Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан ажиллахаар болсон. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, татварын бодлогоор эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгааг хэлээд эдийн засгийн зөвлөлийн гишүүдийн саналыг хүлээн авч, нэгтгэхээ мэдэгдлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллах юм. Мөн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт зөвлөлийн гишүүдэд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Засгийн газраас Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн нэр томъёог тодорхой, нэг мөр болгох, татварын өр төлөх хугацааг сунгах, хүчингүй болгох зохицуулалтыг оруулах, татварын байцаагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгах зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа гэлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийн хувьд хуулийн нэр томьёог татварын байцаагч, аж ахуйн нэгж өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг. Иймд нэр, томъёог ойлгомжтой, нэгдсэн болгох асуудал дээр анхаарч байгаа гэв. Мөн татвар төлөгчид татвар төлөхдөө цаг хугацаа бага зарцуулах боломжийг бүрдүүлж, цахимжуулна гэлээ.

Танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд голчлон татварын бодлогоор эдийн засгийг дэмжих асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Хувь хүний орлогыг бодитой тодорхойлж, орлогын татвар ногдуулах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хуулийг батласны дараагаар татварын шинэчлэлээ эхлүүлэх зэрэг саналуудыг хэллээ. Энэ хурал дээр хэлсэн болон бичгээр ирүүлсэн саналыг нэгтгэн хүлээн авахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Шалгаж болно, дарамталж болохгүй

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах үйл ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын газар харьяалагддаг. Тус агентлагийн удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлаа өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхэд тайлагналаа.

Хавар болж, барилгын салбарынхан ажилдаа гарах бэлтгэл хангаж байгаа энэ үед анхаарах асуудлын нэг нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, чанартай барилга барих талд анхаарч, стандарт нормыг хангуулж ажиллах ёстойг Шадар сайд анхаарууллаа. Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн тайлбараар бол ашиг олох зорилгоор барилга барих тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж цөөнгүй байгаа нь хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл үүсгэж байна гэлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг цахимаар зохион байгуулахдаа кадастрын зураг гаргах компаниар нэр бүхий таван компанийг шалгаруулсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэн шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тавьсан шаардлага үндэслэлтэй хэмээн гарсан ч Давж заалдах шатны шүүх хурал болох аж. Уг шүүх хурал өнгөрсөн сард зарлагдсан байсан ч шүүгч нарыг солих шаардлага байна гэж банкуудын зүгээс хүссэнээр шүүх хуралдаан хойшилсон аж. Анхан шатны шүүхийн шийдвэр Давж заалдах шатны шүүхээр баталгаажвал олон мянган иргэнд тустай зүйл болно гэж үзэж байна.

Оюуны өмчийн газрын хувьд интернэт орчин дахь оюуны өмчийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж буйг онцоллоо. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйг хангаж өгөх ёстой гэдгийг тус газрын удирдлага мэдэгдсэн юм.

Ийн агентлагийн газрын дарга нар хийсэн ажлаа тайлагнасны дараа Шадар сайд У.Хүрэлсүх “Асуудал шийддэг дарга энэ улсад хэрэгтэй. Тэгж байж улсын ажил явна. Юм бүхнийг Шадар сайд руу авчирах хэрэггүй, агентлагийн даргын эрх мэдлийн хүрээнд, газрын даргын эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжтой асуудлыг цаг тухайд нь шийдэх хэрэгтэй. Цаг алдаж таарахгүй.

Үнэхээр шийдэх боломжгүй, эрх мэдэл давсан асуудлыг Шадар сайдтай зөвлөж болно. Зарим асуудлыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлнэ. Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалт хийхгүй гэж ойлгож болохгүй. Салан задгай ажиллаж байгаа барилгын компанид хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн үүрэг. Төр хяналтаа тодорхой хэмжээгээр тавьж байж, эмх замбараатай болно. Тэр хэрээр аюулгүй байдал хангагдана. Гэхдээ шалгаж байна гээд дарамталж болохгүй. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө сайн дураар ирээд зөвлөгөө авдаг амьд харилцааг бий болгох ёстой. Аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй маш олон аж ахуйн нэгж бий. Шалгах ёстойгоо шалга” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Б.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураах зарлиг гаргажээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх допингийн шинжилгээ өгснөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Б.Адъяабат нарын сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн гэж МҮБХ-оос зарласан. Хоёрдугаар сарын 16-ны өдөр Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн улсын начин Б.Суманчулуун, Б.Адъяабат нарын тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул тус хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлигийг хоёрдугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Эрдэнэбат, поп хатагтай Б.Сарантуяа нар хамтрaн тоглоно

Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г,Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б,Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ. Тухайлбал МУГЖ: Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий” , Зууны манлай поп хатагтай Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлүүдийг нь дуулж өсөөгүй хүн ховор биз ээ. Ийнхүү тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой. Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолт: 3 сарын 6-ны өдөр Замын-Үүд хотноо 3 сарын 7-ны өдөр Сайн-Шанд 3 сарын 8-ны өдөр Хэнтий аймагт 3 сарын 9-нд Дунд говь аймагт хийхээр болжээ. Тэдний хамтран ажилласан анхны уран бүтээл нь одоогоос 9-н жилийн тэртээд буюу 2006 онд мэндэллэж байжээ. Энэ талаар манай сайтын хамт олон эрхэм уран бүтээлчдээс тусгайлан авсан сурвалжлагаараа уншигч та бүхэнтэйгээ дахин уулзах болно. Ингээд рок поп болоод сонгодог болон нийтийн дууны өнгийг тодорхойлогч уран бүтээлчидийнхээ үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийгээ баярлуулах эрхэм үйлсд нь амжилт хүсье!

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт энэ сарын 24-нд мэргэжлийн рингнээ гарна

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд эхний тулаанаа энэ сарын 24-нд хийх гэж байна. Харин түүний өрсөлдөгч одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Инчёний Азийн наадмаар Өмнөд Солонгосын тамирчинд илт луйвардуулж ялагдсаны дараагаар Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүчээ сорихоор Америкийг зорьж, нэрт дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор хөдөлмөрлөж амжилтад хүрэхийг зорьсноор таван жилийн гэрээ үзэглэсэн.

Н.Төгсцогтын дасгалжуулагчаар ажиллаж буй Жо Гуссен бол мэргэжлийн бокст өндөр нэр хүндтэй ах, дүүсийн нэг юм. Хэдийгээр Жо Гуссен өөрөө мэргэжлийн боксчин байгаагүй ч тамирчдын бэлтгэл хангах тал дээр мэргэшсэн нэгэн.

Жо Гуссен манай Н.Төгсцогтын бэлтгэлийг хараад Флойд Мэйвезертэй тулалдахаар болоод буй филиппин боксчин Мэнни Пакьяотой зүйрлэж, төдий хэмжээний алдартай тамирчин болох магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү гавьяат тамирчин, 22 настай Н.Төгсцогт сонирхогчдын боксоо орхиж, мэргэжлийн боксын рингнээ гарах өдөр улам ойртсоор байна.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тодруулбал, цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг АТГ-т эрүүргийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газарт Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр АТГ, ТЕГ шалгаж эхэлсэн юм.

Түүнчлэн, тэднийг дутагдал гаргасан хэмээн үзэж ажлаас нь чөлөөлж, цолыг нь хураасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

Канадын “Khan Resources” компани олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулж, Монголын Засгийн газраас 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон тухай “www.finanznachrichten.de” мэдээллээ. 2009 оны долоодугаар сард тус улсын Засгийн газар “Khan Resources” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг нь цуцалсан юм. Энэхүү үйл явдлын дараа тус компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүх “International Arbitration”-д өгчээ. Олон жилийн турш үргэлжилсэн шүүх хурал эцэслэн шийдэгдэж, шийдвэрээ гаргасан байна. Эхний шүүх хурал 2012 оны тавдугаар сарын 12-ны өдөр Францын нийслэл Парис хотноо эхэлжээ. “Khan Resources” компанийн нэхэмжлэлийг Олон улсын арбитрын шүүх хүлээн авч Монгол улсын Засгийн газар “Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” хэмээн үзжээ. Арбитрын шүүх тус компанид учруулсан хохирлыг өнөөгийн ханшаар үнэлж, гаргасан байна. Тусгай зөвшөөрлийг цуцалснаас болж тус компани 83.3 сая ам.долларын хохирол амсчээ. Лондонгийн төв банк хоорондох зээлийн хүү буюу “LIBOR” нэмэх нь хоёр хувь төлөх ёстой гэж шийджээ. Шүүх, компанийн өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг тус компанид олгох шийдвэр гаргасан байна.

“Khan Resources” компанийн гүйцэтгэх захирал Грант Эди “Шүүхийн шийдвэр бидний талд гарсанд баяртай байна. Мөн Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх нэрнээсээ салсандаа баяртай байна. Монголын Засгийн газар компанийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, нөхөн төлбөр шаардаж, эд хөрөнгө хураасан нь хууль бус үйлдэл. Засгийн газар шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрийг шуурхай олгохыг хүсье” гэж хэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ээж бүхний дуу хоолой” цуглаан үргэлжилж байна

Фэйсбүүкийн “Ээж бүхний дуу хоолой” группын гишүүдийн “Ээж бүхний дуу хоолой” цуглаан хоёр дахь өдрөө Чингис хааны нэрэмжит төв талбайд үргэлжилж байна. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихыг шаардаж буй аж.

“Ээж бүхний дуу хоолой” группын гишүүн н.Уянга “Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхдийн байгууллага, хүний эрхийг хамгаалах ТББ-ууд, хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг холбогдох байгууллага, иргэний санаа бодлыг хэрхэн тусгасныг мэдэх зорилгоор олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Бид энэ хуулийг үнэн бодитой хүүхдийг хамгаалдаг, дахиж хүчирхийлэл гаргах үндэсгүй хууль байгаасай гэж хүсч байна” хэмээн ярьсан.

Мөн өнөөдөр 18.00 цагт “Ээж бүхний дуу хоолой” группын 9000 гаруй ээжүүдийн анхдугаар чуулга уулзалт “Улаанбаатар чуулга”-ын танхимд болж, тэд дуу хоолойгоо нэгтгэх гэнэ.

Хүчирхийллийн эсрэг тэмцэж буй эдгээр үйл ажиллагаанд аавууд, эрэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байгааг ээжүүд онцолж байсан. Тэднийг дэмжиж буй иргэд хажуугаар нь өнгөрөхдөө ирж уулзан, 5-10 минутын хугацаанд лоозон барьж зогсон, цуглаанд нэгдэж байлаа. “Ээж бүхний дуу хоолой” цуглаан гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шонхорууд Плей-оффийн байраа баталгаажууллаа

Супер лигийн II тойргийн сүүлийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдрийн мэдээллийг хүргэж байна.

МОН-АЛТИУС МАДИМОС ШОНХОРУУД vs ХАН ТАЛСТЫН ИРВЭСҮҮД – 90:88

СЕНТОЗА АРСЛАНГУУД vs ТӨВ УРГАЦ – 110:105.

Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд өндөрлөх шатанд оржээ ирлээ. Тэр ч утгаараа багуудын тоглолт болгон чухал плей-оффийн төлөө болон байрлалын төлөөх тоглолтуудаар халуун өрнөсөөр. Өчигдөр болсон эхний тоглолт хүснэгтэнд 9 хожил 8 хожигдолтой 6-р байранд бичигдэж байсан “Мон-Алтиус Мадимос Шонхорууд” 9 хожил 9 хожигдолтой Плей-оффийн сүүлийн 8-р байранд бичигдэж байсан “Хан талстын Ирвэсүүд” багуудын хооронд боллоо. Дээрх 2 багийн аль хожсон нь 10 хожил байгуулан Плей-оффд орох эсэхээ баталгаажуулах байсан юм. Ингээд тоглолтын эхний үеийг тун сайн тавьсан Шонхорууд 2-р үеийн төгсөд өрсөлдөгч багтаа 14 оноо дараалан алдаж улмаар 2 багийн тоглолт тэнцүүхэн өрнөж эхэлсэн юм. Ингээд оноо 88-88 байхад эхний хагаст тун хангалтгүй байсан Т.Санчир багтаа 2 оноо давамгайллыг үүсгэж Ирвэсүүд довтолгоо хийхэд Мон Алтиус Шонхорууд багийн төвийн тоглолт Quincy хоёр ч дараалсан хаалтыг хийснээр 90-88-аар Шонхорууд 10 дахь хожлоо байгуулсан. Тэднээс 5 тоглогч 10-аас дээш оноо түүснээс Smush Parker 16 оноо 10 самбар, Quincy 15 оноо 14 самбар 8 хаалт, Г.Цэнгүүнбаяр 14 оноо 10 самбараар дабль хийсэн бол тун харамсалтай хожигдол хүлээсэн Ирвэсүүдээс сэлгээнээс гарч тоглосон Pugh 22 оноо 15 самбар, Б.Чадраабал 20 оноо Э.Дорж-арилд 17, Э.Цэвэлдорж 15, Э.Эрдэнэдалай 14 оноо 9 самбар авсан байна. “Хан Талстын Ирвэсүүд Үндэсний Супер лигийн сүүлчийн тоглолтоо “Дорнод Танан Гарьд” багтай хийх бол “Шонхорууд” “Лидер”, “Аравтууд” багтай хоёр тоглолт хийснээр улирал дуусах юм.

Сентоза Арслангууд нэмэлт цаг хожил байгууллаа

Энэ өдрийн сүүлийн тоглолт 9-р байранд бичигдэж байсан Сентоза Арслангууд 7-р байранд бичигдэж байсан Төв ургац багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс Ж.Отгондарь дасгалжуулагч багийн тоглогчдоо тун нягт тоглохыг захьсан нь харагдаж 10-2 гэсэн эхлэлийг тавсан юм. Гэхдээ хашир туршлагатай тоглогчтой Төв Ургац 2 болон 3-р үед тоглолтыг өөрийн талдаа шийдэж онооны зөрүүг 16 болгон холдуулаад байсан. Гэхдээ шийдвэрлэх 4-р үеийн дунд Төв Ургац багийн 2 лидер тоглогчид болох Donald Boone болон Holmes нар 6 алдаа болон талбайг чөлөөлснөөр Арслангуудад боломж гарч ирсэн. Улмаар эрч хүчтэй тоглолтыг Арслангууд үзүүлж үндсэн цагт 96-96-аар тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагт Chris Lawson 44-онооныхоо 6-г авсанаар 110-105-өөр Сентоза Арслангууд 9 дэх хожлоо байгуулан Плей-оффийн сүүлийн эрхийн төлөөх тулаанд эргэн нэгдсэн бол 10 хожил 9 хожилтай болсон Төв Ургац мөн тун хүн байдалд орж байна. Учир нь тэд улирлын сүүлчийн тоглолт Эрдэнэдрийлинг Ригс багтай хийх бөгөөд хэрэв хожигдол хүлээсэн тохиолдолд 8 байранд бичигдэх багуудтай оноо тоглох юм. Харин Тун чухал хожил байгуулсан Арслангуудаас холбон тоглогч Chris Lawson 44 оноо 15 самбараар багаа тэргүүлж өөрийн хувийн дээд амжилтаа үзүүлсэн бол Э.Баатарсүрэн, Б.Тамжид нар 14 оноо Torin Walker 13 оноо 23 самбар авсан бол Төв ургац багаас Boone 20 оноо 11 самбар Д.Дэлгэрням 19 оноо 16 самбар, Ц.Пүрэвдорж 17 оноо Ц.Мэргэн 13, Д.Мөнхтөр 12 оноо авсан байна. Сентоза Арслангууд улирлын сүүлийн тоглолтоо SBL Хасын Хүлэгүүд багийн эсрэг хийх бөгөөд 1-р тойрогт тааран тоглохдоо Хүлэгүүдийг буулган аваад байсан юм. Хэрэв тэд хожвол Плей-оффд орох магадлал тун өндөр болно.

БАГУУДЫН АМЖИЛТ 03 САРЫН 02-НЫ БАЙДЛААР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Монгол Улсын бүх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй зарчмаар ажиллах, олон улсын стандартад бүрэн нийцсэн лаборатори байх юм.

Мөн Дорнод бүсийн Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнг Мал аж ахуйн хүрээлэнгийн бүтцэд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Тус хүрээлэн нь Монгол орны зүүн бүс нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурласан мал аж ахуй, газар тариалангийн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх зорилготой ажилладаг байна. Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг бүс нутгийн онцлогт тохирсон тэжээлийн технологи боловсруулах, малын тэжээл бэлтгэх, газар түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан ашиглах чиглэлээр өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.

Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ

Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдсанаар иргэдийн орон сууцны зээл санхүүжүүлэх бус орон сууц барих, захиалах, хөтөлбөр хэрэгжүүлэх ерөнхий чиг үүрэгт шилжиж, иргэдэд орон сууцны зээл олгох, эргэн төлүүлэх чиг үүрэггүй болсон. Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоол гарч “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн зээлийн багцын 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэсгийг Төрийн банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр бүртгүүлэх, үлдэх хэсгийг арилжааны банкинд шилжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

“Зээлийн багц шилжүүлэх, Төрийн банкны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн 65 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн багцыг жилийн 5 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр шилжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Үлдэх зээлийн багцыг жилийн 5 хувиас доошгүй хүүтэй, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр Засгийн газартай өр, авлагын тооцоогүй, Монгол банкны тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жилийн хугацаанд хангасан арилжааны банкинд шилжүүлэхийг зөвшөөрлөө.

Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Цөмийн энергийн газрын гүйцэтгэж байсан чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа.

Тус комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, холбогдох яамдын сайд болон дэд сайд, газрын дарга нар гишүүнээр ажиллана.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаар 33 байхаар тогтоолоо.

Цөмийн энергийн комисс нь 1962 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тайланг хэлэлцэж, төсвийг баталлаа

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд дэмжлээ. Мөн тус зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төсвийг баталлаа.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2010 онд шинэчлэн батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу усны үнэ, тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах үүрэгтэй, бие даасан, хараат бус, зохицуулах байгууллага юм.

Тус зөвлөл нь хоёр жил гаруй хугацаанд цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифын тогтолцоог улс орон даяар шинэчилж, хоёр талт суурь хураамжтай тарифын системийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд 2015 онд Нийтийн аж ахуйн байгууллагуудын дийлэнх нь алдагдалгүй ажиллах боломжтой болжээ.

Товч мэдээ

  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус хууль болон журмын хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах байгууллага бүр мэдээллийг өөрийн цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын эх үүсвэрийг тодорхойлох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа.
  • УИХ-ын гишүүн Л.Цогийн санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.