Categories
мэдээ нийгэм

100 орчим буудал, Чингисийн талбайг угааж байна

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэж байна. Монголын Үндэсний дээд сургуулийн 4000 оюутан, МОХ-той хамтран энэхүү их цэвэрлэгээнд нэгдээд буй юм. Тэд хотын төвийн автобусны 100 орчим буудал, Чингисийн талбайг угааж байна. Мөн Сэлбэ голыг цэвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

ИЗНН-аас түймэрт өртсөн олонд туслах уриалга гаргажээ

Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэх үзэл баримтлалтай ИЗНН-аас нийт гишүүд дэмжигчдэдээ уриалга гаргажээ. Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхтэй талын түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархаж байгаа тухай аймшигт мэдээ та бидний сэтгэлийг маш их түгшээж буй билээ. Сэрүүн хаврын хуурай цагаар дэгдсэн тус түймэрт элэг нэгт ахан дүүс маань гэр орон, эд хөрөнгө, амь насаа алдаж байгаа нь нэн харамсалтай.

Иймд намын гишүүд түймэрт өртсөн айл өрхөд болон түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд туслах зорилгоор хандивын аян зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ИЗНН-ын сайхан сэтгэлт гишүүд дэмжигчдээ тус үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг уриалъя гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахаар байгаа тул малчид, ард иргэд 18, 21-ний өдрүүдэд хол замд гарах, малаа бэлчээрлүүлэхгүй байх, гал түймрийн аюулаас болгоомжилж үнс, нурам, тамхины ишийг дутуу унтрааж хаяхгүй байх зэрэг өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч анхааралтай байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүллээ

Дорнод аймгийн ИТХ өнөөдөр болж аймгийн Засаг даргад нэр дэвшигчээ тодруулжээ. Хуралдааны шийдвэрээр аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлсэн байна. Хуралдаанд оролцсон 29 гишүүн 100 хувийн саналаар түүнийг дэмжиж, энэ тухай тогтоолын төслийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Ариунаа Токиод тоглоно

МУГЖ дуучин Т.Ариунаа, “Guys” хамтлаг хамтран Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд тоглолтоо хийх аж. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Хаврын баяр- 2015” наадам болно. Уг наадмын үеэр тэд тоглолтоо хийх юм байна.

Наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлоор хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс хамтран зохион байгуулах юм.

Наадмын үеэр Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монгол гэр, майхан, асар барьж, Монгол орны түүх, соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбар, гэрэл зураг, уран зургуудыг дэлгэх аж. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах, шагай шүүрэх, морь уралдуулах гэх зэрэг монгол наадгай тоглуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шуудангаар авахаар болжээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг шуудангаар дамжуулан хүлээн авах боломжтой болжээ.

Цаашид визийн болоод оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг шуудангаар хүлээн авах боломжийг судлан ажиллаж байгаа аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвлөлгөө мэдээллийн лавлах 1900-1882, 93141009, Монгол шуудан компанийн 1800-1613 утсанд хандах боломжтой юм байна.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа гавьяатад хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-ын тэмцээнээс “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

БНСУ-ын Чанвон хотод явагдсан “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалын финалд О.Гүндэгмаа түрүүлж, “Рио-2016” олимпийн наадмын анхны эрхийг эх орондоо авчирсан.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн газар НМХГ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт тусгагдсаны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад төлөвлөгөөт болон гэнэтийн хамтарсан шалгалт хийх, эмчилгээ оношлогоонд гарч буй дутагдлыг арилгах, эрсдлийг бууруулах, харилцан мэдээлэл солилцох , сургалт судалгааны ажил хийх, хүний нөөцийг чадавхижуулах, эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн даатгалын төлөлтийг бүрэн хийх, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн эрсдлийг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудыг хамтран хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд нар уулзжээ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож байна. Тэрбээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавив.

Бага хурлын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Номоор есөн метр пирамид бүтээж геннист бүртгүүлнэ

“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс санаачлан Увс аймгийн 90 жилийн ойг угтан “Booк challange” номын хандивын аян эхлүүлжээ.

Аяны хүрээнд цугларсан номуудаар ирэх зургаадугаар сард Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд 9 метр өндөртэй пирамид босгох төлөвлөж байгаа аж. Ер нь дэлхийд номоор босгосон есөн метр өндөр пирамид байдаггүй учир геннист бүртгүүлэхээр хандсан бөгөөд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж.

Харин номуудыг Увс аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх юм байна. Одоогийн байдлаар 3000 гаруй ном цугларчээ.

“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ны сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, зохиолч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгдэж, дор бүрнээ хүмүүсийг дуудаад эхэлсэн байна.