Categories
мэдээ нийгэм

Салхитай, хуртай, сэрүүхэн өдрүүд айсуй

16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр,18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мааньтын хорих ангид ялтан амиа алджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар хорих ангид ял эдэлж байсан иргэн өнгөрсөн баасан гаригт амиа алджээ. Тус хорих ангид жилийн өмнө мөн ялтан амиа алдаж байсан билээ.

ЗҮРХ СУДАСНЫ ХУРЦ ДУТАГДАЛ, ЦУС ХАРВАЛТААС ҮҮДЭЖ

АМИА АЛДСАН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Талийгаач Л.Адъяахүү Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 20 жилийн ял сонссон аж. Улмаар гянданд таван жил ял эдлээд дэглэм буурч Мааньтын хорих ангид шилжжээ. Мааньтын хорих ангид найман жил ял эдэлж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Өмнө нь түүний даралт ихэсч, зүрх нь өвддөг байжээ. 2013, 2014 онд хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Энэ жил ч бие нь өвдөж байсан бөгөөд эмнэлэгт хэвтэх хүсэлт удаа дараа гаргаж байсан гэнэ. Улмаар энэ сарын 10-нд гэнэт бие нь муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг зүрх судасны хурц дутагдал, цус харвалтаас үүдэж амиа алдсан гэж дүгнэж байгаа аж. Тухайн үед ажиллаж байсан хуяг, хорих ангийн удирдлагуудыг шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Харин албан бус эх сурвалж “Мааньтын хорих ангид олон жилийн ял сонссон хүмүүс хоригддог. Тэр утгаараа ялтнуудын сэтгэл санаа нь тогтворгүй байдгаас шалтгаалж өвдөх нь элбэг. Талийгаач ч дэглэм буурах гэж байгаа талаараа ар гэрийнхэндээ ярьсан байсан. Түүнээс болж сэтгэл санаа нь тогтворгүй болсон болов уу. Ойрын үед зүрх өвдлөө гээд эмнэлэгт хэвтэх гэсэн ч хорихын ажилтнууд зөвшөөрөхгүй байсан. Эмчилгээ хийсэн бол аврах боломж байсан. Талийгаач хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь өнчирч үлдлээ. Ер нь Монголын шоронд байсхийгээд л хүн нас бардаг, хорих анги бус авс шиг болчихлоо. Жил бүр ялтан нас бардаг. Тоож, авч хэлэлцдэг байгууллага ч гэж алга. Өнгөрсөн жилийн өдийд энэ хорих ангид мөн ялтан нас барсан. Зүрхний шигдээсээр нас барсан гэдэг онош тавиад л хэргийг хаачихсан. Өнгөрсөн баасан гаригт Мааньтын хорих ангид ялтан нас барснаас болж өндөржүүлсэн байдал зарлачихсан. Ялтнуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа. Мөн болсон үйл явдлыг нууцлахыг хорих ангийн дарга, алба хаагчдад ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ш.Булган даалгасан байна” гэж ярилаа. Энэ талаар ШШГЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс лавлахад “Манай байгууллагын зүгээс болсон явдлыг нууцалсан зүйлгүй. Хэргийг шалгаж байгаа. Ялтан амиа алдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хохирогчийн ар гэрийнхэнд ч эвгүй. Тэр утгаараа мэдээлээгүй болохоос нууцлаагүй” гэсэн юм.

ЖИЛИЙН ӨМНӨ МААНЬТАД ЯЛТАН НАС БАРЖЭЭ

Одоогоос жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 6-нд Мааньтын хорих ангид ял эдэлж байсан Д.Батбаатар зуурдаар нас баржээ. Шүүхээс 25 жил хорих ял сонссон тэрээр 10 гаруй жил хоригдоод байсан аж. Дэглэм буурах хүсэлтийг нь шүүх хэлэлцэхгүй байгааг сонсоод ялтны бие нь муудсан талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ мэтээр хорих ангид ялтан амиа алдсан тохиолдол цөөнгүй байдаг аж. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан одоогоос жил шахмын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан. Иргэн төрийн хамгаалалтад байхдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар тухайн үед дуулиан болж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж байсан билээ. Талийгаачийн ар гэрийнхэн хуулийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсан ч өнөөг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа. Өндөр албан тушаал хашиж байсан хүн нас барсан гэдэг утгаараа энэ хэрэг олны анхааралд байсан. Тэгвэл хорих ангид ялтан амиа алдах тохиолдол багагүй гардаг аж. ШШГЕГ-аас Хүний эрхийн дэд хороонд өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлснээр 2014 онд таван хүн хорих ангид амиа алдсан гэдэг. Тодруулбал, 445 дугаар ангид иргэн Б зүрхний шигдээсээр нас баржээ. Мөн Булган аймаг дахь 451 дүгээр хорих ангид ял эдэлж байсан С мөн л зүрхний шигдээсээр амиа алдсан аж. Малайзын иргэн 427 дугаар ангид бөөрний дутагдлаар нас барсан гэдэг мэдээллийг ШШГЕГ-аас тухайн үед мэдээлж байсан. Түүнээс хойш хичнээн хүн хорих ангид амиа алдсан талаарх нэгдсэн мэдээлэл алга.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ улс-төр

Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн юм. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг өнөөдөр Чингисийн талбайд албан ёсоор угтан авна. Уг албан ёсны айлчлал 4 дүгээр сарын 14-16-нд үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болох юм байна

Categories
мэдээ цаг-үе

Ү.Оюунчимэг: Миний охины аминд хүрсэн цагдаа нар ялаас мултарч байгаа

Цагдаа нар охиныг минь дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарснаас хойш найман сар болж байна. Энэ хугацаанд бүтэн шөнө нойртой хонож чадсангүй. Үргэлж л талийгаач болсон охиноо бодож уйлж сууна даа, эгч нь. Хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллага ядарсан хүнийг дээрэлхэж доромжилдог. Мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүнд л үйлчилдэг юм байна гэдгийгяс махандаа шингэтэл ойлгосон” хэмээн ярих эмэгтэйг Ү.Оюунчимэг гэдэг. Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр таван буудлын автобусны буудлын ойролцоо өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн байгууллагын замын урсгал сөрж автомашинд мөргүүлж харамсалтайгаар амь насаа алдсан О.Сэрчмаа охины ээж юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байхдаа энэхүү хэргийг үйлдсэн билээ. Хэргийн талаар талийгаач охины ээж Ү.Оюунчимэгтэй ярилцлаа.

Төрийн машин унасан цагдаа нар хууль зөрчин замын урсгал сөрж явахдаа охиныг чинь дайрчхөнөөсөн хэрэг гарсан. Цагдаа нар юунаас болжзамын урсгал сөрсөн юм бол. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэрэг гардаг аймшигт өглөө би ажилдаа эрт явсан. Хоёр охиныхоо хацар дээрүнсчихээд 07:00 цаг болж байхад гэрээсээ гарсан. Миний охин хичээлдээ явах гээд хувцсаа өмсөөд “Миний ээж ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд үлдсэн. Намайг ажилд гарснаас хойш удалгүй сургууль руугаа явсан юм билээ. Талийгаач маань гарцаар зам хөндлөн гарч явах үед замын эсрэг талаас урсгал сөрж явсан цагдаагийн машин хурдтай давхиж явахдаа мөргөж амь насыг нь хөнөөсөн. Охин минь машинд мөргүүлээд их хол газар шидэгдсэн байсан. Мөргөсөн машиных нь салхины шил хагарч, хамар, гүүпер зэрэг нь цааш чихэгдээд орчихсон. Их гэрэл нь хагарсан байсан. Тэгэхээр цагдаагийн машин ямар хурдтай явж байсан нь тодорхой байгаа. Машины төмөр цаашаа чихэгдээд орчихсон байхад миний нялх охины бие ямар болсон байх вэ. Бодох бүрийд сэтгэл урагдах юм. Осол гараад удаагүй байхад хэргийн газарт очсон. Охины минь дээгүүр даавуугаар бүтээчихсэн зам дээр хэвтэж байсан. Бүтээлгийг нь сөхөж хараадэхлээд хүүхдээ танихгүй байсан. Хүн танихын аргагүй болчихсон байсан юм. Хацар дээр нь байдаг мэнгээр л миний охин мөн болохыг мэдсэн. Монгол Улсын хууль журмыг сахин биелүүлэх ёстой цагдаагийн албан хаагч нар өөрсдөө хууль зөрчиж яваад охиныг минь хөнөөчихсөн шүү дээ. Хэргийг үйлдсэн цагдаа нар Сэлэнгэ аймгаас хотод ажлаар ирж хоночихоод өглөө эрт буцаж явсан гэсэн. Бид хавтаст хэрэгтэй танилцсан. Жолоочоор явж байсан Ууганбаатар гэх цагдаа “Дарга зам түгжирчихсэн байна. Яараад байна. Замын эсрэг урсгал руу ороод сөрөөд яв гэж тушаал өгсөн”гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар “Яаралтай ажилтай явж байгаад хүүхэд мөргөчихсөн” гэж тайлбар өгсөн байдаг. Цагдаагийн дарга нь удирдах албан тушаалтны хувьд машин барьж явсан жолоочдоо тушаал өгсөн. Даргынхаа өгсөн тушаалыг доод албан тушаалтан ньбиелүүлж явахдаа охиныг минь дайрч, аминд нь хүрсэн юм. Одоо харин буруутай этгээд нь хэргээс мултарч, тушаал гүйцэтгэсэн нь 3.5 жил хоригдох гэж байна.

Буруутай этгээд хэргээс мултарч гэм буруугүй болсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэр өдөр Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн авто зам түгжирчихсэн байсан. Тэр үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар урсгал сөрөөд яв гэж тушаал өгсөн байдаг. Ууганбаатар даргынхаа өгсөн тушаалыг биелүүлсэн байдаг. Б.Саранбаатар мэдүүлгээ өөр өөрөөр өгсөн байдаг. Эхлээд осол гарах үед байхгүй байсан гээд. Сүүлдээ осол болоход машинд байсан нь тодорхой болохоор “Яарч яваад урсгал сөрсөн” гээд сүүлдээ “Миний бие өвдөөд түргэн тусламж дуудаад ирэхгүй. Тэгээд л замын эсрэг урсгалаар явсан сөрсөн. Би зорчигч, машин барьж яваад осол гаргасан хүн бол Ууганбаатар” гэх мэтээр анх өгсөн мэдүүлгээ хэд хэдэн янзаар өөрчилсөн байна лээ. Ингээд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар татан буугдсан болохоор цагдаа цагдаагийнхаа үйлдсэн хэргийг шалгасан. Хэргийг шалгасан цагдаа нар Б.Саранбаатарыг хэрэгт ямар ч буруугүй гээдгэрчийн мэдүүлэг авсан байсан. Прокурор хэргийг хянаад шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүхээржолооч Ууганбаатарт 3.5 жилийн хорих ял оноосон. Харин Б.Саранбаатарыг ямар ч буруугүй, зорчигч гэж үзсэн юм. Тэгэхээр нь бид гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс Саранбаатарыг энэ хэрэгт буруутай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд Б.Саранбаатарт хууль бус тушаал өгсөн, урсгал сөрсөн гэсэн хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгсэн прокурор Б.Саранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Хэргийг хянаж байгаа Баасанхүү гэдэг прокурор Саранбаатарын өмгөөлөгчтэй нийлж байгаад түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Охиныг минь дайрсан Ууганбаатарт улсын яллагч 3.5 жилийн хорих ялаар шийтгэх ял төлөвлөсөн байсан. Хүний аминд хүрсэн хүнд ийм л ял өгсөн. Уг нь хуулиндаа долоон жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм билээ. Ууганбаатарын 3.5 жилийн хорих ял нь анх гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа ухамсарлаж байгаа гээд ял нь хөнгөрч тэнсэн харгалзах болон эсвэл хэдхэн сар шоронд суугаад л хуулийн дагуу магадлангаар орж суллагдана гэсэн. Хэрэв осол гардагөдөр Б.Саранбаатар урсгал сөрж яв гэж Ууганбаатарт тушаал өгөөгүй байсан бол миний охин амьд байх байсан.

Одоо дараагийн шүүх хурал хэдийд болох талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Хэргийг хянаж байгаа Баасанхүү прокурор хаана болохыг хэлэхгүй байгаа. Шүүх рүү шилжүүлчихсэн. Шилжүүлэх газар нь шилжүүлсэн. Шүүх өөрсдөө та нарт хэлнэ биз гэж даапаалсан. Хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор гээд төрийн албан хаагч нарын дарамт шахалт, мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд үйлчилж, ядарсан иргэнийг хүний тооноос хасдаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Хэргийг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр нь шийдэхгүй удааж байгаа болохоор Монгол улсынхаа Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл өгсөн. Одоо болтол өгсөн өргөдлийн хариу ирээгүй л байна.

Таны гэнэ хэргээс болоод ажлаасаа гарчихсан гэсэн?

-Тийм ээ. Хэргийг үнэн зөв шийдүүлэх гэж явсаар байгаад ажлаа хийж чадахгүй болсон.Манай ажлын дарга охиныхоо хэргийг дуусгаад ажилдаа эргэж ирээрэй гээд урт хугацааны чөлөө өгсөн. Хууль хяналтын байгууллагаар явахаар ажил хийх боломжгүй болчихдог юм билээ. Одоо цалин мөнгө байхгүй болохоор амьдрал хэцүү байгаа. Гэртээ хоосон хонох дээрээ тулаад байна. Хэрэг гарснаас хойш нэг ч шөнө бүтэн нойртой хонож үзсэнгүй. Унтуулдаг хүчтэй эм уугаад ч нэмэр алга. Бага охин минь өдөр болгон эгчийгээ нэхэж уйлж байна. “Эгч нь их хол явчихсан. Зөндөө удаж байж ирнэ” гэж хуураад өдий хүрлээ. Гэвч зулай дээр нь гишгэж төрсөн ганц эгчийгээ удахгүйирнэ гээд хүлээгээд байх юм. Хоолоо ч идэхгүй. Эгчдээаягатай хоолоо өгнө гээдоройболгон тавина. Хэн нэгэн гэрт орж ирж байгаа хөлийн чимээг сонсоод лөмнөөс нь гүйнэ.Эгч нь биш болохоор урамгүй эргээд алхдаг юм. Сүүлдээ талийгаач болсон эгчийгээ санаж бэтгэрээд болохоо байхаар нь арга барагдаад тавхан настай охиндоо “Эгч нь хэзээ ч дахиж эргэж ирэхгүй. Бурхан болчихсон. Үхчихсэн” гэж хэллээ. Ингэж хэлэхээс өөр сонголт үнэндээбайсангүй.

Талийгаач охин тань цагдаа болно гэж мөрөөддөг байсан гэж ангийнхан нь ярьж байна лээ?

-Тийм ээ. Бурхан болохоос хэдхэн хоногийн өмнө охинтойгоо ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох талаар ярилцсан юм. “Ээж ээ, би тангараг өргөсөн цагдаа хүн болно. Эх орондоо хэрэгтэй шударга хүн болно. Та охиныгоо хэдхэн жил хүлээчих. Охин нь сургуулиа төгсөөд ажилд ороод дүү, ээж хоёрыгоо хүнээс дутахгүй сайхан авч явна” гэж ярьж байсан. Миний охин ээждээ зориулж их олон сэтгэлийн нандин үгтэй захиа бичиж байсан. Ээжийгээ үргэлж баярлуулж, бахархах сэтгэлийг минь төрүүлдэг байлаа. Хичээлдээ ч сайн сурна. Би хүүхдээ хүний дайтай өсгөж, дээд боловсролтой болгохын төлөө өөрт байгаа бүхнээ зориулна гэж боддог байлаа. Гэвч энэ бүхэн минь талаар болчихлоо. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд сургуулийн хүүхдүүдээ битгий ганцааранг нь явуулж байгаарай. Хэрэв тэгвэл хамгийн хайртай зүйлээсээ хагацаж, над шиг ингэж зовж шаналах болно шүү гэж хэлмээр байна. Миний туулж байгаа зовлон өөр хүмүүст битгий тохиолдоосой билээ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Геологич Д.Бат-Эрдэнэ: Ямар ч ажлыг зогсооход амархан, харин хийхэд хэцүү

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Д.БатЭрдэнэтэй “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр уулзаж Тавантолгойн эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал, уул уурхайн салбарын зарим асуудлаар ярилцсан юм.

Нүүрсний зах зээл уналт­тай байгаа үед Та­ван­толгойн хөрөнгө оруу­лагчтай хийх гэрээ үзэглэх шатандаа ороод байна. Салбарын мэргэжилтний хувьд та энэ чуулганаас юу хүлээж байна вэ?

-Тавантолгой, Нарийн ­сухайт гэсэн хоёр том ор­доос нүүрсний экспорт голлон хийгдэж байна.

Янз бүрийн шалтгаанаас болоод хоёулаа хүнд бай­далд орчихсон байгаа. М.Энх­сайхан сайдын ахал­сан ажлын хэсэг Тавантолгой төс­лийг явуулахаар ажил­лаж байна. Энэ төслийг хурдан шуурхай явуулах ёстой. Тэгэхгүй бол бараг 5 жил ярьсан асуудал дахиад 10 жил яригдах байдал руу шилжинэ. Яг өнөөдөр их зөв хөрөнгө оруулагч орж ирсэн байгаа. Хэдий зах зээл нь хүнд байгаа ч тохироо бүрдсэн энэ үеийг зөв ашиглах ёстой. УИХ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэсэн, хурдхан шийдвэрлээд 5-р сар гэхэд хөрөнгө оруулагч талд ажлаа эхлэх боломжийг нь олгох нь Монгол улсын эрх ашигт нийцнэ.

Хэрвээ шийдэхгүй улс төржүүлээд өнгөрөх юм бол эдийн засагт ямар хор хохирол ирэх вэ?

-Тавантолгойг улс төр­жүүлээд, популизм хийд­гээрээ хийгээд, яваад байх юм бол байдал маш хүндэрнэ. Ажлын хэсгийнхэн олон мянган хүн ажилтай орлоготой болж, үндэсний олон аж ахуйн нэгж ажил үйлчилгээ авч, улсын төсөвт орж ирэх мөнгөний тоо хэм­жээг бэлээхэн хэлээд байгаа. Хэрвээ энэ төслийг зогсоочихвол энэ бүхэн бүгд үгүй болно. Нэг ёсондоо манай улсын төсөвт нэг том нүх гараад ирнэ. Ажил хайсан хүмүүсийн итгэл найд­вар, ирээдүйгээ бодсон хүмүүсийн урам зориг унтрах бай­дал руугаа орно. Бас нэг зүйл хэлэхэд, бид нар хамаг баялгаа цөлмөж байна, хойч үедээ үлдээх ёстой гэж ярих боллоо. Зориуд хэлэхэд, ямар ч юмыг зог­соо­ход маш амархан бай­даг. Харин юмыг хийхэд маш хэцүү. Тавантолгойн уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд энэ бүхнийг ажиллуулах маш хэцүү. Тавантолгойг зогсоохын төлөө яваа хүмүүс энийг мэдэхгүй. Яг тэнд хийж бүтээсэн хүмүүс бол үнэ цэнийг нь мэднэ. Зогсоохдоо тулбал хоёрхон өдрийн дотор зогсоочихож болно. Би тэр аливааг зогсоохын төлөө ажилладаг хүмүүст нэг зүйлийг хэлмээр байна. Та нар зогсоож болно. Багануур зогсчихвол Улаанбаатар зогсоно, Эрдэнэт зогсчихвол бас л байдал хүндэрнэ. Тавантолгой зогсвол бид нар буцаад өмнөх зуун жил рүүгээ орно шүү.

Тавантолгойн ор­дыг эргэлтэнд оруу­лахыг эсэргүүцэгчид улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч байх шиг байна.

-Уурхайнуудыг зогсоохыг хүсдэг хүмүүст хэлэхэд, тэнд ажилладаг олон мянган уурхайчин та нараас болж ажилгүй болно. Тэдэнд та нар цалинг нь өгөх үү гэж асуумаар байна. Тэдний гэр орныг хэн тэжээх вэ? Нэг ёсондоо ямар ч үйлдвэр барьж, татвар төлж, компани удир­даж үзээгүй хүмүүс тийм юм ярихаар их муухай сонсогддог. Үнэхээр юм хийдэг, бүтээдэг хүмүүс нь ажлаа хийгээд л явж байна. Уурхайчдад хэлэхэд, та нар ч гэсэн өөрсдийгөө хамгаалмаар байна. Байнга л нэг тийм үл бүтэх хүмүүст дээрэлхүүлж, доромжлуулж байхын оронд өөрсдөө нэг­дээд бодит байдлаа хэлэх хэрэгтэй. Хэдэн мянган хү­нийг ажилтай болгосон, хэ­дэн тэрбум төгрөгийн тат­вар улсад төлснөө нэг­дэж нийлээд ярьцгаах ёс­той. Өнөөдөр уурхайнууд зогсчихвол Монгол улс маш хүнд байдалд орно, үүнийг хүн бүр мэдэж байгаа.

Тавантолгой орд тө­мөр замгүйгээр явахгүй нь ойлгомжтой байна. Гэ­тэл энэ төмөр зам чинь их ашигтай байна, ийм ашигтай төмөр замыг ху­вийн хэвшилд өгөх гэж байна гэсэн яриа гарч байна.

-Тавантолгойгоос Га­шуун­сухайт руу, Нарийн­сухайтаас Шивээхүрэнгийн боомт руу 2010 онд төмөр зам тавих зөвшөөрлийг ху­вийн хэвшлийнхэнд олгоод, компаниуд нь гэрчилгээгээ авчихсан. Тэр байтугай сан­хүүжилтээ босгоод төслөө хийчихсэн явж байсан юм шүү дээ. Компаниуд мөнгөтэй байхад манай Засгийн газар энэ ажлыг зогсоосон. Тэгээд өөрсдөө мөнгө гаргаад барина гээд 5 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй, одоо дахиад л өөрсдөө хийх юм гэнэ. Хэрвээ тэр үед хувийн хэвшлийнхэн төмөр замаа барьчихсан бол бид өнөөдөр ийм байдалд орох­гүй, байдал шал өөр байх байсан. Бас нэг жишээ хэлье. Оюутолгой өнөөдөр эрчим хүчээ Хятадаас авч байна. Гэтэл 2010 оны үед хувийн хэвшил 250 МВт-ын цахилгаан станц Тавантолгой дээр барьчихъя, Оюутолгой Даланзадгадыг хангая гэж байсан. Гэтэл бас л тэр үеийн Засгийн газар шийдээгүй. Өнөөдөр Оюутолгой Хятадаас цахил­гаанаа авч байна. Хэрвээтэр үед Засгийн газар зөв шийдчихсэн бол Оюутолгойн Хя­тадад өгч байгаа тэр их мөнгийг Монголын эдийн засагт үлдээж болох л бай­сан. Хамгийн марзан нь яг тэр үед, хаа байсан Хэнтий аймгийн Чандаган талд 600 МВт-ын цахилгаан станц барих эрхийг ганц хүний Хятад компанид өгчихсөн байдаг юм. Тэр үеийн сайд юу бодож байсан юм бэ?Жинхэнэ хэрэгтэй Тавантолгойд станц барих зөвшөөрөл олгоогүй хэрнээ, хэнд ч хэрэггүй газар нь бүр 600 МВт-ын эрх олгочихсон байгаа юм. Тухайн үеийн Засгийн газар улс эх орныхоо эсрэг шийдвэрүүд гаргасан гэж надад санагддаг.

Н.ГАНСҮХ

Categories
мэдээ цаг-үе

Монголоос анх тодорсон маршал Жуков

-АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД-

Дэлхийн II дайны гол аюул хүнд хүчрийг Зөвлөлтийн ард түмэн нуруундаа үүрч аугаа их эх орны дайнд түүхэн ялалт байгуулснаар Германы фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварсан юм. Чухамхүү энэ их ялалт, түүний сүр хүч нь Зөвлөлт Холбоот Улсыг, оросуудыг дэлхийн түүхийн тавцан дээр гаргаж, хамгийн хүчирхэг гүрний зиндаанд хүргэжээ. Тухайн цагийнхаа хамгийн хүчирхэг Германы армийн улайрсан дайралт довтолгооныг эхний бөгөөд эцсийн удаа зогсоож, тэднийг үүрэнд нь бүрмөсөн бут ниргэхэд Зөвлөлтийн цэргийн олон арван нэрт жанжнууд тодрон гарсны дотроос Дээд ерөнхий командлалын газрын төлөөлөгч, Дээд ерөнхий командлагчийн орлогч, фронт командлагчаар энэ дайнд оролцож, Зөвлөлтийн улаан армийг оройлон удирдсан хүний нэг, ЗХУ-ын цорын ганц дөрвөн удаагийн баатар, ЗХУ-ын маршалГеоргий Константинович Жуковтой эн зэрэгцэх алдарт жанжинХХ зуунд байгаагүй.

Оросуудын ярьдгаар, Жуков бол эх орны их дайны гол сахиус (бог) нь байлаа. Москвагийн дэргэд немцүүдийн галзуурсан довтолгооныг анх зогсоон бут цохиж, Ленинградыг хамгаалж, 900 хоног үргэлжилсэн бүслэлтийг нь сэт цохин, Сталинградын тулалдаанд ялснаар дайны явцад үндсэн эргэлт гаргаж, Курскийн тулалдаан, Украина, Белорусыг чөлөөлөх, 1945 онд Берлинийг буулгах операцийг зохион байгуулахад Жуковын стратеги тактикийн ухаан,ур чадвар, эр зориг, шийдэмгий зан чанар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна маршал Жуков монголчуудад элэгсэг дотно хандаж, Монгол оронтой холбогдсон хувь тавиландаа талархаж явсныг бахархмаар. Тэр агуу их жанжны дайн тулалдааны ялалтын гараа Монгол орноос эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэгджээ.

ХАЛХ ГОЛ БА ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ

1939 оны 5-р сараас Монголын зүүн хил дорнод тал, Халх голын орчмоор Япон баргын цэрэг түрэмгийлэн довтлоход, Зөвлөлт, Монголын цэргийн ажиллагаа эхэн үедээ хүчин мөхөсдөж байсанд Сталины сэтгэл түгшиж, Батлан хамгаалах ардын комиссариатын санал болгосноор армид хаант засгийн үеэс эхлэн 24 жил алба хаасан, морин цэргийн туршлагатай дарга, Белорусын цэргийн тойргын командлагчийн орлогч, дивиз командлан захирагч Жуковыг Москвад яаралтай дуудаж, Монгол руу шууд илгээсэн юм билээ. Ингээд Жуков 1939 оны 6-р сарын 12-ноос Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн тусгай корпусын командлан захирагч, улмаар Зөвлөлт, Монголын 1-р Армийн группын командлагчаар томилогдож, 1939 оны 5-8 дугаар сард Халхын голд Японы цэргийн 6-р армийн томоохон бүлэглэлийг бүслэн бүрмөсөн бут цохих операцийг гарамгай удирдаж ЗХУ-ын баатар цолыг анх удаагаа хүртсэн юм.

Ийнхүү Халх голын зарлаагүй дайн нь Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар дууссан нь Ази тивийн үйл явдал мэт боловч тэр нь дэлхийн II дайны эхлэл, анхны том сорилт, туршилт байсан гэж нотолдог судлаачдын тоо нэмэгдсээр байна.

Халхын голын ялалт Жуков жанжны баатарлаг түүх намтрын эхлэл байлаа. Энд тэр анх удаа томоохон тулалдаан удирдсан. Зөв мэргэн тактик боловсруулан хэрэгжүүлж түүхэн том ялалт байгуулсан. Эндээс л түүний алдар суу, цэргийн агуу их жанжны гараа эхэлсэн гэж дүгнэхэд нэг их ташаа дүгнэлт болохгүй бизээ. Урьд нь олонд танигдаагүй, Сталин барааг нь ч хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй корпус командлагч Жуковалс холын Монголын тал нутгаас , их Чингис хааны төрж өссөнтэр өлгий нутгаас анх тодорсон нь түүний асар их ирээдүйн эхлэл байжээ. Их Чингис хааны ялан дийлэх ухаан билгийн өлзий хутаг Жуков жанжинд дамжин уламжлагдсан байж ч болох юм гэж бодогддог удаа цөөнгүй.

Жуков жанжин хожим нь Монгол орныг, Халхын голыг, монголчуудыг хамгийн их талархалтайгаар эргэн дурссаар, эх орны дайны фронт дээр зөвхөн ЗХУ-ын баатрын анхны тэмдэг, Халх голын байлдааны “Бид ялав” медалиа зүүж явдаг байсан гэж дурсан ярьсан байдаг.

Халх голын ялалтындараа Г.К.Жуковыг Монголд 1940 оны 4-р сар хүртэл байлгаж, Монголын ардын армийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан нь тохиолдлын шийдвэр биш ч байж мэднэ. Зөвлөлтийн Улаан армийн олон шилдэг дарга нарыг хоморголон баривчилж байсан улс төрийн их хэлмэгдүүлэлтээс Жуковыг Монгол орон аварч, хадгалж үлдээсэн байж ч болох талтай. Г.К.Жуков болон К.К.Рокоссовский, И.С.Конев, В.А.Судец зэрэг зөвлөлтийн таван маршал, И.И.Федюненский, И.А.Плиев зэрэг армийн генералууд, Зөвлөлтийн цэргийн олон нэрт зүтгэлтнүүд манай Монголд алба хааж, Халх голд байлдаж явсан хүмүүс дараа нь Эх орны дайны фронт дээр гарамгай гавьяа байгуулцгааж, нэр алдар нь түүхэнд мөнхлөгджээ. Эх орны дайны үеийн фронтын домогт сурвалжлагч, нэрт зохиолч Константин Симонов Халх голын тулалдааныг биечлэн сурвалжилжээ.

Халх голд хүчтэй дайсантай тулгарсан хатуу ширүүн энэ тулалдаанд баатарлаг тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан Зөвлөлтийн дайчдаас 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, эрэлхэг нисгэгч С.И.Грицевец, Г.В.Кравченко, Я.В.Смушкевич нарт ЗХУ-ын анхны хошой баатар цолыг олгожээ.

Монгол цэрэг эрс энэ дайнд хүч хамтран оролцож Эх орноо хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан билээ. Жуковоос Сталинд албан ёсоор танилцуулахдаа Монголын цэрэг сайн байлдсан, багагүй хохирол амссан гэж тэмдэглэсэн байдаг. Улаан армийн удирдах ажилтны нэг зөвлөлгөөний үед монгол цэрэг байлдааны бэлтгэл, зэвсэг техникийн хангалтаар тааруухан байсныг дурдсан нь бий. Хамгийн хатуу ширүүн довтолгоонд оросуудл ордог байсан гэж манай ахмад дайчид дурссан баримт олон байдаг. Магадгүй, 1939 онд бидний эцэг өвгөд Халх голын дайнаас амар мэнд буцаж ирсэн нь оросууд, Жуков жанжин тэдний минь амийг дэмий үрэхгүй гэж өөрсдөө түрүүлэн давшиж, дайсны сумыг цээжээрээ хааж ялж дийлж байсан их эр зориг, Монголыг хайрлах нинжин сэтгэл, гэгээн ухаан байсан юм биш үү. Гэхдээ Жуковын хувьд монгол цэрэг дарга нарын нийтийн баатарлаг үйлсийг олонтоо биеэр үзсэнээ, морин цэргийн домогт дарга, гарамгай баатар Л.Дандарын удирдсан 6-р дивиз хэрхэн эрэлхэг зоригтой тулалдаж, залуу жанжин Ж.Лхагвасүрэн монгол цэргийнхээ анги нэгтгэлийн давшилтыг чадамгай удирдаж байсныг талархалтайгаар дурсдаг байжээ.

Ямар ч байсан Сталин хувь заяаны тохиолдлоор Дэлхийн 2-р дайны ялалтын жолоог Г.К.Жуковын гарт Халх голоос эхэлж атгуулжээ. Зөвлөлт Монголын цэрэг Халх голд Японы цэргийг бут ниргэсний үр дүнд 1939 оны 8-р сард Герман улс ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээг яаравчлан байгуулж, Япон урьд нь Германтай тохиролцсон холбоотныхоо үүргийн дагуу 1941 онд ЗХУ руу хоёр талаас нь нэгэн зэрэг хавсран довтлох стратеги төлөвлөгөөнөөсөө бүрмөсөн татгалзжээ. Үүний дунд Зөвлөлтийн дорнодхилийг Японы довтолгооноос хамгаалахаар байрлуулсан 40 дивизийг 1941 оны намраас Москвагийн дэргэд Германы цэргийн довтолгооныг зогсоон бут цохиход татан оролцуулах боломж гарч, Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө нурахад хүргэсэн түүхэн ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбогдуулж Японы цэргийн нэг томоохон зүтгэлтэн ”Бид Хасан нууртцэрэг дайны анхны, Халхын голд дунд шатны сургамж авсан бол дээд шатныхыг авах гэх хэрэггүй юм” гэж тэмдэглэж байжээ. Квантуны арми Халх голд бут цохигдсондоо удтал хорсож, Гитлерт алтан цар (поднос) илгээж, Жуковыг олзолж, толгойг нь түүн дээр тавьж илгээхийг гуйсангэсэн яриа ч байдаг.

Халх голын дайн бол Зөвлөлтийн эх орны дайны оршил, эхлэл (генеральная репетиция) байлаа. ЗХУ нь орчин үеийн томоохон дайнд хэрэглэх танк, онгоц, агаарын пуужин зэрэг бүх зэвсгээ туршин, эх орны дайны өмнө амжиж сайжруулах арга хэмжээ авч, цэрэг армийнхаа зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,байлдааны бүх дүрмээ шинэчилжээ. 1939 оны 8-р сарын 31-нд Халхголд дууссан дайн тулалдааны сургамжийн тухай асуудлыг 9-р сарын 2-нд Москвад анх авч хэлэлцсэн байдаг.

АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МАРШАЛ

Эх орныдайнд аль ч хэсэгт Жуковгүйгээр шийдвэрлэгдсэн асуудал, ялалт байгаагүй гэж санагддаг. Тэр Халх голын ялалтын дараа анх удаа Сталинтай нүүр учрах боломж гарч, ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, армийн генерал цол хүртэн Улаан армийн дээд удирдлагад багтан оров. Улаан армийн жанжин штабын дарга, авьяаслаг жанжны хувьдболох гэж байсан дайны талаар хамгийн их мэдэрч, төсөөлж, санаа зовсон хүний нэг нь Жуков байжээ.

Нэгэн зүйл. Европын бүх улсуудын цэрэг эдийн засгийн чадавхийг шавхан дайчилж, дэлхийн томоохон империалист гүрнүүдийн ил далд дэмжлэгт дулдуйдан шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы фашист арми улангасан довтолсоор Кремльд 25-хан км-т дөхөн ирж, немцүүд ялалтын баяртаа бэлтгэж, шагналынхаа одон медалийг вагон вагоноор ойртуулж байхад, Зөвлөлт Засгийн газар, гадаадын бүх элчин сайдын яамдыг Куйбышев хотод шилжүүлэн, Сталин хүртэл Ярославскийн вокзал дээрээс Москваг орхих эсэхээ шийдэж ядан хойш урагш алхан тэвдэж явахад Москваг немцүүдэд алдахгүй гэдгийг хэлж чадсан төдийгүй хэрэгжүүлж чадсан гавьяатан бол Жуков. Гитлерийн ялагдашгүй гэгдсэн цахилгаан дайны төлөвлөгөөг анх замхруулж, Москвагийн дэргэд Улаан армийн анхны ялалтыг байгуулснаар Георгий Жуков Зөвлөлтийн ард түмний үндэсний баатар болж, дэлхийд алдаршиж, нэртжанжны зэрэгт хүрчээ.

Алдар нэрийн оргилд гарах, дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын булаан эзлэлтээс аврах ялалтын зам нь хэзээ ч шулуун дардан байгаагүй, алхам тутамдаа ялах, ялагдахын хутганы ирэн дээр дэнжигнэж байжээ. Жуковт байгалиас заяасан цэргийн жанжны агуу их авьяас билэг, тэсвэр хатуужил, эгнэшгүй хатуу чанга шаардлага нь өөртнь нэг биш удаа гай болохдоо болдог байсан ч, хүн хүнээс илүү ширүүн дориун ааш зан нь чухамхүү хамгийн аймшигт дайсантай үхэх сэхэхээ үзэж, амь өрсөлдөн тэмцсэн тэр хэцүү цагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Жуковыг улам бүр тодруулан ялгаруулж байсан хэрэг.Дээд ерөнхий командлал дээр асуудал шийдвэрлэх үед Сталины өөдөөс ам нээж, бодол саналаа хамгаалах Жуковоос өөр цөстэй зоригтой эр хэзээ ч гарч байсангүй. Тиймдээ ч Сталины зөрүүд, дээрэлхүү зан хөдөлж “Бид Ленингүйгээр болсон юм, тангүйгээр болох л байлгүй” гээд түүнийг Жанжин штабын даргаас чөлөөлж, фронт командлагчаар явуулсан удаатай. Гэхдээ Жуковын цэргийн жанжны эгнэшгүй авьяас чадвар, эрэлхэг зан чанарыг эцсийн эцэст зөв үнэлж, шийдвэрлэх том тулалдаан болгоныг бэлтгэж, зохион байгуулахдаа түүнд асар их найдвар хүлээлгэж, Дээд ерөнхий командлагчийн орлогч, батлан хамгаалах ардын комиссарын 1-р орлогч болгосон нь Сталин удирдагч хүний хувьд гол хүнээ зөв таньж түшиглэж чадсан гавьяа нь оршино. Түүгээр ч үл барам Жуковыг элдэв хэл ам, атаархагчдын дайралт, хардлага сэрдлэгээс хамгаалдаг, Жуковыг би мэднэ, Жуков хэзээ ч Намын Төв Хорооны эсрэг явах хүн биш гэдэг байжээ.

Нэгэн зүйл. Сталинградын дэргэд Зөвлөлтийн улаан арми немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч, дэлхийн 2-р дайны явцад эцсийн эргэлт гаргасныг тохиолдуулж, цэргийн дээд жанжингуудад олгох Суворовын одонгийн хамгийн эхний нэгдүгээр үнэмлэхтэйг нь Жуковт гардуулж, дайны жилүүдэд ЗХУ-ын маршал цолыг хамгийн анх Жуков толгох тухай Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газарт шууд удирддаг даргынх нь хувьд Сталин тодорхойлохдоо ”Жуков Москваг аварсан юм” гэж товчхон бичсэнээ “хангалттай гэж бодож байна” гэжээ.

Нэгэн зүйл. Германы булаан эзлэлтээс Зөвлөлтийн газар нутгийг бүрэн чөлөөлөх нүсэр тулалдааны явцад 1944 оны 4-р сард Украиныг чөлөөлсний төлөө аугаа их эх орны дайны үеийн цэргийн хамгийн том шагнал Ялалтын одонгийн анхныхыг Жуковт гардуулж,1944 оны 7 сард Белорусыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын баатар цолоор хоёр дахь удаагаа шагнасныг Сталин, Калинин хоёр гардуулжээ. Ер нь Ялалтын одонгоор 9 удаа шагнасан бөгөөд ганцхан Жуковт нэг жилийн дотор 2 удаа олгосон нь түүнийг ЗХУ-ын төр, ард түмэн хэрхэн өндөр үнэлж байсныг илэрхийлнэ.

Нэгэн зүйл. Эх орны аугаа их дайныг дуусгах, Европын орнуудыг чөлөөлөх, тэр дундаа Берлинийг буулган авах операцийг зохион байгуулж, дайсныг үүрэнд нь бүр мөсөн устгах тэмцэл хамгийн хүнд байсан. Гитлер Берлинийг эцсээ хүртэл хамгаалахыг тушааж, хүн амын дунд 12-60 насны бүх эрчүүдийн цэрэг татлага явуулж, байшин барилга бүрийг алхам тутамд нь цайз мэт хамгаалан тэмцэцгээсэн. Хамгийн сүүлд нь зөвхөн Рейхстагийн орой дээр Ялалтын туг хатгахаар ойртсон бүгдийг буудаж олон хүний амь үрэгдсэн юм. Г.Жуков, К.Рокоссовский, И.Конев нарын командалсан Зөвлөлтийн цэргийн гурван фронтууд Берлинийг эзлэхэд немцүүд “гурван монголд эзлэгдлээ” гэсэн яриа гаргаж байсан нь эдгээр маршалууд Монголд алба хааж байсныг давхар дурдсан хэрэг биз ээ.

Жуков жанжинд 1945 оны 5-р сарын 08-нд Берлинд фашист Германы зэвсэгт хүчин үг дуугүй бууж өгөхөөр гарын үсэг зурсан актыг Зөвлөлтийн цэргийн ерөнхий дээд командлалын нэрийн өмнөөс хүлээн авах, 1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд явуулсанаугаа их эх орны дайны Ялалтын парадыг хүлээж авах зүй ёсны хувь зохиол, хамгийн их итгэл хүндэтгэл оногджээ. Жуковт Берлинийг буулган авсны төлөө 1945 оны 6-р сард ЗХУ-ын баатар цолыг гурав дахь удаагаа олгож, 1945 оны 8 сард Ялалтын одонгоор хоёр дахь удаа нь шагнажээ.

Нэгэн зүйл. Дайны дараа алдарт жанжны амьдрал, хувь заяа тийм ч амар тайван байгаагүй. Жуковтой эн зэрэгцэх тийм өндөр алдар хүнд өөр хэнд ч байсангүй. Сталин ч эмээж байсан байж магадгүй. Жуковын хатуу ширүүн зан чанар нь тайван цагт тохироогүй, өөрийн дайснууддаа ашиглагдсан байх ч талтай.Жуков гэж бодоход дэндүү дорд үзсэн мэт албан тушаалуудад томилогдож байсан ч, Сталин амьд сэрүүн байхдаа дахиад дайн гарвал яана гэсэн бодолтойгоор Жуковт шууд халдах боломжийг олгоогүй.

Харин 1955-1957 онд ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Дайны дараа ч эр зориг, байр суурь шалгасан хүнд хэцүү сорилтын үед чтөр, засаг нь Жуковыг нэг биш удаа хайр найргүй ашиглахад хүрч байв. Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн төр засгийн дээд эрхийг эзлэх өрсөлдөөний үед Аюулаас хамгаалах яамны сайд, нэр нөлөөтэй хүчирхэг Л.П.Берияг баривчлах ажлыг зөвхөн Москвагийн гарнизоны дарга байсан Жуковт даалгахаас өөр аргагүйд хүрцгээж байжээ. 1955 онд Сталинг залгамжлагч Н.С.Хрущевыг нам төрийн дээд удирдлагаас зайлуулах хуйвалдаан гарах үед Намын төв хорооны бүгд хурал дээрзалирхаг, овжин Хрущевыг Жуков цээжээрээ хамгаалж, “Миний тушаалгүйгээр нэг ч танк хөдлөхгүй” гэсэн үг нь хожим өөрт нь гай болж, насныхаа эцэст гэрийн хориондсуусаар 1974 онд өөд болсон ажээ. Энэ аугааих жанжин ямар ч хүнд хэцүү цаг үед эх орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, үнэнч шударга хүн байсныг түүх гэрчилнэ.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ ХАЙРТАЙ ЖАНЖИН НЬ

Г.К.Жуков хэдийгээр дэлхийд алдаршсан цэргийн суут жанжин, Оросын ард түмний хамгийн агуу их хүмүүний нэг байсан боловч бүхий л амьдралынхаа туршид Монгол орон, монголчууд, Халх голынхоо тухай хайрлан дурсаж, дайчин нөхдөдөө онцгой хүндэтгэлтэй хандаж, Орос Монголын найрамдалд үнэхээр их хувь нэмрээ оруулсан манай үнэнч их анд нөхөр минь байлаа .

Тэрээр: “Монгол хүний цайлган сэтгэл, ЗХУ-д үнэн сэтгэлээсээ итгэдгийг санахад сэтгэлд сайхан байдаг. Гэр байшин, албангазар, цэргийн анги, хаана ч очсон В.И.Лениний зургийг хамгийн хүндтэй байрандаа тавьж, монгол хүн бүр түүнийг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэдэг юм” гэж дурссантай нь адилаар монголчууд өөрийг нь ч эрхэмлэн хүндэтгэсээр байдаг билээ.

Ялангуяа Жуков жанжны алдар гавьяаг мөнх жүүлэхэд их анхаарч түүний ажил, амьдралынх нь ямар ч үед байнгын холбоотой байж, эргэж тойрч явсан хүн бол Монголын удирдагч Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хэрэгт түүний оруулсан гарамгай гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн болгон, дурсгалын хөшөөг нь босгож, Халх голын дайны дараагаар Жуков эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байсан байшинг өргөтгөн засварлаж, музейг нь байгуулжээ. Гэр орныхон нь, охидууд нь Монголд ирж очдог байсан цаг ч бий.

ОХУ-аас төр засгийннь дээд удирдлагууд Монгол оронд ирэх бүртээ Жуков жанжны хөшөөнд заавал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэр хавьдаа цэргийн баяр, ялалтын баяраар олны хөл тасрахгүй. Олны танил Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн салбарыг хол, ойроос зорьсон хүмүүс Жуковын хөшөөгөөр баримжаалж ирцгээнэ. Ялалтын баярыг монголчууд оросуудаас дутахааргүй тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын сэтгэлд ардын дуунаас ялгаагүй шингэсэн “День Победы”-г сонсоход дуулсан, сонссон бүгд нүд дүүрэн мэлмэрцгээнэ.

Жуков жанжныг 1971 онд цус харваж, хэвтэрт орсон үед нь өөрийнх нь хүсэлтээр манай Цэдэнбал дарга үүрэг өгч, Монголоос нэрт бариач, ардын эмч Рагчаагийн Биханз гэдэг буянтныг Москва рууявуулж, гэрт нь эмчилж хөл дээр нь босгосон сонин түүх бий. Биханз гуай зөвхөн Жуковыг илааршуулсан төдийгүй, Зөвлөлтийн удирдлагуудын гэр оронд нь залагдсаар Москвад зунжиж, намартаа л буцаж ирсэн бөгөөд насныхаа эцсийг хүртэл өвдөж зовсон олонд тусалсаар, түүний дотор оросуудыг ч хүлээн авсаар 2014 оны эхээр тэр эгэл биш сонин содон авьяас билэгтэн чимээгүйхэн таалал төгссөн дөө.Би өвгөнөөсЖуков монголчуудын талаар юу ярьж байв гэж их асууна, хариуд нь олигтой юм ярихгүй, зайлуул тийм тангарагтай байсан биз. Ганцхан удаа: Монголчуудад буу зэвсгийг нэг удаа л задалж, угсарч харуулахад шууд тогтоодог ой тогтоолт сайтай байсан гэж хэлсэн шүү гэж билээ. Орос Монголын харилцааны амьд домог болж үлдсэн Биханзын гэр бүл болон Улаан армид бэлэг хүргэж явсан хүмүүсээс ганцаар үлдсэн Дундговийн фронт Цэгмид, 1945 оны намар орос эмчамь насаараа дэнчин тавьж аварсны хүчинд дахин төрсөн Өвгөн бүргэд Соболев мэтийн хуруу дарам хэдхэн содон хүмүүсийг ядаж амьд сэрүүн байхад нь битгий мартаасай билээ.

Жуков жанжныг Монголын ард түмэн үргэлж хайрлаж бахархдаг наад захын жишээ баримт өдий төдий байдаг. Монголчууд хүүхдэдээ Ленин, Сталин гэж нэр өгдөг байснаа бас Жуков гэж нэрлэх болсон. Манай Дундговийн Эрдэнэдалай суманд л гэхэд Жуковын мандаж, бадарч явах үед мэндэлсэн Тогооборын Жуков гэж ахмад багш одоо ч байгаа. Говь талын малчны хүү миний төрсөн гэрийн хойморт байх ойр дотнын олон хүний зурагны хамгийн дээд талд залаатай байсан их жанжин Жуковын жавхаалаг зургийг харж, биширч өссөн болохоороо үргэлж л сонирхож, үзэж харсаар өдийг хүрч явна.

Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй.

Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИСийн Улаанбаатар дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, Доктор (Sc.D) Л.ДУГАРЖАВ

Г.В.Плехановын нэрэмжит

ОЭЗИС-ийн профессор С.А.ФИЛИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмний найдвар оюутай, оюугүй хоёр толгой л болж байна

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүр хүсч байгаа. Оюу толгой дээр маргаантай байсан зүйлүүд дээр зарчмын тохиролцоонд хүрч үр дүнг нь ойрын хугацаанд зарлахаар боллоо. Хоёр толгойгоо шийдсэнээр гацаа арилж хөдөлгөөн эхэлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Нэг үгээр Засгийн газар хэлэлцсэн, хоёр толгой хөдлөх нь гэсэн ойлголт түүний хэлсэн үгнээс ойлгогдсон. Харанхуйд нар гийх шиг итгэл төрүүлсэн Ерөнхий сайдын энэ үг эдийн засгийн хямралаас гарах нь юу юугүй хоёр толгойгоо эргэлтэд оруулах нь гэсэн ойлголт өгөв. Дуусдаггүй яриа гэдэг шиг шийдэгддэггүй хоёр толгойн асуудал нэг тийш болох нь гэж магнай тэнийв.

Сайн мэдээ хүний зүрхэнд шууд тусдаг хуулиар бүгдээрээ л гацаанд орчихоод байгаа хоёр толгой хөдлөх нь гэж талархан хүлээж авлаа. Гэтэл бас л биш. Манай төрийн гурван удирдлага сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа Таван толгойн асуудлыг гурван өөр янзаар яриад байна. Эхний хүний хэлсэн үгийг нөгөөх нь няцаав. Эцэст нь яах бол гэсэн эргэлзээ хэвээр л үлдлээ. Ерөнхийлөгч аж ахуй нэгжүүдийн хоорондоо шийдчих асуудал, тэд өөрсдөө мэдээд явах бүрэн боломжтой гэсэн бол УИХ-ын дарга УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдалд харшилсан гэрээ байна. Хэтэрхий нэг зах зээлээс хамааралтай болгох гэлээ. Сунгалтын хугацаа их байна. Иргэдийн хувьцааны асуудлыг бүрхэг хаясан. Шийдэх механизмгүй байна гээд хэд хэдэн болгоомжлох зүйлийг дурдсан. Түүний ярианаас Таван толгойг Засгийн газар дур мэдэн шийдэх боломжгүй гэж ойлголоо.

Ингэж яриад гурван тийшээ харчихлаа. Тэдний энэ үгсийг сонсоод “Хавч, цурхай, галуу гурвын үлгэр” шууд санаанд бууж байна. Галуу ачааг тэнгэр лүү татаж, хавч ой руу, харин цурхай цүнхээл рүү чирдэг. Хичнээн хүч гаргаад ч ачаагаа хөдөлгөж чаддаггүй. Ард түмний хүсч хүлээгээд байгаа Таван толгойн хувь заяа өнөөгийн байдлаар яг тэр боодолтой ачаа шиг хаашаа ч хөдлөхгүй болчихоод байна. Төрийн гурван толгой өөр юм ярьж, Таван толгойгоо гурван тийш чангаагаад байгаа болохоор яаж ч хөдлөх билээ.

Орчин үед ард түмэн асар өндөр боловсролтой болсон. Ухаалаг, мэдээлэл асар хурдтай түгдэг нийгэмд амьдарч байгаа хаширжсан, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн, ухаалаг, боловсролтой ард түмний нүдэнд энэ нэг намын, нэг жалгын, нэг танхимын гурван хүн ингэж ярихаар жүжиг тавих шиг санагдана. Хөшигний ард хөөрөг зөрүүлэн инээж суухаар хүмүүс олны өмнө үг, үйлдэл, үзэгдэл, дүрээ хувааж аваад л өнөөх жүжгээ тавьчихаж байна. Засгийн газар ажил хийдэг, УИХ шударга ёсыг сахиулдаг, Ерөнхийлөгч аж ахуй нэгжийг харж үздэг гэсэн дүрд тоглоод байна уу. Гэдэс нь хонхолзож, бүтэн 25 жилийн улстөржилтөд тамираа барсан ард түмэнд хоёр толгой нь хөдөлж таван төгрөгтэй болох нь юун түрүүнд хэрэгтэй. Магад өнөө маргаашгүй гэж шахамдуулах нь яарсны хэрэг биз. Гэхдээ маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг үг бий. Иргэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзэж байх шиг. Хүмүүс өөрсдөө болох бүтэхээрээ хөдөлмөрлөж, идэх хоол, сурах сургууль, эмчлүүлэх эмнэлгийн төлбөрөө олох хэрэгтэй л дээ. Гэсэн ч улс орны өнөөгийн нөхцөлд өөрсдөө мачийтал хөдөлмөрлөсөн ч тийм амар цатгалан байж чадахгүй байна. Тиймээс ч ингэж шаардаж байна. Үүнийг буруу гэж хэлэхэд хэцүү. Таван толгойгоо хөдөлгөх л хэрэгтэй байна. Тэгэхээр Таван толгойг хөдөлгөх нь та гурваас, төр улс удирдаж яваа удирдагч нараас шалтгаалж байна. Улс орныг удирдаж байгаа удирдлагуудаас хамаарна.Улс төрчид, төрийн удирдагчид дунджаас сонгогдсон байдаг. Учир нь нийгмийг авч байгаа олонхи нь дундаж орлоготой иргэд. Тэгвэл ард түмний дунд ухаантай хүмүүс маш олон. Тэд удирдагчдын юу хийж байгаа, юу ярьж байгаа, тэр бүү хэл юу бодож байгааг ч мэдэж байдаг. Дээр нь асар их мэдээлэлжсэн байгаа. Тэрнийхээ хэрээр улстөрчийн үйлдэл бүрийг шууд уншаад сурчихаж. Бараг урьдчилаад хэлэхэд онох нь их болж. Ингэж асарих мэдээлэл олж авах эрх, далдыг ил болгохыг ардчилал өгсөн юм. Хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр тэд хангалттай мэдээлэл авч, бас мэдээллээ солилцож байна. Хэний эрх ашиг, хэний хувь сонирхол ийм байдалд хүргээд байгааг ямар ч тархи угаалтгүйгээр өөрсдийнхөөрөө тунгааж байгаа.

Ийм хүмүүсийг удирдах хэрэгтэй болдог. Эдгээр хүмүүсийг удирдахын тулд шударга байхаас аргагүй. Тархи угаах, пиардах ямар ч боломжгүй. Шударга байхгүй л бол тэд шууд барьчихна. Зайлах аргагүй. Ямар ч сайн найруулсан жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөлийг андахаа байж, ард иргэд. Тэгэхээр та гурваас бүх зүйл шалтгаалах гээд байна шүү дээ. Таван толгойгоо тал тал тийш нь татаад байвал огт хөдлөхгүй ээ. Нэгэн зүгт л хөдөлгөх хэрэгтэй юм. Жүжиг тавих ч хэрэггүй. “Таван толгойн асуудал шийдвэрт хүрэхгүй байгаа нь бүлэглэлүүдийн хувийн сонирхлоос болж байна. Монголыг хорлож дуусахгүй хувийн амбицаа гаргаж байна, Таван толгой хөдөлбөл Монгол аврагдана, улстөрчид хувь авахгүй байх вий гэхээс айж л дуусашгүй маргаан дэгдээлээ” гэх мэтээр иргэд халаглаж байна.

Ард түмэн оюутай,оюугүй хоёр толгойдоо л найдаж сууна. Найдварыг талаар болгочихгүйхэн шиг гурван сая толгойгоо хоёр толгойгоороо аврах нь та бүхний үүрэг. Сайн удирдагч улс орноо хэрхэн өөд татдагийг, муу удирдагч яаж унагадгийг дэлхийн жишээ байнга харуулж байгаа.

М.СҮЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Шор хийцтэй хайсуудыг хориглоё

Нийслэлийн гэлтгүй төв суурин газруудын гудамжаар зүлэг ногоог явган хүний замаас тусгаарласан хайс гэж бий. Дунджаар 50 см орчим өндөр бүхий эдгээр хайсууд өнгө үзэмж талаасаа бол авах юм үнэндээ байхгүй дээ. Өнгө муутайхан ногоон будгаар голдуу будагдсан байх энэ хайсууд иргэдийн амь нас эрүүл мэндэд заналхийлж байгаа олон зүйлсийн нэг яалтгүй мөн. Уг хайсуудыг хийхдээ хүн суулгахгүй гэхдээ арматур төмрийг албаар хурц үзүүрлэж хийдэг. Эсвэл тал талаас нь төмөр гагнаж байгаад сумны зэв мэт болгож орхино. Хэрэндээ л эвдүүлэхгүй гэсэн арга нь. За тэгээд машинаар дайрч эвдсэн, энд тэндээс нь гагнаасаараа салчихсан гээд энэ төмөр хайсууд айдас төрүүлэхүйц муухай харагдана. Хэрэв золгүй байдлаар хүн тэр хайс руу халтирч уналаа гэхэд шууд амь насанд нь аюул учирна. Явган хүний зам ямар л байдаг билээ дээ. Өвөлдөө цас нь дагтаршсан. Хавар бол өдөртөө хайлсан цас нь шөнөдөө хөлдөөд хүн явахад туйлын бэрх. Эдгээр хайсууд яг үнэндээ дундад зууны үеийн яргын хэрэгсэл шиг харагддаг. Ёрдойсон, хурц иртэй, шорон хийцүүд бидний амьдрах орчинд байгаа яргын хэрэгсэл мэт байсаар. Уг нь бусад оронд явган зорчигчийн замын хайсны тодорхой стандарт байдаг. Хүн дээрээс нь унахгүй байх хэмжээний өндөртэй, дээд хэсэг нь хавтгай гэх мэт. Гудамжаар хүүхэд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй гээд үй олон хүн явж байгаа. Эхний ээлжинд иргэдээ бодож хүн дээрээс нь унасан ч гэмтэл авахааргүй, амь насыг нь авчихгүй стандарт бүхий материалтай хайсаар даруй солих хэрэгтэй болжээ. Ер нь ийм хийцтэй хайсыг шууд хориглох нь зүйтэй байх шүү.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм

Чөдөр одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 15. Буд гариг, Билгийн тооллын 26. Чөдөр одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06.16 цагт мандан, 19.44 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих,хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байна

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн ярилцлагыг “Өдрийн сонин” лхагва гаригийн дугаартаа нийтэлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д тайлангаа тавихад нь Д.Сарангэрэл гишүүн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар асуусан юм. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздээс ангид байлгаж, энэ салбарыг дампууруулах заалтууд орсон байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдаж байсны хувьд Д.Сарангэрэл гишүүн тэрхүү хуулийн төслийн сөрөг талыг гярхай ажиглаж, ийм бүдүүлэг хууль орж ирвэл хэрхэхийг Ерөнхийлөгчөөс асуусан билээ. Ерөнхийлөгч “Хэрвээ тийм хуулийн төсөл батлагдвал хориг тавина” гэж хариулсан юм.
Д.Сарангэрэл гишүүний хэвлэл мэдээллийн салбарын олон асуудлаар байр сууриа илэрхийлснийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.