Categories
мэдээ нийгэм

Ч.Хашчулуун занарын талаар юу ярив

Манай улс занарын их нөөцтэй. Түүнийгээ ашиглах талаар ярьдаг ч ажил болдоггүй. Энэ талаар Монголын шатдаг занарын ассоциацийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун “Өдрийн сонин”-нд ярилцлага өглөө. Тэрбээр “Занарыг дотооддоо ашиглах үүднээс чухал гэж хэлж болох хоёр, гурван алхам хийлээ…” гэж ярьсан юм. “Монголыг гаднаас хараат хараат байлгах өндөр сонирхол занар дээр ажиглагдаж байна” ярилцлагыг манай сонины мягмар гаригийн дугаараас уншина уу.

Categories
мэдээ улс-төр

2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Налайх, Сүхбаатар дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

  • “Улаанбаатар форум 2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон НЗДТГ зохион байгуулан оролцсон бөгөөд чуулганд төр болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл оролцож Улаанбаатар хотын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг баталсан байна.
  • Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбооны дарга, ерөнхийлөгч нартай уулзалт зохион байгуулан төгсөлтийн арга хэмжээг оюутан, сурагчдын дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулах талаар саналыг авч, хамтарсан удирдамж гаргасан байна.
  • 2015 оны 04 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48,6 км үерийн далан сувгийн цэвэрлэгээг 15 байгууллага, 523 хүн, 20 техник хэрэгсэлтэй нийт 69,5 тн хог хаягдлыг цэвэрлэж үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэн ажилласан.
  • НЗД-ын А/173 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалт, ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдалд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллажээ.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/40 дугаар тушаалын дагуу 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн оролцсон байдал болон тоон мэдээллийг танилцууллаа. Цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцжээ. Үүнээс төрийн 513 байгууллагын 6564 албан хаагчид, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7442 байгууллагын 16422 иргэн, 108 ерөнхий боловсролын сургуулийн 6337 багш, ажилчид, 68 их, дээд сургуулийн 4250 оюутан, багш, 163 цэцэрлэгийн 2351 багш, ажилчид, 602 СӨХ-ийн 7088 иргэд, ажилчид, бусад 3484 байгууллагаас нийт 43000 иргэн цэвэрлэгээнд оролцжээ. Цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м2 талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдлыг ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид бусад оюутнуудтай хамтран автобусны буудлууд, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг угааж цэвэрлэжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангаж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабд даалгав. Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг нарийвчлан гаргаж 04 дүгээр сарын 30-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулахыг үүрэг болголоо. Харин үерийн усны далан, суваг, байгууламжийн асуудал дээр мэргэжлийн байгууллагуудаас оролцуулан зөвлөлдөж, удирдлагын зөвлөлд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав. Дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах, мөн гэрэлтүүлэг болон бусад эд хогшлын засвар үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэж байхыг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдал, удирдлагын хэлтэст үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

– See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/9445#sthash.pMlWOhet.dpuf

Categories
гадаад мэдээ

Нью-Йоркт онц байдал зарлажээ

АНУ-ын Нью-Йорк мужид синтетик марихуан хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирэх өвчтөний тоо огцом нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн захиргаанаас эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Өнгөрсөн баасан гариг гэхэд ес хоногийн хугацаанд “Спайс” буюу “КэйТү” гэдэг синтетик мансууруулах бодисоос харшилсан 160 гаруй хүн эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн хэмээн мужийн захирагч Андрей Куомо баасан гарагт мэдэгджээ.

Мужийн захиргаанаас мэдэгдсэнээр, “Спайс” ба түүнтэй төстэй бусад синтетик мансууруулах бодисуудыг ургамлын гаралтай материал гэсэн ангилалд хамааруулдаг учир зах зээл дээр хууль ёсоор борлогддог юм байна. Энэхүү бодис нь марихуантай төстэй үйлчилдэг бөгөөд дотроо олон төрөл байдаг аж. “Синтетик каннабинойдод агуулагддаг нэгдэл нь байнга өөрчлөгддөг учир хэрэглэгчид биедээ яг юу оруулж байгаагаа мэдэхэд төвөгтэй” гэж Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн комиссар, доктор Ховард Зукер мэдэгджээ.

Синтетик марихуанаас харшилсан өвчтөнүүдэд ухаан самуурах, зүүрмэглэх, толгой өвдөх, зүрхний цохилт түргэсэх, ухаан алдах, багтрах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж Нью-Йорк мужийн эрүүл мэндийн хэлтсийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн өсвөр насны хүүхэд, залуусын дунд синтетик марихуаны хэрэглээ өндөр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дарханы замд хамгийн их осол гардаг 9 цэгийг тогтоожээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд 52 дахь километрээс 161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг тогтоолоо. МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлт, одоогийн байдал ямар байгааг өнгөрсөн гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд шалгасан юм.

· Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарсан бөгөөд замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байна. Мөн замын эвдрэл, хагарлаас болж эгнээ нарийссан хэсгээр жолооч сөрөг урсгалд орж мөргөлддөг нь тодорхой болжээ. Иймээс замын тухайн хэсгүүдэд хурдны хязгаарлалт заасан тэмдэгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх шаардлагатай байна.


· Замын 60 дахь км-т 2013 онд 20 удаа осол гарсан. Энэ нь хашлаганы эргэлттэй хэсэг болон төгсгөлд гэрэлд ойлгогчийг хангалттай хийж өгөөгүй, үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн тэмдэг, тэмдэглэгээ дутмаг.


· 85, 91 дэх км-т 2013 онд зам, тээврийн 44 осол гарсан. Эргэлт дээр налуу өндөрлөгөөг хийхдээ эргэлтийн хэсэгт төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн эргэлтийн хэсгээр явахдаа замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолддог


· Тойргийн эргэлтийн хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал учир шөнийн цагт осол гарах магадлал их


· 97 дахь км-т 2013 онд зам, тээврийн 4 осол гарсан. Зам дээрх гүүрний байгууламжийн өргөн хангалтгүйгээс жолоочийн харах орчин хязгаарлагдмал. Шөнийн цагт гүүрний баганын хашлага мөргөдөг

· Замын гүүрэн байгууламж дээрх зорчих хэсгийн голоор заагласан тасархай шугам балархай, бүдэг болсон нь шөнийн цагт жолооч баримжаа алдаж осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг


· 103-109 дэх км-т 2013 онд зам, тээврийн 26 осол гарч нэг хүн нас барсан. Шулуун замаас огцом эргэлтэнд орох хэсэгт замын налуу өндөрлөгөөг хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн хэсгийн гадна эгнээгээр яваа тээврийн хэрэгсэл замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргах магадлал их

· Замын огцом эргэлт дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас шөнийн цагт жолооч баримжаа алдаж осолдох магадлал их


· 120 дахь км-т 2013 онд зам, тээврийн 150 осол гарч нэг хүн нас барсан. Замын уруудах хэсэгт хурд хэтрүүлдэг. Бага хурдаар өгсөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осол их гардаг


· Огцом эргэлтээс уруудах замын хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюулгүйн хаалт, хашлага дутмагаас шөнийн цагт жолооч баримжаа алддаг


· Замын эвдрэл, хагарлыг тойрч гарах үедээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргах магадлал их


· 157 дахь км-т тээврийн хэрэгслүүд мөргөлдөх болон замын хажуугийн хаалт, хашлага мөргөх осол ихэвчлэн гардаг. Замын огцом өгсүүрийн оройгоос баруун тал руу эргэсэн огцом эргэлт залгаж байгаа нь ослын шалтгаан болдог


· Замын огцом эргэлт, уруудах үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашлага хангалтгүй


· 161 дэх км-т хурд хэтрүүлдэг. Замын өгсүүр хэсгийн оройд буюу Хадагтай модны орчим тээврийн хэрэгсэл удаан зогсдог. Үүнийг тойрч гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал их. Иймээс ослоос урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах тухай саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Зам, тээврийн яаманд хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн ИТХ-тай цахимаар холбогдох боломжтой боллоо

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдийг ажлаа явуулахад дэвшилтэт технологийн боломжоор хангах үүднээс хуралдааны танхимуудад дүрст хурлын нэгдсэн системийг суурилуулахаар төлөвлөж эхнийхийг нь ашиглалтад оруулсан байна.

Анхны онлайн хурлыг УИХ-ын гишүүн өнгөрсөн долоо хоногт тойргийнхонтойгоо хийсэн. Дүрст хурлын системийг ашиглан УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтойгоо шууд холбогдох боломж бүрдэж байгаа юм.
Энэ сүлжээг УИХ-ын байнгын хороод хуралддаг танхим болон Ерөнхийлөгч, УИХ-ын даргын албан өрөөнд суурилуулж, орон нутгийн ИТХ-тай цахим холболт хийх боломж бүрдэж байна.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан комиссын хуралдаан болно

Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Хамтарсан комисс нь Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зэрэг асуудлаар хуралдана. Түүхийн харилцааны чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг тодорхой чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Тухайлбал, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг хуулбарлан авснаар Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахад томоохон ахиц гарсан бөгөөд Оросын талаас нийтдээ 8 мянган хуудас архивын баримтыг шилжүүлэн өгчээ. Мөн комиссын ажлын хүрээнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Оросын Холбооны Архивын Агентлаг хамтран “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” эмхэтгэлийн дэд боть болон “Халхын голын дайн” баримт бичгийн эмхэтгэл зэргийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон билээ.

Түүнчлэн комиссын шугамаар хийгдсэн ажлууд нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн шалтгаанаар үүссэн ОХУ-д төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэж, улс төрийн хилс хэргээр баригдан ОХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд нарыг цагаатгах, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээр байгуулах зэрэг үйл явцад бодитой, эерэг нөлөө үзүүлжээ.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Шууданчид захиргааны хэргийн шүүхэд ханджээ

Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, шууданчид 11 дэх өдрөө суулт зарлаж байна.

Тэд “Тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд томилохоор зэхэж байна” гэж үзэж буй тухайгаа мэдэгдэж байгаа юм. Шууданчид Төрийн өмчийн хорооны энэ шийдвэрийг удаа дараа эсэргүүцсэн ч одоог болтол тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байгаа. Тиймээс үүсээд байгаа энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд ханджээ.

Мөн тэд өнөөдөр өглөөний 07.00-9.00 цагийн хооронд Чингисийн талбайд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ, компанийн ТУЗ-д хууль бус томилгоогоо зогсоож, шууданчдад ээлтэйгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан бичгийг хүргүүлсэн байна.

Энэ талаар “Монгол шуудан” ТӨХК-ийн маркын газрын дарга Д.Ганболдоос тодруулахад “Төрийн өмчийн хорооноос энэ асуудал дээр тайлбар авахаар хандсан боловч удаа дараа татгалзсан байдалтай байгаа. Мөн шууданчид Төрийн өмчийн хороонд энэ шийдвэрээ эргэн харах шаардлагыг хүргүүлсэн. Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ энэхүү шийдвэрээ эргэн харахгүй, тодорхой шийдэлд хүрэхгүй бол “Монгол шуудан”-гийн ажилчид төрийн өмчийн хорооны байрны урд өлсгөлөн зарлаж, суулт хийнэ” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Баярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна

“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд хамтран ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэд С.Баярыг авлига хээл хахууль авч АНУ-д долоон үл хөдлөх хөрөнгө авсан, 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлыг зохион байгуулсан, “Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар байгуулсан, Ерөнхий сайд байх үед Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдсан гэх асуудлуудаар АТГ-т хандаж байгаагаа мэдээлсэн юм.

Харин энэ үеэр “Их Монгол Нэгдэл”-ийн тэргүүн Ч.Мөнхбаяр “Бид С.Баярт цаазын ял санал болгож байна. С.Баярыг Оюу толгойн гэрээний хүрээнд 42 алдаа гаргасан гэж үзэж байгаа. Гэрээг байгуулж байх үед Монголчууд юу ч хийхгүй байсан ОТ Монголыг тэжээх болно гэж ярьж байсан. Гэтэл одоо Монголчууд ОТ-д өртэй болчихоод байна. Энэ байдлыг хэн ч тайлбарлаж, хариуцлага хүлээхгүй байгаа. Тиймээс би мэдэж байна. Би хариуцна хэмээж байсан С.Баяр одоо хариуцлагаа хүлээх болсон” хэмээн хатуухан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Тохижилт үйлчилгээний ажилтан дайруулж, эмнэлэгт хүргэгдлээ

Өнөөдөр өглөөний 8:30-9:00 цагийн үед Баянгол дүүрэг, Эх Нялхасын эмнэлгийн арын замд 30 орчим насны, тохижилт үйлчилгээний ажилтан эрэгтэй ажлаа хийж байх явцдаа суудлын автомашинд дайруулсан хэрэг гарлаа.

Тэрбээр ухаан алдсан, нэлээд цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар түүний цэвэрлэгээний хэрэгсэл, тэрэг, хүрз, шүүр гээд хугарч гэмтээгүй зүйл нэг ч үлдээгүй байсан гэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулагчид Замын-Үүдэд чуулна

Энэ сарын 25-ны өдөр “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулах гэж байна. Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтын зорилго нь “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөхөд оршиж байгаа аж. Тус чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд С.Цогтбаатар болон холбогдох албаны хүмүүс, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.