Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийнханг ивээсэн “Азын тэнгэр”

-Ганцхан бензин ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манай улсаас багагүй хямд байдаг аж. Гурил, будаа, хиам, чихэр, талх гээд өргөн хэрэглээний бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ манай улсынхаас 20 орчим хувиар хямдхан байдаг гэнэ-

Боомтын тухай хууль 2014 оны арван­нэг­дүгээр сараас хэрэгжиж эхэлснээр ОХУ, Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн шалган нэврүүлэх боомт ачааллаа дийлэхээ больж, хилээр гарах гэсэн иргэд тээврийн хэрэгсэлтэйгээ хоёроос дөрөв хонож оочирлон багагүй хүндрэл үүсээд байгаа гэх. Тиймээс хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, үүсч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замыг судлах зорилготой УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн C.Ганбаатар тэргүүтэй ажлын хэсгийн багт орж Сэлэнгэ аймгийн Алтабулаг сумыг зорьсон юм.

Серёжа ядарсан тул унтах шаардлагатай…

Сар шинийн баярын өдрүүдэд Алтан­булагийн хилийн боомтоор хоногтоо 800 гаруй автомашин, 2300 орчим зорчигч гарч байсан бол одоогоор энэ тоо харьцангуй буурч 300 орчим автомашин 700 орчим иргэн хилээр нэвтрэх болжээ. Иргэд хил дээр ийнхүү хонож өнжин хүлээж, дугаарлаж байгаа гол шалтгаан нь ОХУ-ын бомтын шалган нэвтрүүлэх журам, ажилтнуудын хүнд суртал гэнэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш баярын өдрүүдийг хүртэл ОХУ-аас нэг урсгалаар тээврийн хэрэгсэл, иргэдийг хүлээн авч шалгаж байжээ. Нэг автомашинтай иргэдийг шалган нэвтрүүлэхдээ дунджаар 15 орчим минут зарцуулдаг бөгөөд цагт дөрөвхөн тээврийн хэрэгслийг хилээр гаргадаг гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Сэлэнгэ аймгийн удирдлагууд Буриадын талтай уулзаж хэд хэдэн удаа хүсэлт тавьснаар гурван урсгалаар тээврийн хэрэгсэлтэй иргэдийг шалган гаргаж эхэлсэн байна. Ингэснээр оочир дараалал харьцангуй багассан гэдгийг гаалийн ажилтнууд хэлж байлаа. Бас нэгэн хүндрэлтэй зүйл нь ОХУ-ын гаалийн ажилтнууд “ядарсан, цайны цаг, унтах шаардлагатай” зэрэг шалтгаанаар хилээ хаачихдаг байна. “Серёжа ядарсан. Унтах шаардлагатай” гэхэд л хоёр цаг орчим дуугүй хүлээхээс өөр аргагүйд хүрч байгааг сумын иргэд хэлж байлаа. “Манай талаас хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилж л байвал асуудалгүй гэж боддог. Ингэж ч үйлчилж байна. Харин оросууд үндэсний аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж сайтар шалгаж, багагүй хугацаа зарцуулж байгааг буруутгах ямар ч үндэслэлгүй” гэдгийг хил хамгаалах албаны ажилтнууд онцолж байна.

Манай талаас ямар ч бэлтгэлгүй байжээ

Хууль хэрэгжүүлэхэд манай улсаас ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй байсан гэдгийг нутгийн удирдлагууд төдийгүй иргэд хэлж байна. Энэ нь ОХУ-ыг зорьж буй тээврийн хэрэгслийн тоо 15 дахин нэмэгдэж, ачааллаа дийлэхгүйд хүрэн хилийн гадна оочирлож дугаарлах автомашины тоо хэдэн километр үргэлжлэх явдал ч гарсан байна. Тодруулбал, Алтанбулаг орчимд зочид буудал, хоолны газар, худалдаа үйлчилгээний төв, нийтийн бие засах газар, хогийн цэг бараг байхгүйтэй адил. Хил гарахаар олон өдөр, цагаар дугаарлаж байгаа иргэд хооллох бие засах газаргүйгээс боомт орчмын газрыг бохирдуулж, автозам дагуу тээврийн хэрэгсэлтэйгээ дугаарласнаас сумын иргэд аймгийн төврүүгээ ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрсэн гэнэ. Хэдийгээр одоо ачаалал харьцангуй буурсан ч эмэгтэйчүүдийн баяр, дулааны улирал, Үндэсний их баяр наадмын үеэр мөн ийнхүү ачаалал ихсэх тул анхаарал хандуулж, яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг сумын иргэд хэлж байлаа.

Хууль бус бизнес цэцэглэж эхэлжээ

ОХУ-д нэг төрлийн барааг их хэмжээгээр оруулан худалдаалахыг хориглосон тул сүүлийн үед хилээр нэвтрэх “Camel”-ууд олширсон гэнэ. “Camel” гэдэг нь 20 өмд, 40 цамц давхарлан өмсч хил гаргаж өгөөд хөлс авдаг бизнес ажээ. Энэ бизнес хэзээний өөрийн гэсэн нэршилтэй болсон нь тэр. “Нарантуул” захаас худалдаж авсан жинсэн өмд, ноосон цамцны үнэ ОХУ-д гурваас дөрөв дахин нугардаг тул иргэд энэ төрлийн хориглосон бизнесийг ихээхэн сонирхож байгаа гэнэ. ОХУ-ын гаалийнхан иймэрхүү зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, хил нэвтрүүлдэггүй гэнэ. Харин Хиагтаас манайх руу хориглосон, хязгаарласан бараа болох сум, согтууруулах ундаа, тамхи зэргийг нэвтрүүлэхийг оролдох нь цөөнгүй байдаг аж. “Баярын үеэр хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн.

Монгол Улс руу нэг хүн литр архи, 200 ширхэг янжуур, гурван литр шар айргаас илүү хэмжээгтэйг оруулахыг хоригложээ. Энэхүү журмыг зөрчих нь багагүй тохиолдсон. Мөн иргэд ангийн зориулалтаар авсан сумыг тээврийн хэрэгсэлдээ авч явсан тохиолдол ОХУ-ын хил дээр хэд хэд илэрсэн” гэж Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын ээлжийн ахлагч Ц.Нарантуяа ярьсан юм.

“Хэдийгээр хоёр улс харилцан визгүй зорчихыг зөвшөөрч, иргэд нь ямар нэгэн саадгүй худалдан авалт хийж байгаа ч хууль бус наймаа далд дэлгэрч байгааг үгүйсгэхгүй. Сэлэнгэ аймгийн зах дээр хууль бусаар ОХУ-аас оруулж ирсэн сум худалдаалж байсан тохиолдол хэд хэд илэрсэн. Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, анхаарах ёстой чухал асуудал юм. Гааль дээр рентгэн төхөөрөмж ашиглаж иргэдийг шалгаж, тээврийн хэрэгслийн зарим нэг сав, цүнхийг шалгаж үзэх төдийд гаргаж, оруулж байгаа үед хууль бус бараа, эд зүйлсийг нэвтрүүлэх эрсдэлтэй. Тиймээс энэ тал дээр яаралтай анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хил хамгаалах албаныхан онцолж байлаа.

АИ-92 бензин литр нь 1027 төгрөг

“Хил гармагц шатахууны үнэ манай улсаас литр тутамд даруй 620 орчим төгрөгөөр хямдхан/АИ-92 шатахуун литр нь 1027 төгрөг, АИ-95 литр нь 1123 төгрөг/. Нэгэнт хилээр ямар нэгэн хураамжгүй гарч байгаа болохоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган гээд ойролцоо аймаг, сумдын иргэд хил гарч шатахуунаа авчихаад буцаад давхиад ороод ирж байна шүү дээ” гэж Сэлэнгэ амйгийн Хил хамгаалах газрын дарга Х.Дамдинсүрэн хэллээ. Ганцхан бензин ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манай улсаас багагүй хямд байдаг аж. Гурил, будаа, хиам, чихэр, талх гээд өргөн хэрэглээний бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ манай улсынхаас 20 орчим хувиар хямдхан байдаг гэнэ. Иймээс ч баярын болон амралтын өдрүүдэд манай улсын иргэд бүхий л хүнсний дэлгүүрийн лангуун дээрх барааг хуу хамж, хөрөнгө оруулагчид болж хувирдаг гэнэ. Мөн гэр ауйн бараа бүтээгдэхүүн хямдрал зарласан үедээ бодит хямдралыг үзүүлдэг нь тус улсын зорьж худалдан авалт хийх иргэдийг тоог улам бүр нэмэгдүүлдэг байна. Жишээлэхэд, Улаан-Үд хотын “Титан” тэргүүтэй сүлжээ дэлгүүрүүд баярын өдрүүдэд болоод амралтын өдрүүдэд ажиллахгүй, хаалгаа барьдаг гэнэ. Учир нь манай улсын иргэд олноор очиж, тус дэлгүүр ачааллаа дийлдэхгүйд хүрсэн байна. Рублийн ханш унаж, эдийн засаг нь хямралд ороод байгаа энэ үед “нэг цустай, нэг ястай, нэг шашинтай” монголчуудтай визгүй зорчиж, багагүй худалдан авалт хийж, туслаж байгаад худалдаачид таатай байгаагаа мэдэгдсэн гэнэ. Ийнхүү ОХУ-ыг зорьж худалдан авалт хийх иргэдийн цуваа тасрахгүй байгаа тул хоёрхон жилийн дотор Хиагтыг Эрээн хот шиг хөгжүүлнэ гэх яриа нутгийн иргэдийн дунд ч гараад амжжээ.

Дээрхи бүхий л асуудлуудтай УИХ-ын гишүүд, ажлын хэгсийнхэн танилцаж тулгарч байгаа хүндрэл бэрхшлээгийг шийдвэрлэхээр зохих түвшинд ярилцах, шийдвэрлэхээ илэр­хийлж байлаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголчууд бид нийгэмшиж сурах хэрэгтэй

Саяхан нэгэн жиргээч “Далай ламтай Японд таа­ралд­лаа. Тэнд байсан монголчууд адис авах гээд бүгд дайрсан учир эхний хэд нь л адис авч чадаад бусад нь авч чадсан­гүй. Замбараагүй байдал үүсээд хэнд нь ч адис өгөх аргагүй болоод хамгаалагч нар нь биднийг зайлуулсан. Харин япончууд хар аяндаа зохион байгуулалтад ороод эгнэн зогсож байгаад бүгд адис авч чадлаа” гэсэн байв.

Ердөө л энэ байдал бидний ямаршуухан хүмүүс вэ гэдгийг харуулаад өгч байгаа юм. Монголчууд энэ тохиолдолд “Хн би урьтаж дайрдаг байж. Тэгвэл адис авчихгүй юу” гэж л бодно. Хэзээ ч бид зохион байгуулалттай байж чадвал би ч адис аваад бусад маань ч адис авчих байсан юм гэж бодохгүй. Хэн нэгэн хэлж ярихгүй л бол бид зохион байгуулалтад орж сураагүй. Дур дураараа л зүтгэдэг улс. Үүнийг талын монголчуудын эрх чөлөөнд дуртай мэдрэмж, эрх чөлөөт хүмүүсийн төрөлх зан гэж нял нял хийх нь утгагүй. Харин биднийг зориудаар ийм байлгаж ирсэн, ингэж сургасан бодлогын хар гай юм.

Яагаад гэвэл Монгол Улс сүүлийн бараг гурван зуун жил гадны төртэй байж ирсэн. Эхний хоёр зуугаад жил Манжийн харьяанд дараагийн зуугаад жил Зөвлөлтийн дагуул улс байсан. Тэд монголчуудыг эвлэлдэн нэгдэх вий, эв гувиндаа орчих вий гэж үргэлж айж байсан байлгүй. Тийм ч учраас талаар нэг тархай бутархай байлгаж, үргэлж бие биенээс нь өрсөлдүүлж хэн түрүүлж ирсэнд нь нэг жоохон юм дусааж, хэн хоцорсныг нь хоосон хаяж байлаа. Бас нийгмийг зориудаар хага­лан бутаргаж ямар нэгэн байдлаар хоорондоо тэм­цэл­дэж л байхгүй бол санаа нь амардаггүй болгожээ. Харин орчин үеийн монгол­чууд өөр болохгүй бол, бусад үндэстнүүд шиг нийгэм­шихгүй бол болохоо байсныг амьдрал бидэнд өдөр болгон сануулсаар байна.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их морь одтой, шарагчин туулай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 4. Буд гариг. Билгийн тооллын 14. Их морь одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07.31 цагт мандан, 18.30 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуй, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн ширэн бээлийтнүүд шилдгээ тодруулна

Өсвөрийн боксчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд эхэллээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит өсвөрийн боксчдийн тэмцээн нь энэ сарын 3-7-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Энэ удаагийн тэмцээнд 38 байгууллагын 248 тамирчин эрэгтэй 10 жин, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь шилдэгээр шалгарсан боксчид Ази тивийн аварга шалгаруулах болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно. Мөн энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудаас тамирчид ирж оролцож байгаа юм байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг

“Хамтран амьдрагч” 117 саяыг олжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшсэн. Харин энэ оноос сар бүр мэдээлж байхаар болжээ. ШӨХТГ-аас хэрэгжүүлсэн уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж буй.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт зургаан монгол кино гарч буй. Тэднээс хоёрдугаар сарын 15-ны өдрөөс бүтэн сарын туршид ашиг орлогоороо тэргүүлсэн “Танхай тээгч” кино театраас бууснаар “Хамтран амьдрагч” кино 117.441.619 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ.

Мollywood Box Office

Киноны жагсаалт

Гарсан он сар өдөр

Нэгдүгээр сард

Хоёрдугаар сард

Нийт

1

Танхай тээгч

2015.12.292015.2.15-ны өдөр гарахаа больсон

499.671.500

115.480.698

615.152.198

2

Тю Тю

2015.1.12 гарч зөвхөн Өргөө-д гарч байна

67.326.084

11.027.833

78.353.917

3

Хүүхэлдэй

2015.1.18

19.987.463

47.304.836

67.292.299

4

Хамтран амьдрагч

2015.2.15

117.441.619

5

Надад итгээч

2015.2.12

30.515.743

6

Аюултай харилцаа

2015.2.16

61.495.270

Categories
мэдээ улс-төр

“Биднийг дүрмийн дагуу намын даргаа сонгожээ гэсэн”

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны удирдлагаар шинээр сонгогдсон дарга Ш.Одгэрэл, бусад дэд дарга нарын хамт өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. СХД-ийн АН-ын хорооны дарга Ш.Одгэрэл “Сонгинхайрхан дүүргийн АН-ын талаар ташаа мэдээлэл иргэдийн дунд нэлээд гарах болсон. Үүний цаана Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг гэр бүлийн нам болгох гэсэн асуудал яригдаад байгаа юм. Тодруулбал, Н.Алтанхуяг болон түүний төрөл төрөгсөд, хамаатануудад үйлчилдэг болгох нь гэсэн хэл ам 2013 оноос л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сард Ө.Пүрэвбаатар гэдэг хүн дүүргийн намын удирдлагыг авахын тулд оройн 22.00 цагт дүүргийн намын хорооны 105 гишүүний 40 орчим хүнийг Туулын хөвөөнд оройн хоолонд урьсан байдаг. Энэ үеэр дүүргийн намын хорооны даргыг солих талаар ярилцаж, өөрийгөө хууль бусаар намын даргаар сонгуулсан. Тухайн үед Н.Алтанхуяаг намын дарга байсан. Н.Алтанхуяаг ч үүнийг нь өөгшүүлэн дэмжсэн” гэлээ.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Өчигдөр танай намын хорооны хүмүүс мэдээлэл хийж, та бүхнийг хууль бусаар эрх мэдлийг булаах гэж байна гэсэн шүү дээ?

-Ө.Пүрэвбаатар нар 2015 оны нэгдүгээр сарын 11-нд дүүргийн намын хороон дахь өөрсдийн эзлэх хувийг өргөтгөх буюу олонхи болгох зорилгоор дотоод сонгуулийг бий болгосон. Шалтгаан нь өөрсдийнхөө төрөл төрөгсөд, хамсаатан болсон нэг удирдлагаар дүүрсэн нам болгох санаа өвөртлөснөөс асуудал үүссэн. Тухайн сонгуулиар 38 хүнийг нөхөн сонгох ёстой байсан. Гэтэл 38 хүний нэр зааж сонгууль хийх гэсэн. Соц нийгмийн үед л ганц хүний нэр заагаад энэ хүнийг сонгоорой гэдэг байсан. Үүний адил 38 хүнийг сонгохын тулд 38 хүний нэр зааж байгаа зөрчил, дутагдалтай асуудлыг зогсоохын тулд Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүдэнд энэ оны нэгдүгээр сард ард иргэд жагсаал хийсэн. Үүнийг намын хорооны гишүүд эсэргүүцэн нийт гишүүний 61.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, намайг тус хорооны ардчилсан намын даргаар сонгоод явж байна.

-Хоёр сарын өмнө сонгууль болсон. Энэ хоёр сарын хугацаанд юу болсон юм бэ?

-Бид дээд шатны намын дарга болон нийслэлийн намийн дарга гэх бүх бүх дээд шатлалынхандаа хурлын тогтоол, дүрэм шийдвэрийг авчиж өгч хянуулсан. Тэд ч биднийг дүрмийн дагуу хуралдаж намын даргаа сонгосон байна. Тиймээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тогтоол шийдвэрээ гаргаж өгсөн. Гэтэл дээрх хүмүүс эсэргүүцэж хэл ам хийж, байраа суллахгүй намын үйл ажиллагаанд саад учруулж байна. Бидний харж байгаагаар энэ хэрүүлийг дан ганц Ө.Пүрэвбаатар хийгээгүй. Тэдний ард Н.Алтанхуяг байгаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэд үе үеийн сонгуульд сонгосоноор төрийн өндөр албан тушаалыг хашсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ард иргэдээсээ нүүр бурууллаа. Иргэд улс орныхоо сайн сайхны төлөө сонгосон болохоос биш, зөвхөн хамаатнууддаа үйлчиддэг, намыг хаглан бутаргадаг, монголын ард түмнийг хоёр хуваадаг, талцуулдаг байлгах гэж итгэл хүлээлгээгүй.

Categories
мэдээ улс-төр

Популизмын талаар нээлттэй хэлэлцэнэ

“Улс төр ба популизм” сэдэвт эрдэмтэн судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг “Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулахаар болжээ. Энэхүү хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Улс төр судлаач, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир зэрэг хүмүүс илтгэл танилцуулж, эрдэмтэн судлаачид, олон нийттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хэлэлцүүлгийн хүрээнд популистууд гэж хэн болох, популизмын хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүнээс гарах сөрөг үр дагаврууд ямар байдгийг тодорхойлох зорилготой гэнэ. Мөн улс төрийн намуудын хөгжил, гадаадын орнуудын улс төрийн намуудын туршлага зэргийг монголын нөхцөлтэй харьцуулан ярилцах юм байна. Хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болох бөгөөд Ийгл телевиз олон нийтэд шууд дамжуулан хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс сэрэмжлүүллээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Шадар сайдын зөвлөх Н.Учрал нар танилцууллаа.

2014 онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж он гарснаас хойш зургаан ой хээрийн түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байна.

Тиймээс төрийн байгууллагууд болон иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гарсажээ. Тухайлбал үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан, бүрэн бус техниктэй зорчсон, ил гал түлснээс болж түймэр гарч байна.

Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээллэсэн. Иймд хаврын сард иргэд ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Categories
мэдээ улс-төр

14 тэрбум 662 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд нийт 14 тэрбум 662 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ

НИТХ–ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын төсвийг дүүрэг тус бүрээр авч үзвэл:

  • Баянгол дүүрэг – 1 557 800 000
  • Баянзүрх дүүрэг – 1 276 119 200
  • Сонгинохайрхан дүүрэг – 1 082 200 000
  • Сүхбаатар дүүрэг – 700 400 000
  • Хан-Уул дүүрэг – 733 000 000
  • Чингэлтэй дүүрэг – 992 100 000
  • Багануур дүүрэг – 193 000 000
  • Баганхангай дүүрэг – 29 100 000
  • Налайх дүүрэг – 262 300 000
  • Бусад – 7 836 600 000

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалтын нийт дүн 14 тэрбум 662 сая 619.2 мянган төгрөг байгаа юм. Харин Хотын шуудын 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 532 тэрбум 831 сая 729.8 мянган төгрөгөөр баталсан. Хотын шуудын 2014 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд нийслэлийн төсвөөс 165 тэрбум 906 сая 191.8 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөнөөс 25 тэрбум 702 сая 22.4 мянган төгрөг, нийт 191 тэрбум 608 сая 214.2 мянган төгрөгийг зарцуулахаар баталсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Урамшууллаас өрийг нь суутгасанд бухимджээ

Хаврын тариалалтад бэлтгэх зорилгоор газар тариаланчид болон салбарын яамныхан уулзалдсан байна. Энэ үеэр “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хаврын ажил эхлэх гэж байхад нь урамшууллын мөнгөнөөс өрийг нь суутгасанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн гэх.

Энэ жил тариаланчдын урамшууллыг тонн тутамд нь 70 мянган төгрөгөөр тооцож, 25 тэрбумыг тараасан байна. Энэхүү урамшууллыг 908 аж ахуйн нэгж, хувь хүмүүс авчээ. Урамшууллын мөнгийг тараахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй аж ахуйн нэгжүүдийн өрийг суутгасан байна. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санд аж ахуйн нэгжүүдээс авах ёстой зургаан тэрбумын авлага хуримтлагдсан байсан бөгөөд үүнийгээ урамшууллын мөнгөнөөс авсан юм байна.

Өөрөөр хэлбэл, Тариалан эрхлэлтийн дэмжих санд 80 тэрбумын өр үүсэн байсны тал нь тариаланчдынх үлдсэн нь гурил үйлдвэрлэгчдийнх аж. Энэ нь хэдэн он дамжсан өр болохыг салбарын сайд нь хэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд буудайн үйлдвэрлэлд төрөөс 460 тэрбумын дэмжлэгийг бэлэн болон бэлэн бусаар олгожээ.

Хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийн дэмжих сан 17.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай чанартай үр худалдан авах, шатахууныг нөөцлөх, техник хэрэгсэл, бордоог нь хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажилд зарцуулах аж. Тус санд мөнгө хэрэгтэй учир тариаланчдын өрийг урамшууллаас суутгасан. Харин гурил үйлдвэрлэгчид улсаас ямар нэгэн урамшуулал авдаггүй учир ингэх боломжгүй, хууль, хяналтын байгууллагад хандаж шийдүүлэхээр салбарын яам шийдсэн байна.

Буудайн чанараас болж гурил үйлдвэрлэгчид болон тариаланчдын дунд энэ намар, өвөлжингөө бөөн маргаан үүссэн. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тариаланчид чанарын биш тооны хойноос хөөцөлдсөнөөс буудайн чанар алдагдаж, гурил үйлдвэрлэхэд төвөгтэй байгааг учирлаж буй бол тариаланчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг сануулж байгаа юм.

Салбарын яамнаас 20 тонн импортын үр оруулж ирэхийг зөвшөөрсөн нь тариаланчдыг төв талбайд буудайтай жагсаал хийлгэхэд хүргэсэн билээ. Тиймээс энэ жилийн хувьд тариаланчдад нийлүүлэх буудайн чанар салбарын яам анхаарал тавихаар болжээ.