Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза”-д УДЭТ таван жүжгээр өрсөлдөж байна

“Гэгээн муза” академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг драмын шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах олон улсын театрын наадмыг тавдугаар 17-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Арванхоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг шүүгчээр гадаад хүн ажиллахаар болсон байна. Наадамд өрсөлдөх бүтээлийг бүртгэж авсны дараа өрсөлдөх жүжгийн төрөл, уран бүтээлчдийг тодруулж нийтэд зарлах гэнэ. Номинацид нэр дэвшсэн уран бүтээл, уран бүтээлчдийг үзэгчид болон шүүгчдийн хамтаар тавдугаар 17-23 хооронд нэгдсэн үзлэгт хамруулж, шилдгүүдийг тодруулах гэнэ. Улсын драмын эрдмийн театраас таван жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна. Эдгээр таван жүжгийг танд сонирхуулъя.

УДЭТ- ийн Гэгээн муза-д өрсөлдөж байгаа сонгодог жүжгүүд

1. Зохиолч У. Шекспир
Найруулагч Н.Наранбаатар
Төрийн соёрхолт зураач Т. Ганхуяг СТА
Жүжгийн нэр “ Гамлет”

2. Зохиолч Софокл
Найруулагч Р. Түвшин СТА
Зураач А. Одонцэцэг
Жүжгийн нэр “ Эдип”

3. Зохиолч В. Хюго
Найруулагч Н. Наран баатар
Зураач Т. Ганхуяг СТА
Жүжгийн нэр “ Парисын дарь эхийн сүм”

4. Зохиолч М. Сервантес
Найруулагч Б. Баатар УГЗ
Зураач Ариунболд СТА
Жүжгийн нэр “ Кихот Ноён”

5. Зохиолч У. Шекспир
Найруулагч Ч. Найдандорж
Зураач Т. Аянга СТА
Жүжгийн нэр “Нора”

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүсгүй хүнийг цэцгийн баглаагаар ч зоддоггүй юм

Ийм нэг бичлэгийг цахим ертөнцөөр олон хүн үзсээр байна. Өөр өөр орны 7-8 настай хөвгүүдэд Мартина гэх охиныг танилцуулна. Хөвгүүд Мартинагийн нүд, гар, үс нь гоё байна гэж өөрсдийнхөө бодлыг хэлж үс, биенд нь гараа хүргэж, хацрыг нь илээд зарим нь “Мартинагийн найз хөвгүүн болмоор байна” гээд ичингүйрнэ. Яг энэ агшинд бичлэгийг хийж буй хүн хөвгүүдэд хандан “Одоо Мартинаг алгад, чанга алгад” гэв. Хөвгүүд нүд нь орой дээрээ гартлаа гайхаж түрүүхэн инээмсэглэн ичингүйрч байсан харц нь хормын төдийд айдсаар солигдож “Яаж тэгж болох юм. Охидыг зодож болохгүй”, “Тэр хөөрхөн учраас би гар хүрч чадахгүй, тэглээ ч тэр чинь охин шүү дээ”, “Би хүчирхийлэлд дургүй”, “Цохих чинь муу шүү дээ. Яагаад гэж үү, би чинь эр хүн шүү дээ” гэсэн хариултыг эрсхэн хэлж байв. Тэдэн дундаас найман настай хүүгийн “Охидыг цохиж болохгүй, цэцгийн баглаагаар ч тэр…” гэсэн нь олон зүйлийг бодогдуулна.

Үүн шиг үнэн үг байхгүй. Энд тэнд муухай гэмт хэрэг мэр сэр гараад байгаагаас монгол аав, эрчүүлийг бүхэлдээ тийм болчихсон мэтээр хүлээж авах хүмүүс олширч байна. Гэтэл бодит амьдрал дээр өөр байдаг. Аавууд “Энэ турьхан амьтны чинь хаана нь гар хүрэх юм бэ. Ширүүхэн харах төдийд л усан нүдэлж бүлтэгнээд өрөвдөлтэй байдаг юм” гэж үглээд л өнгөрдөг шүү дээ. Найман настай хүүгийн хэлсэн “Бүсгүй хүнийг цэцгийн баглаагаар ч зоддоггүй юм” гэх үг бол энэ дэлхийн бүх эрчүүлийн хэлэх үг гэж итгэнэм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн хуулиар асуулга тавилаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа, гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор хэчнээн иргэн газраа орон сууцаар солих хүсэлт гаргасан зэрэг өргөн агуулгын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулга тавьжээ.

Асуулгад тодотгосноор 2012 оны байдлаар улсын хэмжээнд 28288 га газрыг 256 мянган иргэн өмчилж авсан гэсэн нь нийт хүн амын 9.2 хувь, нийслэлийн иргэдийн 8.0 орчим хувь юм байна. Мөн УИХ-аас Газар өмчлөлийн хуулийн хугацааг хоёр удаа сунгаж, 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөхөөр тогтоож өгсөн аж. Гэвч сүүлийн үед

нийслэлийн зарим дүүрэг, хороодод олон жил суурьшсан газрыг нь иргэдэд өмчлүүлэхгүйгээр аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх шудрага бус үйлдэл гарч байгаад бухимдсан иргэдийн өргөдөл, гомдол олноор ирэх болсон аж. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий гишүүд асуулга тавьжээ. Хуульд зааснаар асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой юм. Асуулгын хүрээнд дараах 10 асуултад хариулт хүсчээ.

  1. Монгол Улсын 2012, 2013, 2014 оны байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон газрын нэгдмэл сангийн байдлын талаарх мэдээлэл.
  2. Улаанбаатар хотод 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэдэд өмчлүүлсэн болон аж ахуйн нэгжид эзэмшүүлэх шийдвэр гаргаж ашиглуулж буй газрын хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр).
  3. 2012 оны наймдугаар сараас хойш иргэд удаан хугацаагаар оршин сууж байгаа газрыг аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)
  4. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар аж ахуйн нэгжид (төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар) Монгол улсын газар нутгийн хэдэн хувьд түрээсээр, дунд болон урт хугацаагаар гэрээгээр эзэмшүүлж байгаа газартай холбогдсон мэдээлэл, хувь хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)
  5. Монгол Улсын иргэн өмчилсөн газраа аж ахуйн нэгжид худалдсан газартай холбогдсон мэдээлэл, хувь, хэмжээ. ( аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар).
  6. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан хороодын тоо. Энэ хөтөлбөр нь хэзээ дуусах, цаашид дахин төлөвлөлтөнд оруулахаар төлөвлөж буй гэр хорооллын тоо, түүнчлэн хотын гэр хорооллыг хэдэн он гэхэд дахин төлөвлөж дэд бүтэцжүүлж дуусахтай холбогдсон мэдээлэл.
  7. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны тоо болон орон сууцанд орсон өрхийн тоо, санхүүжилтийн нийт хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр). Мөн дахин төлөвлөлт хэрэгжиж буй гэр хороололд өмчилсөн газраа үнэлж орон сууцаар худалдаж авах төлбөрт оруулан тооцож байгаа иргэд, орон сууц барьж байгаа аж ахуйн нэгж хоёрын хооронд худалдааны нөхцөлийн талаар гарч буй маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эдгээр иргэдэд худалдааны сайн нөхцлийг бий болгохын тулд тухайн гэр хороололд орон сууц барихад хэд хэдэн аж ахуйн нэгжийг өрсөлдүүлэх боломжтой эсэх талаар.
  8. 2012, 2013, 2014 оны байдлаар 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан өрхийн тоо, энэ санхүүжилтийн эргэн төлөлтөнд ямар нэг эрсдэл үүсэх талаарх төсөөлөл байгаа эсэх (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).
  9. 2012, 2013, 2014 оны орон сууцны зах зээлийн дундаж үнэ цаашдын үнийн талаарх төсөөлөл, борлуулсан, борлогдоогүй орон сууцны тоо (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).
  10. 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан, улсын төсвөөс санхүүждэг байгууллагад ажилладаг иргэд, өрхийн тоо, үүнээс гадна улсын төсвөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг тухайн төсвийн байгууллага нь хариуцаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ үйлдэл нь хууль эрх зүйн ямар үндэслэлтэй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мэдээлэл хийхийг хүсье гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтэрнэ

Малчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 04 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын сав газраар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 4 дүгээр сарын 03-наас 4 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 3-4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станцыг 27 настай залуу дээрэмджээ

Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгний орлогыг дээрэмдээд зугтаасан гэх мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг олж эзэнд нь хүлээлгэн өглөө

2015-01-28-нд Хан-УУЛ дүүргийн 11-р хороо Сөүл хотхоны хашаанд дотроос Prius-20 маркийн автомашин алдагдсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Уг хэргийг иргэн Б гэгч үйлджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэний бүтээл Ази судлалын шилдэг бүтээлд багтжээ

Ази судлалын шилдэг бүтээл шалгаруулах “International Convention of Asia Scholars Book Prize” шагналын нэр дэвшигчид тодорчээ. Энэ жилийн Ази судлалын шилдэг судалгааны бүтээлийн шагналд 175 гаруй ном сойсноос эхний шатанд нийгмийн шинжлэх ухаан болон урлаг судлалын төрөлд тус бүр арвыг тодруулаад байгаа аж. Нийгмийн шинжлэх ухааны төрөлд шилдэг аравт багтсан судалгааны бүтээлүүд дунд Массачусетсийн технологийн институтын профессор Б.Мандухайн “Эмгэнэлт төрх буюу Монголын орчин үеийн жендер, бөө мөргөлийн асуудал” ном багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза”-д таван жүжгээр өрсөлдөж байна

“Гэгээн муза” наадмыг тавдугаар 17-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Арванхоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг шүүгчээр гадаад хүн ажиллахаар болсон байна. Наадамд өрсөлдөх бүтээлийг бүртгэж авсны дараа өрсөлдөх жүжгийн төрөл, уран бүтээлчдийг тодруулж нийтэд зарлах аж. Улсын драмын эрдмийн театраас “ Гамлет”, “ Эдип”, “ Парисын дарь эхийн сүм”, “Кихот Ноён”, “Нора” гэсэн таван жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн буудсан этгээдэд цаазын ял оноолоо

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд сар шинийн өмнө гурван хүн буудуулж амиа алдсан ноцтой хэрэг гарч байсан. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар өвөлжиж байсан айлд О.Энхбат гэгч буу өвөртлөн ирж гэрийн эзэн, тэднийтэй хамт өвөлжиж байсан эмэгтэйг буудаж амийг нь хохироосон. Мөн хохирогчийнд машин зарахаар өөр сумаас ирсэн залууг буудаж хөнөөгөөд зугатсан байдаг. Зугатаж яваад цагдаа нарт баригдсан юм. Гэмт этгээд бусадтай бүлэглэн айлаасбуу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн “Мастер” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг мөн үйлдсэн аж. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Сум дундын 27 дугаар шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад цаазаар авах ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

“Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Нэг хороо” сарын аяныг зохион байгуулахаар болжээ. Аяны нээлт өнөөдөр тус дүүргийн VIII хороон дээр болсон юм.