Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусламжийн цуваа замд гарчээ

Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өчигдөр Жүдо бөхийн холбоог төлөөлөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд туслах аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэд 10 сая төгрөгийг хандив болгосон.

Мөн үндэсний үйлдвэрлэгчидээ манлайлж “Мах импекс”, “Милл Хаус”, “Талх чихэр” компаниуд гамшгийн эсрэг нэгдэж, 50 гаруй сая төгрөгийн хүнс, материал хүргүүлэхээр болсон. Түүнд гал унтраах багаж хэрэгслүүдээс гадна талх, нарийн боов, жигнэмэг, гурил, мах, махан бүтээгдэхүүн, ус ундаа, эм тариа, бэлэн гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтаж байгаа юм. Харин эдгээрийг ачсан тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөлсөн байна. Тусламжийг түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын хэлтсийн аврагчид, Зэвсэгт хүчний дайчид, гамшигийн голомтод ажиллаж буй нутгийн ард иргэд, гашмигт өртсөн айл өрхүүдэд хүлээлгэн өгөх ажээ.

Categories
гадаад мэдээ

Ким Кардашьяны номыг ганц минутын дотор зарагджээ

Нэгэн интернэт худалдаа эрхэлдэг дэлгүүр реалити шоуны од Ким Кардашьяны гэрэл зургаас бүрдэх Selfish номын урьдчилсан захиалгыг авсан билээ. Уг бүтээлд Ким бүсгүйн авсан олон тооны сэлфи зураг багтсан юм. Номыг цөөн тоогоор хэвлэхээр шийдсэн бөгөөд ердөө 500 хувийг гаргасан байна.

Хамгийн сонирхолтой нь, номын захиалга явагдаж эхэлсэн гэх зарлал тавигдангуут Кимын шүтэн бишрэгчид ердөө ганцхан минутын дотор бүгдийг нь хуу хамжээ. Энэ нь “зохиолч” бүсгүйг уулга алдуулсан бөгөөд тэрбээр өөрийн блог дээр “Би их баяртай байна. Ердөө 500 ширхэг номыг маань ганцхан минутын дотор авчихлаа. Итгэмээргүй юм” хэмээн бичсэн аж.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний баяр наадмаар ажиллах төлөвлөгөөгөө боловсруулав

Үндэсний баяр наадмаар ажиллах төлөвлөгөөгөө боловсруулав Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хэв журмын салбар хорооны анхны хуралдаан Цагдаагийн ерөнхий газарт боллоо. Тус хуралдаанаар баяр наадмын үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө, төсвийн талаар хэлэлцэж төслийг батлуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журам хамгаалах салбар хорооны дарга, Тэргүүн комиссар Р.Чингис үндэсний их баяр наадмын үед гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллах талаар салбар хорооны орлогч дарга, туслах комиссар Б.Ганзоригт үүрэг, ажлын чиглэл өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түмэнцогт сумын газар нутгийн 90 хувь шатжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнхаан сумдад гарсан түмрийг цурманд оруулсан гэх мэдээллийг бид дөнгөж сая Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга н.Лхамсүрэнтэй утсаар холбогдож авлаа. Харин Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг хараахан цурманд оруулж чадаагүй байгаа аж.

Түмэнцогт суманд гарсан түймрийн тухайд газар нутгийнх нь 90 хувийг хамарч үндсэндээ шатах газаргүй болсон аж.

Гурван суманд гарсан түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын хэлтсийнхнээс гадна Хэнтий, Багануур дүүргээс хүч нэмэгдүүлсэн. Орон нутгийн иргэдийг мөн дайчилж байгаа. Зарим байгууллагууд тав дахь хоног дээрээ түймрийг унтраахаар ажиллаж буй юм байна.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг өчигдөр Түмэнцогт суманд ажилласан байна. Харин өнөөдөр түймэртэй байгаа бусад газарт ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн өвөл цас бага орсноос үүдэлтэй түймэр эрт эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сарын 4-нд анхны түймэр гарчээ. Одоогоор улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарч, нийт түймрийн 50 орчим хувь болоод байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван томоохон түймэр асч байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад гурван том түймэр асч байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнот аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа дээр хүч тавин ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх зүүн аймгууд руу явахаасаа өмнө ОБЕГ-т ажиллаж, зарим үүрэг өгсөн юм. Тэрбээр хээрийн түймрийн шалтгааныг арилгахыг чухалчлав. Сар гаруй үргэлжилж байгаа түймэрт хүний амь нас эрсдээгүй сайн боловч айл өрх орон гэргүй болж, олон мал, их хэмжээний газар нутаг, бэлчээр шатаж байна гээд цаашид үргэлжлэх магадлал өндөр байгаа тул Онцгой байдлын алба байнгын өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахыг үүрэг болгов.

Мөн орон нутгийн төр захиргааны байгууллага яаралтай, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх, ард иргэдийг дайчлан ажиллуулах, Улсын нөөцийн өвс тэжээл, бусад техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо. Энэ үеэр улсын нөөцийн бэлэн байдлын талаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга Х.Батбилэг мэдээлэл өгсөн.

Хээрийн түймрийн гол шалтгаан иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Мөн цурман дахь гал дахин асах, хил дамнан түймэр орж ирж буй, салхины хурд өндөр, тогтворгүй байгаа зэрэг нь үндсэн шалтгаан болж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа дээр хүч тавин ажиллаж байна.

Зүүн гурван аймагт гарч буй түймэр дээр эдгээр аймгуудаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, төр захиргааны байгууллага, иргэд ажиллаж байна.

Улсын хэмжээний байдлаар нийт түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикль, нийт 4094 хүн, 418 автоамшин тус тус дайчлагдан ажиллаж байна.

Ойн түймэр дөрвөн газар гарсан боловч цаг алдалгүй унтрааж чадсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 17-ны 21 цагаас 04 дүгээр сарын 18-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор болон Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад хэсгээр 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна.. Сэрүүсч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2015 оны 4 дүгээр сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Жүдочид 10 сая төгрөг өгч, хандивын аяныг эхлүүллээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80 гаруй хувь нь хээрийн түймэрт өртөж, нөхцөл байдал хүндрээд байгаа. Тэгвэл Түмэнцогт сумын ард түмэнд туслах хандивын аяныг Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр эхлүүллээ.

Уг аяныг Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, МУ-ын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар санаачилжээ.

Тэд шигшээ багийн тамирчдын шагналт цалингаас 10 сая төгрөгийг түймэрт өртсөн нутгийн ард иргэдэд чин сэтгэлийн өглөг болгон хандивлаж буйгаа мэдээлсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр “Сүхбаатар аймагт түймэр гарч, нэгэн сумын ихэнх хэсэг түймэрт өртөж малчин өрхүүд орон гэргүй болсон талаарх мэдээллийг хараад сэтгэл их түгшиж байна. Хэдхэн хоногийн өмнө манай Булган аймагт бас түймэр гарч 50 орчим тооны адуу өртсөн. Энэ бүхэнд сэтгэл эмзэглэсэн учир Сүхбаатар аймгийн ард түмэндээ туслах аяныг өрнүүлэх санал гаргалаа” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр монголчуудыгаа энэхүү аянд нэгдэж, сэтгэл зүрхээрээ Сүхбаатар аймгийнхныгаа дэмнэхийг уриалсан юм.

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Тэнхлүүн явахад тэмээгээр, тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн үг байдаг. Тийм учраас түймрийн аюулд өртөөд байгаа Сүхбаатарчууддаа туслах аяныг тамирчид маань санаачлан эхлүүлж байна. Энэ хүнд үед Сүхбаатар аймгийнхандаа туслахад нийт иргэдээ уриалъя. Нэгнийхээ хүнд хэцүү үед нь тусалж дэмжин хамтдаа байж чадвал юуг ч даван туулж чадна. Манай шигшээ баг “Хамтын хүч-амжилт” гэдэг уриатай. Тэр утгаараа гамшигт нэрвэгдсэн ард түмэндээ тусалж байгаа юм” гэлээ.

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн бүрэлдэхүүн 2006 онд Богд ууланд гарахад түймрийн голомтод очиж бүтэн өдрийн турш түймрийг унтраалцаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын өдрүүд-2015” Улаан-Үдэд нээгдэнэ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-наас 25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой.

Монголын кино өдрүүд, Урлагын тоглолт, Үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн 3 хэсэгт үйл ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч ноос ноолуур, арьс шир, гар урлал болон алт, мөнгөн эдлэл урлалын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдааг хэвлэмэл каталоги зурагт самбар хийж түгээх, үзэсгэлэнгийн стэндэнд бараа бүтээгдэхүүнээ байршуулах замаар сурталчилна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч аюулгүй байдлыг хангах чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгөв.

Мөн нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан түймэрт өртөөд буй аймгийнханд туслахыг уриаллаа.

Төрийн тэргүүн гал түймэр унтрааж байгаа ОБЕГ-ын ажилтнууд, гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр орой түймэр гарч байгаа газруудад очин ажиллахаар Сүхбаатар аймгийг зорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Төлийн тоо 2.2 саяар нэмэгджээ

Төлийн тоо 2.2 саяар нэмэгджээ Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299.0 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190.0 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.3 хувийг эзэлж байна. Хорогдлын дотор өнгөрсөн цас, шуурганы улмаас Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгуудад нийт 113.9 мянган мал хорогдсон, зүүн аймагт гарсан түймрийн улмаас Сүхбаатар аймагт 20 гэр, 40 өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, 1599 толгой мал, 7 бүл зөгий шатсан байна. Улсын онцгой комиссын ажлын хэсэг зүүн 3 аймагт ажиллаж байна. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна.

Categories
мэдээ спорт

Буудлагын дэлхийн цомын тэмцээн өндөрлөв

БНСУ-ын Чанвон хотод болсон буудлагын Дэлхийн цомын өчигдөр явагдсан 25 метрийн гар бууны хурдан буудлагын эрэгтэйчүүдийн дасгалд нийт 41 буудагчаас

1. Францын буудагч, залуучуудын дэлхийн аварга Жеан Кюкуампок
2. Германы буудагч, дэлхийн дэд аварга Оливер Жейс
3. БНСУ-ын залуу буудагч Сон Жон Хо
Энэ дасгалд манай улсаас тамирчин буудаагүй.

Энэ дасгал уг нь олимпид ордог дасгал юм. Гэвч 1990 оноос хойш манай улсын тамирчин огт буудаагүй байгаа ажээ. Учир нь бууны сумны гачигдлаас болоод энэ дасгалд оролцох боломжгүй байдаг байна.

Дэлхийн цомын 4 дахь өдөр буюу энэ сарын 13-ны өдөр 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгал явагдлаа.

1. 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 83 буудагчаас
1. ОХУ-ын буудагч, дэлхийн цомын дэд аварга Любов Яскевич
2. БНХАУ-ын залуу буудагч Зиан Меншуе
3.БНСУ-ын залуу буудагч Квак Жун Хи
……13. МУГТ О.Гүндэгмаа 383 оноо
……21. ОХУМ Т.Баярцэцэг 381оноо
……75. ОУХМ Ц.Мөнхзул 368 оноо
2. 50 метрийн 3-н байдлаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас
1.Хорватын буудагч,олимп, дэлхийн медальт Пежчич Шнезана / финалын дэлхийн рекорд 463,0 /
2. Италын буудагч, дэлхийн аварга Петра Зубласинг
3.Германы буудагч,Европын аварга Селина Гшвандтнер
……21. ОУХМ Ч.Нарантуяа 576 оноо
……38. ОУХМ Г.Нандинзаяа 570 оноо
……62. ОУХМ О.Янжинлхам 563 оноо

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох буудлагын дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 11 тамирчин онч мэргэнээ сорьсон. Харин “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа олимпийн наадмын эрхээ авснаар манай улсын буудагчид нэг эрхтэйгээр тус тэмцээнийг өндөрлүүлж байна.