч экспортлох эхлэл тавигдана” гэж онцолсон.

АРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРЭХ ТООЦОО ГАРЧЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар энэ өдөр “Монголын бизнес эрхлэх орчны үнэлэмж ба гадаадын хөрөнгө оруулалт” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор Монгол Улс 189 орноос 72 дугаарт жагссан гэж тэрээр сонирхууллаа. Төрийн байгууллагууд хуулийг өөр өөрөөр уншиж тайлбарладаг нь ийм хойгуур орох болсон голлох шалтгааны нэг гэнэ. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн гэрээгээ мөрддөггүй байдал ч нөлөөлдөг гэж тэрээр ярив. Дашрамд сонирхуулахад энэ жил ТЭЗҮ нь хийгдсэн, гадагш танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтойзуу орчим төсөл байгаа гэнэ. С.Жавхланбаатар нэг таатай мэдээ дуулгалаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд арав орчим тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломж бүрджээ.

Д.ЗОРИГТ: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДАД ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТОЛНО

Энэ өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд-Экспортын боломж ба сорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ бараг 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь гаднаас авчээ. Усан цахилгаан станц, нар, салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гурав орчим хувийг эзэлсэн байна. Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэсэн мэдээг сайд дуулгалаа. Шийдлийн Засгийн газраас эрчим хүчний салбарын том бүтээн байгуулалтын асуудлыг энэ онд багтан шийдвэрлэснийг мөн чуулганд оролцогсдод дуулгасан. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын концессийн гэрээний хэлцлийг зохион байгуулж, гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Д.Зоригт сайд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховдын гол дээр усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг мөн “Coal Mongolia”-гийн зочдод дуулгалаа. Бүс нутгуудын хувьд баруун бүсийн, Дор­нодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана гэсэн мэдээг ч чуулганд оролцогчид анхааран сонслоо.

Д.Зоригт сайд “Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамгаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна. Монголд нүүрс­ний 15 сав газрын хүрээнд хамрагдах 300 гаруй орд илрэл бий. Энэ оны байдлаар 173.3 тонн нүүрсний нөөц байна. Нарийвчилсан хайгуулаар 23.5 тэрбум тонн нөөц батлагдсан. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд нүүрсний томоохон ордуудаа түшиглэн цахилгаан станц барьж, эхний ээлжинд Хятад болон Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Яамнаас Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж илтгэлдээ онцолсон юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Алмасын тухай сонин хачин түүхүүд

Эрт дээр үеэс алмасын тухайам дамжсан яриа хүн төрөлхтний дунд явсаар өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид битгий хэл хойд Америкийн индианчууд хүртэл алмасын тухай янз бүрийн үлгэр домогтой төдийгүй болсон явдал мэт сонин тохиолдлуудын талаар дурсан ярьсан нь олонтаа. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд алмасыг олон янзаар нэрлэсээр ирсэн байдаг. Алмас байдаг гэжзоригтой хэлж чадах хүн байхгүй мөртлөө бас байдаггүй гэж хэлж чаддаггүй.Саяхан Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчинд хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНК-гийн шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг олж үзээд алмасны талаар бяцхан “судалгаа” хийлээ. Анхаарал татсан сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэе.

Түүх сөхье. 1800-гаад оны үеэс анх алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд тархсан нь өнөөдөр түүх болон үлдэж алмас энэ дэлхийн хүмүүсийн дунд оршин тогтнох үндэс болсон байх. Алмасыг Төвд, Балбын уулсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж судлаачид үздэг юм билээ. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн байдаг. Тэрнийтлэлд Б.Х.Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг “Орангутан мич” хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш алмасын тухай байж болох үндэслэл гаргасан хүн бол Лоренс Уэддэл. Тэрбээр 1889 ондЛоренс алмасны мөрийн тухай олон баримтыг гаргаж ирсэн байдаг. Гэвч түүнийг нь тухайн үед том баавгайн мөр гэж үзжээ.

20 дугаар зуун эхлэхэд барууныхан өндөр уулсын бүсэд аялах нь эрчимжсэн юм. Тэр дундаа Төвд, Балбыг сонгон аялах нь түгээмэл болсон. Энэ л үеэс алмасын тухай мэдээлэл дэлхий нийтэд олон домог, тохиолдлуудаар хачирлагдан хүрэх болжээ. 1925 онд ЦЭМҮ мөсөн голын ойролцоо 4.600 метрийн өндөрт алмас харснаа газар зүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази дэлхий нийтэд батлан ярьсан. Томбази алмасыг 180-250 метрийн зайтай харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж үе үе тонгойн бутлаг ургамал түүж явсан гэдэг. Энэ мэт алмасын тухай мэдээлэл хөвөрдөг.

Харин 1950-аад оны үед алмасыг сонирхох явдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагддаг. Тэр жишээнүүдийн нэгийг энд дурдъя. 1951 онд Эверестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6000 метрийн өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг юм билээ. Түүний зургийг харсан хүмүүс энэ бол алмасынх биш. Ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад зурганд буусан ньалмас мэт харагдсан гэж үзсэн юм. 1953 онд алдарт Эдмүнд Хиллари, Тензин Норгеи нармөн л адил алмасны мөр харснаа тухайн үед ярьж байв. Гэвч тэд юунаас ч болсон юм хожим ньалмасных биш хэмээн няцааж эхэлсэн байдаг.

Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрөлхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг “сан шин” “рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны тухай ярьж ирсэн ард түмэн. Алмасыг хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан хэмээн ярьдаг. Тэр бүү хэл гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.

Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын Шинжлэх ухааныакадемийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Б.Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.

Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд “Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал. Хайбалманс бичихдээ: “Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэгдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо “ Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хүнээр бодвол хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны Найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч “Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий… 1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шархадсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг гэдэг. Энэ мэтээр алмасын тухай итгэмээргүй түүх олон бий.

Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, “суудал зэрэгцэж” чадаагүйд л хэргийн гол нь оршиж буй биз ээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Дуутай, хөшөөтэй Их-Уулын нэг ангийнхан

…Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь

Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь… гэж эхэлдэг энэ дууг “Гурван бүдүүн” хамтлагийнхан дуулж олны хүртээл болгосон. “Бид нэг ангийнхан” гэх дууны эзэд бол Завхан аймгийн Их-Уул сумын найман жилийн дунд сургуулийг 1985-1993 онд суралцан төгссөн наймын “Б” бүлгийнхэн. Энэ дууны шүлгийг тус ангийн сурагч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр, хөгжмийг “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөншагай зохиожээ. Төгсөлтийнх нь 20 жилийн ой 2013 онд тохиоход ангийнхан нь “Нэг сайхан дуутай болцгооё. Шүлгийг нь бичээд өгөөч” гэж Я.Отгонбаярт хүсэлт тавьснаар энэ дуу мэндэлжээ. 1993 онд төгссөн гурван ангийн зуу гаруй хүүхэд төрөлх сумандаа цуглаж, багахан хэмжээний бэсрэг наадмархуу юм болж, хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байжээ. Нэг төгсөлтийн залуус бүгдээрээ нийлээд сургуулийнхаа өмнө хөшөө босгож, уулзалтынхаа үеэр дуу, хөшөөтэй болсноо албан ёсоор зарлаж, тууз хайчилжээ. Сургууль хэмээх эрдмийн их өргөөний босгыг анхлан давахаар сургуулийнхаа зүг хөтлөлцөөд алхаж яваа хоёр сурагчийг дүрсэлсэн уг хөшөө нь харсан хүн бүрийн хайрыг төрүүлэм. Сумын цэцэрлэгийн багачуул хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө “Ээж ээ, би сургуульд орохдоо тэр охиных шиг цүнх үүрнэ шүү” гэж захидаг гэнэ. Хүүхэд бүрт сургуулийн сурагч болох нь хүний амьдралын хамгийн гэгээн мөч шүү гэдгийг мэдрүүлсэн уг хөшөөний самбарын хэсэгт наймын “Б” бүлгийнхэн “Бид нэг ангийнхан” дууны шүлгээ сийлсэн байна.

Наймын “Б” бүлгийнхний багын багш нар нь Түвдэнням, Батсайхан. Дунд ангид ороход нь Оюунчимэг, Ариунжаргал багш нар анги даасан багшаар нь ажилладаг байж. Эдний ангийнхан “Манай багш нар бидэнд юм сургахын төлөө маш их хичээдэг. Хүүхэд бүртэй тулж харьцдаг хөдөлмөрч хүмүүс шүү” гэж “А” үсгийг анхлан зааж, амьдралын замд хөтөлсөн багш нараа магтацгаана. Наймын “Б”-гийнхэн урлагийн авьяастай. Урлагийн үзлэгтямар ч байсан толгойгоо өвтгөдөггүй байсан гэнэ. М.Бямбадорж, Г.Батсайхан, С.Отгонжаргал нар гойд сайхан дуулдаг бол С.Солонго, С.Чулуунцэцэг нар бүжиглээд урлагийн үзлэгээр ангийнхнаа аваад гарчихна. Я.Отгонбаяр шүлэг, найраглал уншиж, өөрийнхөө зохиосон шүлгүүдээ найзууддаа сонирхуулна.

“Бид нэг ангийнхан” дууны клипийн зохиол бол бүхэлдээ эдний ангийнхны багын явдлыг гаргажээ. Тэр үеийн хүүхдүүд өөрсдийгөө “Нийгмийн завсар үеийн хүмүүс” гэж нэрлэх нь бий. Эдний ангийнхан ч өөрсдийгөө тэгж тодотгов. Яагаад гэвэл ардчилсан хөдөлгөөн өрнөж, зах зээлийн ороо бусгаа үе таарсан 1990-ээд онд дунд сургуулийн сурагч байсан болохоор тухайн үеийн нийгмийн бүхий л амттай, амтгүй зүйлсийг “амталж” өсчээ. Элэгний нухашны консерв аваад спорт заалны цементэн суурин дээр удтал үрж, тагийг нь онгойлгоод бүгдээрээ хувааж иднэ. Элэгний нухшаа ингэж идчихээд хураалттай түлээн дунд бэлдсэн оромжиндоо очоод захидал бичиж гарна. Нэг нь захидал уншаад бусад нь түүнийг цээжээр бичнэ. Нэг ижил үг, утга бүхий захиануудаа ингэж “үйлдвэрлээд” сургуулийнхаа үе тэнгийн охидод өгнө. Хайрын захидлыг ийнхүү охиддоо өгдөг байсан нь хожмоо ангийнхнаас нь хосууд төрөхөд нөлөөлжээ. Ангиас нь Д.Батсайхан-С.Должинсүрэн, С.Мөнхбаяр-Р.Энхбаяр, А.Түмэнжаргал-Б.Должинсүрэн, Ч.Төмөрбаатар-Ю.Лхамжав гэсэн хосууд гарч, өдгөө өнөр өтгөн айлын аав, ээж болцгоожээ.

Тэр үед хөдөөгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүдийн хувьд үргэлжлүүлэн сурах гэхээсээ илүүтэй аав, ээждээ хань болж мал маллахыг илүүд үзэх нь их байж. Нийгэм нь ч тэгж таарсан. Эцэг, эхчүүд охидоо үргэлжлүүлэн сургаж, хөвгүүдээ болохоор “Эр хүн хүрз бариад ч болтугай амьдардаг юм” гээд наймдугаар ангийг нь дөнгөж төгсгөөд л дэргэдээ авчихдаг байв шүү. Энэ хувь тавилан эдний төгсөлтийнхнийг тойрсонгүй. Гэвч наймын “Б” ангийнхнаас үргэлжлүүлэн сурч мэргэжил эзэмшин эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар, оюунаа зориулан хөдөлмөрлөж яваа залуус олон бий. Эрчим хүчний яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан,яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр барилгын зураг төслийн мэргэшсэн инженер Ш.Эрдэнэсувд, Р.Амгалан, автын инженер Б.Бат-Зоригт, нягтлан бодогч Ю.Лхамжав, түүх нийгмийн ухааны багш Д.Тулга, англи хэлний багш С.Мөнхбаяр, Б.Должинсүрэн, гэвш лам Д.Норовбадам Ц.Дамдинбазар, Н.Балдорж, Ч.Төмөрбаатар нар гээд эдний ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа нэр төртэй ажиллаж явна. Ангийнхнаас нь сумандаа ажиллаж амьдарч байгаа нь гэвэл сумын МАН-ын дарга Ц.Батсайхан, мянгат малчин В.Дашнамжил, Ш.Пүрэвсүрэн нар гээд хэд хэдэн хүүхэд байдаг гэнэ.

Наймын “Б” ангийнхан “Бидний гэлтгүй үе үеийн нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан сайхан дуутай болсоон, бид. Ямар нэгэн дуу олон жил дуулагдаж байж хөшөөтэй болдог бол бидний “Бид нэг ангийнхан” дуу төрөнгүүтээ л хөшөөтэй болсон шүү. 20 жилийн ойн уулзалтаараа хөшөө болон дууныхаа нээлтийг төрөлх сумандаа хийж “Гурван бүдүүн” хамтлаг задгай тоглолт хийж манай сумынхан нэг орой шөнө дунд хүртэл таанцадсан сан” гэцгээн бахархан ярьж байна. Эхлээд эдний ангийнхан энэ дуугаа өөрсдөдөөболон төгсөлтийн найзууддаа зориулж хийлгэсэн ч тэр намар нь Улаанбаатар хотод ФМ радионуудаар цацагдан ХИТ болж, олны таашаалднийцжээ. Тиймээс наймын “Б”-гийнхэн “Энэ дуугаа зөвхөн бидэнд л зориулсан дуу гэж өмчилж болохооргүй боллоо. Үе үеийн нэг ангийнхны дуу болсон нь бидний хувьд хамгийн том дурсгал болж байна” гэж сэтгэгдлээ хэлцгээжээ. Дууны клипэнд наймын “Б” бүлгийн ангийн хүүхдүүд өөрсдийнхөө охид, хөвгүүд болон сумынхаа бага, дунд ангийн сурагчдыг тоглуулсан гэнэ.

Дуутай, хөшөөтэй Их-Уулын дунд сургуулийн наймын “Б” бүлгийнхэн дараагийн уулзалтаа төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор буюу 2023 онд гэж товлосон байна. Энэ удаагийн “Нэг ангийнхан” булангаа “Бид нэг ангийнхан” дууны шүлгээр ийнхүү өндөрлүүлье.

…Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь

Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Дахилт:

Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор

Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа

Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж

Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо

Мартахгүй ээ, уянгатайхан хавар аа

Мартахгүй ээ, аялгуутайхан насаа

Зүрхэнд шингэсэн анхны хайраа хэзээ ч мартахгүй ээ

Зүүдэлж хоносон цагаан шөнөө мартахгүй ээ

Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь

Улирах цаг хугацаанд бие биенээ гэсэн сэтгэл минь

Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь

Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Д.САРУУЛ