Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн есөн дуудлага иржээ

Гамшгийн шуурхай удирдлагын газраас нийслэл болон орон нутагт гарсан гал түймрийн талаар мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Ар хуурай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч орон нутгийн 30 иргэн нийт 43 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:15 цагт,

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн нутаг “Ноёны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:47 цагт;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг “Олон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.01.13-ны өдрийн 01:40 цагт тус тус түймрийг унтраажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд Дарь-Эх”-ийн 17 дугаар гудамжийн 1333 тоотод иргэн Э-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 1 дүгээр гудамжийн 196 тоотод иргэн Ч-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 8 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Ц-н чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 21 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Д-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг “Өлийн шанд” гэдэг газар малчин Ц-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Р-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн 5 албан хаагч,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Бор толгой”-н 13 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Б-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг “Дэлгэрэх” хүнсний захын хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан бургас” гэдэг газар малчин Б-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулалтын том төслүүдийг танилцуулна

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт энэ сарын 15-ны өдөр болох гэж байна. Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцох нь. Чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх юм байна. Тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцохоор төлөвлөжээ. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулна гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Чуулга уулзалтад оролцохыг хүсэгчдийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын www.ubchamber.mn цахим хуудсаар бүртгэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран маргааш “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганд 350 орчим үйлдвэрлэгч оролцох гэнэ. Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагын200 орчим төлөөлөл оролцох аж. Уг чуулганаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, түүний үр дүн зэрэг олон сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүд явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжинд заасан Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг “Өглөөний 07.00-шөнийн 03.00 цагт үйлчилж болно” гэсэн хэсгийг “Хоолны газрын ангилал зэрэглэл, стандартын шаардлагыг хангасан, зориулалтын байртай түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно” гэж өөрчлөн энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол шуудан”-гийнхан ажил дээрээ суулт зарлаж байна

“Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар ажлаас нь халсан гэж компанийнх нь ажилчид эсэргүүцэж суулт зарлаад байна. Тус компанийн ажилчид яг одоо “Монгол шуудан”-гийн байрны нэгээс гурван давхар хүртэл суулт зарлаад байна. Тэд“Шуудан төрийн тоглоом биш”, “Гадны хүн шууданд хэрэггүй”, “Шударга бус байна”, “Монгол шуудан албан тушаалын наймаа биш”, “Шууданд ашиг сонирхол хэрэггүй” гэсэн лоозон барьжээ. ТӨХ өргөх бичигт нь хариу өгөхгүй бол өдөржингөө суулт зарлахаар болжээ. Тус компанийн хуучин захирал Ц.Батсайхан томилогдоод удаагүй байгаа Т.Дуламдорж нар өнөөдөр “Монгол шуудан” дээр ирсэн ч суулт зарласан ажилчид оруулалгүй буцаасан юм.

Тус компанийн ажилтан Болортуяа “Бид Батсайхан гэж хүнийг хамгаалж байгаа юм биш. Өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаалж байна. Шинэ захирлыг дагаад удирдлагын баг өөрчлөгдөнө. Удирдлагын баг өөрчлөгдөхөөр бүх ажил шинээр эхэлнэ. Хэрэгжиж эхэлсэн ажлууд хойшлох эрсдэл гарч ирнэ. Тэгээд ч шинэ захирал шуудангийн талаар ямар ч мэдлэггүй хүн. Өмнөх удирдлагын эхлүүлсэн зөв ажлуудыг үргэлжүүлэх чадваргүй” гэж ярилаа. ТӨХ өргөх бичигт нь хариу өгч, ямар нэг арга хэмжээ авахгүй бол “Монгол шуудан”-гийн ажилчид улс даяар ажил хаялт зарлахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол шуудан”-гийнхан сануулах ажил хаялт зарлана

“Монгол шуудан” ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөө өглөө ТӨХ-ны гадаа жагсав. Тэд компанийнхаа захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан гэж эсэргүүцэж байгаа юм. “Монгол шуудан”-гийн ажилчид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өгсөн шаардлагынхаа хариуг авахаар жагсчээ. Мөн дахин шаардлага хүргүүлэхээр ТӨХ-ны гадаа цугласан ч ТӨХ-ны дарга нь ирээгүй гэх шалтгаанаар шаардлагаа гардуулаагүй байна. Ажилчид өнөөдөр ажлын байрандаа сануулах ажил хаялт хийх юм байна. Тэд компанийнхаа ТУЗ-д хууль бус шийдвэрээ эргэн харах шаардлага хүргүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Санхүүжилтийн түр горимыг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа. Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 400 төгрөгийг нөхөн олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Цаашид дүүргийн төсвийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, батлуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Я.Баатар: Токиогийн олимпийн наадамд дугуйн төрлөөр оролцсон дөрвөн тамирчны нэг нь би

1964 оны Токиогийн олимпийн дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Я.Баатартай уулзлаа. Түүнийг спорт сонирхогчид дугуйн Баатар гэхээр андахгүй юм билээ.

Та 1964 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан. Тухайн үед олимпийн наадамд оролцох эрхээ хэрхэн авч байв?

-1958 онд манай улсын дугуйчдын шигшээ баг анх байгуулагдаж байлаа. Шигшээ багийнхан маань гадаад, дотоодын дугуйчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Харин олимпийн наадмын өмнө улсын шилдэгт тооцогдох 20 дугуйчныг цуглуулсан юм. Тэндээсээ бэлтгэл сургуулилтын явцад хэд хэдэн шалгаруулалт хийгээд 15 хүн үлдээсэн. Энэ хүмүүс маань 1960 оноос хойш байнгын бэлтгэл хийдэг байлаа. Бүр өвлийн улиралд ч бэлтгэл хийнэ. Тухайн үед би оюутан байв. Нэг хавар орос дасгалжуулагч багш урьж авчраад “Манай тамирчдыг олимпод ороход бэлдэж өгөөч” гэсэн юм билээ. Орос багш маань бидэнтэй гурван сарын турш ажиллан арван тавуулаа байсан биднийг дөрөв болтол нь цөөлсөн. Үлдсэн дөрвөн тамирчин ойр ойрхон уралдах, сорилт хийх, хол замд, ууланд уралдах гэх зэргээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Би ч яахав дотроо олимпийн наадамд явна гэж тэгтлээ боддоггүй байсан. Харин нэг өдөр орос багш маань энэ хүүхдийг олимпод явуулна гэсэн дээ.

Одоогийнхтой адил олон улсын уралдаан тэмцээнээс олимпийн эрх авдаггүй байсан юм уу?

-Тамирчин хүний тухайд эрхээ авч байгаа нь л энэ. Харин улсаас “Манай улсын дөрвөн тамирчин олимпийн наадмын дугуйн төрөлд оролцоно” гэсэн утгатай мэдүүлэг явуулчихдаг байсан. Тухайн үед олимпийн наадамд ямархуу амжилттай оролцож байгаагаар нь тэр улсын хөгжлийг тодорхойлдог байсан байх.

Таны хувьд олимпийн наадмын дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчин болж байжээ дээ?

-Тийм болж таарч байгаа. Гэхдээ би ганцаараа оролцоогүй юм шүү дээ. Л.Эрхэмжамц, Л.Буудай, Ч.Саманд бид дөрөв нэг баг болон оролцож байлаа. Одоо бид дөрвөөс хоёр нь бурхны оронд оджээ.

Дугуйн төрлөөр анх удаа олимпийн наадамд оролцоно гэхээр их баяртай байсан байх. Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг байв?

-Орос багштайгаа шаргуу бэлтгэл хийсэн дээ. Тэрэлж, Нүхт, Баянчандмань гэхчлэн газруудад бэлтгэлээ хийдэг. Өдөрт дор хаяж 100 гаруй км-ийн зайд бэлтгэл хийдэг байсан. Шулуун зам, бартаат зам, ууланд гэхчлэн янз бүрээр л бэлддэг байлаа.

Өвөлдөө яаж бэлддэг байсан бэ. Биеий хүчний бэлтгэл хийх үү?

-Биеийн хүчний бэлтгэл их хийдэг байсан. Хүндийн өргөлтөөр хичээллэнэ. Хөлбөмбөг тоглоно. Өвөлдөө цанаар гулгаж, зааланд сагсан бөмбөг тоглуулдаг байсан. Гол бэлтгэл нь дугуй, цана, штанг өргөх байлаа.

Орос багш тань ямархуу хүн байв?

-Манай багш энхтайвны төлөөх олон улсын уралдаанд түрүүлж байсан хүн. ЗХУ-ын гавьяат тамирчин цолтой хүн байлаа. Гурван сар бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр Токиог зорьсон санагдаж байна.

Тэр үеийн нийгэм одоогийнхоос шал өөр байсан. Олимпод оролцохоор явж байгаа тамирчдадаа юу захидаг байв?

-Биднийг явахын өмнө яриа хийж байсан. Гадаадад очоод соёлтой байна шүү, гадаад хүмүүстэй яаж харьцах вэ, улсаа хэрхэн сурталчлах вэ гэдгийг зааж өгнө. Соёлтой байгаарай гэдгийг наад захын жишээ нь гудманд шүлсээ хаяхгүй байх, хоол ундаа зөв боловсон идэх гээд олон зүйл зааж өгсөн.

Очиход ямархуу орчин угтав. Уулга алдан гайхмаар зүйл их л байсан байх даа?

-Эх орноосоо явахдаа гадаад улсад очоод их хэцүү байх нь дээ л гэж бодож байсан. Хөрөнгөтөн улс гэж сурталчилдаг байсан. Хүүхэд байсан юм болохоор хөрөнгөтөн улс гэж ямар байдаг юм бол гээд л бодно. Харин очсон хойноо биширч байлаа. Маш өндөр хөгжилтэй, хүмүүсийн харилцаа, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь их өөр байсан. Биднийг очсоны дараа нэхмэлийн үйлдвэр үзүүлсэн. Түүхий эд байхаас нь авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл бүхий л шат дамжлагатай нь танилцуулсан. Ер нь л их өндөр хөгжилтэй, сайхан улс юм гэж бодогдож байлаа. Зам, барилга, машин техник, орчны цэвэр цэмцгэр байдал нь хачин гоё.

Тамирчдыг тусгай байранд оруулсан уу. Токиогийн төвд байдаг “Олимпик центр” тэр үед баригдсан байх даа?

-Тэгсэн байх. Тухайн үед тамирчдад зориулан тусгай хотхон барьж байсан юм билээ. Гэхдээ бид нар олимпик центрт байгаагүй.

Та дугуйн ямар төрөлд уралдсан юм бэ?

-Холын зайд буюу засмал замын уралдаанд оролцсон. Багийн төрөл л дөө. Гараан дээр дөрвүүлээ зогсож байгаад хагас цагийн зайтай гарч байсан. Нийт 33 баг оролцсоноос манай баг 23 дугаарт орсон.

Ганцаарчилсан төрөлд уралдсан уу?

-Багийн тэмцээний дараа ганцаарчилсан төрөл нь болсон юм. Ганцаарчилсан төрөлд 193 тамирчин уралдахад би 43 дугаар байрт орж ирсэн. Нөгөө гурав маань 85, 103-т орж байсан санагдаж байна.

Олимпийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцсон уу. Монголын багийн тугчаар хэн явж байв?

-Нээлт, хаалтын арга хэмжээнд оролцолгүй яахав. Яг л одоогийн олимптой адил улс улсын шигшээ баг жагсаад, тугаа бариад орж ирж байлаа. Монгол Улсын төрийн далбааг хөнгөн атлетикийн тамирчин Найдан мандуулан оролцсон. Тэр жилийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, дугуй гэсэн төрлүүдээр тамирчдаа сойсон.

Уралдааны замд гарчихсан явахад юу бодогдож байсан бол?

-Миний хувьд анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа нь тэр. Дотооддоо дөрөв таван жил уралдчихсан байсан. Манайд болдог тэмцээнд 60 гаруй тамирчин л уралддаг байлаа шүү дээ. Түүнтэй л адил байх болов уу ухааны юм бодож байлаа. Тэгсэн тэр олон тамирчин нэгэн зэрэг уралдахаар толгой нь хаана яваа юм, сүүл нь хаана байгааг ялгахаа больчихдог юм байна лээ. Тэгэхээр нь ямар ч байсан урагшаа л тэмүүлж уралдах ёстой юм байна гэж ойлгоод зүтгэж гарсан. Анх удаагаа тийм олон тамирчинтай нэгэн зэрэг уралдаж байсан болохоор их л гоё санагдаж байлаа. Уралдааны дараа “Ер нь бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байвал амжилттай сайн уралдаж болох юм байна” гэсэн бодол төрсөн.

Буцаад нутагтаа ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Үнэхээр мундаг хүлээж авсан шүү. Биеийн тамирын хороо, Засгийн газрын төлөөлөгчид угтсан. Багшийн их сургууль дээр баярын хурал хийгээд л. Харин би спортын мастерын болзлыг хэд хэдэн удаа давуулан биелүүлж байхад зэргийг минь өгөөгүй. Харин олимпоос ирсний дараа спортын мастерын үнэмлэхийг минь өгсөн.

Та олимпийн наадмаас өөр олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Энхтайвны төлөөх олон улсын тэмцээнд оролцсон. Герман, Чех, Польшийн нутгаар дамжин уралддаг байлаа. Олимпийн наадмын дараа жил буюу 1965 онд болсон болохоор бэлтгэл ч сайтай байсан. 14 хоног үргэлжилдэг уралдаанд оролцож байхдаа Чехийн нутагт ганцаараа барианд орох гэж зугтааж явсаар барианаас 10 гаруйхан км-ийн наана толгойн группт баригдаж байлаа. Хэрэв тэр үед ганцаараа зүтгээд байх биш бусад хүмүүстэй групп болж уралдсан бол нэлээн сайн амжилт гаргах байсан биз. Тэр уралдааны дараа надад олон улсын хэмжээний мастер цол өгөх байлгүй гэж бодож байсан ч сая л нэг юм 2014 онд авлаа даа. Би 1970 онд өөрөө уралдахаа больсноос хойш “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан. Шавь нар маань 1990 онд Азийн наадмаас хүрэл, мөнгөн медаль авсан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш “Атилла” багт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Шавь нараас тань амжилттай уралдаж байгаа тамирчин байгаа биз дээ?

-Мягмарсүрэн, Наранхүү гээд хоёр тамирчин байгаа. Их сайн уралдаж байгаа. Хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ жил Азийн аваргад оролцуулна гэж бодож байгаа. Бас 2016 оны олимпийн наадам ч ойрхон байна даа.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Б. Дөлгөөн: Төслийг улс төржүүлэх тусам ард түмэнд ирэх ашиг нь багасна

Хятадын эдийн зас­гийн төлөв байдал, Таван­толгой төслийн явцын талаар Хятад судлаач, эдийн засагч Б. Дөлгөөнтэй ярилцлаа.

Та Хятадын зах зээлийг судалдаг эдийн засагчийн хувьд Тавантолгой мега төслийн үйл явцын тухайд ямар дүгнэлтүүд хийж байна вэ?

-Хятадын эдийн засаг 2014 оны байдлаар 10.4 их наяд долларын хэмжээтэй болсон. Монголын эдийн засгаас нэг мянга дахин том гэсэн үг. Хүмүүс Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай гэдэг хэдий ч үнэндээ бол ерөөсөө Хятадын хойд мужууд болон Өвөрмонголын хэдэн үйлдвэрүүдээс л Монголын эдийн засаг хамаардаг. Монголын экспортын 60-70 хувийг сүүлийн гурван жилд нүүрс, зэс, төмөр гурав эзэлж байгаа. Дээр нь нефть нэмэгдээд энэ 4 бүтээгдэхүүн дандаа Өвөрмонгол руу гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүдээс шууд хамааралтай байгаа өнөө үед нүүрсний үнийг боломжийнтүвшинд байгаа дээр нь бид өөрсдийнхөө зах зээлийг хурдан эзлэх ёстой юм.

Хэрвээ 2010 онд өргөн нарийн нь хамаагүй бид төмөр замаа тавьчихсан байсан бол өнөөдөр ингэж сандрах шаардлагагүй байсан. Одоо Австралийн нүүрстэй өрсөлдөхөд улам хэцүү болж байна. Энэ нь тээвэрлэлтийн зардалтай шууд холбоотой.

2000 онд дэлхийн хэмжээнд нийт 3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэж байхад Хятад улс 1.5 тэрбум тонныг нь хэрэглэж байсан. Зөвхөн Хятадын нүүрсний хэрэглээ гэхэд дэлхийн бусад бүх улсууд нийлээд хэрэглэж байгаа нүүрсний хэрэглээтэй бараг тэнцүү болсон. Тиймээс бид хэрвээ нүүрсээ гаргана гэвэл урагшаа л гаргах гол сонголт байна. Цаашдаа Япон, Солонгос руу гаргах хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй.

Нүүрсний үнэ сайнгүй байгаа өнөө үед яарах хэрэг байна уу гэж зарим хүн үздэг?

-Хятадын эдийн засаг 2020 он гэхэд нүүрснийхээ хэрэглээг дахиад бууруулж эхэлнэ.

Тэд цөмийн цахилгаан станцын хэрэглээгээ нэмж, мөн сэргээгдэх эрчим хүч ­рүү их орж байна. Одоо дэлхийд хэрэглэж байгаа нарны сэргээгдэх эрчим хүч­ний панелийн 60 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа. Үүнээс харахад хятадууд өөрсдийнхөө эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг олшруулж байна гэсэн үг. Тиймээс бид тэднүүрсний хэрэглээгээ танахаас өмнө зах зээлд нь хурдан байрших хэрэгтэй.Бидэнтэй мэдээж Орос, Австрали өрсөлдөнө, магадгүй зарим Латин Аме­рикийн орнууд Хятад руу нүүрсээ экспортлох сонирхолтой байгаа. Эдгээр оронтой өрсөлдөхийн тулд Монголын нүүрсийг өрсөлдөх чадвартай буюу өртөгийг нь хамгийн хямд байдлаар санал бол­гох хэрэгтэй болно.

Тавантолгой ордын хө­рөнгө оруулалт болонгэрээний үйл явц өнөөдөр олны анхаарлын төвд байна. Тэр хэмжээгээр шийдвэр гаргагчдын зүгээсзарим анхааруулга, асуулга тавьж байна. Энэ хэт их анхаарал, хардалт, улстөржилт гэ­рээг удаашруулахад нө­лөөлөх вий гэсэн бол­гоомж­лол бас бий. Энэ талаарх таны бодол?

-Уг нь нэг сайн гэрээ хийсэн бол цаашдаа байнга ухаж төнхөөд байх шаардлагагүй. Байгуулах гэрээг Монгол ул­сын стратегийн ач холбог­долтой том хэмжээний орд гэдэг утгаар маш нухацтай ярилцах нь зөв. Гэхдээ сайд нар, улс төрчид бол хуульчид биш шүү дээ. Ул суурьтай, үндэслэл сайтай шийдэхгүй байж дундуур нь улс төржөөд, аль нэг нам бүлэглэлийн ашиг сонирхол орж ирээд байвал уг гэрээний явц удааширна. Энэ нь Монгол улсад маш их хохиролтой.

Миний хувьд бол энэ асууд­лыг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Тавантолгой, Оюутолгой бол бидний амьд­ралд ихээхэн нөлөө үзүүлэх төслүүд юм. Эдгээр төслийг улс төржүүлэх тусам эргээд энгийн ард түмэнд ирэх ашиг өгөөж нь багасна гэсэн үг.

УИХ, Засгийн Газраас энэ гэрээний ажлын хэсгийнхэнд ерөнхий хүрээ, хязгаарыг нь гаргаж өгсөн байх. Тэр хүрээ, хязгаарт нь багтаж гэрээ хэлэлцээрүүдийг хийх ёстой. Түүнээс биш яг энэ нөхцөлийг оруулах ёстой гэж аль нэг улс төрч хэлэх ёсгүй.Хүн болгоны хүслийн жагсаалтыг сонсох, оруулах албагүй. Харин Монгол улсадийм ашигтай байх ёстой, ийм хүрээнд ажиллах ёстой шүү гээд эрхийг нь өг. Хуулийнх нь гэрээ хэлцэл дээр мэргэжлийн хүмүүс суугаад эцсийн дүнг нь Засгийн газарт танилцуулах ёстой.

Тавантолгой төслийн эдийн засгийн үржүүлэгч нөлөөллийн тухай ярьдаг. Энэ тухайд олон нийтэд ойлгомжтой тайлбар хэлж өгөх үү?

-Үржүүлэгч гэдэг бол гаднаас орж ирж байгаа нэг доллар цаашаа хэр үржих вэ гэдэг утгатай. Энгийн үгээр тайлбарлавал 10 сая төгрөг гаднаас орж ирээд 2 саяар нь хүмүүсийг цалин­жуулаад, 3 саяар нь тэр хүмүүсийг нэг жилийн хугацаанд хооллодог ч юмуу эргээддотоодоосоо бүх бүтээгдэхүүнээ аваад ирэхээр энэ үржүүлэгччинь нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл тэнд ажиллаж байгаа монгол хүн авсан цалингаараа гэр бүлээ тэжээнэ, хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг төлнө. Тэнд хоолны үйлчилгээ үзүүлж бай­гаа Монгол компаниуд ногоо, махаатариаланчид, малчдаас худалдаж авна.Товчхондоо эдийн засагт хэр ашигтайгаар явж байна вэ гэдгийг үржүүлэгч гэж нэр­лээд байгаа юм. Жи­шээ нь, Оюутолгойн 6 тэр­бум долларын ихэнхи нь дандаа хүнд даацын машин механизм болчихсон. Гэтэл Монголчууд тийм машин ме­ха­низм байтугай суудлын тэргээ ч Японоос худалдан авч дийлэхгүй талдаа.Тэ­гэхээр орж ирсэн энэ мөнгө эргээд гараад явчихаж байна гэсэн үг.Тиймээс аль болох монгол ажилчдыг түлхүү ажил­луулж, монгол бараа бүтээгдэхүүнийг илүү ашиглах юм бол үржүүлэгчийн хувь нь илүү өндөр байх хандлагатай. Энержи ресурс компанийн хувьд сайн туршлагууд бай­даг юм билээ. Дан монгол инженерүүд цахилгаан станц барьж, монгол компани авто зам тавьсан байна. Гэрээндээ л энэ харьцааг маш сайн тусгаж өгвөлүржүүлэх нөлөө­лөл эерэг гарах бүрэн боломжтой.

Ингэхэд бид өөрсдөө Тавантолгойг дэлхийд хо­вор нөөцтэй, том орд гэж ярьж байгаа боловч манай нөөцийг Хятадын тал ямар байдлаар сонирхож, энэ хамтын ажиллагаанд хэрхэн хандаж байгаа вэ?

-Манай Тавантолгойн тог­тоогдсон нөөц нь 6 тэрбум гаруй тонн. Гэхдээ Хятадын хэрэглээтэй харьцуулахад тийм ч том биш. Яагаад гэвэл Хятад өөрөө нүүрсний асар их нөөцтэй. Өөрсдийнхөө хэрэглээний ихэнхи хувийг дандаа дотоодоосоо ханга­даг. Цаашдаа байгаль орчны бохирдолтой холбоотойгоор нүүрсний хэрэглээгээ ба­гас­гах бодлого барих нь то­дор­хой байгаа. 2020 он гэхэд нүүрснийхээ хэ­рэг­лээг бууруулна гээд төлөв­лөчихсөн. Тиймээс бид яарах хэрэгтэй. Яарах яарахдааАвстраличуудтай, Оросуудтайөрсөл­дөх болчихоод байна.Саяхан Хятад, Орос хоёр 400 тэрбум ам.долларын том гэрээ байгуулсан. Энэ бол эрчим хүчнийхээ эх үүс­вэрийг нүүрснээс газ руу бүр цаашлаад нефть рүү шил­жүүлж байгаа томоохон алхам юм. Дамжуулах хоолойнууд нь 2020 он гэхэд баригдчихна. Тэр болтол жилд 30 тэрбум доллартай дүйх хэмжээний байгалийн хий авна гээд тоо­цоолчихсон, нүүрсний хэрэг­лээг 2020 оноосбагасгана гэдгээ зарлачихсан.Тэгэхээр энэ боломжийг бид даруй ашиглахаас өөр гарц алга даа.

Г.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Нямдаваа: Улаанбурхан, вакцинаас хоцорсон эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваатай ярилцлаа.

Улаанбурхан газрын хөрснөөс арчигдах ээлжээ хүлээж байгаа гэж та бич­сэн удаатай. Гэтэл нөгөө арчигдаж байгаа өвчин Мон­голд олон тоогоор илрээд байна. Үүнийг вирус судлаачийн хувьд ямар шалт­­гаантай гэж харж байна вэ?

-Ганцхан манайд ч биш дэлхий дахинд улаанбурханыг устгах гээд байгаа юм. АНУ энэ өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон улс. Манайх бол тийм батламжаа өнгөрсөн жил авсан. 2012 оноос хойш улаанбурхан гараагүй. Энэ өвчин гаралгүй, оношлогдохгүй 12 сараас дээш болсон бол ийм батламж олгодог. Би бол ДЭМБ-ын Бүсийн хэмжээний улаанбурхан өвчнийг уст­саныг баталгаажуулах хо­рооны гишүүн. Долоо хоно­гийн өмнө Макаод болсон хуралд оролцоод ирлээ. Тахалт тархалтыг таслан зогсоосон оронд нэг хэсэгтээ улаанбурхан гарч болох юм. Яагаад гэвэл хөрш зэргэлдээ өвчтэй орноос халдвар дамжиж болно. Дэлхий дахинд устсаны дараа л тэр өвчин ахиж гарахгүй байж болно. Уг нь гарахгүй бол сайн ч энэ цочирдмоор асуудал биш. Яагаад гэхээр 2013-2014 онд манай бүсэд маш их өвчлөл гарсан. Урд хөршид жилдээ 40-50 мянган хүн сүүлийн хоёр жилд бүртгэгдэж байна. Австрали, Солонгосгэх мэт улсууд бас устгасан боловч аль алинд нь мөн л 1000-2000 тохиолдол бүртгэгдсэн. Устгасан гэж хүмүүс ойлгоод байгаа ч тархалтыг зогсоосон гэдэгт манай улс ордог юм. Сая надад ирсэн мэдээллээр 615 сэжигтэй тохиолдол илэрснээс 190 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. 190 гэдэг бол огт бүртгэгдэхгүй байснаа илэрч байгаа нөхцөлд бол их л тоо. Зургаан сартайгаас гучаад насны хүмүүст өвчин илэрсэн байна. Вакцинаас хоцорсон аль эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна. Бид энэ өвчнийг гаднаас орж ирсэн гэж үзэж байна. Генийн хэлбэрийг нь тодорхойлж үзэхэд Хятад улсад давамгайлж байгаа Н1 гентип давамгайлаад байгаа юм л даа.

Вакцин тариулах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөгчдийн 40 гаруй хувь байсан. Ийм тохиолдолд яах вэ. Вакцин хийх насыг нь наашлуулах уу. Уг нь та бүхний судалгаагаар есөн сартай болон хоёр настай хүүхдүүдэд вакцин тарих нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн байна лээ?

-Энэ болбас л шинэ үзэгдэл. Вакцинаар өвчлөлийн тархалтыг зогсоосон гэж үзэж байгаа улсуудад бас өвчлөгчдийн тал хувь нь вакцин тарих наснаас доош байгаа юм.

Зарим оронд улаан­бурханаас сэргийлэх эхний тунг 12 сартайд нь тарьдаг. Бид ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжийг л харгалзана шүү дээ. Тэр үед13 дахь сард анхны тунг хийх заалттай байсан. Энэ вакциныг бид 1972 оноос тарьж эхэлсэн л дээ. 1977-1978 ондөвчилж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь арванхоёр сараас доош байсан юм. Бид 1980-аад онд судалгаа хийж үзээд ДЭМБ-ын зөвлөмж болгосон насыг наашлуулсан. Түүний дараа манай судлаачийн хийсэн ажиглалтаар өөрөө улаанбурханаар өвдсөн ээжийн хүүхдэдээ дамжуулах дархлаа нь арай хүчтэй байдаг.8-9 сар хүртэл нь хамгаалдаг. Гэтэл улаанбурханаар өвдөөгүй, дархлаажуулалтын вакцин хийлгэсэн эхийн дархлаа арай сул байгаа юм л даа. ДЭМБ-ын хурлын үеэр энэ тухай бас ярьсан. Өвчлөл гарч байгаа үед голомтонд зургаан сартайгаас нь таръя гэж тогтсон юм.ЭМСЯ-д Дархлаажуулалтын үндэсний хороо энэ асуудлыг эцэслэн шийднэ. Яваандаа вакцин хийдэг хугацаагаа өөрчилж магадгүй. Гэхдээ нэмэлт судалгаа хэрэгтэй. Товлолыг нэг удаагийн өвчлөлөөр өөрчилж болохгүй. Товлол Засгийн газраар орж батлагдах ёстой. Бас нэг аюул байгаа нь вакцины товлолыг байн байн өөрчлөөд байх юм уу хэн нэгний дураар цоо шинэ вакцин оруулаад байх юм бол осолтой учраас Дархлаажуулалтын хуулийг ингэж чангалсан юм. Байнгын вакцинжуулалт оруулах эсэхийг УИХ шийднэ. Ямар товлолоор хийхийг Засгийн газар шийднэ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс айж эмээдэг, эргэлзэх нь их болсон. Вакцин тариулсны улмаас хохирсон гэгдэх хүмүүсийн мэдээлэл ч энд нөлөөлсөн байх. Ер нь вакциныг ямар ч хор нөлөөгүй болгож болдоггүй юм болов уу?

-Буруу сурталчилгаа энд нөлөөлсөн байж магадгүй. Хүн болгон огт өөр генетик тогтоцтой учраас вакцинд сул хариулдаг ганц нэг тохиолдол бий. 50 мянган хүүхэд вакцин тариулахад ганц нэг хүүхдэд хүндрэл өгсөн. Яахав вакцины хадгалалт, тээвэрлэлтийн алдаанаас хүндрэл өгч болно. Гэхдээ судалж үзэхэд вакцины хүндрэл гарсан хүүхэд удамшлын дархлааны дутагдалтай байсан. Хүн болгоны удамшлын төрхийг тогтоож байж, вакцин хийнэ гэвэл асар үнэтэй учраас ингэж байгаа улс дэлхийд үгүй. Вакциныг огт хүндрэлгүй болгох арга байхгүй. Хэт урвал өгдөггүй вакцин таривал дархлаа үүсэхгүй шүү дээ. Барууны орнууд үүнийг яаж шийдэж байна гэхээр эцэг, эх өөрөө тариулах эсэхээ шийддэг. Гэхдээ нэг онцлог бий. Вакциныг ямар ч оронд төсвийн мөнгөөр эсвэл даатгалаар хийдэг. Вакцин хийлгэх эсэхээ эцэг эх шийднэ. Гэхдээ вакцин хийлгээгүйн улмаас хүүхэд ньөвдвөл бүх зардлыг нь өөрсдөө төлдөг. Тийм л зам бий. Манай хүмүүсийн мэдээлэл сайжирсан учраас албан журмын юманд дургүй болчихжээ. Өөрсдөө л шийдэг. Манайхан гадагшаа явахад улаанбурханыг устгасан Америк зэрэг газраас шаардлага тавьдаг. Танай улсаас манайд амьдарч байгаа хүүхэд вакцин тариулсан гэрчилгээ байхгүй бол бид сургуульд авахгүй гэдэг. Бас эцэг эх өөрийн хариуцлагатай байх ёстой. Вакцин хийсэн эсэхийг ч мэдэхгүй явна гэдэг дэндүү хариуцлагагүй асуудал.

Өмнөд хөршөөс улаанбурхан авсан гээд л байна. Улаанбурханаас гадна гахай, тахианы томуу, элдэв цар тахал ч орж ирэх боломжтой шүү дээ. Энд эрүүл мэндийн байгууллагууд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

-Эрүүл мэндийн сал­барынхан юу хийж байгааг би мэдэхгүй. Эмнэлэг бүхнээс хамгаалж чадахгүй. Шувууны томуу энэ тэр орж ирэхгүй байгаа нь монголчуудын амьдралын хэв маягтай холбоотой. Манайхан нэг их шувуутай нялуураад байдаг улс биш. Тийм учраас гайгүй юм шиг байгаа юм. Шувууны томуу Хятадад зөндөө л гарлаа. Амьд шувуу зардаг зах дээрээс түүхий мах битгий ав гэж зөвлөж байгаа юм л даа. Манайхан бол болсон мах ч авахгүй.

Сүүлийн үед манайхан ч тахианы мах их идэх болсон. Урд хөршид хямд байна гээд Хятадаас тахианы мах зөөдөг хүмүүс олон байдаг?

-Тахианы чанасан маханд юу ч байхгүй. Чанахад вирус байсан ч үхчихнэ. Хятадаар явж үзсэн бол амьд шувууг алаад махыг нь шууд өгдөг үйлчилгээ байдаг. Шинээр нь худалдаж байгаа гэсэн үг. Манай шинэ хонины шөл гэдэгтэй ижил утгатай.Тэрүүгээр бүү яваач гэж байгаа юм. Болгосон тахиа, гахайны мах бол гэмгүй. Улаанбурхан амьтнаас халдахгүй. Улаан­бурханы вирусийг хадгалдаг амьтан байхгүй. Зарим оронд бага насны хүүхэд хил нэвтрүүлэхдээ халууныг нь үздэг журам бий. Манайх бол Хятад, Оростой найрамдлаа сайжруулах гэж байгаа учраас иймэрхүү шаардлага тавьдаггүй. Улаанбурхан өвчин гарна гэдэг тахал гарсантай адил. Энэ чинь гарахаа байсан өвчин тохиолдоод байна. Тийм учраас энд онцгой анхаарах учиртай. Уг нь хилээр нэвтэрч байгаа улсаас “Улаанбурханы тарилга хийлгэсэн үү” гэж асууж болох талтай. Тэр мэтийн юм жижигхэнд тооцогдож ирлээ. Анх цагаан сарын үеэр энэ өвчин орж ирсэн байж магадгүй. Хятадаас хүн оруулахгүй байж болохгүй. Хятадад явж байхдаа айл хэсч хэрэггүй. Жаахан хүүхэдтэй айлын хүүхэд туурсан байвал бушуухан холдох хэрэгтэй. Улаанбурхан саарсшиг үхлийн хувь өндөртэй биш учраас манайхан нэг их тоодоггүй тал бий. Хамгийн ноцтой юм бол бага насанд тохиолддог өвчин нас өндөрсөх тусам хүндрэл ихтэй. Нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт манайхан шалгалт хийхэд гэр бүлийн гурван хүн тууралттай байсан. Нөгөө улсуудыг эмч нар Эритромицины хордлого гэж хэвтүүлсэн байгаа юм. Улаанбурханы тархалтыг зогсоосон гэдгийг манай эмч нар устгасан гэж ойлгодог.Энэ өвчин ахиад гарахгүй болсон гэж хүлээж авдаг. 1987 оноос улаанбурханы вакциныг хоёр удаа хийдэг болсон. Үүнээс өмнө нэг удаа тарьдаг байхад вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа сулраад одоо өвчилсөн байж болно. Эмч нараа сургахад яам анхаарч байна. Гарахаа байсан өвчний талаар хичээл заахад ч хүнд. Хүүхдийн эмч нарт ялангуяа энэ тухай заах, давтан сургах учиртай. Гэтэл энд мөнгө шаардлагатай. Засаг мөнгөө хасаад байгаа.

Та бас элэгний В вирусийн вакцин гаргахаар судалж, өөр дээрээ хүртэл туршилт хийж явсан хүн. Сүүлийн үедэлэгний өвчлөл ихэсч байна. Америкаас оруулж ирж байгаа С вирусийг устгах эм манайхны хувьд маш өндөр үнэтэй байна. Эх орондоо элэгний өвчлөлийн эсрэг вакцин хийх, эм хийх, судалгааны ажил хийх боломж хэр байдаг вэ?

-1990 оноос хойш төрсөн бүх хүн В-гийн эсрэг вакцин хийлгэсэн.Тэр үед В вакцины үнэ өртөг хямдарсан байсан учраас бид вакцин үйлдвэрлэх шаардлагагүй болсон л доо. Том компаниуд хямдхан үйлдвэрлэж байхад бидний вакцин өртөг өндөртэй болоод бид үйлдвэрлэж чадаагүй. Вакцин бүтээчихээд, үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ. ДЭМБ-ын зөвлөмж бий.50 сая хүрэхгүй хүн амтай оронвакцин үйлдвэрлэх нь үр ашиг муутай гэдэг. Бид хэчнээн вакцин зохион бүтээлээ ч үйлдвэрлэх хүчин чадал байхгүй. Би өөрийнхөө биеэр амссан хүн. В вакциныг хийж болж л байсан. Ямар нэг юмыг бага тоогоор үйлдвэрлэхээр өртөг нь ихэсдэг. Сайн үйлдвэрлээд гадагш нь гаргаж болно л доо. Тэгвэл манай вакциныг хэн авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид яаманд байхдаа хөөцөлдөөд нэг удаагийн зүү тариурын үйлдвэр байгуулсан шүү дээ. Солонгостой хамтарч байгуулсан анхны үйлдвэр одоо зогсчихсон байгаа. Бид жилд 100 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Манайх бол 30-40 сая шприц хэрэг­лэдэг юм байна л даа. Илүүг нь экспортолно гэж тооцоолсон юм. Орос, Хятад хоёр зарах гэж байгаа бүтээгдэхүүнийг нь хамгийн хямдаар нийлүүлчихдэг. Монголдоо л үйлдвэрлэсэн бол үнэтэй авъя гэх эх оронч хүн ховор. Тэгсээр байгаад энэ үйлдвэр зогсч байна. Солонгосын технологитой Оросынхоос илүү үйлдвэр. Хятад, Оросын зах зээлд бас шприц оруулахыг хорьчихдог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн биш байсан л даа. Хятад, Орос хоёр өвөрмөц улсууд. Ямар ч вакциныг худалдаж авдаггүй. Өөрөө хийж чадсан цагтаа л хэрэглэнэ. Мөнгөтэй бол судалгаа хийхэд бэлэн улсууд байна. Гэхдээ эцсийн үр дүн гарахгүй судалгааг улс санхүүжүүлэхгүй шүү дээ.

Элэгний өвчлөл өндөр, гаднаас оруулж ирэх эмийг дийлэх өвчтөн цөөн үед яах вэ?

-Үнийг бага ч болов буу­руулах хэрэгтэй. ЭМСЯ, “Оном” сан хамтарч хөөцөлдөөд С вирусийн эсрэг эмийн үнийг 99 хувь бууруулахаар гэрээ хийсэн. Ингэж хямдруулна гэдэг төр оролцож байгаа хэрэг. Ямар нэг юмыг 100 хувь төр дааж чадахгүй. Бид олсон мөнгөө 100 хувь төрд өгч байгаа биш. С вирусынэм нэг курс нь 900 гаруй доллар гэхээр курс эм нь 2 сая орчим төгрөг гэсэн үг.Ийм мөнгөөргуанзанд ордог хүмүүс байна ш дээ.Эмийг ямар нэг эмийн компани оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх ёсгүй, хуулиараа. Ямар нэг эм оруулж ирэхэд тэр нь гарсан зардлаа нөхөж байж эм оруулж ирдэг. Монголчуудын боловсрол өндөр. Өөрийн чадавхиас өндөр хэрэглээтэй. Өөрөө мөнгө олох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас зөрчил үүсч байгаа юм. Манайхаасөндөр элэгний өвчлөлтэй, элэгний хавдар ихтэй улсууд дэлхийд байна. Африкт байна. Зүүн өмнөд Азийн зарим улсууд бий. Тэд энэ шинэ эмийн тухай ерөөсөө мэдэхгүй байж л байна. Манайхан бол интернэт ашиглалт өндөр байна. Бид бол боловсронгуй ард түмэн. Гэхдээ ядуу.

Монголчууд яагаад элэгний өвчлөлд өртөмтгий байдаг юм бэ. Үндэстний онцлог байна уу?

-Бид бас тэгж хардаж байгаа юм. Яагаад гэвэл В гепатитаар өвдөхөдцагаан арьстануудаас 01 хувь нь халдвар тээгч болж үлддэг. 1000 хүн тутмаас нэг нь гэсэн үг. Гэтэл манайд 100 хүн тутмаас 10 нь халдвар тээдэг.

Энэчанар нь удамшдаг уу?

-Удамшил биш юм. Вирусийг хүлээж авах чадвар нь удамшдаг гэсэн үг. Өвчин нь удамшдаг юм биш.Тархи нугасны саа үүсгэдэг вирус 100 хүнд халдахад нэг хүнд л саа үүсгэдэг. 20 жилийн өмнө үүнийг судлах боломжгүй байсан. Одоо бол хүний бүх генийн дэс дарааллыг судалж тогтоодог болсон. Бидний бие ямар вирустэй найзалж болох вэ, ирээдүйд ямар өвчин тусч болохыг хэлдэг болсон байна. Америкт Обама Ерөнхийлөгч хоёрдугаар сард зарлачихлаа. “Одоо манайх хүн амдаа бодгальжсан анагаах ухааны тусламж үзүүлнэ” гэсэн. Бүх хүнд адилхан нэг үйлчилгээ үзүүлдгээ болино гэсэн үг. Тэр судалгаанд ирэх таван жилд Америк хоёр тэрбум ам.доллар зарцуулна гэсэн юм. Харин манайх тэр үед анагаах ухааны бүх хүрээлэнгүүдээ татан буулгаад, их сургуульд нэгтгэсэн. Бид уг нь Америкийг дуурайх дуртай юм бол түүнийг л дуурайх байсан юм. Одоо бол ямар нэг эмхүн болгонд тохирсон тунтай болж магадгүй. Би жишээлбэл толгой өвдвөл гурван аналгин уухаас нааш дарагдахгүй байж болно. Та бол тал аналгин уухад толгой нь эргэдэг байж болно. Одоо хүн болгоны генетик онцлогийг судалж байж дараа нь эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай ярьж байна. Тодорхой хэсэг өмөн удамших шинжтэй байдаг. Жишээлбэл хөхний хавдар. Анжелина Жоли 20 жилийн дараа хавдраар өвчлөхийг хүлээлгүй хөхөө авахуулсан. Сая бас өндгөвчөө авахуулсан. Хөхний хавдрыг дэмждэг өвөрмөц ген байдаг. Генийн мутаци байгаа эсэхийг шинжлүүлсэн. Заавал хавдар тусахгүйгээр вакцинтай адил урьдчилан сэргийлэх боломжтой.

Одоо бол манайд элэгний В, Д вирусийг ялгаж оношилж чадахгүй байгаа гэсэн яриа байдаг?

-В вирусийг л устгачих юм бол Д үржихгүй, дагавар вирус. В-тэй тэмцэх асуудлаа сайжруулбал Д-гийн асуудал аяндаа арилна. Гэхдээ В вакцин хийхээс өмнө халдвар авсан хүмүүс манайд нэлээд бий.

В вирусийн вакциныг та хавдрын эсрэг вакцин гэж нэрлэж байсан?

-Би ч тэгж нэрлэсэн юм байхгүй. ДЭМБ тэгж нэрлэж байсан юм. В вирус хүний биед ороход зарим хүнд тогтохгүй гадагшилчихдаг. Гэтэл В вирусийн халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 10 хувьд нь тэр вирус үлдчихдэг. Бас л хүн хүний онцлог. 90 хувь нь В вирус туссан ч зүгээр өнгөрдөг. Халдвар авсан хүний дахиад 10 орчим хувь нь 30 жилийн дараа элэгний хавдар болдог. 1990 онд вакцин тарьж эхлэхээр 2020 оноос жаахан багасах ёстой гэж тооцоолсон. Гэтэл тэр үед С вирусийн асуудал шийдэгдээгүй байлаа. Харин одоо С вирус бас хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. С вирус хурц шарлалт үүсгэх нь бага. Халдвар авснаа хүүхэд насанд анзаарахгүй. Том хүн бол жаахан ядраад нойр нь хүрээд явдаг. Анзааргагүй хүн бол тоохгүй. Тэгэхээр энэ бол аюултай өвчин. Бидний хийсэн тооцоогоор 300-400 мянган хүн Свирусийн архаг халдвартай юм байна. Тэр улсуудаа толгой дараалан эмчилж чадвал 30 жилийн дараа элэгний хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэсэн тооцоо бий.

Б.ЯНЖМАА