Categories
мэдээ нийгэм

Ураны зах зээлийн төлөв

Казахстаны KATCO кэмп жижиг

Өнөөдөр дэлхий дахинд нефть, алт, зэс, нүүрсний үнэ унаж эдгээрийг олборлогч олон орнууд эдийн засгийн хүндхэн байдалд орж эхэллээ. Харин үүнтэй зэрэгцээд унасан байсан ураны үнэ дэлхийн зах зээлд бага зэрэг сэргэж 20 хувиар өсч байна.

Хар алтны ханш хямдарсаар сүүлийн зургаан жил, зэсийн үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ. Оны өмнөхөн Хятадын эдийн засгийн өсөлт саарах шинж ажиглагдаж буй нь бидний экспортлох гээд байгаа шарга металлын хэрэглээ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Монголчууд бид ганцхан өөрийн оронд нүүрсний их нөөц байгаа мэтээр ташаа ойлгосон хэвээр. Австрали, Хятад, ОХУ асар их нүүрсний нөөцтэй, олборлосоор байгаа бөгөөд тэд биднээс урьтаад хэдийнэ зах зээл, гарцаа олчихжээ. Тэгэхэд бид одоо л төмөр замаа хэрхэн яаж тавих тухай ярьж байна.

Өнөөдөр Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумыг сонгосон нь долларын урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн найдлага тавьж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эхлэхээр болоод байна.

Францын Бессин дэх нөхөн сэргээсэн талбай

Үүнээс гадна Монгол ураны ихээхэн орд, нөөцтэй. 6-10 жилийн дараанаас ураны эрэлт ихсэх үүнийг дагаад унасан ураны үнэ энэ үе гэхэд өсөж, нааштай болох таамаг олон улсад байгаа юм байна. Уран гэдэг нь нүүрс, нефтьтэй адил элбэг зүйл биш ажээ. Одоогоор ердөө л 18 улс оронд ураны нөөц байгаа бөгөөд түүнийг нь олборлож байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээгээр 2013 онд гэхэд дэлхий дахинд 59,000 тонн уран олборлон дэлхийн хэрэгцээний 91 хувийг хангаж байжээ. Энэхүү ураны ихэнх хувийг Казахстан улс олборлож байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологийн хэрэглээ өссөөр байгаа. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш ажээ. Өнөөдөр уран олборлолтын 65 хувийг Казахстан, Канад, Австрали улс гүйцэтгэж байна.

Манай улсад их хэмжээний ураны нөөц тогтоогдсон хэд хэдэн орд бий. Одоогоор түүнийг олборлох ашиглалтын лиценз авсан нэг ч компани байхгүй, бүгд хайгуулын лицензтэй. 2015 онд дэлхийн ураны хэрэгцээ 66883 тонн болж өснө гэсэн тооцоог Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргажээ. Австралид “Фоор Майл”, Канадад “Сигар Леик” ураны уурхайнууд нээгдсэн нь ойрын хэдэн жилд ураны тогтвортой олборлолт хийх юм байна. Он гарангуут Энэтхэг улс Австралиас уран авахаа мэдэгдлээ.

KATCO үйлдвэр

Казахстан олборлож буй ураныхаа 80 хувийг Хятадад, үлдсэнийг нь Европын орнуудад нийлүүлж байна. Манай улсын таамаг ураны нөөцийг Казахстантай харьцуулахад хоёр дахин илүү юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Францын “Арева” групп дэлхийн цөмийн эрчим хүч, ураны олборлолтын салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний “Кожеговь” охин компани нь хайгуул явуулж байгаа Дорноговь аймгаас “Дулаан уул”, “Зөөвч овоо” ураны ордууд илрүүлж, нөөцийг нь батлуулснаар Монгол Улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд 11-т жагсах болоод байгаа ажээ.

Н.ЛХАГВАСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Азийн хамгийн дуулиантай хурим

Өнгөрсөн ням гаригт манай дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Брунейн султан Хассанал Болкиахын отгон хүү, хунтайж Абдулла Малик хуримлав. Брунейн нийслэл Бандар-Сери-Багаван хотод болсон ёслолыг Азид хамгийн их шуугиан тарьсан энэ оны хурим хэмээн нэрлээд байна. Султан Хассанал Болкиах хүүгийнхээ хуримд 5.4 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарсан юм. Түүнээс нэг сая гаруй ам.долларыг ивээн тэтгэгчид хандивлажээ. Гэсэн ч Брунейн султаны хувьд ийм хэмжээний мөнгө гаргах нь юу ч биш гэхэд хилсдэхгүй. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрээр 37.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигддэг. Цагтаа нэг бус удаа дэлхийн баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан хүн.

Султаны хүү 30 настай хунтайж нь чихрийн шижинтэй юм байна. Тэрээр 22 настай, нэгэн компанид системийн шинжээчээр ажилладаг Даянгку Раабиатуль Адави Пенгиран Хаджи Болкия хэмээх бүсгүйг гэргийгээ болгожээ. Залуухан бэрийн аав нь Брунейн иргэн, харин ээж нь Швейцарьт сувилагчаар ажилладаг юм байна. Нэг үгээр хэлэхэд жирийн боловч бэл бэнчинтэй айлын охин Султаны гэр бүлийн гишүүн боллоо. Брунейн хааны хүүхдүүд ихэвчлэн цусан холбоогүй хамаатнуудтайгаа гэрлэдэг. Харин хаан ширээг залгамжлах жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн хунтайж Абдулла Малик нь тогтсон дэг жаягийг дагасангүй. Түүний өмнө нь найзалж байсан бүсгүйг Султаны гэр бүлийнхэн таашаагаагүй тул харилцаагаа тасалсан юм. Удалгүй танилуудаараа дамжуулан ирээдүйн гэргийтэйгээ танилцаж сүй тавьжээ.

Хунтайжийн хуримын арга хэмжээ хоёр долоо хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, дуулиант хурим өдгөө ч үргэлжилж буй. Гол арга хэмжээ нь Брунейн Султаны Истан-Нурул-Иман ордонд болсон. Дашрамд дурдахад тус ордон нь 1788 өрөөтэй, дэлхийн хамгийн том хааны ордонд тооцогдож Гиннесийн номонд бичигдсэн. Өнгөрсөн ням гаригт 21 удаа их буугаар салют буудуулснаар хуримын ёслол эхэлжээ. Хөлбөмбөгийн томоохон талбайтай тэнцэхүйц ордонд 2000 зочин уригдан очжээ. Японы хаан ширээг залгамжлах хунтайж Нарухито, Их Британийн хатан хааны бие төлөөлөгч, Малайз, Саудын Арави, Тайландын хаан гээд дэлхийн улс орнуудын хаан, хатан, хунтайж, гүнжүүд бүгд цугларсан аж. Зочдыг “Empire Hotel” хэмээх жорлонгийн суултуур нь хүртэл алтадсан тансаг буудалд буулгаж хүндэтгэл үзүүлсэн байна. Харин хуримын гол арга хэмжээнд тэдгээрээс хамгийн хүндтэй 500 зочныг оролцуулжээ.

Залуу хосууд алтан сандал дээр заларч алт, эрдэнийн чулуугаар чимсэн гоёлд умбасан. Сүйт бүсгүй шижир алтаар урлаж, чидун жимсний хэмжээтэй алмаз шигтгэсэн титэм зүүсэн байв. Гартаа мөн л алтаар урлаж, алмазаар чимсэн хиймэл цэцэг барьсан байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй тусгай захиалгаар “Christian Louboutin”-ийн Swarowski-ийн болор шигтгэсэн туфлиэр гоёж хөлөндөө шижир алтан гинж зүүсэн аж. Султаны хүүгийн бүсэндээ хавчуулсан чинжаал хутганы хийц, чимэглэл сүйт бүсгүйн гоёлоос дутахааргүй байсан гэдэг.

Хуримын ёслолын эхэнд уламжлал ёсоор нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр гараа тавьж адислахад шашны зүтгэлтнүүд Коран судар уншсан аж. Хуримын албан ёслолын арга хэмжээ 30-аад минут үргэлжилсэн. Үүний дараа залуу хосууд ээж аавуудаа хүндэлж сүйх тэрэг шиг болгон алтаар чимсэн “Лимузин” машинд сууж хотын гудамжаар явж ард иргэдтэйгээ мэндчилсэн байна. Энэ өдрүүдэд Брунейн нийслэлд нэлээд бүгчим байгаа аж. Гэтэл залуу хосуудыг Султаны ордноос гарч ирэхэд гэнэт бороо хувингаар ус цутгах мэт асгарчээ. Үүнийг үл ажран Брунейн иргэд хосуудыг харахаар гудамжинд зогсон хүлээсээр байжээ. Тэдний суусан машины араас 103 Лимузин дагалдан явсан бөгөөд тэдгээрт хуримд уригдсан зочид суусан байжээ. Ийнхүү Брунейн Бандар-Сери-Багаван хотын гол гудамжаар найман километр урт “Лимузин” машины цуваа явж өнгөрсөн байна. Мөн өдрийн орой Султан 5000 зочин урьсан хүлээн авалт хийсэн байна. Энэ үеэр зөвхөн салют буудуулахад 200 мянган ам.доллар зарцуулсан аж.

Зүүн өмнөд Азид орших Бруней хэмээх жижигхэн улс нь газрын тос, хийн ордоороо баян. Султан Хассанал Болкиахийн “Роллс-Ройс” машины цуглуулга нь дэлхийд алдартай. Түүнд 150 “Роллс-Ройс” машин байдаг. Султаны дүү, тус улсын Сангийн сайд хувийнхаа хэрэгцээнд 10 тэрбум ам.доллар зарлагдаж байсан удаатай. Тэрээр 17 онгоц, 2000 машин, 22 усан онгоц, хоёр гал унтраадаг машин, 170 алтан жорлонгийн суултуур, 500 болор гэрлийн бүрхүүл авсан байна. Тиймээс 1998 онд Брунейд мөнгө санхүүтэй холбоотой нэлээд том хэл ам гарч байсан. Харин энэ удаад султан мөнгө хамаагүй зарлагдахгүй хэмээн хунтайжийн хуримыг ердөө 5.4 сая ам.долларт багтаан хийжээ.

Залуу хунтайж Абдулла Малик нь ийнхүү гэр бүлтэй боллоо. Дахин эхнэр авч ч магадгүй. Брунейн султан Хассанал Болкиах нь 1981 онд онгоцны үйлчлэгч бүсгүйг хоёр дахь эхнэрээ болгосон. Харамсалтай нь удалгүй гэрлэлтээ цуцлуулсан юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунцэцэг: Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан “био”, “натурал” гэж харж байна

Д.Чулуунцэцэг эмч Польш дахь Монголын уламжлалт эмнэлгийн эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн юм. Монгол дахь Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн. Д.Чулуунцэцэг эмч Польшид ажиллаж олсон мөнгөөрөө Монголдоо хөрөнгө оруулдаг, ах дүүсээ тэтгэдэг эмэгтэй. Өдгөө тэр Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг Монголд мөнгө татах “саалийн үнээ” болгож, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх Монгол брэнд үйлдвэрлэхээр зүтгэж яваа аж.

-Таныг дэлхийн зах зээлд Монголын уламжлалт эм тан, уламжлалтын эмч нарын “ноу хау”-г худалдахаар олон ажил санаж сэдэж яваа гэж сонслоо. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-“Монголын уламжлалт анагаах ухааны арилжааны чадамжийг нээх цогц бодлогын санаачилга” санал болгохоор Монголдоо ирсэн юм. Би Польшид 1990 оноос хойш 26 жил ажиллаж амьдарч байна. Бидний санал болгож байгаа цогц бодлогын гол утга санаа ийм юм. Уламжлалт анагаах ухааны салбараа дэмжвэл 2050 он гэхэд Монгол Улсад 50 тэрбум ам.долларыг экспортоос оруулж ирэх чадалтай эдийн засгийн тулгуур салбар болж хөгжих ирээдүй бий. Энэ тухай би ганцаараа яриагүй ээ. “Синергетик анагаах ухаан судлалын төв”-өөс Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн загварыг сүүлийн 10 жилд судалсны үндсэн дээр бид хамтдаа цогц бодлогоо Монголын төр, олон нийтэд санал болгож байгаа юм. Иргэд маань Монголын уламжлалт анагаах ухаан, ардын эмнэх практик хоёрыг ялгадаггүй. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бариа засал, зүү эмчилгээний хэмжээнд л ойлгодог. Монголын уламжлалт анагаах ухааны чадалтай эмч нар гадаад руу олноороо гарсантай ч энэ бүхэн холбоотой болов уу. 1991 оноос хойш 300 орчим эмч Польш болон Европын орнууд руу гарсан гэсэн тоо бий. Уламжлалт анагаах ухаанаа бид Монголдоо эхэлж баталгаажуулахгүй бол яаж дэлхийн түвшинд ярих вэ. Тийм учраас монголчууддаа эхэлж ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлээд дараа нь дэлхийн хүмүүст таниулахаар зорьж явна даа.

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи юм. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч байгаа судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болсон. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд ч төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлж байна.

Урьд нь бид уламжлалт анагаах ухаанаа сэргээх талаар л ярьдаг байлаа. Харин одоо бол Монголын уламжлалт анагаах ухаан Монгол Улсад мөнгө авчрах гарц гэж хараасай. Үнэндээ зэс, нүүрснээс хэд дахин илүү үнэ хүрэх шинэ бүтээгдэхүүн бол манай уламжлалтын эмч нарын ур чадвар, байгалийн эм тангийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хэмжээнд байгалийн эмийн худалдаа 2005 онд 65 тэрбум долларт хүрсэн байлаа. Харин 2050 он гэхэд энэ зах зээл бараг зуу дахин өснө гэсэн судлаачдын тооцоо бий.

-Дорнын уламжлалт эмчилгээний салбар бусад оронд яаж хөгжиж байна. Бусад улс орнууд эндээс хэр их мөнгө “зулгаадаг” юм бэ?

-Одоогоор баруунд хам­гийн нэр хүндтэй Азийн уламжлалт эмнэлэг гэвэл Хятад эмнэлэг, Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлэг, сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр Түвд эмнэлэг тодорч байна. Харин Польшид бол Монголын уламжлалтын эмч нарыг шүтдэг. Монголоос бидэн шиг багаараа гадаадад гарчихсан салбар байхгүй. Бид ганцхан Польшид ажиллаад байна уу гэвэл үгүй. Германаас, Англиас, Америкаас Польшид байгаа Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар руу хүмүүс зорьж ирдэг.

Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” компанийн 2012 онд гаргасан “Уламжлалт анагаах ухаан Хятадад ба дэлхийд” гэсэн зах зээлийн судалгаагаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна лээ.

Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлгийн хувьд эмийн бүтээгдэхүүнээс гадна бариа засал, иллэг, сувиллын үйлчилгээ, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний чиглэлээр илүү хөгжсөн байдаг.

Монголын уламжлалт анагаах ухаан бол уул уурхайгаас тав дахин их арилжааны хүчин чадалтай зах зээл гэдгийг бид шийдвэр гаргагчдад ойлгуулахаар хичээж байна. Монгол эмнэлэгийн мянган чадварлаг эмч байхад л Оюутолгойгоос илүү хэмжээний орлого бий болгоно.

-Тэгвэл одоо Монголын уламжлалт анагаах ухааны салбар маань ямархуу түвшинд явна вэ?

-Уламжлалт монгол эмнэ­лэг бол Торгоны зам, чөлөөт худалдааны сүлжээгээр явагдсан мэдлэг солилцооны үр дүнд XVIII зуун гэхэд оргилдоо хүрсэн, Энэтхэг, Түвд, Хятадын анагаах ухааны мэдлэгүүдийг нэгтгэж авсан агуу ухаан. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Хүннү, Түрэг, Кидан, Чингэсийн эзэнт гүрний үед эрчимтэй хөгжиж байсан юм байна. Хаадын эмнэлэг гэж байсан юм билээ.

-Дээдсүүдэд зориулсан тусгай эм тан байсан гэсэн үг үү?

-Байлгүй яахав дээ. “Ноёны уудаг норов дүнтэн” гэж ярьдаг шүү дээ, “Норов 7” гэж эм бий. Ноёдууд л ууж байсан, биеийг тэнцвэржүүлж байдаг, 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулж байдаг ийм эм.

Харин 1937-1959 оны хооронд энэ салбарын бүтцийг нь бүрэн устгасан, хориотой болсон байдаг. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлсэн. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж гарсан. Үүний дагуу Уламжлалт монгол эмнэлгийн хөгжлийн асуудлыг ЭМЯ-ны ганц мэргэжилтэн, Уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ туршилтын хүрээлэнгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь үнэхээр хангалтгүй байна.

-Одоо яах ёстой вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааныг экспортын баримжаатай эдийн засгийн бие даасан салбар гэж үзэж, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх хэрэгтэй байна. Уламжлалт монгол эмнэлгийн бие даасан хуулийг баталж, Уламжлалт монгол эмнэлгийн үйлчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл, худалдааны харилцааг тусгайлан зохицуулах ёстой. Уламжлалт анагаах ухааны төрийн бодлогыг багцалж барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад харилцааг хангах үүрэгтэй төрийн захиргааны бие даасан байгууллага хэрэгтэй байна. Уламжлалт эмнэлгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж өгөөч. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах талаар ч хийх юм их бий.

-Ингэхэд уламжлалт эмнэлгийнхэн хавдар гэх мэт хэцүү өвчнүүдийг эмчилж чаддаг уу?

-Бүх эмнэлгээр яваад аргаа барсан хүмүүс бидэнд ханддаг. Хавдар, чихрийн шижин өвчтэй олон хүн бидэнд хандаад үр дүнд хүрсэн жишээнүүд олон бий. Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа байдаг. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргасан. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг. Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно гэж ДЭМБ үзжээ. Ирээдүйн архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.

Уламжлалт анагаах ухаа­ны эмчилгээ яаж идэж уух вэ гэдгээсээ л эхэлнэ. Дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаагаа, хувцсаа тохируулах учиртай. Бид хүн эмчлэхдээ сэтгэл засал хамт хийдэг. Ямар ажил хийж байна, ямар хоол идэж байна гээд л эхэлнэ. Ядаргаанд орсон бол бариа засал хийх үү, зүү төөнүүр хийх үү бүх юмыг нь судалж оношилж байгаад цогцоор нь эмчилнэ.

-Европ эмнэлгээр явахад нэг хэцүү юм нь бөөр, зүрх, элэгний эмч гээд тусдаа байдаг. Нэг эмчид нь үзүүлээд биеийнхээ байдлын талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй. Тус бүрт нь шинжилгээ өгөхөөр цаг, мөнгө урсдаг нь хэцүү. Гэтэл уламжлалтынхан хэдхэн хором судас бариад хүний өвчин хуучийг бүрэн тодорхойлж чадах уу?

-Уламжлалт эмнэлгийн үнэ цэнэ өсч байгаа нь үүнтэй холбоотой. Цогцоор нь эмчилнэ гэдэг уламжлалт эмнэлгийн давуу тал. Мон­голын уламжлалт анагаах ухааныг гадныхан био, нату­рал гэж харж байна. Биднийг байгалийн эмчилгээ хийдэг гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ салбарт дэлхийн брэнд үйлдвэрлэх боломжийг хөгжлийн гарц гэж үзэх учир­тай. Польшид бидний уламжлалт эм танг цай, кофе шигээ л хэрэглэдэг. Гэтэл бид уламжлалт эм тангаа бараг л хулгайгаар шахуу зөөж байна. Алийн болгон ингэж байх вэ. Тийм л учраас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг судалгаа шинжилгээг уламжлалт эм тандаа хийлгэж баталгаа нотолгоотой болохоор зүтгэж байгаа юм. Ингэж байж л бидний үнэ цэн өсч, дэлхий биднийг хүлээн зөвшөөрнө. Эхний ээлжинд бид өргөн хэрэглээний 160 уламжлалт эмийн фармакопи, клиникийн судалгаа хийлгэж, патентжуулахаар болсон. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлаа танилцуулж, “Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан монгол брэнд үүсгэх асуудлыг судлаж, санал зөвлөмж боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яаманд мөн “Уламжлалт эмийн фармакопи боловсруулах ажлын хэсэг” ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ чиглэлээр асуудал хариуцсан хүмүүс нь огцорч, өөрчлөгдөөд ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд орчихсон нь хэцүү л байна.

-Хятад өөрөө уламжлалт эмнэлгийн угшилтай болохоор манай ардын эмнэлгийн хамгийн том өрсөлдөгч гэсэн үг үү?

-Уламжлалт монгол эмнэл­гийн төв нь Монгол Улс биш харин Өвөрмонгол болчих вий гэж эмзэглэдэг. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд Уламжлалт монгол эмнэлгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлж бай­гаа. Тэд гадаадаас жилд 25 мянган өвчтөн хүлээж авах хүчин чадалтай Уламжлалт монгол эмнэлгийн эрүүл мэндийн төвийг байгуулж, ашиглалтанд оруулсан байна лээ. Харин тэр гадаад өвчтөн гэдгийн дийлэнх нь Хятадад эмчлүүлэхээр очдог Монгол өвчтөнүүд байхаар тооцсон гэдгээ төвийн дарга нь ярьж байсан. Монголчууд уламжлалт монгол эмээ түгээх борлуулах тухай ярьж байх хооронд Монголд үйлдвэрлэсэн уламжлалт эмийг буриадууд Европын орнуудад худалдаалах ажлыг хийж эхлээд байгааг ч манай бодлого боловсруулагчид анзаараасай билээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт Ардын жүжигчин зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасангийн тухай

“Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун ханыг ч нэвтэлнэ”. Тэрбээр нэг удаа энэ мэргэн үгийг онцолж билээ. Ерөөсөө урвагч байж болохгүй. Ялангуяа сонгодог урлагт. Үүний яг амьд идеал нь манай Пүрэвдорж гуай байсан гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Тэр бол Унд юм. Найз нөхөд, шавь нар нь түүнийг Унд гэж дууддаг. Ганцхан хувь, дахин давтагдашгүй дуурийн дуучин Х.Уртнасан гуай. Ингэж хэлэхдээ “Номын дуучин номоороо л дуулдаг юм. Пүрэвдорж гуай “Халуун элгэн нутаг”-ийг дүнхийтэл зогсч байгаад сайхан дуулчихаад орчихно. Хүмүүс дахиулахгүй. Хачин хачин болж байхын хэрэг юу байна. Тэр сайхан тавилтай хоолойг ардын болгох гэж маяглах хэрэггүй бөгөөд болохгүй” гэж билээ. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун ханыг ч нэвтлэхийг үлгэрлэн амьдарч буй хүн бол Унд өөрөө ч бас мөн юм. Удахгүй түүнд зориулсан ёслол хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд. Монголын дуурийн хорьдугаар зууны манлай дуучинд хүндэтгэл үзүүлэх энэ тоглолтын өмнө бид ч мөн хүндэтгэл үзүүлж хэлсэн ярьснаас нь иш татан сонгодог урлагт бүтээсэн оргилыг нь эргэж хамтдаа харцгаая. Дуурийнхны нэрлэж заншсанаар Ундын өмнөх үеийнхэн буюу манай алтан үеийнхэн дуурийг монгол хэлээр дуулдаг байв. Жишээ нь, А.Загдсүрэн гуай 1971 онд Чио Чио саны ариг

Анхилуун цэцэг шиг янаг минь

Ариуны бяцхан бүсгүй минь гээд

Энэрэн хайрлаж дууддаг сан

Ядрах цаг эцэс болж

Яасан ч тэр минь ирнэ… гэхчлэн монголоороо дуулдаг байж. Дараа нь далаад оны сүүл наяад оноос оросоор дуулдаг болсон. Эндээс Уртнасан гуайн үе жинхэнэ ёсоор эхэлж байна. Уртнасан гуай өөрөө хэлэхдээ 1981 оноос дуурь дуулсан гэж ярьдаг. 1981 онд тэрбээр Пуччинийн Тоска-г дуулсан нь театрын албан ёсны мэдээнд байдаг. Гэхдээ дөнгөж сургууль төгсөөд удаагүй байхдаа 1967 онд “Чио чио сан”-г дуулсан нь түүний анхны дуурь гэж болохоор. Сонирхолтой нь Монголын дуурийн урлагт өөрийн сац суваргыг босгоод алтан тайзаа чимээгүйхэн орхин гарахдаа “Чио чио сан”-аар “зодог тайлсан” байдаг. Зодог тайлсан гэдэг нь өөрийнх нь хэлснээр л дээ. Нэг ёсондоо тайзнаасаа буусныгаа хэлж байна. Тэгэхдээ “Чио Чио сан”-ыг шинэчлэн найруулж, өөрийн залгамжлагч, гайхамшигт сопрано Б.Жавзандуламдаа эрвээхэй хатагтайгаа өвлүүлж өгсөн. Уртнасан гуай хэрхэн “зодог тайлсан” тухайгаа ярьсан нь:

-Би зодгоо тавьтайдаа “Чио Чио сан“-аараа тайлсан юм. Ерэн хоёр он гараад, театрт “Турбадур”-ыг шинээр тавих гэж байсан үе. Насны эрхээр ингээд яваад ирэхэд миний алтан партнёрууд яваад яваад өглөө. Ардчилал эхлээд Хавлааш маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний партнёрууд цөөрөөд байна аа. Нэг харсан чинь гавьяат жүжигчин Ганхуягтай дуулж байна. Бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн. За би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань, Жамсранжав маань бурхан боллоо. Ер нь л больё гэж бодлоо. Яг тавин настай байхдаа тайзаа орхисон. Харин би Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа “Чио Чио сан”-аа нэг дуулаад л буусан“ гэж тэрбээр дурссан. Тэр тоглолт дээр “Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр “ ..Одоо би яг тавьтай” гээд дуулахад нь үзэгчид нирхийтэл инээлдээд төдхөнөө дуугүй болцгоосон гэж ярьдаг юм. Ж.Чулуун гуай тоглолтын дараа “Үгүй, чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж гайхан асуусан гэдэг билээ. Б.Жавзандулам гуайгаас гадна хоёр гурван ч эрвээхэй хатан бэлдэж өгөөд гарахад нь Х.Билигжаргал гуай “Та ингэхэд тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өгчихдөг” гээд нэг их инээж байсан гэдэг.

Тавин нас гэдэг бол сонгодог дуурьт ид бяр чадал нь амтагдсан ид хавтай нас. Европын улс орнуудад тийм л жишиг байдаг. Манайх залуучуудын орон болохоор тавьтай дуучин “хөгшдөж” байгаа нь тэр л дээ. Тэгээд энэ тухай асуусанд өөдөөс инээмсэглээд, урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. Жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр хүрээгүй гэж хэлсэн юм даг. Түүгээр ч барахгүй, үнэлэмж хүртэл үе үеэрээ байдаг гэж хэлсэнд гашуун сонсогдож байв. “Үе үеэрээ үнэлэмж өөр өөр байгаа шүү гэж эрхгүй боддог юм билээ. Үе үеэрээ нэр төрөө хадгалж үлдэх том хариуцлага бас байдаг юм” гэж билээ. Ингэж хэлэхийг нь сонсоод бодит үнэн гэх нь хаашаа юм, харьцангуй л юм даа гэж бодогдож байсан. Бас нэг гайхашруулсан юм бий. Сонгодог урлагт бүтээсэн үнэт зүйлс, дуулсан дуурь энэ бүхнээрээ баримтат кино хийх бодолтой явдаг эсэхийг нь сонирхсон юм л даа. Гэтэл “үгүй” гэж эрсхэн хариулсан юм. Хэрвээ би сайн уран бүтээлч байгаад хүмүүсийн сэтгэлд үлдсэн байвал тэр миний үлдээсэн үнэт зүйл мөн. Өөрийгөө нэг юманд биччихээд “май, энийг аваарай” гэх нь зохисгүй. Тэгж байх хүсэл надад огт байдаггүй гэж хэлсэн бөгөөд нээрээ л эрхэмсэг оршихуй үүнээс өөрөөр байна гэж үү дээ.

Агуу их Уртнасангийн намтар түүхийг энд давтаад байх шаардлагагүй ч зарим нэг он цагийг дурсамж болгон сөхье. Манайхан сонгодог дуурийн дуучдаа 1964 оноос эхэлж эх орондоо бэлтгэсэн байдаг. Тэр анх бэлтгэгдсэн хүмүүсийн нэг нь Уртнасан гуай. Баадайжав гуай, жанжин Сүхбаатарт тоглодог Дашнамжил гуай гэхчлэн. Тэдний 13 хүүхдийг Хайдав гуай сонгож аван “Дуулаачийн студи” гэдэг нэртэй тэр сургуульд сургаж төгсгөсөн байдаг. Уртнасан гуай энэ сургуульд 18-тайдаа ороод 22-тойдоо төгссөн хэмээн ярьдаг. Дараа нь 1970-1972 онд Болгарын консерватори төгссөнийг бүгд мэднэ. Тэрбээр дэлхийн таван том театрын нэг Оросын “Большой театр”-т дөрвөн жил уригдаж дуулж байлаа. Их театрт “Чио Чио сан”, “Тоска”, “Онегин”-д дуулсан. Анх “Чио Чио сан”-д уригдаж дуулаад дараа нь дөрвөн жил дараалан очиж Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянад уригдаж дуулсан юм. Ийнхүү дэлхийн театруудын урын сангийн гол дууриудын гурав нь болох энэ жүжгүүдийг “Большой театр”-т дуулсан. Их театрын гоцлол дууны ангийн дарга Анатолий Архьянов тэгэхэд “Орост Шаляпин мэндэлж дуурь тодорсон юм. Монголд та мэндэлсэн юм байна аа” гэж хэлсэн гэдэг. Оросын “Их театр”-ын тайзнаа түүнтэй хамтарч дуулж байсан партнёр нь Оросын ардын жүжигчин Владимир Пепков гэж хүн байж. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны Ерөнхий шүүгч энэ хүн манай дуучдыг уг уралдаанд оролцохоор очих бүрт ихэд дотночлон “манай Уртнасангийн хүүхдүүд үү” гэж асуудаг гэсэн. Тэрбээр Ж.Вердийн “Травиатта”, “Отелло”, Ж.Пуччинийн “Чио чио сан”, “Тоска”, “Турандот”, А.Бородины “Игорь ван”, ”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, “Иоланта”, А.Даргомыжскийн “Лусын дагина”, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа”, “Учиртай гурван толгой” зэрэг хорь гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн. ДБЭТ-ын тайзнаа Б.Ямпиловын “Шидэт ваар”, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, Д.Лувсаншаравын “Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан бол 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн тайзнаа “Дидона Эней хоёр” бароккийн үеийн, гурван бүлэг долоон үзэгдэлт бэсрэг дуурийг найруулан тавьж ДБЭТ-т анхны тоглолтоо үзүүлж байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Их урлагийн эрхэмсэг оршихуй хатагтай Х.Уртнасангийн “Дэлхийн сонгодог гэдэг хэдэн зуун жил хүн төрөлхтний оюун санаагаар шүүгдээд үлдчихсэн урлаг учраас түүнийг хичнээн өөрчлөх тусам хүнээс улам бүр холдоно. Яг байгаагаар нь хийх юм бол хүний сэт­гэхүйд яв цав бууж байгаа амьдралын тусгал юм. Тэнд чинь амьдралын алтан фонд байгаа юм” гэж хэлснээр тэмдэглэлээ төгсгөе.

Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасанд зориулсан хүн­дэтгэлийн тоглолтод удахгүй уулзацгаая.

Н.ПАГМА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханаар тусгаарлагдсан хүмүүс

Зам хөндлөн гарахдаа ч чихэвчтэй донхолзож явдаг хүүхдүүд их тааралдах болжээ. Автобус унаанд явахдаа ч аанай л утасныхаа дэлгэц рүү шагайж явна.Ангийнхан, ажлын газрынхантайгаа “буу халж” үзээгүй чфэйсбүүк, твиттерт бурцгааж суудаг хүмүүс дэндүү олон. Таминь ээ, энэ янзаараа амьд харилцаа гэдэг юм алга болоод, эхнэр нөхөр хоёр зэрэгцэж суугаад фейсбүүкээр хэрэлдэхдээтулахвий. Хүйтэн хөндий их хотын харилцаа монголчуудын амьдралын хэв маягт ноёлох цаг айсуй.

Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг аутизмтай гэж оношилдог. Япон ханзаар бол аутизм гэдэг өвчнийг ханаар тусгаарлагдсанхүний дүрсээр илэрхийлдэг гэж нэг судлаач ярьж билээ. Түм түжигнэж бум бужигнасан хотодхүн урсгал дунд явахдаач ганцаардах мэдрэмж төрнө.Хүн бүр өөрийнхөө ертөнцөд амьдарна. Хана нэвтэлж орох амаргүй. Хүний зовлонд дөжирч гүйцжээ, бид.

Багадаа хажуу айлаасаа давс, сонгино мэтийг гуйх нь хэвийн үзэгдэлд тооцогддог социализмын үед өссөн. Хонь гаргахаараа хажуу айлдаа гэдэс хүргэж хишиг хүртээгээд, айлын эгч “Сав хоосон буцаадаггүй юм” хэмээн чихэр атгаж өгөхөд жигтэйхэн баярладагсан. Цагаан сараархөршүүд тавагтай бууз солилцоно. Хэнийд ямар баяртай үйл явдал, хэрүүл болсныгойр хавийнхан анддаггүй үе байсан.Харин одоо бол хөршүүдтэйгээ мэндэлдэггүй, үг солилцож үзээгүй. Нэрийг нь ч мэдэхгүй зүс хараад өнгөрдөг болж.Үл үзэгдэх ханаар тусгаарлагдсан ертөнцөд амьдарч дадаж байна, монголчууд. Хүний жаргал, зовлонг нийтээрээ хуваалцдаг үед өссөн бид ингэж дөжирч байхад танихгүй хүнтэй үг сольж үзээгүй дараа үеийнхэн мааньсарны туулай шиг ганцаардах болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хавсрагатай хононо

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хавсрагатай хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2015 оны 04 дүгээр сарын 15-ны 21 цагаас 04 дүгээр сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Халх голын сав нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, зүүн хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд цурманд орсон түймэр дахин дэгдлээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт гарсан хээрийн түймрийг цурамд бүрэн оруулсан хэмээн мэдээлж байсан ч үдээс хойш салхины хүч ширүүсч тус сумын ойролцоо зарим газруудад хээрийн түймэр дахин дэгджээ.

Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх газруудад цурамд оруулсан түймэр дэгдээд байна. “Үдээс хойш салхины хүч ширүүсч байна. Одоогоор 22 м/с хүчтэй, шороон шуургатай байна. Хоёр газар түймэр дахин хүчээ авлаа. Түймэр дэгдсэн газруудадайл байхгүй ч өвөлжөө, хаваржаа их байгаа гэж орон нутгийн эх сурвалж мэдээлж байна.

Одоогоор сумаас 216 хүн, Онцгой байдлын ерөнхий газраас 116 хүн, цэргийн гурван анги түймэртэй тулалдаж байна. Хүчтэй салхитай байгаа учраас юмаар цохиж унтраана гэдэг бараг боломжгүй болчихоод, түймэр дийлдэхгүй шахуу хүндхэн байгаа гэнэ.

Сумын төв рүү орж ирсэн галыг унтраасан ч битүү хар утаа бүрхээд байна. 100 метрээс цаашхи юм харагдахгүй, амьсгалахад хүртэл хүндрэлтэй байна гэж эх сурвалжууд хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томилов

Ерөнхий сайдын захирамжаар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга бөгөөд комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томиллоо.

Г.Манлайжав нь МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсч, Улсын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газрын Цацрагийн хяналтын төв лабораторид инженер, улсын байцаагч, эрхлэгч, Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгч, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Цацрагийн хяналтын албаны дарга, цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч, Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга, Цөмийн технологийн газрын дарга, Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн орлогч захирлаар тус тус ажиллаж байжээ.

Засгийн газрын 2015 оны72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батласны дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхныг шуурхай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан байна.

Хэнтий аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархсан байна.

Тархсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын 12 алба хаагчтай бүлэг сумын иргэдийн хамт трактороор зурвас татах, түймрийн өөдөөс цурав тавих зэрэг арга хэмжээ авснаар галыг сумын төвийн баруун зүүн талаар гаргаж чадсан байна.

Түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад Багануур дүүрэг, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ОБГ-аас нэмэлт бүлэг гарчээ. Түмэнцогт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас нийтдээ 140 албан хаагч, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд ажиллаж байна. Цаашдаа салхины эрч улам ширүүсч, түймрийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын алба болон орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Шийдлийн цаг”- ийн сэдэв малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн асуудал байлаа

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо.

“Шийдлийн цаг”-ийн энэ удаагийн сэдэв олон мянган малчдын ашиг орлогын эх үүсвэр болсон ноолуур байлаа.

Ноолуур бэлтгэдэг ид үеэр эрэлт нь багасч, үнэ буурлаа. Өнгөрсөн жилийн мөн өдийд нэг кг нь 70 мянгад хүрч байсан бол кг ноолуур энэ жил 40 орчим мянган төгрөг байна. Засгийн газар зах зээлийн энэ харилцаа руу орж, үнэ тогтоохгүй. Малчны хотонд давхиж очоод ноолуур самнаж, жигнэж, мөнгө тоолж, наймаа хийхгүй ч зах зээл, малчдын амьдрал ахуй, экспортын бүтээгдэхүүний эх үүсвэртэй холбоотой энэ чухал салбараа анхаарч ямар нэгэн зохицуулалт хийх учиртай. Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. Алдагдсан боломжийн өртөг илүү өндөр. Ашигласан боломжийн үр өгөөж илүү өндөр учраас энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ноолуур үйлдвэрлэгчдээ илүү хөрвөх чадвартай, эргэлтийн хөрөнгөтэй байх боломжийг нээх шийдвэр гаргах ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд яаралтай арга хэмжээ авахыг хоёр сайдад үүрэг болголоо.

Үйлдвэрлэгчид малчдаас ноолуур авахад мөнгө хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө, байр сав, тоног төхөөрөмжөө барьцаалаад зээлдэг ч хэмжээ хязгаартай. Хөдлөх хөрөнгөө баталгаа болгодог шинэ тогтолцоог Засгийн газар хөдөлгөж чадна гэж Ерөнхий сайд үзэж байна.

Бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ганц нөхцөл бол өнөөдөр байгаа 300 тэрбум төгрөгийн экспортыг богино хугацаанд өсгөх. Үүнийг арьс шир, ноос ноолуурын салбарт ачаалал өгч шийднэ. Дотоодын бараа бүтээгдэхүүний экспортод жинтэй хувь нэмэр оруулах өөр боломж ойрын хугацаанд байхгүй гэж Д.Эрдэнэбат сайд хэллээ.

Хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Хууль батлагдах хүртэл өнгөрсөн жил гарсан экспортын үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ. Энэ тогтоолыг үндэслэн үйлдвэрүүдийн агуулахад байгаа ноолуурыг барьцаалан зээл олгоход Засгийн газар анхаарвал ноолуурын үнэ унасан ийм нөхцөлд энэ салбарт том дэмжлэг болно гэдгийг салбарын сайд хэллээ.

Монгол Улс дэлхийн бүх түүхий ноолуурын 30 хувийг нийлүүлчихээд, 3 хувийн ашгийг нь эзэлдэг үнэ цэнэгүй байдлаас гарах шинэ шийдэл хэрэгтэй байна. “Хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай” хууль батлагдвал оёж үйлдвэрлэх ноолууран цамц, олборлож гаргах алт, ашигт малтмал, тарьж хураах буудайгаа барьцаалах үүд хаалгыг нээж, маргаашийн боломжийг өнөөдөр ашигладаг болно.

Засгийн газар хурдан хугацаанд зохицуулалт хийж, санаачилгатай ажиллах учиртай. Иймд хөрөнгийн эх үүсвэр олох, дээр дурдсан хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад сайд нарыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Малчдаа ч, үйлдвэрлэгчдээ ч дэмжих хувилбарыг бид олох учиртай. Энэ асуудалд хоёр яам анхаарч шуурхай ажиллая гэж Д.Эрдэнэбат сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.