Categories
мэдээ цаг-үе

Багануур, Налайхыг үйлдвэрлэлийн хотууд болгоно

Багануур, Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор шийдвэрлэсэн. Эдийн засаг, дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлж, хүн амын хэт төвлөрөл, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор ийнхүү дагуул хотуудыг байгуулахаар болжээ.

Аливаа нэг дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлэхэд бүхий л талаас нь харж, судалдаг. Мэргэжилтнүүдийн зүгээс Багануур, Налайх дүүргийг бие даан өөрсдөө хөгжөөд явчих хэмжээний нөөц бололцоо, ирээдүйтэй. Яваандаа хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого хуримтлуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ ойрын гучаад жилийн хугацаанд дээрх хоёр хот эхлээд хөл дээрээ бат зогсоод, хүн амын тоо нь өсч, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь эн тэргүүнийх нь ажил.

Багануур дүүрэг нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60 мянга орчим хүн амтай хот болон хөгжих юм байна. Харин Налайхыг өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болгон хөгжүүлнэ гэж тооцоолжээ.

Багануур дүүрэг нийслэлээс зүүн урагш 135 км-ийн зайд Хэрлэн голын сав газарт оршдог. 62 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд Хэрлэн гол тус дүүргийн нутаг дэвсгэрээр 14 км урсдаг. Багануур дүүрэг одоогоор 7900 гаруй өрхтэй, 28 мянга орчим хүн амтай. Хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.

Нанобио технологийн туршилт, сургалт, судалгаа, үйлдвэрийн цогцолбор, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гумины бордооны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, нүүрс шингэрүүлэх төсөл, аялал жуулчлал, байгалийн нөхөн сэргээлт гэсэн цогц үйлдвэрлэлтэй технологийн паркийг Багануурт байгуулах юм. Ингэснээр эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн арилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тус дүүрэгт их, дээд сургуулиудын оюутны хотхоныг байршуулахаар болоод буй. Хэрэв Оюутны хотхоныг баривал 20 жилийн дараа Багануурын хүн ам 200 мянгад хүрнэ гэсэн судалгааг хийжээ. Налайх дүүрэг нийслэлээс 36 км-ийн зайтай. 68.7 мянган га нутагтай бөгөөд 32 мянга гаруй хүн амтай юм байна. Тус дүүрэг 120000, 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй юм байна. Мөн дулааны одоогийн хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай гэдгээрээ давуу. Түүнчлэн уул уурхай, шилний үйлдвэр, эрчим хүч, авто, оёдлын мэргэшсэн инженер техникийн ажилтан, ажилчдын ажиллах хүчний нөөцтэй. Зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газар тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулах үйлдвэр, малын зах байгуулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцдог. Алт, цагаан тугалга, болор, нүүрс, шохой, элс хайрга зэрэг байгалийн баялагтай. Хэрэв тус дүүрэгт аж үйлдвэрийн парк байгуулагдвал 40 гаруй жижиг, дунд үйлдвэр эхний ээлжинд ашиглалтад орох юм байна. Хан Хэнтий, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Энэ мэтээр Налайх, Багануур дүүргийн авууштай талуудыг дурдвал их байна. Ер нь энэ талаар ам дуугарч байгаа хүмүүсийн яриагаар дээрх дүүргүүдийг дагуул хот болгосноор алдах ямар ч зүйл байхгүй гэнэ. Дагуул хотынхон өөрсдөө хөгжлөө бий болгож, татвараа хотдоо л төвлөрүүлнэ. Төсвөө өөрсдөө захиран зарцуулна. Үүнийгээ дагаад хот өөрийн гэсэн эрх мэдэлтэй болох юм. Хоёр дагуул хот бий болсноор Улаанбаатар хотын нуруун дээрх дарамт 20-25 хувиар буурна гэж үзэж байгаа аж. Баруун аймгуудаас шилжин суурьшигчид Улаанбаатарыг биш дагуул хотод очих суурьших бөгөөд үүнийг дагаад шинэ суурьшлын бүсүүд байгуулагдана гэж төлөвлөж байгаа юм байна.

Д.САРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамт олны уур амьсгал

Оросын нэгэн компанийн захирал сэтгэл судлаач оюутнуудад нэгэн хачин захиалга өгчээ. Мэдээж төлбөртэй. Тэр нь тус компанийн оффисын ажилтнуудын дүнсгэр байдал юунаас үүсэлтэйг судлах. Захирлыг 12 оюутны судалгааны хариу бүр гайхашруулжээ. Оюутнуудын хоёроос бусад нь хамт олныг сэтгэл санаагаар унагаж байгаа нь Люба, Катя гэсэн нэр гаргажээ. Энэ хоёр эмэгтэй захирлын хувьд бусдаасаа ялгарах зүйл огт байхгүй. Бусадтайгаа ч буруу харьцаа байхгүй. Гэхдээ тэдний хувийн асуудлаа оффистоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлдэг нь бусдад нь маш дарамттай байдаг аж. Хүүхнүүд тэр тусмаа залуучууд болсон хойно зав чөлөөгөөрөө элдэв хошин зүйл ярьж сэтгэлээ сэргээнэ. Яг энэ үеэр Люба утсаараа нөхөртэйгээ есөн шидээр дуудалцана. Хэрүүлээ дуусмагц нөхрийнхөө тэнэг мангар, үхээнц дорой, арчаагүй анхиагүйг чихэнд чийртэйгээр яншина. Харин Катя хэнтэй ч хэрүүл хийхгүй боловч байнга нэгийг нь нөгөөд нь муулж таашаал авна. Хошигнож хэлсэн үгийг хоёр дахин чангаруулж зүрх зүсэм өшөө болгохыг оролдоно. Сонирхолтой нь хэн ч тэдэнд “Хувийн хэрүүлээ чихнээс хол байлга, хов ярьдаг хар энергиэ өөр газарт цац” гэж хэлсэнгүй. Түүний оронд дөмбийгөөд л чимээгүй сууцгааж байсан нь дээр гэж үзжээ. Захирал Люба, Катя хоёрт: Хамт олны уур амьсгал удахгүй хуучин байдалдаа орохгүй бол та нарыг хална” гэжээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ улс-төр

Туркийн Гадаад хэргийн сайд айлчилж байна

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд гуравдагч хөрш Турк Улстай хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц үзүүлэх юм. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийжээ. Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр толгойг хойш татвал ОД бус ХОГ болно

“Урьдын юм ул болж, шинэ зүйл зул болно” гэж монголчууд бид хэлэлцдэг. Энэ нь цаг өөрчлөгдөж, хүмүүсийн үзэл бодол, аливааг харах хараа, зөн билэг нь үзсэн туулснаасаа сургамж авч өөрчлөгдөж байдгийг хэлсэн биз ээ. Үнэндээ ч өмнө нь хоёр толгойг хоргоосон хүн од болдог байлаа. Харин өдгөө хоёр толгойтой чаргуулдсан хүн хог болох шинжтэй болжээ.

Оюу толгойн орд нээгдсэн цагаасаа эхлээд дуулиан шуугиан дагуулж, 2001-2005 оны хооронд эхний хэл ам, хэрүүл шуугиан мандаж асан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Дараа нь Рио Тинто хэлэлцээрийн нөгөө талд орж ирснээр аанай л дуулиан үргэлжилсээр 2009 онд гэрээ батлагдаж байв. Батлагдаад байдал намжсан уу гэвэл үгүй. Харин ч нэмэгдсэн. Энэ гэрээг үгүйсгэдэг, буруутгадаг хүмүүс бүр ч мэргэшээд, гарын үсэг зурсан бэлэн зэхээний муулуулах “бай”-нуудтай болсон учраас Оюу толгойг тойрсон сэдэв үргэлжилсээр өнөөдөртэй золгожээ. Таван толгой ч ялгаагүй. Энэ ордыг тойрсон лицензтэй хүмүүсийг шүүмжилж, муулж дараа нь төр сүрээрээ далайлгаж байгаад лицензийг нь авч байлаа. Тэгээд хувьцааны гол эздэд багахан хэсгийг нь эргүүлэн өгсөн нь бөөн хэл ам авчирсан. “Өрмийг нь аваад, хусмыг нь өглөө” гээд л явж өгсөн. Толгой тойрсон хэл амууд хэзээ ч дуусахгүй мэт үргэлжилсэн хэвээрээ л байна. Оюутолгойн асуудал яах нь мэдэгдэхгүй зогсоод эхэлчихсэн энэ үед Таван толгойг сонирхох хүмүүс гарч ирсэн нь эх захгүй хэрүүл, хэл амыг гал мэт өрдсөөр. Толгойнууд тойрсон яриа хөөрөө,дагаж тодрох баатрууд урьдын адил хэвээрээ мэт боловч тэрхүү “жүжиг”-ийн өрнөлийг харж суугаа үзэгчид болох ард түмний хандлага өөрчлөгджээ.

Эхэн үедээ толгойн асуудлыг ярьж, ард түмний талд байгаа мэт харагдаж байгаа хүмүүсийг түмэн олон манай талын хүмүүс хэмээн боддог байсан байж магадгүй. Харин арав, арван таван жил өнгөрөхөд амьдрал бахь байдгаараа, толгойнуудаа “аварч” үлдлээ гээд амьдралыг нь аварч хоцорсон нь үгүй учраас хүмүүс эргэлзэж эхэлжээ. Өнгөрсөн ням гаригийн орой хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэндээ хандаж хэлсэн үгийг монголчууд чих тавин сонссон билээ. 2008 онд олимпийн аварга төрсөн үеийнх шиг, 2009 онд ардчилсан Ерөнхийлөгч ялахад л тэгж юунд ч юм итгэж, найдах сэтгэл төрж байсан байх. Хэзээ ч дуусах нь мэдэгдэхгүй хямрал гэх гацаанд орчихоод байгаа түмэн олонд гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн хоёр толгойгоо урагшлуулна, хөдөлгөнө гэсэн үгс маш их урам зоригийг өгсөн. Гэвч тэр урам ердөө хэдхэн цагийн л настай байж. Маргааш өглөө нь болсон чуулганы нээлтийн үйл ажиллагаагаар тэр бүх итгэл найдвар нурж орхив. Нөгөө урмыг нь хугалахаар ууцыг нь гэгчээр юунд ч юм, итгэж найдаж байсан хүмүүс дахиад л хэрхэхээ мэдэхээ байв. Толгой тойрсон асуудлууд хэвээрээ, толгойнуудын хоёр талд гарч зогссон хүчнүүд ч хэвээрээ байгаа юм байна. Гэхдээ нэг л зүйл өөр болсон нь эдгээр үйл явдлуудыг хараад сууж байгаа хүмүүсийн үзэл бодол өөр болжээ. Өмнө нь толгойн асуудлыг хөдөлгөнө, урагшлуулна гэж байгаа хүмүүсийг гэрээ хэлэлцээр хийх давуу талаа ашиглаад гадныханд ашигтай, монголчууддаа хохиролтой зүйл заалт оруулж байгаа гэж шууд харддаг байлаа. Тийм боломжгүй гэж байсан ч тэгж л таарна гэж гөрддөг байв. Тэгээд энэхүү хардлага таамгийг хэлсэн хүнийг шударга, манай үеийн зоригт баатар гэж үзэгсэд ч цөөнгүй байлаа. Үүнийг дагаад одод ч их төрсөн дөө. Хоёр толгойг хоргоосон хүн од л болдог байлаа шүү дээ. Харин гэтэл одоо хүмүүсийн үзэл бодол, аливаад хандах хандлага нь өөр болж. Хоног эргэх тусам ард түмэн амьдралаараа мэдлэгжиж, боловсорч бас ухаажиж байна. Яагаад гэвэл тэд үзсэн харснаараа тунгааж, бас ялгаж байна л даа.

Хоёр толгойг муулаад яваад байвал нэг л их мундаг эх орончдын дүрд амархан хувилна. Бусдыгаа эрлийз хурлийз, урвагч шарваачаар нь дуудаж тодорно. Гэхдээ удалгүй тэрхүү “эх орончид” маань эрх мэдэлд хүрч, эд баялагтай болно. Харин “үзэгч-сонгогч” түмэн урьдын бахь байдгаараа ядуу, зүдүү харанхуй үлдэнэ. Өнгөрсөн жилүүдэд хүмүүс үүнийг анзаарч ялгах болжээ. Уурхай ажиллаад, бүтээгдэхүүн гаргаад байвал хүмүүс ажилтай, дагаад цалинтайн учир данс руу мөнгө ороод байна. Хүмүүс хөдөлж л байвал хөлс авдаг гэдгийг мэддэг болжээ.Харин нэгнээ муулаад, хэнийгээ ч хөдөлгөхгүй бариад байвал өөрсдөө ч урагшлахгүй гэдгийг ойлгодог болж. Мао “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч гэж бичиж болно” гэж хэлсэн байдаг. Харин монголчууд “Ард түмэн чинь юмыг ялгаж салгадаг улс шүү” гэж байнга ярьцгаадаг. Үнэхээр Монголын ард түмэн үзсэнээрээ туулснаараа ялгаж хараад байна. Толгойнуудаа ашиглахыгхаагаад боогоод байх тусам өөрсдийгөө хөдөлгөхгүй байгаагаа мэдэхтэйгээ “тэнэг” болжээ. Үүний энгийн нэг жишээ Говь-Алтай аймгийн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн байдаг. 2012 оны сонгуулийн үр дүн маргаан дагуулж улмаар шүүхээс зарим сумдад нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ. 2014 оны нэгдүгээр сард болсон нөхөн сонгуульд аль, аль нам нь асар их хүч тавьсан. Тэр дундаа МАН-ынхан хэд дараалсан ялагдлын дараа ялалт авчрахыг мөн чиг их хүссэн. Бас М.Энхболд намын даргын албыг дөнгөж авчихаад ялагдуулдаг нэр зүүхийг бодоогүй нь харагддаг. Тухайн үед МАН-ынхан УИХ-ын гишүүдээрээ Говь-Алтайд десант буулгаж, бас АН-ыг уул уурхайг ашиглуулж, өссөн төрсөн нутгийг нь сүйтгэх гэж байна гэсэн сурталчилгааг чамгүй явуулсан билээ. Хуучин цагт сан бол энэ пи ар чухам бат араанд нь хийх сурталчилгаа байлаа. АН-ынхан нөгөө талд уурхайг ашиглаж, эргэлтэд оруулна гэдгээ мэдэгдсэн. Харин сонгуулийн үр дүнд АН ялж, МАН ялагдав. Энэ бол орон нутагт ч иргэд уурхайгаа ажиллуулбал иргэд ажилтай, жасадүлдэх юмтай, үүнийг дагаад хөгжил ирж байна гэдгийг ялгадаг болсны энгийн жишээ байв.

Ер нь Толгойн асуудлаа ашигтайгаар шийдэж, амжилтад хүргэхийг шаардах нэг хэрэг. Харин үүнийг ярьж ард түмэнд таалагдах гэж хичээдэг хүмүүс явахгүй шүү. Толгойн ажлуудаа зогсооно гэвэл түүнтэй дүйхүйц ажил бодож олохоос өөр аргагүй. Тэр хэмжээнд иргэдээ ажилтай, орлоготой болгох, улсдаа хэдэн төгрөг оруулж ирэх, олон тооны ажлын байр бий болгох ажлыг л олох хэрэгтэй болно доо. Дахин хэлэхэд толгойн ажлыг хойш татахад од болдог урьдын явдал ул болжээ.

Шог зургуудыг С.ЦОГТБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Адгуус тамлаж алсан хүнд хариуцлагыг нь хүлээлгэдэг хуультай болъё

Саяхан Булган аймгийн Баяннуур сумын Бор булан гэдэг газар түймэр гарч 52 адуу өртөж зүй бусаар хорогдлоо.Малчин Бадам, Содном нарын хоёр азарга адуу эзэнгүй явж байгаад хээр гарсан түймэрт өртсөн нь энэ. Түймэрт өртсөн сүргийн ихэнх нь тэр дороо шалзарч үхсэн бол цөөн хэдэн адууны дэл сүүл нь хуйхлагдсан, нүд нь сохорсон, арьс нь өмөрч хуурсан ч амьтай голтой гэлдэрч байгаатай хүмүүс таарч сэтгэл эмзэглүүлэм видео бичлэг хийжээ. Ер нь Монголд л ийм сэтгэл сэрдхиймээр, адгуус амьтан тамласан тохиолдол гардаг. Дорнод аймагт унтаж байгаад хоттой хонио сууриар нь шатаасан, Хэнтий аймагт ойн түймэр нөмрөхөд эзэн нь өөрөө зугтаж мэнд мултарч хэдэн зуугаар тоологдох малаа амьдаар нь шарсан тохиолдол ч байдаг. Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарахад эзэнгүй явсан сүрэг тэмээ өртөж үхэх нь үхээд амьд үлдсэн цөөн хэдийнх нь бөхний өөх хайлж тос болон урсч байсныг ч хүмүүс мартаагүй байх. Амьд амьтан амьдаар нь шарж тамласан ийм тохиолдолд монголчууд ч хэдийнэ дассан бололтой. “Хайран юм. Алаад зарчихсан бол” хэмээн тэр адгуусны амь бус арилжаад авах мөнгийг нь тооцон халаглаж дуулдах юм.

Энэ тохиолдолд дэлхийн олон орон ялангуяа өндөр хөгжилтэй улс гүрэн амийг амь л гэж бодож, тооцдог. Гудамжинд үхсэн муур, зэрэмдэглүүлсэн нохой таарвал түүний төлөө амьтны эрх хамгаалах байгууллагууд нь хуулийнхнаасаа илүү ажиллаж эзэн холбогдогчийг нь олж торгууль ногдуулж хариуцлагыг нь хүлээлгэдэг. Ховор амьтны амь тасалсан, торонд хорьсон, үс ноосыг нь түлж хуйхалсан, шалзалсан бол бүр ч хатуу хариуцлага хүлээлгэж торны цаана суулгах нь ч энүүхэнд.

Гэтэл монголчууд морь уралдуулж хүүхдээ ална, гэмтээнэ бас мал адгуусаа шатааж ална. Зөвхөн шарж, шатааж бус хөлдөөж, өлсгөж ална. Нэг бус удаа жил бүр хэдэн мянга, хэдэн саяар нь ингэж алдаг. Уг нь энэ өвөл, хавар дулаан, өнтэй малын зүй бус хорогдолгүй өнгөрөх байлаа. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болсон цасан шуурганаар ямар ч бэлтгэлгүй малчид 30 гаруй мянган малаа хөлдөөгөөд, бээрүүлээд алчихжээ. Энэ нь жил бүр заавал тохиох байдаг л үзэгдэл шиг болсон бөгөөд 2011 оны өвөл 11 сая, 2000 оны зуднаар 10 сая малаа хөлдөөж, өлсгөж алсан түүхтэй. Ийнхүү 1992 онд мал хувьчилснаар хойш бараг 30 сая малын зүй бус хорогдол гарч, 30 сая амьтны амийг тамлаж тасалсан хэрэгт монголчууд уначихаад байна.

Монголчууд малаа мах болгож хөлдөөх, малаа боодог болгож шарах тохиолдол байдаг л даа. Гэхдээ энэ нь нарийн дэг жаягтай асуудал. Нэг ёсондоо зүй ёсны хорогдол юм. Олон тооны амь таслахаар болбол бага балчир хүүхдүүдийг хол байлгаж, тусгай сонгосон газарт энэ үйлээ гүйцэтгэдэг. Тамлаж бус хэдхэн секундэд амийг нь авах тусгай аргатай. Тэгээд зулын 25-наас өмнө идэш улаагаа хийж муулсан үхрийнхээ бөөрний өөхөөр тухайн өдөрт зориулан зул өргөж амьтны амь тасалсан муу үйлээ ариутгадаг уламжлал ч бий. Харин өнөөдөр байгаль дээр зэрэгцэж төрсөн бусад адгуусын амийг тасалж, идэш уушдаа хэрэглэхийн зэрэгцээ би эзэн нь хэмээн цээжээ балбаж байгаад хэдэн саяар нь өлсгөж, хөлдөөж, шатаан тамлан алж байна. Нөгөө дэлхийн, Монгол Улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагынхан ч энэ тохиолдолд таг дуугүй байх юм. Ямар ч санал санаачилга гаргаж, асуудал дэвшүүлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ “Хэдэн малаа алдчихсан юм ахиад хэдийг өгчихье, малжуулъя” гээд төр нь орол­цоод нөгөө хариуцлагагүй хүний төлөө сэтгэл гаргаад явж байх юм.

“Хөрөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт ямар хамаатай юм, энэ чинь хувийн өмч” гэсэн нэг хариулт гарч таарна. Хувийн өмч гэдэг нь үнэн. Малаас олох ашиг нь хувь хүний өмч ч малын амь нь байгаль дэлхийн, хүмүүсийн шүтдэг бурханы өмч. Монголчууд байгаль дэлхийнхээ өмнө тэр олон амьтны амь насыг нь хариуцаж яваа. Тиймдээ ч “Байгаль эх, бурханы хишиг хүртэж сайхан л амьдарч байна” гэж цэцэрхсээр ирсэн биз дээ. Тэгэхээр яг энд л тэс өөр хууль үйлчлэх ёстой болчихоод байна. Үндсэн хуулийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн хэрэгжихгүй ганцхан заалттай явдгаа өнөөдрөөс шинэчилье. Тусгайлсан Мал аж ахуйн хуультай болъё.

Хуулиар мал маллах зөвшөөрөл олгодог болгомоор байна. Улс, аймгийн, нутаг усны малч буурлууд “Тэр бүтэхгүй ээ, хэдэн малаа сүйд хийнэ” гэж хэлсэн л бол ёсоор болдог шиг өлсгөж, турааж, шатааж алаад байдаггүй хүмүүст тэр олон амийг даалгадаг болъё. Малд ойртуулж болохгүй хүнийг тодорхойлъё. Малд ойртож болохгүй хүн хэдэн тэмээтэй бол түүнийг өөрийнх нь өмч хэвээр байлгах ч заавал мал малласан олон жилийн туршлагатай туслах малчинд амийг нь хариуцуулдаг болгох хэрэгтэй болчихоод байна. Амийг нь хайхардаггүй юм бол туслах малчны лицензтэй хүнээр тэднийгээ маллуулаад ашгаа хүртээд, цалингаа өгөөд явахад болох биз. Харин малын амь хариуцсан этгээдүүд унтаж уруудаад, залхуурч хэвтээд тэр олон амьтны амийг тасалбал зохих хариуцлагыг нь хүлээлгэдэг болъё.Яагаад гэвэл хувь малчдад ч тэр Монгол Улсад ч тэр амьд мал л ашиг тусаа өгнө. Тэгээд ч амь гэдэг хамгийн үнэт зүйл юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Яруу эгшигт одтой, шарагчин хонь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 13. Сумъяа гариг. Билгийн тооллын 24. Яруу эгшигт одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 06.20 цагт мандан, 19.20 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх,бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьвал 384 мянган төгрөгөөр торгоно

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгаснаар согтуугаар жолоо баривал эхний удаад 384 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг хоёр жилээр хасахаар тусгажээ-

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа. Энэхүү хууль дэмжигдвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч төдийгүй зорчигчид шинэ дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай болох юм. Ингээд хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор төлөвлөгдсөн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ.

Хамгаалалтын бүсээ зүүгээгүй бол есөн мянган төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол есөн мянган төгрөгөөр торгох гийтгэл оногдуулна. Мөн арын суудалд суугаа зорчигчид ч энэхүү шийтгэл хамаатай гэдгийг онцлон анхаарах нь зүйтэй болов уу. Мөн жолооч автомашин барьтж явах үедээ утсаар ярьсан тохиолдолд мөн л есөн мянган төгрөгөөр торгож байх гэнэ. Монголын хувьд жолооч нар аюулгүйн бүсээ зүүж хэвшээгүй. Хэрвээ бүсийг зүүж хэвшвэл ослоос болж бэртэл гэмтэл авах, амь насаа алдах эрсдэл 50 хувиар буурах боломжтой аж. Тиймээс аюулгүйн бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцсон жолооч, дэргэдэх зорчигч нарт Захиргааны хариуцлага хүлээлгэхээр заалт оруулжээ.

Хэт ядарсан үедээ жолоо барьвал торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар хэт их ядарсан, өвчтэй байгаа үедээ замын хөдөлгөөнд оролцвол эрсдэлтэй гэж үзэн торгууль оногдуулах юм байна. Хэрэв толгой эргэсэн, бие эвгүйрхсэн, хэт сульдаж ядарсан үедээ жолоо барих юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл энэ зедээ жолоочид хамгийн их осол гаргах эрсдэлтэй байдаг тул элдэв ослоос сэргийлэн 48 мянган төгрөгөөр торгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүлд монголын загварын шоу болжээ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас “Монголын Шилмэл загвар”-ын төвтэй хамтран “Үндэсний хувцасны загварын шоу урлагийн арга хэмжээ”-г энэ сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулжээ. Солонгосын Үндэсний ассамблей, “Лотте” зочид буудал, Жүнан их сургуульд тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, парламентын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон, Сөүл дэх дипломат ажилтнууд, монгол иргэд үзэж сонирхсон байна. Шоу арга хэмжээг “Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нар үзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг монголын сонгодог бүтээлүүдийг тоглож үзүүлжээ. Арга хэмжээний үеэр монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутаг, байгалийн тухай, мөн хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургуудыг дэлгэн харуулсан “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд сонирхуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр: Надад ямар нэг улсад эзэмшдэг байшин, хаус нэг ч байхгүй

Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д долоон хаус эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ тухай С.Баяртай холбогдож энэ талаар болон Оюу толгойн гэрээний асуудлаар тодруулга авсныг хүргэж байна.

-Та хаана явна вэ. Таныг олох, тантай холбогдох гээд удлаа?

-Би Германы Baden-Wurttemberg мужийн хөдөө тосгонд явж байна. Загас үржүүлгийн төслийнхөө дагуу эндэхийн нуур цөөрөм, гол горхийг үзэж сонирхож явна.

Та УИХ-ын гишүүн Г.Уянгын хийсэн мэдэгдлийн талаар сонссон уу?
-АНУ-д байгаа миний алдарт долоон хаусын тухай юу. Сонссон, уншсан. Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна.

-Тэр долоон байшинг таных гэж нотлох баримт, зурагтайгаа гарсан байсан?

-Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.

-Та тодорхой хэлэхгүй юу?
-Мэдээж миний хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой. Манай улсад урьд нь хийгдэж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ олон сая ам.долларын авилгын хаялагатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугидаг хүмүүс бий. Тэд Оюутолгойн асар том гэрээг зүтгүүлсэнийхээ шанд маш их авилга авсан байж таарна гэж нотлох гээд бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна. Гэрээний төслөө зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдийг хүрлээ. Тооцоо талаасаа буруутгаж чадахгүй болохоор “тоншсон” болгож харагдуулах гээд байдаг. “Тоншсон” нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга олдоно гэж үздэг бололтой.

Оюутолгойн гэрээ яагаад байнга хөндөгдөөд байна вэ?
-Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно. Тэр хэрүүлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна. Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж үздэг бол тэр бүхийг бүгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна.

-Та хэзээ Монголд ирэх вэ. Таван толгойн гэрээ бас нэлээдгүй асуудал, шуугианыг дэгдээгээд байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Эндэх ажлаа дуусгачихаад хэд хоногоос очно. Таван толгойн хувьд би яг одоо элдэв юм ярих бодол алга. Нэг удаадаа нэг л толгойн тухай сэдэв хөндөе.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр үлдэв

-Харин Н.Номтойбаяр өргөдлөө өгч, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгджээ-

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/НАМЗХ/-ны VII бага хурал өчигдөр болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус бага хурал өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг үүрэгт ажилд нь хэвээр үлдээж, тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр сүүлийн хэдэн өдөр маргаан дагуулж байсан асуудал нэг тийшээ болжээ.

Дээрх шийдвэрт хүрэхийн өмнө талуудын дунд ширүүн маргаан болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Мөн хуралдаанаар НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг оронд нь томилжээ.

Харин ирэх зургадугаар сарын 20-нд НАМЗХ-ны V ээлжит их хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан байна.