Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” киноны найруулагчийг Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирнэ

Францын нэрт найруулагч Жан Жак Анног монголчууд жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киногоор нь сайн мэдэх билээ. Тэгвэл ирэх даваа гарагт тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа “Таны бүтээсэн “Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа.

Эрхэм найруулагч Таны Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам батжина хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Канадын Элчин сайдтай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй салбаруудад хамтран ажиллах, төсөл арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэр “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Канад Улс нь дэлхийн 25 улстай хамтран ажилладаг. Үүний нэг нь Монгол Улс юм. Канад Улсын талаас Монгол Улстай цаашид зөвхөн уул уурхайн салбарт бус өөр олон салбарт хамтран ажиллах боломжтой. Миний хувьд орон нутгийг хөгжүүлэх санг хариуцдаг. Энэ сан нь тухайн бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудал дээр жижиг төслүүдийг санхүүжүүлж ажилладаг. Уг сангийнхаа хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай жижиг болон дунд хэмжээний төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна. Ямар ч асуудлаар бидэнтэй холбоо барихад бид нээлттэй байх болно” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын ногоон байгууламж, хот төлөвлөлтийн ажил дээр Канад Улсаас туслалцаа авах саналтай байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж суралцах зүйл олон бий. Цаашид танай тухайн орон нутгийг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжүүлж болохоор тодорхой хэмжээний төслүүдийг санал болгож, та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Денкфарм” компани шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа

-БЕРНХАРД ЛОЙ: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ КОМПАНИЙН СОЁЛЫН ЧУХАЛ ХЭСЭГ БАЙДАГ-

Германы “Денкфарм” компани анагаахын их, дээд сургуулийн оюутнуудын дунд хоёр дахь жилдээ зарласан тэтгэлэгт хөтөлбөрийнхөө шалгаруулалтыг энэ сарын 14-ний хийж шалгарсан оюутнуудад тэтгэлэг гардууллаа. Анагаахын их, дээд сургуулийн дөрвөөс дээш курсад суралцдаг, 3.2 хувиас голч дүнтэй, нийгмийн идэвхитэй шилдэг оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон бөгөөд “Сошиал медиаг ашиглан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг хэрхэн сайжруулах вэ” сэдвээр эсээ бичиж өрсөлджээ. Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр “Денкфарм” компанийн удирдлагууд “Дэлхийн 80 гаруй оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортолж байгаа манай компаний хувьд нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд хэрэгжүүлэх нь компаний соёлын чухал хэсэг байдаг. Ийм ч учраас хэд хэдэн оронд боловсрол болон эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Хэд хэдэн улс оронд бага боловсролыг дэмжих хүрээнд сургуулийн төслүүд дээр дэмждэг үзүүлж ажиллаж байгаа. Харин Монгол Улсад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн судалгаа хийх боломж олгох, мэдлэг чадвараа сайжруулах, өвчтөнүүдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулахад дэм болох зорилгоор тэтгэлэг зарласан. Мөн ирээдүйн эмч нарыг чанаржуулах, урам өгөх үүднээс оюутнуудын дунд тэтгэлэг зарладаг. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ирүүлсэн бүтээлүүдээс шилдэгүүдийг шалгаруулна гэдэг үнэхээр хүнд ажил байлаа. Оролцсон оюутнууд болон эмч нарын бүтээл гайхалтай байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна” гэв.

Сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулах ёслолд “Денк фарм” компанийн удирдлагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд болон хөтөлбөрт эсээгээ явуулсан оюутнууд оролцсон юм. Тус компанийн Зүүн Европ болон Азийн бүс хариуцсан захирал Бернард Лой “Денкфарм” компани 1948 онд байгуулагдсан, Германы эм үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг. Одоогоор 80 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бөгөөд Монгол Улсад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай компаний хамт олон эрүүл мэндэд чанарыг чухалчилдаг. Чанар гэдэг ойлголтод зөвхөн бүтээгдэхүүний чанар орохгүй. Эрүүл мэндийн салбарт чанартай бүтээгдэхүүнээс гадна чанартай боловсон хүчин шаардлагатай. Ингэж байж чанартай эрүүл мэнд бүрдэнэ. Тиймээс бид чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улс орнуудад түгээхээс гадна нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэхийг зорьдог. Энэ жил бид Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн эмч нарыг дэмжиж дөрвөн эмчид тэтгэлэг гардуулсан бол энэ удаад шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж байна. Тодруулбал, цахим ертөнцөд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар санаачилгатай ажиллаж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг идэвхитэй оюутнуудыг дэмжлээ. Шалгарсан оюутнууд маш сайн суралцахын хажуугаар эмнэлэгт дадлагажигч эмчээр ажиллаж практик мэдлэгээ сайжруулж байгаа нь сайшаалтай байна. Хөтөлбөрөө уламжлал болгон аль болох олон хүнийг хамруулахыг зорьж байгаа” гэсэн юм.

ЦАХИМААР ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРНА”

Тэтгэлэг гардсан оюутнууд бүгд ингэж ярьсан юм. Эрүүл мэндийн салбарын эмч, оюутнууд цахим ертөнцөөр иргэдтэй холбоотой байж эрүүл мэндийн боловсрол олгож, мэргэжлийн зөвлөгөө өгөхийн давуу талыг эсээндээ онцолжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч сургалтын төлбөрөөр шагнуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаах, судлаачийн 401 дүгээр хэсгийн оюутан Б.Солонго “Би молекул биологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмших сонирхолтой. Бүх өвчлөлийн үндэс суурийг нь судалдаг учраас энэ чиглэлээр мэргэших зорилго тавьсан. Эмч нар өвчтөнүүдтэйгээ эргэх холбоотой байх ёстой гэдэг санааг эсээндээ онцолсон. Ижил өвчтэй хүмүүс хоорондоо сошиал медиагаар холбогдож үзэл бодлоо хуваалцдаг, эмчтэйгээ ярилцдаг байвал сэтгэл санааны хувьд ч, эдгэрэлтийн хувьд ч давуу талтай. Бүх эмнэлэг вэб сайт, facebook-т өөрийн хуудсаараа үйлчлүүлэгчтэйгээ холбогдож, харилцдаг байхыг санал болгосон. Жишээлбэл, БЗХӨ-өөр өсвөр үеийнхэн, залуучууд их өвчилж байна. Тэд эмнэлэгт очихоосоо эмээдэг, болгоомжилдог. Ийм тохиолдолд эхний ээлжинд эмч нартайгаа цахимаар холбогдож өвчнийхөө шинж чанарыг тайлбарлаж холбоо тогтоож эхэлбэл харилцахад дөхөмтэй гэдэг саналыг гаргасан. Энэ саналыг минь дэмжиж сургалтын тэтгэлэг олгосон “Денкфарм” компанийн хамт олонд баярлалаа” гэлээ. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 540 дүгээр хэсгийн оюутан Э.Ринчиндорж “Би өнгөрсөн жилээс эхлэн тэтгэлэгт хөтөлбөрт оролцож байгаа. Монголын анагаахын их, дээд сургуулийн оюунуудын боловсролыг дэмжсэн том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Денкфарм компанийн хамт олонд баярлалаа. Сошиал медиагаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол түгээхдээ хэрхэн аюулгүй, үр бүтээлтэй байх вэ гэдгийг эсээндээ онцолсон. Олон улсын туршлагыг судалж өөрийнхөө улстай харьцуулж бичсэн нь давуу тал болсон. Цахим ертөнц олон хүнд, хурдан хугацаанд түгдэг. Тиймээс бага зардлаар чанартай мэдээллийг хүргэх шаардлагатай. Нотолгоонд суурилаагүй мэдээлэл түгээвэл эрсдэл учрах аюултай. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар хянагдсан, баталгаатай мэдээллийг түгээх нь чухал гэдэг саналыг дэвшүүлсэн” гэж ярилаа.

Нүүр ам судлалын сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан А.Даваасүрэн “Мэдээллийн хурдыг эрүүл мэндийн салбарт ашиглахгүйгээр энэ салбар хөгжихгүй. Түгээмэл өвчний талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга, өвчилсөн бол баримтлах дэглэм гээд мэдээллийг цахим ертөнцөөр олон хүнд түгээж байж урьдчилан сэргийлэх, өвчлөл буурах боломжтой. Би өөрөө шүдний эмч болно. Тиймээс “Эрүү нүүрний мэс заслын клуб” нэртэй facebook хаягаар иргэдэд зөвлөгөө өгдөг. Мөн өөрийн гэсэн блогтой. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс энэ байдлаар иргэдтэй холбоотой байгаасай гэж хүсч байна” гэлээ. Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын тавдугаар курсын оюутан Э.Отгонбилэг ч ийм саналыг эсээндээ чухалчилжээ.

Сургалтын тэтгэлэг гардсан дөрвөн оюутнаас гадна найман оюутан “Денкфрам” компанийн тусгай шагнал хүртсэн юм. Оюутнуудын санаачилгыг амьдралд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ “Денкфарм” компанийнхан онцоллоо.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй

Жолооны үнэмлэхний хэвлэлтэнд байс гээд л асуудал гардаг. Гэвч энэ асуудал дахин гарч ирэх долдугаар сард хүртэл манай улсад албан ёсны жолоочид төрөн гарахгүй нь. Үнэмлэх яагаад хэвлэгдэхгүй байгаа талаар Замын цагдаагийн газрынхан “Үнэмлэх хэвлэх бэлдэц дуусч байгаа учраас “Түр үнэмлэх” олгож эхлэхээр яригдаж байна” хэмээн мэдээлж байгаа ч цаана нь өөр учир байна. Тодруулбал Замын цагдаагийн газрынхны хэлж буйгаар жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болжээ. Тиймээс дахин тендер зарласнаас ийнхүү жолооны үнэмлэх хэвлэх ажил доголдох болсон гэнэ. Энэхүү доголдол нь хэдхэн хоног үргэлжлэх бус хамгийн ойрдоо ирэх долдугаар сараас үнэмлэх хэвлэж эхлэх нь тодорхой болжээ. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхний бэлдцийг хэвлэхэд багадаа л 60 хоног шаардлагатай аж.

Categories
мэдээ спорт

Хасын хүлэгүүд-Эрдэнэдрийлинг ригс баг хүрэл медалийн төлөө өнөөдөр тоглоно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ.

Хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн аварга Хасын хүлэгүүд болон Эрдэнэдрийлинг ригс багууп тоглоно.

Хагас шигшээд Хасын хүлэгүүд Танан гарьд багт 4:2-оор, Эрдэнэдрийлинг ригс Харцага багт 4:0-ээр хожигдсон билээ.

Эмэгтэй хүрэл медалийн төлөө МУИС Ирвэсүүд-Дорноговь Таван дохио баг тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Дорнодын Засаг даргад нэр дэвшигч тодорчээ

Дорнод аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд МАН-ын бүлгээс Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгийн нэрийг Засаг даргаар томилох санал оруулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигджээ. Нэр дэвшигчдийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, батламжилна.

Тус аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Засаг даргад хэн нэгний нэрийг дэвшүүлээгүй байна.

Categories
мэдээ спорт

Бөхийн өргөөнд 1024 бөхийн барилдаан болно

Баярын хүрээнд зохиогдох хамгийн том, 1024 бөхийн барилдаан маргааш нөгөөдөр хоёр өдөр Бөхийн өргөөнөө болно.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар Т.Хасбаатар сонгогджээ

МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнес зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хуралдуулсан байна. Хуралдаанаар зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар эдийн засагч Т.Хасбаатарыг сонгосон байна. Энэ жил Монгол – Японы хооронд эдийн засгийн тvншлэлийн гэрээ байгуулсан. Тус түншлэлийн хүрээнд бизнес зөвлөл идэвхитэй ажиллах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах ёстойг зөвлөлийн гишүүд онцолж, шинэ удирдлагад анхаарал хандуулахыг хүсчээ.

Т.Хасбаатар нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Япон улсад эдийн засгийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Тэрбээр мөн Монгол – Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Энэ ажлын хүрээнд Австралийн түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг энэ сарын 20-25-нд ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн түлэгдсэн болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо хийхээр болжээ.

Дээрх эмч нарт үзүүлэх, оношлуулах шаарддагатай, хүсэлтэй байгаа хүүхэд, насанд хүрэгсдийг ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт бүртгэж байгаа аж. Харин амбулаторийн үзлэгийг зөвхөн энэ сарын 20-ны өдөр хийгдэх бөгөөд үзлэгийн тоо хязгаартай болохыг албаны хүмүүс хэлсэн. Мэргэжлийн баг үзлэг хийсэн өвчтөнүүдээс шаардлагатай өвчтөнгүүдийг сонгон авч, түлэгдсэн үеийн болон түүний дараах нөхөн сэргээх хагалгааг үлдсэн өдрүүдэд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөөд байгаа гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш их цэвэрлэгээ хийнэ

Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр цэвэрлэнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид мөн их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх нь. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэнэ.

Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм.