Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гоёор дүүрэн айл

О.Туяа гэртээ хүүхдээ хардаг жирийн л нэг эзэгтэй. Дөнгөж ой гарч яваа охиноо харах зуураа 300 гаруй хүүхдийг мэндлэх хүндлэх, хүн байх ёсонд сургачихсан, цаашдаа ч хүүхдэд анхаарсан ажлаа өргөжүүлэх сонир­­холтой нийгмийн идэвх­тэй ээж. Хоёр хүү, нэг охинтой энэ айлын эзнийг Б.Бүрэнээ гэдэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Монголдоо Шашны дээд сургууль дүүргэсэн, шашны чигийн хүн. Эднийх “Соёлоор гийгүүлэхүй” гэдэг төрийн бус байгууллага ажиллуулдаг. Олсон хэдээ ном, соёлын ажилд зарцуулдаг гэж ойр дотнынхондоо хүндлэгдсэн Б.Бүрэнээгийнд өнжсөн юм. Амралтын өдрийн өглөө “Могул таун”-ыг зорилоо. Гэрийн эзэгтэй хаалгаа тайлж өгөв үү үгүй юу л цаад өрөөнөөс хоёр хүү нь гарч ирж мэндэлцгээв. Зочны өрөөнөөс том, жижиг модон шоголтой хуучны судрууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Эзэгтэйн аавын урласан майга хөлтэй модон ширээ, сувинер голдуу өрсөн ханын шүүгээ, буйдантай энэ өрөөнд яриа хөөрөө эхлэв.

Гэрийн эзэн Б.Бүрэнээ удахгүй гарах ажилтай гэнэ. “Та нарыг ирэхээр уулзчихаад гарах санаатай сууж байлаа” гэсээр яриагаа эхлэв. Ер нь их дуу цөөтэй хүн юм. Аавын ажил өглөө хүүхдүүдээ хүргэж өгөхөөс эхэлдэг гэнэ. Хөвгүүдийг нь Билэгт-Очир, Сүлд-Очир гэдэг юм байна. Хоёр, тавдугаар ангийн сурагчид. Саяхан Япон руу Далай багшийн номлолд суугаад ирэхдээ хоёр хүүгийнхээ захисан “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киноны цувралтай холбоотой зүйлсийг л авчирчээ. Эднийх эзэгтэйн бодлогоор интернэтгүй аж төрдөг юм байна. О.Туяа “Манай хүн Японд хэд хонохдоо хөвгүүдээ санаад жигтэйхэн юм болсон. Огт уурладаггүй хүн чинь хүүхдүүд рүүгээ холбоо барьсангүй гэж бухимдаад. Интернэт тавиулаагүй гэж ирээд хааяа дургүйцдэг л юм. Wi Fi-тай байх сайн биш гэсэн үзэлдээ үнэнч байгаа. Интернэтээр ямар ч шүүлтүүргүй мэдээлэл их цацагддаг. Манайх DDISH-тэй. Бороо орохоор тасарчихдагийг эс тооцвол болоод л байдаг юм” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. О.Туяа нөхрөө “та” гэж хүндлэн дуудах юм. Гэрийн эзэгтэй биднийг ногоон цай, жимс, салатаар дайлангаа “Манай хүн чинь гаднаа хүүхдүүдээ хайртай энэ тэр гэж эвийлээд сүйд болохгүй. Хайраа үйлдлээрээ үзүүлдэг. Сая гэхэд л аавынх нь авчирсан бэлэг манай хоёрт их таалагдсан. Хорвоо дээрх хамгийн сайн хүн, аврагч, хамгаалагч, түшиг гэдгийг л хүүхдүүддээ ойлгуулсан хүн дээ. Манай хэд чинь аавдаа амь. Бага охин хүртэл ааваа л гэнэ. Ээж гэдэг үг байхгүй шүү. Өдөржин харж байхад гээд хааяа аавд нь “гомдоллодог” юм” гэж ханиа магтаад авав.

Гэрийн эзэгтэй юм асуухаар ганц, хоёр үгээр хариулаад дуугүй суух нөхрөөсөө санаа зовсон уу “Манай хүн чинь дуу цөөнтэй. Ямар сайндаа Баасаа бид хоёр Бүрэнээ шиг болохын тулд бясалгал хэрэггүй гэдэг юм” гээд томоо чемодан авчирч дэлгэлээ. Баасаа гэдэг нь “Хайрлаарай” дуугаараа цахим ертөнцөд танигдсан Эрдэнэ зуугийн хамба Х.Баасансүрэн лам. Гэрийн эзэнтэй шашны сургуулийн нэг анги гэнэ. Бүрэнээ, Туяа хоёрын дотнын найз юм байна. Эзэгтэйн чемоданаар дүүрэн бичиг цаас. Зүрхэн хэлбэртэй цаасан дээр “Туяа эгчдээ” гэж ирээд эхэлсэн сэтгэгдлүүд өчнөөн харагдав. “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” гэсэн жижигхэн ном ч нэлээд байна. Биднийг О.Туяагийн хэрэгжүүлж байгаа хүүхдийн хөтөлбөрийн талаар яриа дэлгэх үеэр гэрийн эзэн ажилдаа яарсаар гарч одсон юм. О.Туяа нөхрөө гарсны дараа “Манай хүнд хагас сайнд амарна гэсэн ойлголт бараг байхгүй шүү. Ер нь гэрт сууж амарна гэсэн ойлголт бидний насны хүмүүст байхгүй л бол зүгээр юм шиг санагддаг. Би гэр бүлийнхээ хүнийг амралтын өдрөөр заавал хамт бай гэдэггүй. Эр нь эрийнхээ, эм нь эмийнхээ ажлыг хийчихэд л айл гэр өөдлөөд ирнэ гэж боддог” гэв.

Туяа эхлүүлсэн ажлынхаа талаар “Миний хоёр хүү таксинд суусан ч, хаана ч явсан хүнтэй мэндэлдэг юм. Нэг удаа манайд орж ирсэн хүн хөвгүүдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ, мэнд мэдээд сүрхий юм гэхээр нь эхлээд гайхсан л даа. Гэтэл олонх хүүхэд мэндэлж сураагүй байдаг юм билээ. Тэгээд л уншиж судалснаа бодож “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрөө боловсруулсан юм. Би өмнө нь Багануурын уурхайд удирдах ажил хийж байхдаа ажилтны сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чигийн арга хэмжээ их зохиодог байлаа. Тэр үед нэгэнт тогтчихсон араншин, үзлийг өөрчлөхөд бэрх юм гэдгийг мэдэрсэн. Одооны эцэг, эхчүүд завгүй гэсэн үгээр хүүхдэдээ анхаарахаа больчихож. Монголын ирээ­дүйг хүмүүжүүлж байгаа хүн алга болсонд харамсдаг. Миний хүүхдүүд гэр бүлийн тогтсон соёлоороо хүнтэй мэндэлдэг, хэн нэгэнд тусалж сурсан байж болно. Гэтэл миний хүүхдүүдийн амьдрах тав, арван жилийн дараах ирээдүй тийм биш харагдаж байна. Би хөвгүүддээ хүнээс юмаа харамлаж болохгүй гэж сургадаг. Тэгэхээр, ма­най ангийнхан юмаа харам­ладаг шүү дээ ээжээ, би ч гэсэн өгмөөргүй байна гэсэн хариу хэлж байгаа юм. Хүү­­гийнхээ ангитай ажил­ласан. Нийслэлээс гадна хөдөөний хүүхдүүдтэй ажил­лалаа. Хотынхныг бодвол ёс суртахуун нь унаагүй байд­гаараа хөдөөний хүүхдүүд өөр л дөө. Тэр утгаараа ёс зүйн зөв дадал олгох хөтөлбөрт хамруулахад илүү хялбар байна” гэж ярилаа.

Туяа хөтөлбөрөө 5-8 дугаар ангийн хүүхдүүдэд сарын хугацаатай хэрэгжүүлжээ. Сургуулиудаас нэг, хоёр анги сонгож аваад хэрэгжүүлдэг юм байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор сургуулийн 5-9 дүгээр ангийн бүх сурагчид хөтөлбөрт хамрагдаж эхэл­жээ. Удахгүй Өвөрхангай аймаг даяар хэрэгжүүлэх бо­долтой байгаа гэнэ. Хөтөл­­­бөр нь их энгийн юм. Жижигхэн ном, хүснэгттэй самбар, самбар дээр наах смайл гээд л болоо. “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх есөн дадал” гэсэн гарчигтай самбар хэвлүүлчихэж. Зөв хувцаслалт, зөв үнэлгээ, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх-хүндлэх-талархах-уучлах, ширүүн үг хэлэхгүй-худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн есөн дадлыг жагсаажээ. Даваагаас ням хүртэл дадал бүр дээр ямар амжилт гаргас­наа хүүхэд өөрөө дүгнэх гэнэ. “Би чадсан”, “би хичээсэн”, “оролдсон” гэсэн бичигтэй смайлуудыг нааж дүгнэдэг юм байна. Хамгийн сүүлийн хүснэгтэд нь аав, ээж нь үнэлгээ өгнө. Мөн л гэрлэн дохионы гурван өнгийн смайл наана. “Сайн хүүхэд”, “хичээгээрэй”, “амжилт” гэсэн бичигтэй. Ном, самбар, смайл хэвлүүлэх зардлыг өөрсдөө гаргадаг юм байна. Зөв хооллолтыг хүртэл хөтөлбөртөө оруулж өгсөн нь сонирхол татав. Гэр хорооллын хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах үеэр бэлэн гоймон их иддэг нь анзаарагджээ. Хор хохирлыг нь тайлбарлаад өгөхөөр тусгаж авахдаа сайн байдаг аж. Хөтөлбөрт хамрагдсан зарим сургуулиуд бүр хоолныхоо газар өнгөтэй ундаа гэх мэт буруу хүнс зарахаа больжээ. Дэлхий даяар ёс суртахуунд анхаарч эхэлсэн гэнэ. Тогтсон араншинтай том хүнтэй харилц­санаас хүүхдээр нь дамжуулж ёс суртахуунд нь нөлөөлөх хандлага цэнхэр гаригт давамгайлж байгаа аж. О.Туяа “Хүүхдүүдтэй ажиллах ямар аз жаргалтай, гэгээлэг байдаг гэж санана. Хүүхэд юмыг их гоёор, тодорхой төсөөлөл багатайгаар хүлээж авдаг. Том хүн бол өөр. Нэг зүйл ярихаар өөрийнхөө үзлээр төсөөлж хүлээж аваад байдаг. Бодол нь зөв хүүхдийн үг яриа, үйлдэл нь зөв байна. Үг яриа, үйлдэл нь зөв бол амьдралын хэвшил нь зөв болно гэж үздэг. Манай хөтөлбөрийн зорилго ерөөсөө энэ. Хөтөлбөртөө аав, ээжүүдийг оролцогч болгодог. Монголчууд аав минь тэгж сургасан гэж ярьдаг болохоос хэн нэг мэргэн хүний үгээр хүн болсон гэдэггүй улс” хэмээн ярилаа. Богдыг хаанаар залсан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээБогд хааны ордон музейд авчирч илтгэл тавиулжээ. Хүүхдүүдийг сонссон хүмүүс нь Д.Чойжамц хамба, Ардын жүжигчин Н.Сувд, нийтлэлч Б.Цэнддоо зэрэг мундагчуул байж. Хүүх­дүүд ч тэдэнтэй зургаа татуулаад сүйд болсон гэнэ. Туяа хүүхдүүдийн талархлын үгтэй зурвасуудыг харж сууснаа“Магадгүй аль нэг улстөрчийг аваачсан бол хичнээн сайн хүн байсан ч хүүхдүүд сайнаар хүлээж авахгүй. Аав, ээж нь орой бүр зурагтаар харж муулаад байгаа хүнийг хүүхэд шууд тэр утгаар нь л хүлээж байна. Томчууд хүүхдүүдийнхээ загвар болгож үлгэрлэн дуурайх баатруудыг хүртэл нийгмээс устгаад байна л даа. Бидний үед том хүн бүр мундаг, зурагтаар гарч байгаа хүн болгон од байсан. Гэтэл бид одоо хүүхдүүдийнхээ сайхан төсөөлөл, эрүүл сэтгэлгээг өөрсдөө устгаад байгаа нь харамсалтай” гэж ярилаа. Сонирхуулж хэлэхэд энэ хөтөлбөрийг зөвлөж хянасан хүн нь Д.Чойжамц хамба юм байна. Буддын шашны сургаал, номлол дээр үндэслэж хийгдсэнээрээ онцлог хөтөлбөр гэж О.Туяа ярьж байв.

Гэрийн эзэгтэй “Буддын шашин бол Монголын соёлд суучихсан. Шашин гэхээс илүү шинжлэх ухаанд асар ойрхон гэдгийг нь дэлхий дахин хүлээн зөв­шөөрдөг. Холливудын дийлэнх ододбуддын шашныг сонгож байна. Дэлхийн оюун ухааны том хурлуудад Далай багшийг уриад байхад шашин соёлоос суралцахгүйгээр, буддын шашин соёл дээр суурилахгүйгээр ёс суртахуун ярина гэдэг утгагүй. Хүүх­дийнхээ хөтөлбөрт түлхүү анхаарна гэж бодож байна. Хүүхдээр дамжуулж л энэ нийгмийг өөрчлөх боломжтойг олж харсан. Би нийгмийг шүүмжлэхийг хүсэхгүй. Өөрчлөхсөн л гэж хүсдэг. Хүнийг хүн болгоно гэдэг хамгийн том ажил юм билээ. Түүнээс биш улсаас төчнөөн төгрөг авч, өчнөөн тэмдэг зүүсэн гэдгээр үнэлэгдэхгүй байх. Үр хүүхэд нь ямар байна, эцэг эхээ хэр ачилж байна гэдгээс л хүн болсны гавьяа үнэлэгдэх юм байна гэж боддог” хэмээн яриа дэлгэлээ. Зөв хүүхдийн хөтөлбөрийн талаар бараг хоёр, гурван цагийн яриа өрнүүлэв.

Гэрийн эзний аав, ээж Төв аймгийнх бол эзэгтэйн аав нь Хөвсгөлийнх, ээж нь Сүхбаатарынх юм байна. Эдний гэрт байх уран хийцтэй гүнгэрваанууд аавынх нь бүтээл юм байна.

Зочдын өрөөний хойморт байрлах модон шоголтой хуучны судрууд сонирхол татаад суулгасангүй. Эзэг­тэйгээс номын хэсгээс сонир­хуулахыг хүсэхэд томоо гэгчийн зургийн цомог сонирхуулав. Хуучны ном, судрынхаа зургийг авч тайлбар хийгээд хадгалчихаж. Зочны өрөөний нэг талын хананд том, жижиг модон шоголуудыг давхарлан өрсөн нь содон харагдана. Модон шоголд хадгалсан номын чанар мууддаггүй гэнэ. Өндөр гэгээний соёмбо үсгээр бүтээсэн Жанлав Цогзол номыг гүнгэрваанд залжээ. Занабазарын дүрийг голд нь бүтээсэн мөнгөн суурь бүхий энэ судрыг орчин цагт бүтээжээ. Эднийд 400 жилийн настай Энх амгалангийн Жадамба судар ч байна. Тусгайлж боловсруулсан муутуу цаасан дээр есөн эрдэнийн нухмалаар бүтээдэг хар ном ч байгаа аж. Гэрийн эзний бүтээлгэсэн судрууд ч номын хэсэгт хэд хэд харагдав. Гэрийн эзэгтэй “Ном бүтээлгэнэ, хуучны ном судрыг эрхэмлэн хадгална гэдэг сэтгэлийн их таашаал өгдөг. Ном гэдэг нэг талаасаа соёлын бүтээл, нөгөө талаас тусгаар тогтнолын бэлгэдэл. Алт, мөнгөөр ном бүтээлгээд эхлэхээр шуналаас ангид болчихдог. Гоё алтан ээмэг аваад зүүчихье гэсэн бодол надад байдаггүй. Надад, гэр бүлд минь биш Монголд үлдэхүнэ цэнтэй зүйл хийлээ гэсэн бодлоосоо урам авч амьдардаг” гэж бодлоо хуваалцлаа.

Зочны өрөөний ханаа бурхан багш, Далай ламын хөргөөр гоёжээ. СУИС-ийн төгсөх ангийн оюутнаар тугалын арьсыг хөөмөлдөж бүтээлгэсэн гэнэ. Ханын шүүгээнд өрсөн сувинеруудээс шармал савтай тамга, жижиг цагаан хөөргийг нандигнадаг аж. Шармал савтай тамга нь Богд хааны тамганы хуулбар юм байна. Жинхэнээсээ ялгарах юм алга. СУИС-ийн оюутны энэ бүтээл Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр эднийд иржээ. Гэрийн эзэгтэй“Буддын шашинд шүтэн барилдлага гэж бий. Би мундагтаа амьдралыг бүтээгээгүй. Орчлон дээр дан ганц бусдаас хамаарахгүйгээр оршин тогтнодог юм гэж огтоос байхгүй гэсэн хандлага л даа. Энэ тамгыг би шүтэн барилдлага талаас хараад байдаг юм. Богд хааны талаар зөв мэдээллийг ний­гэмд хүргэхсэн гэсэн бидний хүслийн үр байх гэж бэлгэшээдэг” гэж ярилаа. Бүрэнээгийн гэр бүл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн үнэ цэнийг таниулах ажилд бүр эхнээс нь гар бие оролцож иржээ. Тусгаар тогтнолын өдрөөр гардаг ном судрын үзэсгэлэнд гэртээ байгаа судруудаа шогол, гүнгэрваатай нь аваад очдог гэнэ. О.Туяа “Богдыг миний үеийнхэн киноноос өвчинд баригдсан учраа мэдэхгүй сохор түвд гэдгээр хардаг байсан. Гэтэл энэ хүн өнөөгийн бидний эдлээд байгаа эрх чөлөөг хамгаалж бий болгоход том оролцоотой байсан. Үнэхээр бахархмаар. Тэр ч утгаараа 12 дугаар сарын 29-ний өдрийн үнэ цэнийг олонд ойлгож мэдрүүлэхийг хичээдэг” гэж ярилаа.

Туяа “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтарч “Энх тунх Эрдэнэ зуу” гэсэн гэрэл зургийн ном хийжээ. Тэр үеэр Х.Баасансүрэн хуучин жижиг цагаан хөөрөг бэлэглэсэн аж. Эрдэнэзуу хийдийг том хүрээ байхаас нь эхлээд устах үеийнх нь түүхийг харуулсан сонирхолтой ном юм. “Манай Баасаагийн дуулсан “Хайрлаарай” дууг youtube-ээр өчнөөн зуун хүн үзсэн байна лээ. Хүний үнэн бодит нүүр гэдэг тэр л дээ. Бүгдийг энэрсэн, нинж агуулсан дүр төрх маань мартагдсан учраас тийм олон хүн үзсэн хэрэг.Цаад ухамсраас нь өдөөгөөд байсан учраас л тэр дууг тийм олон хүн сонссон байх. Манай Баасаа чинь мэдрэмжин дээр тулгуурласан бясалгал их заана” гэж найзынхаа тухай жаал ярив. Эрдэнэзуугийн хамба лам долдугаар сарын дунд хүртэл бясалгахаар ууланд гарчээ.

Номын өрөөгөөр нь орлоо. Өрөөний үүд хавьцаа торгоор урласан солонгос эмэгтэйн томоо гэгчийн хөрөг байна. Бурханч лам Пүрэвбат охинд нь бэлэглэжээ. Хойд солонгосчуудын урла­сан бү­тээл аж. Эдний гэр бүл Пүрэвбаттай ойр харил­цаатай байдаг гэнэ. Ирэх намраас том хүүгээ Аглагийн хийдэд сургахаар шийджээ. Бурханч лам арав гаруй хүүхдийг соёлын өвийн чигээр бэлдэхээр болж. Бүрэнээгийнх том хүүгээ соёлын өвийг хамгаалах, үнэлэх, цэгнэх чигийн хүн болгохоор шийджээ.

Номын өрөөний хоёр ханаар нь битүү ном. Орчин цагт бүтээсэн Сандуйн жүдийн хураангуй нүд унамаар бүтээл ажээ. Жинхэнэ хөөмөл гэнэ. Бурхан багшийн хийц нь гайхалтай гэж эзэгтэй сонирхуулав. Бурхан багшийн гарт байх бадар аяганы шигтгээ гэхэд л болор юм байна. 55 кг алт, мөнгөөр бүтээсэн, Сандуйн жүд дэлгэм­лээрээ Төв номын санд бийг уншигчид андахгүй байх. Шашин, түүхийн номууд голдуу номынх нь санд Бүрэнээ, Туяа хоёрын бүтээсэн бурханы шашны сургааль үлгэрүүд бүхий хэд хэдэн CD харагдав.

Зочдын өрөөнд эхлүүлсэн “Энх тунх Эрдэнэ зуу” номын тухай яриа энд ч өрнөлөө. Эзэгтэй Эрдэнэзуугийн сүйрсэн үеийг ярих бүрдээ “Харамсалтай” гэж толгой сэгсэрнэ. “Бид үзээгүй л болохоос аймшигтай цаг үеийг туулсан. Асар их соёлын өв устгагдсан. Нэг хүний номыггэхэд хэд хоног самарч шатаасан гэдэг”,“Хүрээ цам дээр ирсэн гангацуулын хувцсыг хар даа. Гайхалтай байгаа биз. Харанхуй бүдүүлэг, ядарсан зүдэрснээ гайхаад байдаг. Ганц хоёр зураг харвал тийм биш гэдэг нь харагдахаар байгаа биз”, “Америкийн дэд ерөнхийлөгч ирээд “Танайх уламжлалт шашин соёлтой газар. Хийд орноор чинь очъё гэсэн юм билээ. Яг тэр үед Улаанбаатараас Эрдэнэзууг нураалгахаар танкийн цуваа хөдөлгөх гэж байсан гэдэг. Тэгээд зогсоож байсан юм билээ” гэх зэргээр Эрдэнэ зуугийн түүхийн номноос үүдсэн яриа хөөрөө хэсэг хугацаанд өрнөлөө.

Хүүхдүүдийнх нь өрөөгөөр орлоо. Хоёр хүү нь хичээлээ хийж дууссан бололтой, гадаа гарч тоглохоор бэлдэж байв. Хоёр ахыгаа хувцсаа өмсөхийг харсан Номундара охин дагаад сүйд. Чанга дуугаар уйлж гарав. Охин ах нарыг нь дагуулж гаргаагүй ээждээ хэсэг туниад чихрийн таваг зэрэг өөр зүйлсэд сатаарч эхэллээ. Бидний яриа мөн л хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэн сэдвээр үргэлжлэв. Сүүлийн үед Америкт хүүхдийн бясалгал их түгж байгаа гэнэ. Бясалгалаар хүүхдүүдээ хичээллүүлсэн нэг сургуулийн амжилт илт гойд байсныг судалгаагаар баталчихаж. Тэр сургууль хүүхдүүддээ хичээл эхлэхээс цагийн өмнө бясалгал болон тайвшралын цаг гаргадаг байж. О.Туяа “Амьсгалын дасгал бясалгалын анхны шат л даа. Хүн хэдэн мянган бодлоо ажиглаж чаддаггүй. Бясалгал гэдэг бодлоо ажиглаж хянаж ухамсартай болох л процесс” гэж сонирхуулав. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа хүүхдүүдээр амьсгалын дасгал хийлгэхэдүр дүнгээ өгсөн гэнэ. Зарим хүүхэд бүр “Унтаж амарсан юм шиг сайхан боллоо” гэсэн сэтгэгдэл хэлжээ. Сайн үйлс хийдэг фэйс группын нэг охин саяхан холбогджээ. Захын хорооллын хүүхдүүдэд хөтөлбөрийг нь хэрэгжүүлье гэсэн санал тавьсан гэнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээрээ яамнаас ч юм уу, төрийн байгууллагаас дэмжлэг хүссэн эсэхийг лавлахад О.Туяа “Албатай юм шиг дэмжлэг гэж байхаарчадах хэрээрээ жаахан ч гэсэн өөрчлөлт гаргаж бололцоогоороо зүтгэвэл аяндаа болж бүтнэ дээ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Эдний хүүхдүүд өдөрт нэг л цаг зурагт үзэх нормтой. Зургаан цагаас 25 дугаар телевизээр гардаг “Doraemon” гэдэг хүүхэлдэйн киног гэр бүлээрээ сууж байгаад үздэг гэнэ. Гэрийн эзэгтэй хөвгүүдийнхээ дуртай киног “Хүмүүжилд нь хэрэгтэй” гэж оношилжээ. Хөвгүүдийн гар утсан дээрээ татсан тоглоомоор тоглох хугацаа нь ч цагтай аж. Хоёр хүү нь 15-20 минут тоглох эрхтэй. Хагас сайн өдөр жаахан эрх чөлөөтэй байдаг гэж ээж нь тайлбарласан. Бүтэн сайн өдөр хичээлийн бэлтгэл энэ тэр гээд хөвгүүдийн эрх чөлөө “хумигддаг” гэнэ.

Гэр бүлийн үнэ цэнийн тухай урт ярианаас “Нөхрөөсөө юм нэхэж, тэгэх ингэх ёстой гэсэн яриа сонсохоор хэлэх үг олддоггүй. Аль аль талдаа тодорхой хэмжээгээр бие даасан байх хэрэгтэй. Хэн хэндээ ачаалал өгөхгүй бол амьдрал амархан болчихдог юм билээ. Сонирхол нэгтэй бол их гоё. Бид хоёрын сонирхол нэг. Бие биенийхээ ажлыг байнга дэмжиж ойлгоно. Би хүүхдүүдийнхээ талхны мөнгөнөөс авч хөтөлбөрөө санхүүжүүлье гэхэд манай хүн ойлгохгүй бол хэцүү”, “Эр хүн яг л хүүхэд шиг. Та гээд хүндэтгээд байвалцог золбоо хийморьтой явна. Эр арслан ангаа олж, эм арслан хуваадаг байгалийн хууль бий. Байгалийн хуулиа сөрөөд, эмэгтэйчүүд хэт бие даасан байдлаа тодотгоод эхлэхээройлголцоходхэцүү болдог шиг санагддаг”, “Манай хүн шашны хүн. Би уул уурхайн инженер. Яг энэ соёлыг ойлгоод ийм зүйл хийнэ гэдэг манай хүний нөлөөлөл л дөө. Соёлыг зүрх сэтгэлээрээ ойлгож судлах болсон хамгийн том нөлөөлөл миний ханийнх”, “Миний хань хүнд туслах чин хүсэлтэй. Хүнийг их сайхан хүндэлнэ тэр утгаараа хүнээс хүндлэл хүлээдэг. Хүний эвийг олохдоо их сайн” зэрэг сэтгэлд үлдэхээр үгс олон байлаа.

Туяатай өдөржин ярьж өнжихөд “Гоё” гэдэг үгийг олон сонслоо. Хүүхдүүдийг мэндлэх хүндлэхэд сургах ажлыг хувиасаа мөнгө гаргаж эхлүүлсэндээ, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаадаа, олсон хэдийнхээ ихэнхээр ном бүтээлгэдэгээ “гоё” гэх юм. Биднийг үдэхдээ ч“ Би гоё гэж хэлэх их дуртай. Ер нь манайх гоёор дүүрэн айл шүү. Өгч, тусалж, ном бүтээж амьдарна гэдэг үгээр зүйрлэх аргагүй гоё мэдрэмж өгдөг” гэж хөгжилтэй инээнэ лээ.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ томилолт

Хорь гаруй хоног уугисан бууцнаас гал дэгдэж, Түмэнцогтыг түймэрджээ

Зүүн гурван аймгийг хамарсан түймэр олон га газрыг сүйтгэж гамшгийн хэмжээнд хүрсэн тул манай сурвалжлах баг Сүхбаатар аймгийг зорьсон юм. Бидний зорьж очсон эхний газар бол тус аймгийн Түмэнцогт сум юм. Энэ суманд гарсан түймэр цурманд орсон ч цаг агаар, салхины хурдаас болж дахин дэгдэж, сумын ойр орчмыг хар үнсэн тал болтол хуйхалсан гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас авсан юм. Энэ хэмжээний мэдээлэлтэй Улаанбаатар хотоос энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригт Түмэнцогт сум руу хөдөллөө. Тус суманд пүрэв гаригийн өглөөний 06.00 цагийн үед дөхөж ирэв. Хамт явсан хүмүүс “Түмэнцогтын нутаг дэвсгэр рүү ороод ирлээ. Сумын төв харагдахгүй байх чинь арай түймэрт өртчихөөгүй байгаа даа” хэмээж байв. Тэр хавь нэлдээ утаа тортог, машины цонхоор хоолой гашуу оргим агаар утааны гашуун үнэр тээн орж ирж хоолой хорсгож байв. Тэр их хуйхлагдсан талаас сумын төвийг олж харна гэдэг амаргүй аж. Автомашины шороон замаас өөр зурайж харагдах зүйл ойр хавьд байсангүй. Уул толгод тэр аяараа хар үнс болжээ. Бид удтал хараа бэлчээж хоёр км явсны эцэст сумын төвийг олж харлаа. Төвийн хоёр хажуу талаар ногоон өвс зурайж голд нь сумын төв утаан дундүл ялиг сүүмийж харагдав. Үүнийг харсан бид “Сумын төв тэр харагдаж байна”. “Арай ч нурам болчихоогүй байна”. “Түймрийг сумын төв рүү оруулахгүй байх арга хэмжээ авч чаджээ” гэх мэтээр ам амандаа шаагилдлаа. Сумын төвд ирэхэд тэндхийн иргэд гартаа тороосон шүүр барьж, зарим нь гал унтраадаг цохиур барьжээ. Тааралдсан хүмүүс туйлдаж ядарсан нь илт бөөвийсөн хар юмнууд л харагдах аж. Тэдний царай, хувцас нэлэнхүйдээ хар болжээ. Сумын төв утаатай байсан тул үзэгдэх орчин 100 метрийн орчинд л хараг­дахаар байлаа. Биднийг сумын Засаг дарга угтаж авав. Тэрбээр сумаас 10 гаруй км-ийн зайд нутагладаг хоёр малчны гэрийн шатсан буурин дээр дагуулж очсон юм. Малчин Х.Эрдэнэхүү, Д.Мөнхбат нар “Шургуугийн уулын” бэл гэдэг газар нутаг­лаж байжээ. Тэдний хотонд түймэр энэ сарын 15-ны өдөр дэгдэж, хоттой хонь нь гэр оронтой нь шатсан аж. Иймд тэд гэр бүлийнхнээ төвд амьдардаг хамаатныдаа авчирсан байна. Тэд бидэнтэй хамт шатсан буурин дээрээ очсон юм. Хаваржаандаа буугаад тэд удаагүй байсанаж. Үнс нурманд дарагдсан гэрийн хоёр буурин дээр нь төмөр бетон, гурилын сав, зуух, данх, тогооноос өөр зүйл огт алга. 200-аад толгой хонь ямаа нь хашаа хороотойгоо тэр чигтээ нурам болжээ. Дээр дээрээсээ давхарлан хэвтэх арьс үс нь хуйхлагдан, гэдэс дотор нь цувсан малыг харахад сэтгэл өөрийн эрхгүй шимшрэв. Нүүрснээс ялгарах өнгөгүй болсон арьс үс, хайрагдаж харласан элэг бөөр, гэдэс ходоодных нь хажуугаар хошуу нь харлаж, үс нь энд тэндээ алаг цоог шатаж, харласан төлийн сэг зэм үзэгдэнэ. Малчин Б.Мөнхбатын ярьснаар бол бог малынх нь талаас илүү нь төллөөгүй байсан гэнэ. Биднийг ийн ярилцаж байх зуурсалхины хүч ихсэж, утаа тортгонд нар халхлагдан, шатсан өвс ургамал, модны үртэс салхиар туугдан энд тэндгүй хөглөрөх аж. Тус хотонд бага насны таван хүүхэд, өндөр настан байсан ч азаар түймэрт өртөөгүйгэнэ.

Х.Эрдэнэхүүгийн хэлснээр үд дундын үед салхиар туугдсан түймрийн утаа үнэртэж эхэлжээ. Тэрээр “Би түймрийн утаа үнэртэж эхлэхтэй зэрэгцэн хонь ямаагаа ойртуулж ирэхээр мордсон. Хониныхоо бэлчээрт хүрээгүй байхад утаа улам өтгөрч, салхи ч ширүүссэн учраас хонио туусаар байгаад гэрийнхээ гадаа авчраад хашчихсан. Гаднах зүйлсээ эхэлж цэгцэлчихээд арын довцог дээрээ гарч, түймрийн багцааг харах гэтэл өтгөн утаатай салхи шороон шуурга болж хувирсан. Холын бараа харах нь бүү хэл унаж яваа мориныхоо чихийг ч харж чадахаа больсон учраас түймэр ойртчихож гэж бодоод шуудхан гэр лүүгээ давхисан. Морио бүдчүүлж, бусгуулан байж гэрийнхээ хажууд ирээд шуудхан мотоциклио асаасан. Эхлээд өөрийн эхнэр хүүхдүүдээ зүүн доохно талын худгийн халцгай газар дээр хүргэж өгчихөөд хажуу айлынхаа хүмүүсийг авахаар хөдөлсөн. Хүүдээ ойр хавиа ус ховоодоод норго гэсэн. Салхи сөрөөд, нүдээ тас аниад, гэрээ зүглээд мотоцикльтойгоо явж байтал галтай өвс, ногоо хийсч байхыг олж харсан. Төд удалгүй өөдөөс халуу төөнөөд эхлэв. Мотоциклио зогсоогоод, саахалт хаваржиж байсан Б.Мөнхбат, түүний эхнэр хүүхдүүдийн нэрийг дуудаж ориллоо. Хоромхон төдийд тогтохын аргагүй халуу төөнөхөөр нь буцах гээд эргэх гэтэл мотоцикль унтарчихсан. Аргагүйн эрхэнд мотоциклио хаяад салхи уруудан гүйсэн. Эхнэр хүүхдээ арайхийн олж очтол азаар саахалтынхан бүгдээрээ тэнд зогсож байв. Тэд миний хажуухан талаар зөрсөн юм билээ. Бараг шүргэлцэх төдий зөрөхөд нэгнээ хараагүй, дуу хоолой, мотоциклийн чимээг нь сонсоогүй гэж бодохоор тэр бол түймэр биш, байгалийн гамшиг байсан. Тэнгэрт тултал эрчилсэн хар салхи лхарагдсан. Бас амьд амьтан байж суухын аргагүй халуу төөнөж байсан гэдгийг нь яана. Манай суманд өмнө нь түймэр олон гарч байсан. Гэхдээ үүн шиг байгалийн гамшигтай огт таарч байсангүй. Төд удалгүй хонь ямаа майлалдаад, аргамжааны морь хамар амаа дуугарган тачигнаж эхэлсэн. Тэгэхэд л хэдэн мал минь түймэрт хуйхлагдсан байх даа” хэмээн түүний хоолой цахиртан, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Малчдын ярьж буйгаар бол Түмэнцогтод гарч буй түймэрөтөг бууц уугиж байгаад түймэр болон дэгдэж байгааг онцлон ярьж байсан юм.

Бууц, өтөг газар доогуур удаан хугацаанд тасралтгүй шатдаг гэнэ. Өчигдөрхөн цурманд оруулсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг бүхэлд нь хамарсан түймэр угтаа бууцан дээр гал гаргаснаас үүдэлтэй аж. Тодруулбал Түмэнцогт сумын хойно хил залган орших Хэнтий аймгийн Баян-Овоо сумын өмнө хэсэгт орших Хөх чулуутад нутаглаж байсан малчин Лхагвасүрэнгийн бууцнаас анх гал алдагджээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд хаваржаа руугаа буурь сэлгэхдээ өвөлжөөний малын бууцан дээрээ хогоо шатаажээ. Тухайн үед гал алдсан хэдий ч орон нутгийн иргэд, аймгийн онцгой байдлын албан хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласны хүчинд түймрийг тэр дор нь унтраасан аж. Ийнхүү түймрийг унтрааснаас хойш 20 гаруй хоногийн турш бууцны өнгөн хэсэгт гарсан гал доошоо уугижээ. Тэгтэл дөрөвдүгээр сарын 13-нд зүүн зүгийн ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй буюу хүчтэй салхи гарсны улмаас бууцны гүн дэх цогшсон өтөг ил гарч, салхинд туугдан улмаар хажуухан дахь өндөр ургасан, хатсан өвсөнд хүрч гал гарчээ. Тухайн үед салхи баруун хойноос секундэд 14-оос 17 метр хүртэл ширүүссэн нь түймрийг богино хугацаанд хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлжээ. Нутгийн иргэдийн хэлснээр малын бууцны гүнээс шалтгаалж, нэгээс 1.5 метрийн гүнд хүртэл халж, шаталт явагддаг гэнэ.

Ийнхүү бууцнаас алдагдсан өчүүхэн жижиг цог бүхэл бүтэн сумыг өвөлжөө хаваржаа, мал хуйтай тэр чигт нь залгих их түймэр болон дэгдэж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хоёрхон цагийн дотор нөмөрчээ. Биднийг дөрөвдүгээр сарын 16-нд Түмэнцогт суманд очиход аль хэдийн 20 гаруй айл орох оронгүй болоод зогсохгүй 2000 гаруй бог, 100-аад бод, арваад ачааны автомашин шатчихсан байсан юм. Сумын төвийнх нь эргэн тойрон дахь саахалтын төдийгөөс цаашхи газар нь бүхэлдээ шатчихсан байсан юм. Энэ сарын 15-ны шөнө түймэр сумын төвийг чиглэн ирсэн бөгөөд дунд сургуулийн ахлах ангийн сурагчаас авахуулаад хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх хүмүүс цурам татах ажилд дайчлагджээ. 30 гаруй км-ийн өргөнтэй түймрийг унтрааж хүчрэхгүй учраас сумын төвөө баруун, зүүн захад орших улсын нөөц өвс хадгалах саравч, шатахуун түгээх станцын хамт бүрэн бүтэн авч гарах гэж чадлынхаа хэрээр хичээжээ. Ингэсний хүчинд сумын төв түймэрт өртчихгүй өнгөрчээ.

Сумын Захиргааны байрны нэгдүгээр давхарт арваад үлээгч төхөөрөмж хэвтэх ч талаасилүү нь эвдэрчихсэн байв. Түймрийг үлээж унтраадаг тус төхөөрөмжийг нэгээс хоёр хоног тасралтгүй хэрэглэнгүүт эвдэрчихдэг гэнэ. Нутгийн иргэд “Улсын хөрөнгөөр олигтойхон шиг юм авчихаж болоогүй юм байх даа. Хятадаас хамгийн хямдхан хог оруулж ирчихээд, тэр нь ажиллахгүй үйл тамаа цайх юм. Галын өөдөөс барьдаг ганц хэрэгсэл нь хүрэлцээгүйгээс гадна байгаа цөөн хэд нь чанаргүй болохоор тороосон шүүр, хаймран ховоогоор түймэр алгадаад ямар ч үр дүн алга” гэцгээж байлаа. Биднийг сумын төв рүү буцахад Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ирсэн байв. Тэрбээр “Манай аймагт бусад газрыг бодвол намар, хаврын хуурайшилтын үед түймэр хамгийн их гардаг. Гэхдээ сүүлийн 20 гаруй жил ийм аймшигтай түймэр гарч байгаагүй. Энэ удаагийнх нь он гарсаар 12 дахь удаагийн ой хээрийн түймэр. Түймэр хурдтай тархан, асар том газар нутгийг хамарч байгаа өнөө үед бэлчээр, өвс ургамал, мал ахуй, байшин барилгыг бүрэн бүтнээр нь үлдээхэд бидний хүч мөхөсдөж байгаа учраас хүний амь насыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Цагт зарим үед 30-аас 35 км хүртэл хурдтай тархаж байна шүү дээ. Одоогоор хоёр ч айл шатчихаад байна. Салхины хүч ихтэй байгаа учраас түймрийг бүрэн унтрааж цурманд оруулсан хэдий ч шатсан хомоол, хоргол салхиар туугдан эрүүл газарт хүрч, түймэр шинээр үүсгэсээр байгаа нь гал сөнөөгчдийн ажлыг улам хүндрүүлж байна. Хэрлэн гол, 20-иод мерийн өргөнтэй засмал замыг даваад л гарчихна. Ийм маягаар цурманд оуулчихаад хэн хэдэн удаа тэндээсээ алдсан.

Дорнод аймагт он гарсаар 12 түймэр гарснаас 11-ийнх нь эзэн холбогдогчийг бүрэн тогтоожээ. Эдгээрээс наймд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Учир нь хуулинд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-аас 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг үлэмж их хэмжээний гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Дээрх түймрийн учруулсан хохирол энэ хэмжээнд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үлдсэн гурван түймрийн хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Түмэнцогт сумаасаа Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорилоо. Учир нь тус суманд энэ сарын 15-нд ОХУ-аас Баян-Уул сумын нутаг дахь Онон Балжийн тусгай хамгаалалттай газар руу түймэр оржээ. Биднийг энэ сарын 17-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд очиход Онон Балжийн тусгай хамгаалалт бүхий 30 гаруй мянган га талбай түймэрт өртсөнөөс гадна сумын төв болон, Эрээн багийн нутаг руу 20 гаруйхан км ойртоод байсан юм.

Дашрамд дуулгахад өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Адарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт сумдын түймрийг бүрэн цурманд нь оруулжээ. Гэсэн хэдий ч салхины эрч буурахгүй байгаа гэдгийг эх сурвалж дуулгалаа.

Үргэлжлэл бий

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Л.НАРАНБААТАР: Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай Таван толгойн гэрээний асуудлаар ярилцлаа.

Таван толгойн ордын хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХд өргөн барихаар боллоо. Тус гэрээг УИХ дээр хэлэл­цэнэ, хэлэлцэхгүй гэж нэлээдгүй улстөржиж маргалдсаны эцэст төс­лийг хэлэлцэхээр болж байх шиг байна. УИХын дарга тус гэрээг Монгол Улсын олон хуу­ль тогтоомж зөрчсөн, заавал УИХаар хэлэлцэж сайжруулах ёстой гэрээ гэж дүгнэсэн?

-Би хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа. Монгол Улс ганцхан А.Гансүх гэдэг хуульчтай биш. А.Гансүх хэлэхээр ч юм уу эсвэл мэдэгдэл хийчихээр бүх зүйл үнэн болчихдог юм биш. Сумитомо, Шинхуа зэрэг компаниуд олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэд өмнө нь энэ улсын ийм хуулиудыг зөрчсөн гэдэг мэдээлэл алга.Энержи Ресурсыг Монгол Улсын хуулийг зөрчиж байсан гэж би сонсоогүй. Хууль зөрчсөн гэрээ оруулж ирлээ гэдэг нь олон улсын компаниудын нэр хүндэд халдаж, гүтгэж буй хэрэг гэж бодож байна. Гадаад харилцаанд сэв суулгахаар шахуу мэдэгдэл. Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бие дааж шийдэх бүрэн бололцоотой байсан байх. Гэхдээ одоо Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо.

Яагаад урагшлахгүй гэж, урагшлуулахыг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. УИХ дээрээ хэлэлцээд дэмжчих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд бай­гаа. Уул уурхайн төслүү­дийн гацаанаас болж олон зуун ханган нийлүүлэгч компани зогсонги байдалд орж, олон мянган хүн ажлын байргүй байхад энэ төслийг арай гацаахгүй байлгүй дээ?

-Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ төсөл явахгүй байх магадлал байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж эрчим хүч, төмөр замын томоохон төслүүдийг Засгийн газар зээл авч шийдсэн тохиолдолд улсын өрөнд тооцохгүй гэдэг хуулийн төслийг дэмжчихлээ. Энэ өр бишээ гээд төмөр замаа өрөөр санхүүжүүлэх ньл дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Таван толгойгоос урагшаа татах төмөр замыг дахиад ард түмнээ өрөнд оруулж байгаад, гүйцэтгэлийн ажил дээр нь нам дамжсан бүлэглэлүүд “найрлах” гэсэн л арга. Энэ өрийг цаасан дээр өр биш гэж мянга бичсэн ч бид л төлнө. Бидний үр хүүхэд төлнө. Тэгэхээр Таван толгойн гэрээний төслийг явуулахгүй гэдэг нь аль эрт тодорхой байсан юм биш үү гэх хардлага бий болж байна. Улстөрчид төмөр зам төрийн мэдэлд байх ёстой гэдэг популизмаар ашиг сонирхлоо халхалж байгаа юм биш биз? Үнэн бол энэ жүжигтээ зөвхөн ард түмнээ биш бүр Хятад, Япончуудыг итгүүлээд хошгоруулсан болно.Би Таван толгой төслийн гэрээг Монголчууд хөрөнгө оруулагчдад итгэлээ алдахгүй байх сүүлчийн шахуу боломж гэж харж байгаа. Бид төмөр зам төрийн мэдэлд байна, ингэхдээ концессийн гэрээгээр, хувийн хэвшлийн мөнгөөр төмөр замаа барьж байгуу­лаад төрдөө шилжүүлэн авах хууль эрхзүйн орчинтой. Би бол тэр эрх зүйн хүрээнд асуудал явж байна гэж харж байгаа.

С.Ганбаатар гишүүн Ард Аюушийн нутаг, Ховдоос мэдээлж байна гээд хэвлэлийн хурал хийж өөрийн фэйсбүүктээ тавьсан байсан. Гишүүн Оюу толгойгоо ард тү­мэн­дээ буцааж авах хөдөл­гөөн байгуулж байгаагаа мэдэгдсэн байна лээ?

-Би тэр бичлэгийг өг­лөө нь үзсэн. Үнэндээ инээд хүрсэн. С.Ганбаатар гишүүний “маск” хуулагдаж байх шиг санагдсан. Оюу толгойн хамаг мэдээллийг ухаж, төнхөн хамгийн ихээр зууралдаж, нүд чихээ нааж явдаг хүн юу ч мэдээгүй явж байна гэдэгт би итгэхгүй байна. Таван толгойгпопулизмдаж олны анхаарлыг Оюу толгойн гэрээнээс сарниулсан нь С.Ганбаатар. Заримдаа Ган­баа гишүүн маань Таван толгой төслийг нураахаар зүтгээд байгаа бүлэглэлийн даалгаврыг биелүүлдэг хүн болчихоогүй байгаа даа гэж бодоход хүрэх юм.Одоо Оюу толгойг төрдөө буцааж авна гэх дүйвээнийхээ хавчуурганд Таван толгойг нааж, Ухаа Худагаа буцааж авах хөдөлгөөн өрнүүлж магадгүй. Тэгвэл аль эртнээс Таван толгойд эзэн суух хүсэлтэй нам дамжсан бүлэглэлийн зорилго бие­лэх болно. Өмнө нь үзсэн олон ангит киноны хамгийн өрнөлтэй хэсэг нь одоо л гарах гэж байна. Биднийг кино үзээд баясаад сууна гэж бодож байгаа бол эндүүрч. Ард түмэн чинь бас нүд, чихтэй юм шүү дээ.

Бүлэглэл гэж та хэнийг хэлээд байна вэ?

-Удахгүй тодорхой бол­но, Монголын ард түмэн бүгдээрээ харъя. Одоо үйл явдлын өрнөлөөс эр­гээд харахад стратегийн ордуудыг дээрэмдэх ажлыг эртнээс зохион байгуу­лалттайгаар хийж байсныг бид мэдээгүй байж. Тэрбум шахуу долларын үнэлгээтэй байсан Саусгоби компанийн Овоотын коксжих нүүрсний ордыг улстөрчид яаж 2012 оны сонгуулийн өмнө популизм хийж, үнэ цэнэгүй болгосон билээ? Тэгээд саяхан 40 хүрэхгүй сая долларын үнээр Хятадын компанид зарагдаж, Рио Тинто тус ордоос өөрсдийн хувьцаагаа гаргасан шүү дээ. Үүнийг ярьж, анхаарч байгаа популист улс төрч одоо байна уу? Монголын ард түмний баялаг, төмөр замгүй Таван толгойн ордын үнэлгээ цаашид унасаар л байх болно.

Хувьцаа гэснээс Эрдэнэс Таван толгой ком­панийн хувьцааг Монголын 3 сая иргэн эзэмшдэг. Хувьцаагаа хэнд ч хэрэггүй хог цаас болгоё гэвэл Таван толгойн гэрээний төслийг энэ чигээр нь явуулъя гэж УИХын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн. Үнэхээр Таван толгойн хувьцаа энэ гэрээгээр хэнд ч хэрэггүй цаас болох уу?

-Иргэдэд өгсөн хувьцаа нь ногдол ашиг өгөх нь битгий хэл өрийн бичиг болчихсон байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд нэг сая төгрөг авах эсвэл 1072 хувьцаа үнэгүй авах гэсэн хугацаатай сонголт өгсөн. Шинэчилсэн бүртгэлд 2,858,465 иргэн бүртгүүлсэн байдаг.Үүнээс 971,217 иргэн хувьцаа эзэмших сонирхлоо илэрхийлж бүртгүүлсэн. Өн­дөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан нийт 766,863 иргэн хишиг хувь хүртсэн. Үлдсэн 1,120,285 иргэн хувьцаа эзэмшихгүй, бэлэн мөнгө авъя гэж бүртгүүлсэн ч өнөөг хүртэл Засгийн газраас мөнгөө авч чадаагүй хүлээж байна. Тэгэхээр 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болж байна. Амласан мөнгөө ард түмэнд өгөх эх үүсвэр дутагдаж байгааг яахав ойлгож байна.Уг нь энэ хүнд байдлаа зөвөөр ойлгуулаад, мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлээд АН, МАНард түмнээ­сээ уучлал гуйчихвал зүгээр л байгаа юм.

Хувьцаа эзэмшиж буй иргэд яг хэдий хэмжээний өрөнд орчихоод байгаа юм бэ? Ноогдол ашиг авахын тулд өр зээлээ төлж дуусаж байж иргэд хувьцааныхаа өгөөжийг хүртэнэ биз дээ?

-Баримттай хэлье! Эрдэнэс Таван толгой эзэмшиг­чийн өмчгүй болчихсон компани. 2014 оны эцсийн санхүүгийн тайлангаар 903 тэрбум 205.3 сая төгрөгийн өртэй,эзэмшигчийн өмчийн хэсэгтээ “хасах”, дахин хэлэхэд “хасах” 107 тэрбум 114 сая төгрөгтэй байна. Энэ компани эзэмшигчийн өмчгүй болтлоо ингэж дампуурчээ. Баланслаад ядаж “тэг” утгатай байж болоогүй юм байх даа? Нийт өрийг нь хувьцаа эзэмшигч иргэддээ хувааж үзэхэд нэг хүнд 929 мянга 972,7 төгрөгийн өр ногдож байна.Энэ тэгээд үнэ цэнэтэй хувьцаа юу? Харамсалтай нь иргэд хувьцаанаасаа татгалзаж, сая төгрөгөө авах эрх нь 2012 онд хаагдсан. Бандан тас болсон. Харин амжаад хувьцааны оронд сая төгрөг авах хүсэлт өгсөн 1,120,285 иргэн төрөөс мөнгөө нэхэж болох юм.

Гэхдээ энэ өр чинь цаг хугацааны л асуудал шүү дээ. Таван толгойн баруун, зүүн Цанхид асар их нүүрсний нөөц байгаа. Эрдэнэс Таван толгой IPO хийгээд ч юм уу эсвэл банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд баяжуулах үйлдвэр барьж болно шүү дээ. Та өр гэсэн өнцгөөс нь хэтэрхий яриад бусад боломжуудыг нь ярихгүй байх шиг?

-903 тэрбумын өртэй, 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй компанид банк зээл өгөхгүй. Дотоодын банкууд зээл өгөөд дээд “тааз”-андаа тулчихсан. Нүүрсний үнэ төсөөлснөөс ч доогуур орно, зах зээлийн муу нөхцөл 2020 он хүртэл үргэлжилнэ гэж сая болсон Coal Mongolia-2015 чуулганд илтгэл тавьсан олон улсын судлаачид дүгнэж хэлнэ лээ. Ийм нөхцөлд дахиж зээл өгөх юм бол Эрдэнэс Таван толгой дотоодын банкуудаа татаж унагаах эрсдэлтэй. Гадаадын банкнаас зээл авъя гэвэл үндсэн хөрөнгөнөөсөө 46 дахин их өртэй, эзэмшигчийн өмч нь “хасах” утгатай болчихсон компанид зээл өгөхгүй. Авъя гэсэн ч өгөхгүй байна. Өр болон хөрөнгийн зохистой харьцаа алдагдсан учраас боломжгүй. IPO хийж хөрөнгө босгоно гэдэг нь Таван толгойн ордоо барьцаалж, Эрдэнэс Таван толгойн хувьцааг зарж мөнгө олно гэсэн үг. Тэгээд ч зах зээл муу, төмөр замгүй учраас Саусгоби компанийн Овоотын уурхай шиг хэдхэн сая ам.долларын үнэ хүрнэ. Ёстой нөгөө баялгаа үнэгүй өгнө гэгч нь болно. Тэгэхээр энэ бол бүтэхгүй санаа. Ямар ч эдийн засагч, санхүүч Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн тайлан балансыг уншаад миний энэ хэлж байгааг л хэлнэ.

Эрдэнэс Таван толгой компани 2014 оны эцсийн тайлангаар 30 орчим тэрбум төгрөгийн нийт ашигтай ажиллалаа гээд байсан. Худлаа мэдээлэл өгсөн болж байна уу? Эрдэнэс Таван толгойд дотоодын гэрээт компани харьцангуй өртөг багатай олборлолт хийж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна гэж компанийн захирлууд нь мэдэгдэл хийсэн байсан?

-Би тайланг нь www.erdenestt.mn гээд өөрийнх нь сайтаас харсан. Орлогоос үйлдвэрлэлийн зардлыг хасвал тийм ашиг харагдаж байгаа, үнэн. Харин зээлийн хүү, удирдлагын зардал, валютын ханшийн алдагдал зэргийг хасаад харвал 64.4 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байна билээ. Өртгийн тухайд нэг тонн нүүрсний олборлолтын зардал зохистой хэмжээнд байж чадаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал.

Эрдэнэс Таван толгой их “тансаг” зардлаар олборлолт хийж, нүүрсээ “түүхий нүүрсний дундын ченжүүдэд” л нийлүүлж байгаа. Нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 26.2 ам.доллар, Ганц мод боомт хүргэх тээвэрлэлтийн нийт өртөг нь 17.5 ам.доллар байна. Энержи Ресурс нэмүү өртөг шингээж, баяжуулсан нүүрс экспортолдог бөгөөд жишээд харьцуулахад нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 19.7 ам.доллар, нэг тонн баяжуулсан нүүрс Ганц модны боомт хүргэх тээвэрлэлтийн өртөг нь 14.1 ам.доллар байгаа юм. Эрдэнэс Таван толгой тонн нүүрс тутамдаа олборлолтын зардал нь 33%-иар, тээвэрлэлтийн зардал нь 24%-иар илүү зардалтай байгаа биз? Эндээс Эрдэнэс Таван толгой компани ямар их үргүй зардлаар олборлолт, тээвэрлэлт хийж байгааг дүгнэж болно. Өмнөх жилүүдийн алдагдлыг нь харьцуулж ярихаа больё. Гэхдээ ард түмний баялаг гээд үргүй зардлаар мөнгө урсгаад сууж болохгүй биз дээ?

Нэг тонн нүүрсний зардалд харьцуулахад төрийн компани ийм өндөр зардлаар үйлдвэрлэл явуулж байгаа юм байна. Гэхдээ Чалкогийн өрийг төлөх зээлийн хүүгийн зардал ороод өртөг нь ийм өндөр болсон байлгүй дээ?

-Үгүй. Чалкогийн өр үүнд ороогүй. Цэвэр олборлолт, тээвэрлэлтийн процессын зардлын харьцуулалт. Нэг зүйл хэлэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт хөрс хуулалтын итгэлцүүр гэж маш чухал ойлголт байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс олборлоход хэдэн м3 хөрс хуулж, зайлуулав гэдэг үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр бол их хөрс хуулж, нүүрсний олборлолтын зардал өсдөг жамтай.

Ухаа Худаг болон Цанхийн уурхайн энэ үзүүлэлтийг харахаар Ухаа Худаг бараг хоёр дахин илүү хөрс хуулж байж нэг тонн нүүрс гаргаж авч байна. Ухаа Худагийн ашиглалтын нөхцөл илүү хүнд байна гэсэн үг л дээ. Хоёр компанийн 2014 оны тайлангаас харж харьцуулалт хийхэд хөрс хуулалтын итгэлцүүр Ухаа Худагт 5.7 м3/тн байхад Эрдэнэс Таван толгойн баруун, зүүн Цанхийн уурхайд дунджаар 3.1 м3/тн байж. Эндээс харвал Цанхийн уурхайд нэг тонн нүүрсэнд ногдох олборлолтын зардал хоёр дахин шахуу бага баймаар. Гэтэл эсрэгээрээ бүр 33%-иар өндөр байгаад байдаг. Мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд, уул уурхайн сургуулийн багш нар бодит дүгнэлтийг хийж жирийн иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй. Манай улстөрчид мэдэхгүй зүйлээ ичиж зоволгүй ийм хүмүүсээс нэг асуучихвал зүгээр.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой компанийн 2014 оны эцсийн санхүүгийн тайлан баланс www.erdenestt.mn

-Coal Mongolia-2015 чуулганд Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн захирал нүүрсээ түүхийгээр нь уурхайн ам нөхцлөөр зарж байгаа гэж байна лээ?

-Яахав, түүхий нүүрсийг өндөр үнээр авдаг бол заавал баяжуулах шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Эдийн засгийн талаасаа асар их хохиролтой. Боловсруулалт хийхгүйгээр баялгаа их хэмжээгээр түүхийгээр нь зарна гэдэг Монголчуудын өрсөлдөөний стратеги биш, баялгаа үрэн таран хийж буй хэрэг. Бодит ашгийг Хятадын нүүрсний ченжүүд хүртсээр байх болно. Нүүрсийг угааж баяжуулахаар илүүдэл шороо, чулуунаасаа салж чанар, илчлэг нь сайжирдаг. Түүхий нүүрстэй харьцуулахад овор хэмжээ нь 20-30% буурна. Энэ хэмжээгээр тээвэрлэлтийн зардлаа хэмнэдэг. Чанар дагаж үнэ гэдэг дээ. Угаасaн нүүрсийг түүхий нүүрснээс илүү өндөр үнээр зарж болно. Ингэж Таван толгойн ордын нүүрсийг дэлхийн зах зээлд буюу Хятадаас гадна Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд гаргах нь Монголчуудын зорилго байх учиртай. Харамсалтай нь бид юун далайн боомтод хүрэх нь битгий хэл уурхайн аман дээрээ хүртэл “шахуулаад”, Орос ах нартаа коксжих нүүрсний зах зээлээ булаалгах дээрээ тулчихаад сууж байгаа. Ийм арчаагүй байдлаас хурдан гарах хэрэгтэй. Ер нь нүүрсийг түүхийгээр зарвал үнэ багатай зарах учраас ордыг сорчлон олборлохоос аргагүй байдалд хүргэдэг. Уурхайн ашиглалтын нөөц хомсдох хохиролтой.

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

Эрдэнэс Таван толгойн уурхайд сорчлон ашиглах байдал ажиглагдаж байгаа юу? Сорчилно гэхээр өндөр чанартай нүүрсийг аваад, бусдыг нь хаяна гэсэн үг үү?

-Тийм. Уурхайг урт хугацааны төлөвлөлтийн дагуу, хөрс хуулалтын зохистой горимоор өртгийг нь удирдаж авч явах ёстой юм. Нүүрсээ түүхийгээр олборлож байгаа учраас үнэ багатай борлуулдаг. Үнэ бага учраас яах вэ? Хөрсөө аль болох бага хуулж, ахиухан нүүрс авахыг хичээхээс аргагүй. Ингэж тонн нүүрсэнд ноогдох өртөг зардлыг хүчээрбууруулах гэж технологийн горимыг эвдэж эхэлдэг. Ийм түүхийг Багануур, Шивээ овоогийн уурхайгаас харж болно. Үнийг нь хэт доогуур урт удаан хугацаанд барьснаас болж хөрс хуулалт нь хоцроод, нүүрс нь ханандаа тулчихсан байгаа. Хөрс нурвал уурхай таг зогсож төвийн эрчим хүчний систем аюултай байдалд орно. Одоо эдгээр уурхайг хөрс хуулалтын зохистой горимд шилжүүлж ажиллуулахын тулд нүүрсний үнийг нь бага ч гэлээ нэмсэн байна лээ. Баруун, зүүн Цанхийн уурхайг ийм байдалд оруулж болохгүй. Коксжих нүүрсний хувьд зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ тогтоно. Үнийг бид удирдаж чадахгүй. Харин удирдаж болох зүйл гэвэл өртөг. Таван толгой ордыг баруун, зүүн Цанхи, Ухаа Худаг гэж ялгалгүй цогцолбороор нь бассейны хэмжээнд төлөвлөлт гаргаж сайн, муу нүүрс гэж хаялгүй хамтад нь хольж ашиглах нь байгалийн нөхөгдөшгүй баялгийг иж бүрэн олборлож, ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийг бүрдүүлнэ. Олон улсын практик ч энийг харуулна. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ажил хэрэг болж чадвал уурхайн өртөг ихээхэн буурч, Монголчууд гуравдагч зах зээлд нүүрсээ борлуулах боломж нээгдэнэ. Гэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүйг бас ойлгох хэрэгтэй. Цаана нь жинхэнэ өрсөлдөөн угтана. Австрали, ОХУ, Индонези гээд “аварга тамирчид” биднийг “ринг”-эн дээр хүлээж байгаа.

Таван толгойн ашиглалтын тусгай зөвшөөрөл 100% Эрдэнэс Таван толгой ТӨХК-ийнөмч хэвээрээ үлдэнэ. Нөгөө талдаа Таван толгой ордын зөвхөн баруун, зүүн Цанхийн хэсэгт хамаарах гэрээ хийхээр байгаа. Энэ нь Эрдэнэс Таван толгой компанийн мэдэлд байгаа нийт 7.4 тэрбум тонн нөөцийн 40 орчим хувь. Үлдсэн хэсэг болох Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат талбай дээрЭрдэнэс Таван толгой компани 4.4 тэрбум тонн нөөцийг ашиглах, нэмэлт үйл ажиллагаа эрхлэх, зах зээлийн байдлаас хамаарч бусад хөрөнгө оруулалт татах боломж бүрэн нээлттэй үлдэж байгаа.

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

Таван толгой төслийг гацаахгүй явуулах ямар арга байж болох вэ?

-Тэр 280 сая ам.доллараар гүйцэтгэсэн гээд байгаа төмөр замын далангийн шороо овоолсон ажлын гүйцэтгэлд аудит хийхээ больчих. Энержи Ресурс ч гэсэн үндэсний том компани байна даа. Юм үзсэн юм шиг тэрийг нь нүдэн балай чихэн дүлий өнгөрөөгөөд, хүлээгээд авчих л даа. Ажил нь дутуу бол нөхөөд л хийчихнэ биз. Гэрээнээсээ тэр заалтыг хасчих. Тэгвэл Таван толгой гацалгүй урагшилж магад.

Ярилцсанд баярлалаа.

М.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Мянган оюутан охид чуулна

Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ.

Яг сарын өмнө тэд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН” Монгол орон даяар нийт4000 орчим өсвөр насны охидыг цуглуулж чуулсан билээ. Тэгвэл тун удахгүй 2015 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордонд “1000 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”, Монгол улсын 21 аймагт “100 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, нэгэн сэдэв, нэгэн зорилго дор чуулах юм.

Энэ удаагийн чуулганд “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг санаачлагч, олон нийтийн манлайлагч, багш О.Саранчулуун “Өөрийгөө ялах нь амжилтын эхлэл”сэдвээр, мөн “Би өөрөө Эх орон” сэдвээр ШУТИС-ийн Удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж, хэлэлцүүлэг хийнэ.

Түүнчлэн “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.

Categories
гадаад мэдээ

Газар дундын тэнгист усан онгоц осолдлоо

700 гаруй хүн тээвэрлэж явсан загас агнуурын усан онгоц газар дундын тэнгист осолдож, одоогоор ердөө 28 хан хүн л аврагдаад буй тухай BBC мэдээллээ.

Тус онгоц нь 20 метрын урттай байсан ба зорчин явсан нийт зорчигчид Ливи улсаас Европын орнуудыг зорьж байсан цагаачид байсан гэжээ. Ядуурал, дайн зэрэг хүнд нөхцөл байдлаас зугтан Европыг зорьж байсан Ливийн тэдгээр иргэдийн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссын мэдээлж буйгаар ойролцоогоор 50 орчим хүн усан онгоцон дээр үлдсэн байх магадлалтай гэжээ.

Мальтийн Ерөнхий сайд Жозеф Мускат аврах ажиллагаа одоо ч үргэлж байгааг мэдэгдээд усан дээр хөвж буй нас барагсдын цогцос дундаас амьд хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хийж байгаа гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн салбарынхан дартсаар өрсөлдөв

Спортын төв хэвлэл “Таван цагариг” сонины 20 жилийн ойн нэрэмжит дартсын тэмцээн “Pump” ресторанд өнгөрсөн бямба гаригт боллоо. Монголын сонгодог дартсын холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд манай хэвлэл мэдээллийн салбарынхан өрсөлдөв. “Засгийн газрын мэдээ” сонины тамирчид шаггүй сайн дартс тоглодогоо баталж, алтан медаль, шилжин явах цомын эзэд болж 200000 төгрөгөөр шагнууллаа. Мөнгө, хүрэл медалийг “Зууны мэдээ” сонин, “Star” телевизийн баг авч 150000-100000 төгрөгөөр шагнуулав. Удаах байрт “МН Таван цагариг”, “ETV” телевизийн багууд орсон юм. Тоглолт бүрт шовх гарч байсан нь энэ тэмцээн хэр өрсөлдөөнтэй, сонирхолтой болсныг илтгэж байв. Гурван сумаар хамгийн өндөр буюу 193 оноо авсан “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч Н.Баясгаланд Монголын сонгодог дартсын холбооноос мэргэжлийн дартсын самбар, сум бэлэглэхээр болсон юм. Мөн тэмцээний үеэр болсон хөгжөөнт тоглоомны төрөлд “МН Таван цагариг” багийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ гурван сумаар 93 оноо авч, түрүүллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Р.Нямдорж, Д.Данзан нарт талархахын учир

Энэ өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байна. Гэхдээ бөхийн холбооны ой, бөхийн талаар ярих гэсэнгүй. Уг холбоог удирдаж ирсэн хоёр эрхэмтэй холбогдуулж хүмүүний амьдралын утга учрын талаар товчхон өгүүлэх гэсэн юм. Өдгөө цагт хүний нас уртасч амьдралын философи өөрчлөгдөж байна.

Бага залуу үе, идэр дунд нас, тэгээд тэтгэврийн наснаас хойшихон жилүүд залгаж хүн төрөлхтөн гурван үеийн урт удаан амьдралд баяр жаргалаа эдлэх болсон. Жар, дал хүрсэн хүмүүс дахин сургуулийн диплом өвөртөлж, дараагийн амьдралын хуудас эхэлж буйгаа илэрхийлдэг нь ийм учиртай.

Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан нар их сургууль дүүргэж, улмаар мэргэжлийнхээ дагуу 16 жил багшийн хөдөлмөр эрхэлжээ. Физик, нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд юм. Ингээд 35 хүрсэн идэр наснаасаа монгол бөхийн төлөө зүтгэж 25 жилийг үдсэн байна. Энэхүү 25 жилийн хугацаанд чухам юу амжуулсныг ард түмэн мэднэ. Бөхийн өргөөг босгохоос аваад тэд хэлснээ хийсэн.

“Жаран настай хүмүүс юу амжуулдгийг ард түмэндээ харуулна” гэж Нямдорж тэргүүн нэгэнтээ хэлсэн. Энэ нь амьдралынхаа гурав дахь үе эхэлснийг сануулж буй хэрэг. “Амьдрал таньсан хүний үг” тэргүүт ном бүтээлээ туурвиж, эрдмийнхээ ажлыг эрхэлж, мөрөөрөө өөрийнхөө дур зоргоор, хүсэл тэмүүллээрээ тааваараа сайхан амьдрах нь. Хүмүүний амьдралын энгийн сайхан философийг үлгэрлэж яваа тэдэнд талархахын учир энэ.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, улаан бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 20. Сумъяа гариг. Билгийн тооллын 2. Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 06.08 цагт мандан, 19.52 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандаххэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарын тойм

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн гарч, уншигч захиалагчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаарт гарсан онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс тоймлон хүргэе.
Даваа гариг бүрт хүргэдэг “Танайд өнжье” брэнд булангийн энэ удаагийн дугаарт Төв аймгийн уугуул Н.Бүрэнээгийнхэн уригдлаа. Тэднийх “Гоёор дүүрэн айл” ажээ. Чухам гоё гэж юуг нь хэлээд байгааг нэг болон 12, 13 дугаар нүүрээс дэлгэрэнгүй уншиж мэдээрэй.
Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхэлсэн түймэр Сүхбаатар, Дорнод аймгийн хамарч, их хэмжээний хохирол учирлаа. Манай сонин үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлан уншигчдадаа хүргэх үүднээс сурвалжлах багаа томилон түймрийн голомтод нөхцөл байдал ямар байсан тухай сурвалжлага бэлтгэн өнөөдрийн дугаартаа хүргэж байна. “Хорь гаруй хоног уугисан бууцнаас гал дэгдэж, Түмэнцогтыг түймэрджээ” сурвалжлагыг нэг болон 17 дугаар нүүрээс уншина уу.
Улс төрийн мэдээллийн хоёр, тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын ярилцлага гарлаа. Эрхэм гишүүн “Хүний эрхийн зөрчил ихэсч байгаад УИХ анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.
Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлого тодорхойлдог гуравдугаар нүүрт сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Монголын төр, улстөрчид ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор популизм хийж эхэллээ” хэмээх нийтлэл гарлаа. Нийтлэлд ард түмнээ мартаад байсан улстөрч эрхэм гишүүд намрын чуулганы завсарлагаар л сая гэнэт ухаан орсон мэт тойргоо эргэж, ард түмнийхээ ямар амьдарч байгааг харах шиг болов уу гэдгийг дурджээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс унших биз ээ.
Баримт, үйл явдал буланд “Монголд арван жил эрэн сурвалжлагдаж байсан герман эр Голомт хотхонд нас баржээ” гэх гарчигтай материал хэвлэгдэв. Энэ хэргийн эргэн тойрныг сурвалжилсан тухай долдугаар нүүрээс уншаарай.
Мөн түүнчлэн “Цэвэр агаар” сангийн хэрэг дахин шалгагдаж байгаа юм байна. Ингэхдээ яллагдагчаар татагдсан М.Хулангийн гомдлоор шалгагдаж байгаа аж. Энэ тухай 11 нүүрт нийтлэв.
Өнөөдрийн дугаарт нэлээд хэдэн томоохон ярилцлага гарсны нэг нь илбэчин Ц.Баярсайханы ярилцлага юм. Тэрбээр илбийн урлаг бол ид шид биш, эрсдэл ихтэй хөдөлмөр гэв. Илбийн гайхамшигт урлагийн тухай олон сонирхолтой зүйл ярьсан түүний ярилцлагыг 23 дугаар нүүрээс хүлээн авч үзээрэй.
Түүнчлэн “Орчлонгийн сайхан ээж” булангийн ээлжит нэгэн дугаар гарлаа. Энэ удаад Камертон хамтлагийн дуучин Д.Болдын ээж Ж.Цэцэгээ оролцож байна. Тэрбээр Монголын анхны клатур сапрон хоолойтой дуучин юм. Дуу, удам судар, бага залуугийн дурсамж, авьяаслаг хөвгүүдийнхээ тухай гээд олон сэдвийн дор хууч хөөрсөн ярилцлагыг нь 14 дүгээр нүүрт нийтэллээ.
Эдгээр болон Сонгодог урлаг, Хүмүүс, Цаг үе, үйл явдал, Дэлхийн мэдээ, Энэ өдөр зэрэг булангууд гарлаа.
Дашрамд, манай сонины хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж буйг дуулгая. Мөн манай сонинтой холбоотрй бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987 дугаараас лавлаарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол агаарын бохирдлоороо тэргүүлэгч орнуудын гуравт жагсчээ

1. Хятад улс, Бээжин хот – Хятадын нийслэлийн иргэд ахиад л энэ өвөл утаа тортогны асуудлаас болоод гадуур явахдаа маск зүүх шаардлагатай болов.

2. Иран улс, Ахваз хот –Хүнд үйлдвэрлэлүүд ихтэйгээс болоод энэ хот нь хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтыг тэрүүлэх болсон юм.

3. Монгол улс, Улаанбаатар хот – Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээс гадна агаарын бохирдлоороо дэлхийд гуравт ордог юм. Өвлийн улиралд гэрийн зуухандаа мод болон нүүрс шатааснаар нийт агаарын бохирдлын 70 хувийг бүрдүүлдэг байна.

4. Пакистан улс, Лахоре хот – Пакистан улсын хувьд агаарын бохирдол нь гол асуудал болчихоод байгаа юм. Лахоре хот нь Пакистаны хоёр дахь том хот бөгөөд агаарын бохирдол нь хурдны замын түгжрэл буюу машины утаа, эргэн тойрон дахь цөлөөс салхинд туугдаж орж ирэх тоос тоосонцор мөн хогийн цэгүүдийг шатааснаас болж үүсчээ.

5. Энэтхэг улс, Нью-Дели хот – 10 сая орчим хүн амтай Нью-Дели хотын машин сүүлийн 30 жилд 180 мянгаас 3,5 сая болтлоо өсжээ. Гэвч хотын агаарын бохирдлын дийлэнхийг нүүрсэн түлштэй цахилгаан станц бий болгож байгаа юм. Нийт 80 орчим хувь нь нүүрсний цахилгаан станцаас гарч байна.

6. Саудын Араб, Риад хот – Риад хотын агаарын бохирдлын нэг хэсгийг элсэн шуурга эзэлдэг байна.

7. Египет улс, Каир хот – Каир шиг агаарын чанар муутай газар хүмүүс нь агаар дуслын өвчин тусч мөн уушигны хорт хавдартай болцгоодог. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь замын түгжрэл болон хурдацтай хөгжиж буй үйлдвэржилт юм.

8. Бангладеш улс, Дака хот – Судалгаа шинжилгээнээс үзэхэд Дака хотод жилд 15,000 хүн агаарын бохирдлоос болж нас барцгаадаг. Эрдэмтэд энэ хотоос хүхрийн давхар ислийн хамгийн өндөр агууламжийг олж бүртгэсэн байдаг.

9. Орос улс, Москва хот – Агаарын бохирдол адилхан мэт санагдах боловч, хаана гэдгээсээ шалтгаалаад өөр байдаг. Москва хотын агаарт нүүрс устөрөгч их хэмжээгээр байдаг.

10. Мексик улс, Мексик хот – Мексик хотын агаарын бохирдлыг газарзүйн байршил нь улам бүр дордуулж байдаг. Энэ хот нь 3 том уулаар хүрээлэгдсэн. Агаар дахь их хэмжээний хүхрийн давхар исэл болон нүүрстөрөгчийн улмаас Мексик хот нь нэг хэсэг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор шалгардаг байсан. Замын шинэ бодлого болон зарим үйлдвэрүүдийг унтрааснаар нөхцөл байдал сайжирсан байна.