Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы 274 тохиолдол лабораториар батлагджээ

Улаанбурханы 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус өвчин Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт гарчээ. Улаанбурхан өвчний үед урьтал үед халуурах, нүдний салст үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон ХӨСҮТ-ийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандахыг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын дуудлага худалдаа боллоо

Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 1969.00-1972.00 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар худалдах, 316.50-317.00 төгрөгийн ханшаар 10.5 сая юань худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн, 22.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн өрхүүдэд гэр олгоно

Засгийн газар ой хээрийн түймэрт өртсөн 44 өрхөд иж бүрэн гэр олгох шийд гаргажээ. Үүнээс гадна гал түймрийн бүсэд хэрэгтэй байгаа 9 авто машиныг орон нутагт шилжүүлэхээр болсон байна. Мөн түймэрт өртсөн бэлчээрийн даацгүй болсон малчин өрхүүдэд 730 тонн өвсийг Сүхбаатар, Төв, Булган, сумын нөөцийн сангаас нийлүүлэхийг зөвшөөрчээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэсийн талбайд микро автобусны жолооч нар жагсав

Микро автобусны жолооч нар Чингэсийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэд бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэхийг эсэргүүцэн, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэж байгаа аж. Мөн Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микро автобустай болгохыг шаардав. Энэ шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлж байгаа аж. Ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон гэх микроавтобусны эзэд төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж байгаагаа ийн илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ноолуур бэлтгэхэд зориулж зээл өгнө

Ноолуурыг дотооддоо боловсруулах, дотоодын үйлдвэрээ бүтээгдэхүүнээр хангахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Эхний ээлжинд 100 тэрбум төгрөг гаргаж, үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийг дэмжих зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр үйлдвэрлэгчдийн бэлтгэж байгаа 3000 тн ноолууран дээр 170 гаруй тонн ноолуурыг нэмж бэлтгэх бололцоо бүрджээ. Ноолуур бэлтгэхэд 450-500 тэрбум төгрөг шаардагддаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл “Чонон сүлд”-ийн найруулагчийг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анно, МУСТА, жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кино урлагийн талаар санал солилцож, нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Таньтай уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Би таны олон киног үзэж байсан. Гэхдээ энэ удаад “Чонон сүлд” киног үзэж чадаагүй нь харамсалтай байна. Таны бүтээсэн кинонууд сэтгэлзүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг сайхан бүтээлүүд байдаг” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан түүхээс танилцуулж, энэ жил Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиосныг онцлоод Монгол Улсын нийслэлийг үүсгэн байгуулагч Өндөр гэгээн Занабазарын бие даасан музейтэй болох гэж байгаа талаар танилцууллаа.

Харин Францын найруулагч, зохиолч Жан Жак Анно “Монгол улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Улаанбаатар хотод ирэх бүрт сайхан санагддаг. Энэ удаад бүр л сайхан болсон байна. “Чонон сүлд” киног дэлхийн олон оронд үзүүлж байхад танай орны байгалийн сайхныг биширсэн хүн олон Монгол руу очно гэж надад хэлж байсан. Цаашид Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана” гэв.

Жан Жак Анно нь Сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэсэн бөгөөд ажлын гараагаа видео рекламаар эхэлж, 100 орчим реклам бүтээсний дараа 1976 онд “Black and White in Colour ” нэртэй анхны киногоороо Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд түрүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын парадад 49 сурагч жагсана

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ялалтын парадад “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 49 сурагч жагсахаар болжээ. ОХУ-ын Ангарск хотод зохион байгуулагдах ялалтын парадад ороцох урилгыг тус хотын захирагч манай улсын БХЯ-д хүргүүлжээ. Уг парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах гэнэ. Гадаадын орноос зөвхөн манай улсын сурагчид оролцох юм байна. “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагчид жагсаалын бэлтгэлээ хангаж, дуусчээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийн зардлыг хэмнэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн 2015 оны төсвийн орлого бүрдүүлэх, зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай” А/312 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар төсвийн орлогын ноогдлыг бүрэн хийх, ноогдуулсан татварыг хураан барагдуулах, орлогын бааз суурийг өргөжүүлэх чиглэлээр эрчимжүүлсэн ажил зохион байгуулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хамтарсан үзлэг, шалгалт зохион байгуулж, дүүргийн татварын хэлтэс, өмч газрын асуудал эрхэлсэн албад, холбогдох орлого бүрдүүлэгч байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтёийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон бусад орлого бүрдүүлэгч байгууллагуудын удирдлагуудад дараахь үүрэг өглөө.

  • Татвар төлөгчийн бааз суурийг өргөтгөх, далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр татвар болон өмчийн газрыг ханган ажиллахыг бүх дүүрэг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрын удирдлагуудад, өгөгдсөн мэдээллийг боловсруулан үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахыг нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар
  • Хаяг байршилдаа байхгүй татвар төлөгчийг эрэн сурвалжлах, татварын болон газрын төлбөрийн дутуу төлөлтийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, шүүхийн шийдвэртэй өрийг барагдуулах чиглэлээр ажил үүргээ уялдуулан хамтарч ажиллахыг нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба
  • Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэн санхүүжилт авсан, ажил гүйцэтгэсэн боловч санхүүжилт нь олгогдоогүй хүлээгдэжбайгаа аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг харилцан солилцож өр барагдуулах чиглэлээр хамтран ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газар, Татварын газар, Өмчийн харилцааны газарт
  • Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн хуулийн этгээд нь өөрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалт өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлж байж холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт
  • 2015 оны өмч хувьчлал, газрын дуудлага худалдааг зохион байгуулах бэлтгэл ажлыг шуурхай ханган, батлагдсан жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өмч хувьчлал, газрын дуудлага худалдааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт
  • Нийслэлийн шалган бүртгэх товчоодоос төсөвт төвлөрүүлж буй авто зам ашигласны төлбөр болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа, түүнээс төсөвт төвлөрч буй орлогын бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах замаар орлогын гүйцэтгэлийг хангах, шаардлагатай тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийн орлогыг тухай бүрт төсөвт төвлөрүүлээгүй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт
  • Дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхийн зэрэгцээ хотын төсөвт төвлөрч буй татварын болон татварын бус орлогын бүрдүүлэлтийг хангах, дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр холбогдох орлого бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
  • Улс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын татвар, газрын төлбөрийн өр барагдуулах ажлыг орлого бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст
  • Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж, 2015 оны урсгал зардлыг хэмнэж 2014 оны түвшинд тооцох, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодитой ажил зохион байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт
  • Нийслэл, дүүргийн харьяа газар, байгууллага, хэлтсүүдийн төсвийн зардлын зарцуулалтанд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг байгуулж, гүйцэтгэл үр, дүнг тайлагнаж, ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст
  • Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2015 оны үйл ажиллагааны зардлыг тухайн үйлдвэрийн газрын 2014 оны батлагдсан төлөвлөгөө, гүйцэтгэлээс хэтрүүлэхгүй баталж, зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт

Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл судлаачид чуулна

Сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус салбарын сэтгэл судлаачдад зориулан дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаx юм байна. Мөн хууль сахиулах салбарт сэтгэл зүйч үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудал, түүнтэй хэрхэн ажиллах, оношилгоо, зөвлөгөө өгөх арга зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, илтгэл тавих аж. “Хууль саxиулаx салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-д Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд болоx Цагдаагийн ерөнxий газар, Xил хамгаалаx ерөнxий газар, Шүүxийн шийдвэр гүйцэтгэx ерөнxий газар, Таxарын ерөнxий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүxийн шинжилгээний үндэсний xүрээлэн, болон Онцгой байдлын ерөнxий газрын 90 орчим сэтгэл судлаач оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Хандгайт өртөө хүртэлх төмөр замын суурийг барина

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор болжээ. Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авах юм байна. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх аж. Ингэснээр жилд 1,5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ.