Categories
гадаад мэдээ

NASA сансрын машин бүтээжээ

NASA сансар огторгуйн судлалдаа зориулж хажуугаараа явах чадвартай шинэ машин бүтээсэн бөгөөд өөрийгөө удирдах чадвартай автомат удирдлагатай юм байна. 69км/цаг хурдлах чадвартай ба нэг батерейгаараа 99 км туулах боломжтой аж.

Бие биенээсээ хамааралгүй ажилладаг, 180 градус эргэх чадвартай 4 дугуйтай бөгөөд энэ дугуйнуудынхаа тусламжтайгаар дороо эргэлдэх, хажуугаараа явах гэх мэт бусад машинуудын үйлдлүүдийг хийж чаддаг болжээ. НАСА үүнийг одоогоор зөвхөн сансрын машины технологид зориулаад байгаа ч аж. NASA дан ганц сансрын машин бүтээгээд зогсохгүй олон зүйлийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан юм. Тухайлбал гутлын улавч, цанын гутал, компьютерийн хулгана, усан филтер, нарны эрчим хүчний үүсгүүр, алсын зайн харилцаа холбоо, гар утасны камер гэх мэт. NASA удахгүй сансрын машинаа туршиж үзэх бөгөөд одоогоор цөөн тоогоор үйлдвэрлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

217 барилгыг гүйцээн барихад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, зогсчээ. Энэ нь тэдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэллээ.

Сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байгааг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдэгдлээ.

Барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогссоноор төсөвт зардал нь нэмэгддэг юм байна. Эдгээр 217 царцаагдсан барилгын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахад ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм байна.

Categories
мэдээ спорт

Жүдочид Хорватыг зорино

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээнд буурал тивд үргэлжилнэ. Ээлжит гранпри тэмцээнийг энэ удаад Хорватын Загреб хотод зохион байгуулах юм. Ирэх сарын 1-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Монголын жүдо бөхийн шигшээ багтай Сингапур, Словенийн жүдочид хамтарсан бэлтгэл хийж эхлээд байна. Сингапураас 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 14 хоногийн бэлтгэл хийнэ. Харин Словениос -78 кг-ын жингийн тамирчин туршлага судлахаар дасгалжуулагчийнхаа хамт манай улсад иржээ.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилгын ажил эхэллээ

Өнөөдөр Монголын шинэ үеийн залуусын бүтээн байгуулж буй “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын барилгын ажил эхэлж байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртэлх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасан билээ.

УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулжээ.

2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай, үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон.

Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хорооллыг, нийгмийн байгууламжийн хамт цогцолбороор нь барихад урт хугацаатай, бага хүүтэй, гадаад эх үүсвэрээр санхүүжлүүлэх боломжийг бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзжээ. “Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжсэнээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол бий болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослууд гарч хүн машинд дарагджээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын шинэ эцэс “Буурал ээж” дэлгүүрийн хажууд авто тээврийн осол гарч хүн машинд дарагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Prius-11” загварын автомашинд 33 настай, эрэгтэй мөргүүлэн автомашинд дарагдсан байсныг гаргаж ГССҮТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Өгөөжийн уулзварын урд 4 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Toyoto Gorolla, Elentra маркийн автомашинууд мөргөлдөж онхолдсоны улмаас 26 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, 27 настай, эрэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр УИХ-д өргөн барина

Өнөөдөр Монгол Улсын сайд М.Энхсайхан “Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-д өргөн барих юм байна. Өнгөрсөн хугацаанд гэрээний бичиг баримт бүрэн эсэхийг хянуулахаар УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн аж. Ингээд УИХ-ын тамгын газраас бүрэн эсэхийг шалгаж дууссан тул өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан “Тавантолгой”-н асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. УИХ-ын даргын зүгээс “Тавантолгой”-н гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээ илэрхийлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Анхнямыг Алтан гадас одонгоор шагналаа

“Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анно Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр өнөө өглөө Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөртэй уулзсан юм.

Энэхүү уулзалтад Монголын кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчид оролцож харилцан яриа өрнүүлсэн юм.

Мөн энэ үеэр “Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн Соёлын Тэргүүний Ажилтан Р.Анхнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан байна.

Энэхүү шагналыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн билээ. Жил бүрийн энэ өдөр С.Зориг агсаны хөшөөнд төрөл төрөгсөд, найз нөхөд, намынх нь гишүүд цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр 11.00 цагт цэцэг өргөх ёслол боллоо.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 668 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/130 тоот захирамжийн дагуу амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж,нийт 676,670 м2 талбайн 668 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дүүргийн Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтэсүүд, 28 хорооны ажилтан, албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэгүүд ойр орчим дахь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэжээ.­­­­

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, худалдаа, үйлчилгээний цэг салбарууд орчныхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж, гэрлийн шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэсэн юм.

Түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд зөвхөн хог тээвэрлэлт хийх бус өөрсдийн хариуцсан бүсийг хоггүй, цэвэр байлгахад гол үүрэг гүйцэтгэж, үүсмэл болон хур хогийн цэгүүдийг цэвэрлэн, ариутгалын ажлыг хийлээ. Мөн Амгалан 461 дүгээр хорих ангийн 40 хүмүүжигч Улиастайн гол дагуу, Төрийн банкны төвийн салбарын 15 ажилтан сайн дураараа Сэлбэ гол дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байгаа тул ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх хэрэгтэй гэж албаны хүн мэдээллээ.

Гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон бөгөөд үүнээс 18200 шалгуулагч тэнцсэн байна. Тэрхүү шалгалтад бүдэрсэн 3293 шалгуулагч болон шинээр нэмж бүртгүүлсэн болон шалгалтанд ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм байна.