Categories
мэдээ нийгэм

ХМК-Офицеруудын ордон” чиглэлд шөнийн тээвэр үйлчилнэ

Нийслэлийн тээврийн газраас энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 22:00 цагаас 00:01 цагийн хооронд шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилж байгаа билээ. Шөнийн цагаар нийт дөрвөн тээврийн хэрэгсэл төв замаар буюу “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд 1000 төгрөгөөр үйлчилж байна.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ спорт

1024 бөхийн барилдаанд улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

“Монголын бөхийн холбоо”-ны 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой болон залуу 1024 бөхийн барилдаан энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Барилдааныг нэг, хоёрын даваа 18-ны өдөр болж, 19-нд гурвын даваанаас үргэлжилсэн юм. Үзүүр түрүүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, Улаанбаатар хотын ОСНААУГ, ИЗИС-ийн бөх улсын залуу харцага Э.Оюунболд арав даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороо, Таван хан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ.

Зааланд анх удаа зохион байгуулагдсан 1024 бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийг цолоор нь ангилбал дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 5, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага 3, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 бүгд 1024 бөх зодоглолоо.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Соёмботой ууланд гал гарч, хөрсний өвс шатжээ

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж гал гарчээ. Галыг нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа гал унтраах 14 дүгээр анги цаг алдалгүй бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ойр орчмынх нь барилга, бусдын эд хөрөнгө галд өртөөгүй гэж мэдээллээ. Хаврын хуурайшил ихтэй үед гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа тул иргэдийг ил гаргах, хэрэв гал түлэх шаардлага гарсан бол бүрэн унтраахыг Онцгой байдлын албаныхан анхааруулж байна.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-аас орж ирсэн түймэр Улсын тусгай хамгаалалттай Онон, Балжийн сав газрыг хамарчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ассан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрлээ. Энэ түймрийн улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 90 хувь нь нэрвэгдэж, мал олноор шатсан юм. Манай “Өдрийн сонин”-ы сурвалжлагч М.Ууган-Эрдэнэ түймрийн голомт дээр очиж, сурвалжлага хийн, газар дээрээс нь шуурхай мэдээлж байсан билээ. Сурвалжлагч М.Ууган-Эрдэнэ томилолтоос ирж, түймрийн улмаас учир­сан хохирол, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тулгамдсан асууд­­лыг газар дээр нь хэрхэн шийд­вэрлэж байсан гээд гамшгийн голомт дээр нөхцөл байдал ямар байсан тухай дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн ”Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт нийтэлжбайна.

Түймэр гараад нэлээд олон хонож байгаа ч өдий болтол бүрэн унтрааж дийлэхгүй байгаа бөгөөд Түмэнцогт сумаас гадна, ОХУ-ын хилээс давж орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баян-Уул сумын улсын тусгай хамгаалалттай Онон, Балжийн сав газрыг хамарч газар нутаг, ан амьтан шатаж, өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал газар дээрээ үнэхээр хүндэрсэн байна. Энэ тухай “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншина уу.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

“Монголын өдрүүд” Улаан-Үүдэд болно

“Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой гэнэ.

Монголын кино өдрүүд, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн 3 хэсэгт үйл ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч ноос ноолуур, арьс шир, гар урлал болон алт, мөнгөн эдлэл урлалын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдааг хэвлэмэл каталоги зурагт самбар хийж түгээх, үзэсгэлэнгийн стэндэнд бараа бүтээгдэхүүнээ байршуулах замаар сурталчлах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн хэвлэл мэдээллийнхэн хуралджээ

Орхон аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж, ажлаа дүгнэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтаа шинэчилжээ. Нийт 80 гаруй албан ёсны гишүүнтэй, Монголын сэтгүүлзүйн томоохон салбар хуралдаанд 60 гаруй гишүүд нь ирж, идэвхтэй оролцсон байна. Хуралдааны эхэнд тус салбарын тэргүүн Б.Баттогтох ажлынхаа тайланг танилцуулсан аж. Түүний тайлан, мэдээллийн дараа асуулт, санал бодол үргэлжилж бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх, шинэ тэргүүн, дэд тэргүүнээ сонгох асуудалд хурлын дэгийн дагуу шилжжээ. Орхон аймгийн МСНЭ-ийн салбарын тэргүүнд “Залуу уран бүтээлчдийн холбоо”-ны тэргүүн Б.Галбаатар, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн мэдээллийн албаны дэд дарга Ж.Оюун нар нэр дэвшиж олонхийн саналаар Ж.Оюун сонгогджээ.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт мэргэжлийн бокст хоёр дахь ялалтаа байгууллаа

Арван долоохон насандаа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГТ, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо мэргэжлийн дэвжээнээ хоёр дахь тулаанаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийлээ. Өрсөлдөгч тамирчин нь 26 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 14 удаа тулаан хийхдээ хоёр удаа нокаутаар ялж, 12 удаа нокаутаар ялагдсан “El Terco” буюу “Зөрүүд” хочтой тамирчин юм. “Stub hub” хэмээх задгай цэнгэлдэхэд болсон энэ удаагийн тулаан ердөө 1 минут 24 секунд vргэлжилж, Н.Тегсцогт нокаутаар өрсөлдөгчөө ялжээ. Мэргэжлийн бокст хоёр дахь ялалтаа ийнхүү байгууллаа. “King Tug” хэмээх мэргэжлийн боксчдын имиж нь болдог Н.Төгсцогт маань ийнхүү эхний хоёр тулаанаа хоёуланг нь нокаутаар эхний раундад ялаад байна.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Нигерид үл мэдэгдэх халдвар тархаж 18 хүн нас баржээ

Баруун Африкийн Нигери улсад нүд бүрэлзэх, толгой өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг нэгэн нууцлаг өвчин гарсан гэнэ. Уг өвчний халдвар авсан хүн 24 цагийн дотор амиа алдаж байгаа бөгөөд одоогоор 18 хүн нас барсан аж. Өвчний тархалт Нигерийн Ондо мужийн Оде-Иреле хотоос эхэлсэн бөгөөд тун хурдацтай тархаж байгааг албаныхан мэдэгдсэн байна. Өвчний оношийг тогтоохоор ДЭМБ-ын мэргэжилтнүүд халдварын голомтод очсон гэнэ. Төв мэдрэлийн системийг гэмтээж байгаа энэ халдварын талаарх лабораторийн шинжилгээгээр эбола болон өөр ямар нэгэн вирусийн гаралтай өвчин биш гэдгийг тогтоосон бололтой. Дөрөвдүгээр сарын 13-15-ны орчмоос энэ өвчний шинж тэмдэг мэдэгдэж эхэлсэн аж.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д жагсагчид, цагдаа нарын дунд мөргөлдөөн болжээ

Одоогоос нэг жилийн өмнө БНСУ-д “Sewol” гатлага онгоц осолдож, олон хүн амь үрэгдэж байв. Амь үрэгдсэн 300 агруй хүний 250 нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол өнгөрсөн өдрүүдэд болж, тэр үеэр хэргийг шалгах ажилд анхаарах хэрэгтэйг иргэдийн зүгээс гаргаж байсан юм. Осолтой холбогдуулан өчигдөр Сөүл хотод Ерөнхийлөгчийн ордон руу чиглэсэн эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсаалд оролцсон арван мянга гаруй хүн онгоцны ослын хэрэг дээр хараат бус мөрдлөг явуулахыг шаарджээ. Гэвч тэдний энэхүү жагсаал цагдаа нарын хүчтэй мөргөлдсөний улмаас нэлээд хэдэн хүн бэртэл гэмтэл авч, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн дунд хохирогчдын ар гэрийнхнээс 90 орчим хүн байгаа гэж цагдаа нар мэдээлсэн байна.


Цагдаа нар Ерөнхийлөгчийн ордныг чиглэсэн жагсагчдыг зогсоохын тулд автобусаар хаалт хийн, даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хий цацжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаан байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах юм байна. Дөрөвдүгээр сарын 20-24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөвөөр:

21-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-22-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.