Categories
мэдээ улс-төр

ХХАА-н дэд сайд Булган аймагт ажиллав

Булган аймаг газар тариалан эрхлэлтээрээ улсын хэмжээнд эхний гуравт ордог. Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг томоохон голуудын ай сав бүхий газруудын хөрс цаг уурын тохиромжтой байгалийн бүс нутагт оршдог учраас хүрэн хөрс зонхилсон 119,0 мянга гаруй тариалан бүхий талбайтай, усалгаатай тариаланг хөгжүүлэх өргөн боломжтой газар тариаланг хөгжүүлэх олон давуу талтай тариалангийн бүс нутаг юм. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд үр тариа 29705 га-д тариалан, 43075 тн ургац, төмс 816 га-д тариалан 8452,5 тонныг хүнсний ногоо 327 га-д тариалан 3621 тонн ургац хураан авсан нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт аж. Энэ оны эхний улирлын байдлаар тус аймгийн хэмжээнд 74 аж ахуй нэгж, 5000 гаруй өрх, 82,4 мянган га талбай эзэмшиж жилдээ 33,0 орчим мянган га-д тариалж 30,0 гаруй га талбайд уринш бэлтгэн, талбайн ашиглалт 80 хувьтай байгаа аж. ХХАА-н дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй албаны хүмүүс Булган аймагт ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж зөвлөлдсөн байна. Хэдхэн хоногийн дараа тариалалт эхлэх гэж буй энэ үед тус аймгийн газар тариаланчдын гол тулгамдаж буй асуудал нь бүс нутагтаа тохирсон сайн сортын үрийн буудайн нийлүүлэлт, түүнийг авах хөрөнгө мөнгөний асуудал гэв. Өнгөрсөн намар улаанбуудайгаа гурилын компаниудад урьдчилгаа авалгүйгээр нийлүүлсэн бөгөөд одоо тэд 2 тэрбум гаруй төгрөгийг компаниудаас авах авлагатай байгаа аж. “Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичигт буудайн үнэ, борлуулалт, чанарын асуудлыг ойлгомжтой тусгаж өгөхийг хүслээ.

Мөн Булганчууд өөрийн бүс нутгийнхаа онцлогт нийцүүлэн “Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр” боловсруулж 2015-2025 оныг хүртэлх урт хугацааны бодлогоо тодорхойлон гаргаснаа танилцууллаа. Мөн тариаланчдыг дэмжих зорилгоор салбарын яамнаас үзүүлдэг уламжлалт дэмжлэг туслалцаанууд үргэлжлэх бөгөөд шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодис 30 хувь, үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар тариаланчдад өгч эхэлж буй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унгар Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр орой хүрэлцэн ирлээ. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг маргааш Чингисийн талбайд албан ёсоор угтан авна. Уг албан ёсны айлчлал 4 дүгээр сарын 14-16-нд үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

Categories
мэдээ нийгэм

Шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Ус цаг уурын хүрээлэнгээс өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурна гэж ард иргэдэд анхааруулж байсан. Үдээс хойш Увс, Баянхонгор, Ховд аймгуудаар шороон шуурга шуурч, нөхцөл байдал хүндрэв. Өнөө шөнө Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэддээ анхаарууллаа.

Өнөө оройн 21 цагаас маргаашийн 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр өргөн барилаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах асуудлыг зорилго болгосон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулжээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй, үндсэн 12 чиглэлтэй байхаар тусгасан болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Мөн тэрээр, тус төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын Авлигын эсрэг хууль, 48 улсын Авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсаны зэрэгцээ, хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн олборлолтын талбайн ойролцоо түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км зайд өчигдөр өдөр хээрийн түймэр гарсан гэнэ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 60 ажилтан, 10 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 9 иргэн, 1 автомашин, Халх гол сумаас 63 хүн, 6 автомашин, нийт 171 хүн 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Өчигдөр улсын хэмжээнд 9 ой, хээрийн түймэр гарч одоогоор дөрвөн түймрийг унтрааж, нэгийг цурманд оруулж, дөрвийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Саяхан Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан олон мянган га-г бүрхсэн түймэр гарсан. Тиймээс хаврын улирлын хуурайшилтай энэ үед гал түймрийн аюулаас сэргийлж, татсан тамхины иш, ил гал зэрэгт сэрэмжтэй хандахыг ОБЕГ-аас анхааруулав.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонсов

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Байнгын хороо дээрх асуудлыг 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн саналыг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гишүүдээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Улс орны хөгжлийн бодлогын урт, дунд, богино хугацааны баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх нэгдсэн арга зүй, стандартыг хэрэгжүүлэх, Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын цахим мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, Эрүүл мэндийн үйлчилгээ, цахим гарын үсэг зэрэг шаардлагатай мэдээллийг иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд суулгах ажил үйлчилгээг эрчимжүүлэх зэрэг нийт 7 саналыг гишүүд гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх саналуудыг дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонслоо.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд шүүхийн нэр хүнд унаад байгааг нэр дэвшигчдэд сануулан хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүх мөнгөтэй хүмүүсийн хүслээр шийдвэр гаргадаг болсон хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, шүүгчийн сонгон шалгаруулалтын зарим шалгуурыг обьектив, ил тод болгох шаардлагатай хэмээсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар иргэддээ илүү үйлчлэн, хүний эрхийг дээдлэн шударга ажиллаж, эрх мэдэлд бага үйлчлээрэй хэмээж байлаа. Түүнчлэн хүнийг хэлмэгдүүлж хохироолгүй, үндэслэлтэй ухаалаг шийдвэр гарган, шүүхийн нэр хүндийг өргөж ажиллаарай гэж захьж байв.

Categories
мэдээ нийгэм

Монголын цэргийн бие бүрэлдэхүүн Ялалтын баярын жагсаалд оролцоно

ОХУ-д тавдугаар сарын 9-нд Ялалтын баярыг тэмдэглэж, цэргийн парад болдог билээ. Энэ жилийн баярын жагсаалд манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн анх удаа оролцох гэж байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон бусад албаны хүмүүс ОХУ-д баярын жагсаалд оролцох бие бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай танилцав.Тэд “Улаан талбайд алхах дайчдад монгол цэргийн нэр хvндийг дэлхийн тvвшинд vнэлvvлэх тул бэлтгэлээ маш сайн хангах ёстой” гэдгийг сануулж, үлдсэн хугацаанд улам чамбайруулахыг захив.

Бие бүрэлдэхүүнд 75 цэргийн албан хаагч байгаагийн 63 нь зэвсэгт хүчнээс, 12 нь Хилийн цэргийн алба хаагч байгаа аж. Тэдний 45 нь офицер, 25 нь ахлагч, тав нь хугацаат цэргийн алба хаагч бөгөөд ихэнх нь орос, англи, герман, солонгос хэлний зохих мэдлэгтэй юм байна.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын жагсаалд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн гурван тэргүүлэх чиглэл, зургаан стратеги зорилго, 26 зорилтыг тодорхойлж 2015-2023 он, 2024-2030 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, үр ашиг, бүтээмж, байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, зээлийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараахь хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоон боловсруулжээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичиг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна. Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ. Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл, журмыг тогтоон, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл, журам, онцлог нөхцлийг нарийвчлан тусгажээ. Эрх тэгш байх, шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтоосон байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тухайн орон нутгийн онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн ИТХ-аас баталж, мөрдүүлэхээр тусгажээ.

Ингэснээр согтууруулах ундааг гар дээрээс худалдах болон гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт багасч, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай болон аудитын тухай хуулийн төсөл

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд батлагдан гарснаас хойш зургаан удаагийн нэмэлт өөрчлөлт орсноор өнөөдөр мөрдөгдөж байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж, байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар аж ахуйн нэгж, байгуулагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх болно.

Аудитын тухай хууль 1997 онд батлагдан гарснаас хойш долоон удаагийн нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бие даасан аудитын хяналтын тогтолцоо бүрдэж, Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аудитын 100 гаруй компани байгуулагдан ажиллаж байна.

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах зэрэг олон асуудлыг тусган Аудитын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Тус хуулийн төсөлд аудитын байгууллагуудын үйл ажиллагаанд болон тэдгээрийн хийж гүйцэтгэсэн аудитын үйл ажиллагааны чанарт хяналт тавих тогтолцооны эрх зүйн үндсийг цэгцтэй тодорхойлж, хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны үүрэг хариуцлагыг тодорхой болгожээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ны хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

УИХ-аас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх явцад тулгарсан хүндрэл, бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар хуулийн төсөлд хэд хэдэн зохицуулалт оруулахаар болсон байна. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул эрх зүйн холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Цагдаагийн байгуулагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулсан нь шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулах боломжийг хязгаарлаж байгаа тул уг бүтцийг ерөнхийлөн тусгажээ. Цагдаагийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчлэн зохицуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Нэмэлтээр 32.8 тэрбум иенийн зээл авна

zasag

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд олгосон байна.

Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байна.

Нэмэлт зээлийн хөрөнгийн 32.8 тэрбум иенийг нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Мөн зээлийн хөрөнгийг нисэх буудлын бүрэн ажиллагаанд шаардлагатай шинээр нэмэгдэж буй барилгын санхүүжилт, машин механизм, тоног төхөөрөмжүүд худалдан авах, зөвлөх үйлчилгээ, магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.