Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра”-гийн тоглолтын билет 80.000 үнэтэй гэнэ

Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгосон “Увертюра” хамтлаг энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тоглолт хийхээр болжээ.

Бүсгүйчүүддээ зориулсан “UNPLUGGED VIP” тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ хэмээн онцлоод буй тэдний тоглолтын тасалбар 800.000 гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ үнэ нь нэг билетны үнэ биш 10 хүний суудалтай нэг ширээний такс юм байна. Үндсэндээ нэг тасалбар нь 80 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ.

Уг тоглолтод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар урилгаар оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын бүртгэлээ баталгаажуулах хугацааг сунгалаа

Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд болж дууссан билээ. Нийслэлийн найман газарт иргэдийг цахимаар бүртгэсэн. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн сонгогдсон бөгөөд эдгээр иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулахаар болсон. Газар өмчлөлийн өргөдөл баталгаажуулалтын үеэр Сар шинийн баярын өдрүүд таарсан учир хоёр өдрөөр сунгаж, энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авсан.

Гэтэл энэ хугацаанд иргэд газар өмчлөх эрхээ хангалтгүй баталгаажуулжээ. Иймд олон мянган хүнээс нэгэнт сонгогдож, газар өмлөх бүртгэлд сонгогдсон учир тэрхүү эрхийг нь баталгаажуулах боломж олгох үүднээс НӨХГ-аас иргэдийн бүртгэлээ баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгалаа.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ны баасан гараг хүртэл бүртгэлийг хүлээн авахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувдын орон” мөсний баяр нээлтээ хийнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд брэнд болсон нэг арга хэмжээ бол Хөвсгөл далайд жил бүр болдог “ Хөх сувдын орон” мөсний баяр билээ. Өнгөрсөн жил мөсны зузаан стандарт шаардлага хангатал хөлдөөгүйгээс тус баярыг өнжсөн. Мөсний зузаан 90 см- ээс дээш хөлдсөн тохиолдолд мөсөн зам нээхийг зөвшөөрдөг ажээ.

Мөсний баяр зохион байгуулах комисс нэгдүгээр сарын 12-нд газар дээр нь очиж Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжсэн байна. Ингэхэд 94-97 см зузаан хөлдсөн байжээ.

Тиймээс “Хөх сувдын орон” мөсний баярыг гуравдугаар сарын 3,4-нд буюу өнөөдөр, маргааш Хатгал тосгоны Доод модот булан буюу Хүзүүвчийн шилд эхлүүлэхээр болжээ.

Энэ жилийн мөсний баярыг Хөвсгөл аймгийн “ Аялал жуулчлалын холбоо” Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр жуулчны долоон бааз ажиллана. Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулжээ. ө Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Немцовыг амь үрэгдсэн өдөр гүүрийн камеруудыг унтраасан байжээ

Оросын Төрийн думын гишүүн, сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Моксва хотын Кремлийн хажууханд дөрвөн удаа буудан хөнөөсөн хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан билээ. Харин Оросын “Коммерсант” сонинд мэдээлснээр Борис Немцовыг буудан хөнөөсөн газар буюу гүүрийн яг тэр хэсгийн хяналтын камеруудыг “засварлана” гэх шалтгаанаар түр унтраасан байсан аж.

Түүнчлэн гүүрээс нэлээд зайтай орших хяналтын камерт хэрэгтний дүрс бичигдсэн ч тодорхой дүрс байхгүй учир нарийвчлан тогтооход төвөгтэй байгаа гэнэ. Хяналтын камерын бичлэгээс харвал алуурчин Немцовыг буудан хөнөөснийхөө дараагаар зам хөндлөн гүйн гарч, өөрийг нь авахаар ирж буй машинд суун зугтан одсон байна.

Хэрэг гарах газрын камеруудыг засварлах нэрийдлээр унтраасан байсан нь анхаарлыг улам ч татаж эхэлжээ. Алуурчид ойр камерын хяналтгүй газрыг урьдаас мэдэж байсан сэжиг таамаг эндээс гарч эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн даамчдын өрсөлдөөн эхэллээ

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэллээ. “Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлог болж байна. Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон орон нутгаас нийт 360 орчим өсвөрийн даамчид оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд болох юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болох бөгөөд аваргууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 7-ны өдөр тодорно.

2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах юм.

Дашрамд дуулгахад, 2013 өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-10 насанд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж, эх орондоо анхны медалийг авчирч байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд энэ насанд Б.Мөнхжин мөн мөнгөн медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болсон. Харин дэлхийн аваргын том нас буюу 17 насанд Монголоос гурван медальтан төрөөд байна.

Categories
мэдээ спорт

Харү башёд Монголын 25 сүмоч барилдана

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё энэ сарын 8-23-нд Осака хотноо болно. Бөхчүүдийн зүүний манлайг уламжлал ёсоор их аварга Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг манлайлж байна.

Хакүхо уучлал гуйсангүй

Оны анхны башёд түрүүлж, 33 дахь түрүүгээ хүртсэн Хакүхо сүмо бөхийн түүхэнд дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөхөөр тодроод байгаа. Тэрээр энэхүү башёд хамгийн их анхаарал татаж байгаа юм. Нэгдүгээр сарын башё өндөрлөсний дараа 13 өдрийн барилдаанд озэки Кисэносатотой хийсэн барилдааны талаар шүүгч нарыг шүүмжилсэн нь япончуудын анхаарлыг гойд татаж, энэ талаар одоо ч яригдсаар байгаа юм. Хакүхо сар шинийн өмнө Монголдоо ирж, Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар цол гардан авч битүүний өдөр бөхийн барилдаан үзээд Япон руу буцсан. Ёкозүнагийн хувиар Хакүхо мэргэжлийн сүмогийн ажлын графикийн дагуу албан ёсны уулзалт, ажилд оролцож эхэлсэн. Харин тэрээр шүүгчдийн талаар хэлсэн үгнийхээ талаар өнгөрсөн долоо хоногт анх удаа хэвлэлд тайлбар өгсөн бөгөөд “Тэр бол тухайн үед миний толгойд орж ирсэн бодол” гэсэн юм. Энэ нь япончуудын хүсч байсан шиг ямар нэгэн уучлалт байсангүй. Хэвлэлийнхээ түүнээс өдгөө ч өө сэв хайсаар байгаа юм.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ цолтой барилдана

Энэ башёд “Исэгахама” дэвжээний сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ цолтой барилдах юм. Тэрүнофүжи энэ оны нэгдүгээр сарын барилдаан буюу Хацу башёд онцгой сайн барилдсан тул Канто-шо буюу дайчин барилдааны шагнал хүртсэн юм. Энэ жил 23 настай тэрээр Монголоос төрсөн найм дахь, гадаадын 16 дахь сэкивакэ болж байна. Мөн мэргэжлийн сүмод ороод 23 башёо барилдаад сэкивакэ болж байгаа нь сүмогийн түүхэнд есдүгээрт бичигдэж байна.

Өнгөрсөн тэмцээнд сэкивакэ цолтой барилдсан Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Харин тэрээр хаврын тэмцээнд маэгаширагийн барууны нэгээс босч барилдах юм. Энэ тэмцээнд Монголын 25 сүмоч зодоглох бөгөөд үүний арав нь макүүчид, тав нь жюүрёод, зургаа нь макүшитад, дөрөв нь санданмэ зиндаанд зодоглох ажээ.

Хаврын тэмцээнд зодоглох монгол сүмочдын банцүкэг толилуулж байна.

Макүүчи зиндаа

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
  • Ёкозүна Хаүмафүжи Д.Бямбадорж
  • Ёкозүна Какүрюү М.Ананд
  • Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров
  • Маэгашира 8 Токитэнкү А.Хүчитбаатар
  • Маэгашира 10 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар
  • Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням
  • Маэгашира 14 Араваши Э.Дөлгөөн

Жюүрёо зиндаа

  • Зүүн 1 Кагамио Б.Нанжид
  • Зүүн 4 Сэйро А.Өнөболд
  • Баруун 5 Асасэкирюү Б.Дашням
  • Баруун 6 Таканоива А.Баасандорж
  • Баруун 9 Шёотэнро Д.Нямсүрэн

Макүшита зиндаа

  • Зүүн 1 Азүмарюү С.Тодбилэг
  • Баруун 4 Сакигакэ Я.Баттүшиг
  • Баруун 7 Гочозан Д.Ууганбаатар
  • Баруун 10 Дайшохо Ч.Шижирбаяр
  • Зүүн 25 Рюүонами У.Баттөгс
  • Баруун 30 Чиёшома Г.Мөнхсайхан

Санданмэ зиндаа

  • Баруун 9 Такакасүга Э.Энхманлай
  • Баруун 33 Дайонами Б.Ууганбаяр
  • Зүүн 74 Садахикари Д.Наранцогт
  • Баруун 88 Аратоши Ц.Ванчигцэрэн
Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08-20 цагийн хооронд үргэлжилнэ

2015 оны өмнөхөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү мэдээллийг жолооч та бүхэнд эргэн сануулах зорилгоор дахин хүргэж байна.


Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа.

Мөн нийслэлийн иргэдээс дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэнийг үндэслэн дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулсан. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15, зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг зуны улиралд замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумисан.

Мөн өвлийн улиралд дараахь замууд дугаарын хязгаарлалтаас хасагдсан. Үүнд, Сонгинохайрхан дүүрэг ямар ч дугаарын хязгаарлалтгүй, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын Бичилийн арын зам, Долоо буудлаас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх, Цайзаас Оффицеруудын ордон, Цайзаас КТМС хүртэлх замууд хасагджээ.

Энэхүү журам нь 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл хэрэгжинэ.

Жич: Өвөл, зуны улирлын дугаар хязгаарлалтад хамрагдах бүсчлэлийг зургаар танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

08:30 цагт “Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” Зөвлөлдөх уулзалт “Монгол-Японы төв”-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна.


09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх хурал зохион байгуулагдана. Тус хуралд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Оюу Толгой ХХК, уул уурхайн салбарын компаниуд, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 96074979


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай, Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тэмдэглэх тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ.


10:00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зургаан агентлагийн дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгнө. Уулзалт Шадар сайдын өрөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, шар бар өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 3. Ангараг гариг. Билгийн тооллын 13. Үнэг одтой, шар бар өдөр. Өдрийн наран 07.33 цагт мандан, 18.27 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг даллага дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

С.Цог хоёр жилийн ял сонслоо

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс С.Цог нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгасан байна. Улмаар С.Цогд хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэж байсан гурван шүүгчдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн гурван иргэнийг цагаатгасан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Шүүхийн шийдвэрийн талаар маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.