Categories
мэдээ цаг-үе

Д.Цэнд: Монголын төр Тува руу хулгайлагдсан малынхаа араас хөөцөлддөг атлаа хүнээ нэхэхгүй байна

ОХУ-ын нутагт монгол бүсгүйг машинтай нь шатаасан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Энэ талаар манай сонин өнгөрсөн наймдугаар сард Тува, Хакасын нутгаар явж сурвалжлага хүргэж байсан билээ. Хэргийн талаар нэхэн сануулахад хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ “Toyota-Crown” автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан юм. ОХУ-ын хуулийн байгууллагаас монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн холбогдогчийг өнөөг хүртэл олоогүй бөгөөд Кызылд Монголыг төлөөлж суугаа Ерөнхий консул талийгаачийн ар гэрийнхэнд “Хэргийн мөрдөн шалгалт ерөнхийдөө хад мөргөсөн” гэж ярьжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорт хандсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй аж.

ОХУ-д бусдын гарт амиа алдсан Ц.Оюунгэрэлийн ээж Д.Цэнд манай сонинд хандаж ярилцлага өглөө.

-Хэрэг гараад багагүй хугацаа өнгөрлөө. ОХУ-аас ямар сураг чимээ байхгүй юу?

-Охин минь гэрээсээ гараад есөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Машиныг нь шатсан байхыг оллоо, дотор нь эмэгтэй хүн байсан ул мөр байна гэж биднийг долдугаар сард дуудаж байцаасан. Гэхдээ “Яг танай охин мөн эсэхийг хэлэх боломжгүй. Генийн шинжилгээ хийж байж тогтооно” гээд надаас шинжилгээ авсан. Генийн шинжилгээний хариу гарлаа гэсэн албан бичиг арванхоёрдугаар сарын 13-нд ирсэн. Тэр хүртэл муу охиноо амьд гэдэг итгэл алдраагүй. Оросууд барьцаалчихсан байгаасай л гэж залбирч байлаа. Гэтэл шинжилгээгээр машинд байсан эмэгтэй хүнээс үлдсэн яс миний охиных гэдэг нь тодорхой болсон. Тэр албан бичгийг хүлээж аваад хамт явалцаад өгөөч гэж аймгийн прокурор, ЗДТГ-ынханд хандсан ч хөдлөөгүй. Кызылд байгаа Монголын консулд хандахад “Ак-Довурак хот хүртэл явах машинд бензин хийх төсөв байхгүй” гээд бас хөдөлж өгөөгүй. Талийгаачийн аав бид хоёулаа тэтгэврийн хөгшчүүл. Арга ядаад хотоос талийгаачийн хоёр дүүг дуудаад дөрвүүлээ машин хөлслөөд Ак-Довурак хот руу явсан. Очиход талийгаачаас үлдсэн эд зүйл шарил хадгалах байранд байгаа гэж хэлсэн.

-Машинаас хэдхэн төмөр үлдсэн байсан. Тэгэхээр талийгаачийнх гэх зүйл бараг үлдээгүй болов уу?

-Шарил хадгалах байрны нэг буланд тариурын жижиг хайрцагт ясны хэлтэрхий хийгээд тавьчихсан байсан. Монгол хүмүүс хойно Кызылээс нэг лам, талийгаачийн найз хоёрыг авчраад ном уншуулаад, тэндээ хайрцаг хийлгээд үлдсэн зүйлийг нь хийж авчирсан. Нутагтаа ирээд охиноо хүн ёсоор нутаглууллаа.

-Та бүхнийг очиход Ак-Довуракийн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан уу?

-Анх очиход асууж байцааснаа дахиж лавлаж асуусан. Охин минь наадмын өмнө бараа авахаар ганцаараа явлаа гээд гэрээсээ гарсан шүү дээ. Тэр тухай нь ярьсан. Гэрээсээ явахдаа ямар хүмүүстэй утсаар ярьсан бүх жагсаалтыг нь гаргаж өгсөн. Хил дээр нэг сүлжээ барьдаг. Тэгээд л Монголын үүрэн холбооны сүлжээ барихаа больчихдог. Хандгайтын дэлгүүрээс орос дугаар авах гэтэл гадаадын хүн гээд өгөөгүй юм билээ. Цайны газарт хоол идсэн бичлэг байгаа гэсэн. Бас Хандгайтаас 50 литр бензин авсан нь бичлэгт үлдсэн гэнэ. Тэндээс яваад л сураггүй болсон юм билээ. Мөрдөн байцаагчийн ярьж байгаагаар машиных нь хоёр номер машин дотроос нь олдсон гэсэн. Тэгэхээр шатахаасаа өмнө амийг нь хороосон уу, эсвэл барьцаалсан уу. Бензинийг нь дуусгатал яваад хонхорт очоод шатахуун хийж шатаасан гэж үзэж байгаа юм билээ. Сая биднийг очиход хэргийн газрын зураг үзүүлсэн.

-Хандгайтаас хамт цааш явсан гэх нэг эмэгтэйг сэжигтнээр байцааж байгаа гэж мэдээлсэн. Тэр юу болсон бэ?

-Тэр тухай асуусан. Тэр эмэгтэй хэрэг гарахаас өмнө Увс аймагт ирсэн юм билээ. Тиймээс Тувагаас дөрвөн мөрдөн байцаагч Увс аймагт ирсэн. Тэр эмэгтэй “Буудлын цонхоор харахад гэр хороолол харагдаж байсан” гэж мэдүүлсэн гэсэн. Аймгийн цагдаа нар бүх буудлаар явж шалгахад тэр эмэгтэй “Хяргас нуур” гэдэг буудалд хоёр хонох захиалга өгсөн нь тодорхой болсон. Гэхдээ нэг хоноод явсан гэсэн. Буцахдаа талийгаачаас 21 минутын зөрүүтэй хилээр гарсан юм билээ. Тэгэхээр тэр эмэгтэйг Увсаас талийгаачтай хамт явсан, хил гараад мөн дайгдсан гэж сэжиглэн шалгасан байх. Бид ч тэгж таамаглаж байгаа.

-Тэр эмэгтэй Увсад ямар хүмүүстэй очсон юм бол. Талийгаачийг таньдаг юм болов уу?

-Талийгаачийг танихгүй гэж мэдүүлсэн гэсэн. Тувачууд хэзээ ч ганц, нэгээрээ Увсад очдоггүй. Хоёр, гурвуулаа эсвэл Увсад байгаа монгол түншийндээ очдог. Гэтэл тэр эмэгтэй хэнтэй уулзах гэж Увсад ямар зорилгоор очсоноо хэлэхгүй байна гэж мөрдөн байцаагч нь тайлбарласан. Талийгаач явахаасаа өмнө Увсын С гэдэг бүсгүйтэй уулзаж, гэртээ удаан суусан юм билээ. Тэр эмэгтэй тува найзыгаа дайж явуулсан гэдэг хардлага бас байгаа.

-С гэдэг эмэгтэйг байцаасан юм болов уу?

-С-ээс байцаалт авсан, бас бүх ах дүү нартай нь уулзсан. Тэр хоёр холбоогүй нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч хэлсэн.

-Хамт явсан эмэгтэй нь талийгаачаас хэзээ салсан юм бол?

-Ак-Добурак хотоос наана буудал дээр буусан гэсэн. Тэр эмэгтэйгээс салаад 20 км яваад машиныг нь шатаасан байсан. Миний таамаглаж байгаагаар тэр тува эмэгтэй талийгаачийг мөнгөтэй яваа талаар бусдад утсаар мэдээлсэн болов уу. Түүнээс миний охиныг монгол гэж барагтай хүн танихгүй. Орос хэлээр маш сайн ярьдаг. Бас шар царайтай. Гэмт хэрэгтнүүд хяналтын камергүй газар анаж байгаад машиныг нь шатаасан болов уу.

-Талийгаачийг мөнгөтэй явааг тэр эмэгтэй мэдсэн гэж үү?

-Увсад байдаг С гэдэг эмэгтэй сайн мэдэж байсан. Явахынхаа өмнө намайг дуудаад “С-тэй явах гэсэн явахгүй гэнэ. Завдсанаараа би жижиг машинаараа 7-нд яваад хоёр хоноод ирье. Та энэ 300 мянган рублийг дүү рүү явуулаарай” гэж өгсөн. Дүү рүүгээ явуулсан мөнгөнөөсөө гадна 400 шахам мянган рубльтай явсан. Ер нь манай охин түүнээс их мөнгөтэй явдаг байсан.

-Олон жил ганцаараа наймаа хийж явдаг байсан уу?

-Нөхөртэйгээ хамт гурил зөөдөг. Байнга хоёулаа явдаг байсан. Нөхөр нь талийгаач болсноос хойш хоёр, гурван жил ганцаараа явсан. Тувагийн хилээр гараад Сэлэнгээр ирдэг. Сэлэнгээр яваад шууд Тувагийн хилээр ирдэг. Замаа маш сайн мэддэг байсан.

-Талийгаачийн цогцсыг авахаар очиход мөрдөн байцаагч хэрэг илрэх шинжтэй гэж байна уу?

-Тагнуулын алба, эрэн сурвалжлах алба, цагдаагийн байгууллага гэсэн гурван тусдаа групп тус тусдаа хавтаст хэрэг нээгээд ажиллаж байна. Хэргийн 70-80 хувь нь илэрч байгаа гэсэн. Гэтэл тэрнээс хойш сураг байдаггүй. Утсаар мэдээлэл өгөхгүй гэдэг. Консулаараа дамжуулаад мэдээлэл авах гэхээр Ерөнхий консул “Сураггүй байна” гэдгээс өөрийг хэлдэггүй. Уг нь мөрдөн байцаагч нь Кызылд байгаа шүү дээ. Нэг дор байгаа хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох боломжтой. Тэгээд ч тэнд байгаа консул Монгол Улсын төрийг төлөөлж, иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн байх учиртай. Гэтэл хүнийхээ төлөө ерөөсөө ажиллахгүй юм. Тувагийн хилээр хулгайлагдсан малын араас олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл хүнийхээ араас хөөцөлдөхгүй байгаад гомдолтой байна.

-Ерөнхий консул та бүхэнд хэзээ “Хэрэг хад мөргөчихлөө” гэж хэлсэн юм бэ?

-Цагаан сарын дараа манай хөгшинтэй ирж уулзаад ингэж хэлсэн гэсэн. “Таг чиг. Хад мөргөчихлөө” гэж ярьсан. Талийгаачийн машин шатсан байхыг олсны дараа л Ерөнхий консул байцаагчтай нь нэг удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө хөөцөлдөөгүй. Хариу ирэхгүй байна л гэж бидэнд хэлдэг.

-Хууль зүйн сайдыг Ерөнхий прокурор байхад та очиж уулзаж, учир явдлыг ярьсан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Наймдугаар сард уулзах хүсэлт тавиад өрөөнд нь ороход “Өдрийн сониноос л ийм хэрэг болсныг мэдлээ. Прокурор томилж өгнө” гэсэн. Аймагт очиход прокурор “Ерөнхий прокурор үүрэг өгсөн. Гэхдээ бид хил гарвал сөрөг тагнуул гэж хардагддаг учраас Тувад очих боломжгүй” гэсэн. Дараа Гадаад хэргийн яамны Консулын газрын даргад бичгээр хүсэлт өгсөн. Сарын дотор хариу өгөх үүрэгтэй гэсэн ч өнөөг хүртэл хариу алга. Хариугаа нэхээд очихоор “Цаанаас албан бичиг ирээгүй. Ирэхээр нь та нарт хариу өгнө. Өөр арга байхгүй. Та нар хувь шугамаар дараа дараачийн арга хэмжээгээ авбал ав” гэдэг. ОХУ-ын хуулийн байгууллага хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгааг Гадаад хэргийн яаманд өгчихөж болдоггүй юм болов уу гэж бодох юм. Ингээд л бид мухардчихаад байна.

-Одоо яах билээ. Хувь шугамаар ямар арга хэмжээ авна гэж?

-Ирэх долоо хоногт хэлмэрч аваад Тува, Ак-Добурак явж мөрдөн байцаагчтай дахин уулзах хүсэлт гаргая. Хэрэг гарсан газруудаар дахин явж ирээд Ерөнхийлөгчид хандъя гэж бодож байна. Хүний газар охиноо алдаад хэдэн ясны хэлтэрхийтэй л үлдлээ. Хүний амь хөнөөсөн тэр этгээд шийтгэл хүлээх хэрэгтэй биз дээ. Монгол хүний үнэ цэн хаана байна вэ. Тэтгэврийн хоёр хөгшин аргаа барахдаа сонинд хандах юм. Өөр хүлээж авах газар, байгууллага ч гэж алга. Хүнийхээ хойноос хөөцөлдөөч гэж Монголын төрөөс хүсмээр байна. Охин минь айлын том нь. Доороо таван дүүтэй. 1986 оноос наймаачдад хэлмэрч хийж орос явж байгаад зах зээл эхлэнгүүт наймаа хийсэн. 20 гаруй жил наймаа хийж Увс аймагт дэлгүүр, зочид буудал гээд хоёр гурван объект ажиллуулдаг. Хоёр хөгшний, дүү нарынхаа амьдралыг авч явж байсан хүн. Ганц охинтой. Түүнийгээ Бээжинд сургадаг байсан. Охиных нь сургалтын төлбөрийг төлж дийлэхгүйд хүрээд Засгийн газрын тэтгэлэг авах шалгалт өгүүллээ. Банкны 260 гаруй сая төгрөгийн зээл үлдсэн. Хөгшин минь хөгжлийн бэрхшээлтэй. Нэг дүү нь цус харвахад талийгаач Солонгост эмчлүүлж байсан. Тэр дүү нь одоо ч хэвтэрт байна. Гэх мэт зовлон яриад байвал их байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Энэ бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээ болно

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 18-ы бямба гаригт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно.

Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэх юм.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллана. Гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Малайзад монгол бүсгүй амиа алдсан хэрэгт нутаг нэгт гурван эмэгтэйг шалгаж байна

Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь орон сууц­ны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар тэндхийн www.thestar.com сайт сайтад мэдээлжээ. Өн­гөр­сөн ням гаригийн 11.00 цагийн орчимд оршин суугчид цагдаагийн байгууллагад “Хашгирах дуу сонсогдоод байна” гэж дуудлага өгчээ. Цагдаа нарыг очиход хохирогч өндрөөс унаж амиа алдсан байжээ. Мөн түүний амьдарч байсан өрөөнд шар айрагны лааз хөглөрсөн, шилэн ширээн дээр аяга таваг хагарсан бай­дал­тай байжээ. Тухайн үед хохирогчийн өрөөнд гурван монгол байсан бөгөөд тэд хамт амьдардаг байсан аж. Цагдаа нар тэднийг талийгаачийн амиа алдсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэнэ. Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруу­лахад “Бангкок дахь Элчин сайдын яам бо­лон Малайзад суугаа Өр­гөмжит консулаас авсан мэ­дээл­лээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гур­­ван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан. Хэрэг гарахын өмнө тэд хоо­рон­доо маргалдсан байж бол­зошгүй гэж мөрдөн байцаагч үзэж байгаа бөгөөд хамт бай­сан гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ. Тэдэндангли хэлний ор­чуулагч шаардлагатай бай­на гэсэн тул Бангкок дахь ЭСЯ-наас орчуулга хийх хүнийг олж өгөх арга хэмжээ авсан байна” гэж мэдээллээ. Малайзад суралцахад зуу­чилдаг эх сурвалж “Исламын их сургуульд гадаадын оюу­­тан цөөн суралцдаг. Ма­лайзын ислам үндэстнүүд ихэвч­лэн суралцдаг хувийн сургууль. Зуучлагчдын хувьд тэр сургуульд монголчуудыг сурахыг зөвлөдөггүй юм” гэлээ. Өөр эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр болсон явдлыг мэдсэн бөгөөд өнөө­дөр Малайз руу явахаар болжээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар оффисын шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Энэхүү ажлын байрыг ашиглалтад оруулснаар зам талбайн арчлалт, цэвэрлэгээ, ногоон байгууламж, далан суваг, шугам сүлжээ чиглэлээр ажилладаг 800 гаруй хүний тав тухтай ажиллах орчин бүрдэж байгаа юм. Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт нийтийн үйлчилгээг хүргэдэг тус салбарын нэгжүүд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Ийнхүү шинэ байр ашиглалтад орсноор салбарын удирдлага, зохион байгууламж, ажлын уялдаа холбоо, ажилчдын нийгмийн асуудал гээд тулгамдсан бэрхшээлд цэг тавьлаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хэлсэн үгэндээ “Өмнө нь нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс маш бага цалинтай, архидалт ихтэй, хариуцлагагүй бөгөөд тус салбарын талаарх нийгмийн үнэлэмж харьцангуй доогуур байлаа. Өнөөдөр салбарын маань ажилчдын цалин дэлхийн жишигт хүрч манай салбарт ажиллах хүсэлтэй иргэд нэмэгдэж байна” гэлээ гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Нам өмчгүй байх нь зүйтэй, хууль гарвал байраа хүлээлгэж өгнө

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өчигдөр төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүл­чидтэй зангиагүй уулалт хийлээ. Уулзалтад “Өдрийн сонин”, “Ардчилал сонин”, “Ньюс.мн”, “Мэдээ.мн”, “Ikon.mn”, “Тв-5”, “Ийгл”, “UBS”, МҮОНРТ-ийн сэт­гүүлчид оролцлоо. УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг хүргэе.

-Хамгийн сүүлийн үеийн үйл явдал АН фракцгүй болох тухай байлаа. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргав?

-Фракц гэдэг бол хэсэг гэсэн үг. Нам намаараа л нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс Германы Социал демократ нам дотор, Христийн ардчилсан нам дотор янз бүрийн фракц байх нь утгагүй.Тиймээс бид дэлхийн улс төрийн жишгийг дагаж явах хэрэгтэй болчихоод байна. Хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга байсан. Тэгээд фракцгүй болсон. Цаашид би асуудалд фракцийн арга барилаар хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ ҮЗХ томилох ёстой. Тэгэхэд намын жирийн гишүүдээсээ хамгийн их санал авсан хүнийг л гаргана. Аль фракцийнх вэ гэдгийг нь огтхон ч сонирхохгүй. Хамгийн их амжилт гаргах хүнээ олж сонгохын тулд фракцгүй болж байгаа.

-АН-ыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэл төрөхгүй байна?

-Фракцуудыг урамшуулсан тог­толцоог Н.Алтанхуяг дар­гын үед явуулсан. Намайг дарга болох хүртэл фракцууд чөлөөтэй байж түүнийг ажлаа явуулах арга гэж үздэг байлаа. Намын дүрэмд фракцтай байна гэсэн зүйл байхгүй. Та бүхэн санаж байгаа бол 2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч АН-ын дарга болж фракцгүй болно гээд сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. Сонгууль дөх­сөн үед фракцаараа ялгарч болохгүй. Сонгууль сахилга батыг шаарддаг. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцийг дуртай нь байгуулаад дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл болохоор үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.

-Та “Толгой компаниу­даас хамааралтай намуу­дын санхүүжилтийн асууд­­лыг цэгцэлнэ” гэж ярьдаг. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд яаж тусгах бол?

-Намын санхүүжилтийг шийдэхээс өөр аргагүй бай­далд хүрсэн. Намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Би урьд нь намын дарга байгаагүй учраас асуудал хол байжээ. УИХ-д суудалтай намуудын даргатай яриад “Нам шилэн данстай байхгүй бол намуудад итгэх итгэл алдагдаад байна. Том компа­ниудын халаасанд орсон байна гэж шүүмжлээд байна. Энэ үнэн” гэдгийг ерөнхийдөө тохирсон. Үүнтэй холбоотой гурван хуулийн төсөл бэлдчихээд жил боллоо. Намын тухай, Намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сонгуулийн тухай гэж. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байлгах. Тэгээд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа. Тэгж байж том компаниудын халаа­санд орохгүй байх бодлого хэрэгжинэ. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Гишүү­дийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ, Герман. 50 хувиа аваагүй бол улсаас өгөх мөнгийг багасгачихдаг.

-Нэр дэвшигчдээс мөнгө авах уу?

-Нэр дэвшигчдээс мөнгө авахыг тэглэх гэж байгаа. Урьд нь авдаг байсан 50 сая төгрөгийг чинь авахаа болино. Чи тойргийнхоо сонгогчдод наад мөнгөө зарцуул гэнэ. Намуудын гол бэрхшээл сон­гуулийн үед гардаг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд бичиж өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх. Тиймд Сонгуулийн хуулиа мөнгө бага зарцуулахаар бодож өөрчлөлтүүдийг хийнэ. Миний ярьж байгаа яриа бүхэн удахгүй УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Намуудын санхүүжилтийн тухай хууль дээр тусгалаа олоод гарна.

-Энэ санаачилгатай зэрэгцээд АН-ынхан өрх тусгаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдгээс дайжсан үйлдэл байж болох уу?

-Л.Гүндалайг хэлж байгаа бол байнга орж гарч байдаг болохоор сонин биш. Миний мэдэхээр хоёр дахиа АН-д орж, хоёр дахиа шинэ нам байгуулж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй хүмүүсээр АН дутахгүй. Л.Гүндалай “Шинэ засагт сайд болгохгүй бол АН-аас гарлаа” гэсэн. Тэгэхэд нь “Чамайг сайд болгохгүй ээ. Намаа байгуулна уу, өөрөө мэд” гэсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй. Өөр хүмүүс нам байгуулна гэж байгаа тухай сонсоогүй.

-ҮЗХ-ны ротаци, Их хурлын тухай яриа их байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улс төрийн намуудын тухай хууль гарахаар бүх намуудыг дүрмээ солихыг шаардана. Одоо намууд олон янзын бүтэцтэй байна. Ганц хүний нам хүртэл бий. Тэгэхээр улс төрийн гэрчилгээтэй л бол нэг дүрмээр, нэг хуулийн дагуу явъя. Бүх зүйлээ хуульдаа нийцүүл гэдэг үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь УИХ-д нэр дэвшигчдээ бүх нам жирийн гишүүдээсээ асууж, дотоод санал явуулах миний санал дэмжигдвэл ҮЗХ нь эцсийн шийдвэрийг гаргаж СЕХ-нд бичиг явуулна. Гэхдээ жирийн гишүүдээс хамгийн их санал авсан хүнийг сонгоно. Сүүлийн зургаан жил юу болсон бэ гэхээр намынхаа эв нэгдлийг хадгална гэдэг нэрээр дотоод бүх сонгуулиа зогсоочихоод байгаа. Сая дөрөвдүгээр сарын 7-ны баярын хурал дээр лоозон барьсан баахан залуус орж ирсэн. Тэд “Зургаан жил хаасан намынхаа хаалга цонхыг онгойлго. Бид ормоор байна” гэсэн. Тэднийг байж л байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад байсан нь буруу байсан юм. Сая намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэлсэн. Энэ л намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө, бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Тэр лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж уулзаад гар бариад тохироод салсан юм. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баянхонгор аймагт Д.Ганбат, Х.Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал. Тэгсэн “за, ойлголоо” гээд гарсан. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа. Намын доторхи сахилга батаа барьж амбийцаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй.

-Намын төсвийг нэмнэ гэдэг татвараас авна гэсэн үг. Үүнийг ард түмнээс асуух уу. Томоохон төслийг урагшлуулах, машины жолоог шийдэх гээд санал асуулга давамгайлдаг болсон байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын асуулга явуулсныг зөв, буруу гээд ярьж байгаа. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асуух нь мөнгөний гарз болоод байгаа юм. Үнэхээр сонгогч бүхэн утасныхаа номерыг хэлж, албан ёсны бүртгэлтэй гэдгээ тодорхойлоод санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тийм байдлаар асууж болно. Харин Намын санхүүжилтийн тухай та бүхэнд ярьж байгаа нь өөрөө “Та бүхнийг цааш нь түгээгээд өгөөч ээ” гэж байгаа хэрэг. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.

-Танаас өмнө намын дарга хүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?

-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэгэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дундД.Батцогт, Д.Арвин Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаар онцлог нь Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонх, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй гэж үзсэн. Мөн улстөржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор Ерөнхий сайдад аль нэг намын дарга бус хүнийг томилсон. Асуудалд улстөрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол С.Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн Шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас байсан. Тэр үед С.Баяр нь Сү.Батболд нь Н.Алтанхуягт үүрэг өгөхөд олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа орцгоо гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д байгаа.

-Сонгуулийн тогтолцоогоо асууна гээд байгаа. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Бас Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд сонгуулийн тухай хууль байна. Тиймээс АН дэмжихгүй.

-АН ямар тогтолцоог дэмжиж байгаа гэсэн үг вэ?

-Жижиг 76-н тойргоор яагаад сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг ярих ёстой. 2000 онд жижиг 76-н тойргоор явуулсан. Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХНнийт ард иргэдийн 51 хувийн санал авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл. 51 хувийн санал авч чадаагүй байж УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАХН-д санал өгөөгүй байхад парламентын суудлын 90 гаруй хувийг авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойрог томсгож явуулсан юм. Жагсаалт бол хүмүүсийн саналыг байгаагаар нь тусгадаг арга. Намын нэрээр санал авбал АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр өгсөн саналаар парламентын суудлын 40, 50 хувь гээд хувааж авна. Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. Жижиг 76 руу оръё гэдэг нь улам муутгах гээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Жишээ нь, АН-ын дүрмээр бол 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулсан. Тэр нь атаархал дагуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат жагсаалтадороод гишүүн болсон. Харин энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлсэн. Нэг хүн дахиад жагсаалтад орохгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт өрсөлдөнө. Жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Чи жагсаалтад ормоор байвал УИХ-ын гишүүн байж үз. УИХ-д нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Ингэж шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын уяачдын холбооны тэргүүн шиг хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байгаа. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй.

-Тэгэхээр АН залуучууддаа улам л хаалттай болоод байгаа юм биш үү. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа?

-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрах гэснийг зөвшөөрөхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон байвал АН-ын үнэ цэн бүхий гишүүн. Түүнээс биш ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад онд төрсөн хүмүүс орно шүү гэж механик аргаар зохицуулж болохгүй.

-Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Ирэх жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?

-Рейтинг гэдэг харьцангуй ойлголт. Өнөөдөр асуухад нэг өөр, маргааш асуухад бас өөр гардаг. Глобалчлал гэдэг зүйл явагдсанаас хойш дэлхий нийтэд төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Рейтинг яригдаад байдаг учраас 1960 оноос 2015 он хүртэлх Америкийн ард түмний төрдөө итгэх итгэлийн судалгааг та нарт үзүүлэхээр авч ирсэн. Кеннедиг Ерөнхийлөгч байхад буюу 1960 онд ард түмний 80 хувь нь төрдөө итгэдэг байсан бол 2015 онд 24 хувь болтлоо буурсан байгаа юм. Гэхдээ л энэ нь төр барьдаг хоёр намыг орхиж шинэ намыг гаргаж ирэх хүчин зүйл бас л болохгүй байдаг. Ингэж 55 жилийн турш төр, төрийг бүрдүүлдэг улс төрийн намын үүрэг роль өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувьтай байсан. Саяын судалгаагаар 50 хувьтай байна. Манайд 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл бүлгийн босго давснаас хойш гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Энэ нь зөвхөн АН-ын асуудал биш бүх намууд ард иргэдийнхээ төрд, улстөрд итгэх итгэлийг сэргээх тал дээр шинийг бодох шаардлага гарч ирснийг харуулж байгаа. Тийм учраас хуулиудад өөрчлөлт оруулж дансаа шилэн, хэнээс хандив авснаа ил болго гэж байна. Намынхаа гишүүдээр шийдвэр гаргуул. Магадгүй зовлонтой байх ч үүнээс өөр сайн арга бодож олоогүй.

-Боловсон хүчний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйгээд яаманд алба, хэлтэс удирддаг жишиг тогтчихлоо?

-Төрийн албаны тухай хуулийг та бүхэн мэднэ. Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн С.Чинзоригийнх биш.

Манай намынхан ч ийм. Хуучин Хөдөлмөрийн сайд ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий. Тэр нь С.Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдгийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.

-Шантааж хийдэгУИХ-ын гишүүд ч байгаа. Асуудлаас гарч чадна гэж та бодож байна уу?

-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж надад УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна.

-Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ?

-Нам өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Хуучин шилэн байшингаа зарчихсан. Тэнд барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй.

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?

-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Таван толгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа худагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан. 2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ Таван толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-д бичиж байсан. Тэр үед манай намын дарга Ц.Элбэгдорж ийм санаачилга гаргаад Сү.Батболдоос лицензийг аваад Ухаа худагийг өгсөн. Нийтдээ 6.5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд нь, 10 орчим хувь нь ард түмний өмч. Тэгээд ажиллуулах гээд Л.Энэбиш, Я.Батсуурь гээд захирал байсан ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. Би тэгж зогсоохоос өөр арга үлдсэнгүй. УИХ-ын вэб сайтад тавигдсан Таван толгойн гэрээг зурах гэж байна гэж албан ёсоор санал авахаар явуулсан байгаа юм. УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Таван толгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай роялти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний Таван толгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” -д очихоор 30 жилдээ нэмээд 20+20 гээд 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3-4 хувь болохоор гэрээнд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй. Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Таван толгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрүүдийг байхгүй юм шиг шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн. Тэгвэл М.Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

-Асуудлыг 14 хоногт шийдэж амжих уу. Ер нь энэ төсөл явах уу?

-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу толгой дээр гаргасан алдааг гаргах гэж байна. Олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. А.Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх энэ болгоноо өөрөө тогтооно гэсэн. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур явъя гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлүүлэх ёстой.

-Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?

-Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад Таван толгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн роялтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар хүлээсэн үүрэггүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр зарахыг зөвшөөрдөг юм. Оюу толгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.

-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?

-УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.

-УИХ-аар оруулахаар улстөрчдийн өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?

-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Таван толгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шинхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбарлах боломжтой л байх ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядуурвал шагнадаггүй байх хэрэгтэй

Ажиглаад байхад гадны орнуудад архинд орсон, ажилгүй хүн хэн ч биш болон хувирдаг. Энэ тухай өгүүлсэн кино, ном зохиол ч бишгүй. Аяндаа нийгэм нь шахаад, гишгэх газаргүй болгодог учраасиргэдийнх нь ухамсарт ажилгүй, архи залгилж, арчаагүй царайлж хэвтэх бодол суудаггүй. Чухамдаа иргэдээ ядуурал руу тэмүүлэх үзлээс хол байлгах менежментийг сайн хэрэгжүүлдэг учраас л гадаад орнууд дэлхийн өндөр хөгжилд хүрсэн байх. Солонгост эр нөхөр нь ажилгүй болбол тэр гэр орон сүйрдэг. Ажилгүй болсон эрд итгэдэг хүн, зээл олгодог банк олддоггүй. Эхнэр, хүүхдэд нь нүүр хийх газар, үг солих найз нөхөргүйүйлээ үзэж, нус нулимстайгаа хутгалдаж байгаа тухай бидний үздэг солонгос кинонд гардаг. Нэг сонирхолтой жишээ хэлье. Солонгосын Пусан хотын Саха дүүрэгт амьдардаг солонгос нөхөртэй эмэгтэйчүүд жагсаал хийжээ. Яагаад гэхээр тэдний нэг нь солонгос нөхөртөө зодуулж амь эрсэдсэн юм байна. Нэг талаас түүний дурсгалыг хүндэтгэх, нөгөө талаас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугаа нэгтгэж байгаа нь тэр. Энэ үедВьетнамынөдөр тутмын сонинууд “Солонгос эрчүүд боловсрол багатай, эдийн засгийн хувьд баталгаагүй, ажилгүй, архи тамхи хэрэглэдэг, нийгэмд төлөвшөөгүй эрчүүд байдаг. Тийм учраас вьетнам хүүхнүүдээ солонгосчуудтай гэрлэхийг хориглох хуультай болъё” гэдэг нийтлэлүүд бичиж байжээ. Энэ нь зөвхөнвьетнамчуудын эмэгтэйчүүдээ бодож олсон санаа хэдий ч үнэндээ дэлхийн улс орон болгонд л хэрэгтэй хууль байгаа биз.

Японд ялгаагүй ээ. Архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүдийг хэн ч тоодоггүй. Нийгэм гадуурхана. Үр хүүхдүүд нь сургууль дээрээ “Архичны хүү, арчаагүйядуу айлын хүүхэд” гэжшоглуулна. Эхнэр нь улаа эргэтэл яваад дэмжлэг эс олно. Хэний ч өмнө яаж ч бөхөлзөөд архичны эхнэр тул зээл авч чадахгүй, ажил олдохгүй. Япончууд хэзээний хатуу зарчимтай ажилсаг ард түмэн. Тэр байтугай хүүхдүүд ангидаа давтлага хийж байх тэр цагт нэг ньдотуур байрандаа унтаад үлдвэл сургууль даяараа гадуурхана. Залхуу хойргоор нь дуудаж шараа болгодог тухайжишээ байна. Ийм учраас япон хүмүүс архинд дуртай, ажилгүй эр нөхөр, түүний гэр бүл, үр хүүхдийг эвийлж хөөрхийлөхгүй нь тодорхой. Адилхан гар хөлтэй, оюун ухаантайюм бол хөдөлмөрлө, хариуцлагатай, хүний ёсоор амьдар гэдэг шаардлага тавьж, бие биеэ хүмүүжүүлдэг. Үгүй бол ядуусын тоог нэмэгдүүлсэн, улсаа муухай харагдуулж, хөгжлөөс нь хойш татсан хэн ч биш болонхувирна гэдэг сануулгыг нэг нэгэндээ хатуу өгч чаддаг ард түмэн.

Америк ч адил. Ядуу байхыг үзэн яддаг улс. Гэрийн эзэн ажилгүй, архи уухаас өөрийг мэдэхгүй бол аягатай хоолтой нь ярьчихдаг.Архи уудаг бол машин барих эрхгүй.Ажилгүй, ааш авир тааруу бол зээл авах боломжгүй.Энэ мэтээр арчаагүй америк хүний сайхан амьдрах боломж бүрийг нийгэм нь өөрөө хазаарлаад өгчихдөг. Америк хүүхдүүд аав, ээж, ар гэрийнхээ асуудлаас болж сургууль дээрээ гадуурхагдахыг тэвчиж чаддаггүй. Хэрэв тийм зүйл болбол манайхны хэлдгээр аав, ээжийнхээ чихнээс “хонх” уяж гомдоллоно. Тийм учраас америк эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүүрийг улайлгах зүйл хийдэггүй. Ажилтай, орлоготой, амьдралын өмнө хариуцлагатай байхыг эрхэмлэдэг. Тэр хэрээрээулсынх нь хөгжил ахицтай байдаг биз. Сая дурдсан жишээнүүд бол дэлхий нийтийн ядууралтай тэмцэж байгаа хэлбэр.

Тэгвэл одоо өөрийнхөө Монголыг харъя. Сүүлийн үед эрчүүдийн амьдралд хүлээх үүрэг хариуцлага хумигдсан.Эхнэрүүд нь ажил хийж, амьдралаа авч явдаг болсон тухай яриа их болжээ. Үнэний хувьтай учраас л яригдаж байгаа. Хамгийн гутармаар нь архиар хоол хийж, хэлээ хөндлөн зуусан ажилгүй тэнүүлчдийн тоо толгойтой үснээс ч их болчих гээд байгаа нь юм. Амьдрал нь жаахан л бартаа саад гарвал гутарсандаа архи ууна. Гэвч тэдэнд нийгмийн ямар ч дарамт, шахалт алга. Ажилгүй бол төрөөс халамж авчихна.Ах дүү нар харж үзнэ. Эсвэл эхнэр ажил хийчихнэ гэдэг тайвширна. Үгүй бол гудамжаар нэг хэвтэх хогноос мөнгө болох хаягдлыг нь түүгээд архиа уучихна. Өнөөдөр айлын нөхөр архинд орвол аав, ээж нь юм хэлдэггүй. Архи ууж, ядуурсан хүнд хариуцлага тооцох тухай хууль байхгүй. Авааль эхнэр нь үглэдэггүй. Үр хүүхэд нь ичдэггүй. Хөршүүд нь тоодоггүй. Ингэж л байдаг юм гэсэн хандлагаар аж төрдөг. Эсвэл өөрийнх нь гэрт адилхан архи уудаг, ажилгүй нэгэн байгаа болохоор дөжирчихдөг биз.Хэлэх, айх зүйлгүй болсон учраас архичин, ажилгүй, ашиг орлогогүйгээсээичих бодол хэнд ч төрдөггүй. Иймамьдрал эцэстээ монгол айлуудыг ядуу гэдэг ангилал руу оруулчихаад байна. Энэ бол архичин, ажилгүй, хариуцлагагүй байх нь гэм гэдэг ойлголтыг иргэдийнхээ толгойд суулгаж чадаагүй Монголын нийгмийн алдаа.

Элдэв оёг гажигтай малыг сүрэг нь гадуурхан шоовдорлодог сүргийн сэтгэхүй гэж бий. Энэ бол сул дорой нэгнээсээ салж сүргээ “цэвэрлэж”, хүчирхэг үлдэхийн төлөөх сэтгэхүй гэдгийг хүн төрөлхтөн тайлбарладаг.Үгүй аваас оёгтой мал хамгийн түрүүнд чонын хоол болдог байгалийн жам ч байна.Хүн ч ялгаагүй. Ажилгүй, амьжиргаагүйхүний тоо өсөх тусам улс нь хүчгүй, хөгжилгүй болдог учиртай. Тиймээс архи ууж, ажилгүй болсных нь төлөө нийгэм гишгэх газаргүй болтол нь хавчдаг. Харьцдаг хүнгүй, оруулдаг газаргүй болгодог. Огло харайн босч ажил хийтэлэхнэр нь үглэдэг,үр хүүхэд нь өдөр шөнөгүй гомдоллодог байх хэрэгтэй. Тэгж байж хүн бүр ажлын төлөө тэмцдэг, архинаас татгалздаг сэтгэхүйтэй болно.Уг нь ажил хийнэ гэдэг тун энгийн ойлголт. Энд дарга, сайд болохыг хэлсэнгүй. Төрийн албанд ажиллаж, цагаан захтан болох тухай ярьсангүй. Эсвэл заавал тэрбумтан болохыг ажилд тооцно гэсэнгүй. Хүний гутал тослох, тав, арван чихэр ширхэглэн худалдах, гудамжинд жин тавиад суух ч ажил. Чадлынхаа хэмжээнд дөрвөн мөчөө хөдөлгөж, хоногийн хоолныхоо төлөө зүтгэж яваа бүхэн ажил хийж байгаад тооцогдоно.

Харамсалтай нь ийм дүр зураг манайд ховор юм.Тиймээс гудамжинд багшрах архичдын бүлэг өдөрт нэг гишүүнээр хүрээгээ тэлж байна. Нэг шинэ архичин хамт олонтой болчихсон, баяр хөөрөөр бялхан архиа залгилж зогсохүзэгдэл хавтгай. Усандаа шумбах загас шиг архиндаа живсэн архичид хотын булан тохой болгонд тэрийж хэвтэх нь хаа сайгүй.Тэд архи уух мөнгөө олдог хэрнээ амьдралаа тэжээх ухаанаа олохгүй явна.Архи уухыг ажлаа болгосон ийм хүмүүсийг хариуцлагатай, орлоготой байлгах бодлого Монголд хэрэгтэй. Шоргоолж бүхэнхөдөлмөрлөхөд үүрээ засдаг шиг хүн болгонажилтай байхыг бодож тэмүүлдэг болбол Монгол Улсад асар ихийг бүтээнэ. Ажилтай байхын тулд эвтэй байх шаардлага хүн бүрт тавигдана. Ингэсэн байхад Монгол хөгжинө.

Үгүй юм аа гэхэд гадаа гудманд шинэ архичин нэмэхгүйн тулд төр тусгайлан хууль батлах шаардлага тулгарчихаад байна. Хошноор хэлэхэд архи ууж, ажилгүй болж, ядуурсных нь төлөө ташуурддагсан бол яалаа гэж Монгол ийм байдалд орох билээ. Гэтэл ажилгүй хүмүүсийг “ташуурдах нь” битгий хэл шагнах дайны юм болж байна.Ядарсан амьтан хэмээн хошуу дэвсч, тусламжийн аян өрнүүлэх үзэгдэл хавтгайрлаа.Нийгэмд тодрох гэсэн хүмүүс ядуучуудыг түүж аваад эвийлж хөөрхийлдөг боллоо. Тэгснийхээ хүчинд баатар мэт өргөмжлөгддөг болов. Ард түмэн ч ядуу байхын төлөө уралдан, тэмцэлдэж байна. “Би тэрнээс илүү ядуу байхад надад тусламж өгсөнгүй” гэдэг хэл ам, хэрүүл зарга хийдэг боллоо. Бидний улсаараа ядуу байхын үндэс ердөө л энэ. Тиймээс ядуурвал, архи уувал хохино шүү гэдэг сэтгэл зүйн ташуур өгдөг бодлого монголчуудад хэрэгтэй.Энэ лнийгэм хөгждөг олон нууцын нэг юм шиг байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ийн онгоц цаг гаруй агаарт эргэлдсэн гэнэ

Агаарын тээврийн МИАТ компанийн онгоц энэ сарын 7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрч, агаарт 1 цаг гаруй эргэлдсэн гэнэ. Энэ талаар тус компаниас дараахь тайлбарыг өгчээ.
“Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ301 дүгээр аяллын нислэгт техникийн саатал гарсан. “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн тус агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 10:53 цагт буцаж газардаад холбогдох журмын дагуу зохих арга хэмжээ авсан. ОМ301 дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан” гэжээ. Харин болсон явдал иргэд зорчигчдыг ихэд сандаргасан байна.
Туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан тус компанийн хувьд ямар учраас олон зорчигч бүхий онгоцоо агаарт хөөрсний дараа шатахуун зарцуулалт хэвийн байгаа эсэхийг шалгасан байх вэ. Тухайн үед зорчигчид гайхаж, зарим нь сандарч утсаараа гэрийнхэн рүүгээ нууцаар мессэж хүртэл бичсэн байна. Мөн нисэх орчимд амьдардаг зарим иргэд энэ байдлыг ажиглаж, гайхаж хүлээн авчээ. Нисэх багийн зүгээс “Нислэгийн аюулгүй ажиллагааг шалгаж байна” гэж хэлсэнд зарим зорчигчид илтэд дургүйцэн хүлээж авсан аж. Учир нь онгоцны аюулгүй байдлыг зорчигчдоо тээвэрлэснийхээ дараа шалгана гэдэг бол эрсдэлтэй алхам. Тус онгоцоор зорчсон иргэн уг болсон явдалд багагүй цочирдсон талаараа танилууддаа ярьсан байна.
“Агаарт нэг цаг орчим эргэлдэх үед даралт ихэсч, дотор муухайрч сүүлдээ яагаад зорчигчгүй байх үедээ энэ шалгалтаа хийж болоогүй юм бол” гэж бодсон хэмээжээ. Хэдийгээр иргэд тухайн үед айж сандарсан ч гэсэн аюулгүй газардсан учраас ямар нэг хэл ам, гомдол үүсгэлгүйгээр өнгөрсөн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Холуур яваа зүйлийг өөртөө дуудах хэрэг байна уу

Саяхны нэг өдөр бие өвдөж эмнэлгээр явлаа. Амьхандаа л эртлэн босч очсон болохоор эмчид ч эрт үзүүлэхээр боллоо. Ер нь бол улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг чинь эр зориг шаардсан ажил бололтой шүү. “Рентген” гэдэг өрөөнд очиж хүзүү, нурууны зураг авахуул гэсэн болохоор яваад очлоо. Дараалал ч гэж жигтэйхэн их юм. Ашгүй явсаар миний ээлж дөхөхөд таяг тулсан өвгөн дэргэд ирээд “Миний хүү, өвөөгөө бод” гэх юм ярьсаар байгаад урдуур орчихлоо. Настай хүн болохоор хүмүүс ч юм ярьсангүй. Удалгүй нэг эмч рентгений эмчид хандан “Ахын маань хүүхэд” гэж зүтгэсээр байгаад хөтлөөд орчихлоо. “Угаасаа эмч нар тэгдэг юм” гээд хүмүүс бухимдангуй аястай болоод ирэв. Нүдний шилнийхээ дээгүүр харсан харваас яхир байрын өвгөн “Дахиж хүн оруулаад үзээрэй, нөхөөр” гээд загнаж байна. Өөдөөс нь толгой дохилоо. Хариугүй төрөх дөхсөн бололтой бүсгүй дэргэд ирээд зогсчихлоо. Настайчууд “Наад жирэмсэн амьтнаа оруулчих аа” гэж байна. Дахиад л оруулчихлаа. Өнөө яхир өвгөн надаас хоёр цагийн дараа ирсэн юм. Орох дугаар нь бол болоогүй. Гэтэл “Алив нэг шагайгаадхая” гэснээ үсрээд орчихлоо. Хүмүүс ч өнөө өвгөнийг зүхэж гарлаа. Одоо л орохгүй бол оройтох нь гэж бодоод зогсож байтал хар шил зүүсэн, хараагүй бололтой хүүхдээрээ хөтлүүлсэн чийрэг байрын залуу ирж байна. Хар шилтэй залуу “Хүүхдээрээ хөтлүүлж яваа ядарсан хүнийг оруулчих хүн байна уу” гээд тулаад ирлээ. Аргагүйн эрхэнд оруулахаас өөр зам байсангүй. Төд удалгүй “Дараагийн хүн ороорой” гэхээр нь яваад ортол өнөө хараагүй нөхөр маань шилээ авчихсан зүгээр алхаж байх юм. “Та чинь…” гэтэл “Ингэж л дараалал дайрдаг юм” гээд алгын чинээ рентген зургаа сугандаа хавчуулаад гарч одлоо. “Өөрөөс холуур яваа өвчнийг ингэж дуудах хэрэг байсан юм уу” хэмээн бодол тээн үлдсэн юм даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй уулзалт хийж, томоохон асуудлууд дээр байр сууриа илэрхийллээ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр намын даргынхаа хувиар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд ирэх 2016 оны УИХ-ын сонгууль болон Ардчилсан нам дотор өрнөөд байгаа асуудлуудад хариулт өгсөн юм. Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр мөн өнөөдрийн уулзалтаар Ардчилсан нам фракцгүй болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын даргын хувиар Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа ч дахин илэрхийлсэн юм. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авч уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар гишүүн Хүний эрхийн комисст ханджээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Хүний эрхийн үндэсний комисст ханджээ. Тэрбээр Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд иргэний өмчилсөн газар нь хувийн өмч байхаар зааж, түүнийгээ захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн бүрэн эрх гэж тунхагласан атал НИТХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд энэ эрх зөрчигдөж байна гэж үзээд ийнхүү ханджээ.Тэрбээр “Иргэн хувийн өмчийн газраа хэдээр үнэлэх, захиран зарцуулах эрх нь зөвхөн хуулиар хязгаарлагдана. УИХ нь иргэний газрыг албадан хурааж, нөхөх олговор олгох эрхийг НИТХ-д олгоогүй. Ийм байтал хуулиас давсан асуудал үүссэн байж болзошгүй байна. Тиймээс энэ асуудлыг судлан шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана уу” гэжээ.