Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 95 гудамжийг тохижуулна

Хаврын улирал хаяанд ирж, тохижилтын ажил эхэлж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 95 гудамжийг тохижуулах бөгөөд нийт 67 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

Мөн энэ жил цэцэг тарих ажлын төсвийг хоёр дахин бууруулж 200 сая төгрөг болгосон байна. Иймээс хаврын ажлын бэлтгэл болгож мод, бут сөөг тайрах, өнжмөл өвс цэвэрлэх ажлыг хийж дуусчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурчдын олон улсын уралдаан болно

Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болно.
Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I, II уралдаан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бол III уралдааныг олон улсын уралдаан болгон зарлаж, 2010 онд амжилттай зохион байгуулжээ. Уралдаанд оролцогчдыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 10-ныг дуустал бүртгэх ажээ.

Уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид болон бүх шатны сургалт явуулж буй сургуулиудын оюутнууд, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой юм байна. Мөн уралдааны программыг хангасан морин хуур суралцагч, тоглогч, гадаадын иргэд ч гэсэн оролцох бүрэн боломжтой ажээ.
Энэхүү уралдаан нь гурван үе шаттай бөгөөд заагдсан бүтээлүүдийг тоглох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар–Уран баримал” наадам болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар–Уран баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл, Монголын урчуудын эвлэл, Монголын хүүхдийн ордон, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус наадамд оролцоно. Чөлөөт уран бүтээлчдийн дунд уран барималын загварын уралдаан зарлаж шалгарсан 15 бүтээлийг уран барималчид урлаж, нийслэлийн гудамж талбайд байршуулах юм. Аль байршилд ямар сэдвээр баримал барихыг зохион байгуулагч байгууллагууд хамтран шийдвэрлэж уралдааныг зарлах бөгөөд уралдаанд түрүүлсэн бүтээлд 1 дүгээр байр 5 сая төгрөг, 2 дугаар байр 4 сая, 3 дугаар байр 3 сая төгрөгийн шагналтай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүдэлчид ба хууль цааз

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн аль манах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “нүүдэлчид ба хууль цааз” хэсгээс толилуулж байна.

МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГ

Монголчууд Чингис хааны тогтоосон “Их засаг” хууль, халх журам, ер нь хууль цаазын уламжлалаараа их бахархдаг. Их гүрнийг байгуулан, дэлхий дахины дэг журмыг тогтоож явсан монголчуудад л бахархах хууль цааз байхгүй бол өөр хэнд байхсан билээ. Гэхдээ монголчуудын уламжлалт амьдралын хэвшил ба хууль цаазанд хандах хандлага өвөрмөц юм.

Хууль журам бол хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулдаг утгаараа суурин иргэдийн аж төрөх урлагийн нэг хэсэг бөлгөө. Гэхдээ энэ нь нүүдэлчид хууль дүрмээс гадуур амьдардаг гэсэн үг биш. Нүүдэлчдийн хууль цааз нь малын хулгай, гэнэтийн олз ашгийг хуваах, гэр бүл, нутаг бэлчээрийн хил хязгаарыг ойлголцох гэхчлэнгийн чамгүй олон салбарыг зохицуулах боловч хамрах хүрээгээрээ суурин иргэдийнхийг гүйцэх боломжгүй. Олон асуудлыг орхин нүүх, оргох замаар шийдэх учраас зохицуулах шаардлага бага. Эзнийхээ араанд зуугдаад ирэх юм уу, хулгай зэлгийн хэрэг баригдах шинж гармагц оргон зайлчихна. Оргон зайлалт, нүүдэл хоёр ялгаа бага учраас амьдралд дарамт учруулахгүй.

Ийм учраас оргон зайлж чадаагүй баригдсан этгээдийг аль болох хурдан яллаж, түүнийг нь эдлүүлэх учиртай. Тэгэхгүй бол нэг л өглөө оргоод шүүхээс зугтааж, ял завшина. Ийм учраас гэмт этгээд баригдсан алтан боломжийг ашиглан шүүж, оргохоос нь өмнө ялыг эдлүүлж амжих нь шударга хууль цаазын амин чухал хэрэгцээ байв. Ингээд банздаж шаахайдан газар дээр нь ялыг эдлүүлээд, бие махбодийн тарчлаанаас залхаж, хүмүүжсэн байгаасай хэмээн тэнгэрт залбираад хээр талд нь дураар нь одуулахаас өөр замгүй ажээ. Монголчуудын нэгэн адил гөрөөчин нүүдэлчин Зөрчид угсаатны байгуулсан Манж Чин гүрний есөн эрүү зэрэг залхаалтын арга Монголд маш сайн идээшин хэрэгжсэн байна. Түүгээр ч барахгүй Манжийн хааны “Шинэ засгийн бодлого” хэмээх Хятадыг өрнөдчилөх бодлогыг эсэргүүцэн заалдсан монгол ноёдын бичигт, эрүү шүүлтийг халснаас болоод хулгай худлыг гэсгээх аргагүй болсон тухай гомдол ч байдаг.

Нөгөөтэйгүүр хүн юм хойно аятайхан шорон баривал ч барих боловч нүүдэлчин амьдралаа яалтай билээ? Шоронгоо манаад нүүхгүй үлдвэл мал нь бэлчээргүй болж хэцүүднэ. Шорон барьчихаад түүнийгээ ачаалаад нүүгээд байна гэвэл бөөн түвэг. Чухам энэ байдал “Монголын нууц товчоо”-нд тодорхой гарна. Тэмүүжин хөвүүнийг олзлон ирсэн тайчууд хорих шоронгүйн эрхэнд айл айлаар хэсүүлэн, хадгалуулдаг. Нүүдэлчдийн гэр амьдрах орчин, зочид буудал, тэр ч бүү хэл шоронг хүртэл орлох ажгуу. Нүүдэлчдэд шүүх хурлыг алгуурлах, зохих ялыг эдлүүлэхгүй хүлээх нь хичнээн хортой болохыг нотолж Тэмүүжин ч оргон зайлж чадсан бөлгөө.

Ийм учраас “Монголын хууль гурав хоног” хэмээх зүйр үг гарсан бололтой. Юуны өмнө, хуулиар яллах, гэсгээх ажлыг нь “гурав хоног”-т л амжиж хийхгүй бол шударга ёсыг сахиулах ажил талаар болно гэсэн утгаар. Бас үргэлж нүүж сууж, нөхөр дайсан солигдож, нөхцөл байдал хувирч байдаг нөхцөлд хэлэлцсэн тогтоосон ямар ч журам богино настай байдаг гэдэг утгаар.

Жинхэнэ утгаараа иргэн суурьшсан амьдралд шилжсэн монголчууд ХХ зуунд хэд хэдэн Үндсэн хууль батлан мөрдсөн юм. БНМАУ нь нүүдэлчид анх удаагаа иргэншсэн ертөнцийн хууль дүрмийн агуулгаар амьдарсан явдал байв. Гэвч энэ тогтоц нь коммунист дэглэм байснаас болоод нийтэд зориулсан хуулийг эрх баригчдын тогтоол шийдвэр дарангуйлдаг гажиг тогтолцоо байв. Иймээс 1911 оноос эхэлж, 1921 оны хувьсгалаар дамжин үргэлжилсэн иргэнших процесс нь монголчуудыг хуулийн дор амьдрах олигтой сургууль болж чадаагүй юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар монголчууд ардчилсан үндсэн хууль болон түүний агуулгын хүрээнд олон арван хууль шинээр баталж мөрдөж эхлэв. Монгол оронд ардчилсан түгээмэл хууль тогтоомжийг гаргах, нийтээрээ ерөөсөө хууль мөрдөж сурах хоёр процесс зэрэгцэн алхам алхмаар урагшилж байна.

Социалист тогтоц нь хууль цаазыг нийтээр тэгш дагах зарчим гэхээсээ илүүтэй ард түмнийхээ тусын тулд намтөрөөс үйлдсэн бурханы судар сургааль маягийн зүйл болгон сурталчилна. Намын тогтоол шийдвэр, удирдагчийн заавар зэрэг нь үргэлж хууль тогтоомжийг дарангуйлах хүчтэй тул нийтээрээ түүнийг бэлгэ тэмдгийн утгаар ойлгох нь элбэг. Жишээлэхэд, БНМАУ-ын үндсэн хууль ёсоор иргэд шашин шүтэх эрхтэй боловч нам эвлэлийн гишүүдэд хатуу хориотой, өндөр настнуудын шүтлэг нь чанд хяналттай байсан юм. Мөн иргэдийн хөдөлмөрлөх эрх гэдэг их сонин. Бүхий л насанд хүрсэн этгээд заавал нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх үүрэгтэй, ингээгүй бол “нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн” заалтаар шийтгэл хүлээдэг байсан.

ХУУЛИАР НААДАХ УРЛАГ

Монголчуудад нийтлэг байдаг нэгэн хандлага бол хуулийг боломжоороо сөрөх, түүний нүх сүвийг ашиглан гарц олох эрмэлзэл юм. Баабар, энэ хандлагыг сүүлийн гурван зууны турш гадаад гүрний эрхшээлд байсны ул мөр, хөндлөнгийн улсын дарамтыг сөрөх эрмэлзэл хэмээн тайлбарласан байдаг.

Манжийн үед Гадаад Монголд Чин гүрний цааз бус өөрийнх нь хууль журам мөрдөгдөж байсан ч гэсэн төрийн тулгаж байгаа дэг болохынхоо хувьд монголчуудад таагүй мэдрэмж төрүүлж байжээ. Хуулиас бултах, түүнийг боломжоороо хохироох нь бодлогоо тулгагч Манж нарын төрийг эсэргүүцэх хэлбэр аж. Монголчууд малын хулгайд маш хатуу ханддаг, “Нууц товчоо”-ны сурвалжуудаас харахад адууны хулгай нь томоохон дайсагналын илэрхийлэл болдог байсан нь мэдэгддэг. Гэтэл Чингийн үеэс малын хулгай хийдэг хүмүүсийн иймэж өөрчлөгдөж, тэднийг сайн эр хэмээн эрхэмлэн, шүтэх болжээ. Сайн эрчүүд мал хулгайлахаасаа илүүтэйгээр баригдалгүй зугтаан хуулийг хохироодог, баригдсан ч хэргээ хүлээлгүй гүрийсээр хууль цаазыг давдаг чанар нь үндэстэндээ бахдал төрүүлсэн хэрэг юм. ХХ зуунд монголчууд иргэншин хөгжих явцдаа ч Зөвлөлтийн дагуул улс байх тавилантай учирчээ. Албан ёсны тусгаар тогтнолтой ч гэсэн төрөөр нь дамжуулан бодлогоо тулгасан Зөвлөлтийн талыг эсэргүүцэх хэлбэр нь уламжлалаа дагаад хуулийг болж л өгвөл эс хэрэгсэх арга байлаа. Чухам ийм утгаараа, хэдийгээр гэмт хэргийн ертөнцийн төлөөлөл боловчтөрөөр дамжуулан эрхшээлдээ байлгаж буй Зөвлөлтүүдийг хуулийг сөрөх замаар эсэргүүцэгч хулигаанууд хэмээх шинэ цагийн сайн эрсийн иймэж бас бүрдэж байв.

Амьдралынхаа тодорхой үеийн социалист системд өнгөрөөсөн улс “Уг номоороо бол болохгүй эд. Гэвч би чамайг бодоод…ингэе, тэгье, дуугүй өнгөрөөе” гэсэн хэллэгийг сайн санаж байгаа. Ихэнхдээ төлөв төвшин, хүн сайтай, хүний мууд дурладаггүй, шударга голч хүний амнаас гарч байсан энэ хэллэгүүд олон арван хүний хэргийг бүтээж, хэлмэгдэн хохирохоос аварч байсныг ч бас андахгүй.Энэ нь илүү сэхээтэнлэг орчинд, боловсон маягаар Зөвлөлтийг эсэргүүцэх хэлбэр байж.

Иймэрхүү сүүлийн гурван зууны туршид хууль цаазыг хамтран амьдрах урлаг гэхээсээ илүү түрэмгийлэгчдийн тулгасан хүчирхийллийн илэрхийлэл, боломжоороо эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлэх объект талаас нь харж сурсан үндэстэн бөлгөө, монголчууд.

Яг энэ утгаараа хуулийг өөрийнхөөрөө ойлгон, эрх мэдлээрээ гуйвуулан хэрэглэж өрсөлдөгч этгээдээ дарах урлаг тал нутагт гурван зуун дамжин хөгжсөн гэж үзэж болно. Тааламжгүй этгээдийн Манжийн хааны дайсан, Зөвлөлтийн эсрэг этгээд болгон дүрсэлж, гөрдөн унагаж чадсан түүх үлэмж олон. Хуулиар юуг яаж журамласан нь сонин биш харин түүнд юмыг “яаж хамааруулах, эс хамааруулах” урлаг тал нутагт ихэд хөгжсөн гэсэн үг.

Шинэ нөхцөлд амархан орж, өөрийнхөөрөө хувиргах төрөлх чадвар нүүдэлчин ард түмэнд, монголчуудад түгээмэл. Монголчууд ч ардчилсан ертөнцөд нэг талаасаа амархан дасан зохицож байгаа боловч өрнөдөд маш сайнаа харуулсан олон арван дэг журмыг монгол маягаараа сөрөх, урвуулан ашиглах чадвар суусан аж. 1990-ээд оноос хүний нийгмийн хөгжлийн нийтлэг замд орж ирсэн монголчууд хуулийн дор амьдарч сурахад дээр өгүүлсэн хоёр муу зан буюу хуулийг сөрж эсэргүүцдэг араншин, мөн түүний үг үсгийг сөргөлдөгч этгээдээ дарах хэрэгслэл болгон хувиргадаг “увидас” хамгийн их садаа болж байна.

Ардчилал бол юун түрүүн хуулийн өмнө тэгш байх зарчим юм. Харин “социалист аж төрөх ёс”-ны хүрээнд иргэншлийн анхны сургуулиа эхэлсэн нүүдэлчин монголчуудын хувьд ийм зарчимд дасах амаргүй бас нэг шалтгаан буй. Энэ нь сүүлийн гурван зууны туршид хууль цааз үе үе чангаран, аажимдаа сульдсан шударга ёсыг сэргээгээд дахин амсхийдэг аятайгаар хүлээн авч дассан уламжлалтай холбоотой бэрхшээл юм. Монгол хэлнээ “Цаг төр хатуурах” гэсэн хэллэг бий агаад хууль цааз үе үе чангаран биелж эхлэх мөчлөгийг нэрлэдэг. Манжийн болон Зөвлөлтийн үед хууль цааз ийнхүү үе үе чангарч, үе үе амсхийж ирсэнд дассан монголчуудыг “Зөвхөн ногоон гэрлээр зам хөндлөн гарах сар” зохиож байгаад гайхах хэрэггүй…

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр

Талхны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээс тор дүүрэн хүнс худалдан авснаасаа хойш хажуугаар нь өнгөрч явахаа байсан билээ. Эндээс тороо дүүргээд гараад ирэх мөнгөөр супермаркетад орвол цөөхөн л талх, нарийн боов авна. Заримдаа өдрийн цагаар үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр орж талх авахаар халуунаараа шахуу, зөөлхөн байх нь ямар таатай гэж санана. Өглөөхөн үйлдвэрийн тэвшнээс гарч, энэ дэлгүүрийн лангуун дээр ирсэн талх, нарийн боов, бялуу, амттанууд шив шинэхнээрээ. Талхчны гараас өөр хүний гар хүрээгүй гэж бодохоор “Ер нь эндээс л ирж талхаа авч байя” гэж бодогдоно. Талхчин, худалдан авагчийн хооронд ямар ч хүн ороогүй болохоор талх нь шинэ, үнэ нь боломжийн байгаа гэдгийг мэддэг учир иргэд ерөнхийдөө ингэж худалдаа хийж, хүнсээ цуглуулах дуртай.

Манай дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулахын ялдамд өөрийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр хаана байрладаг, нэрийн дэлгүүр нь бүтээгдэхүүнүүдээ хямд үнээр хэрхэн борлуулдгийг давхар сануулж байх учиртай. Эрүүл хүнс, барааг авч хэрэглэхийг чухалчилдаг болсон энэ цагт тэрэн шиг хэрэгтэй мэдээлэл үгүй л болов уу. Эрүүл, шинэ тэгсэн хэрнээ хямд үнэтэй гэвэл хүмүүс үр хүүхдэдээ аятайхан юм идүүлчих гээд цаг заваа зориулаад гүйгээд л очно. Үйлдвэрийн дэргэдэх, нэрийн барааны дэлгүүр бол танай үйлдвэрийг иргэд, худалдан авагчидтай тань нүүр тулуулан учруулж, амьд харилцаа үүсгэдэг халуун цэг нь юм шүү дээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат:Бүх нийтийн санал асуулгыг 1-2 тэрбум төгрөгт багтаана

МАН-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонгуулиа ямар системээр хийхийг бүх ард түмний саналаар шийдэх ёстой гэж мэдэгдээд байсан. Мөн тус намынхан сонгуулийн хуулиар бүх ард түмний санал авах тухай тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Сүүлийн хэд хоног хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр “МАН байр суурьнаасаа ухарлаа”, “МАН ард түмний нэрийг барьж шоудлаа” гэх мэт “мессеж”-ийг олон түмэнд хүргээд байна. Манай намын зүгээс сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө бид хөдөө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан, ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. Бид энэ асуудалд судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд, иргэдийн 93 хувь нь “намын нэрийн жагсаалтаар сонгогддог системийг тохирохгүй байна” гэсэн. Тиймээс иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнээс биш бид ямар нэг байдлаар сонгуулийн шоу хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Тус нам сонгуулийн тогтолцооны асуудалд ард түмний санал асуулгыг авах хэрэгтэй гэдэг байр сууриндаа байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн бүх нийтийн санал асуулга явуулахдаа хамгийн бага зардлаар буюу 1-2 тэрбум төгрөгөөр хийх боломжтой. Санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийддэг юм биш. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэх ёстой гэв. УИХ-ын дарга ганцаараа дур мэдэн энэ асуудлаар ярих нь ч ёс зүйн хувьд ч тохиромжгүй гэсэн юм.

Эдийн засаг хямарсан энэ үед МАН бүх нийтийн санал асуулгад 1-2 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа нь бага дүн биш гэдгийг шүүмжлэгчид ч цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр энэ нь дараагийн сонгуулиас өмнө яаравчлан батлагдах ёстой Сонгуулийн нэгдсэн хуульд багтах боломжгүй гэдгийг улстөрчид харж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийн сайд Багануур дүүрэгт ажиллаж байна

Засгийн газар Багануур дүүргийг Шинжлэх ухаан технологийн хот болгох зорилт тавьсан. Мөн саяхан Багануурын цахилгаан станцын хүчин чадлыг 700 мвт-аар нэмэхээр болж, концессын гэрээг талууд байгуулсан. Багануурын нүүрсний уурхайг өргөтгөх ажил бас хийгдэх аж. Энэ бүхэнтэй Аж үйлдвэрийн сайд биечлэн танилцахаар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна.

Тэрээр яг одоо Багануур дүүргийн иргэдтэй уулзалт хийж байгаа бол түүний өмнө төрийн албан хаагчидтай уулзлаа. Мөн Багануур дүүргийн 125 дугаар дунд сургууль, Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцсан юм.

Багануур дүүргийг Шинжлэх ухаан технологийн хот болгох зорилт тавьсныг иргэд талархан дэмжиж, ажил хэрэг болгохыг чухалчилж байна. Учир нь С.Батболдын Засгийн газар тус дүүрэгт оюутны хотхон байгуулах шийдвэр гарснаас хойш үндсэндээ дөрвөн жил өнгөрөхөд хийгдсэн ажил байхгүй. Тухайн үед газрын үнэ өссөнөөс өөрөөр юм болоогүй аж.

Аж үйлдвэрийн сайдтай хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байгаа юм. Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Шинжлэх ухааны паркийн барилгын ажил энэ онд эхэлнэ гэв.

Сайд Д.Эрдэнэбатын орон нутаг дахь ажлын томилолт маргааш ч үргэлжилнэ. Энэ үеэрээ Багануурын нүүрсний уурхайн ажилтай танилцах юм.

Categories
мэдээ нийгэм

Царцаагдсан барилгын санхүүжилтийг яаралтай шийдэхийг хүсэв

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Энэ нь тэдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байгааг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдэгдэв. Барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогссоноор төсөвт зардал нь нэмэгддэг байна. Эдгээр 217 царцаагдсан барилгын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахад ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг ажээ.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн спрайт лигийн “Бүх оддын тоглолт” болно

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” болон “TLG-13”ТББ-ууд хамтран Сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн том Лиг болох Спрайт Супер Лигийг ес дахь улиралдаа зохион байгуулж байна.

Спрайт Супер Лигээс өмнө Хөгжлийн Лигийн тэмцээн болсон бөгөөд 60 гаран баг оролцож, шилдэг 10 баг нь Супер Лиг рүү дэвшин тоглосон юм.

Харин энэ улирлын Спрайт Супер Лигт нийт 30 багийн, 450 гаруй тамирчид оролцож,Баруун, Зүүн бүсэд хуваагдан дөрвөн сарын турш өрсөлдөж байна.

Дээд лигт тоглох шилдэг тамирчид, залгамж халаа бэлтгэгдэн гардаг энэхүү лигийн“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” энэ хагас сайн өдөр буюу 4 сарын 18-нд 19 цагаас СТО-нд болох гэж байна.

“Бүх Оддын Тоглолт”-нд уламжлал ёсоор Баруун, Зүүн бүсийн шилдэг тамирчдын тоглолт, гурав онооны шидэлтийн тэмцээн, Ур чадварын тэмцээн, Багийн шидэлтийн тэмцээн болно. Мөн Үндэсний Супер Лигийн шилдэг Легионер тамирчид оролцсон Цагариган дээрээс довтлох тэмцээн болох юм.Мөн энэ үеэр хамтлаг дуучдын тоглолт, шоу арга хэмжээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Спрайт Супер Лигийн улирлын тоглолтууд энэ долоо хоногт өндөрлөж байна. Тэгвэл плэй-оффт шалгарсан шилдэг 16 багийн тоглолтууд энэ хагас сайн өдөр болно. Улмаар Спрайт Супер Лигт түрүүлсэн шилдгийн шилдэг баг Үндэсний Супер Лигт орох эрхээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

”Олон улсын хэл, соёлын их наадам”-д 15 орны хүүхдүүд оролцож байна

“Олон улсын Турк хэлний холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын хэл, соёлын их наадам” энэ сарын 14-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдож байна. Энэ жилийн наадамд Монгол, ОХУ, Турк, Белги, Киргиз, Казахстан, Индонези, Ирак, Мозамбик, Филиппин, Украин, Бангладеш, Тунис, Азербайжан, Румын гэх 15 орны хүүхдүүд оролцохоор Улаанбаатар хотод иржээ. Наадмын оролцогчид энэ сарын 15-нд буюу өчигдөр төрийн ордонд айлчилж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид бараалхжээ. Харин энэ сарын 18-нд буюу бямба гарагт Чингисийн талбайд болон Соёлын төв өргөөнд Олон улсын соёлын үзэсгэлэн болно. Тус арга хэмжээний үеэр дээр дурдсан улс орноос ирсэн сурагч хүүхдүүд эх орныхоо соёл, уламжлал, үндэсний дуу бүжгийг танилцуулан бүжих юм байна.