Categories
мэдээ нийгэм

Цаг хугацааг эмчилдэггүй. Тэр хажуугаар чинь хэнэггүйхэн зөрөн өнгөрч байдаг

-ХОШИН СУРГААЛУУД-

Хэзээ нэгэн цагт би хамгийн ухаантай нь гэж боддог байсан.Одоо бол ганцаараа тэнэг биш гэдгээ сайн мэддэг боллоо.

Жинхэнэ эр хүн зөвхөн ээжээсээ л айдаг.

Хорон муу санаа саруул ухааныг авч оддог.

*Шашин хүн чанарыг хүмүүжүүлэхээс орлодоггүй.

*Прометей хүмүүст гал бэлэглэж байхаар нэг мөсөн үхэшгүй мөнхийн зуух бэлэглэчихгүй дээ.

*Цаг хугацааг ЭМЧИЛДЭГГҮЙ.Тэр хажуугаар чинь хэнэггүйхэн зөрөн өнгөрч байдаг.

* Чамд мөнгө авчрахдаа хоцорч ирсэн хүнийг загнах хэцүү.

Тэтгэвэрт гартлаа амьдрах хэцүү.Тэтгэврээрээ амьдрах бүр ч хэцүү.

Нас ахих тусам хамгийн чухал баяр бол “маргааш” гэдгийг ойлгодог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол наадам” цогцолбор баригдаж, “Олимпийн хотхон” болж өргөжнө

Морь барианы газар

-“ХҮЙ ДОЛООН ХУДАГ“-Т БАРИГДАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарь улсад хийсэн айлчлалынхаа үеэр 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж бичигт ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой гарын үсэг зурсан билээ. Энэ хүслээ биелүүлэхэд монголчуудад 26 жилийн хугацаа байна. Гэтэл бид өнөөдөр хотлоороо цуглаж хийдэг ганц үндэсний баяраа тэмдэглэх тохитойхон талбай ч алга. Цөөн тооны суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэх азтангууд машин тавихаас эхлээд, бие засах ч олигтой газар байхгүй. Дээр нь бөх үзсэн хүн морины уралдаан харах боломжгүй. Гадны жуулчид хамгийн дээд баяраа ямар муу орчинд тэмдэглэж байгааг хардаг ч, хэлэхгүй өнгөрдөг. Энэ байдлыг халж, үндэсний баяр болох наадмаа, улмаар ирээдүйн олимп зохион байгуулах эхний алхам хийх зорилгоор нийслэлийн удирдлага томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Тэр нь одоохондоо морь уралдуулахаас хэтрэхгүй байгаа Хүй долоон худгийн хөндийд “Монгол наадам” цогцолбор барих. Тус цогцолбор одоохондоо барилгажаагүй, суурьшлын бүс үүсээгүй байгаа энэ хөндийд 13.6 мянган га талбайд сүндэрлэнэ. Тус цогцолборыг барихад 130 сая ам.доллар шаардлагатай. Энэ томоохон цогцолборыг БНХАУ-ын “Шанхай” групп” барихад бэлэн гэнэ. Хэрэв энэ групп төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарвал, шаардлагатай хөрөнгийг жилийн 1.5 хүртэл хувийн зээлээр авах боломжтой. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ тухай санамж бичигт 2014 оны долдугаар сард гарын үсэг зуржээ. “Монгол наадам” цогцолборын дарга П.Цогтбаатарын үзэж буйгаар одоогийн төлөвлөж байгаа төсөл нь эхний алхам. Цаашдаа цогцолборыг өвлийн спортын ордон, морин тойруулгаар өргөтгөнө. Хэтийн зорилго нь улирал харгалзахгүйгээр бүх төрлийн спортоор хичээллэх боломж бүрдэнэ.

Цэнгэлдэх хүрээлэн

Эхний төсөл 4-5 жилд хэрэгжинэ. Үүнд 30 мянган хүний суудалтай иж бүрэн инженерийн тоноглолтой цэнгэлдэх хүрээлэн, таван мянган хүний суудалтай морь барианы талбай, гурван мянган үзэгчийн суудалтай сур харвааны талбай, хоёр мянган үзэгчийн суудалтай шагай харвааны ордон, 200 өрөө бүхий орчин үеийн дээд зэрэглэлийн зочид буудал хамрагдаж байна. Төсөл хэрэгжсэнээр 500 гаруй тогтмол, 1000 гаруй улирлын чанартай ажлын байр бий болно. Өнөөгийн байдлаар Хүй долоон худагт соёолон морины уралдааныг үзэх гэж 100 гаруй мянган хүн ирдэг гэсэн тооцоо байна. Харин цогцолборын эхний ээлж ашиглалтад орсноор багаар тооцоход 200 мянган иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Наадамчин олонд үзүүлэх үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулах замаар тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, улмаар тогтмол орлоготой аж ахуйн нэгжүүдийг байнгын ханган нийлүүлэгч болгох зохион байгуулалт хийнэ.

Шагайн харвааны ордон

Төслийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр хэрэгжүүлэх ба ингэснээр цогцолборыг тойрсон хүчирхэг аж ахуйн нэгжүүд байгуулагдана. Цогцолбор нь зөвхөн үндэсний спортыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй. Бүх төрлийн спорт, аялал жуулчлал, олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулахад нээлттэй үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн төсөөллөөр бол тус цогцолбор нь 2040 онд Улаанбаатар зохион байгуулах хүсэлтэй байгаа олимпийн наадмын бүтээн байгуулалтын эхлэл гэнэ.

Сур харвааны талбай

Өндөр зэрэглэлийн зочид буудал

Х.БАТТӨГС

Categories
мэдээ улс-төр

“80 ам.метр”-ийн босгыг чөлөөлнө

Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар ярилцлаа. Уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцлоо.

Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон.

Тэтгэврийн сан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж олон жил явлаа. Ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн мөнгө нь өнөөдөр дуусч байна. Маргаашийн үүц гэж төлсөн мөнгийг нь өнөөдөр бусдад зарцуулчихдаг энэ буруу эргэсэн хүрд нэг л өдөр гацна. Өнөөдөр өмнөхөөсөө олон хүн ажил хийж, шимтгэл төлж байна. Ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно. 30, 40 жил төлсөн мөнгөө хэрэглэе гэхэд нь төр засаг “Байхгүй ээ” гэж хэлэх нөхцөл байдал үүснэ.

Тэтгэврийг улсын төсвөөс нэмэх гэж, зөрүүг арилгах гэсээр 25 жил боллоо. Чанарын үр дүн гарсангүй. Ёроол нь онгорхой шуудай мөнгө өсгөх нь битгий хэл хадгалдаггүй энэ тогтолцоог цэгцлэж байж асуудлыг шийднэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тиймээс асуудлыг хурааж хойшлуулалгүй ирээдүйгээ харж өнөөдөр шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн тогтолцоог энэ хэвээр үргэжлүүлэх юм бол сампингаар тоо бодож, хот хооронд сумын холбоон дээрээс утсаар ярьж байгаатай адил болно гэлээ.

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бий болно гэж ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ хэллээ.

Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг тэрээр онцолж байна.

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх ажлын бэлтгэлийг шуурхай хангах, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтад оролцсон сайд нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж

УИХ-ын гишүүн Д.Тэр­биш­дагватай ярилцлаа.

-УИХ-ын гишүүд чуул­ганы завсарлагаанаар сон­гогдсон тойрогтоо ажиллаж байгаа. Таны хувьд…

-УИХ-ын гишүүн намын жагсаалтаар болон тодорхой нэг тойргоос сонгогддог ч нийт ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог, мэдэрдэг байх нь чухал. Тиймээс ганц­хан тойргийнхоо иргэдтэй уулзаад нэг дүүрэг, нэг аймаг, нэг сумын асуудал яриад суухыг урьтал болгодоггүй. УИХ-ын чуулганы энэ удаа­гийн завсарлагаанаар сон­гогдсон тойрогтоо төдийгүй Булган, Хэнтий, Төв, Архангай Өвөрхангай аймгуудын 30 гаруй сумдад, Сонгинохайрхан дүүргийнхээ 32 хороогоор нэг бүрчлэн явж нийтдээ 80 га­руй уулзалт хийлээ. Давхард­сан тоогоор нийтдээ 50 орчим мянган хүнтэй уулз­сан байна. Өвөл өнтэй болж, мал сүрэг нь өссөн учраас хөдөөгийн малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь ажиглагдаж байлаа. Харин төв суурин газрын иргэдийн хувьд бухимдалтай, амьдрал нь ч хэцүүхэн байна.

Уулзалтын явцад 600 гаруй санал хүсэлтийг иргэд амаар, бичгээр ирүүлснийг багцлан авч үзвэл улстөрчид, дарга нарынхаа үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямрал гүнз­гийрч байхад шийдэмгий арга хэмжээ авахгүй байгааг он­цолж байна. Өнөөдөр ард­чилал нэрийн дор төрийн дарангуйлал, хариуцлагагүй, эмх замбараагүй, хүссэнээрээ авирладаг анархи байдал бий бол­чихоод байгааг уулзалт хийсэн газар бүр хэлж, ярьж байна.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг сонирхохын зэрэг­цээ Сонгуулийн болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар асууж байна. Парламентын 76 гишүүний 28 нь пропорциональ буюу намын жагсаалтаар, 48 нь мажоритар буюу тойр­гоос сонгогддог холи­мог хувилбарыг хүлээн зөвшөө­рөхгүй, шүүмжилж байна. Мөн иргэд өөрсдийн­хөө эрх ашигтай холбоотой, лоббид автсан хуулийг баяр наадамтай давх­цуулан бөөндөж бат­лан, ард түмэн болоод Мон­гол Улсын эрх ашгийг хохироодгийг дахин дахин сануулж байна. Иргэд буруу бүхэнд хариуцлага тооцох, хяналт тавих, замбараагүй байдлыг өөрчлөхийг ямагт хүсдэг болчихжээ.

Эцсийн дүндээ нийт ир­гэд өөрчлөлтийг хүсч байна. Иргэд­тэй уулзсан тухайгаа, тэд юу хүсч, юун тухай бодож санаж байгааг нэгтгээд намынхаа бүлэг дээр танилцуулна. Цаашид УИХ-ын чуулганаар асуудал хэлэлцэхэд иргэд сонгогчдын байр суурийг илэрхийлж, бод­лого шийдвэрт тусгуулж ажиллахыг зорьж байгаа даа.

-Улстөрчдийн популизм иргэ­дийг ийм байр суурьтай бол­­гоод байгаа байх л даа?

-Үгүй дээ. Монгол хүний саруул ухаан, асуудлыг үнэлж цэгнэх үнэлэмжийг тэгж ч дорд үзэж болохгүй шүү.

Түмэн олон зөв бурууг шүүж тунгаагаад, хэн нь популизм хийж хошгоруулаад байна гэдгийг хэлүүлэлтгүй сайн мэднэ. Маш их мэдээлэл сайтай байна. Популизм уу, бодит үнэн үү гэдгийг маш сайн ялгадаг болсон. Ард түмнийг дутуу үнэлж болохгүй. Олон түмэнтэй уулзахгүй, тэдний үгийг сонсохгүй байж албан тасалгааны цонхоор харчихаад амьдрал сайхан байна гэж дүгнэж боломгүй. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших 2200 , Их Монгол Улсын 800-аад, Ардын хувьсгалын 70 гаруй жилийн түүхэнд монголчууд унаж босч байсан ч газар шороогоо ухаж байгаль дэлхийгээ сэндийчилгүй оршин тогтносоор бидний үед ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруйхан жилийн дотор ухаж төнхөөгүй газар нутаг байхаа болиод байна. Энэ бүхэн хаана, хэнд үр өгөөжөө өгөөд байгаа юм. Ер нь иргэд эдийн засгийн хямралаас илүү төрийн алсын хараагүй бодлогод их бухимдаж байна шүү дээ.

-Хэтэрхий улстөрждөг болсны шинж үү?

-Иргэд өнөөдрийнхөө талханд санаа зовохоосоо илүүтэйгээр байгаль дэлхийгээ сүйтгэж, ашигт малтмалаа зөв зохистой ашиглахгүй гадныхантай хуйвалдаад цөлмөж, улстөр, эрх мэдлээр халхавчлан хүссэнээ гүйцэлдүүлж байгаад бухимдаж байна шүү дээ. Ардчилал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлэн худалдан авч, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж, өмч хувьчлалаар халаасаа түнтийлгэсэн эсвэл ард түмний баялгийг зарж идээд хөрөнгөжсөн нөхдүүд улстөрд олуулаа болж хүчирхэгжиж, төрийг удирдаж байгаад шүүжлэлтэй хандаж байна. Төрийн өмчийг хэрхэн өмчилж авсныг овог нэр, албан тушаалтай нь нэрлэж байна. Тэд ямар арга залиар хөрөнгөжсөн шигээ л Монгол төрийн бодлогыг тодорхойлж, буруу тийш залж чиглүүлж байгаад эмзэглэх болсон байна. Олны үг ортой. Түмний нүд бурууд хурц гэдэг дээ. Үнэндээ 1990 оны ардчилсан хувьсгалын ололт, амжилтыг далимдуулж, улсын асар их өмчийг хувьчлал нэрээр хувьдаа авсан, социализмын үед бэлтгэгдсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж орхисон. Нийгмийг нуруун дээрээ үүрч явсан дундаж давхаргын олон мянган хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн учраас ядуурал нэмэгдсэн. Тийм нөхцөл бүрдэхээр түмэн олон бухимдана. Тэр сэтгэлзүйг номхотгох, таалагдах гэж улстөрчид элдэв гоё сайхан зүйл ярьж амлалт өгдөг болсон. Эргэж сонгогдохоо бодоод амлалтаа биелүүлэх гэж улсынхаа сан хөмрөгийг үр дүнгүй үрэн таран хийж ирсэн. Ийм л байдлаар замнаж, таатай олон боломжоо ашиглаж чадаагүй. Сүүлдээ халамжийн хавтгайрсан бодлого нь эдийн засгийг дэндүү сульдааж, тамирдуулах болсон шүү дээ. Өнөөгийн төрийн тогтолцоо хүндээ тэр тусмаа боловсон хүчиндээ дэндүү халгаатай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа нэг ч хүнийг ажлаас нь үндэслэлгүй халж байсан тохиолдол байхгүй. Ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадаж байгаа хүмүүстэй аль намынх байх нь хамаагүй хамтарч ажиллана гэсэн зарчим барьдаг байсан. Боловсон хүчнийг хайрлах хэрэгтэй. Өндөр чадвартай ажилтан болохын тулд өч төчнөөн хөрөнгө зарж, цаг хугацаа зарцуулж байж хүрдэг зүйл шүү дээ. Хичнээн өндөр хүчин чадалтай компьютер, хувилагч машин байгаад ч хүнийг орлож чадахгүй. Тийм болохоор сайн боловсон хүчин гэдэг улсыг авч явдаг “үнэт эрдэнэ” нь байдаг. Эцсийн эцэст хүний сайн сайхны төлөө биш юм бол ямар ч сайхан ардчилсан төр байгаад яах юм.

-Ийм учраас эдийн засаг хямарчихлаа гэж үү?

-Уг үндэс нь юунаас эхтэй гэдгийг сая би тодорхой тайлбарласан даа. Гэхдээ эдийн засгийн хямралыг бас өөрөөр харж байгаа. Хямраад байна уу, санаатайгаар хямруулаад байна уу гэдгийг тунгаах хэрэгтэй. Баялаг ихтэй улс орныг эдийн засгийн хямрал руу түлхэж, иргэдийн бухимдлыг дээд цэгт хүртэл тулгаж, тэмцэл, сөргөлдөөн, цуст мөргөлдөөн болох нөхцөлийг бүрдүүлдэг гэх. Ийм болгож байгаад дотоодын олигархиудтай гадны “эдийн засгийн алуурчид” нийлж бодлогоо хэрэгжүүлж, баялгийг цөлмөдөг туршлага дэлхий дахинд хэдийнэ ил болжээ.

Тийм ч учраас уулзалт хийж явахдаа хүчирхийллийн бус аргаар тэмцэх, монголчууд ухаантай байхын чухлыг тайлбарлаж явсан. Биднийг хооронд нь тэмцэлдүүлж, үзэн ядуулж, сөргөлдүүлж байгаад завшдаг гэдгийг мартаж болохгүй.

-Хэн санаатайгаар хямруулаад байгааг нэр цохоод хэлж болохгүй юмуу?

-Гадаад, дотоодын олигархиуд. Тэдний шуналын далайд ёроол байхгүй.

Намайг 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болоход Монгол Улс үр тарианыхаа ердөө 17-20 хувийг л дотоодын ургацаар хангадаг байсан. Үлдсэн улаанбуудайг Америк, Японоос тусламжаар авч хэрэгцээгээ хангаж байлаа. 2000 оноос хойш төр засаг хөдөө аж ахуйн салбарын талаар оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд уналтад орсон газар тариалангийн салбар өндийж, малын тоо толгой эрчтэй өсч байна. Хэдэн жилийн өмнөөс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг монголчууд өөрсдөө бүрэн хангах боломжтой болсон. Мөн 2000 онд малын тоо 25 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 52 саяд хүрчихсэн байна. Монголын хөгжлийн ганцхан гарц нь уул уурхай юм шиг бодлогоо тодорхойлж байгаатай миний хувьд санал нийлдэггүй. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин, монгол хүн нь өөрөө хөгжлийн гарц. Хүнээ хөгжүүлж, сахилга хариуцлагатай байж, хууль дүрмээ сахин хэрэгжүүлж байх нь чухал. Тиймээс бид уул уурхай гэж хэт хошуурахгүй, хүмүүсээ мэргэжилтэй боловсон хүчин болгож сургаж бэлтгээд, хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарал хандуулмаар байна. Малтай, газар тариалангаа эрхэлж байгаа цагт монголчууд өлсөхгүй. Хэзээ ч ядарч туйлдаж байгаагүй. Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур “багана” нь яах аргагүй хөдөө аж ахуй. Магадгүй энэ салбар манай улсын тусгаар тогтнолын баталгаа нь ч байж мэднэ.

-Газраа л ухах хэрэггүй гэж үү?

-Норвеги зэрэг олон орнууд байгалийн баялгаа зөв ашиглан ард түмнээ сайн сайхан амьдруулж, улс орон нь хөгжин цэцэглэж байна. Харин эдийн засгийн “алуурчид” дотоодын олигархиудтай нийлчихээд баялаг цөлмөх ажиллагааг эхлүүлчихвэл баялгийн хараал гээч нь болдог бололтой юм. Монгол түмний заяа өндөр учраас ийм тавилан угтахгүй гэдэгт найднам. Уг нь Оюутолгойн гэрээг олигтойхон байгуулаад, бүрэн ашиглаж чадсан бол өнөөдөр Монголд Эрдэнэт шиг дөрвөн үйлдвэр босчих байлаа. Таван толгойг улстөрийн амлалтаа биелүүлэх гэж “барьцаанд” тавьж мөнгө зээлж тараагаагүй бол өдийд үр шимийг нь хүртээд сууцгааж байхаар байсан. Гэвч гадны эдийн засгийн “алуурчид” манайхны “гар хөл бологсодтойгоо” хавсайдаж эдийн засгийг хямруулж, иргэдийг турхирч, үймээн дэгдээгээд хамаг баялгийг хуу хамах вий гэсэн бодол сэтгэл зүрх сэмлэх юм даа.

-Гар хөл бологсод нь хэн гэж…

-2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж “МАНАН”-гийн Засгийн газар байгуулагдсанаас хямралын эхлэл тавигдсан. Монгол Улсын Үндсэн хуульд олонхийн санал авсан эрх баригч нам нь төр барина, цөөн санал авч сөрөг хүчин болсон нь хяналтаа тавиад явна гэдгийг тов тодорхой заасан байдаг. Гэтэл Монгол Улсын тулгуур хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үл тоож, хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэж нэг хөнжилдөө орж байгаад л хуйвалдааны зарчмаар Тавантолгой, Оюу толгойн асуудлыг шийдсэн дээ. Энэ үеэс мордохын хазгай гээч зүйлүүд шил шилээ дараалаад өрнөсөн. Хуулиа л мөрдөхгүй, зарчмаа үл тоогоод ирэхээр замбараагүй байдал руу хүссэн хүсээгүй холбирдог гэмтэй. Нэг ёсондоо хууль нь эмх цэгцтэй байх тэр нь хана хэрэм болж байдаг хэрэг. Энэ хана хэрмийг нураачихаар хууль бус ажиллагаа, хуйвалдаан гаардаг юм байна. МАХН гэсэн нэрийг өөрчлөхгүй гэж нийт гишүүдийн 80 орчим хувь нь саналаа өгөөд байхад хэдхэн хүн хүчээр шийдсэн, гадны нэг компанитай гэрээ байгуулах гэж төрийн гурван сайд нь гарын үсэг зурсан, Тавантолгойн ордын өрмийг нь цэвэрхэн гартаа оруулсан гээд тоочоод байвал бишгүй их зүйл бий. Тэр нэгэн үйл явдал миний сэтгэлээс гардаггүй. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны их танхимд болсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нар парламент, Засгийн газрын гишүүд, дарга сэтэр зүүсэн “эвэртэн, туурайтнууд” түүхэн гэрээ хэмээн уйлалдах нь холгүй болцгоож байлаа. Тэр арга хэмжээнд 4-5 гишүүн оролцоогүй. Тэдний нэг нь би. Гадны компанийн өмнө Монгол төрийг тэгж бөхөлзүүлж, төр гэх тэр эрхэмсэг байдлыг нь үгүй хийснийг бодохоор харамсдаг юм даа. Оюутолгойн гэрээнд гурван сайд гарын үсэг зурах хэрэг юу байна. “Эрдэнэс-Оюутолгой” гээд төрийн өмчийн компанийн захирал төлөөлөөд гарын үсэг зурчихад болохгүй гэх зүйлгүй. Гадаадын улс орнуудын туршлагыг хараад үзээрэй. Гурван сайд зэрэг гарын үсэг зурж баталгаажуулдаггүй л юм билээ.

Хяналтгүй, сөрөг хүчингүй болсон цагт ханцуй дотроо наймаалцан улс орны эрх ашигт ноцтой байдал үүсч мэднэ гэж болгоомжлоод л хамтарсан засаг байгуулахыг 2008 онд эрс эсэргүүцэж, цөөнх болж байсан даа. Одоо ч миний энэ итгэл үнэмшил хэвээрээ. Сөрөг хүчингүй болохоор ажил бүтээд урагшилдаг, хөгждөг ч юм биш. С.Баярын энэ стандарт бус жишиг төрийн дээд шатандаа төдийгүй дунд, доод шатанд халдварлаж байна. Нэг үгээр хэлбэл, халдварт “өвчин” болсон гэхүү дээ.

-Яагаад халдварт өвчин гэж?

-Орон нутгийн сонгуулиар ч олонхи болсон нам нь хүртэл дангаараа эрх бариад явахын оронд шүүмжлэлгүй, сөрөг хүчингүй болохыг чухалчилдаг болжээ. Тэгэхээр энэ нь халдварт “өвчин” байгаа биз дээ. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт ч ийм байдал давтагдаж байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар дүүргийг удирдаад яв, хөгжүүлээд өг гээд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 22 суудлыг МАН-д, сайн хянаж бай гээд 17 суудлыг АН-д өгсөн ч дарга нар нь өөрсдийнхөөрөө найруулаад л манантуулчихсан. Ингэлээ гээд дүүрэг хөгжсөн зүйлгүй. Харин дүүргийн өнөө хэдэн АН, МАН-ын дарга нарын “ажил” нь эрүүл шүүмжлэлгүй, буруу зүйл нь ямар ч эсэргүүцэлгүй явагдаж, хүссэнээ гүйцэлдүүлж байх шиг. Одоо Сонгинохайрхан дүүрэг засаглалын хямралд оржээ. Орон нутгийн сонгуулиар дүүргийн АН-ын дарга МАН-ынхаа даргатай нууц гэрээ байгуулаад, ийм ийм албан тушаалыг хувааж авна гээд бүүр зоочихсон байсан нь саяхан илэрч дуулиан тарилаа. Сая дүүргийнхээ 32 хороогоор орж 3500 гаруй иргэд сонгогчидтой уулзахад дүүргийн удирдлагын аппаратаас нэг ч хүн яваагүй. Энэ нь иргэдээсээ зугтааж байгаагийн илрэл.

-Тэгэхээр таны хэлж байгаагаар Монгол Улс ийм байдалд хүрсэн нь С.Баяр гэдэг хүний буруу юм уу?

-С.Баяр болон түүний долдой нар. Нам намын харьяалалтай, өөрсдийгөө намын лидер гэж өргөмжилдөг, ард түмнийг хошгоруулдаг бүлэглэлийнхний талаар түмэн олон хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нэг үйлдвэр ч удирдаж үзээгүй, бүтээн байгуулалт хийж яваагүй, үнэндээ хадаас ч хадаж үзээгүй нөхдүүд улс орныг сайхан болгоно гэж гоё ярьж ард түмэнд итгэл үнэмшил төрүүлдэг. Гэвч бодит байдал дээр тэдний ярьсан бүхэн хийсвэр байсныг ард түмэн хожимдож ухаарч байна даа. Биднийг төлөөлөөд төрийн эрх барьж, шийдвэр гарга гээд ард түмэн мандатаа өгчихсөн байхад хэсэг бүлгийн эрх ашигт захирагдаж, бурууд ташуур өгч, долдойддог нөхдүүд үнэндээ улс төрийг баллаж байна шүү дээ. Ганц өөдтэйхэн үг зоригтой сөрөөд хэлчих сэтгэлийн тэнхээгүй, ая тал зассан, өөрийн толгойгүй нөхдүүдийн тарьсан хор уршиг их байна.

-Тэгээд одоо яах ёстой гэж…

-Төрийн бодлогыг зөв тийш нь залж, Засгийн газар нь ажил хэрэгч, шударга, шийдэмгий, зоримог ажиллах хэрэгтэй байна. Гэвч өнөөдрийн дүр зургийг ажиглавал тийм итгэл төрөхгүй л байна. Шинэчлэлийн Засгийн газрыг унагаад Шийдлийн Засгийн газар байгуулсан. Сөрөг хүчнээ “өвөртөө” орууллаа. Ерөнхийдөө 2008 оны дараа өрнөсөн өнөөх манан будан дахин давтагдаж байна уу гэлтэй. Ямар ч сөрөг хүчингүй болгож, асуудлыг зөвшилцөл нэрийн дор ханцуй дотроо наймаалцан шийдэх шинжтэй. Шийдлийн засаг байгуулагдаад хамгийн эхний ажил нь л гэхэд Урт нэртэй хуулийг битүүний өдөр батлуулж, өнө эртний түүхтэй, өвөг дээдсийн шарил бунхантай Ноён уулыг ухах гэж дайрч, давшилж байх жишээний.

-Оюу толгойг бүрэн ашигласан бол дөрвөн Эрдэнэт үйлдвэртэй болох байсан гэж та хэллээ. Гэхдээ улстөрчдийн популизмаас болж гадаадын хөрөнгө оруулагчид үргэж Оюу толгой саатсан. Тэр популистуудын нэг нь таныг ч гэж хэлэх хүмүүс бий…

-Миний хувьд Оюутолгойг ашиглахыг эсэргүүцдэггүй. Харин ч ашиглахыг дэмждэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчидтай эхнээсээ гэрээ хэлэлцээрийг зөв хийх ёстой, ийм зүйл дээр алдах нь гэдгийг хэлж байсан. Гэвч миний ч, бидний ч үгийг тэр үед ажил хариуцагч сайд, дарга нар даанч тоогоогүй. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хандсан. Харин сүүлдээ цээжээ дэлдсэн эх оронч дүр эсгэгчид саад тотгор болж байна гэж элдвээр цоллох болсон доо. Үүнд эмзэглэдэггүй. Буруу замаар будаа тээгээд явааг дуугүй хараад суухгүй. Түмэн олны эрх ашигт үл нийцсэн шийдвэрийг толгой дохин хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсэн байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй ээ.

Намайг Шадар сайд болоход Оюу толгойн гэрээний санхүүд шалгалт хийх талаар чиглэл өгсөн. Сангийн сайд, Уул уурхайн сайд бид гурав хамтарсан тушаал гаргаж Оюу толгойд санхүүгийн шалгалт оруулсан. Тухайн компанийн мууг үзэх гэсэндээ биш, бодит байдлыг нь тогтоох зорилготой байлаа. Гэтэл шалгалтаар хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Ингээд 30 гаруй асуудал дээр засч сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийхээр Засгийн газар Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагчидтай ширээний ард сууж ихэнх асуудал дээр нь тохиролцсон. Эцсийн шийдэл гаргаж чадалгүй Засгийн газар огцорсон юм. Аль аль тал нь буулт хийж, төслийг үр ашигтай явуулах ёстой. Гэхдээ төслийг үргэлжлүүлнэ гээд улсад хохиролтой байдлаар шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байсан.

-Таны ярианаас Оюу толгойгоос болоод Засгийн газар огцорчихсон гэж ойлгогдох гээд байна…

-АН-ын фракцуудын зөрчлөөс засаг огцорсон нь тодорхой л доо. Гэхдээ зарим хүмүүс Оюу толгойтой холбон тайлбарладаг, харддаг л юм билээ. Хэнд ч хардах эрх бий. Гадаадын том компани өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Монголыг муухай харагдуулахаар гадна, дотнын сонин, сэтгүүлээр янз бүрийн мэдээлэл цацсан байхыг үгүйсгэхгүй. Тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй болохоор Сангийн сайд асны нууц данс илэрсэн, олон улсад зарлагдсан, дараагаар нь С.Баярцогт МАН-тай хамтрах ёстой, хамтарсан засаг байгуулья гэж хамгийн түрүүнд санаачилсан цаг хугацаа ч давхцаж таардаг гэх. Гэхдээ энэ нь баталгаатай биш болохоор тийм гэж хэлэх боломжгүй хэрэг. Ер нь бол Оюу толгой төсөл хөрөнгө оруулалтаа хумихад л гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байна. Түүнийг нь дагаад гадаадын олон компаниуд хөрөнгө оруулахаа харзнаж, долларын урсгал эрчтэйгээр саарч байгаа нь ч үнэн. Доллар хомсдохоор ханш савлаж, төлбөрийн тэнцлийн алдагдал өнөөдөр 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид гэдийхэд та нар хэр удаан тэсч, гүрийхийг харна аа гэсэн дээрэнгүй тулгалт ажиглагдаж байгаа нь нууц биш. Бид тавьсан болзлоосоо буцахгүй, хүлээж авахгүй бол дахиж санал тавихгүй гэж айлгахыг оролдож байна. Өнөөдөр бид ийм мухардалд орох “нүхээ” гэрээ байгуулж байхдаа “малтаад” өгчихсөн хэрэг шүү дээ. Тэр үед ийм алдаа гаргах гээд байна гэхэд анхаараад, чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийнхээ хүмүүсийн үгийг сонсч чамбай гэрээ байгуулсан бол өнөөдрийнх шиг хэрхэхээ мэдэхгүй алмайрч, аргаа барж, арчаагаа алдаж сууцгаахгүй шүү дээ.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход танай намын дарга Н.Энхбаярын нөлөө байсан уу. Тэдний хийсэн гэрээний асуудал яригддаг л даа…

-Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэсэн үг байдаг даа. Фракц хоорондын зөрчил хэтрээд засгаа унагачихаад бусад руу буруугаа чихэж болохгүй л дээ. Хоёр намын дарга нар хамтран ажиллах гэрээгээ улам батжуулан гарын үсэг зурсны төлөө засаг унана гэж юу байхав. Нэг шалтаг төдийхөн л болсон байх. Тухайн үед улс төрийн намууд хамтран ажиллаж болох ч 2024 он хүртэл гэж урт хугацаагаар гэрээ байгуулах нь зохимжгүй гэж миний хувьд үзэж байсан. Хоёр өөр үзэл баримтлалтай хоёр нам ийм удаан хугацаагаар гэрээ хийх нь явцуу. Харин сонгуулиар аль нэг нам нь олонхи болоогүй тохиолдолд хамтран ажиллах, нийлж засаг барих туршлага дэлхий дахинд ч бий. Тэр утгаараа 2012 оны сонгуулиар АН илүү олон суудал авсан ч засаг барих хэмжээнд хүрээгүй учир МАН биш Шударга ёс эвслийг засагтаа орж ажиллахыг урихад хүлээн авсан. МАН хүчтэй сөрөг хүчин болсон шүү дээ. Гэвч дахиад манангаа санасан гэлтэй засгийг бужигнуулаад бүх улстөрийн хүчнийг засагтаа оруулаад бүр ч хяналтгүй болгочихлоо доо. Эйн Рейнд “Зөвшилцлийн Засаг бол Шинэ фашизм” гэсэн ном хүртэл бичсэн байна.

-Ер нь та шинэчлэлийн Засгийн газрыг хэр ажилласан гэж боддог вэ?

-Аль ч Засгийн газар дандаа магтуулаад байдаггүй. Шүүмжлэл байнга л дагаж байдаг. Харин санаатайгаар харлуулах, гутаах, муухай харагдуулах гэсэн “дайралтад” Шинэчлэлийн Засгийн газар арай хэт өртчихөв үү дээ гэж боддог. Нөгөө их “хөөсрөл” нь дарагдаад, хэн нь хэн бэ гэдэг цаг хугацааны аясаар тодроод ирэхээр олон түмэн шүүн тунгааж, харьцуулж байгаа байх.

Үнэндээ Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн Засгийн газар чармайхын дээдээр чармайж, амралтын өдөр амралгүй зүтгэж ажиллаж байсан нь үнэн юм шүү. Хэд хэдэн аймгийг нийслэлтэй авто замаар холболоо, хотын түгжрэлийг сааруулахаар замыг дорвитой шинэчлэх алхам хийлээ, хурдны замын ажлыг эхлүүллээ, найман хувийн орон сууны зээлд хамруулж, дундаж давхаргыг орон сууцжуулах ажлыг эрчимтэй явууллаа гээд бидэнд хийсэн зүйл их бий. Харин Чингэс бондын зарцуулалт тааруухан байсан гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ л саараасаа сайн нь илүү жин дарна гэдгийг хаана ч бардам хэлнэ. Алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Дөнгөж ажлаа эхэлж байхад нь юу ярихав гээд өнгөрсөн хугацаанд чимээгүй, ажиглаж байлаа. Дөрвөн сар орчим гэдэг ажил хийе гэсэн хүнд чамлахаар бага хугацаа биш, хийхгүй аргацаах гэсэнд нь ахархан санагдах байх л даа. Гэвч шийдлийн Засгийн газар нэр шигээ шийдэмгий байж чадахгүй, дэндүү назгай ажиллаж байна. Хүмүүсийн итгэл эхнээсээ алдарч байна. Хагас сайн өдөр амардаг болж, Засгийн газрын хуралдааныг хуралдахгүй цуцлах биш харин ч ажиллах цагаа уртасгаж, хүчээ дайчилж ажилламаар л харагдах юм. Монгол Улсад хийх ажил маш их байна. Гэтэл юун түрүүнд зардлыг танах нэрийдлээр эхчүүдийн хүүхэд асрах тэтгэмжийн мөнгөнөөс хумслах тухай санал гаргаж, Ноён уулыг ухахгүй бол улс хөгжихгүй юм шиг аяглаж болохгүй ээ.

-Ноён уулын булш, бунхныг хамгаалах нь Монголын ард түмэнд ямар ашигтай юм гэж ярих хүмүүс ч байна лээ?

-Ноён уулыг ухах гээд байгаа компани өмнө нь Бороогийн 40 тонн алтыг олборлохдоо тогтвортой байдлын гэрээ гээчийг хийж татвараас чөлөөлөгдөж байлаа. Ингэж баялгаа ухууллаа гээд монголчууд юу хожсон юм бэ. Тэнд хот, тосгон боссон уу. Хэдэн сэндвичэн барилга босгож, баялгийг технологийн дэвшлийг ашиглан богино хугацаанд хуу хамчихаад, адаг сүүлд нь ичсэн нүүрэндээ эмнэлгийн өргөтгөл барьж өгөөд өнгөрөх шив дээ. Одоо бүүр амташсан хэрээ 13 дахина гэгчээр зүсээ хувиргаад ороод ирэх жишээний. Бид одоо ингэж хууртаж, ашиггүй гэрээ хийж болохгүй. Ноён уулаа ухахгүй байсан ч Монгол дампуурахгүй. Эдийн засгийн тооцоог нь харахаар Ноён уулыг ашигласнаар Монголд овойж оцойтлоо ашиг унахгүй л юм билээ. Тийм байхад түүх дурсгалын газраа ухуулж, сэндийчүүлж байхын хэрэг юу байна. Байж л байг. Хойч ирээдүй маань хэрхэхээ шийдэг. “Сентерра гоулд” гэдэг компани өнгөрсөн зунаас эхлээд төр засгийнхантай уулзаад гишүүдийн өрөөгөөр “Дэмжээд өгөөч” гээд гүйгээд байсан даг.

-Тантай уулзах санал тавьсан юм уу?

-Уулзах санал тавихад нь татгалзсан.

-Манай дарга нарын ийм үйлдлүүд Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтад дургүй гэдэг мессежийг дэлхийд өгөөд байдаг гэх юм билээ…

-Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд, хөөж туугаад байгаа юм биш ээ. Харилцан ашигтай байх эдийн засгийн зарчмаа бариад, хамтраад төсөл хэрэгжүүлээд явах нь нээлттэй. Тэгэхгүй эрх мэдэлд ойр хэсэг нөхдийг “урхидаж авчихаад” шулж хөлжихийг бизнес биш дээрэм гэдэг юм.

-Н.Энхбаяр дарга та хоё­рын харилцаа ямар байгаа вэ. Сүүлийн үед та хажууд нь харагдахаа байсан, муу­далцсан тухай их ярих юм…

-Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг байхаа. Бид хоёр энэ үгийг эрхэм чигээр нь тээж явах ёстой л доо. Уруул дордойвч, элэг дордойхгүй. Бид хоёрыг муудсан, хэрэлдсэн гэж яриа гарч байгаа бол тэр далдын “хар малгайт”-ын хэн нэгний хорын шившлэг байх. Бидний харилцаа хэвээрээ. БНСУ руу явахаас нь өмнө хоёр удаа уулзсан. Намаа онцгой анхаарч ажиллах үүрэг өгөөд буцсан.

-Та МАХН, МАН-ыг нэгтгэх бодол тээсээр яваа юу?

-Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад МАХН, МАН-ын задрал, АН-ын фракцуудын зөрчлийн талаар ярьж байна лээ. Та нэг ярилцлагадаа “Энэ хоёр нам нэгдвэл дэмжинэ ээ, миний найз нөхөд тэр намд олон бий гэж ярьсан байсан, энэ байр суурь танд хэвээрээ юу” гэж асууж байсан. МАХН, МАН нэгдэж хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийхэд миний хувьд санаачилгатай байж дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй л гэж хариулсан даа. МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж. МАХН, МАН-ын гишүүд цөөн хэдэн хүний арчаагүй улс төр, хувийн харилцаанаас болж хоорондоо дайсагнах ч учиргүй. Нэг өдөр муудалцлаа гэхэд нөгөө өдөр нь гар барьдаг байх ёстой. Энэ хоёр намыг хамтрах ажлыг та л хийж чадна гэж хэлдэг хүмүүс байдаг л юм. Гуравхан сая монголчууд намаар, нам дотроо фракцаар талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж яах юм бэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Манган буюу ширэм баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна

-ХОНОГТ 45-50 ГАЛТ ТЭРЭГ МАНГАН БОЛОВСРУУЛЖ УРД ХӨРШ РҮҮ ЭКСПОРТОЛНО-

Дорноговь аймгийн Айраг суманд манган буюу ширэм баяжуулах үйлдвэр баригдаж байгаа. Уг үйлдвэрийг “Мон лаа” ХХК-ийн охин компани болох “Алтраг ахас” ХХК барьж ашиглалтад оруулж байгаа юм байна. Үйлдвэрийн ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр бүрэн хэмжээгээр ажиллуулахаар төлөвлөж буй ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орчихвол хоногт 2500-3000 тонн хүдэр баяжуулна гэсэн үг. Мөн хоногт 45-50 галт тэрэг манган боловсруулж чадах юм байна.

Ингэж боловсруулсан манган гангийн үйлдвэрүүдэд хэрэгтэй. Харин манайд гангийн үйлдвэр байхгүй учраас урд хөрш рүү экспортолно гэсэн. Үйлдвэр 2012 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн хятадууд байнга хүрч ирж “Үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх вэ. Худалдаж авъя” хэмээн санал тавьж байгаа юм байна. Сүүлийн үед ийм санал улам их болж байгаа талаар “Мон Лаа” ХХК-ийн хамт олон сонирхуулж байна лээ. Ингэж дотооддоо боловсруулсан манганаа гадагшаа экспортолсноор гадаад валютын урсгал Монгол руу чиглэх сайхан боломж гарч ирж байгаа гэсэн. Энэ тухай “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амараа “Санхүүгийн хямрал гэж хаа сайгүй ярьж байгаа ийм үед манай компанийн хамт олон зоригтойгоор үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн. Манай компанийн ерөнхий захирал Э.Энхсайхан маш том эрсдэл хүлээж үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй үр дүнгээ үзэх гэж байна” гэсэн юм. Тус үйлдвэрийг есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгожээ.

Дорноговь аймгийн Айраг сум хүдрийн нөөц ихтэй. Тиймээс хайгуул хийх зөвшөөрлөө авч 2012 оноос эхлэн үйлдвэрээ байгуулсан байна. Ингээд хайгуул хийж хүдрийн нөөцөө тогтоогоод байтал урт нэртэй хуулийн хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулах анхан шатны зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Ингээд хоёр жил гаруй хугацаанд ажиллах боломжгүй байсан учраас 120 ажилтнаа халж үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан гэнэ. Харин саяхнаас зөвшөөрлөө буцаан авч үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогоор тус компани шинээр 80 гаруй ажлын байр бий болгоод байгаа юм байна. Үйлдвэр нь төмөр замаас найман км-ийн зайтай байдаг болохоор урагшаа гаргахад ямар нэгэн саад байхгүй гэсэн. Бас дэргэдээ хүдрийн уурхайтай учраас түүхий эдээ өөрсдийн бололцоогоороо нийлүүлэх ажээ. Үйлдвэр нь ерөнхийдөө хуурай бутлуур, нойтон баяжуулах гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг зах зээлд хэдэн төгрөгөөр нийлүүлж, ямар үр ашигтай ажиллах тухай тооцоо одоогоор хараахан гараагүй байгаа хэдий ч ямартай ч гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Манган гэж ямар элемент байдаг, юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг сонирхуулъя. “Манган гэдэг нь ганг бэхжүүлж, ширэм болгоход хамгийн чухал нөлөөтэй. Үелэх системд Mn гэж тэмдэглэдэг, химийн элементүүдээс практикийн хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог. Өнгөт ба хар металлургийн үйлдвэрлэлд манганыг гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт зүйл болгон ашигладаг юм байна. Төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14% хүртэл хэмжээгээр нэмж өгөхөд тэдгээрийн цохилт, доргилт, элэгдлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилдэг байна. Иймд манганыг агуулсан хайлшуудаар машин, техникийн төрөл бүрийн эд ангиудыг хийдэг” гэсэн байна. Мөн манган нь хүндийн жингээрээ төмрийн дараа орох элемент юм билээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Эх орончид хэмээн хийрхэгчдийг цагдаагийн байгууллагаас танхайн хэргээр шалгаж эхэллээ

-УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ НАРЫН ЗАЛУУС БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ДАРАМТАЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО-

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж, өөрсдийнх нь ярьснаар хийморио сэргээжээ. Бурхан халдун хайрхандаа сүслэн, залбирч явахдаа өөрсөд шиг нь аялж явсан хэсэг залууст эр бяраа гаргаж, заримыг нь өмнөө сөхрүүлж бичлэг хийн, зураг авсан нь facebook, twitter-ээр шуугиан тарилаа. Хийсэн үйлдлийнхээ талаар Улсын харцага Г.Ганхуяг “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ. Яагаад хүн зодсоныг нь асуухад “Яасан, багадуулчихаж уу” гэж асуусан байна. Харин “Босоо хөх монгол” бүлгэмийнхэн “Бид гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун уулын Дунд овоонд тахилга, ёслол үйлдэж явахад тэнд бас өөр олон залуу явж байсан. Тэдний нэг гэнэт “Энд хятад хүн явж байна” гэхэд бид очсон. Тэд хоорондоо хятадаар ярьж байна гэсэн. Харин тэдгээр хүмүүс өвөрмонголчууд байсан тул бид тэдэнтэй ярилцаж ойлголцсон” гээд цахим хуудастаа тухайн үед хийсэн бичлэгээ оруулжээ. Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд “Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэж хэдэн талаас нь аархаж байгаа нь үлджээ. Биерхүү, омогтой олон залуусын дунд орсон аялагчид “Мэдлээ, ойлголоо, уучлаарай” гэхээс өөрийг хэлэхгүй юм.

“БИД МОНГОЛЧУУДЫГ ЭЛЭГ НЭГТЭН ГЭЖ ШҮТЭЖ БАЙХАД ТАНАЙХАН НҮДЭНД ОРСОН ӨРГӨС ШИГ ХАРЖ БАЙНА”

“Босоо хөх монгол” бүлгэмийнхний энэ үйлдлийг олон хүн буруушааж, Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаад нь дургүйцлээ илэрхийлж байна. Учир нь дэлхийд дээр нь хүн гардаггүй уул гэж байдаггүй. Өөр улсын иргэн, эмэгтэй хүн уулан дээр гарч болохгүй гэж мухар сүсэглэдэг хүмүүсийг соёлгүй, бүдүүлэг гэж харахаас аргагүй. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээнравдан хоёр дахь удаагаа Эверестид авирах гэж байгаа талаараа “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийсэн. Монголчууд, эсвэл өөр үндэстэн Эверестийн ноён оргилд гарахад хэн ч дургүйцлээ илэрхийлж байгаагүй, тэгэх ч үгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд хүн төрөлхтөн нэгийгээ хүндэлдэг. Бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гаргавал буруушаадаг. Тийм учраас эх оронч гэж өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг залуусын үйлдлийн талаар өмнөд монголчууд дотоод цахим сүлжээ буюу wechat-аараа сүүлийн хоёр өдөр хэлэлцэж, монголчуудын талаар буруу бодож байснаа ярилцсан талаар манай улсад ажиллаж амьдардаг өмнөд монгол эр ярилаа. Тэрбээр “Бид монголчуудыг элэг нэгтэн гэж шүтэж байхад танайхан нүдэнд орсон өргөс шиг харж байна. Өмнөд монголчууд Туулын уснаас амсаад үхэх юмсан гэдэг. Ерөөсөө л Монгол бидний хувьд диваажин гэж төсөөлөгддөг. Тийм ч учраас манайд очсон урлагийнхан, бөхчүүдийг аав ээжийгээ мэт хүндэлж харьцаж, юу байгаагаараа дайлж цайлж байгаад явуулдаг. Гэтэл Монголд эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэх залуучууд биднийг алхуулдаггүй. Бизнес эрхлэхэд хураамж, “татвар” авна. Хаа явсан газар дээрэлхэж, зоддог. Бид Монголоос хөөгдөх вий, визний асуудал гаргах вий гэж айгаад цагдаад ханддаггүй уучлал гуйгаад хүссэнийг нь өгөөд явуулдаг. Сая болсон үйл явдал цахим сүлжээгээр тарсан учраас л хүмүүс мэдлээ. Иймэрхүү зүйл бол Монголд байгаа өмнөд монголчуудын хувьд хэвийн үзэгдэл” гэж ярилаа.

Ё.ЛХАГВАСҮРЭН:

БУСДЫН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН ЗАЛУУСЫГ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд амралтын өдөр Бурхан халдун ууланд аялж явсан гадаадын иргэдийг дарамталж, өмнөө сөхрүүлсэн зургаа өөрсдийнхөө цахим хуудаст тавьжээ. Тэдний үйлдэл бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл мөн үү?

-Тэр үйл явдал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон. Тиймээс мэдээллийн дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газартай холбогдлоо. Хариуцсан байцаагч нь хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна.

-Хоногийн мэдээнд энэ хэргийн талаарх мэдээлэл орж уу?

-Орон нутгаас онц хүнд хэргийн мэдээлэл ирдэг.

-Гадаадын иргэнийг дарамталсан зургаа тараасан залуус цахим ертөнцөд өөрсдийгөө өмөөрч, тэдний үйлдлийг дэмжих хүн олон байна. Гадаадын иргэний эрхийг зөрчиж, биед нь халдсан бол тэгсхийгээд өнгөрдөг гэх хандлага ч байна.

-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга гэв.

Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультайг эх сурвалж санууллаа.

БУРХАН ХАЛДУН УУЛАНД ГАДААДЫН ИРГЭНИЙГ ОЙРТУУЛАХГҮЙ ГЭЖ МУЙХАРЛАГЧИД ХЭН БЭ

Бурхан халдун ууланд хийморио сэргээхээр явж байгаад бусдыг дарамталж, алгадсан тухайгаа facebook хуудастаа бичсэн бөх бол Улсын харцага Г.Ганхуяг. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Ганхуяг 2001 онд улсын наадамд зургаа давж харцага цол хүртэж байсан, спортын од, бөх сонирхогчдын үлгэр дуурайл болсон залуу. Бөх сонирхогчид түүнийг “галзуу” гэж хочилдог юм билээ. Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн XVII хороо, IV хорооллын “Стрингс” бааранд буу гаргаж, зөөгч эмэгтэйг зодсон хэрэгт холбогдож байсан. Үүнээс өмнө ч архи ууж танхайрч байсан талаарх мэдээллүүд олон бий. Спортын од гэдэг утгаараа түүний facebook хуудас олон дагагчтай. Гэтэл тэрбээр саяхан цахим хуудастаа “Байлдвал байлдъя” гэж бичээд учир мэдэх хүмүүсээр шүүмжлүүлж байсан удаатай. Мөн буудуулсан тарвага хүүдээ бариулсан зураг тавьсан нь нэг хэсэг шуугиан тарьсан. Учир нь тэр зурагны дор “Эх орныг минь эзлээд байгаа нөхдүүдийг энэ тарвага шиг..:” гэж бичсэн нь энхтайванч, ардчилсан энэ нийгэмд цочир байсан юм.

Монголын рок, попынхны дунд ур чадвар, чансаагаараа дээгүүрт ордог гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий “Монгол нэр зүүсэн мал хэдэн хужаа дагуулан Бурхан халдунд явж байсан гэнэ. Азаар цөс ихт монгол эрчүүд маань таарч хувийн арга хэмжээ аваад явуулсан байна. Бас хадаг яндар барьчихжээ, муу нохойн баас чинь” гэж facebook хуудастаа тавьжээ. Өөжгий бол яах аргагүй урлагийн од. “Никитон” хамтлагт гитар тоглодог. Хүүхэд байхдаа “Халгай” гэдэг хамтлаг байгуулж урлагт орж байсан гэдэг. Тэрбээр цахим хуудастаа бичсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд өөрийгөө өмөөрсөөр байгаа.

Өөжгийг ч тэр, Г.Ганхуягийг ч тэр олон залуус бахархан дуурайж, үлгэр дуурайл болгодог. Ийм хүмүүсээ бид алдаршуулж, од болгодог. Хүүхэд, залуус даган дуурайгаасай гэсэндээ од болгож алдаршуулдаг юм. Гэтэл тэр хүмүүс гэртээ орж ирсэн зочноо балбаад бай гэж үлгэх дууриал үзүүлж байна уу. Ийм ёс зүйгүй аашилсных нь төлөө хариуцлага тооцмоор байна. Тайзан дээр гарах, бөх барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. Сүүлийн үед урлагийн од, бусдын үлгэр дуурайл болсон хүмүүс айхавтар алдаа гаргадаг боллоо. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхи хэрэглээд шоронд орсон, араас нь Баавар бас мансуурч, хэрэгт орсон. “Шинэ үе” хамтлагийн хоёр эмэгтэй гишүүн нэгийгээ буцалсан усаар шалзалсан. Ийм ёс зүйгүй аашилсан, хар тамхитай холбогдсон хүмүүс урлагт хэн ч биш болдог. Харин манайд өөхшүүлсээр байгаад одоо од гэх залуус элдвээр муйхарладаг боллоо.

Ийм байдлыг гааруулаад байвал Монгол Улс тамын орон болж хувирна. Даяаршсан дэлхийд хөлөө олохын тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Гэтэл ирсэн зочноо зодоод хөөдөг, тэр хэрээрээ олон улсад нэр хүндээ алддаг Монголыг хүссэн гэж үү. Хууль тогтоогч, төр барьж байгаа хүмүүс энэ удаагийн үйлдэл дээр цочроо авах хэрэгтэй байна. Хүүхдээ тавдугаар анги хүртэл нь гадаад хэл зааж болохгүй, уйгаржин бичгээ л үзэх ёстой, эрх баригчид нь овоо тахиж, найр наадам хийнэ, байгаль нийгмийн үзэгдлийг шинжлэх ухаанч бусаар тайлбарладаг, шашинждаг энэ бүх үйлдлийн үр дүн ийм хөгжлөөс ухарсан, харанхуй, бүдүүлэг Монголыг бий болгож байна. Монголчуудын эртнээс уламжилсан ёс заншлаар гэртээ орж ирсэн хүнийг зодож нүдэх нь бүү хэл элдвээр хэлдэггүй. Найрсаг зочломтой ард түмэн гэж өөрсдийгөө магтаж ирсэн. Гэтэл одоо энэ бүхэн алга болжээ. Эх оронч гэх хийрхлийг төр засаг, эрх баригч, хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хүртэл дэвэргэж байна. Замаг сайтай нууранд загас ихтэй, зан сайтай айлд зочин ихтэй гэдэг. Жуулчдыг урих, хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой л бол зан аашаа засч, эвтэй байх сургалтыг зориуд бодлогоор явуулмаар байна. Үндсэрхэг гэх үзлээр биднийг зориудаар хорлож, хүсээгүй Монголыг бий болгож байна. Үүнд ухаалгаар хандаж болох, болохгүйг ялгаж салгах шаардлага тулгарсныг энэ үйл явдал харууллаа.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн форум-2015” эхэлнэ

Төрийн ордонд өнөөдөр “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ. Монголын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ “building credibility” уриан дор зохион байгуулагдаж байна. Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх энэ удаагийн форумыг хөтөлбөрийг танилцуулъя.

“Эдийн засгийн форум-2015”-ийн хөтөлбөр

2015 оны 4-р сарын 2

  • 8:00-9:00 Бүртгэл, мандат олголт
  • 9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

НЭГДСЭН ХУРАЛДААН

  • 9:30- 11:00 Их танхим: Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
  • 11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:

  • 11:30-13:00 Их танхим: Институцийн засаглал ба хамтын ажиллагаа

А танхим: Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил

Б танхим: Мэдээллийн ёс зүй /хариуцлага/

  • 13:00-14:00 Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
  • 14:00-15:30 Их танхим: Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө

А танхим: Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Б танхим: Санхүүгийн салбарын хөгжил

15:30-16:00 Цайны завсарлага

  • 16:00-17:30 Их танхим: Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

А танхим: Монгол Улсын зээлжих зэрэглэл

Б танхим: Үндэсний корпорациудыг бий болгох

  • 17:30-18:00 Эхний өдрийн нэгтгэл

БААСАН ГАРАГ, 2015 оны 4-р сарын 3

  • 8:00-9:00 Бүртгэл, мандат олголт
  • 9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН

  • 9:30-11:00 Их танхим: Монгол Улсын алсын хараа

11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:

  • 11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил

А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа

Б танхим: Эрүүл мэндийн салбарын менежмент

  • 13:00-14:00 Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
  • 14:00-15:30 Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь

А танхим: Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес

Б танхим: МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил

15:30-16:00 Цайны завсарлага

  • 16:00-17:30 Их танхим: Найрсаг Улаанбаатар

А танхим: МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх

Б танхим: Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН

  • 17:30-18:00 Их танхим: УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД
Categories
мэдээ спорт

Т.Санчир Филиппиний лигтэй гэрээ байгууллаа

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж, гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон магадгүй АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ийнхүү боллоо. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тохиолдож буй онцгой, том алхам юм. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсныг бид мэднэ. Гэхдээ Т.Санчирын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Филиппин улсын мэргэжлийн лигийн багт тоглохоор болж байгаа нь бахдам амжилт юм. Зүгээр ч нэг баг биш харин PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг.

11043211_10153240809204758_2058321460754989453_n

https://www.facebook.com/ginebra.kings

Монголчуудын хувьд Филиппин улсын Лигийн талаар тийм сайн мэдэхгүй. Гэхдээ PBA нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн Холбоо, Лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-ийн дараа ордог хамгийн ахмад Лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнесс зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн Лиг юм билээ. Товч мэдээллийг хүргэхэд PBA-д нийтдээ 12 баг өрсөлддөг. Гэхдээ нэг жилийг тойроод гурван янзын Лигийн тэмцээн явагддаг. Эхнийх нь хамгийн нэр хүндтэй нь буюу Philippine Cup – зөвхөн Филиппин тамирчид өрсөлддөг, 10-аас 2-р сарын хооронд явагддаг. Дараагийнх нь яг одоо явагдаж байгаа Commissioner’s Cup – легонер тоглогч авах эрхтэй. Харин Санчирын маань тоглох гэж байгаа нь бол Governor’s Cup – 5-р сараас 8-р сарын хооронд зохион байгуулагддаг, легонер тоглогч авах эрхтэй. Гурван тэмцээнд гурвууланд нь түрүүлсэн багт “Grand Slam Champion” гэдэг цолыг өгдөг юм байна.

alaska-champion-commissioners-cup

Санчирын хувьд дотоодын Лигт гаргасан амжилтуудыг нь бид бүгдээрээ мэднэ. Харин 2013 оны дэлхийн Оюутны Universiade тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 8 тоглолтонд 20.6 оноог дунджилж, шилдэг довтлогчдын нэг гэдэгээ олон улсын тавцанд тэр харуулж байв. Дараа нь Зүүн Азийн АШТ-нд бас гайхалтай байж, шигшээ багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн Наадмын ШИЛДЭГ ГУРВАН тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн гэхэд болно. Тэр үеэр МСБХ-нд зөвлөхөөр ажиллахаар ирсэн АНУ-ын багш, дасгалжуулагч Алан Уоллс Санчиртай Инчеонд уулзаж, гадны Лигт тоглуулах талаар хамгийн анх ярилцаж эхэлсэн юм. Санчир ч өөрөө татгалзсангүй. Улмаар 2015 оны 3-р сарын эхээр PBA-ийн багуудад тоглогч зуучилдаг төлөөлөгч бидэнтэй холбогдож, Санчирыг сонирхов. Багахан хүлээлттэйгээр миний бие Санчиртай холбоотой бичлэг, статистикийг цуглуулж, PBA-рүү илгээлээ. Гэтэл өчигдөр буюу 3-р сарын 31-нд албан ёсны хариуг авч, Ginebra San Miguel баг Санчирт гэрээний санал тавихаар болсон гэсэн таатай мэдээг сонслоо. Харин өнөөдөр Санчир маань МЭРГЭЖЛИЙН тамирчин болох албан ёсны гэрээнд гарын үсгийг зурж, өлгийдөж авсан баг руугаа явуулсанаар түүхэн үйл явдал болох нь тэр.

Untitled-2

Мэргэжлийн боксын гараагаа АНУ-д саяхан эхэлсэн Н.Төгсцогтын амжилт хатаагүй энэ мөчид сагсчин Санчир Азийн топ лигийн топ багт тоглох болсон нь үнэхээр бахархалтай санагдана. Энэ бол зөвхөн Санчирт хамаатай зүйл биш. Энэ бол Монголын сагсан бөмбөгт том үүд, хаалгыг нээж буй зүйл юм. Түүний араас Билгүүн, Сэргэлэн, Дэлгэрням, Өрнүүнбилэг, Ууганбаяр нар яваасай гэж хүн бүр хүсч, ерөөж байгаа нь мэдээж. Гэхдээ бид хүлээлтээ дарах ёстой. Өмнө нь PBA-д нэг ч Ази легонер тоглож байгаагүй. Нэг ёсондоо Монголын тамирчин Т.Санчир PBA-д хөл тавих гэж буй АНХНЫ АЗИ ЛЕГОНЕР болж байгаа юм. Учир нь PBA-д өдийг хүртэл зөвхөн Америк легонеруудыг тоглохыг зөвшөөрдөг байжээ. Энэ нь мэдээж Филиппин тоглогчдынхоо орон зайг хамгаалсан бодлоготой холбоотой байх. Харин 2014 оны 10 сард болсон багийн эздийн уулзалтаар шинэ дүрмийг баталж, удахгүй эхлэх Governor’s Cup тэмцээнээс эхлэн баг тус бүр 190см өндөртэй буюу түүнээс намхан нэг Ази легонерийг авч болохоор болж. Энэ бол мэдээж Азийн зах зээл рүү Лигийн цар хүрээг тэлэхийг хүссэн бодлоготой холбоотой. Өндрийг 190 гэж хязгаарласан нь Америк төвүүдийгээ авч үлдэхийг зорьсонтой холбоотой байх. Хүлээлтийн хувьд бид өөрсдийгөө бэлдэх ёстой. Юуны өмнө Санчир Манила хотод очоод, эрүүл мэндийн үзлэгийг давах ёстой. Дараа нь шинэ багтайгаа бүтэн сарын бэлтгэл хийж, шинэ улиралдаа бэлдэнэ. Ginebra-гийн хувьд хамгаалагчид буюу PG, SG байрлалдаа сайн тоглогчид ихтэй юм байна. Гэхдээ тэд нарт гурваас шиддэг болон нэгийн эсрэг нэг оролт хийдэг хамгаалагч дутмаг бололтой. Төлөөлөгчийн хэлж буйгаар бол Ginebra Санчирыг багагүй үнэлж байгаа учраас шууд сэлгээний сандалд хатаахгүй л гэнэ. Нөгөөтэйгүүр Ginebra нь 2008 оноос хойш буюу сүүлийн 7 жилийн хугацаанд нэг ч удаа гурван тэмцээний аль нэгэнд түрүүлээгүй гэнэ. Дандаа Плейоффын эхний тойрог эсвэл хагас шигшээд мултарсаар иржээ. Бүрэлдэхүүний хувьд муу бол огт биш, харин ч шилдэгтээ орно. Харин дасгалжуулагчаа сүүлийн хэдэн жилд нилээн хэд солиод авчээ. Санчирыг угтаж авах дасгалжуулагч бол бас л шинэ дасгалжуулагч. Бас нэг мэдээ гэвэл энэ баг саяхан Санчиртай гэрээ хийхээсээ өмнө хоёр ч хамгаалан тоглогчоо нэг багтай Драфтын эрхээр сольсон гэнэ. Тэгэхээр Санчирт өөрийгөө батлан харуулах минут хангалттай олдох найдлага байна. Гэхдээ л бид хүлээлтээ дарах ёстой!

wh5t225j

Одоохондоо миний өгч чадах мэдээлэл энэ л байна. PBA-ийн тоглолтууд бүгдээрээ online-аар цацагддаг учраас Монголчууд бид Санчирын багийн тоглолтыг тогтмол үзээд байх бүрэн боломжтой юм байна. Мөн албан ёсны шууд дамжуулах эрхийг нь ч гэсэн Монголын аль нэг ТВ худалдаад авчихыг үгүйсгэхгүй шүү дээ. Аса Аварга Япон, Монголыг холбосон шиг Санчир маань Монголыгоо Филиппин гэсэн улстай ойртуулж өгөх нь ээ. Филиппинчүүдийн хувьд сагсан бөмбөг нь бол ус, агаар л гэсэн үг. Монголчуудыг нүүдэлчин соёл, Чингис Хаанаар нь дэлхий нийт мэдэж, төсөөлдөг бол Филиппиныг сагсан бөмбөгийн спортоор нь мэддэг юм. Хятадын CBA, Европын Euro League бол 40 жилийн түүхтэй PBA-ийн хажууд дөнгөж төрсөн хүүхэд л гэсэн үг. Санчирын хувьд том хаалга нээгдлээ. Хоёр хөлөө оруулаад, цааш алхах нь түүнээс бүрэн хамаарна. Цаашид бүр ч том хаалга түүний өмнө гарч ирэх боломжтой. NBA-д Монгол хүн тоглох цаг арай болоогүй ч PBA-д тоглох цаг ийнхүү ирлээ. Санчиртаа “амжилт хүсье” гэж хэлэхээс өөр юуг бид хийж чадах билээ! АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах сарын аян эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өчигдрөөс эхэллээ. Аян энэ сарыг дуустал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатайгаар үргэлжлэх юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргаснаас хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулдаг болсон аж.

Монгол Улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан сарын аян өрнүүлж буй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэдэд олгох зорилготой юм.

Аяны хүрээнд Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд

-“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх.

-“Нэн тэргүүнд ХАБ” үндэсний чуулганыг зохион байгуулах.

-Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдэгдсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран Налайх дүүрэгт зохион байгуулах.

-Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлаар БНСУ-ын ХААЭА-н агентлагтай хамтарсан сургалт хийх.

-Осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлаар Герман улсын ослын даатгалын газартай сургалт зохион байгуулах.

– Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тушаалаар батлагдсан ”Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн найруулж, батлуулах бэлтгэлийг хангах.

-“Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журам”-ыг боловсруулж, Хөдөлмөрийн болон Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулах.

-“Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”-ийг боловсруулж, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулах. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх тухай Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 1998 оны 16 дугаар чуулганы тогтоолыг орчуулах, ослыг бүртгэх үндэсний статистик бий болгох. Асбестийн багц стандартыг боловсруулж, орчуулан батлуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Стивэн Хокин ба их нэгдлийн онол

Баабар ингэж өгүүлэв

Стивэн Хокин хэмээх өнөө үеийн хамгийн алдартай эрдэмтнийг дэлхий даяараа мэднэ. Ярьж хөдөлж чаддаг­гүй, тэргэнцэр дээрээ хадаатай энэ тахир датуу эрдэмтний шинжлэх ухаанд олсон аугаа амжилтыг нь гэхээсээ ийм зэрэмдэг хүн яахаараа шинжлэх ухааны хүрээнд аугаад тооцогддог билээ гэдэг нь илүү сонирхол татдаг. Тэгээд ч түүний судалдаг сансар судлал, квант механик, харьцангуй онол, орчлонгийн үүсэл, хар нүх, их дэлбэрэлт болоод энэ бүхний математик тооцоолол нь хэр баргийн хүнд ойлгоход дэндүү хүнд.

Харин Хокин хэзээ ямар өвчин тусаад тахир датуу болов, эхнэр хүүхэд нь ямархуу улс байна, тэргэнцэртэй хүн яаж шинжлэх ухааны оройд гарав, яахаараа түүний бичсэн “Цагийн тухай товч түүх” нь богино хугацаанд 10 сая хувь борлогдов, ийм хүн эхнэрээ сольж болдог юм уу гэх мэтийн нэг талаас ахуйн шинжтэй боловч нөгөө талаас бараг л домог болсон яриа цуу нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татдаг. Тиймдээ ч түүний амьдралаар сэдэвлэн бүтээсэн “Бүх юмны тухай онол” уран сайхны кино дэлхий даяар шуугиулж гол дүрд нь тоглосон Эдди Рэдмэйн Оскарын шилдэг жүжигчний шагнал хүртлээ.

Хокингийн амьдралыг түүний судалдаг шинжлэх ухаантай холбож үзэхгүйгээр энэ аугаа эрдэмтнийг ойлго­ход бэрх. Ойлгуулна гэхээр ердийн хүмүүсийн түвшингээс хэт дээшээ гарчихсан сэдэв. Германы зохиолч Хүбэрт Маниагийн бичсэн “Стивэн Хокин” хэмээх энэхүү хялбарчилсан бэсрэг зохиол Хокингийн амьдралын зэрэгцээ тэр чухам юу судлаад ямар нээлт хийсэн талаар маш товч мөртөө нэн хялбарчлан харуулж чаджээ. Бүтээлийн монгол орчуулгын редакторын хувьд энэ номонд төдийлөн тодорхой тайлбарлаагүй орчлонгийн үүслийн тухай, үүнийг гаргалгааг олох учиртай Их нэгдлийн онолын тухай чадахын хэрээр энд хялбарчлан тайлбарлах гэж мэрийлээ. Дэлгэрүүлбэл дуусашгүй их юм болно, гэхдээ редакторын зүгээс хаа хамаагүй хадуураагүй гэдэгтээ итгэж байна.

ХХ зууны эхэнд гарсан хоёр том нээлт бол нэг нь Эйнштейний харьцангуйн ерөнхий онол, нөгөө нь Макс Планкийн анхлан нээсэн квант механикийн онол юм. Харьцангуйн онол нь материйн асар томын тухай сургаал. Бүх орчлон хэрхэн үүссэн гэх мэт. Олон сая саяын тэрбумаар хэмжигдэх гэрлийн жилийн орон зай, цаг хугацааны мушгираан, орчлон оргүй хоосноос хэрхэн үүссэн гэх мэтээр явж өгнө. Гэтэл квантын онол бол материйн өчүүхэн жижгийн тухай сургаал. Биес молекулаас бүрдэнэ, тэр нь атомоос тогтоно. Атом нь электрон ба цөмөөс, цөм нь цаашаа протон, нейтроноос. Энэ нь цааш бөөмс, кварк гэх мэтээр задарсаар эцэст нь электрон болон бөөмсийн доторх утаслагт тулж очлоо. Ер нь орчлон дотогшоо болон гадагшаа хязгаартай юм уу?

Энэ хоёр онол хоорондоо таардаггүй биенээ үгүйсгэнэ. Тухайлбал сансрын хар нүхний тухай тайлбарт аль аль нь хэрэгтэй мөртөө биентэйгээ зөрчилддөг аж. Үүнийг шийдэхийн тулд физикчид олон жил уйгагүй зүтгэжээ. Ингэж Стандарт модель гэдгийг буй болгосон байна. Үүнд тайлбар хийхэд эхлээд хүчний тухай авч үзэх хэрэгтэй болно. Орчлонд дөрвөн янз хүч байдаг. Эхнийх нь таталцлын хүч. Дөрвөн хүч дотроо хамгийн сул нь мөртөө бүх орчлон чухам таталцлын хүч дээр тогтдог. Дээш шидсэн чулуу доош унадгаас эхлээд гаригс нарыг тойрон эргэлддэг тухай энэ онолыг дунд сургуулийн зургадугаар ангид үздэг. Ньютоны толгой дээр алим унасан гэх домгийг санацгаая. Дараагийнх нь цахилгаан соронзон хүч. Электрон урсгал нь соронзон орон үүсгэдгийг XIX зууны эхээр нээжээ. Дараа нь Майкл Фрадай цахилгаан мотор хийсэн. Атом молекулын байгууламж, химийн урвал, цаашилбал гэрлийн болон дулааны урвал зэрэг нь энд хамаарна. Цахилгаан соронзон хүчний тухай дунд сургуулийн долоо наймдугаар ангид заадаг. Үүний дараахь нь харилцан үйлчлэлийн хүчтэй хүч. Энэ бол атомын доторх цөмийг тогтоон барьж байдаг хүч юм. Үүний учрыг олсноор цөмийн задаргаа явуулж Хирошимад бөмбөг дэлбэлж, Чернобылд осол гаргаж, Францад нийт эрчим хүчнийхээ 80 хувийг гаргаж авч байна. Энэ хүчийн тухай анхдагч ойлголтыг дунд сургуулийн найм ес дүгээр ангид үздэг. Дөрөв дэх нь харилцан үйлчлэлийн сул хүч болой. Сул гэж нэрлээд байгаа болохоос таталцлын хүчээс хамаагүй хүчтэй. Гагцхүү арвын хасах 18 метр гэсэн маш өчүүхэн зайд үйлчилнэ. Энэ нь цөмийн бэтта-задралыг хариуцдаг. Энэ тухай дунд сургуулийн аравдугаар ангид цухас заадаг.

Жараад оны үед эрдэмтэд эдгээр хүчүүдийн харилцан үйлчлэлийг олох Стандарт модель олжээ. Дөрвөн хүчийн гурвынх нь нийтлэгийг олсон байна. Түүхэн дэх хамгийн аугаа физикчийн нэг гэгддэг Пакистаны Абдул Салам үүнийг нээсэн юм. Үүнийг Их нэгдлийн онол (англиар Grand Unified Theory буюу GUT гэж товчилно) гэж нэрлэдэг.

Юу яриад байгаагаа төсөөлөхийн тулд нэг тайлбар хийе. Орчлонгийн нийт насыг 50 тэрбум жил гэж тогтоожээ. Одоогоос 13,8 тэрбум жилийн өмнө манай орчлон үүсч. Тэр үед орон зай, цаг хугацаа гэж байгаагүй. Орчлон оргүй хоосноос үүсч. Үүнийг Их тэсрэлт гэдэг. Арвын гучин хоёр зэрэгт кельвиний градус халуун байсан аж. Энэ нь 10-ын араас 32 тэг тавьсантай тэнцүү хэм халуун гэсэн үг. Бүх орчлон Их тэсрэлтээр ердөө секундын дотор хязгааргүй орон зай болон массыг үүсгэн цаг хугацааг буй болгож. Мөнөөх дөрвөн хүч нь эхлээд нэг байж. Тэсрэлт үүссэнээс арвын хасах дөчин гурван секундэд хүчүүд салж эхэлсэн байна. Энэ нь нэг секундыг 43 тэгтэй тоонд хуваасан шиг асар ахар хугацаа шүү. Салам энэ агшин дахь цахилгаан соронзон хүч, харилцан үйлчлэлийн хүчтэй ба сул хүч гэсэн гурвын холбоосыг олсон байна. Үүнийг бид Их нэгдлийн онол гээд байгаа юм. Харин таталцлын хүчний үлдсэн гуравтайгаа холбогдох онол хараахан нээгдээгүй байна. Өдгөө хүчүүдийн харил­цан үйлчлэлийн хоёр том онол мөргөлдчихөөд бай­гаа нь Харьцангуйн ерөнхий онол (ХЕО), нөгөө нь дээр тайлбарласан гурван хүчийг нэгтгэж Их нэгдлийн онол болгосон Стандарт модель (СМ) юм.

ХЕО ба СМ гэсэн хоёр онолыг нэгтгэн тайлбарлах нь өнөөгийн онолын физикчдийн нэг том зорилт. Юутай ч үүнээ “Бүх юмны тухай онол” гэж нэрлэчихээд байгаа. Дөрвөн хүчийг нэгтгэсэн Бүх юмны тухай онолыг нээхийн тулд урьдчилсан маягтай олон онол гарсны дотор Утаслагийн онол, Сүпэр таталцлын онол, М-онол, Квант таталцлын онол гэх мэт зөндөө тайлбар гарчихаад байгаа. Эдгээр онолын аль нь ч батлагдаагүй байна. Гол шалтгаан нь үүний­гээ туршилтаар батлах хэрэгтэй атал өнөөгийн түвшин бөөмсийн хурдасгуур ажиллуулах тийм их өндөр эрчим хүч гаргаж авч дөнгөхгүй байгаа аж. Нөгөө олон тэгтэй өндөр градус чинь хэрэгтэй шүү дээ.

Европын цөмийн су­дал­­гаа­ны зөвлөлийн санаачил­гаар Швейцарь, Францын нутаг дайруулан асар том хадрон коллайдор байгуулж ашиглалтад оруулсан нь чу­хам мөнөөх олон оно­лыг туршилтаар батлах зорил­готой юм. Энэ төсөл анх гур­ван тэрбум еврогоор үнэлэгдэж байсан авч өдгөө өртөг нь хамаагүй давсан. 26 км урттай уг аварга хон­гил дундуур хурдасгасан бөөмс заасан чиглэлд нисч детекторт бүртгэгддэг. Энэ байгууламжийн барих болон судалгаа хийхэд 100 орны 10 мянга орчим инжнер эрдэмтэд оролцож байна. Монголоос байдаг эсэхийг мэдэхгүй, лав Оросын 700 эрдэмтэн ажиллаж байгаа гэсэн. Топ кварк, Электро сул тэгшхэм, Кварк глюоны плазм, Фотон адроны мөргөлдөөн, Z болон W бозоны шинж чанар гэх мэт маш олон төрлийн судалгаа хийдэг юм байна. Хурдасгуур дахь протоны нийт эрчим 14 тэрраэлектровольт гэ­хээр мэргэжлийн хүн бараг­цааг нь ойлгох байх. Технологи сайжирч байгаатай холбогдуулан хойтон энэ байгууламж засварт орон өргөтгөл хийгдэнэ.

2012 оны 7 дугаар сарын 4-нд шинэ бозон олсноо зарласан нь Хиггсийн бозон мөн байна. Питэр Хиггс 1964 онд харилцан үйлчлэлийн сул хүчний тэгш хэм гэнэт өөрчлөгдөх механизмын тухай таамаглал дэвшүүлсэн юм. Энэ нь эгэл бөөмс масс буй болгох механизмыг тайлбар­лажээ. Хиггсийн механизм нь стандарт моделийн гол үндсэн хэсэг мөн гэж физикчид хүлээн зөвшөөрсөн. Эдинбүргийн орчимд ууланд аялж явахдаа энэ гайхамшигт санаа орж ир­сэн гэж эрдэмтэн өөрөө ярьдаг. Хигссийг энэ бүтээлээрээ Нобелийн шаг­нал хүртэнэ гэж Стивэн Хо­кин шууд хэлж байжээ. Гэвч таа­маг­лал прак­тикт батлагдаж байж шагналд хүрэх ёс­­той. Хиггс таа­маглалаа батлаг­дахыг амьддаа үзэх­гүй гэж боддог байсан гэх. Харин батлагдангуут нь буюу нээлт хийснээсээ бараг тавин жи­лийн дараа 2013 онд 84 нас­тай Хиггс физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.

Энэ тухай манай нэрт эрдэмтэн Хавтгайн Намсрай тухайн үед нь нэг өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Ер нь Их нэгдлийн онол, Бүх юмны тухай онолын талаархи су­дал­­гаа тооцоололд Намс­рай гуай дэлхийд хүлээн зөв­шөөрөгдсөн том эрдэмтэн. Хэдэн жилийн өмнө түүний шавь нэг бүсгүй энэ талаархи математик тооцоо хийснээр залуу эрдэмтний шагнал хүртсэн. Орчин үеийн ийм нарийн төвөгтэй нээлтийн цаана олон мянган эрдэмтэн байдаг. Нобелийн шагнал хүртсэн нэг нээлтийн цаана дундажаар 40 мянган эрдэмт­ний хамтын зүтгэл бий гэсэн тооцоо бий. Салам нээлтээ Лондонгийн Империал колле­жид хийсэн. Түүнтэй хамт Вайнбэрг, Глэшоу нар хамт шагнал хүртсэн, тэд нээлтийг Америкт тусдаа хийжээ. Тус болгон араасаа хэдэн мянган эрдэмтэн судлаач дагуулсан хамтын хөдөлмөр байсан гэхээр баримжаа нь ойлгогдох болов уу.

Техник технологийн ололт бололцоо нэмэгдэхийн хэрээр Бүх юмны тухай онол удахгүй бүрнээрээ батлагдах биз. Үүнийг батлахын тулд зөндөө олон дэд онолууд ч, эсвэл аль нэг нь мөн батлагдана. Үүнийг дагаад техник технологид шинэ ололт бас олноор буй болох буйзээ. Эргэлтийн шинж­тэй шинэ нээлт бүтээл эх­лээд шинжлэх ухаанд, да­раа нь технологид, тэгээд нийгэмд, явсаар философид, тэгээд ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Галиллей, Ньютон, Дарвин, Мэндэль, Эйнштэйн, Хайзэнбэрг, Ват­сон нар цоо шинэ талбар гаргасан эргэлтийн шинжтэй нээлт хийсэн. Дундад зуунд эрдэмтэд болон сонирхогчид философийн чулууны эрэлд гарч асар их хөрөнгө цаг сүйтгэсэн. Тийм юм байдаггүй аж. Гэхдээ тэдний бодлоор философийн чулуу олчингуут хорвоо орвонгоороо өөрчлөг­дөнө гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Бүх юмны тухай онол нээгдсэнээр бид орчлон хэрхэн анх буй болсон тухай шинэ сайхан ойлголттой л болж авна. Одоохондоо. Үүнээс болж өнөөдөртөө хор­­воод гэнэтийн эргэлт га­рах нь юу л бол. Гардаг юм гэхэд аажимдаа цаг хугацаа шаардсан асуудал л даа.

Номын редактор БААБАР