Categories
мэдээ цаг-үе

Шинэчилсэн журмаар татвар хурааж байгаа нь оношилгооны газруудын ачааллыг эрс бууруулжээ

Өнөө жилээс шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлж эхэлсэн. Автомашины улсын дугаар нэг, зургаагаар төгссөн бол нэгдүгээр сард, хоёр, долоогоор төгссөн бол хоёрдугаар сард, гурав, наймаар төгссөн бол гуравдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлж дуусгасан байх ёстой. Мөн дөрөв, есөөр төгссөн бол энэ сард татвараа өгөх ёстой бол ирэх сард автомашиных нь дугаар тав, тэгээр төгссөн жолооч нар татвараа төлөх юм. Өмнө нь татвараа зургадугаар сарын 1-нээс өмнө тушаасан байх ёстой гэсэн нийтлэг шаардлага тавьдаг байлаа. Тэр дагуу иргэд хаваржингаа тоохгүй явсаар зургадугаар сар гарахын өмнөхөн буюу тавдугаар сарын сүүлчээс л сая ухаарсан мэт татвар, оношилгооны газруудын гадаа уртаас урт дугаар үүсгэдэг байсан билээ. Жолооч нар автомашинынхаа татварыг төлж, үзлэг оношилгоонд оруулахын тулд үүрийн 04 цагт ирж дугаарладаг байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Ингэж бөөгнөрөх нь татварын болон оношилгооны ажилтнуудад хүндрэл үүсгэж 24 цагаар ажиллахад хүргэж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байсан. Монголчуудын аливаа юмны цагийг тулгадаг зан нь ийнхүү олон хүндрэл дагуулдаг учир холбогдох байгууллагууд нь зургадугаар сарын 15 хүртэл татвар авах хугацааг сунгаж байсан удаатай. Энэ бүхнээс татгалзаж, аль аль талдаа хүндрэл үүсгэхгүйн тулд дээр дурдсанаар дугаарын сүүлчийн тоогоор нь сар сараар ангилж татвар, оношилгоонд хамруулж байгаад иргэд ам сайтай байна. Гурвалжингийн гүүрийг даваад баруун гар тал руу эргэх замд “Хөсөг” трейдийн хашаанд үзлэг оношилгооны байр бий. Өчигдөр 16 цагийн үед тус байранд очиход ачаалал харьцангуй бага байлаа. Дугаарын төгсгөлөөр нь ийнхүү татварыг нь хурааж, үзлэг оношилгоонд оруулж байгаа нь хэн хэндээ саад бэрхшээлгүй байгааг тэндхийнхэн хэлж байв. Өдөржингөө дугаарлаж хүлээсэн жолооч нар бухимдаж, татвар, оношилгооны ажилтнуудтай ам муруйх, муухай харьцах зэрэг бэрхшээл гардаг байсан бол энэ жил ер нь тийм таагүй харилцаа гарахгүй байгаа нь ачаалал бага байгаатай холбоотой гэнэ. Ер нь жолооч нарын хувьд татвараа төлөх тал дээр жил ирэх бүр хүлээцтэй ханддаг болсон нь ажиглагдаж байгаа гэнэ.

“Хөсөг” дээр машинаа оношилгоонд оруулахаар хүлээж зогссон жолооч нартай уулзахад “Оношилгоон дээр асуудалгүй болжээ. Дугаарлаж цагаа алдах хэрэггүй болсон байна. Түргэн шуурхай орж байна. Харин татвар төлөхөд л жаахан хүлээж байна лээ. Банкинд л нэлээд дугаарласан” гэцгээж байлаа. Иргэдийн хувьд төлбөртэй лавлах утаснууд болон замын цагдаагийн утас болон 11-11 төв рүү холбогдож хаана, яаж татвараа төлөх вэ гэж асууж байгаа гэнэ. Дүүрэг бүр дээр албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах цаг байрлаж байгаа юм байна.

Жолооч нар “Татвараа л төлчихвөл оношилгоонд санаа зовоод байх юмгүй болсон байна. Цайны цагаараа ирээд орчиход л болох юм байна” гэж зөвлөж байлаа. Баянгол дүүргийн татварын хэлтэст очлоо. Эднийх ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа юм байна. Ямар нэг хүндрэл гарахгүй байгаа бөгөөд жолооч нарыг ирэхдээ бичиг баримтаа шалгаж бүрэн авчрахыг сануулж байлаа.

Тус хэлтэст автомашиныхаа татвар, хураамжийг төлөөд гарч ирсэн жолооч Н.Ариунбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг юм байна. “Миний машин есийн тоогоор төгссөн. Энэ сард татвараа өгөх ёстой гэдгээ өнгөрсөн сард хамаатныхаа дүүгээс сонсч мэдсэн л дээ. Цалингаа буухаар л татвараа төлье гэж бодсоор өнөөдрийг хүргэчихлээ. Миний машин 1500 мотортой. Татвар, утааны хураамж гээд нийтдээ 65 мянган төгрөг төлсөн. Өглөө ажил руугаа явахад хоёр ч удаа цагдаа зогсоож татвараа төлөхийг сануулсан. “Улаанбаатар” банкин дээр дугаарлаж л жаахан цаг алдлаа. Түүнээс өөрөөр хүндрэл үүссэнгүй. Банкинд л ачаалал байх шиг байна. Бусад жолооч нартаа хэлэхэд татвараа заасан хугацаандаа өгчихмөөр юм билээ. Татвараа төлчихсөн юм чинь одоо санаа амар явах боломжтой боллоо. Цагдаа нар ажлаа сайн хийж байна лээ. Намар есдүгээр сард машинаа оношилгоонд нь оруулна даа” гэж ярилаа. Шинэчилсэн журмаар ийнхүү татвараа хурааж байгаа нь хүндрэл үүсгэхгүй байгааг жолооч нар хэлж байгаа бөгөөд банкинд оочерлоход 30-40 минут зарцуулж байгааг эс тооцвол татвар хураамж төлөх, албан журмын даатгалд хамрагдахад хүндрэлгүй байгааг хэлж байлаа.

Уулзсан жолооч нарын хувьд татварыг ингэж сар сараар ангилж авч байгаа нь таатай ч нөгөө талдаа хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Өнгөрсөн жилийн тавдугаар сард татвараа татвараа төлсөн байтал шинэ он гарангуут л татвар нэхсэн нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа гэнэ. Бүхэл бүтэн дөрвөн сар дутуу байтал дахин татвар авсан нь жолооч нарын түрийвчнээс дөрвөн сарын татвартай тэнцэх мөнгийг шударга бусаар авч байна гэж байлаа. Хан-Уул дүүргийн иргэн, сүүлийн 12 жил такси үйлчилгээнд явж байгаа өндөр настай Г.Догмид “Миний машин дөрвөөр төгссөн. Энэ сардаа амжиж татвараа төлж чадахгүй бол тэгээд бид яах болж байна. Шууд хүний эрхэнд халдаж, түрийвчтэй ярьж болохгүй. Гэхдээ зургадугаар сарын нэгэн хүртэл татвараа төлөөд дуусгачих ёстой юм дуулдсан. Даанч цагдаа нар нь явуулахгүй юм” гэж байлаа.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын сүүлчээр татварын хэлтсүүд, оношилгооны газруудад ямар их ачаалал үүсдэгийг хүмүүс мэднэ шүү дээ. Зарим хүмүүс хоёр өдөр оочерлож байсан тохиолдол гарсан. Энэ жил тэр байдлыг өөрчилж, ачааллыг нэгээс тавдугаар сард жигд болгохын тулд ийнхүү дугаарын сүүлчийн тоогоор нь ангилж байгаа. Заасан хугацаанд татвар, хураамжаа төлөөгүй тохиолдолд мөнгөөр торгоно, эрх хасна гэх мэтээр буруу ойлгож буй асуудал байна. Цагдаагийн ажилтнууд жолооч нарт татвараа төлөөрэй гэдгийг сануулж л зогсоож байгаа юм” гэсэн хариулт өглөө.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй

АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг нийтэд ил болголоо. Энэ мэдээллийг хүмүүс шоолсон, итгэж ядсан хандлагаар уншиж байна. Хамгийн баян улстөрч гэхэд АНУ-ын захын залуу компьютерийнхоо ард суугаад хувьцаа арилжиж олдог мөнгөтэй дүйцэх хөрөнгөтэй байгаа юм. Ингэхээр ХОМ үнэн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Тухайлбал, хэдхэн сарын өмнө олон машинаараа, түүнийхээ ид шидийг олон нийтийн сүлжээгээр гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн бенз бүү хэл унах унаагүй гэж мэдүүлснээс харахад нүд хуурах мэдүүлэг төдий зүйл бөглөдөг нь харагдаж байгаа юм. ХОМ-ийг хараад итгэл үнэмшил төрөхгүй, бодит байдалтай нийцэхгүй байгааг олон хүн ярьж байна. Ямартай ч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын мэдүүлсэн ХОМ-ийг тоймлон хүргэе.

ЕРӨНХИЙ САЙД ГУРВАН МАШИНТАЙ

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийнх нэг орон сууцтай. Өөрөө жилд 21 сая төгрөг олдог бол гэр бүлийнх нь гишүүд 140 сая төгрөгийн орлоготой. Тэднийх дансандаа 121 сая төгрөгтэй аж. “И энд Ти”, “АСУ”, “Байгаль бюти” компаниудад хувьцаа эзэмшдэг. УИХ-ын дарга З.Энхболд 270 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг барилгатай. Хоёр адуу, 50 хонио 12 сая төгрөгөөр үнэлжээ. “Интер” компанийг зуун хувь эзэмшдэг. Тэднийх хадгаламжиндаа 22.9 сая төгрөгтэй аж. УИХ-ын дарга хувьдаа машингүй бол Ерөнхий сайд Land Rover, Land Rover V, Lexus-570 машинтай.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж малгүй, хоёр орон сууцтай. “Туул кашмер” компаниас 18 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг. МАН-ын дарга М.Энхболд хоёр орон сууц, нэг барилгатай.

320 адуутайгаас 60 нь хурдан удмынх. Нийтдээ найман компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд өөрийгөө 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

Г.БАТХҮҮГИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ 26.4 ТЭРБУМААР ӨСЧЭЭ

УИХ-ын гишүүн, “АПУ”-ын Г.Батхүү хамгийн баян гишүүнээр тодорч байгаа юм. Өмнөх онд тэрбээр 24 компанийн 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг байсан. Харин энэ онд 21 компанийн 72.6 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл компаниудынхаа хөрөнгийг 26.4 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ бол АНУ-ын захын залуу гэрээсээ хувьцаа арилжаад олох хэмжээний мөнгө. Монголын хамгийн баян улстөрчийн 20 гаруй компанийн хөрөнгө жилийн дотор 26.4 тэрбум төдий л төгрөгөөр өссөн гэхэд үнэмшилгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Түүний дараа 54.6 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэгээрээ “Монгол шуудан”-гийн гэгдэх Д.Зоригт гишүүн эрэмбэлэгдлээ. “MCS” Л.Энх-Амгалан 54.1 тэрбумаар, 52 тэрбумаар М.Зоригт нар айргийн тавд багтлаа. Тэдний араас Лу.Болд 21.1, Сү.Батболд 15.8, М.Сономпил 10.6, Ж.Энхбаяр 10.5, Б.Гарамгайбаатар 4.3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэдгээрээ эрэмбэлэгдэв. Д.Зоригт гишүүн өөрийнхөө “АСУ”, “Одод” болон иргэн Д.Ганбаатар, “Эрдэнэжинс” компаниас 10.4 тэрбум төгрөгийн авлагатай. Сү.Батболд “Алтай кашмер”, “Алтай холдинг”, “Скай трейдинг” компаниудаас нэг тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.

Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН БУСДЫН “БЕНЗ”-ЭЭР ГАНГАРДАГ БАЙЖ

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр “бенз” машиныхаа ид шидийг гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн унах унаагүй юм байна. Тэгэхээр бусдын унаагаар гангардаг байсан бололтой. “Монос”-ын харьяа компаниудаас 1.9 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг тэрбээр жилд ердөө л 480 сая төгрөг олдог. Нөхөр нь 23 сая төгрөгийн орлоготой бөгөөд тэднийх хоёр орон сууцтай. Дансандаа 55 сая төгрөг хадгалж байдаг аж.

Жийп хөлөглөөд ан хийж яваа зургаараа гангардаг Ж.Энхбаяр гишүүн бас л унаагүй юм байна. Хөл дүүжлэх унаагүй Ж.Энхбаяр гишүүн хамгийн их орлого олсон гишүүнээр тодорчээ. Тэрбээр өнгөрсөн онд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 30 сая төгрөг. Тэрбээр хувьдаа машингүй ч 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 49 адуутай, нэг орон сууцтай. Дансандаа 2 тэрбум төгрөгтэй. Тэднээс гадна машингүй 12 гишүүн УИХ-д байна. Тухайлбал, УИХ-ын дарга, дэд дарга хоёроос гадна Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Оюун, Б.Гарамгайбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяанар машингүй гэдгээ мэдүүлжээ. С.Оюун гишүүн жилд 21 сая төгрөг олдог. Сард 1.75 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэднийх орон сууцнаас гадна нэг хурдан удмын адуутай. Хоёр сая төгрөгийн үнэт эдлэл, 11 сая төгрөгийн хадгаламжтай аж. С.Одонтуяа гишүүн хамгийн олон орон сууцтай гишүүний тоонд багтдаг. Таван орон сууцтай тэрбээр 279 сая төгрөгийн орлоготой. Машин сонирхдоггүйн дээр үнэт эдлэл ойшоодоггүй бололтой. Тэднийх дансандаа 40 сая төгрөгтэй аж. “Хурд групп”-ийн Б.Чойжилсүрэн гишүүн нэг орон сууцтай. Жилд 28 сая төгрөг олдог бөгөөд дансандаа 15 сая төгрөгтэй. Тэднийх найман адуунаас өөр малгүй аж. Гэр бүлийнх нь гишүүн 15 сая төгрөг олдог. Группээсээ нэг тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өөрийн гэсэн машингүй ч 700 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Дансандаа 31 сая төгрөгтэй. Жилийн орлого нь 370 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг хоёр сая төгрөг гэж мэдүүлжээ. Л.Болд гишүүн машин унадаггүй ч дансандаа хамгийн их мөнгөтэй. 19.6тэрбум төгрөгийн хад­галамжтай тэрбээр жилд 244 сая төгрөг олдог. Гурван орон сууц дөрвөн адуутай юм билээ.

Огт машингүй 14 гишүүн байхад тэдний ангид хурд хүчний илэрхийлэл, нэр хүндийн баталгаа болох төмөр хүлгүүдийг хэд, хэдээрээ сойчихсон гишүүд ч байна. Н.Номтойбаяр гишүүн Lexus-570, Mercedes benz G500, Landcruiser 200, Mercedes benz, Mercedes benz G300, Mercedes benz G55 AMGгээд зургаан машинтай. Тэрбээр машинуудаа есөн тэрбум төгрөгөөр үнэлжээ. Н.Номтойбаяр гишүүний жилийн орлого 29 сая төгрөг. Тэднийх дансандаа 13 сая төгрөгтэй аж. Б.Наранхүүд ч бас “Mercedes benz G500”, Landcriuser Standart”-аас гадна “Rollsroyce Phantom” загварын дөрвөн машин байдаг. Тэдгээр машинуудаа 1.6 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Машиныхаа тоогоор толгой цохидог Б.Наранхүү гишүүн дансандаа долоон тэрбум есөн сая төгрөг хадгалуулчихсан. 109 хурдан удмын адуутай, хоёр байртай юм билээ. Тэрбээр хадгаламжаасаа гадна авлагаараа энэ жил толгой цохижээ. Өөрийнхөө “Дүнжингарав” компаниас 33.7 тэрбум төгрөгийн өр нэхээд сууж байдаг юм байна.

З.БАЯНСЭЛЭНГЭ ГИШҮҮН 100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

Гэр хороололд амьдардаг гэж тодотгодог байсан З.Баянсэлэнгэ гишүүн байранд оржээ. Орон сууцнаас гадна хоёр барилга эзэмшдэг юм байна. Тэднийгээ 240 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэднийх суудлын тэрэг болон дунд гарын жийптэй. Тэднийгээ 50 сая төгрөгөөр үнэлжээ. Адуу, үхэр нийлсэн 29 бод, 60 богтой. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд нийлээд 100 сая төгрөгийн зээлтэй юм байна. Орон сууцаа зээлээр авсан гэж ярьж байсан нь энэ бололтой. Түүнтэй хамт УИХ-д орж ирсэн, намынх нь гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй. Гурван хүнээс авлагатай бөгөөд нэг орон сууц хоёр барилгатай аж. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” компаниас 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг. Түрээсийн байранд амьдардаг гэж шуугиан тарьж байсан Ц.Нямдорж гишүүн 150 сая төгрөгийн үнэтэй орон сууцтай аж. О.Баасанхүү гишүүний адил “Эрдэнэс таван толгой” компаниас хувьцаа эзэмшдэг.

Бие даагч С.Ганбаатар 70 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. “Toyota Rav 4” машин хөлөглөдөг тэрбээр 52 үхэр, хурдан удмын гурван адуу, 36 хоньтой аж. Ариг банк, Хас банкинд 100 сая төгрөгийн зээл тавьжээ.

ДАНСАНДАА НЭГ ТЭРБУМЫГ ХАДГАЛААД БАНКНААС 34 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

УИХ-д зээлтэй гишүүд цөөнгүй байна. Сү.Батболд гишүүн нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн атлаа Хас банк, Голомт банкнаас 34 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 57 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 240 сая төгрөг. “Mercedes Benz GL 500” маркийн машинтай. Хамгийн баян гишүүнээр тодорсон Г.Батхүү “Шунхлай” группээсээ 300 сая төгрөгийн зээлтэй юм байна. Д.Зоригт гишүүн Худалдаа хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөгийн зээлтэй. Гэхдээ арван тэрбумын авлагатай юм билээ. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 117 сая төгрөг хадгалуулжээ. Хамгийн өндөр орлоготой Ж.Энхбаяр гишүүн Хас банкнаас 1.8 тэрбумтөгрөгийн зээл авчээ. Гэхдээ “Газар Шигтгээ” ХХК-наас 1. 5 тэрбум төгрөгийн авлагатай. Таван байртай, хадгаламжгүй С.Одонтуяа гишүүн Улаанбаатар хотын банкнаас 280 сая төгрөгийн зээл авчээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Мастер Карт Виза карт, Фримонт банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд 580 сая төгрөгийн зээлтэй. Өөрөө жилд 73 сая, нөхөр нь 220 сая төгрөг олдог. Гурван орон сууцтай, приус маркийн машин унадаг юм билээ. “Залуу Монгол корпораци”, “Чингис шар айраг”, “Палас” зочид буудлаас хувь эзэмшдэг М.Сономпил гишүүн Хаан банкнаас 5.7 тэрбум төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 92 сая төгрөг, хоёр жийп, 20 адуу, 50 хоньтой. 184 сая төгрөгийн орон сууцтай. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар 10 компаниас 16 тэрбум гаруй төгрөгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас 859 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 44 сая төгрөг. 138 хонь, 221 адуутай. 618 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 66 сая төгрөгтэй юм билээ. 160 адуу, дөрвөн үхэр, 430 сая төгрөгийн үнэтэй орон сууц, барилгатай Ч.Улаан гишүүн Төрийн банкнаас 130 сая төгрөг зээлжээ. Үүнээс гадна Ж.Батзандан 30, М.Батчимэг 74, Ц.Даваасүрэн 71, Д.Лүндээжанцан 20, Д.Хаянхярваа 68 сая, Ж.Эрдэнэбатгишүүн 50 сая төгрөгийн зээлтэй. УИХ-ын гишүүн Н.Энхболд Голомт банк, Ньюком пропертигээс 287 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 20 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 204 сая төгрөг. 2 орон сууцтай. 45 сая төгрөгийн үнэтэй Lexus 470 машинтай. 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 189 сая төгрөгтэй. Ө.Энхтүвшин гишүүн Голомт банкнаас 290 сая төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 22 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 127 сая төгрөг. 1 орон сууцтай. 40 сая төгрөгийн үнэтэй Lexus 470 машинтай. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 500 мянган төгрөгтэй.

ХОЁР МЯНГАТ МАЛЧИН, ГАХАЙН АЖ АХУЙЧИН НЭГТЭЙ АНГИ

УИХ-ын гишүүдийн олонхи нь малтай. Эрэгтэй гишүүд гоё машинаас гадна хурдан удмын адуугаар ихэвчлэн гоёдог нь харагдаж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ урьд жилүүдийн нэгэн адил малын тоо толгойгоороо бусдыгаа тэргүүллээ. 2013 онд 4020 толгой малтай байсан тэрбээр өнгөрсөн онд 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хоньтой гэжээ. Д.Ганхуяг гишүүн 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуутай аж. Ингэхээр УИХ-д хоёр мянгат малчин байна. Дараа Г.Баярсайхан 788 толгой, Су.Батболд 842 толгой, Г.Батхүү 488 толгой малтай. Б.Наранхүү 109 хурдан удмын адуугаараа тэргүүлсэн бол араас нь алдарт уяач М.Энхболд 60 хурдан удмын адуугаараа нэхэж байна.

УИХ-д гахай малладаг нэг гишүүн байгаа нь Ш.Түвдэндорж. Тэднийх 427 гахайтай. Зургаан адуу, 427 гахайгаа нийтэд нь 242.8 сая төгрөгөөр үнэлжээ.

УИХ ДАХЬ ЧИНЭЭЛЭГ ГИШҮҮД

Өөрсдийнх нь мэдүүлсэн хөрөнгөөс харахад УИХ-ын хамгийн баян нь Г.Батхүү юм. 76.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй түүний араас Л.Энх-Амгалан гишүүн 60.5 тэрбум, Д.Зоригт 57.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө орлоо. Дараа нь УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсноо чинээлэг гишүүдийн тоонд яах аргагүй баталлаа. Харин компаниараа овоглодог, хөрөнгө чинээгээрээ Монголд дээгүүрт гэгддэг эрхмүүд нэрэлхсэн үү, хэл амнаас болгоомжилсон уу нэлээд хойгуур бичигдэхээр мэдүүлэг өгчээ. Тухайлбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум, “Женко” Х.Баттулга 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байх юм. Мөн “Монроуд” Б.Гарамгайбаатар 5.0 тэрбум, “Бридж” Д.Ганхуяг 2.9 тэрбум, “Хурд” Б.Чойжилсүрэн 2.1 тэрбум, “Нью прогресс” С.Бямбацогт 3.6 тэрбум, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун 4.9 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд төрийн бус байгууллагуудаар хийлгэх ажлуудыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталжээ.

Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна.
Мөн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгожээ. Төрийн бус байгууллагуын шугамаар нийслэлд 2015 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг танилцуулъя.

Төрийн Бус Байгууллагын нэр

Төслийн нэр

2015 оны санхүүжилт /мян.төгрөг/

1

Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төсөл

18,000.00

2

“Баянхошуу Тэмүүлэл” төрийн бус байгууллага

“Оюунлаг Монгол” 2015 хөтөлбөр

25,000.00

3

“Хөгжлийн тулах хүч” хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага

“Мөрөөдлийн ертөнц” төсөл

10,000.00

4

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжүүлэх төсөл

5,000.00

5

Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэг

Архинаас ангижрах 12 алхам төсөл

15,000.00

6

Азийн загварын агентлаг

Өсвөр үеийнхэнд хотын соёлыг төлөвшүүлэх төсөл

15,000.00

7

“Монголын чопперчин ахан дүүс холбоо” Төрийн бус байгууллага

“Талын салхи Улаанбаатар-2015” мото наадам зохион байгуулах төсөл

10,000.00

8

Нийслэлийн Хороодын холбоо

“Иргэдийн санаачилга, бодит оролцоо” төсөл

24,960.00

9

Хотын бодлогын судалгааны хүрээлэн

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүн, мониторингийн индекс боловсруулах төсөл

24,765.00

10

“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллага

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны стандартыг сурталчилан таниулах сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл

10,000.00

11

Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэг

“Нутгийн удирдлагын манлайлагчид төсөл”

30,000.00

12

Сэтгэл судлалын судалгааны академи

Удирдах албан тушаалтнуудад зариулсан сургалт

15,000.00

НИЙТ

202,725,00

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Р.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аян эхлүүлжээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Р.Оюунтуул бүтэн биеийнх нь 50 хувь түлэгдсэн Г.Чинтэнгис хүүд туслах хандивын аян эхлүүлсэн байна.Жүжигчин бүсгүй түлэгдэлтийн зовлонг өөрийн биеэрээ мэдэрч, БНСУ-д эмчлүүлээд ирсэн учраас уг аяныг эхлүүлжээ. Г.Чинтэнгис хүү нь нэг ой гарантай бөгөөд БНСУ-руу яаралтай хагалгаад явах шаардлагатай байгаа аж. Тиймээс эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх уг аянтай холбоотой мэдээллийг олон хүнд тараах зорилгоор “Жүжигчин Оюунтуул” хэмээх цахим хаяг нээсэн байна. Дашрамд дурдахад, Жүжигчин Р.Оюунтуул “Хуримын сюрприз” кинонд жүжигчин Л.Сөрөлт, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, Г.Золбоот нартай хамтран тоглосон ажээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн зардлыг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсгоно

Өнөөдөр Төрийн ордонд таван байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгт/;

Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсох;

Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох /хаалттай/;

Бусад.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа:

Хэлэлцэх асуудал:

Нууц асуудал.

5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдлийг хэлэлцэх тухай;

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 3370 иргэний өргөдлийг хэлэлцэх тухай.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болно

Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дөрөвдүгээр сарын 20-нд Жакарта хотноо АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньтэй уулзжээ.

Монгол Улс тус байгууллагын “яриа хэлэлцээний түнш” болох хүсэлтээ илэрхийлсэн захидлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньд гардуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал дэвшүүллээ. Түүнчлэн тэрээр АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь урилгыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа гэжээ.

Зүүн Өмнөд Азийн 10 орныг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон нэгтгэл болох АСЕАН нь гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцчлалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд АСЕАН + 3 (БНХАУ, БНСУ, Япон), АСЕАН + Энэтхэг зэрэг хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг амжилттай хэрэгжүүлж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Автобусны жолооч нарыг богино долгионы станцтай болгомоор юм

Хуулийг гууль болгодгийн жишээ автобусны чалчаа жолооч нар болж байна. Уг нь жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихыг хориглодог. Гэтэл манайхан жолооны ард гар утсаараа чалчиж явах нь гэм биш зан. Тэр тусмаа олон хүн тээвэрлэж яваа автобусны жолооч нар уг нь утсаар ярьж анхаарлаа сарниулмааргүй байгаа юм. Гэсэн ч жолооч нар гэр бүлийн асуудлаасаа авахуулаад ярихгүй сэдэв гэж алга. Тэд ихэвчлэн “Би энд явна, чи хаана явна” гэж бие биенээсээ асууж лавлахад хамаг цагаа зарцуулдаг. Жолооч нар хэн хаана яваагаа мэдэлцэх нь ажлын шаардлага юм бол таксины жолооч нар шиг богино долгионы холбоогоор хангах хэрэгтэй. Ядаж л яриагаа сонсоод явахад хүн бүр бие биен рүүгээ залгаж, хамаг цагаа барахгүй. Гар нь сулрах байгаа даа. Үгүй бол автобусны жолооч нар бүгд хууль зөрчигч болж, зорчигчид эрсдэлтэй нөхцөлд амь дүйсээр явцгаах нь. Иймэрхүү арга хэмжээ авсны дараач утсаар ярьж хууль зөрчсөн жолооч нарыг зорчигчид шууд мэдээлж, торгуульдаг болж болно. Алийн болгон хууль зөрчиж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулж явах вэ. Ямар нэгэн гарц заавал байж таарна. Жолооч нарыг богино долгионы станцтай болгох зардал лав хүний аминаас үнэтэй биш байлгүй. Жолоочийн зөрчлийг ямар утсаар мэдээлэх вэ?

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонины махны халуун тогоонд дурлах болсон Хятадад бид махаа гаргана

Монголчуудад юу байна, мал мах байгаагаа ярилцдаг. Өргөн уудам тал нутагт өвсний сорыг идсэн малын жинхэнэ байгалийн гаралтай мах бол дэлхийн зах зээлд ховорт тооцогдох бүтээгдэхүүн. Гэвч Монголын байгалийн гаралтай сайхан махыг биднээс өөр амтлагсад үгүй. Бид байгаа эдээ гаргаж, хэдэн ногоон болгож оруулж чаддаггүй. Хорио цээр, ариун цэврийн байдал гэсэн нэг муу шалтгаар монголчуудад махаа мөнгө болгох боломж олдохгүй байсаар олон арван жил өнгөрлөө.

Гэхдээ бас ч гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ тал дээр ажиллаж ирснийх эхнээсээ шат даваануудаа давж байна аа. БНХАУ-д үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экпортлохоор дээхнээс ярилцаж, 2011 онд мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг тохиролцсон байдаг. Ингээд Хятадын талаас дулааны аргаар боловсруулсан зарим төрлийн мах авах боломжтой талаар дурдаж, бид 2014 онд дулааны аргаар боловсруулсан мах экспортлох хүсэлтээ албан ёсоор гаргаснаар ажлууд эхнээсээ үр дүнд хүрэх болов. Өнгөрсөн зургадугаар сард хятад мэргэжилтнүүд ирж манай үйлдвэрүүдийн байр байдалтай танилцаж, эрсдлийн үнэлгээгээ хийсэн бөгөөд зарим нэг шаардлагуудыг хангаснаар бид энэ оны гуравдугаар сард мах гаргах компаниудынхаа нэрсийг хүргүүлжээ. Харин хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 13-нд Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас үхэр, хонины мах махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол Эко мах” компани, адууны махан хөлдөөсөн банш, бууз гаргах зөвшөөрлийг “Хаан Хүнс” компанид өгчээ. Мөн үхэр, адуу, хонины нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг дөрвөн компанид өгсөн байна. Тэгэхээр ямартай ч Хятадын том зах зээл рүү Монголын мах, махан бүтээгдэхүүн гарч эхлэх суурь тавигдлаа. Гэхдээ манай тавь гаруй сая малын дийлэнх нь бог тэр дундаа хонь байдаг. Тиймээс хонины махаа гаргаж баймааж бид ашиг олж чадна. Түүнээс дэлхийг хэрсэн экпортын махны том сүлжээ болох үхрийн махны наймаанд 3,4 сая үхэртэй бид оролцоход амаргүй. Хонины махны хувьд бол өөр. Хонины махыг нялуун, хурц үнэртэй гээд монголчуудаас өөр иддэг үндэстэн гэж ярих нь бий. Үнэндээ дэлхийд хонины махыг амтархан иддэг улс үндэстэн олон. Газар дундын тэнгис орчмынхон, Грек, Турк, Хойд Африк, Ойрхи Дорнод, Пакистан, Афганистан, АНУ-ын баруун эргийнхэн, Хойд Европ, Исланд, Шотланд, Австрали, Төв Ази гээд хаа сайгүй иддэг. Индонезид хурганы махтай карритай хоол, Энэтхэгт хонины мах будаатай хуурга, Мексикт барбокоа гээд навчинд ороосон хонины мах, Шотландад хаггис нэрт хонины таван цулыг машиндаад ходоодонд нь хийсэн хоол алдартай байх жишээтэй. Сүүлийн үед хонины махны үнэ өсч, энэ маханд дурлагсад олон болж байна. Дээхнэ үед Хятадад хонины мах иддэг хүмүүс цөөн байжээ. Өвөрмонголчууд л хонины махаа идэхээс хятадууд иддэггүй байж. “Бээжин хүмүүс урьд нь хонины мах үнэртэхээр хамраа дараад зугтдаг байсан бол одоо өөр болсон” гэж ярих нь үнэний хувьтай. Хятадын хоол хүнсний зохист найрлагын талаарх эртний сударт үхрийн мах жууцай хоёр тохирдоггүй гэж бичсэнээс хонины махны тухай дурдаагүй байдаг нь магад хэрэглээнд бага байсных биз ээ. Манжийн үед хонины зум хийж, ихэс дээдэс таалдаг байснаар нь бага сага мэдэх биз. Тэгвэл одоо Хятадад хонины махны хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх болсон. БНХАУ-ын Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооны тайланд хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ 2002 онд 2.4 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3.23 кг болж өссөн тухай дурджээ. Мөн хонины махны импорт нь 2011 онд 82.7 мянган тонн байсан бол 2012 онд 123.7 мянган тонн болж улмаар 2013 онд 254.0 мянган тонн болж өссөн мэдээлэл байгаа юм.

Хятадууд хонины маханд “орох” болсон гол шалтгаан бол одоогоос хорь гаруй жилийн өмнөөс хойд нутгийн бэлчээрийн талбайг хумих бодлого төрөөс нь барьж эхлэхэд ихээхэн хэмжээний малыг нядалж эхэлсэнтэй холбоотой гэдэг. Тэр үед зах зээлд хямд мах орж ирэхэд үүнийг нь ашиглаж хонины махны халуун тогоо ихээхэн дэлгэрсэн ажээ. Хонины махны хурц, нялуун үнэрийг дарахын тулд тусгай аргаар боловсруулж, 23-24 төрлийн эмийн ургамлыг ашиглаж халуун тогоондоо ашиглах болж, хятадууд ч хонины маханд нугасгүй болсон байна. Сүүлийн жилүүдэд Бээжинд хонины махны халуун тогоо улам бүр “мода”-нд орж, өвлийн улиралд хүмүүс гудамжинд дугаарлаж зогсч байгаад хонины шөл уухаар ордог болжээ. Ястай нь үелээд, үелээд хөрөөдчихсөн байдаг энэ газар шөл ууж, яс мөлжихөөр махсаагаа гаргах шиг болдог гэх. Хэдхэн жилийн өмнө кг нь 40 орчим юань байсан хонины мах 66 юань болсон нь энэ махны эрэлт улам нэмэгдэж буйг гэрчилнэ. Статистикаар Хятадад хонины махны үнэ өнгөрсөн оноос 14.3 хувиар нэмэгдсэн байгаа юм билээ. Гэтэл хятадуудын өргөн хэрэглэдэг гахайн мах кг нь арав гаруй юанийн үнэтэй байж байх жишээтэй. Урд зүгийн хятадуудын хувьд хонины мах төдийлөн хэрэглэхгүй. Харин сэрүүн бүс болох хойд, зүүн хойд, Хөбэй мужийн хятадуудын хувьд хонины махыг хэрэглэж байна. Гэхдээ л чамлалтгүй, зөвхөн энэ бүс нутгийн хүмүүсийн тоо хэд билээ дээ. Тэд Өвөрмонгол, Шинжаан, бас сүүлийн жилүүдэд Шинэ Зеландаас хонины мах авч хэрэглэж байгаа аж. Гэхдээ бэлчээрийн махны амтыг мэдэрсэн тэд Шинэ Зеландын фермийн малыг угаасан мэт гээд голдог гэсэн. Тэгэхээр бэлчээрийн малын махны амтыг мэддэг хүмүүст Монголын мах таалагдах нь тодорхой. Дээрээс нь хятадууд элдэв анагаагч чанар, ургамал тангийн учрыг олдог хүмүүс хонины махны өвчин эдгээх чанарыг олсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Аюулт өвчнөөс өөрийгөө аварсан Жамсран гуай “Хонь голдуу борог өвс иддэг. Цаг уурын аль ч нөхцөлд тэвчээртэй, цэвэр агаар амьсгалж, цэнгэг ус уудаг тул олон өвчин анагаах шидтэй.Хонины тойг, далны толгой, охор сүүл зэрэг дөрвөн шимт бол бие даасан эм байдаг. Охор сүүл нь ид шидтэй эм болно. Шүдлэн хонины яс нь хийн эрдэмтэй” гэхчлэн ярьсан байдаг нь нэгийг хэлнэ.

Ямартай ч БНХАУ руу 64.5 мянган тонн мах гаргах квот авлаа. Эхний ээлжинд 5000 орчим тонныг гаргана гэж байгаа. Тэгэхээр энэ компаниуд эхнээсээ стандартаа нарийн гаргаж, алдаа эндэгдэл гаргахгүй ажиллах нь туйлын чухал. Тэгж гэмээнэ дараа, дараагийн компаниуддаа боломжийг нээж өгч таарна. Эдгээр компаниас гадна махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад үйлдвэрүүд ирэх долоо хоногт Бээжин хотноо БНХАУ-ын махны үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэнд орох гэж байгаа гэсэн. Тэгэхээр хаа хаанаа, хичээж аль болох олон үйлдвэр өмнөдийн том зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргаж, ховрын эд болсон валютыг Монгол руу оруулж ирэх нь чухал байгаа юм. Дараагийн шатны үйлдвэрүүд дунд махны чиглэлээр манай манлай үйлдвэр болсон Мах импекс яваа аж. Х.Баттулга сайд байх үед энэ асуудал яригдсанаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж нэрээ татсанаар ороогүй гэж дуулдсан. Монголчууд гадагшаа мах гаргадаг том шанг татах энэ ажилд стандарт барьж ажиллаж чадах газрууддаа найдахаас аргагүй. Дээрээс нь энэ олон үйлдвэрүүд нэгдсэн нэг бодлоготойгоор гадаад зах зээлтэйгээ ажиллахгүй бол монголчууд салж бутардгаасаа болоод дандаа алддаг. Вьетнам авто засварын хаана ч очсон нэг үнэ хэлдэг шиг манайхан тогоондоо ярилцаж хэлэлцэж байгаад тогтсон ханшийг гадаад зах зээлдээ тогтоох нь зөв биз ээ. Нойтон махны кг-ийнх нь үнэ 66 юань байгаа гэхээр хөлдүү мах хямд байж таарна. Тийм ч хэдий аль болох хамтдаа нэг баг болж чадвал монголчуудад л ашигтай. Оросууд манайхаас мах авахаар кг-ыг нь хоёр ам.долларт тохирсон байхад өөр нэг компани 1.8 ам.доллар санал болгож хэн хэндээ ашиггүй байдалд оруулаад байсан харамсалтай жишээ байдаг. Хэрэв стандартаа хатуу барьж, чанарын шаардлагатай мах нийлүүлээд байвал өргөн уудам зах зээл урд маань нэгэнт байна. Хөл дээрээ тогтоод авбал хилийн дагуу үйлдвэрүүдээ байгуулж, цааш хөргүүртэй машинаар зөөгөөд байвал мал байна, мах байна гэвч хэн ч авахгүй юм гэж гомдоллохоо бид болино.

Энэ удаад хятадууд дулааны аргаар боловсруулсан мах авна гэдгээ илэрхийлсэн тул бид шаардлагыг нь биелүүлж байна. Цаашид халал арга буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр арга болон зах зээлдээ нийцүүлээд бүхий л арга технологиор нь нийлүүлэх боломж бидэнд бүрэн байна. Үүнийг төр харин бодьтой дэмжээд өгөх хэрэгтэй.

Жиш: Дулааны аргаар боловсруулна гэдэг нь хонины махыг 80 градуст 20 минут, үхрийн махыг 90 градуст 15 минут усанд чанах, ууранд болгох, утах гэх мэт бүхий л аргаар болгож боловсруулаад вакуумдахыг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, эхний шатанд болгож, нян бактерийг нь устгаж байгаа хэрэг юм.

Categories
мэдээ нийгэм

Гөрөөсөн толгой одтой, шар луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 22. Буд гариг, Билгийн тооллын 4. Гөрөөсөн толгой одтой, шар луу өдөр. Өдрийн наран 06.05 цагт мандан, 19.55 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ эдийн-засаг

27,184 ширхэг хувьцаа арилжаалагдав

Монголын Хөрөнгийн биржийн 2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 23 хувьцаат компанийн 27,184 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 14.988 хувийн хүүтэй, 209,049 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 20,918,168,300.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 943.87 нэгж болсон нь өмнөх өдрөөс 1.00 хувиар буурсан үзүүлэлттэй байна.