Categories
мэдээ нийгэм

Цахилгаан станцын хаягдал үнсээр явган хүний замын хавтан хийх технологийг туршина

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга, мэргэжилтнүүдэд “Enviroment and Creening Conservation Consultant” ХХК-ийн техник хариуцсан захирал Коёо Катахира үнсээр явган хүний замын хавтан хийж байгаа ажлын туршлагаасаа танилцууллаа.
Цахилгаан станцын үнсээр хийсэн явган хүний замын хавтан нь борооны ус нэвтрүүлдэг, нарны туяагаар эргэн ууршин орчны чийгшилтийн тэнцвэрийг хангадаг давуу талтай бөгөөд хүн байгальд хоргүй нь Японы лабораториор батлагджээ. Японд энэхүү үнсээр цэцгийн сав хийж, хавтангаар нь байгууллагын гадна тохижилт, дэлгүүрийн өмнөх талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замыг тохижуулдаг аж.
Харин энэхүү хавтанг Монголд үйлдвэрлэж, хот тохижилтод ашиглаж болох эсэх туршилтыг “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ний лабораторид турших юм. Коёо Катахира тус дулааны цахилгаан станцаас гарч байгаа хаягдал үнсийг газар дээр нь очиж үзээд “Хот тохижилтод ашиглах хавтан хийх боломжтой. Эхлээд Японд үнсэн хавтан хийдэг бүтээгдэхүүний орцыг Монголд байгаа эсэхийг судлаад, дараа нь туршилт хийж болно” гэлээ.
Туршилт амжилттай болбол Монголын цахилгаан станцын хаягдал үнсийг Японд шинжлүүлэх юм. Хаягдал үнсийг ашиглаж эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй хог хаягдлыг багасгах эерэг нөлөөтэй гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 02 сарын 09-04 сарын 20 хооронд үргэлжлэх бөгөөд бүртгэл дуусахад 5 хоног үлдээд байна. Тиймээс шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байгаа аж. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой. Үүнээс өмнө Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдагсдаас монгол, хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 21-ний өдөр аваад байсан. Уг шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагчид тэнцсэнээр үндсэн шалгалтдаа орох эрхээ өвөртлөөд байгаа юм. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчид энэ сарын 20-ноос өмнө бүртгүүлснээр дахин шалгалтад хамрагдах боломжтой. Монгол хэл, бичгийн дахин шалгалт дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох юм. Түүнчлэн үндсэн шалгалтууд зургаадугаар сарын 18, 20, 21-ний өдрүүдэд доорх хуваарийн дагуу явагдана.

Categories
гадаад мэдээ спорт

Роналдо, Месси нэг багт тоглоно

Европын холбоо ойрын үед “NBA”, “NHL” лигүүдтэй адилхан Европын хөлбөмбөгийн бүх оддын тоглолт зохион байгуулах тухай яригдаж эхэллээ. Дэйли Мэйл сонинд бичсэнээр энэхүү тоглолт өмнөд, хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдах юм байна. Хойд бүст Англи, Герман, Оросын лигийн тоглогчид, өмнөдийн багт Итали, Испани, Францын лигийн тоглогчид багтах юм байна. Ингэж хуваагдвал Испанийн ла лигийн шилдгүүд болох Роналдо, Месси нар нэг багт тоглож магадгүй нь. Ийм сонирхолтой бүх оддын тоглолт болбол олон сая хүний анхаарлыг эрхгүй татах нь гарцаагүй. Роналдо, Месси нар өнөө цагийн хөлбөмбөгийн супер одод төдийгүй эвлэршгүй мөнхийн өрсөлдөгч Реал, Барсагийн гол бэлгэдлүүд юм. Европын хөлбөмбөгийн холбоо уг тоглолтыг ирэх 2017 онд зохион байгуулж магадгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын байдлаас болж зарим нислэгийг хойшлуулжээ

Хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг 17.00 цаг хүртэл хойшилсон байна. Мөн Москва-Улаанбаатар чиглэлийн өчигдрийн нислэг хойшлогдоод өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Одоогоор орон нутгийн нислэгээс Дорнодын нислэг хойшлогдоод байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Унгартай хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсролын салбарт хамтран ажиллах сайхан боломжууд нээгдэж байна

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ:

“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер миний урилгыг хүлээн авч, гэргий Анита Херцегийн хамт манай оронд 2015 оны 4 дүгээр сарын энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Унгар Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь 21 жилийн дараа хэрэгжиж буй Унгарын төрийн тэргүүний айлчлал бөгөөд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Би өнгөрсөн 2014 оны 10 дугаар сард Унгар Улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр ярилцаж тохирсон зүйлүүд, Эрхэмсэг Ерөнхийлөгчтэй тохиролцсон зүйлүүд үргэлжлэн амжилтай хэрэгжиж байгаад туйлын баяртай байна. Унгар Улстай бидэнд хамтын ажиллагааны уламжлалт салбарууд байдаг. Хөдөө аж ахуйн чиглэлд Унгартай хамтарч байгуулж байсан Биокомбинат байдгийг та бүхэн мэднэ. Энэ Биокомбинатыг цогцоор нь шинэчлэх ажлыг Унгар Улс, Монгол Улс хамтарч хийхээр болж байна. Энэ бол сайхан мэдээ. Ингэж чадах юм бол Унгар Улстай Монгол Улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Азийн болон Европын зах зээлд хамтарч гарах боломж бүрдэх юм.

Байгаль орчин, ялангуяа усны болон мод тариалах салбарт хамтарч ажиллах өргөн боломж байна. Мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сайхан бололцоо гарч ирж байна. Өмнө нь бид энэ салбарт хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр сургах оюутны тоог олон дахин нэмэгдүүлэх боломж нээгдлээ. Өмнө нь жилд 15 оюутан сургаж байсныг одоо 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь маш сайхан мэдээ юм.

Унгарт өндөр технологийн салбарт гарч байгаа олон амжилт байдаг. Үүнийг хамтарч хэрэгжүүлэх талаар мөн сая Ерөнхийлөгчтэй ярилцлаа.

Эрхэмсэг Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, харилцааны тодорхой асуудлуудаар ярилцах болно.

Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч Янош Адер болон гэргий Анита Херцег, албаны бусад хүмүүсийг манай улсад амжилттай сайхан айлчлахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэнэ

Одоо 17:00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Таван толгойн гэрээний асуудлыг хэлэлцэх бололтой. Хоёр ч удаа хэлэлцэх гээд цаг товлосон боловч тодорхой бус шалтгаанаар хойшлоод байсан юм.

Өнөөдөр хэлэлцээд шийдвэр гарвал Таван толгойн гэрээний төслөө УИХ-д өргөн барина. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Унгарын ерөнхийлөгч Янош Адерт бараалхав

УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт бараалхав.

Уулзалтын эхэнд ноён Янош Адер “Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх олон асуудлыг ярилцлаа. Унгарын тал ЭСЯ-аа сэргээн нээхээр болсон нь хоёр улсын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах юм. Монгол Улсаас Унгар улсад суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх бололцоотой, тэр дундаа батлан хамгаалах, хөдөө аж ахуй, инженер техник, технологийн чиглэлээр түлхүү суралцуулах сонирхолтой байна. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Унгар Улсад суралцах оюутнууд хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Манай хоёр улс эрчим хүч, техник технологи гээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн бий” гэв. Мөн тэрээр, Унгар Улсаас Монгол Улсад хийж буй айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад 5 дугаар сард айлчлал хийх болсон нь үүний илрэл болохыг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн дөнгөж сая хийсэн албан ёсны хэлэлцээний дагуу олон ажил хийгдэх бөгөөд үүнийг Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал ЭСЯ-аа албан ёсоор сэргээн нээхээр болсонд баяртай байна гэлээ.

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдаж, Унгарын талаас өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Унгар Улсын Парламент дахь Унгар, Монголын Парламентын бүлгийн дарга Ласло Хорват тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 06 дугаар сарын 2 дугаар хагаст хүлээн авахад бэлэн буйг мэдэгдсэн юм.

УИХ-ын дарга Унгарын тал Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлээд, хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр урсгалтай болгоход анхаарч, Унгар Улсын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөс сэргийлээрэй

Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, зоонозын хурц халдварт өвчин юм. Галзуу өвчний үүсгэгч нь зэрлэг амьтдын дунд өргөн тархсан байдаг. Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтад чоно, үнэг, хярс, сарьсан багваахай, сармагчин, нохой, муур, таван хошуу малаас халдвар авч өвчилдөг.

Халдвар авснаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг халдварын нууц үе гэдэг бөгөөд энэ хугацаа нь галзуу өвчний хувьд 14 хоногоос 3 сар /7 хоногоос 1жил хүртэл/ үргэлжлэх ба шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд шарх төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Эмнэлзүйн хэлбэр нь(угтал үе, хөөрлийн үе, саажилтын үе) гэсэн 3 үе шатаар явагддаг.

Галзуугаар өвчилсөн тохиолдолд цочромтгой, айж эмээсэн байдалтай, харанхуйд байх дуртай, нойр хоолонд муу, уруулсан хэсэгт өвдөх, загатнах, мэдрэлийн судал дагаж улайх, амнаас нь унжиралдсан шүлс гоожих, шүлсээ залгих чадваргүй болох, ус, салхи, гэрлээс айх зэрэг шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  • 1.Галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулж, ноцуулж, шүлсдүүлсэн тохиолдолд тэр даруйдаа шархыг цэвэрлэж харьяаэрүүл мэндийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй авах хэрэгтэй.
  • 2.Галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулсан, ноцуулсан хүнд хэлбэрийн шархтай хүнд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдсийг зайлшгүй яаралтай тарих шаардлагатай байдаг тул аль болох цаг алдахгүй эмнэлэгт хандах шаардлагатай.
  • 3.Гэрийн тэжээвэр мал, амьтдыг ялангуяа нохой, муурыг галзуугийн эсрэг вакцинд жил бүр хамруулах нь зүйтэй.
  • 4.Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж ноцуулсан тохиолдолд вакцины болон ийлдсийг урьдчилан сэргийлэх эмчилгээг яаралтай эхлүүлж бүрэн тунг авсан тохиолдолд галзуугаар өвчилж, нас барахаас сэргийлнэ гэдгийг сайтар анхаараарай.

Улсын хэмжээнд 2015 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын мэдээг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар хотын 33 сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаас галзуу өвчний эрсдэлт өртсөн 56 сэжигтэй тохиолдлыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Галзуугийн эрсдэлд өртсөн 11 тохиолдол галзуу өвчний эсрэг эсийн өсгөврийн вакцин, эмчилгээний иммуноглобулины бүрэн тунд хамрагдаж, эрүүл мэндийн хяналтаас гарсан ба бусад нь хяналтын хугацаанд байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгоход бэлэн” гэв

“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” форум Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Найрсаг Улаанбаатарын тухай ярихдаа ”Улаанбаатар хот 2020 онд 3 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин авах зорилго тавьж байгаа. Тиймээс нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж байна” гэж онцоллоо. Харин “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг илтгэлдээ “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр бол Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох гол хөтөлбөр юм. Энэ бол зарим хүмүүсийн ойлгодог шиг зөвхөн мэдээллийн технологийн хөтөлбөр биш. 2026 онд ойролцоогоор дэлхий дээр явагдах нийт төсөл хөтөлбөрийн гуравны нэг нь ухаалаг төхөөрөмж ашиглан хийгдэнэ. Тийм болохоор ухаалаг дэд бүтцийг байгуулахаар зорьж байна. Ухаалаг систем нь төрийн ажиллагаанд цоо шинэ өөрчлөлт авчирна. Улаанбаатарын харьяа төрийн бүх байгууллагыг нэг системээр холбох ажлыг ирэх 5, 6 дугаар сард багтаан нэвтрүүлнэ. Улаанбаатар болон, төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж иргэддээ үйлчилнэ” хэмээн ярьсан юм.

“Худалдан авалт, шилэн тендер” сэдвээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Худалдан авалтын тогтолцоог сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хувийн хэвшлийн байгууллагууд тендерт оролцоход дэмжлэг үзүүлж зөвлөн туслах ажлыг хийж байгаа. Нуулгүй хэлэхэд хөрөнгө оруулалтын явц удаашралтай байна гэсэн шүүмжлэлүүд их гардаг. Тендерийн явцад үнэлгээний хороо бүх мэдээллийг ил тод зарлаж, бүх оролцогчдын мэдээллийг нээлттэй харуулж байгаа. Нийслэлд сүүлийн жилүүдэд гарч байгаа барилгын ослуудтай холбоотойгоор тендерт оролцогч компаниудаас бүх ажилчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулахыг шаардаж байгаа. Манай тендерүүд нээлттэй шударга явж байгаа гэдгийг ам бардам хэлж чадна” гэлээ.

“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр” сэдвээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа илтгэлдээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өндөр өртөг бүхий 20 орчим төсөл хөтөлбөр байгаа. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулахыг хувийн хэвшлийнхнээсээ хүсч байна. Орон сууцны хорооллын 20 байршилд хэсэгчилсэн ногоон байгууламж шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. Нийслэл, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид маань хоёр талаасаа ярилцаад харилцан ашигтайгаар хамтарч ажиллахыг уриалж байна гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин “Казино дээр суурилаад бид дэлхийн гол тоглогчид болох Орос, Хятадын дунд байгаа нөөц бололцоогоо ашиглан жилд 3 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Хөрөнгө оруулагчдын хамгийн таатай нөхцөлийг санал болгож, хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Өнөөдөр Монголд гадны томоохон банкууд урт хугацаатай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Хөрөнгө оруулалтыг татаж чадвал бид Азийн зүрх, хаан хот болж чадна” гэлээ.

Тэрбээр “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр уг илтгэлдээ Улаанбаатар хотын тохижилт, аялал жуулчлалд хийх бүтээн байгуулалтын санаачлагуудыг танилцууллаа.

Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд танхимын гишүүдээс санаачилсан үндсэн том бүтээн байгуулалтуудыг санал болгож, төсөөлөл зургуудыг хуралд оролцогчдод харууллаа. “Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг байхын тулд юу хийж болох юм бэ гэдгийг аялал жуулчлалын салбар дээр нэгтгэсэн байдлаар танилцуулахыг хүсч байна. Өнөөдөр нийслэлийн худалдан авалт 270 орчим тэрбум байгаа. Бидний тулгамддаг хөрс, агаарын бохирдол, түгжрэл байсааар байна.

Дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал дутагдалтай, ядуурал байсаар байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хангалттай орж ирэхгүй байна. Ороод ирэхэд тогтвортой хууль эрх зүйн орчин байхгүй байна. Бидний гарц юу юм бэ. Бид дэлхийн хотууд шиг орчин үеийн хот болж чадах юм уу гэсэн асуудал байна. Саяны асуудлуудыг шийдэх хувийн хэвшлийн томоохон төслүүдийг нэгтгээд үзвэл Улаанбаатар хаан хот гэх энэ төсөөлөл бууж байна” гээд нэгдсэн төсөөллөө танилцуулсан юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод ямар ч дугуйн зам байхгүй. Агаарын бохирдол ихтэй.

Хотоос гараад амралтын цагаа өнгөрүүлэх орчин байдаггүй. Туулын эрэг дагуу бид дугуйн замыг тавьж, Богд уулыг тохижуулах ёстой юм байна. Үүнийг бид хувийн хэвшилд тулгуурласан боломжийн санхүүжилтээр шийдэх боломжтой. Туул голыг дагасан Богд уулын хормойгоор бид эхний ээлжинд зургаан км дугуйн зам тавьж болно. Хотын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 18-25 км дугуйн зам тавихад хот өөрөө баруун зүүнээ маш хялбар холбочих боломжтой. Үүнийгээ бид сая ярьсан Богд уултайгаа холбочиход аялал жуулчлалын таатай бүс нэмэгдэнэ гэлээ. Туул гол үндэсний парк байх бололцоотой гэнэ шүү. Агаарын тунель буюу агаарын гудамж гаднын ихэнх орнуудад байдаг. Агаарын гудамжтай бол нийтийн тээвэрт асар их дэмжлэг болно. Улаанбаатарыг бүхэлд нь аваад үзвэл тийм том хот биш. Гол гудамжууд нь цөөхөн. Энэ нь халтирч гэмтэх, түгжрэх гэх мэт эрсдлээс хамгаална. Шинээр баригдаж буй бүх барилгууд агаарын замаар холбогдож болно. Ер нь Улаанбаатар хотыг агаарын гудамжтай болгочихвол яасан юм бэ. Тооцоо хийгээд үзэхэд хотын гол цэгийг холбоход 7.2 км болно. Үүнийг хувийн хөрөнгө оруулалтаар шийдчих боломжтой ажил байгаа.

Бидний урд болон хойд хөрш маш том зах зээлтэй. Эндээс хөрөнгө оруулагчид, өндөр үнэтэй, чанартай аялал жуулчлалыг яаж татах ёстой вэ. Бид үүнийг хийж чадах юм бол дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэх боломжтой. Жишээ нь энд бид татваргүй барааны маш том дэлгүүр, музей, энтертайнмент төвүүд, казино, рестораныг энд байгуулах хэрэгтэй. Дэлхий даяараа аялал жуулчлалын гол орлогыг бүрдүүлж байгаа хүмүүс бол Хятад болон Оросууд. Ийм газар байж бид зөвхөн уул уурхай яриад хэрэггүй.

Энэ хотыг бүтээн байгуулахад 10 орчим тэрбум доллар хэрэгтэй. 100 мянган хүн ажлын байртай болж, 3.5 сая жуулчин хүлээн авна, жилийн орлого нь гурван тэрбум байх боломжтой. Би үүнийг төсөөлөл гэж харахгүй байна, биелэгдэх боломжтой гэлээ. Хот хувийн хэвшлийн түншлэлээр үүнийг хийхийн тулд: хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох, банк санхүүгийн секторын шинэчлэл хийх хэрэгтэй, хууль эрх зүйн орчны шинэчлэл болон тогтвортой байдал, хараат бус, шударга арбитр байгуулжчадвалАзийн зүрх Хаан хотыг бүтээж чадна. Энэ бол хувийн хэвшлээс санаачилж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэг л жишээ гэв.

“Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цаашдаа хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, бүтээн байгуулалтын санааг авч хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих тал дээр хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хэлбэр маш өргөн байж болно. Дэд бүтэц, нийгэм, хотын агаарын бохирдлыг бууруулах, амгалан тайван байдлыг хангах гэх мэт аль ч салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болно. Одоогийн явж байгаа арга барилаас төр хувийн хэвшлийн түншлэлийн ялгаа нь төр хувийн хэвшлийнхэн нийгэм, хотынхоо өмнө хариуцлага хүлээсэн, бүтээн байгуулалт хийсэн хамтын ажиллагааны үр дүн байх ёстой. Хот хувийн хэвшилтэйгээ цаашдаа хамтран ажиллая, зөрчил дутагдлыг арилгая гэдгээ өнөөдөр нээлттэй ярилцаж байна. Хот цаашдаа хөрөнгө оруулалтын хамтран ажиллах орон зайг улам тэлж, хүнд суртлыг арилгана.

2012, 2013 оны үед барилга барихад 286 хоног зарцуулдаг байсан бол нэг цонхны үйлчилгээг бий болгосноор барилга барих зөвшөөрлийг сарын дотор олгодог болсон. Жилийн өмнө барилга барих зөвшөөрлийг сарын дотор өгнө гэдэгт хэн ч үнэмшдэггүй байсан. Одоо бол энэ нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон хувирсан байна. Цаашдаа хүнд суртлыг арилгаж, иргэдтэйгээ хамтарч ажиллана. Хотын захиргаа удирдлагын байгууллага гэхээсээ илүү иргэд, хувийн хэвшлийнхэндээ үйлчилсэн үйлчилгээний байгууллага болох чиглэл рүүгээ явна. Улсын эдийн засаг хямарсан болохоос Улаанбаатар хотын эдийн засаг хямраагүй. Нийслэлд төсвийн хөрөнгийн зарцуулалт бүрэн хэмжээгээр хийгдээд явж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн бүх гэрээнийхээ төлбөрийг хийгээд явж байна. Хот мөнгө төлөөгүй гэдэг асуудал байхгүй. Концессын гэрээ байгуулсан бол хот өөрийн хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж байгаа гэж ярилаа.

Улаанбаатар худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од “Хот гэдэг их айлын ажил амьдрал, амжилт бэрхшээлтэй энд амьдардаг бүх хүмүүс тулгарч байдаг. Хотын бэрхшээл хүн бүрт, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН бүрт өдөр бүр мэдэгдэж, сонсогдож байдаг. Тиймээс хүн бүр, ААН бүрийн оролцоо энэ асуудлуудыг шийдэхэд чухал үүрэгтэй. Хотоо амьдрахад маш тухтай, хөдөлмөр эрхлэхэд таатай болгох ажил зөвхөн хотын дарга болоод захиргааны ажил биш.

Хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, амьдарч байгаа хувь хүмүүсийн чадахын хэрээр оролцох ёстой ажил гэж би ойлгож байна.

Хөгжилтэй орнууд хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэхэд хувийн хэвшлээ ашиглаж PPP буюу төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хувийн хэвшлээ татан оролцуулдаг болсноос хойш 200 гаруй жил өнгөрсөн байдаг юм билээ. Тийм төслүүдийг хамгийн амжилттай хэрэгжүүлдэг нь Европ, Хойд Америкийн орнууд.

Улаанбаатар хот маань бидний нүдэн дээр өөрчлөгдөж, нөхцөл байдал сайжирч байна. Гэхдээ хувийн хэвшилд чамлахааргүй нөөц бололцоо байгаа. Энэ нөөц бололцоог зөв дайчлан хотын хөгжил, амьдралын хэв маяг, амьдралын чанарыг сайжруулахад хамтраад, хувийн хэвшлийнхнийг оролцуулж чадах юм бол өнөөдөр маш хурдан сайжирч байгаа Улаанбаатар илүү хурдан,өргөн цар хүрээгээр сайжрах бололцоо байгаа гэж бид бодож байна. Энэ үүднээс ч гэсэн энэхүү форумыг хотын удирдлага маш идэвхтэйгээр, өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь хамтын ажиллагаа PPP-г Улаанбаатар хотын хэмжээнд улам амжилттай хэрэгжүүлэх анхны бөгөөд зөв эхлэл болох байх гэж би найдаж байна” гэдгийг онцолсон юм.

Ж.Од “Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл” илтгэлээрээ “Urban Land Institute-ээс гаргасан PPP буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зарчмыг танилцуулсан юм.

  1. PPP-д оролцох гэж байгаа талууд ажил эхлэхээс өмнө бэлтгэлээ маш сайн хангах ёстой,
  2. Хамтын алсын хараагаа тодорхой болгох,
  3. Түнш болон гол оролцогчдын эрх ашгийг ойлгож харьцах,
  4. Эрсдэл ашиг хоёрыг зөв тооцох,
  5. Хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой болгож, нийтэд нээлттэй байлгах ёстой,
  6. Тухайн төслийг тууштай дэмжиж, хамгаалж явах нийгмийн лидер хэрэгтэй,
  7. Мэдээллээ түншүүд хоорондоо болон хотын иргэддээ танилцуулж, явцын мэдээллээ солилцох,
  8. Түншүүд гэрээгээ байгуулахдаа шударга байх,
  9. Харилцан итгэлцлийг маш тодорхой болгох ёстой гэсэн юм.

Хотын дарга Э.Бат-Үүл “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй” сэдвээр илтгэл тавив. “Хүүхдийн Театр гэж байсан юм. Энэ Хүүхдийн Театрын барилгын суурийг намайг нэгдүгээр ангид байхад тавьж байсан. Тэгээд аравдугаар ангид байхад маань ашиглалтанд орж байв. Би хүүхэд насаа тэр барилга дээр тоглож өссөн. Бид ингэж барилга барьдаг байлаа. Өнгөрсөн 25 жил бидэнд юуг ойлгуулсан бэ гэхээр хувийн хэвшлийнхэн биднийг өөрсдөө хөгжиж чадна аа гэдгийг харуулж чадсан. Тийм учраас хувийн хэвшлийнхэндээ талархлаа илэрхийлье. Одоо бид харж байна. Ямар богино хугацаанд хувийн хэвшлийнхэн маань бүтээн байгуулалтуудыг хийж байна вэ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид 70, 80-аад оны бүтээн байгуулалтаас давсан бүтээн байгуулалтыг сүүлийн 4-5 жилд хийгээд байна. Тиймээс 2030 он хүртэл УБ-ыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө урам зоригтойгоор УИХ-д оруулсан. Бидэнд бүтээн байгуулалт хийх хангалттай хувийн хэвшлийнхэн бий. Хот төлөвлөлтийг нэлээн захиргааны аргаар явуулдаг. Энэ байдлаа эргэж харъя. Хот байгуулалт бусдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчдөггүй л байх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн эрх тэгш түншлэл байх ёстой. Харамсалтай нь төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх эсэх нь дандаа асуудал болж байдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн Хөгжлийн корпораци байгуулах санал байгаа. Гэхдээ Хөгжлийн корпорацийн удирдлага захиргааны ажилтан байж болохгүй. Манай хувийн хэвшлийнхэн маш их санал санаачилга гаргадаг. Харамсалтай нь хотоо хөгжүүлэх тэр санал санаачилга нь хаашаа ч юм алга болчихдог. Харин дараа нь өөр хүн түүнийг нь бариад гараад ирдэг. Хүний санал санаачилгыг хулгайлна гэдэг хамгийн адгийн зүйл. Энд өнөөдөр намайг ажилтай байлгаж, миний цалинг өгч байгаа хүмүүс цугларсан. Та бүгдийн татварын орлогоор бид цалинждаг. Та бүхэн бидэнд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгөнөөсөө татвар өгдгийн учир бидэнд үйлчлээрэй гэснийх. Бид үйлчилгээний байгууллага. Засгалж удирддаг байгууллага биш. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Ийм их хөрөнгө оруулалтыг хийж чадах хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дээрээ л бид хадаг барьж очихоос өөр арга байхгүй. Итгэлцэл гэдэг үгийг ярих их амархан. Улт төрчид биднээс ийм үг их амархан, уриалгахан гарна. Гэхдээ хамгийн итгэл даадаггүй улсууд улс төрчид. Бид яг үнэнийг хэлэхэд хот байгуулалтын асуудлыг социалист маягаар хийж ирж байгаа юм. Хөрөнгө оруулалагчдын сонирхол, захиргааны сонирхол хоёр зөрчилддөг.Хөрөнгө оруулагчид зах зээл дээр эрэлттэй байгаа тийм хот байгуулалтыг хүсдэг. 12 давхар шаардлагатай байхад нь бид таван давхраас дээш гарч болохгүй гэх зэргээр хот төлөвлөлтийг бид захиргааны аргаар явуулдаг. Хот байгуулалтын санаачилга нь хувийн хэвшил, хөрөнгө оруулалтаас эхэлье. Төр, хувийн хэвшил адилхан хариуцлага хүлээдэг гэрээтэй болъё. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийг нь хариуцсан Хөгжлийн корпорацийг байгуулъя. Хөгжлийн корпорацийн удирдлага нь захиргааны удирдлага байж болохгүй. Шийдвэр гаргах нөхцөлд хувийн хэвшлийн санал олонх нь байх удирдах зөвлөл бүрдүүлэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ажил хэрэг болгоход бид бэлэн байна гэв.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-үүдийн үнийн ялгаа чанараасаа шалтгаалж байгаа гэв

КИГ компанийн зүгээс өнөөдөр МҮОНРТ-ийн мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компанийг, Баянзүрх дүүрэгтэй нийлж иргэдэд үнэтэй ТҮЦ шахах гэж байна гэсэн мэдээллийг “Эрдэнийн шинэ өргөө”, “Контейнер хауз” зэрэг компанийн зүгээс цацаад байгаа аж. Тус компанийн захирал Д.Мөнхбат тэдний цацсан мэдээлэлд хариу өгсөн юм. Тэрээр “Манай компани хууль номынхоо дагуу ажиллая гэсэн шаардлага л тавьж байгаа. Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар ТҮЦ-ийнхээ зургийг батлуулсан. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хамтран ажиллах саналаа авсан ганц компани. Буруу мэдээлэл цацаж, иргэдийг турхираад яваа компаниудын хувьд зөвшөөрөл энэ тэр авсан юм байхгүй. Өрсөлдөх гэж байгаа бол ном дүрмээрээ өрсөлдөх хэрэгтэй” гэж ярилаа.

ТҮЦ-үүдийн үнийн ялгааны талаар Д.Мөнхбат “Худал мэдээлэл цацаад яваа компаниудын хувьд төмөр бэлдцээр ТҮЦ-ээ хийж байгаа. Маш хямдхан материал л даа. Зуун айл дээр очоод үнийг нь харж болно. Ийм ТҮЦ-ийг зургаан сая төгрөгөөр зарна гэдэг бол хэд нугалсан бизнес болж байгаа юм. Харин манай ТҮЦ-ийн материал өөр. Цэвэр модон караказ. Канад модон байшин гэж сурталчлаад байгаа даа. Яг тэрний материал. Чанарын хувьд ийм эрс тэс зөрүүтэй зүйл дээр үнэ ярих аргагүй” гэсэн тайлбар хийлээ. Тус компани хоёр жилийн өмнөөс “Шинэ ТҮЦ” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.