Categories
мэдээ нийгэм

Индонезид Монголын соёлын өдрүүдийг тэмдэглэлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам, Индонезийн Сурабаяа хот дахь Өргөмжит консулын газартай хамтран Монголын соёлын өдрүүд, Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээлтийн арга хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 25-нд Сурабаяа, 2 дугаар сарын 28-нд Жакарта хотуудад тус тус амжилттай зохион байгууллаа.

Сурабаяа хотноо болсон арга хэмжээг тус хотын Орлогч захирагч Вишну Сакти Буана, Элчин Сайд Ш. Батцэцэг нар нээж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээнд Сурабаяа хотын иргэд болон тус хот дахь гадаадын Консулын, Өргөмжит консулын газруудын төлөөлөл оролцож, Монголын түүх, соёлтой танилцав.

Жакарта хотноо болсон арга хэмжээнд БНИУ-ын Засгийн газрыг төлөөлөн Эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах сайд хатагтай Й.Йамбисэ, Үндэсний хөгжил төлөвлөлтийн сайд А.Чаниаго, Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хүрэлцэн ирж, Индонезийн яам, агентлаг, бизнесийн болон Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, мөн тус улсад суугаа Монгол Улсын иргэд идэвхтэй оролцов.

Нээлтийн ажиллагааны үеэр Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир, Өргөмжит консул Ч.Гозали нар үг хэлж, Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоохоос өмнө хоёр орны харилцаа Монголын Эзэнт гүрний үеэс эхлэлтэй байсныг тэмдэглэв.

Соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр “Монгол Костюмс” төвийн загвар өмсөгчид монголын үндэстний хувцас Хүннү гүрний үеэс эхлэн өнөөг хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирснийг харуулсан хэд хэдэн цуглуулга үзүүлэхийн зэрэгцээ индонезийн болон гадаадын зочдод уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуутай танилцуулж, цам, бие биелгээ, уран нугаралт, бөөгийн бүжиг зэргийг толилуулсан нь тэдний сонирхлыг ихээр татлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар Жамсран бурхан тахиулж, хулгайг багасгах гэнэ

Хэнтий аймгийн Цагдаагийн газар гурав дахь жилдээ Гүндүгаравлин хийдийн Жамсран бурханыг тахиулж байна.

Жамсран бурхан нь хулгай дээрэм, худал хуурмагийг номхотгон дарах үйлтэйгээр бүтээгдсэн бурхан юм.

Цагдаагийн газрын хамт олон Жамсран бурхныг тахих үйл ажиллагааг цаашдаа уламжлал болгох ба уг бурханд өөрсдөөсөө гадна ард иргэдийнхээ амар тайван байдлыг даатгадаг байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар гэрчүүдийг зодож мэдүүлэг авсан гэв

Өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан. Энэ хэргийн гэрчүүд “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөнд ханджээ. Тэд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар, цагдаагийнхан борлуулагч сураггүй болох үед дэлгүүрийн эзэн, сэжигтэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг гэрчээр татан мэдүүлэг авч эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсан гэв. Улмаар дээрх эмэгтэйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон байна.

Гэрч Б.Отгонцэцэг “Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үнэнийг хэлэхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” гэв.

“Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөн”-ий тэргүүн Х.Бат-Ялалт “Энэ асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, ХЭҮК, УЕПГ-т ханджээ. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Хунтайж Уильям Хятадад айлчилж байна

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильям БНХАУ-д айлчилж байна. Тэрээр өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн очжээ. Хунтайжийн айлчлал гурван хоног үргэлжлэх бөгөөд тэрээр Хятадад байх хугацаандаа Шанхай хот, Юнань мужид очихоор төлөвлөсөн юм. Тэрээр Шанхай хотноо болж байгаа наадмын нээлтэд оролцоно. Ийнхүү Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн сүүлийн 30 жилд анх удаа Хятадад айлчиллаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Арьс, ширийг түүхийгээр нь экспортлохгүй байхыг анхаарууллаа

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү арьс ширний мэргэжлийн холбоод болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, арьс ширийг түүхийгээр нь экспортлохгүй байх чиглэлийг өгчээ.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд арьс ширний боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байгаа аж.

Жилдээ улсын хэмжээнд 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгддэг байна. Тэдгээрийг бүгдийг дотооддоо бүрэн боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байхгүй учир зарим хэсгийг гадаад руу экспортлох хүсэлтийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж, зарим нэг үл ойлголцол үүссэн байсан аж. Харин талууд дээрх уулзалтад оролцсоноор асуудал нэг талд гарчээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газраас 2013, 2014 онд тус бүр тогтоол гарч, арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон юм байна. Энэ хүрээнд арьс ширийг хагас боловсруулж экспортлох ёстой хэмээн үзжээ. Тиймээс Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллахыг хүсээд экспортлох бол хагас боловсруулсан байдлаар гаргах ёстойг сануулжээ.

Арьс ширийг дотооддоо хагас боловсруулах боломжтой юм байна. Түүхий эдээ боловсруулж гаргах нь Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болох боломж бүрдэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөрвөн настай охины уушиг нь бяцарсны улмаас амиа алдсан бололтой

Төрсөн эцэг, хойд эхийнхээ хүчирхийлэлд байсан дөрвөн настай охин амиа алдсан нь нийгмийг цочроосон билээ. Охины амийг хөнөөсөн хэрэгт төрсөн эцэг, хойд эх хоёрыг нь сэжиглэн цагдан хориод байгаа. Талийгаачийн эцэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байсан юм. Тиймээс уг хэрэг дээр ажиллаж байгаа шинжээчдээс нараас “Ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргана.Хууль бус дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн баталгааг цагдаагийн байгууллагаас гаргуулжээ. Мөн сэжигтэнг ажлаас нь чөлөөлсэн аж. Шинжээчид охиныг уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан гэдэг дүгнэлт гаргасан бололтой. Энэ дүгнэлт нь охиныг гадны нөлөөтэй нас барсаныг батлах аж.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай
  • Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой /
  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дүрэм батлах тухай
Нийслэлийн дагуул хот байгуулах тухай

  • НИТХ-ын хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Таны машины дугаар 3, 8-аар төгссөн бол энэ сард татвар, хураамжаа төлнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн юм. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард, 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм. Энэ жилийн хувьд нэг, хоёрдугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломж олгожээ. Мөн та автомашиныхаа улсын дугаараас хамааран 4, 5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хэрэгжүүлэх “Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ. Дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэ аян барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Аяны нээлт “Шангрилла” зочид буудлын барилгын төслийн талбайд болж МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, Б.Эрдэнэбилэгт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон холбогдох хяналтын газар, хэлтсийн удирдлага, улсын байцаагчид, “Эм Си Эс проперти” компанийн инженер, техникийн ажилтнууд оролцлоо.
Аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллахын зэрэгцээ дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлийн үнэлгээ тогтоон, ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулна.
Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Аюулгүй ажиллах нөхцөл хангагдаагүй бол зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд нь хяналт тавина. Харин удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс олгоно

Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төслийг нийслэлийн ЗДТГ-аас боловсруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд уг журмыг боловсруулсан байна.

Төрийн өмчийн 119 сургууль, 180 цэцэрлэгийн 11.862 багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь нь орон сууц худалдан авах шаардлагатай, 79 хувь нь дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцанд орох хүсэлтэй гэсэн ч дөрвөн хувь нь л урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэжээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд өдгөө 20 гаруй байршилд төсөл хэрэгжүүлж буй.

Эдгээр компани орон сууцны борлуулалтад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-т тавьж буй аж. Журмын төсөлд нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажиллаж буй, орон сууц авахад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Дэмжлэг авах албан хаагч нь тус байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлөх чадвартай байх ёстой аж.

Уг журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэ сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх аж. Хэрэв баталбал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан ирэх сараас ашиглалтад орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнуудаас худалдан авах боломж бүрдэх юм байна.