Categories
мэдээ цаг-үе

“Гэгээн хаврын ёслол”

-СТРАВИНСКИЙН АВАНГАРД БАЛЕТЫГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМД ХӨРВҮҮЛЭН ТАВИХ ГЭЖ БАЙНА-

“Гэгээн хаврын ёслол” гэж Оросын хөгжмийн зохиолч хорьдугаар зууны неокласицизмын удирдагч Игорь Стравинскийн балет байдаг. Энэ балетыг нийслэлийн Улаанбаатар чуулга үндэсний хөгжимд хөрвүүлэн энэ сарын 24-нд “Гэгээн хаврын тахилга” нэрээр тайзнаа тавих гэж байгаа юм байна. “Гэгээн хаврын ёслол” балетыг балетмейстр Өлзийсайхан ерээд оны эхээр ДБЭТ-т дэглэн тавьж байсан ч олон тоглоогүй, тэгсгээд хаагдсаныг хүмүүс санаж байгаа болов уу. Уг балетыг анх хэрхэн бичиж хэрхэн тавьж байсан талаар олон сонирхолтой баримт байдгийн заримаас хуваалцъя. Урлагийг ивээн тэтгэгч бөгөөд Парис дахь “Оросын балет” компанийн эзэн Дягилевын захиалснаар Стравинский 1913 онд бичиж мөн оныхоо тавдугаар сарын 29-нд анх тоглосон байдаг. Тайз, хувцасны дизайныг манайхны сайн мэдэх Оросын алдарт зураач, эртний соёл судлаач Николай Рерих хийснээр барахгүй мөн цомнолыг нь бичсэн бол балетмейстр Вацлав Нижинский дэглэн найруулсан байна. Стравинскийн авангард хөгжим бүжгийн дэг найруулгын хамт маш их шуугиан дэгдээж анхны тоглолтын үеэр үзэгчид бараг л бослого гаргасан байдаг.

Энэ үед Стравинский залуу байж, хөгжмийн зохиолчийнхоо хувьд чухамдаа тэгтлээ нэрд гараагүй байсан үе. “Гэгээн хаврын ёслол” балет нь Дягилевын захиалгаар 1910 онд тайзнаа тавьсан “Галт шувуу”,1911 онд тавьсан “Петрушка”-гийнх нь дараа гаргасан гурав дахь балет юм. Николай Рерихийн өвөрмөц шийдэл нь Стравинскийн балетын үндсэн санаа, үзэл концепцийг нь баяжуулж өгчээ. Тэрбээр “1910 оны нэгэн өдөр, “Галт шувуу”-ныхаа сүүлчийн хуудсыг бичиж дуусгаж байхдаа агшин зуурын төсөөлөлд би автав. Тэр төсөөлөлдөө онгон шүтлэгийн ариун зан үйлийг харсан минь: гэгээнтнүүд тойрч суугаад өөрөө үхэж байгаа залуу бүсгүйн бүжгийг харцгааж байх юм. Тэд Хаврын бурхан тэнгэрийг тайтгаруулахаар бүсгүйг тахил болгон өргөж байна. Миний шинэ балетын сэдэв санаа иймэрхүү байв” гэж 1939 онд зохиолынхоо гар бичмэл дээр тэмдэглэсэн байдаг байна. Ингээд тэр үедээ “Гэгээн хаврын ёслол” балетаа бичиж эхэлжээ. Балет хоёр ангитай. Эхний хэсгийг “Газар дэлхийгээ шүтэхүй”, хоёр дахь хэсгийг “Өргөл” гэж нэрлэдэг. Хөгжим дөчин минут үргэлжилдэг юм.

Стравинский зохиолынхоо санааг эртний орос ардын бүжгээс олсон гэдэг. Тэр нь дундад зууны оросууд амьдралыг тэтгэгч газар дэлхийн үржил шимийг хүсэн, жилийн жилд ургац арвин байхыг бэлгэдэн тэнгэр бурханд тахил өргөдөг ёс заншлыг өгүүлсэн ардын бүжиг юм байж.Ингээд балетын анхны тоглолтын үеэр үзэгчид балар эртний бүжгийн төрөл, хөгжмийн жигд бус хэмнэл, найрал хөгжмийн хачин жигтэй дуугаралт, хачин зөрчилт хөг бүхий этгээд найрлыгсонсоод шооконд орсон байна. Нижинскийн дэглэлт ч сонгодог балетын дэгийг хайр найргүй эвдсэн байв. Балетмейстр Нижинскийд Стравинскийтэй ажиллах, түүний хөгжмийг ойлгож энэ балетыг босгоно гэдэг туйлын хүнд бэрх ажил байж.Хоёр дахь тоглолт нь зургадугаар сарын 4-нд болжээ. Харийн түвэгтэй дуурьсалтай хүнд хэцүү хөгжим, догшин ширүүн хэрцгийдүү гэмээр хэмнэл бүхий бүжигт дургүйцсэн үзэгчид үе үе танхим дүүрэн шүгэлдэж, хашгиралдаж эсэргүүцсэн байна. Хүлээн зөвшөөрөгч болон эсэргүүцэгч үзэгчид хоёр хуваагдан маргалдаж, зодоон цохиондоо тулж, бөөн үймээн дэгдээжээ. Эцэст нь цагдаа нар ирснээр үймээн самуун дагуулсан балетын тоглолт өндөрлөсөн байна. Стравинский сэтгэлээр унаж театрыг хар гүйхээрээ орхин гарсан тухай баримтад тэмдэглэсэн байдаг. Анхны тоглолтууд нь ийнхүү үймээн самуун болон хувирсан боловч үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж тун удалгүй “Гэгээн хаврын ёслол” балетыг алдар хүндийн оргилд гаргажээ. Энэ хөгжим хорьдугаар зууны дэлхийн хөгжмийн хөгжилд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг юм. Адармаатай хэцүү эхний тоглолтуудын дараа Стравинский хэлэхдээ балетмейстр Нижинскийг өөрийнх нь хөгжмийн цаад үзэл санааг огт ойлгоогүй гэсэн байдаг. Стравинский энэ зохиолоороо хүний оюун сэтгэлийн дотоод эрч хүчийг дүрслэхийг хүссэн байна. Олонх хөгжмийн зохиолчид ийм зорилгоо их олон цохивор хөгжмийн зэмсгүүдийн тусламжтайгаар илэрхийлдэг бол Стравинский тэгээгүй. Бүтэн оркестрт ердөө хоёр яруу хэнгэрэг дуугарч байх жишээтэй. Түүнчлэн зохиолынхоо туршид Оросын ардын хөгжмийн үндсэн төрхийг хадгалсан нь байнга сонсогдож байдаг. Игорь Стравинскийн тухай товчхон танилцуулахад, тэрбээр1882 онд Санкт-Петербургийн ойролцоо Хаант Оросын Ораниенбаумд төрж 1971 онд Америкт насан өөд болсон. Хорьдугаар зууны хөгжмийн модернизмын удирдагчдын нэг тэрбээр энэ зууны хөгжимд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүн юм. Орост хувьсгал эхлэхэд тэр Швейцарьт шилжин суурьшаад тэндээсээ Парист суух болжээ. Улмаар 1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд АНУ-д гарсан, Франц, Америкийн иргэншилтэй Оросын хөгжмийн зохиолч юм. 1928 он хүртэл Парист бүтээлээ туурвисан. Энэ үедээ тэрбээр хөгжмийнсонгодог дэгийг эвдэж орчин үеийн сонгодог буюу неоклассик чиглэлээр бичих болсон байна. Дягилевын балетын компанид тавьсан гурван балет нь орос ардын үлгэрийн сэдэвтэй. Нийслэлийн “Улаанбаатар” чуулга хорь гаруйхан төрлийн хөгжмийн зэмсэг бүхий үндэсний хөгжмийн жижигхэн ансамбль дээр энэ гайхамшигтай баялаг симфони бүтээлийг хэрхэн хөрвүүлж, этник хэлбэр формын монгол бүжгээр хэрхэн илэрхийлэн үзэгчдэд хүргэх нь маш их сонирхол татаж байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн илтгэлийг байнгын хороогоор хэлэлцэнэ

Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэл”-үүдийг хэлэлцэх юм байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 13 дахь илтгэлийг 2014 оны гуравдугаар сарын 31-нд, 14 дэх илтгэлийг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн барьсан ч 13 дахь илтгэлийг хэлэлцээгүй байсан юм. 13 дахь илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, эрүү шүүлтээс ангид байх эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг бүлэг асуудлыг тусгажээ. Хүний эрхийн 14 дэх удаагийн илтгэлд эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба өмчлөх эрх, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэг асуудлыг хөндсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцав

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах талаар Байнгын хорооны санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаны хүмүүс дахин төлөвлөлт хийгдэж байгаа зарим дүүргүүдэд өчигдөр ажиллав.

Эхлээд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд “Баганат өргөө”, “Гангар Инвест” компаниуд хамтран 5000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Эхний ээлжинд 1000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан юм. Одоогийн байдлаар нийт талбайн 23 хувийг чөлөөлсөн байна. Эхний ээлжийн барилгууд 6-р сард ашиглалтанд орох юм байна. Үүний дараа Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хороо орон сууцны 7 дугаар хорооллын барилгын ажилтай танилцлаа. Энэ хэсгийн нийт талбайн 50 орчим хувийг чөлөөлөөд байгаа аж. Инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны асуудлыг нийслэлтэй хамтран бүрэн шийдсэн байна. Орон сууцнууд шат дараалалтай ашиглалтанд орох бөгөөд 1-р блокын цутгалтын ажил 80 гаруй хувьтай явж байгааг “Асар өргөө” компанийн ажилтнууд танилцуулсан. Мөн Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо буюу 72-р сургуулийн орчимд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан юм. Энэ орчимд 15 айлын 1.7 га газар буюу нийт талбайн 22.6 хувийг чөлөөлжээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил саадгүй явагдаж байгааг Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаад нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг хэлсэн. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан болон хороолол дундах автозамын асуудлыг бүрэн шийдвэрлээд байгааг дуулгав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хүсэлт Өргөдлийн байнгын хороонд ирсний дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг хэлээд, гэр хорооллыг барилгажуулах явцад ямар хүндрэл үүсч байгааг тодруулсан юм. Гүйцэтгэгч компаниудын хувьд нийслэлтэй нягт хамтран ажиллаж байгаа учраас асуудал бага байгаа. Харин зарим иргэд, айл өрхийн хувьд газраа чөлөөлөхгүй, өндөр үнэ хэлэх зэрэг асуудал гарч байгааг хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хүндрэлтэй асуудал гарвал Өргөдлийн байнгын хороонд хандах хэрэгтэйг хэлээд цаашид хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын дахин хөгжүүлэх хуулийн төслийг ярилцана

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаанууд өнөөдөр болно. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд, Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд тус тус болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр, улстөрчид ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор популизм хийж эхэллээ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Эдийн засгийн хямрал, хүндрэл, ам.доллар, валютын хомсдол, үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн энэ үед иргэд төрөөс их зүйлийг харж байгаа. Гэтэл өмнө нь улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг улиг болсон тэр л жишгээрээ УИХ-ын хаврын чуулган үргэлжлэх нь. Таван толгой дээрээ хүчтэй талцаж таг зогсоож аваад, тийм ч өндөр насалдаггүй иргэдийнхээ тэтгэврийн насыг нэмэх бодлого гаргаж, Олон улсын конвенцид нэгдэн орох тухай, Соёрхон батлах тухай хэд хэдэн ч төслийг ярилцаад ёстой л жижиг сажиг зүйлээр зугаагаа гаргасан шигээ хаврын чуулганы өдөр, хоногийг өнгөрүүлж буй. Засгийн газар нь ч ийм л төсөл, иймхэн л санал санаачилгуудыг оруулан хэлэлцүүлж байна. Хямрал, хүндрэлийг даван туулах бодитой ажил санаачлах нь бүү хэл энэ талаар дуугарахаа ч байлаа.

Эрхбиш сонгууль дөхсөн болохоор гишүүд нь сүүлийн гурван жил очоогүй тойрогтоо очиж иргэд, сонгогчдыг энд тэнд цуглуулж баахан бужигнуулаад ирцгээсэн бололтой. “Ард түмэн минь хэзээ ингэтэл ядуурчихав аа. Тал талх, ширхэг төмсөөр голоо зогоож байгаа юм байна. Дорж гуайн тэтгэвэр нь амин зуулгадаа ёстой хүрдэггүйг мэдлээ. Одоо яах вэ” хэмээн шуугилдаж эхэллээ. Ард түмэн өлөн зэлмүүн байгаа нь үнэн. Энэ үнэнийг УИХ-ын гишүүд сая чуулганы завсарлагаар л олж харсан бололтой. Тэгээд одоо л ярьж эхлэх шинжтэй. Ярихдаа шийдвэртэй нэг ч үг дуугарахгүй нөгөө л популизмынхаа арга барилаар хашгичих төлөвтэй. Ирэх жилийн сонгуульдаа бэлдэж иргэдэд таалагдахын тулд өмнөөс нь өлсөхөд ч бэлэн байгаа мэтээр аяглаж байна. Хэдийгээр улстөрчдийн ярианд популизм, хийрхэл байгаа ч өлсгөлөн, гуйланчлалтай нүүр тулж, байдал хэцүүхэн байгаад санаа зовниж эхэлжээ.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы индэрээс ингэж ярьсан юм. “Улсын хэмжээнд 238 мянга 400 ахмад бий. Түүнээс 96 мянга 900 ахмад нь 230 мянган төгрөг буюу хамгийн доод тэтгэвэр авч байгаа. Саяхан шийдвэрлэсэн тэтгэврийн нэмэгдэл 22 мянган төгрөгийг нэмээд 230 мянгыг авч байгаа юм шүү. Ахмадууд тэтгэвэр аваад эхний арав хоногт нь махтай хоолоо иддэг. Сүүлийн 20 хоногт өлсч үхэхгүйн тулд цувдай, шар будаагаар голоо зогоож байна” хэмээн ярьж байсан.

Ер нь 2012 оноос хойш Засгийн газар хоёр удаа тэтгэвэр нэмлээ. Тэтгэвэр нэмчихлээ гээд ам таглаад байгаа боловч 2012 оноосоо ч буурчихсан байна гэж би харж байгаа. 2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг байсан. Үүнийг тэр үеийн ам.долларын ханшаар шилжүүлбэл 129 ам.доллар болдог байсан. Харин өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Энэ нь 116 ам.доллартай тэнцэж байна. Талхаар тооцоод үзэхэд л ямархан хэмжээнд буурсныг харж болно. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 онд талх 600 төгрөг байж. Харин одоо талх 1100 төгрөгт аль хэдийнэ хүрчихэж. Ахмадууд 180 мянган төгрөгөөрөө 2012 онд 300 ширхэг талх авч болдог байсан юм. Гэтэл одоо 230 мянган төгрөгөөр 200 ширхэг талх худалдан авч байна. Гурван жилийн өмнөхөөсөө 100 талх дутуу идэж байна, тэд. Бас цэргийн албан хаагчдын тэтгэвэрт цолны нэмэгдэл ордог юм байна. Гэхдээ насаараа хурандаа цолтой цалин өндөр, хангамж сайтай явсан хүмүүст л тэтгэвэрт гарахад нь цэргийн албан хаагчийн цолны нэмэгдэл гэж өгдөг. Бусдыг нь хохь чинь гээд үлдээдэг” хэмээж байв. Зөвхөн талх ч бус бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар ингэтэл буурчихаад байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүний яриагаар гурван жилийн дотор тэтгэврийн насныхны идэх хоолноос 100 талх сох дутжээ. Энэ бол төр барьж буй хүмүүсийн чанар ямар байгааг илэрхийлж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүдийг ингэж ярихтай зэрэгцээд импортлогч, үйлдвэрлэгч эзэд ч сурталчилгааны хэлбэрээ өөрчлөөд байгаа. Өмнө нь хүнсний чанарыг дээд зэргээр хангасан гэж бүтээгдэхүүнээ рекламддаг байсан бол одоо чанарын тухай дурсахаа ч больжээ. Энэ талх өмнөхөөсөө илүү том хэрнээ арай хямд гэх мэтээр хүмүүсийн тархинд хүргэх бус ходоодоор нь даллах сурталчилгаа давамгайлж эхэлсэн байна. Амттай чанартай гэхийн оронд та бүхэн цадна гэдэг болчихож. Хүнсний бүтээгдэхүүний зөв хадгалалт, аюулгүй байдал ч бүр орхигдож гүйцлээ. Ирэх долоо хоногт үйлдвэрлэсэн огноотой талх, нарийн боов, боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд өнөөдөр зарагдаж байх нь байдаг л зүйл болчихож. Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг ч хямд л гэвэл хүмүүс булаацалдаад л авч байна.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийг бүрдүүлэгч нам хүчин, улстөрчдийн энэ их талцал дунд иргэдийн амьдрал ингэж хохирч, сүйрчихээд байна. Шийдэл харагдахгүй байгаа учраас иргэд өмнө нь хэзээ ч ярьдаггүй байсан зүйлсээ ярьж эхэлжээ. “Энэ УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулъя” хэмээн 1990 оноос хойш сонсогдоогүй үгс ч чих дэлсч эхэллээ. Ямар ч үнээр хамаагүй төрд гарахын тулд уул уурхайгаас хүн бүрт ашиг, ногдол өгнө гэсэн популизмынхаа балгийг баллуурдах тухай огт ярихгүй байгаа учраас эцэст нь ийм арга хэмжээ байдгийг иргэд сануулж эхэлсэн нь энэ байх.

Одоо ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор нь популизм хийгээд орхилгүй арга хэмжээ аваасай. Хүмүүс гэдэс цатгалан, мөр бүтэн байж л улсдаа юу хийж өгч чадах вэ гэдгээ бодож сэтгэдэг юм гэсэн.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрхийн балай

Энд тэнд явж байхад манайхан шиг захаас аван эрхэлж жаргаж байгаа улс үндэстэн нэгээхэн ч байдаггүй юм билээ. Урд зүгт шороон түмэн хятад байж л байна. Эр, эм, хөгшин хөвөөгүй л борви бохисхийхгүй хөдөлмөрлөсөн улс. Эрээний лангуун дээр сууж байгаа наймаачин хүүхнүүд нь гэхэд л уутанд утас өнхчүүлээд, гар аргаар бээлий цамц нэхээд сууж байдаг. Тэгэхэд “Нарантуул” ч юм уу, захын нэг дэлгүүрт ороход манайхан хөзөр нүдээд, эрчүүд нь архи тойруулаад сууж байх бол энгийн үзэгдэл. Хятадад өвгөчүүл янз бүрийн цэцэг ногоо тарьж байр байшингаа өнгө өнгөөр алаглуулаад, өөрсдийн гараар бүтээсэн сайхан цэцэрлэг талбайдаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж залуу хүн шиг жавхалзаж байхад манай залуухан “хурган” өвөө эмээ нар байрныхаа гаднах сүүдрэвчинд даалуу шажигнуулж, хов жив ярьж, өвчин зовлон тоочоод, улстөржиж маргалдаад байж байдаг.

Европ зүгийн Орос, Португали, Герман зэрэг улс орны нисэх буудлаар нь дайраад өнгөрөх төдийд анзаарч байхад хүмүүсийн олонхи нь ном их уншиж байгаа харагддаг. Манайд одоо нийтийн тээврийн унаанд ном сонин гарчиглавал нүд нь орой дээрээ гарцгааж, ад үзэх шинжтэй юм билээ. Сүүлийн үед монголчуудын “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг сонгодог ойлголт устаж байгаа нь дэндүү харамсалтай. Ажил хийлгүй хөл хөсөр л хэвтэж байвал жаргал гээд ойлгочихсон улс. Үүнийгээ “хүний эрх, эрх дарх” гэдэг сүржин бамбайгаар хаацайлна. Энэ хорвоод амь зууж аж төрөхийн тулд шоргоолж гэдэг бяцхан амьтан хүртэл өөрөөсөө өчнөөн дахин хүнд ачааг нуруундаа үүрч явдаг. Ээж аавын хайранд буруу сагаж юу ч хийж сураагүй хүнийг “эрхийн балай” гэдэг. Манайхны зарим зан байдлыг анзаарахад нийгэм маань нэг л эрхийн балайд автаад байх шиг санагддаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюултай

Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Жишээлбэл: Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлж, одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанд, Төмөр замын суурь дэд бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оруулж байгаа бол Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Аж үйлдвэрийн сайд оруулж хэлэлцүүлнэ.

Мөн Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлэх юм байна. Энэ мэтчлэн анхаарал татсан олон асуудал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны гишүүний татвар)

У.ХҮРЭЛСҮХ

2.

Улсын нөөцөөс улаанбуудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай

У.ХҮРЭЛСҮХ

3.

Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

С.БАЯРЦОГТ

4.

Хөгжлийн банк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын банк хоорондын нийгэмлэгийн “түнш банк” болох тухай*

С.БАЯРЦОГТ

5.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Д.ДОРЛИГЖАВ

7.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2015 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

8.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай

Д.ЭРДЭНЭБАТ

9.

Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

10.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Н.ТӨМӨРХҮҮ

11.

Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай

Н.ТӨМӨРХҮҮ

12.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

13.

Ой хээрийн түймрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай*

У.ХҮРЭЛСҮХ

14.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

15.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

16.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан Ажлын хэсгээс хийж байгаа ажлын дүнгийн тухай*

Р.ЖИГЖИД

17.

Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

Categories
мэдээ улс-төр

Газар чөлөөлөх нэрээр хүний эрх зөрчиж байна гэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан. Энэ үеэр хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан асуудалд анхаарал хандуулсан талаар ярилаа.

Тэрбээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа 24 байршлаас 16 байршил дээр биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцахад олон хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Иргэдийн газрыг нэг метр квадратыг нь 70-80 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь үл ойлголцлын нэг шалтгаан болж байна. Гэр хорооллын 0.05-0.7 га газрыг жижиг метр квадраттай байраар солих асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм билээ. Жишээ нь, Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг хууль зөрчиж байна гэж иргэд шүүмжилж байна. Сүхбаатар дүүригийн 15-р хороо, Дамбадаржаа орчим иргэний хоёр давхар мансардтай байшинг нурааж, газрыг нь чөлөөлөөд, хундаам цутгаад, хоёр жил хагасын нүүр үзэж байгаа жишээ байна. Тэр айлын өрхийн тэргүүнүүд нас барж, үр хүүхдүүд нь түрээсийн байранд амьдарч байгааг нүдээрээ харлаа” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцлээ

Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих эхний хувилбар бэлэн болжээ.

Харин УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулахыг намын бүлгүүдээс санал авсны дараа Ажлын хэсэг дахин ярилцахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа мэдээлэв.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцжээ. Хурлын үеэр АН-ын бүлгийн гишүүд сонгуулийг ямар системээр явуулах талаар янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ 28:48 буюу холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байгаа бололтой. Бүлгийн хуралдаан Засгийн газрын хуралдааны цагтай давхацсан учир энэ удаа тодорхой шийдэлд хүрэлгүй хурал өндөрлөлөө. АН-ын бүлэг энэ асуудлаар маргааш дахин хуралдаж магадгүй байна.