Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн 10 дуудлагатай хоножээ

Нийслэлд гал түймрийн 10 дуудлагатай хоножээ. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Доод салхитын 7 дугаар гудамжийн 126 тоотод иргэн Т-н байшин шатаж, 5 дугаар гудамжийн 77 тоотод иргэн О-н хашаанд, мөн 6 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Дэлгэрхааны хашаанд, 6 дугаар гудамжийн 180 тоотод иргэн Г-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 6 дугаар гудамжийн 62/А тоотод иргэн Ц-н амбаар, хашаанд нь өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Жамсран-Уул”-ын 7 дугаар гудамжийн 3375 тоотод иргэн Э-н хашаанд хураалттай эд зүйл, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 3 дугаар гудамжийн 101 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 хорооллын автобусны буудлын дэргэд иргэн С-н эзэмшлийн 88-03 УБЭ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Соёмботой уулын хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Аврах гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Чулуут”-ын суваргатай толгойд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:21 цагт хүлээн авч Аврах гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын-Их аманд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 14 дүгээр байрны 1 дүгээр орцны суурын давхарт бохирын шугамын хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Хэнтий аймгийн Баняхутаг сумын Хаялага багийн нутаг “Хаялага” гэдэг газар малчин Э-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 20:52 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн ус алдагджээ

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 22 дугаар байрны 1 дүгээр орцын 9 тоотод иргэн Ө-н өрөөнд 5 мл мөнгөн ус алдагджээ. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон өчигдөр 17:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж мөнгөн усны тоос сорогчоор соруулан авч аюулгүй болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Уулын түймэр дахин асчээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг онцгойгийнхон энэ сарын 15-ны өдөр авсан билээ. Түймрийг 2015.04.19-ний өдрийн 03:30 цагт унтраасан боловч 2015.04.19-ний өдрийн 11:50 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт цурмаасаа дахин асч Цагаан-Овоо сумын нутагт тархан шатаж байгаа тухай дуудлагыг тэр өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хэнтий аймгийн ОБГ-ын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 0327 дугаар ангийн 96 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэй, Хилийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Сэргэлэн сумын 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, Цагаан-Овоо сумын 80 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл суманд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цагаан сайр гэдэг газраас энэ сарын 17-ны өдрийн 13.00 цагийн орчимд 62 настай П гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь Долоогийн булангийн Хясаа гэдэг газрын өврөөс жолоог нь эвхсэн байдалтай олдсон байна. Онцгой байдлын хэлтсийн зургаан албан хаагч, нэг автомашин, нэг завьтай усанд, орон нутгийн 20 иргэн, нэг автомашин, долоон мотоцикл, гурван ердийн хөсөгтэйгөөр голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт болно

-Нийслэлийн зарим ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн

сонгон шалгаруулалт болно-

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой.

Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 22 нийт 29 ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлын албан тушаалд

Дүүрэг

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

51 дүгээр сургуулийн захирал

2

Баянзүрх дүүрэг

85 дугаар сургуулийн захирал

3

Сүхбаатар дүүрэг

1 дүгээр сургуулийн захирал

4

31 дүгээр сургуулийн захирал

5

Хан-Уул дүүрэг

18 дүгээр сургуулийн захирал

6

59 дүгээр сургуулийн захирал

7

Чингэлтэй дүүрэг

49 дүгээр сургуулийн захирал

2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд

Дүүрэг

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

157 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

2

197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

3

198 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

4

Баянзүрх дүүрэг

199 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

5

200 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

6

201 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

7

202 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

8

203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

9

204 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

10

Сүхбаатар дүүрэг

205 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

11

216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

12

217 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

13

Сонгинохайрхан дүүрэг

79 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

14

195 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

15

196 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

16

112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

17

Хан-Уул дүүрэг

209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

18

Налайх дүүрэг

208 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

19

Багануур дүүрэг

194 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

20

193 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

21

Багахангай дүүрэг

44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

22

207 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

Сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажил Багшийн хөгжлийн ордны 5 давхар 501, 504 тоотод 2015 оны 05 дугаар сарын 7, 8-ны өдрүүдийн 09:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд бүртгэнэ.

Тус ажлын байранд тавигдах шаардлага болон бүрдүүлж ирэх материалын жагсаалтыг www.edub.edu.mn сайтаас авч, холбогдох бусад мэдээллийг 70113039 дугаарын утсаар лавлана уу?.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Илбийн урлаг ид шид биш эрсдэл ихтэй хөдөлмөр

Монголын илбэчдийн холбооны ерөнхийлөгч, соёлын тэргүүний ажилтан Цэрэнтогтохын Баярсайхантай уулзаж хөөрөлдлөө. Олон улсын илбэчдийн холбооны жинхэнэ гишүүн, Монголын циркийн урлагт хорин таван жил авьяас билгээ зориулсан эл эрхмийг “Монголын номер нэг илбэчин” гэлцэх юм билээ.

Манай улсад илбийн урлаг аль хэр хөгжсөн байдаг вэ?

-Манайд илбийн урлаг сайн хөгжсөн шүү. Харин илбэчид маань холбоо, байгууллагад л өмнө нь нэгдээгүй байсан. Би БНХАУ-ын Шинжинь хотод 2002 онд олон улсын илбэчдийн фестивальд оролцсон юм. Тэнд Хятадын илбэчдийн холбооны ерөнхийлөгч Дао Чи гуай надтай уулзаад “Монголд илбэчдийн холбоо байдаг уу, хамтран ажиллая” гэхэд надад хэлэх үг олдоогүй. Ингээд Монголын илбэчдийн холбоог 2010 онд байгуулсан. Хятад, Өмнөд Солонгос, Хонконг зэрэг Азийн бүх улс илбэчдийн холбоотой байдаг юм билээ л дээ.

Монголын илбэчдийн холбоо одоогоор хэдэн гишүүнтэй болоод байна?

-Манай холбоонд таван хүн байгаа. Эрдэнэтэд Баатар гэж надаас арай ахимаг хүн байдаг. Миний шавь Гантулга, Билэгт, Ганчөдөр гэсэн залуу илбэчид байна. Хуучин циркт ажиллаж байсан Даваахүү гэж хүн бий. “Авьяаслаг монголчууд” шоунд долоон илбэчин оролцох гэж байна гэж саяхан шавь маань надад хэллээ. Тэр хүмүүсийн үзүүлбэрийг харъя, дэмжье гэсэн бодолтой байна. Даанч манай монголчуудын нэг муухай чанар байдаг. Ижил төрлөөр амжилт гаргаж байгаа нэгэндээ ясны дургүй байдаг чанар. Уг нь бүгдээрээ атгасан гар шиг байвал амжилт улам л сайн гаргана аа даа. Яруу найрагч Цамбын Зоригтсайханы “Чиний чаддагийг би чадахгүй, миний чаддагийг чи чадахгүй” гэж нэг сайхан үг бий дээ. Тиймээс илбэ оролддог, илбийн үзүүлбэр хийдэг бол илбэчдийн холбоондоо нэгдээч ээ, нэгнээсээ их зүйл сураач ээ гэмээр санагддаг.

Танай холбоо чинь хаана байрладаг юм бэ?

-Төмөр замчдын соёлын ордон дээр байрлаж байгаа. Би сарын өмнөөс найман хүүхэд шавиар аваад сургаж эхэлж байна.

Илбийг хүмүүс ид шид, увидас чадвар гэж ойлгоод байдаг?

-Ид шид биш шүү дээ. Илбэчин болох хүнд юуны түрүүнд дур сонирхол, хүсэл мөрөөдөл л чухал. Тэгээд гар хурууны хөдөлгөөн, ой тогтоолт шаарддаг урлаг. Сайхан гар хуруутай мөртлөө ой тогтоолт муутай хүүхэд бол юм сурахгүй. Үзүүлбэрийнхээ дарааллыг хольж хутгах зэргээр сэтгэхдээ муу хүн бол сурдаг зүйл биш. Гоё сэтгэлгээтэй атлаа гар нь мойчихсон хүүхэд байна. Ялангуяа манай гэр хорооллын хүүхдүүдийн гар хар ажлын эрхээр эрт эвдэрчихсэн байдаг. Багаасаа мойчихсон гар бол эвлэж өгдөггүй.

Та багаасаа илбэчин болох мөрөөдөлтэй хүүхэд байв уу?

-Би Улсын циркэд 1988 онд хөтлөгчөөр орсон юм. Монголд илбэчин их цөөхөн. Тиймээс ажлын шаардлагаар 1991 онд алдарт илбэчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш багшид шавь орсон. Багш маань төмрийн токарьчин байж байгаад 1941-1943 онд илбийн төрлөөр төгсөөд далан нас гартлаа илбэ үзүүлсэн гайхамшигтай хүн. Багшаас өмнө Улсын циркийг үндэслэгч, гавьяат жүжигчин Раднаабазар гуай илбэ хийж байсан. Багшаасаа өвлөж авсан энэ мэргэжил маань насны минь хоол болсон доо. Багшийн сүлбэдэг хайрцаг, битүү найман цагирагийг нэг нэгэнд нь гогцоолдох зэрэг гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзэгчид сайн санаж л байгаа. Багадаа цирк үзэж байхдаа багшийгаа ер бишийн хүн гэж бишрэн шүтдэг байлаа. Хожим багш шавь болоод ирэхэд тийм ер бишийн биш харин жирийн мөртлөө гайхалтай хөдөлмөрч, гайхамшигтай авьяастай хүн байсан.

Илбэ анх хаана үүссэн урлаг юм бол?

-Анх 1584 онд Францын Реженальд Скотт гэдэг хүн “Шулмуудыг номхотгох нь” гэсэн ном бичсэн байдаг. Илбэ гэдэг үнэхээр бурханаас заяасан ид шид үү, эсвэл шулмын хорлол уу гэдэгт хариу өгч бичсэн байгаа юм. Тэгээд илбийг урлаг болгож анх тайзнаа үзүүлж эхэлсэн байдаг. Р.Скотт цагчин хүн байсан. Техник сэтгэлгээтэй, гарын ур дүйтэй, юмыг олон талаас нь хардаг хүн илбэчин болох магадлал өндөр юм байна гэж би боддог. Францаас ирсэн найз илбэчин маань “Хүмүүс надаас илбэ сурахад амархан уу гэж асуухад би “Эхний зуун жилд их хэцүү” гэж хариулдаг” гэж байсан нь тун үнэн үг шүү. Илбийг хүн насан туршдаа сурдаг урлаг юм даа. Би 2005 онд илбийн дугуйлан хичээллүүлж байснаас “Авьяаслаг монголчууд”-д оролцож буй Гантулга, Америкт байгаа Манзушир хоёр л илбэчин болсон доо. Илбэ гэдэг танхимын сургалтаар биш шавь сургалтаар сурдаг урлаг.

Та сургалтын төв нээгээд шавь нартаа илбэ зааж байгаа гэлээ. Хэд орчим илбийн үзүүлбэр зааж өгдөг вэ?

-Манай шавь нар сар гаруй сурч байна. Энэ хугацаанд арван хоёр үзүүлбэр сурчихаж байгаа гэсэн үг. Цаашдаа хөзрийн, гар дахь юм алга болгох зэрэг нарийн үзүүлбэр сурчихна. Яваандаа найман минутын бүтэн номер тавьчих хэмжээний болчихно. Сурсан эрдмээ хөгжүүлэх эсэх нь тухайн хүүхдийн л шийдэх асуудал. Илбийн хамгийн гол амин сүнс, үнэ цэн чинь нууцлал шүү дээ.

Японы их зохиолч Рюноскэ Акутагавагийн “Ид шидийн гайхамшиг” хэмээх өгүүллэгт илбэчинд шавь орсон нөхөр шуналаасаа болоод тэр дороо мөнөөх увидас нь алга болдог тухай гардаг. Илбийг муу санаатай хүнд заагаад өгчихвөл буруугаар ашиглах тал байна биз?

-Социализмын үед илбэ их хаалттай байсан. Үр хүүхэд, ач, зээдээ л зааж өгдөг байсан юм билээ. Цэнд-Аюуш багшийн хүү Алтанхуяг гэж мундаг илбэчин байлаа ш дээ. Харамсалтай нь багшийг амьд ахуйд цэл залуугаараа нас барчихсан. Багшийн илбийн урлагийн залгамж тасрах гээд байж л дээ. Энэ үед шавь нь болъё гэж олон хүн очсон байгаа юм. Бүүр арван мянган төгрөг өгье, шавиа болгооч гэсэн хүн хүртэл байсан гэдэг. Тухайн үеийн арван мянган төгрөг гэдэг чинь машины үнэ байлаа ш дээ. Би циркээс гараад “Варьете” чуулгад найруулагчаар ажиллаж байлаа. Варьете гэдэг чинь цирк, эстрадын урлагийн цогц шүү дээ. Циркээс илбэчин авъя гэхээр цалинг нь голоод ирэхгүй. Ингээд чуулгаас илбэчний сургалтын төлбөр гэж хоёр мянган төгрөг гаргаж өглөө. Хадаг сүү барьж очин багшдаа шавь орсон түүх ийм. “Та яагаад намайг шавиараа сонгосон юм бэ” гэж хожим багшаасаа асуухад “Хүнийхээ хувьд чамайг олз хайгаад байхгүй гэж бодсон” гэж байсан. “Баяраа зах дээр суучихаад гурван шаариг аяган дотор бөмбөрүүлээд, хүн луйвардаад байхаар хүн биш” гэдгийг багш маань олж харсан байгаа юм. Муу санаатай хүнд илбэ заавал маш аюултай. Илбэчин хүн чинь үзэгчдийн халааснаас гар утас, хэтэвч, цаг гээд аль л үнэтэй цэнэтэй бүхнийг нь аваад халаасалчихсан байдаг биз дээ. (инээв. сур)

Тэр эд зүйлсийг нээрэн яаж мэдэгдэхгүй аваад байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, гарын хөдөлгөөнөө сайтар ашиглаж байна. Хоёрдугаарт, нөгөө хүнийхээ сэтгэхүйгээр тоглож, уймруулж чадаж байна. Илбийн хамгийн гол зүйл чинь л хүний сэтгэхүйгээр тоглох шүү дээ. Хүн чинь их гэнэн амьтан. Хүн л анзаардаггүй болохоос нүд цавчихын хооронд маш удаан хугацаа ш дээ. Халаасны алдартай хулгайч нар автобусанд нэг талаараа мөрлөж хүний анхаарлыг татаж байхаа нөгөө талынх нь халаасыг ухчихдаг. Хүн дайраад байгаа тал руугаа л анхаарлаа хандуулахаас эсрэг талаа мартчихдаг байхгүй юу.

Монголоос олон улсын наадамд илбэчид явж байсан болов уу?

-1977 онд манай багшийн хүү Алтанхуяг Чехословак улсад болсон Карлварын олон улсын илбэчдийн тэмцээнд оролцож байсан юм билээ. Түүнээс хойш 30 жилийн дараа Шинжиний наадамд би оролцсон. Хятад, Солонгосын илбийн урлаг янзын л хөгжсөн юм билээ.

Илбэ үзvvлэхэд хар зураг гаргадаг уу. Ер нь бэлтгэлээ яаж хийх вэ?

-Өөрөө бодож сэтгэж, техник хэрэгсэл ашиглах томоохон илбэ бол хар зураг гаргаж, аппаратур хэрэгслээ бүтээнэ. Үзүүлбэрээ бэлдэхдээ би өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжээд хэнийг ч оруулахгүй ганцаараа хийдэг. Манай зарим ажилчид их гайхдаг юм.

Алчуур сэгсрээд л тагтаа, туулай гаргаж ирснээ шүхэр болгоод байдаг. Хүний гарын хурдан хөдөлгөөнөөр энэ бүхнийг хийж үзүүлдэг гэж үү?

-Хүн олж харахгүй л байх ёстой. Хэрвээ энэ үзүүлбэрийг удаан хийвэл хэнд ч ойлгомжтой ш дээ. Тэгээ л нэг шүхэр энд тэндээсээ гаргаж ирээ л зогсоод байвал ямар ч утгагүй шүү дээ. Илбийг хүмүүсийг гайхширтал гоё л үзүүлэх учиртай.

Илбэчний тухай кинон дээр хутга шидэх үзүүлбэр хийж байхдаа хайртай бүсгүйгээ хөнөөчихдөг шиг эрсдэл их байна биз?

-Цирк бол эрсдэл гэсэн үг байдаг. Илбийн урлаг циркийн нэг төрөл учраас эрсдэл ихтэй. Дохио зөрөх асуудал байна. Цахилгаан хөрөө хархийтэл бууж байгаа үзүүлбэр л гэхэд тоглогч байрлалаа олоогүй үед хөрөө буучихвал хэцүү биз дээ. Илбийн түүхэнд хутгалаад алчихсан, хөрөөдөөд хөнөөчихсөн, сүлбээд егүүтгэчихсэн тохиолдол зөндөө байдаг. Амьтан сургагч арслангаа торноос алдаад хүн бариулчихсантай адил эрсдэл маш их. Тиймээс илбэчин хүн маш нямбай, сахилга хариуцлагатай байх хэрэгтэй. Илбэд нэг л алдаа гаргавал нэр нүүрээ шалан дээр шороотой хутгахтай адил гэж би шавь нартаа хэлдэг юм.

Циркийн алтан үеийнхнээс хэн хэнтэй хамтран тоглож байв?

-Алиалагч Батсүх бид хоёр тоглолтод олон удаа хамтарч байсан. Латиф, Цээеэ нартай ч тоглож л байсан.

Таныг илбийн мастераас гадна олон сайхан дууны шүлэг бичсэн хүн гэж сонссон. Ямар бүтээлүүдтэй билээ?

-Гавьяат жүжигчин, дуучин Оюунбилэгийн дуулсан “Инээцгээе хүмүүс ээ, инээцгээгээрэй”, “Зүүдний цагаан хун”, Хатанбаатарын дуулсан “Цэцэг ичээм”, Г.Эрдэнэбат гавьяатын дуулдаг “Миний хань”, гавьяат Төмөрхуяг, гавьяат Уранчимэг нарын хоёр өөр аяар дуулдаг “Хайранд шингэсэн орчлон” зэрэг нэлээд дуу байдаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Манай хамтлагийн дуу зөнгөөрөө ард түмний дуу болчихсон

“Madness” хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайхантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Madness” солиорол гэсэн утгатай юм билээ. Яагаад ийм нэр өгч байв аа?

-Манай хамтлаг 1994 онд трэш метал стилиэр тоглож эхэлж байсан. Хөх тэнгэр радио дээр арав гаран дуугаа бичүүлчихээд Оюунтунгаа хөтлөгчтэй шууд ярилцлагад орж байсан юм. Оюунтунгаа тэр үед та нарт “Madness” гэж нэр өгчихмөөр байна хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу гэсэн. Тухайн үед өөр нэртэй байсан юм л даа. Жаахан ч байж тэгье гээд л “Madness” нэртэй болсон түүхтэй. “Madness” хамтлагийн хувьд метал хөгжим хөөж байгаад 1997 онд “Хотын гудамж” гэж дуу хийснээр стилиэ зөөллөж рок, поп урсгал руу орсон.

-Тухайн үед бөмбөрчин чинь орос байсан байх аа. Анхны бүрэлдэхүүнд хэн хэн байв. Одооны гишүүдийн хувьд…?

-Анх бөмбөрчин Вадим, соло гитарчин Тамираа, гитарчин Ганга, басс гитарчин Гэрэлтнаран гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Вадим Монголд арав гаран жил амьдарсан залуу байсан. Тухайн үед аав нь Ленин клубийн Орос талын захирал байсан юм. Одоогоор Вадим Орост амьдарч байгаа. Бас манай нэг гишүүн маань Хятадад амьдрахаар болсон. Ганга маань одоогоор тусдаа уран бүтээл хийж байгаа. Хамтлагийн нэрний эрх над дээр байдаг учраас “Madness” нэрээрээ залуу баг бүрдүүлсэн. Одоогоор дуучин Ч.Оюунсайхан, соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтан­шагай, басс гитарчин Т.Боорч гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

-Анх байгуулагдаж байсан үеэ дурсаач?

-Би оюутан болж ирээд л ХААИС-ийн клубийн эрхлэгчийн хүүхэд Дөлөө гээд залуутай танилцаж байлаа. Тэгээд бид хоёр ярилцаад хамтлаг байгуулъя гэж байтал Саруул компанийн том техник хэрэгсэл дээр гэнэт буучихсан. “Madness” хамтлаг хангалттай хөгжим техник хэрэгсэлтэй болчихсон.ХААИС-ийн урлагийн заалыг ашиглаж бэлтгэл хийснийхээ оронд оюутны шинэ жилийн баяраар дуулж өгдөг замналаар л эхэлж байсан. Тэрнээс хойш Вадимтайгаа нийлээд Ленин клубын техник хэрэгсэл дээр очсон. Тухайн үед “Нисванис” манай өрөөнд ирж бэлтгэл хийдэг байлаа. Бид зэргэлдээ сургуулийн нэг үеийн л хоёр хамтлаг байгуулагдаж байсан юм.

-Танай хамтлагийг “Хотын гудамж” дуугаар нь мэдэхгүй хүн байхгүй. Дуу төрсөн түүхээсээ хуваалцаач?

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Арван жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирээд хөгжмийн сургуульд орж байлаа. Оюутан болж Улаанбаатар хотыг харсан сэтгэгдэл маань энэ дуунд гарч байгаа юм. Тэр нь хүмүүст их таалагдсан.

-“Madness” хамтлаг одоогоор хичнээн цомог гаргаад байгаа вэ?

-Манай хамтлаг гурван цомог, 20-оод видео клиптэй. Удахгүй дөрөв дэх нь гарах гэж байна. Дөрөв дэх цомог маань “Best of Madness” гээд өмнө нь орсон гурван CD-ны дуу болон өмнө нь ороогүй дуунууд орно.

-Таныхаар амьд хөгжим тоглож байгаа хамтлагуудаас танай хамтлаг аль түвшинд явж байгаа бол?

-Бидний өмнө “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдаж байсан. Бидний үед “Нисванис” манайх хоёр байгуулагдсан. Сүүлд их олон хамтлаг гарч ирсэн байна. Тэр бүгдийг хийсэн уран бүтээл, хүнд хүрсэн байдлаар нь сонсогчид дүгнэх байх.

-Шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын хувьд танд ямар санагдаж байна?

-Амьд хөгжмийн хамтлаг олон гарч ирэх тусмаа сайн. Тэр утгаараа бид нар бэлтгэлийнхээ байранд 4,5 хамтлаг бэлдүүлж байгаа. Нэг таалагдаагүй юм нь туйлбаргүй юм шиг. Тэр нь нийгэмтэйгээ холбоотой юм уу даа. Ганц сар болоод нэг хүн солигдох ч юм уу. Эсвэл бүр хамтлаг тарах асуудлууд байна. Яг болж байгаа “A sound”, “Lemons” бол гоё байна. Үнэхээр сонсох дуу тэдэнд байна. Тэрнээс доош залуу хамтлагууд нэг л хөлөө олохгүй байх шиг. Бид нар өмнө нь тоглох гээд очсон газар бөмбөргүй байдаг байсан. Тэр үед хувийн машин гэж байсангүй. Таксинд өсгөгч, бөмбөрөө ачиж аваачаад зоож тоглочихоод явдаг байсан. Одоо харьцангуй гитар, бөмбөрийн палкаа барьж очоод л тоглочихдог болсон. Амархан болчихоод байна шүү дээ. Үүний төлөө тэмцэх залуус сул байгаа юм болов уу.

-Хуучин дуунуудаа шинэчилж дуулсан байна лээ. “Хотын гудамж” дууг Харангийн Лхагваа, Зочин дууг реппер Gee-тэй хамтарсан байсан?

-Өөрсдийнхөө мартагдсан дууг сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэж үзээд “Чамдаа зориулъя” гээд Дорнодын “Цуурай” хамтлагийн ахлагч Энхтүвшин бичиж байсан дууг дуулсан. Мөн “Зочин” дууг тэр үед манай гитарчин дуулчихсан байдгаар нь хүнд хүрчихсэн. Тухайн үед банзан гитартай дуулсан гитарын тоглолттой дуу байсан л даа. Бид ярилцаад дундуур нь жаахан ритмтэй болгоё гээд Gee-тэй хамтарч дуулсан. Тэр шинэчилсэн хувилбар маань хүмүүст таалагдсан. “Зочин” дууг одоо хаана ч очсон дагаад дуулдаг шүү. Харангийн Лхагва ахтай “Хотын гудамж” дууг Улаанбаатар хотын ойгоор дуулсан. Одоо Агиймаатай “Сүүлчийн хавар” гээд төгсөгчдийн дуугаа шинэчилж дуулж байна.

-Сая гадаадаар тоглолтоор яваад ирлээ. Хүмүүс хэр хүлээж авч байв?

-“Madness” Европоор дөрвөн жилийн өмнө тойрсон. Тэр үетэй харьцуулахад одоо тоглолт их очоод Монголдоо байгаа юм шиг болсон байна. Сард нэг тоглолт очоод монголчуудыгаа баярлуулчихдаг болж. Амьд хөгжим гэдэг утгаараа үнэ цэнтэй байна. Сая Лондонд мартын 8-аар явсан. Шинэ жилийн ажил дуусаад амралт маягаар Шингений 6,7 орноор ороод монголчуудтайгаа уулзлаа. Тоглосон заал нь дүүрэх ч тоглолт байсан, тал ч байсан, бага ч байсан.

-Хамгийн их үзэгчтэй орон нь аль байв?

-Швэд, Герман, Швецарь дажгүй байлаа шүү. Тоглолт хийх зуураа Парист “Уйдсан сэтгэл” гээд уянгын хайрын дууны клипний зураг авалт хийчихээд ирсэн. Тэр клипний монтаждаа орох гэж байна.

-Байгуулагдаад хичнээн жил болов. Монголдоо хэзээ тоглолт хийх вэ?

-17 жил болж байна. Одоо тоглолт хийх гэхээр жаахан чамлалттай байна. 15 жилийн өмнө хийсэн зүйлээ тайлагнаад концерт нэгэнт тоглочихсон. Одоо бид тоглолт хийхийн тулд дор хаяж 2,3 цомгийн дараа хийх ёстой. Хэр их дайчин ажиллаж, хэр их уран бүтээл хүнд хүрч байна гэдгээс шалтгаалаад тоглолтоо төлөвлөнө. Нийтийн дууны нөхдүүд шиг нэг дуу дуулаад л нийлээд концерт хийгээд байж болохгүй л дээ. Тиймээс дор хаяж 3,4 жил болно.

-1990 оны залуус болон одоогийн үеийн залуусын сонирхол хэр өөр байна?

-Бид уран бүтээлээ өөрсөндөө таалагдах хэмжээнд хийж байж кайф авдаг. Одооны залуус юу сонсож байна гээд хувираад байх хэцүү л дээ. Интернет, утас, зар гээд л бүх талаараа 180 градус эргэчихсэн цаг үе. Бид ҮЭСТО-нд 1994 онд тоглоход шөнөжин гудамжаар автобусны буудал дээр канондсон цаас наагаад л явж байсан. Одооных шиг аннонс байдаггүй байлаа. ҮЭСТО урд даавуун дээр гараар зурчихсан хохимой толгойтой аннонс наагаад л найз нөхдийнхөө хүрээнд л реклам хийнэ. Одооны залуучуудын сэтгэхүй шал өөр болсон. Бидний хувьд залуусыг барих гэж дуу хийхгүй. Madness-ийг сонсох масс байж л байгаа. Бид өөрсдөндөө таалагдаад л явна. Тэртэй тэргүй “Хотын гудамж”, “Зочин”, “Минийх”, “Нэг өдөр” дуунууд маань хүнд хүрчихсэн. Тэр дуунуудыг бид нийтийн дууныхан шиг FМ, телевизээр тавьж гүйж байсангүй. Бид дуунуудаа гаргаад нэг телевизэд өгөөд орхиж байсан. Тэгэхэд манай телевизэд авчирч өгсөнгүй гэж гомдож байсан үе бий. Одоо зарим нөхдүүд дуу гаргаад FМ-ээр зоолгоод мөнгө төлөөд, телевизээр өдрийн 5,6 гаргая гээд л гүйдэг болж. Бид одоог хүртэл тэгж үзээгүй. Зөнгөөрөө 5,6 дуу ард түмний дуу болчихсон байгаа.

-Дууны үг, ая хэн бичиж байна?

-Үг, ая голдуу минийх. Манай Гэрэлтнаран гээд басс гитарчны аянууд бас их зонхилдог.

-Клипний зураг авалт санаа нь содон байдаг. Санааг нь яаж гаргадаг вэ?

-Дээр үед дуугаа аваачиж өгөөд “G-entertainment”, “Hero”-гийн Баатар ийм зохиол байна гэхээр л гоё санагдаад хийчихдэг байсан. Сүүлийн үед тэрэндээ бас оролцох сонирхолтой болчихож. Ингэвэл гоё, ийм гээд л. Гэхдээ “Madness”-ын хувьд үлгэр домог шиг клип сонгохоосоо илүү энгийн клипнүүдийг сонирхдог. Дууг нь сонсохгүй дүрсийг нь үзээд байхгүйгээр үгийг нь л сонсох гол шүү дээ. Өмнөх дөрвөн клипийг “G-entertainment” хийж байсан. Тэрнээс хойш дандаа “Roll entertainment” манай клипэн дээр ажиллаж байгаа.

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэж байна?

-Миний хувьд хөгжим маань хобби маягаар явж байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Яагаад гэвэл Монгол гурван сая хүн амтай. Бид нар 300 сая хүнтэй байсан бол Хотын гудамжийг дуулаад би тэрбумтан болчихсон байгаа. Өөр юу ч хийхгүй амьдарч болно шүү дээ. Тиймээс заавал хажуугаар нь юм хийх ёстой. Долгион ах “Хөгжимд нэг л орвол гарч чаддаггүй” гэж надад хэлж байсан. Урлагт хайртай, амьд хөгжимдөө дуртай учраас би явж байна. Дээрээс нь хүн миний дууг сонсоод дагаад дуулж байгаагаас кайф авдаг.

-Хамтлагийн студийнхээ талаар яриач. Хэзээ байгуулагдаж байв?

-Студи байгуулагдаад хоёр жил болж байна. Цэвэр өөрсдийн уран бүтээлээ хийдэг. Одоо ганц, хоёр дуучинтай хамтраад уран бүтээл, ард талын ажлыг нь хийх санаа байна.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Одоо “Best of Мadness” цомог гарч байна. Манай хамтлаг шинэ гурав, дөрвөн дуу хийгдчихсэн байгаа юм. Энэ жилдээ багтвал дахиад шинэ цомог хийх санаа байна. Тэр нь “Madness 5” цомог нь байна. Шинэ цомог стилийн хувьд баригдмал биш. Би өөрөө сонсогч. Өдөр болгон зурагтаар хөгжмийн нэвтрүүлгээр барууны дууг сонсдог. Тэдний стиль нь миний чихийг нүдэж, толгойг угааж байна. Тиймээс жаахан шинэлэг дуунууд хийнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө

Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/ С.Зориг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний төрсөн өдөр болон тэнгэрт одсон өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр ИЗНН-ын гишүүд, дэмжигчид 11.00 цагаас С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтгэх юм байна.

С.Зоригий хөнөөсөн эзэд, захиалагчид илрэлгүй 17 жил өнгөрөөд буй. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан эрх мэдэлтнүүд гэмтнүүдийг гэсгээхийн тулд юу хийсэн, юу хийж чадаагүйгээ ард түмэнд тайлагнах цаг хэдийнэ болсон гэж ИЗНН үзэж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Засгийн газраас ээлжит бус, хаалттай хуралдаан зарлаж Оюутолгой, Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Хаалттай хуралдсан тус хурлаар Рио тинто компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, харин Тавантолгойн гэрээний төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хэлэлцүүлж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэврлэхээр тогтсон байдаг.

Тэгвэл өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Тавантолгойн гэрээний төсөл оржээ.

Categories
мэдээ спорт

3-ын эсрэг 3 тоглоно

“Зүрхний Улаанбаатар” залуучуудын өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр Тусгаар Тогтнолын Ордны өмнөх талбайд 12:00 – 18:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна. Өдөрлөгийн үеэр Street Basketball 3 эсрэг 3 зохион байгуулагдана. Тэмцээний үеээр олон хөгжөөнт тэмцээн, урлагийн номер, хямдрал, азтан шалгаруулах сугалаа гэх олон үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.