Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл шүүхэд нэхэмжлэл гаргалаа

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан хэмээгдэж байсан Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Гэвч одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа аж.

Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдэх нь битгий хэл, шүүхийн шатанд ч шилжээгүй мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай.

Мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Г.Сарангэрэлд нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн бол Улсын Дээд шүүх нэг жил хоёр сар болгон хөнгөрүүлсэн билээ. Түүний ял эдлэх хугацаа энэ сарын сүүлчээр дуусах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гандангаас 61 мянган төгрөг хулгайлжээ

Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлжээ.

Хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн 10 хороонд оршин суух хаягтай 21 настай Б бусадтай бүлэглэн, хийд хаах цагаар дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.

Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Тэрээр сурталчилгааныхаа ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэж байгаа хэмээн “The Wall Street Journal” сэтгүүлд бичжээ. Урьдчилсан дүнгээр Америкийн экс тэргүүн хатагтайг америкчуудын 54 хувь нь дэмжинэ гэсэн судалгаа гарсан байна.Х.Клинтон болон түүний зөвлөгчид ирэх дөрөвдүгээр сараас хандив цуглуулах ажлаа эхлүүлэх юм байна. Энэ удаагийн АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай ньЖеб Буш, Миттом Ромни нар юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Хараагийн хурд 2015 уралдааны цуваа

Монголын морин спорт уяачдын холбооны 2011 оны шилдэг, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ-ны 2011, 2012 оны шилдэг, 2013 оны шилдэгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал хүлэг” МСУХ-оос жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулагддаг “Хараагийн хурд 2015” уралдаан XVII жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр болж өнгөрлөө. Эрхэм уншигч та бүхэн энэхүү уралдааныг Пүрэв гарагийн 17:10 минутаас Эх орон телевизээр хүлээн авч үзээрэй.

Азарга: 80 гаран

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Бат-Очирын халиун

2. Төв аймгийн Жаргалант сумын уяач Идэрбатын хамар цагаан зээрд

3. Төв аймгийн Баянчандмань сумын уяач Доржхандын цавьдар. Улсад хязаалан айрагдсан Ц.Баярхүүгийн цавьдар азарга юм.

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Баянмөнхийн хонгор

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач “дархан” Алтангэрэлийн халтар. Давхар уяагаар Сэлэнгийн хаврын бүсэд айрагдсан.

Их нас: 80 гара

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Бат-Очирын хээр. Давхар уяагаар Сэлэнгийн хаврын бүсэд айрагдсан. Завханы 90 жилд мөн айрагдаж байсан.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ч.Батнарангийн хээр. Өнгөрсөн жилийн Хараагийн хурдад мөн айрагдаж байсан.

3. Төв аймгийн Жаргалант сумын уяач Алтансүхийн хээр

4. Төв аймгийн Борнуур сумын уяач Тамирын халиун

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Пүрэвдоржийн бор

Соёолон: 50 гаран

1. Төв аймгийн Борнуур сумын уяач Эрдэнэбаатарын бор

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Уяачдын холбооны тэргүүн Хаш-Эрдэний хээр

3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Золнайрамдалын саарал

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ц.Цогтсайханы хар

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Мөнхзаяагийн халтар

Categories
мэдээ нийгэм

Стрессийн эсрэг дасгал

Өнөөдрийн амьдралыг стрессгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс стресс бухимдлаа хуримтлуулсаар яваад нэг өдөр дэлбэрэх үү, эсвэл цаг тухай бүрт нь нимгэлээд, тайлаад явах уу гэдэгт л гол нь байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Цаг тухай бүрт нь стрессийг хуримтлуулалгүйгээр тайлж, бие сэтгэлийг амрааж өгдөг бясалгал, гүйлт, бодибилдинг г.м. олон арга байдаг. Эдгээрийн нэгийг танд хүргэж байна.

Ерөнхий Дасгалуудыг ажлынхаа цаг, завтай тохируулан долоо хоногт 2-3 удаа хийнэ. Эхний үед дасгалуудыг гүйцэтгэхэд 25 минут орчим зарцуулдаг ч яваандаа дадлагжихын хэрээр энэ хугацаа багасдаг.

Дасгал 1.Дуу, чимээ багатай, хурц гэрэлгүй өрөөнд тухтай сууж, эсвэл хэвтэнэ. Гутлын үдээс, цахилгааныг тайлах, зангиа, тэлээг суллах зэргээр хувцас, гутлыг бие барихгүй болгох хэрэгтэй.

2.Нүдээ аниад хэсэг хугацаанд удаан, гүнзгий амьсгална. Дараа нь гүнзгий амьсгаа аваад 10 секунд орчим амьсгаагаа барьна. Амьсгаагаа яаралгүйгээр удаан гаргахдаа биеэ хэрхэн суларч байгааг ажиглан дотроо “Амьсгаа авах гаргах нь далайн татлага, түрлэгэтэй адил” гэж хэлээд амьсгаа авахад эрэг рүү түрэн гарч ирээд гаргахад буцаж байгаа далайн давалгааныг төсөөлнө. Энэ хэсгийг 5-6 удаа давтаад 20 секунд орчим амарна.

3.Биеэ хөдөлгүйгээр биеийнхээ бүх булчинг ээлж дараалан чангалж суллана. Ингэхдээ солгой хүн солгой гар, баруун хүн баруун гарын бүх булчинг чангалж 10 секунд бариад суллана. Дараа нь эсрэг талын гар, баруун/зүүн хөл, цээж, нуруу, гэдэс, хүзүү, нүүр г.м. явсаар бүх биеийн булчинг нийтэд нь чангалж суллана. Чангалах бүртээ суллалгүйгээр 10 секунд орчим барих хэрэгтэй. Ингэж гурвантаа бүх биеийнхээ булчинг чангалж суллана.

4.Дотроо “Би тайван байна. Надад юу ч саад болохгүй байна. Надад сайхан байна.“ гэсэн утгатай өгүүлбэрийг олон удаа давтан хэлнэ. Ингэхдээ хөлийн хуруунаас эхлээд толгой хүртэл бүх биеийн чинь булчин хэрхэн сулран, тайвширч эхэлж байгааг төсөөлөн харж, мэдэр.

5.Биеийн бүх булчин сулран мэнэрч байгааг төсөөлөн харж, мэдэр. Ялангуяа мөр, хүзүү, нүүрний булчин чинь хэрхэн суларч байгааг мэдэр. /Нүүрний булчин бүрэн суларсан үед ам хагас ангайсан байдалтай болдог/. Энэ бүх таатай зүйлсийг мэдрэн 30 секунд орчим тайван, чөлөөтэй суу/хэвт.

6.Дараа нь дотроо арав хүртэл тоол. Ингэхдээ тоо ахих тоолонд бие чинь улам бүр сулран, сэтгэл санаа чинь бүр тайван болж байна гэж дотроо хэлнэ. Өөр зүйлд сатаараалгүйгээр зөвхөн тайван, суларсан байдалд байх үед төрж байгаа мэдрэмжүүд дээр анхаарлаа төвлөрүүл.

7. Сэрж сэргэх үе шат. Дотроо хорь хүртэл тоолно. Ингэхдээ “Хорь хүртэл тоолоод нүдээ нээхэд бүх бие сэргэж, ухаан бодол саруул болсон байна” гэж хэлнэ. Ингээд хорь хүртэл тоолоод нүдээ нээн босоход стрессийг дагалдаж байдаг булчингийн зангиралууд алга болж, өөдрөг сэргэлэн болсон байгааг аяндаа мэдэрнэ.

Булчин суллаж, тайвшруулан цогц дасгал

Ажлын дундуур түр амсхийх /3-5 минут/ боломж гарсан үед, эсвэл үдийн цайны завсарлагын үеэр дасгал тус бүрийг нэг удаа хийнэ. Дасгалуудыг гүйцэтгэх дараалал нь чухал биш.

Дасгал 1. Нүдээ аниад дунд ба долоовор хурууныхаа өндгөөр зовхин дээрээ 4-8 секунд орчим зөөлөн дараа гараа огцом авахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. Дасгалыг зөв хийсэн бол нүдээ нээсний дараа хэсэг зуур манан үзэгдэнэ. Манан нь төд удалгүй төв хэсгээсээ эхлэн сарниж алга болно. Ингээгүй бол дарах хугацаа, эсвэл даралтынхаа хүчийг өөрчлөн туршиж үзэх хэрэгтэй.

Дасгал 2. Сандлыхаа ирмэг дээр суу. Шилбэ шалтай перпендикуляр. Гар чөлөөтэй. Тавхайгаа газраас 2-3 см өргөд хөлөө өвдгөөр нь удаан тэнийлгэнэ. Дараа нь мөн удаан буцаж нугалаад хөлөө газар буулгана. 2-3 удаа давтана.

Дасгал 3. Сандлынхаа түшлэгийг налан нүдээ аниад гүнзгий амьсгаа авч гаргахдаа эргэн тойрны бүх зүйл өөрт чинь таалагддаг өнгөтэй болсон байна гэж төсөөлнө. Эсвэл өөрт таалагддаг өнгийн самбарын төсөөлөн харахыг хичээ.

Дасгал 4. Нүдээ 3-5 секундын турш тас аниад дараа 3-5 секунд нээж чөлөөтэй байлгана. Энэ дасгал нь зовхины булчинг бэхжүүлэн нүдний булчингийн цусны эргэлтийг сайжруулж өгдөг.

Дасгал 5. Сандал дээрээ суусан чигтээ 1-2 минутын турш нүдэ анивчуулна. Ингэснээр нүдний булчингийн цусны эргэлт сайжирна.

Дасгал 6. Сандал дээрээ суусан чигтээ урагш сунгасан гарынхаа долоовор хурууг ширтэнэ. Ингэх зуураа хурууг аажмаар ойртуулсаар хуруу хоёр харагдаж эхлэхэд больно. Энэ мэтээр 6-8 удаа давтана. Дасгал нь ойрын зайн хараанд сайнаар нөлөөлнө.

Дасгал 7. Зогсоод баруун гарын долоовор хурууг нүүрнээс 25-30 см /1 төө хагас/ зайнд хамрын харалдаа аваачаа хоёр нүдээрээ 3-5 секунд ширтэнэ. Дара нь зүүн гарын алгаар зүүн нүдээ 3-5 секунд таглана. Алгаа аваад хоёр нүдэрээ хурууны үзүүр рүү 3-5 секунд ширтэнэ. Баруун гарыг буулгаад зүүн гарын долоовор хурууг нүүрнээс 25-30 см зайнд хоёр нүдний голд аваачина. Хоёр нүдээр хурууны үзүүрийг 3-5 секунд ширтээд дараа нь баруун гарын алгаар баруун нүдээ 3-5 секунд дарна. Алгаа аваад хоёр нүдээр хурууны үзүүрийг 3-5 секунд ширтэнэ. Уг дасгал нь хоёр нүдний булчинг бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Дасгалыг 5-6 удаа давтаарай.

Дасгал 8. Баруун гараа урагш өргөөд хажуу тийш нь алдална. Ингэхтэй зэрэгцэн толгойгоо хөдөлгөлгүйгээр баруун гарын хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Зүүн гарт мөн адил хийнэ. Дасгалыг 5-6 удаа давтана. Уг дасгал нь хоёр нүдний булчинг бэхжүүлэх нөлөөтэй.

Дасгал 9. Тасалгааны шилэн дээр бал, фломастераар жижиг цэг зурна. Дараа нь цээгний харалдаа 30-35 см орчим зайнд зогсоод цэг рүү 3-5 секунд ширтээд дараа нь хараагаа шилжүүлэн цэгний харалдаа хол байгаа зүйлийг ширтэнэ. Энэ мэтээр 6-8 удаа давтана. Дасгал нь нүдний ядаргааг тайлна.

Дасгал 10. Толгойгоо хөдөлгөлгүйгээр дээш доош, зүүн баруун тийш ширтэнэ. 3-4 удаа давтана.

– See more at: http://www.unen.mn/content/45845.shtml?alias=health#sthash.H35RA1UE.dpuf

Categories
мэдээ цаг-үе

Б.Немцов: Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан

Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов Москвад буудуулж алагдсан мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Б.Немцовтой одоогоос 17 жилийн өмнө Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайд байхад нь Москвад албан өрөөнд нь уулзсан урлаг судлаач сэтгүүлч Дэ.Мягмарсүрэнгийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дэ.Мягмарсүрэн тухайн үед “Засгийн газрын мэдээ” сонины Москва дахь сурвалжлагчаар ажиллаж байсан юм.

1998 оны нэгдүгээр сар. Оросын өвөл ид болж байсан цаг. Оросын Засгийн газрын Тэргүүн шадар сайдБ.Немцовтой уулзаж ярилцлага авах хүсэлтээ тавиад удаагүй байтал тун нааштай хариу авлаа. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга А.Е.Першин гуай сайхан зантай уриалгахан хүн аж. Түүнтэй холбоо барих бүр тэргүүн шадар сайд үнэхээр ажил ихтэй завгүй байгааг учирлаж, гэхдээ Итали руу явахаас өмнө нь хоёрдугаар сарын эхний арав хоногт заавал уулзуулна гэж амлаж билээ. Тэгтэл нэгэн өдөр утас маань хангинаж, таныг Борис Ефимовичтой уулзуулах боллоо гэлээ. Б.Немцов бол Оросын засаг төрийн өндөрлөгт богинохон хугацаанд оюуны тэнхээ, санаачилга, зохион байгуулах чадвараараа цойлон гарч, Оросын олон нийтийн хүндэтгэл хүлээж чадсан төрийн их ирээдүйтэй залуу зүтгэлтний нэг. Тэрбээр 38-хан настайдаа Оросын Засгийн газрын хамгийн залуухан шадар сайд болсон юм. Бас ОХУ-ын анхны хамгийн залуу губернатор болж байлаа. Б.Немцов 1981 онд Горький хотын Улсын их сургуулийн радио физикийн эрдэм шинжилгээний ажилтнааражиллажээ. 1985 онд физик математикийн дэд эрдэмтэн болсон байна. Түүний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь байгаль орчинг хамгаалах хөдөлгөөнд оролцсоноор эхэлж, улмаар Ардын депутатаар сонгогдож явав. 1991 оны наймдугаар сарын хэрэг явдлын үеэр Цагаан ордонг хамгаалагчдын нэг байлаа. Энэ үеэс Борис Ельциний анхааралд өртөж, хожим Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Б.Ельциний итгэмжлэгдсэн хүн болсон байна. Доод Новгород мужийн захирагч байхдаа Григорий Явлинскийг урьж, тодорхой мужид капитализм байгуулах өвөрмөц туршилт хийсэн нь ялангуяа нийгмийн хүрээний зарим асуудлыг шийдэхэд бодитой үр дүнд хүрсэн байна. Тухайлбал улсын үйлдвэрүүд үр ашгаа дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлснээр орон сууц болон нийгмийн хүрээнийбусад зүйлд зориулах зардлаас бүрэн чөлөөлөгдсөн нь зах зээлийн нөхцөлд үр өгөөжтэй үйл явдал болсон байна. Доод Новгород мужид ажилгүйдэл байхгүй болсон бөгөөд хүн ардын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн юм билээ. Б.Немцов өөрийн үзэл бодолтой, шударга зоримог залуу. Мужийн захирагч байхдаа Оросын Засгийн газрыг нэр зааж, Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж явсан билээ. Ерөнхий сайд В.Черномырдин, тухайн үеийн шадар сайд Е.Гайдар нарыг тодорхой дурдаж тэдний явуулж байсан шинэтгэлийг хурцаар шүүмжилдэг байв. Ялангуяа Чечений дайныг эрсэсэргүүцдэг байлаа. Тэрбээр уг дайныг эсэргүүцэж сая хүний гарын үсэг цуглуулж байсан. Түүний бие даасан энэ байр суурь Б.Ельциний дургүйг хүргээгүй юм. Харин ч Москвад ажиллахыг Кремлийн зүгээс нэг бус удаа урьж байлаа. Тухайлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахыг түүнд санал болгож байсан. Гэвч тэрбээр татгалзжээ. Харин Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллана уу гэсэн сүүлчийн саналыг арга буюу хүлээн авсан байна.Оросын засаг төрийн өндөр албанд оронгуутаа залуу хүний омголон халуун сэтгэлээр төрийн үйл ажиллагаагаа тэрбээр тун дайчин идэвхтэй эхэлсэн юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний шинэтгэл хийх үзэл санаагаа тунхаглан зарлаж, Примор тэнгисийн хавийн нутагт удаан үргэлжилсэн эрчим хүч­ний хямралыг нааштай шийд­вэрлэж чадсан юм. Япон, Хятадад айлчлан эдийн засгийн үр ашигтай хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан юм. Оросын хувь нийлүүлсэн “Газпром” нийгэмлэгийн хүчирхэг дийлдэшгүй удирдагч гэгдэх Р.Вяхиревтэй үг хэлээ ололцож, улсад өгөх өр төлбөрийг нь хүртэл түүнээс салгаж чадсан аж. Б.Немцовын авч хэрэгжүүлсэн эрчимтэй зоримог, шийдмэг алхам, арга хэмжээнүүд түүний нэр хүндийг олны дунд зүй ёсоор улам бэхжүүлж, гэхдээ үүнд нь бас атаархаж жөтөөрхсөн тодорхой эсэргүүцэгч хүчнүүд ч байлаа.Тэд түүний нэр төрийг гутаах сөрөг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байв. Б.Немцовоос өө сэв эрж хайсан өгүүллүүд хэвлэлд нийтлэгдэх болж, улмаар ном ч гарлаа. Б.Немцовыг эсэргүүцэгч сөрөг хүчний магнайд Оросын Либерал ардчилсан намын тэргүүн В.Жириновский явна. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний таван хүний эгнээнд орж чадаагүйдээ В.Жириновский улам шаралхаж, олон нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний хоёрдугаарт яваа Б.Немцовт тэрбээр уураа маш их гаргаж байжээ. Борис Ефимовичийн нэр хүндийг гутаасан хэвлэлийн бага хурал хийлгэх, үг яриа гаргах нь энүүхэнд. Ер нь бодитой тодорхой ажил хийж яваа хүн сайн муу үг дуулж яггүй тэмцэл бэрхшээлтэй тулгарах нь жам юм даа. Ямар ч атугай Оросын засаг төрийн өндөр албанд очоод дөнгөж жил гаруйхан болж буй энэ нэрд гарсан залуу удирдагчтай өөртэй нь биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсож авсан нь үнэхээр том аз завшаан юм.

Оросын Засийн газрын цагаан ордныг зорьж очиход шадар сайдын ажлын алба­ныхан элэгсэгээр хүлээж авсан. Өрөөнд нь ортол цэлий­сэн том өрөөний голд том алаг нүдтэй сүрлэг ханхайсан эр инээмсэглэн зогсож, гадаадын сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа түүний хамт авахуулж байлаа. Яах учраа олохгүй зогстол Та ор ор. Наашаагаа ойрт л доо гэж тун уриалгахан хэлэх нь түүний эгэл энгүүн, гүндүүгүй сайхан орос эрийн занг илтгэнэ. Сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа авч дуусмагц нь би тэргүүн шадар сайдад ойртож: “Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэхэд “Надад ч мөн адил таатай байна” гэж тэрбээр урдаас маань хариулав. Ингээд урт том ширээний ард сууцгаалаа.

-Борис Ефимович оо. Та манай Монголын талаар ямар төсөөлөлтэй явдаг вэ?

-Би саяхан Монгол улсын дээгүүр нисч Хятад руу зорьж явлаа л даа. Энэхэн зуур онгоцныхоо цонхоор монгол нутгийг тун анхааралтай харлаа. Цэлмэг сайхан агаартай байв. Монголчууд уудам нутаг шигээ уужуу сэтгэлтэй, эрх чөлөөнд тэмүүлсэн ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан. Монголчууд эрчимтэй хөгжиж буй соёл иргэншлээс алс зайд аж төрдөг авч, шинэ юмыг амархан тусгаж авдаг эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс байдаг болов уу гэж бодсон. Ийм өргөн уудам тал нутаг, тэнгэр өөд цойлсон уулстай нутгийн хүмүүсийн ухамсар сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хүсэмжлэх хязгааргүй тэмүүлэлтэй байх нь аргагүй юм уу даа гэж надад бодогдсон. Энэ чанар нь монголчуудын хүсэл зоригийг нь олон талаар тодорхойлдог байх. Түүний дотор Монголын өнөөгийн улс төрийн амьдралыг ч тодорхойлж байгаа болов уу. Тухайлахад, Орос оронд дөнгөж арайхийж хэрэгжиж эхэлж байгаа эрх чөлөө, ардчиллын олон үзэл санаа, харин Монгол оронд манайхаас илүү түргэн биеллээ олчихсон байдаг. Энэ нь тодорхой өөрийнх нь ухамсар сэтгэлгээнээс шалтгаалж байгаа хэрэг л дээ. Монголын тухай миний төсөөлөл гэвэл ийм л байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын шуудангийн маркууд тун гоё үзэмжтэй байдагсан. Сурагч байх үед манай ангийн хүүхдүүд монгол шуудангийн маркуудыг солилцдог байлаа. Би ч гэсэн марк солилцохоор шийдсэн. Ингээд захидал авдаг байсан л даа.

-Чухам үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа таагүйхэн цаг үеийг үзэж байна уу даа гэж зарим үед бодогдох юм.

-Энэ нь шилжилтийн үеийн түр зуурын үзэгдэл байх л даа. Сүүлийн хоёр жил гэхэд Орос, Монголын хоорондын бараа солилцоо хоёр дахин багассан байх жишээтэй. Гол нь Орос оронд нийлүүлдэг Монголын экспортын бараа хорогдсон. Энэ нь Оросын талаас ноогдуулдаг гаалийн өндөр татвартай холбоотой гэж манайхан үздэг юм байна лээ.

-Чухам ямар бараанд байх нь вэ?

-Орос оронд нийлүүлдэг Монголын уламжлалт бараа, бүтээгдэхүүн л дээ. Тухайлахад, мах, арьс, шир, хивс гээд олон бүтээгдэхүүн байгаа…

-Ингэхлээр гаалийн татварыг бууруулах талаар эргэж харах бололцоо бий болов уу?

-Дэлхийн худалдааны энэ байгууллагад элсэхэд аливаа татвар түрээсийг бууруулах шаардлага гардаг. Ингэхлээр уг байгууллагад элсэж ормогц гаалийн татвар ноогдуулалтын хэмжээ буурах болно.

-Дэлхий дээр орос барааны чанар чансааг ойлгодог, үнэлдэг ард түмэн гэвэл манай монголчууд л байх. Гэтэл сүүлийн жилд ер нь Оросын бизнесменүүд Монголын зах зээлд тун бага анхаарал тавьж байгаа юм шиг санагддаг?

-Ер нь танай зүгээс манай бизнесменүүдийг татах реклам байхгүйтэй л холбоотой байж болох шүү. Монголын зах зээлийг сонирхох хүмүүс бий л дээ. Үүнийг бодох хэрэгтэй. Танайхан рекламдахдаа муу ажиллаж байгаа байх. Нөгөө талаас Орос улс асар уудам нутагтай Холбооны улс. Иймд хил хавийн муж нутгийхантай хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах нь хэтдээ ирээдүйтэй болов уу.Тухайлахад, Эрхүү, Читийн муж зэрэгтэй… Энд худалдааг өргөн зохион байгуулж ажиллах нь хялбар юм. Ийм чиглэл, дэг журамд оруулахад бүс нутгийн удирдлагыг хандуулах нь зүй зохистой юм.

-Та тун богино хугацаанд Оросын төр засгийн өндөр­лөгт гарсан хүн. Энэ нь таны хувьд санаандгүй үйл явдал байсан уу ?

-Миний хувьд энэ санам­саргүй, гэнэтийн хэрэг явдал болсон гэж хэлмээргүй юм уу даа. Яагаад гэвэл би урьд нь мужийн захирагчийн алба хашиж байсан.

-Ер нь та албан тушаалд хэрхэн ханддаг вэ?

-Эрх мэдлийн өндөрлөг өөд бүх хүчээ хэрэглэн тэмүүлдэг аюултай хүмүүс байдаг. Ний нуугүй хэлэхэд би хэзээ ч эрх тушаалын оргилд хүрэхийг эрмэлзэж яваагүй. Ер нь эрх мэдэл, өндөр албан тушаал гэдэг чинь эмэгтэй хүнтэй адил зүйл санагддаг. Хэрвээ эмэгтэй хүнд таалагдахыг хүсвэл хүчээ харуулаад байх хэрэггүй байдаг. Бид хүүхнүүдийг хайрлах тусам тэдэнд таалагддаггүй гэж А.С.Пушкин хэлсэн шүү дээ. Үүний нэгэн адил эрх мэдэлд дуртай болох тусам түүнтэй нийцэхээ больдог. Ийм учраас эрх тушаалд хорхойтох нь заавал ялагдалд хүргэж таарна.

-Сүүлийн үед өөрийн чинь талаар хэвлэлд ихэд бичих болж, нэр төрийг чинь гутаах гэсэн оролдлого их гарч байна. Иймэрхүү маягийн өгүүлэл, ном зохиолд та эмзэглэдэг үү?

-Иймэрхүү төрлийн хэв­лэлийн нийтлэлд би аажуу тайван ханддаг. Намайг муу­чилсан элдвийн зүйл гарахад ямар ч байсан би өдөр хоногийг үр ашиггүй өнгөрөөгөөгүй юм байна даа гэж боддог. Иймд тун тайван, уужуухан ханддаг. Иймэрхүү зүйлсийг ойшоож уншдаг ч үгүй. Надад хийж бүтээх өөр ажил их бий.

– В.Жириновский таныг их үзэн ядах юм аа даа.

-Үнэн шүү. Ер нь л Владимир Вольфович мэтийнулс төрийн зүтгэлтнүүд эх оронд маань олигтой ашиг тус хүргэхгүй л дээ гэж үздэг. Энэ хүн миний эсрэг сөрөг хүчний талынх. Намайг шүүмжилж болно. Гэхдээ сэтгэлийн их хөдөлгөөнөө тэрбээр тун хачирхалтай хэлбэрээр илэрхийлдэг зантай.

-Өөрийнхөө гэр бүлийн тухай товч танилцуулна уу?

-Ам бүл маань цөөхүүлээ дээ. Эхнэр Раиса, охин Жанна. Гурвуулаа хамт аж төрдөг. Эхнэр маань номын санчийн мэргэжилтэй. Одоогоор гэрийн эзэгтэй болсон.

-Та жилийн өмнө Оросын засаг төрийн өндөр алба хашиж эхэлсэн. Энэ ганц жилийн хугацаанд юу хийж амжив. Юу амжсангүй вэ?

-Цэвэр эдийн засгийн хүрээнд нэлээд зүйлийг амжиж хийж чадсан. Тухайлахад, төсвийн мөнгийгзүй зохистой хуваарилах нээлттэй дүрэм журам тогтоосон, бүрэн эрхт банкуудаас татгалзсан, газрын тосны салбарыг дэг журамтай болгосон, эрчим хүчийг зөөвөрлөх төмөр замын тарифыг бууруулсан, Оросын түшмэдүүдээр татварынхаа мэдүүлгийг нь бөглүүлж чадсан. Одоо Оросын цэргий­нхэнд зориулсан сууцыг барьж байгуулах хөтөлбөрийг хийж амжлаа. Хэрэгжүүлж амжаагүй зүйлийн хувьд гэвэл, харамсалтай нь нийгмийн хангамжийн талаас хүмүүсийг дэмжих хууль тогтоомжийг өөрчилж чадсангүй, бүх түшмэлийг эх орны үйлдвэрийн “Волга” машинд нь суулгаж чадаагүй дээ.

-Өнгөрсөн онд болсон А.Пугачёвын төрсөн өдрийн баярт зориулсан концерт дээр таныг Алла Борисовнад баяр хүргэж байхыг би харсан. Та шүтэн бишрэгч нь үү?

-Тийм ээ. Алла Борисовна надтай үерхэж нөхөрлөдөг.

-Удахгүй манай үндэсний баяр “Цагаан сар” болно. Өөрөөр хэлбэл шинэ оноо угтаж, бар жилтэй золгох юм. Манай энэ баярыг тохиолдуулж, монгол түмэнд юуг ерөөж хүсмээр байна?

-Много денег и много любви.

Бар жилд эд мөнгө ихээр хурааж, биесээ хайрлан халамжлах сэтгэлээр дүүрэн явахыг бэлгэшээсэн, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний шадар сайд Б.Немцовын өлзийтэй энэ ерөөл бат орших болтугай хэмээн дотроо залби­раад ярилцлагынхаа төгсгөлд Борис Ефимович оо! Дурсгал болгож тантай гэрэл зургаа татуулах уу гэхэд маань том биетэй сүрлэг энэ залуу ширээнийхээ цаанаас босч ирээд хажууд минь зогссон юм.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны зээлийн урьдчилгааны тал хувийг нийслэл даана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл НИТХ-ын дарга Д.Баттулгад орон сууцны урьд­­чилгааг хөнгөвчлөх жур­мын төслийг өргөн барьжээ. Энэ журмыг боловс­руу­лах­даа нийс­лэлийн 300 шахам цэцэрлэг сургуулийн 12 мян­­ган багш, ажилчдаас су­далгаа авчээ. Энэ журмаар бол нийслэлийн иргэд орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ.

Учир нь зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн 30 хувь нь л орон сууцны урьдчилгаа төлбөрийг хийх чадвартай. Харин үлдсэн 70 хувь нь урт хугацааны зээл төлөх чадвартай боловч урьдчилгаа 30 хувийг төлөх чадваргүйгээс зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Гэтэл нийслэлд орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн боловч худалдан авалт буурч байгаа судалгааны хариу гарчээ. Энэ нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд саад учруулна. Ингэснээр дээд цэгтээ хүрээд байгаа утаа, хөрсний бохирдлоос салах хугацааг улам уртасгаж байгаа гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл утаа, хөрсний бохирдлыг бууруулах боломж нь орон сууц. Зээлээ төлөөд худалдан авах иргэд бэлэн. Дээрх санал хэрэгжвэл орон сууцны нийлүүлэлт ч нэмэгдэнэ. Гэтэл орон сууцны найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь л иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломжийг хааж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг шийдэх гарц олсноо төсөл болгон НИТХ-ын даргадаа ийнхүү өргөн барьж байна. Түүний үзэж буйгаар бол орон сууцны борлуулалтыг дэмжих зорилгоор “Улаанбаатар орон сууцны сан” байгуулна. Тэр сангаасаа иргэдийн орон сууцны зээлийн урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийн талыг төлж өгнө. Ингэснээр өнөөгийн борлогдохгүй байгаа барилгын борлуулалт нэмэгдэнэ. Орон сууцны борлуулалт нэмэгдэх тусам барилгын түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэнэ. Улмаар ажлын байр нэмэгдэж барилгын компаниуд байнгын ажиллагаатай болж, хүчирхэгжинэ. Барилгын компаниудын ашиг орлого нэмэгдэх тусам татвар төлөлт тэлж иргэдэд үзүүлсэн жаахан хөнгөлөлтөөс илүү хөрөнгө төсөвт төвлөрөх боломжтой. Өөрөөр хэлбэл нийслэл гэр хорооллыг барилгажуулах ажлыг гацаагаад байгаа урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт иргэдэд үзүүлснээр утаа, хөрсний бохирдлоос салах ажлыг эрчимжүүлнэ. Одоохондоо орон сууцны борлуулалтыг өөр хямд замаар дэмжих ямар ч гарц алга. Гэхдээ барилгын компаниуд хөл дээрээ босчихвол ажилтай, орлоготой иргэдтэй төрийн оролцоогүйгээр борлуулалтаа хийгээд байх нөхцөл бүрдэнэ. Нэгэн барилгын компанийн захирлын ярьж буйгаар бол төлбөрийн чадвартай иргэдтэй, дээр нь барилгын компаниуд капиталтай болсон тохиолдолд иргэдээс 30 хувийн урьдчилгаа авахгүйгээр түлхүүр гардуулах гэрээ хийж болно гэнэ. Өрхийн орлого 800 мянган төгрөг байхад л хоёр өрөө байрны зээлэнд хамрагдах боломжтой. Гэтэл зуны цагт залуусыг өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай туслах ажилчин хийхийг уриад ирдэггүй гэнэ. Мэдээж байр нь бэлэн зээлийн шугам ойлгомжтой бол залуус өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр ч ажиллах сонирхолтой болно. Харамсалтай нь зарим компаниуд ажлаа хийлгэчихээд цалингаа өгөхгүй гэх мэтийн асуудал тасрахгүй байна. Энэ бүхэнд төр оролцоод байх үндэс байхгүй. Харин түлхүүр гардаж аваад орон сууцанд орсон хүн маш хариуцлагатай болдог тухай засаг дарга Э.Бат-Үүл ярьж байна. Түүний найз нэг өдөр тамхинаас гарчихсан гэнэ. Учир нь тэрээр байрны лизинг төлж эхэлсэн аж. Гурван жилийн дараа буцаад тамхинд орсон гэнэ.Орон сууцныхаа зээлийг төлөөд дууссан учраас мань эр тамхи татаж эхэлсэн юм байх. Энэ жижиг жишээнээс харахад зээл хүнийг хариуцлагатай болгодог байж мэдэх юм. Гэхдээ өөрт нь тохирсон зээл хэн хэндээ өгөөжөө өгнө. Хэрэв нийслэлийн том хурал /НИТХ/ Засаг даргын төслийг дэмжвэл ирэх жилээс байрны борлуулалт эрс нэмэгдэж утаа долоон уулын цаагуур орох биз ээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Ялтан ШШГЕГ-ын машин жолоодож яваад хүний аминд хүрчээ

-ТЭРБЭЭР УДАХГҮЙ СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙСАН АЖ-

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан албаны машин жолоодож яваад хүн дайрч аминд нь хүрчээ. Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гаригийн орой гарсан байна. Болсон явдлыг тоймлон хүргэе.

ХҮН ДАЙРЧИХААД ЗУГТЖЭЭ

Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан Ч.Ганбуудал ШШГЕГ-ын “Hyundai-Starex” маркийн автомашинтай өнгөрсөн пүрэв гаригийн 18.00 цагийн орчимд хорих ангиас гарчээ. Түүнтэй хамт арав гаруй ялтан, хянагч н.Батболд нар явсан аж. Тэд 100 айлын орчимд ялтнуудыг буулгажээ. 461 дүгээр ангид ял эдэлж байсан иргэд тэр хавьд ажил хийдэг байсан бололтой. Ч.Ганбуудал ялтнуудыг ажиллаж байсан газарт нь хүргэж өгчихөөд хянагчтайгаа хамт буцаж явжээ. Оройн тоондоо бүртгүүлэх цаг дөхсөн учир нэлээд хурдтай явсан бололтой. Ингэж явахдаа Баянгол дүүргийн нутаг “ТЭЦ-4”-ийн зам буюу “Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд 50 шахам насны эрэгтэй хүнийг дайраад зугтсан байна. Тэрбээр зугтаж хорих ангидаа очиж төлөөлөгч, хянагч нартаа болсон явдлыг хэлжээ. Улмаар төлөөлөгч, хянагч нартайгаа нэлээд орой ослын газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан аж.

Хэргийн газраас зугтахад нь хамт явсан 461 дүгээр хорих ангийн хянагч хориглоогүй бололтой. Тэд өөрсдийгөө цочролд орсон гэж мэдүүлжээ.

ХОХИРОГЧ СОГТУУ БАЙСАН УУ

Хохирогч осол гарах үед зам дээр дөрвөн хөллөөд мөлхөж байсан тухай гэрчүүд мэдүүлжээ.

Тэр хавийн байгууллагад манаач хийж байсан хүн “50 гаруй болов уу гэмээр насны хүн зам дээр мөлхөөд явж байсан. Бараг л зам дээр унтаж байна уу гэж харсан. Очоод сэрээхийн завдалгүй машинд дайруулсан” гэж мэдүүлжээ. Хохирогчийг дайрсан ялтан ч ийм зүйл ярьсан аж.

Тэрбээр “”Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд замаар зүүнээс баруун тийш явж байтал өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орчихсон. Өөдөөс ирж явсан машинтай зөрж өнгөртөл зам дээр гэнэт дөрвөн хөллөсөн хүн харагдсан. Би машиныхаа тормозыг гишгэсэн боловч зогсоож чадаагүй” гэжээ.

Ч.ГАНБУУДАЛ МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙЖЭЭ

Тэрбээр 40 настай. Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2013 онд ял шийтгүүлжээ. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар гурван жил зургаан сар хорих ял сонссон байна. Ч.Ганбуудал 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр гэртээ согтуу байхдаа эгчийнхээ хүүхэдтэй маргалдаж хэвлий тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргээр ялтан болсон аж. Тухайн үед хохирогч гомдолгүй гэж мэдүүлж байгаад хоёр жилийн дараа гомдол гаргаж хэргийг шалгуулсан байна. Тэд модны захад хамт ажилладаг байжээ.

Ч.Ганбуудал ял сонссон цагаасаа хойш Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. Тэрбээр удахгүй магадлангаар суллагдах гэж байжээ. Цагдан хорих 461 дүгээр ангийн Аж ахуйн хэсэгт ял эдэлж байсан юм байна.

ЯЛТНААР АЛБАНЫ МАШИН ЖОЛООДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байсан хүнээр албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулж байсан нь ШШГЕГ-ынхны хариуцлагагүй үйлдэл гэх олон хүн байна. Ял эдэлж байгаа хүнээр машин жолоодуулж, арав гаруй ялтан суулгаад хотын төвөөр явж байгаа нь эрсдэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага өөрийн болон өөрийнхөө хувь нийлүүлсэн, хамтарсан аж ахуйн нэгжид, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэсэн бол120.5-д “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно” гэж заасан байдаг.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дахин гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлгүй, сайн хүмүүжсэн ялтнуудаар гадуур ажил хийлгэдэг. Суллагдах дөхсөн хүн дахиад хэрэг төвөгт оролцохыг бодохгүй шүү дээ. Харин албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулсан нь асуудал дагуулах байх” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард иргэд хүүхдийн төлөө эмгэнэж байхад Монголын улстөрчид Хүй долоон худагт хүүхдийн хувь заяагаар наадлаа

Дөрвөн настай,гэм зэмгүй,жаахан охин төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт зодуулан амиа алдсан гэх хэрэг олныг цочирдуулж,иргэд сошиалаар саналаа солилцон нэгдэж,охины хойноосзул өргөж, Чингэсийн талбай, Зайсангийн бурхантай хөшөөний дэргэд очин эмгэнэл илэрхийлэв. Үүгээрээ тэд хүүхдийн эрхийн төлөө нийтээрээ дуугарах цаг болсныг, арга хэмжээ авах цаг ирснийг сануулан тэмцэж байгаагааилэрхийлсэн хэрэг. Мөн Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрхийн төлөө ямар ч захиалгагүй, ямар ч улс төргүй сэтгэл зүрхээрээ нэгдсэн нь энэ. Олон хүн очиж нэгдсэн энэ цуглаан ирээдүйд болох гэмт хэргээс урьдчилан сэргийлж анхааруулсан хэрэг. Үр хүүхдийнхээ төлөө санаа зовсон, хүний үрийг ч хайрлахсэтгэлтэй ард түмний цуглаан байв. Үүнийг даапаалах мэт, зориуд эсэргүүцэж байгаа мэт мөнгө,аагаа багтааж ядсан Монголын хэдэн баячууд, улстөрчид хүүхдээр морь унуулж Хүй долоон худагт цэнгэцгээв. Өвлийн хүйтэнд хүний нялх хүүхдүүдийг морь унуулчихаад, уралдаж буй мориноосоо олон жип унандавхилдав. Хөлдөж хайрагдсан жаалуудын зовлонгдулаан жиптэйгээ давхиж яваа баячууд яахин мэдрэх билээ. Мэдсэн чтэдэнд ядарсан айлын хүүхэд даарах, хөлдөх, гэмтэх, бэртэх, үхэх үрэгдэх сонин биш. Харин өндөр үнээр худалдаж авсан морь нь гэмтвэл хүн гэмтсэнээс илүү гашуудна.Энэ уралдаанд эзэнгүй морьд өчнөөн ирж харагдана лээ. Өчнөөн олон хүүхэд бэртэж гэмтэв. Хүүхдүүд морины хөлд үрэгдэж, гэмтэхээс гадна жипний дугуйнд эрсдэх магадлал илүү их байв. Зүрх сэтгэлээ гээсэн Монголын феодалуудын зэрлэг цэнгэл нь ирээдүйд хүүхдийн эрх дахин бүү зөрчигдөөсэй хэмээн цуглан эмгэнэж буй ард иргэдийн цуглааныг эсэргүүцсэнтэй агаар нэгэн байв. Германы “Der Spiegel” сэтгүүлд “Монголын баячууд Европт хурдан морины уралдаан зохион байгуулаад л, ард түмэн нь ядуураад л…” хэмээн өгүүлжээ. Үнэнийг л хэлж. Гэхдээ Монголдоо хүний нялх хүүхдийг морь унуулж цэнгэдэг нь бүр аймшигтай шүү. Хурдан морины уралдаан ард түмний цэнгэл биш, хэдэн баячуудын л цэнгэл болсон. Энэ хавар орон даяар хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 15 хүртэл морины уралдаан 116 болно гэсэн тов гарсан байх юм. Энэ эрүүл бус цэнгэл,таашаалынх нь золиосонд хэдэн хүүхэд бэртэж, хэд нь амь насаа алдах бол гэхээссэтгэл хөндүүрлэм. Морин спорт, уяачдын холбоог нь улстөрч М.Энхболд удирддаг.Ихэнх улстөрчид морь уядаг.Ийм энэрэнгүй бус төртэй улс яаж хөгжих билээ.

Гэтэлэнэ өдрүүдэд харь холын турк эрчүүдмини юбкатэй жагсаал хийж байна. Туркт хорин настай бүсгүйг хэсэг этгээд хүчирхийлэх гэж оролдоод эсэргүүцсэнийх нь төлөө алж цогцсыгнь голд хаясан аймшигт хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэж ард иргэд нь жагсаж,турк эрчүүд богиноюбка өмсөн “Эмэгтэйчүүд богино юбка өмсөх нь тэдний эрх. Ийм хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хүчирхийлэх ёстой гэж боддог хүмүүс хамгийн арчаагүй, ухамсрын доройтолдорсны илэрхийлэл” хэмээн лоозон барьжээ. Турк лалын шашинтай орон. Лалын шашинтай орнууд эмэгтэйчүүдийг хоёрдугаарт тавьдаг. Гэтэл эмэгтэйчүүдээ өмөөрч эрчүүд нь жагсаж чадаж байна.“Богино юбка өмсөөд тэд хохирдогюм бол бид ч өмсөнө” гээд сахал үс болсон эрчүүд нь өөрсдөө богино юбкатай тэмцлээ. Хүүхнүүдийг хоёрдугаар зэргийн гэж үздэг тэд цагаа тулахаар бүсгүйчүүдээ өмөөрч жагсаж байна. Өнгөрсөн жил Монголын охид ч богино юбкатай нэгэн цуглаан зохион байгуулж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэдманай эрчүүд дэмжих нь бүү хэл даажин тохуу болгоод өнгөрч байсан.

Ардчилалд цус гаргалгүй хувьсгал хийж орсон гэж жишиг болгон ярьдаг манай улс юу болоод байна. Харанхуй бүдүүлэг феодалын нийгэм шиг л боллоо. Энэ юунаас эхтэй вэ. 1990 оноос хойш үе, үеийн Ерөнхийлөгч эрт үеийн хоцрогдсон ёс заншлыг сэргээж эхэлсэн. Цаг үе, нийгмийн тогтолцооөөрчлөгдөхөд зарим ёс заншил ч хаягдаж гээгдэж, өөрчлөгдөж байдаг. Манайд харин эсрэгээрээ. Үүнийг Монголыг үе үеийн төрийн тэргүүнүүд бодлоготойгоор хэрэгжүүлж ирлээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатхувийн үзмэрчтэй байв. Дэргэдээ инженерийн баг ажиллуулсан бол ойлгож болох юм. Гэтэл Ромбо хэмээх гаригтай холбогддог, харь гаригийнхантай уулздаг гэх үзмэрчийнхээ үгээр явж тэр ч бүү хэл онгоц осолдож эрж хайхад улсын өчнөөн зардал мөнгөөр үзмэрчдийн баг бүрдүүлэн эрэн хайж байсан ч өнөөх далдыг мэддэг хүмүүсээс хэн нь ч осолдсон онгоцыг олоогүй.Харин шинжлэх ухаан үүнд хэрэг болсон. Анхны Ерөнхийлөгчийн үед далдыг хардаг, үздэг мэддэг хүмүүс олширч алтан цөгцний хэрэг, биеэсээ гал гаргадаг Өнөрмаа, харь гаригийн хүнтэй уулзаж, хөлөгт нь суусангэх нэг бүсгүй тодорч байж билээ. Н.Багабанди Ерөнхийлөгч болоход мухар сүсэг, бурхан номмөн л хүчээ авч төрийн золголт гээчхэт шашинжсан ёслол бий болж, шар хар хоёрыг хослуулсан гүн сүжиг бүхий төртэй болов.

Н.Энхбаяр бол өөрөө шашны гүн итгэл үнэмшилтэй хүн. Тэрээр шашны ном орчуулж, уул овоо тахиж, шар дээл намируулсаар гарч ирэв.Энэ үед шинжлэх ухааныг өөд татаж дэмжих үнэр ч байсангүй. Овоо тахиж тэнгэр лүү захиа бичиж харваад хариуг нь хүлээдэг төртэй болов. Хоосон тэнгэр лүү юу даатгаж, юунд итгэж захиа бичиж харвадаг болсныг таашгүй. Үүнээс хойш гадаад эхнэр, нөхөртэй хүн Монголын төрд байж болохгүй гэсэн ардчилалгүй хууль санаачилж, хүний хайр сэтгэлийг хүртэл улстөржүүлж утгагүйтүүлэв. Гадаад киноүзэж чадахаа болив. Одоогийн Ерөнхийлөгчийн үедтөрийн ордонд гал асаан, тахил өргөн,ёслол хийж, бүр гадаад айлчлал нь галын ёслолтой болж хувирав. Гэсэн атлаа гал асаах энэ ёслолдоо эмэгтэйчүүдийг орохыг хориглов. Эмэгтэйчүүдийг уул овоонд гарч болохгүй гэх эртний мухар сүсэг ид хүчээ авлаа. Угтаа бол ууланд гарч болдог эр хүнийг эмэгтэй хүн л төрүүлдэг шүү дээ. Энэ цагт бүр хачирхалтай үйл явдлууд өрнөв.

Монголын түүх,шинжлэх ухаан, дэлхийн соёлын хамаг л үнэт эрдэнэ кирилл бичгээр бичигдсээр олон жил болсон байхаднэгэнт өөрчилсөн уйгаржин бичгээр дахин бичдэг болгох хууль санаачилж, хэрэв уйгаржин бичгээр алдаатай бичих бол хэдэн сая төгрөгөөр торгох хууль батлав.Нийтээрээ бичиг үсэгтэй болсон дал, наян жилийн түүх үгүй болж, томоохон ухралт болсон хууль баталчихлаа. Дэлхий ертөнц даяарчлагдаж байхад тавдугаар анги хүртлээ гадаад хэл үзэж болохгүй гэсэн хачин заалт энэ хуулиндаа тусгав.

Хүний үр малын хөлд үрэгдэж байхад бах таваа ханган баясах, нялх хүүхдүүдийг хүн чинээ тооцохгүй алж байхад, төрсөн эцэг эхийнхээ гарт хүүхдүүдаймшигтайгаар тамлагдаж, амь насаа алдахаддуугарах, тэдний эрхийн төлөө хууль санаачлах эрхтэн ямбатан олдсонгүй.

Элэрсэн баларсан ёс заншил сэргээж жүжиглэхээс өөр гавьяа энэ удирдагч нарт алга. Айл бүр бөөтэй болов. Бөө удгануудын ёс заншил ч бусдыг хохироож,халуун чулуун дээр суулгаж алах, айлын машин шатаах, учир мэдэхгүй нялх хүүхдийг бөө болгож архи уулгаж хүний ой тойнд багтамгүй хэргүүддаамжрав. Өдөр бүр хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн аймшигт хэргүүд газар авлаа.

Таван настай хүүхдээ зодож заазуурдсан, хүүхдийнхээ бүх биеийг ньхазаж тамласан, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн толгойг нь тасдан хогийн цэг дээр хаясан, хүүхдүүдээ машинд шатаасан, цасан дээр чармай нүцгэн нялх хүүхдийг гүйлгээд зургийг нь нийтийн сүлжээгээр тараасан,дөрвөн настай охиныг төрсөн эцэг нь хойт эхтэй нийлж зодож үхэлд хүргэсэн гэх аймшигт тамлал, гэх бүлийн хүчирхийлэл өдөр бүр гарах болов. Энэ бүх балайрал, хийрхлийг улс төрчид, төрийн удирдлагууд ньдэврээж,дээр нь ядуу хоосон байлгасны үр дүнд одообидний харж байгаа нийгэм бий боллоо. Ганган хүнд гархи нэмэр, галзуу нохойд салхи нэмэр гэгчээр сошиалаар бас үүнийг дөгөөж байна. Энэ хугацаанд боловсрол, шинжлэх ухаан ярьдаг ганц ч удирдагч гарсангүй. Дөрвөн настай хүүхдийг зодож тамласны уршгаар амь насаа алдахад хүргэсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг тамлахыг хориглох хууль санаачлаагүйхэрнээ дуучид, соёл урлаг,бөө удган, лам нарыг өөгшүүлнэ. Аль өнгөрсөн зуунд хоцорч үлдсэн сэдэв одообол бүр идэвхжиж, арга нь нарийсч бизнес болон хөгжиж, золионд нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэмгүй иргэд хохирч байна. Боловрсолын хоцрогдолд оржинженерийн ангид орох биш соёлын салбар луу хошуурч байна. Инженерийг шагнадаггүй, өндөр цалин өгдөггүй, дэмждэггүй. Харинбайгалиас заяасан хоолойтой л бол дуучин, жүжигчинд гавьяат цол өгнө. Тэдажилгүй суугаад найр хуриманд өндөр үнээр дуулчихаад сайхан амьдраад байж болдог.Угтаа бол бүх л хүний чаддаг зүйл.Бүгд ийм хялбар аргыг сонгож байгаа учраас улс орон хөгжихгүй байна. Сургууль төгсөгчдийн ихэнх нь хэлний мэргэжилтэн, урлаг соёл,утга зохиол, хуульч, эдийн засагч, жүжигчин болохыг зорьж байна. Олонд танигдаж, од болоход амархан, олж идэхэд ч хялбар болохоор тэр.Инженер болох сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэдэг Залуу техникчдийн ордон гэж байлаа. Одообайхгүй болсон. Ирээдүйд шинийг санаачлагч, онгоц, хиймэл дагуул, шинжлэх ухааны томоохон нээлт, бүтээн байгуулалт хийх, шинэ технологи гаргаж ирэхмөрөөдөлтэй, сонирхолтой хүүхдүүдэнд суралцдаг байсан. Нэгэнт сурах сонирхлыг нь дэмжих дугуйлан дамжаа байхгүй болохоор хүүхдүүд яаж хөгжих билээ. Томоохон гүрнүүд жижиг улс, үндэстнүүдийн урлаг соёлыг нь дэмждэг. Сургууль төгсөгчдийг нь ч инженер биш, соёлын сургуульд ороход нь дэмжлэг болдог.Монголын удирдлагууд өөрсдөө энэ бодлогыг Монголдоо хэрэгжүүлээд байгаа.

ЮНЕСКО-дкалиграф, шагай харвахыг бүртгүүллээ гээд хөөрцөглөх болж. Үүнийг бүртгүүллээ гээд Монголыг дэлхий шүтээд, Монгол Улс хөгжих үү.Бүртгүүллээ гээд яах юм. Улам л харанхуй бүдүүлэг, зэрлэгшил рүүгээ явж байна. Яг л дундад зууны орон болж. Угтаа дэлхий даяаршаад шинжлэх ухаан гэрлийн хурдаар хөгжиж,технологийн бүх л салбар дээд цэгтээ хүртэл хөгжиж байгаа энэ эринд монгол хүн англи, герман, франц, орос, хятад хэлтэй, барууны соёлтой, кирилл, латин үсэгтэй, шинжлэх ухааныг шүтсэнбаян чинээлэг ард түмэн болмоор байна. Шинжлэх ухааны бүх ололтуудыг амьдралд хэрэгжүүлж, хар багаас нь техниктэй ноцолдуулж, мотоцикль засуулж, онгоц бүтээхийг зааж, гар утас угсарч сурган,техник сэтгэлгээг нь хөгжүүлэх хэрэгтэй байна.

Сүнс чөтгөр,шулам, харь гариг, лус савдаг, бөө удганшүтдэг сэтгэлгээнээсээ салж соёлт хүн төрөлхтөний адилаар шинжлэх ухаанаа хөгжүүлье. Ард түмэн ядуу зүдүү, мунхаг харанхуй байх тусмаа улс төрчдөд ашигтай болохоос улс орон хөгжихгүй. Улс төрчид нь иргэдийнхээ ядуугийн зовлон дээртоглож, үндсэрхэг, хуучинсаг үзлийг дөгөөж, феодалын овог аймгийн хэлбэр лүүгээ яваад эхэлчихэж. Үүнийг ойрын хугацаанд бодлогоор тас цохиж, тавдугаар анги хүртэл гадаад хэл үзэхийг хориглосон, уйгаржин бичигтэн болгох гэсэн хуулийг хориглож,лам бөө болохыг дунд сургууль төгстөл нь хориглох хууль гаргах хэрэгтэй байна. Гадаад хүнтэй сууж болохгүй, гадаад кино үзэж болохгүй гэсэн хууль гаргахынхаа оронд тавдугаар анги хүртэл нь мотоцикль, тэрнээс дээш пуужин, онгоцхийхийг заах хэрэгтэй юм. Дундад зууны элэрсэн баларсан ёс заншлыг халж, яаж дэг журамтай байх, хэрхэн багаар ажиллах, хэрхэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх тухай, шинжлэх ухааны ололт, шинэ технологийг нэвтрүүлсэн хүмүүсийг хэрхэн урамшуулах тухай хууль дүрэм гаргаж, түүндээ хатуу хяналт тавьж ажиллая. Ингэж байж улс орон хөгжинө. Ухардаг замаасаа хазайж урагшилдаг замдаа оръё.

М.СҮЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аав, ээж рүүгээ ярьсан уу

Саяхны нэгэн өдөр багын найзтайгаа уулзахад нэгэн болсон явдлыг надад ярьсан юм. Энэ бол хоёрхон минутад гар утас засварын газар болсон явдал л даа. Нэлээд ядруу байрын өвгөн орчин үеийн хотын хөгжилд тийм ч дасаагүй бололтой гар утасны худалдаа, засварын газар ороод эргэн тойрноо ажин хэсэг зогссоноо гар утас засдаг хүн хайж явсаар нэгэн залуугийн өмнө очиж “Миний хүү өвөөгийнхөө энэ гар утсыг үзээд өгөөч. Эвдэрчихсэн юм аа” хэмээн сарвайсан гэнэ.

Засварчин залуу бүх зүйлийг нь нэгд нэгэнгүй үзээд “Өвөө таны утсанд ямар ч эвдрэл байхгүй байна. Санаа зоволтгүй” хэмээн инээмсэглэхэд өвгөний царай барайж “Үнэхээр эвдрэл алга уу. Засаад өгвөл өвөө нь ч мөнгийг нь өгнө л дөө” хэмээн энгэрээ ухахад засварчин “Зүгээр утсыг юуг нь засуулах гээ вэ” хэмээн гар утсыг нь буцаан өгсөн байна. Гэвч өвгөн хүрэн бор царайгаа үрчийлгэн байж “Тэгвэл миний хүүхдүүд яагаад над руу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран гарч одсон тухай яриа байлаа.

Найзынхаа ярьж байгааг сонсож суусан би нэг сөхөө авах мэт болоод л хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ залган ярьсан юм. Хэчнээн цаг минут ч өнгөрснийг анзааралгүйяриад дуустал “Таны хэрэглээний төлбөр 77310 төгрөг болж гарах ярианы эрх хаагдлаа” хэмээн мессэж ирэв. Тэр хамаагүй, өчигдөр миний цалин буусан. Та ингэхэд аав, ээж рүүгээ утсаар ярьсан уу.

Э.ЭНХБОЛД