Categories
гадаад мэдээ

Калифорнид хийн хоолой дэлбэрсний улмаас 15 хүн бэртжээ

АНУ-ын Калифорни муж улсын Фресно хотын нэгэн дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид санаандгүй хийн хоолойг гэмтэсний улмаас 30 сантиметрийн диаметртэй хийн хоолой дэлбэрсэн байна.

Байгалийн хий шатаж, дамжуулах хоолойнд саатал гарсны улмаас тус 15 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан. Тэдгээрийн нэгийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хэвтүүлсэн ба одоогийн байдлаар биеийн байдал хүндхэн байна.

Энэхүү золгүй явдлаас үүдэн автомашины хөдөлгөөнийг түр зогсоосон ба галт тэрэгний хөдөлгөөнийг ч мөн зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим нутгаар цас орно

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох юм байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурах төвөлтэй байгаа тул малчид, ард иргэд 18, 21-ний өдрүүдэд хол замд гарахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг мэргэжилтнүүд санууллаа. Мөн гал түймрийн аюулаас болгоомжилж үнс, нурам, тамхины ишийг дутуу унтрааж хаяхгүй байх зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч анхааралтай байхыг сануулж байна.

Categories
мэдээ спорт

“Дуулиан 2020” тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах “Дуулиан 2020” ес дэх удаагийн тэмцээний аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш хоёр өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болнох учиртай.

Өнөөдрийн тэмцээн өглөө 09:00 цагт охидын 17 хүртэлх насны ангиллын “Хас Банк” ивээн тэтгэгчтэй “Амгалан цогцолбор” сургууль, “Миг Даатгал”-ын 92-р сургуулийн багийн тоглолтоор эхлээд байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 15 насны шигшээ баг хүндэт зочидтой нөхөрсөг тоглолт хийх аж.

Тэмцээн таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ. III дахь шатанд нийслэлийн 9 дүүргийн 184 багийн 1800 тамирчид шалгаран Аваргуудын Лигийн тоглолтын дүрмийн дагуу зочин, талбайн эзэн багийн дүрмээр тус бүр 2 тоглолт хийсэн юм байна.

Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр “Их талын Дуулиан” ТББ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцож буй багуудын ивээн тэтгэгчээр 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон байна

Categories
мэдээ нийгэм

ХХААЯ-ныхан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болжээ

Хүнс, хөдөө аж ахуйн яамны гамшгийн штаб өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон түүний харъяа байгууллагын нийт 305 ажилтан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болсон байна. Цасан шуурга болон түймэрт хамрагдсан аймаг, сумдад гарсан хохирлыг тооцон малын эм, эмнэлгийн хэрэгсэл болон худаг, хашаа, хорооны засвар, шинэчлэлд шаардлагатай байгаа хөрөнгийг тооцож Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд 4 дүгээр сарын 20-ны дотор танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Үүнээс гадна яамны дотоод нөөц боломжийг ашиглан малын эм, бэлдмэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг холбогдох сумдад яаралтай хүргүүлэх, зарим шаардлагатай зардлыг шийдвэрлүүлэх юм байна.

Мөн Булган, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад цасан шуурганы улмаас хорогдсон малын хохиролыг бууруулахтай холбогдсон тодорхой зардлыг тооцож, арга хэмжээ авах саналыг УОК, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Одоогийн байдлаар, хандив тусламжийн хүрээнд Атар-Өргөө, Талх чихэр, Мах-Импекс компаниуд нийтдээ 70,0 сая төгрөгийн хоол хүнсний материалыг түймэртэй байгаа сумдад хүргүүлж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сургууль 4 дүгээр улиралд ашиглалтанд орно

Сүхбаатар дүүргийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил эхэлж, шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон гүйцэтгэгч байгууллага, сургуулийн удирдлага, багш, сурагчид, төгсөгчдийн холбооны төлөөлөл оролцов.

НМХГ-аас 2010 онд тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоох тухай дүгнэлт гаргаж, 2013 оны 2 дугаар улиралд буулгаж эхэлсэн байдаг.
Өнөөдөр 30 гаруй багш, 600 гаруй сурагчид 31 дүгээр сургуулийн байранд хичээллэж байна.

Тус сургуулийн багш сурагчид олон улсын математик, хими, физикийн олимпиадаас 25 медаль авч, 82 орноос 61 дүгээрт орсон нь Монголын багийг түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтанд хүргэсэн юм.
Мөн Евро-Ази, Казакстан, Оросын холбооны Саха, Солонгос улсад болсон Олон улсын уламжлалт олимпиадуудаас 18 медаль, Улс, хот, дүүргийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг математик, хими, физик, мэдээлэл зүй, орос хэл, монгол хэл, газарзүй, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, зэрэг хичээлүүдийн олимпиадуудад эхний байруудад шалгаран нийт 50 гаруй цом, 2000 гаруй медаль авчээ.

Ийнхүү удаан хүлээсний эцэст нийслэлээс хөрөнгө оруулалт нь шийдэгдэж 11 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг Чойр хайрхан ХХК гүйцэтгэн энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр боллоо.

Categories
мэдээ спорт

“Гурван найз яасан байх нь уу” ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

“Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэх болох “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд “Эмоци” продакшны залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. “Гурван найз яасан байх нь уу ?” уран сайхны кино нь гурван дуутай. Уг киноны дуунуудыг дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтарч, мөн”Бид 4″, “Lumino” хамтлагууд тус тус дуулжээ. Гурван найзын адал явдал “Гурван найз яасан байх нь уу?” киногоор өндөрлөхгүй гэнэ. Тэдний адал явдлууд цааш үргэлжилсээр байх бөгөөд “Гадаадад яасан байх нь уу?”, “Баруун этгээдэд зорчсон нь” гэх мэтээр дараа дараачийн үйл явдлуудыг үзэгчдэдээ хүргэхээр зорьж байгаа.

Categories
мэдээ спорт

Юнайтед дөрвөн тоглогчоо бэртэлд алдлаа

Английн Манчестер Юнайтед клуб маргааш Челситэй Стэнфорд Бриджэд нь тоглох гэж байгаа. Тэд өмнөх тойрогт Манчестер Ситиг буулган авснаар гуравдугаар байраа баталгаажуулсан бөгөөд энэ удаад Челсиг хожвол хоёрдугаар байр руу ч дэвших боломжтой юм. Гэвч энэхүү чухал тоглолтын өмнө Юнайтед хамгаалалтын шугамандаа дөрвөн ч чухал тоглогчоо бэртэлд алдаад байна. Тодруулбал, Майкл Каррик, Филл Жонес, Маркус Рохо болон Далэй Блинд нар гэмтлийн улмаас уг тоглолтыг өнжих болсон талаар менежер Луй Ван Гаал мэдэгджээ. Харин Челсигийн хувьд довтлогч Диего Коста гуяны арын шөрмөсний бэртлийн улмаас уг тоглолтод оролцох боломжгүй болсон байна. Гэхдээ Жозе Моуриньо түүний оронд Лок Реми болон Эдин Азар нарын шилдгүүд байгаа гэдгийг онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Иракт хурдны төмөр зам тавина

Хурдны төмөр зам, онгоц угсралтаараа улсдаа тэргүүлэгч Францын Alstom компани Иракт өндөр хурдны төмөр зам тавих тохиролцоонд хүрчээ. Францын Тээврийн яамны орлогч сайд Тьерри Мариани Ле Бурже салонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар олон нийтэд мэдээлсэн байна. Хурдны галт тэрэгний замаар эхлээд Багдад Басра хотуудыг холбох аж.

Энэ замаар явах галт тэрэг цагт 220 км хурдлах боломжтой юм байна. Хоёр тал энэ гэрээг хийхийн тулд жилийн хугацаа зарцуулсан гэж байна. Гэхдээ санхүүгийн талаар тоо баримтууд одоогоор зарлагдаагүй байна.

Магадгүй, бараа солилцоогоор хийж байж ч болох юм. Тьерри Мариани энэ оны ес юм уу, аравдугаар сард гэрээг үзэглэхээр Багдадад хүрэлцэн очих юм байна. Alstom мөн газар дэгүүрх метро барьж өгөх санамж бичигт гарын үсэг зурсан. Ирээдүйд баригдах метро нь цагт 30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах өдөр

Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны энэ өдрийг дэлхий дахин хөшөө дурсгалыг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь эдүгээ 170 орчим хөшөө дурсгалтай аж. Жил ирэх тусам хөшөө дурсгалын тоо өсч ирсэн байна. Гэвч зарим нэг хүмүүсийн бусармаг үйлдлээс хөшөө дурсгал эвдэрч, сүйтгэгддэг. Жил тутамд хөшөө дурсгалыг сэргээн засварлахад зориулж 100 орчим сая төгрөг тусгадаг ч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй гээд асуудал ихтэй аж.

Тиймээс холбогдох газруудын зүгээс хөшөө дурсгал барихаас эхлүүлээд арчлах хүртэлх бүхий л зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэх тендер зарлажээ

Жолооны үнэмлэхийг ирэх долоодугаар сар хүртэл хэвлэх боломжгүй болж түр үнэмлэх олгохоор болжээ. Учир нь жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц дуусч байгаа учраас “Түр үнэмлэх” олгож эхлэхээр болсон аж. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад “Жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласан. Энэхүү доголдол нь хэдхэн хоног үргэлжлэх бус хамгийн ойрдоо ирэх долдугаар сараас үнэмлэх хэвлэж эхэлнэ. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэцийг хэвлэхэд багадаа л 60 хоног шаардлагатай” гэв.