Categories
мэдээ улс-төр

Ирэх намраас сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжин баталлаа.

Дээрх асуудлыг хэлэлцэх шатанд гишүүд сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, зарим тохиолдолд нэг ангид 60 уулаа сууж хичээллэж байгаа нь хүүхдийн суурь эрхийг зөрчиж байна гэсэн асуудлыг хөндөж байв. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн тайлбараар нэг ангид 60-уулаа хичээллэсэн нь зөвхөн нийслэлийн нэгдүгээр сургууль дээр яригддаг аж. Эцэг, эхчүүд сайн сургуульд зөвхөн хүүхдээ оруулна гээд Нийслэлийн нэгдүгээр сургуульд оруулдаг. Улмаар боловсролын салбарт энэ нь хавтгайрсан юм шиг ойлгуулдаг тул эцэг, эхэд зарчмын шаардлагаа тавиад явах аж.

Харин гурван ээлжээр хичээллэдэг байдлыг 2016 оны хичээлийн шинэ жил эхлэхээс халах юм байна.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Саолуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Ван Саолун уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа ажилттай хэрэгжиж байгааг дурдлаа. Мөн тэрээр, цаашид боловсролын салбарт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгасан юм.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайд Ван Саолунтай уулзаж буйдаа талархаад, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бусаар хуралдсан Засгийн газар ямар асуудал хэлэлцэв?

Засгийн газар өчигдөр үдэш болтол хуралдаж Оюутолгойн талаар авах зарим арга хэмжээг хаалттай хэлэлцжээ. Энэ тухайгаа Засгийн газар албан ёсны мэдээ гаргаагүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Оюутолгой компани, Монголын татварын албаны дундахь 30 ам.сая долларын маргааныг хүчингүйд тооцохоор тохирсон бололтой. Анх уг маргаан 130 ам.сая доллар төлөх ёстой гэж гарч байсан бөгөөд Татварын маргаан шийдвэрлэх алба хэлэлцээд 30 сая доллар болгосон юм.

Мөн хөрөнгө оруулагчид Оюутолгойн ил уурхайн анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум доллараар хэтрүүлсэн, үүнийгээ тайлбарлах ёстой гэсэн маргаан явдаг. Энэ нь санхүүгийн баримттай. Үүнээс гадна баримтгүйгээр 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрүүлэлт байдаг юм байна. Эдгээрийг буюу анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлаа мөн хүчингүйд тооцох “Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зурах болж, зурах эрхийг нь саяхан томилогдсон “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Бямбасайханд олгожээ.

Дээрх шийдвэрийн талаар Засгийн газрын гишүүд нэлээд талцаж маргасан бөгөөд уг саналыг сайд С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн нар ихэд эсэргүүцсэн сурагтай.

Өчигдөр ээлжит бусаар хуралдсан Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг ч хэлэлцсэн байна. Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд УИХ-д өргөн барихаар тогтсон аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. УИХ-ын даргын зүгээс Тавантолгойн гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээр болсон.

Тавантолгойн асуудлаас болж намын бүлгүүд хоёр хуваагдаад буй. Иймд Ерөнхийлөгч хүртэл УИХ-аар Тавантолгойг хэлэлцэх шаардлагагүй гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг техникүүдийг танилцуулсан “Road expo” эхэллээ

Авто замын салбарыг олон нийтэд сурталчлах, шинэ техник, технологийг танилцуулах зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Road expo Mongolia-2015” Дүнжингарав худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд болж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнг Монголын авто замчдын холбоо, Зам тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Аодэ ХХК хамтран зохион байгуулж буй. Үзэсгэлэн яармагт гадна, дотны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн шинэ техник, технологио дэлгэжээ.

Замын улирал эхэлж байгаа учир үзэсгэлэн яармагийг сонирхохоор олон хүн цуглажээ. Энэ онд бүх аймгийн төвийг нийслэлтэй холбох их ажил өрнөнө. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэн экспо ихээхэн ач холбогдолтой болж буйг зохион байгуулагчид хэлж байна.

Нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын Зам тээврийн яамны сайд мөс бутлах, цас зайлуулах машиныг Монголын талд гардуулан өглөө. Энэ нь мөн Монголд анх удаа орж ирж буй шинэ техник юм.

Categories
гадаад мэдээ

Януковичийн холбоотны цогцос олджээ

Украины сөрөг хүчний улстөрч Олег Калашниковын цогцос Киев хотоос олджээ. Тэрээр буудуулж нас барсан аж. Чухам энэ үхэл амиа хорлолт уу, аллага уу гэдэг нь тодорхойгүй байна. Талийгаач Украины экс ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн холбоотон юм. Олег Калашников нь барууныг баримтлагчдын эсрэг анти-Майдан бослогыг зохион байгуулахад оролцож явсан аж.

Украинд сүүлийн гурван сарын хугацаанд экс ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн холбоотон найман хүн ээлж дараагаар нас баржээ. Киевийн мөрдөн шалгах албаныхан тэдний үхлийг амиа хорлолт хэмээн мэдээлсэн юм. Харин Украины сөрөг хүчнийхэн эдгээр үхэл бол Киевийн засгийн газрын оролцоотойгоор амиа хорлолт мэт харагдуулахыг хичээсэн аллага хэмээн үзэж буй.

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн онд Майданд өрнөсөн Барууныг дэмжигчдийн бослого, тэмцлээр суудлаасаа бууж, Москва руу зугтсан билээ. Тэрээр Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүнийг Украины Засгийн газрын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн зөвлөл Татварын өршөөлийн хуулийн талаар хуралдана

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 15.00 цагт хуралдана. Уг хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Тус зөвлөл өнөөдрийн хурлаараа эдийн засгийн чиглэлийн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээс гадна Татварын өршөөлийн хуулийн талаар ярилцах юм байна.

Categories
гадаад мэдээ

”Севол” онгоцны амь үрэгдэгсдийг дурсан хүндэтгэв

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Солонгосын Жиндо арлын ойролцоо “Севол” онгоц осолдож, 300 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт осол болсныг дэлхий дахин мартаагүй. Хохирогчдын 250 нь ахлах сургуулийн 17-18 насны хүүхдүүд байсан юм. Энэ өдөр Жиндо арал дээр хохирогчдын ар гэрийнхэн цуглан уй гашуу, харуусал, уур бухимдлаа тайлж байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, ерөнхий сайд Ли Ван Ку нар албаныхны хамт хүрэлцэн иржээ. Амь үрэгдсэн олон зуун сурагчдын төрөлх хот Ансанд төрийн далбааг хагас бөхийлгэж, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. Харин нийслэл Сөүл хотноо өнөө орой лаатай хүндэтгэлийн жагсаал болох ажээ.

Одоогоос 10 хоногийн өмнө амь үрэгдсэн сурагчдын ар гэр, ойр дотныхон үсээ хусч, хүүхдүүдийнхээ зургийг барин Сөүл хотыг хөндлөн гулд 46 км жагсан алхасан юм. Хохирогчдын ар гэрийнхэн “Севол” гатлага онгоцны ослын мөрдөн шалгах ажиллагааг засгийн газраас хараат бусаар явуулахыг шаарджээ. Энэ нь хариуцлагагүй төрийн албан хаагчид, авлигач улстөрчдийг илрүүлж, шийтгэхийн зорилготой гэсэн.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн үйлсийн “Цахим хандив”-ын сан нээлтээ хийлээ

IT-гийн инженер Ш.Отгон-Өлзий найз нөхдийнхөө хамтаар “Цахим хандив” гэсэн сан байгуулжээ. Уг сангийн нээлтийн ёслол өчигдөр болсон байна. Тус сан нь өвдөж шаналсан, хандив тусламж шаардлагатай болсон хүүхдүүдэд туслах юм байна. Тодруулбал энэхүү албан ёсны “Цахим хандив” санд цугларсан мөнгийг хандивлах ажээ. Хандивын сан нь дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.

1.Өвчтэй хүүхдийн нэр барих буюу хуурамч өвчтөний нэрээр иргэдийг залилан хандив цуглуулах зэрэг хуурамч, буруу булхай сөрөг үзэгдэлийг цэгцлэх;
2.Хандив хүсэгч хүүхэд хандив цуглуулахын тулд үүрэн холбооны тусгай дугаарууд худалдан авах гэж цаг хугацаа алдах, банкинд данс нээх гэх мэт үр ашиггүй зардлууд гаргаж цаг хугацаа алддаг байдлыг багасгах;
3.Хандив тусламжийн мэдээллийг олон нийтэд хүргэх нэгдсэн системийг бий болгоно;
4.Нийгмийн хариуцлага өндөртэй хандивлагч хувь, албан байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, тэднээр дамжуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ажиллана.

Олонд тустай сайн үйлс эхлүүлсэн дүү нартаа амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриалж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг батлуулахын төлөө дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр эмэгтэй гишүүдийн хэлсэн үгийг хүргэе. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болоод арав гаруй жил болж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс болж 62 хүн амь насаа алдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн бариад байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг тус хуулийг байнгын хороогоор хэлэлцүүлэх, УИХ-аар батлуулах үүргийг хүлээж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар гэртээ агсам согтуу тавьсан тохиолдолд цагдаа эрүүлжүүлэхэд өгдөг, маргааш нь хохирогч өөрийнхөө мөнгөөр хүчирхийлэл үйлдсэн хүнээ авдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч дахин, дахин хохирсоор байгаа юм. Хохирогч гомдол гаргаад шүүхэд хандахад гэмтлийн зэргийг тогтоодог. Ингээд хөнгөн зэргийн гэмтэлтэй байвал ихэвчлэн эвлэрлээр шийддэг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чамбай хууль шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүсэлт тавьхад зөвшөөрсөн. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч заавал өөрөө гомдол гаргах биш, түүний дотны хамаатан садан, найз нөхөд гаргаж болох заалтыг тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эмэгтэй хүн нөхөр, найз залуугийнхаа хүчирхийлэлд өртөж байгаа хэрнээ, гомдол гаргахад хойрго ханддаг. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл болж байгааг айл хөршийнх нь заавал мэдээлдэг байх заалтыг хуульд тусгах ёстой гэж үзсэн

Энэ заалтыг хуулийн төсөлд суулгаж өгсөнд их талархалтай байна. Хамгийн сүүлд дөрвөн настай охин төрсөн аав, хойд ээждээ зодуулан аврал эрж байхад хөршийнх нь мэдэж байсан хэрнээ мэдээллээгүй. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг нэг тал руу нь авч давхихгүй. Хүүхдээ буруу зүрүү зүйл хийсний төлөө алгадасны төлөө хүчирхийлэл үйлдлээ гэж үзэх заалт орохгүй. Хайр нь дотроо хал нь гаднаа байдаг аавуудын талаар ярихгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өмнө нь хүний бие махбодид ноцтой гэмтэл учруулж, амь нас нь хохироогүй бол гэр бүлийн хүрээний асуудлыг дандаа иргэний журмаар шийддэг байсан. УИХ-д өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд хариуцлагын асуудал гурван хуулиар зохицуулагдана. Удаа дараа байнга хүчирхийлэл үйлдсэн бол эрүүгийн хуулиар, хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсээр байж мэдээлээгүй бол зөрчлийн тухай хуулиар, хөнгөн буюу нөлөөллийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар зохицуулсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд процессын ажиллагааг тодорхой тусгаагүй, хууль хоорондын уялдаа холбоог хангаагүйгээс хүний амь насанд хохирох хэмжэнд хүндэрч байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Гэр бүлийн хүчирхийлэл гэх чөтгөрийн тойргоос эхлээд гарах ёстой. Энэ чөтгөрийн тойргийг таслан зогсоох эхлэл нь хүчирхийллийг үл тэвчих соёл. Хүчирхийллийг үл тэвчинэ гэдэг нь гэр бүлийн хүрээнээс хальж, нийгэм тэр чигээрээ үл тэвчих соёлд суралцахыг хэлж байгаа юм. Бид ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш 25 жил хүчирхийлэл бол гэмт хэрэг биш гэж үзэн тэвчиж ирсэн байна л даа.Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг тэвчсэн, хүлээн зөвшөөрсөн энэ эрхзүйн орчноо яаралтай сольж, хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдэг нэг мөр ойлголттой болох ёстой. Хүчирхийллийн асуудалд эрүүгийн хэргийг авч хэлэлцдэг шиг хариуцлагатай хандах ёстой. Цагдаа, шүүгч, нийгмийн ажилтан гээд төрийн албан хаагчид хүртэл хүчирхийллийг байж болох, тэвчиж болох мэтээр хандаж ирсэн. Тиймээс хуулиар илүү хүчтэй болгох шаардлагын үндсэн дээр хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлуулахаар зорьж байна. Анхнаасаа хүчирхийллийг үл тэвчих үзэл дээр суурилж боловсруулагдсан хууль. Нэг өдөр, нэг цаг ч болов хүчирхийллийг үл тэвчихийг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцлаа. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болсон юм. Уг айлчлал ихээхэн үр дүнтэй болсныг Монголын тал онцолж байгаа юм. Тухайлбал, Унгарын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан тус улсад суралцах боломж нээгдэж байгаа юм.

Унгарын тал Монгол Улстай байгаль орчин, ус цэвэршүүлэх, мод тариалах, мал аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Сонгино дахь Биокомбинатыг иж бүрэн шинэчлэн Монголын малыг эрүүлжүүлэх эм, бэлдмэл үйлдвэрлэх боломж, нөхцөлийг сайжруулж, био мах, хүнсний бүтээгдэхүүнийг Ази, Европын зах зээлд нийлүүлэх өргөн боломж байгаа гэв. Ингэснээр Унгар Улс Европ дахь Монголын ложистикийн төв байж болно гэлээ.

Мөн ирэх тавдугаар сард Унгарын тал Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн байгуулахаар боллоо.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзсан юм.