Categories
мэдээ нийгэм

Л.Тэрбиш: Зуд турхангүй жил болно

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Л.Тэрбиштэй ирж буй хонин жилийн өнгө хийгээд зурхайн ёсны талаар хөөрөлдлөө.

-Галзууруулагч хэмээх хонь жи­лийн босгон дээр тантай уулзаж бай­гаа­даа баяртай байна. Төгс буянт зурхайн зурлагад ирэх хонь жил хэр­хэн бууж байна вэ. Жилийн өнгө ноён, нуруу ямар байх бол. Шороон үх­рийн шинжээр тодорхойлон ун­шигч­дад маань танилцуулна уу?

-Өргөн олон уншигчидтай та­най сонин болон сайтад мэдээлэл өгөх болсондоо тааламжтай бай­на. Монгол­чуудын мөрддөг Төгс буянт шинэ зур­хайн зурлагад “Галзууруулагч” хэмээх Мо­дон хонин жи­лийн байр байц дараах мэт буй. Үүнд: “Зурхайн ухааны эрхэм гол шүн­гүүдэд “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилд хэвлийн халуун тэр­гүү­тэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохилдохын нигууртай” хэмээн зар­лиг­ласан. Учир иймд элдэв өвч­ний суурь болсон “тачаал, урин, мунхаг” хэ­­мээх сэтгэлийн гурван хорыг боом­толж, өөр зуураа зохилдохын эерүү таа­тай шалтгааныг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй.

“Шороон үхэр”-ийн шинжээр жи­лийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаачийн байр байц нь:

-Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгө­дөд амгалан, залууст ширүүн, нял­хаст харшлах шалтгаантай жил. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэ­рүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй. Өвгөн хү­мүү­нээр төрийн өндөр суудалтан, залуусаар дунд зэрэг дэсийн түшмэл, харин нялхсаар нийт ард зоныг ичнээ­лэн илэрхийлэх зурхайн ёсон буй.

-Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матарын ор­донд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буя­наар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвч­нөөс болгоомжлууштай. Харин Хам­татгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

-12 жилийг зөөлөн, хатуугаар ял­ган тодотгодог. Хонь жил зөөлөн жилд ордог. Гэтэл ирж буй хонь жи­лийн то­дот­гол нь “Галзууруулагч” гэсэн байх юм. Энэ нь хатуу жил бол­но гэсэн үг үү. Ер нь яагаад гал­зуу­руулагч гэсэн тодотголтой байгаа хэрэг вэ?

-Арван хоёр жилийг зөөлөн, хатуу; эр, эм; арга, билиг хэмээн хуваах нь буй. Хонин жил нь зөөлөн, эм, билиг болдог жил л. Гэхдээ арга, билиг, таван махбод хавсарсан жаран жилийн эх орчлын жил тус бүр нь хоч нэртэй байдаг. Сонгодог будддизмд хоч нэрийг “Онжод мин” буюу “Илт өгүүлэх нэр” гэдэг. Тэр нэр нь тухайн жилийн өвөрмөц содон чанарыг илтгэсэн байдаг. Энэ Модон хонин жил “Галзууруулагч” хэмээх илт өгүүлэх нэртэй. Тухайн жил бодгалууд хийн араншинтай санаа бодлоо сайтар шинжин эс боомтлоод, хийн араншинд нь хөтлөгдвөөс хийсэн үйл бүхэн нь ухаанаа алдсан галзуугийн аяг зангийн хаялга мэт болохыг илтгэж буй юм аа. Чингэхлээр элдэв үйлд чиг хандлагаа чухалчлан анхаарах хэрэгтэй. Чингэвээс чин сэтгэлийн үйл тань чухалчлан бүтэхийн нэг талыг бас энэ жилийн араншин харуулж байна аа.

-Ирж буй хонин жилд монгол­чууд нийтээрээ юуг анхаарах ёстой вэ?

-Өмнө дурдсанчлан сэтгэлийн чаг­тагыг бөхлөж, эв эеэ хичээхийг эрхэм болгох хэрэгтэй.

-Хонь жил үхэр жилтнүүдийн ху­вьд харш жил байдаг. Жилийн хар­шийг хэрхэн засдаг вэ. Үхэр жил­тэй хүн болгонд тааруухан тусна гэсэн үг үү?

-Зурхайд буй эерэг, сөрөг үзүүлэл­тийн нэг нь “Өнцөг долоо” юм. Өөрөөр хэлбэл, алинаас нь ч тоолсон долоо дахь нь бололцдог хоёр жил л дээ. Нэгэнт ийм болохоор үхэр жилт­нүүд элдэв үйлд хянамгайлваас зохил­той юм. Нийтийн заслын ёсоор “Жанаггагдог” уншуулах ёстой гэдэг.

-Гарч буй хонь жилд Монгол Улсын маань хувь төөрөг таны зур­хайд хэрхэн бууж байна. Төр амга­лан бол түмэн олон түвшин сайхан бай­даг болохоор ийн асууж байна. Морь жилд эхэлсэн гэх эдийн засгийн хямрал, эд мөнгөний хомсдол буурах өнгө аяс байна уу?

-Хонин жилийн өнгө, аясын талаар өмнө нэгэнт өгүүлчихсэн билээ. Улсын хувь заяа төөргийг урьдчилан гаргах арга ч байдаг л гэдэг. Гэхдээ ийм зурхайг гүрний эзний дуртгал айлдвараар гаргаж, гагц дуртгаачид учир жүмцанг өөрийн чадлын хэрээр мэдүүлэх хэрэгтэй хэ­мээн өмнийн номт мэргэн сартваахи нар айлдсан билээ. Учир юун хэмээвээс номт төрийн ёсноо энэ нийцтэй гэнэ. Түү­нээс хэн нэгэн эгэл албат бээр гүрний та­лаар дэмий донгодох учиргүй. Харин түмэн олон амгалантай байгаасай хэмээн төрийн сүлдэндээ залбирч явбал болох нь тэр.

-Зурхайг Төгс буянт болон шар зурхай гэж хоёр хуваагаад байдаг. Энэ хоёр зурхайн зааг ялгаа юү вэ?

-Зурхайг одон хийгээд махбодын гэж хоёр хуваадаг юм. Монгол зурхай гэ­дэг нь монголчуудын хэрэглэсээр ир­сэн одон болон махбодын зурхай л даа.

Шар зурхай гэж юм ертөнц дээр байхгүй хятадын хааны тоолол буюу хуанлийн тооллын зурхайг зарим нэг учир үл мэдэх хүмүүс “Шар зурхай” гэж хэлээд байгаа бололтой юм. Тэр нь “хуань” гэсэн ханз үсэг нь “Хаан”, “Шар” хэмээн хоёр янзаар орчуулагддагийг л “Хаан” гэдгийг нь эндүүрч, будилаад “Шар” хэмээн орчуулсан нэгэн молхи хүдэг орчуулагчаас уршигласан биз дээ. Харин хятадад хэрэглэдэг зурхайг манай мэргэд “Алтан зурхай” гэдэг юм. Алтан зурхай бол хааны тогтоосон хууль цаазын ёсоор зохицуулагддаг зурхай л даа. “Хамар ихтийн нус их. Ханцуй ихтийн нудрага их” хэмээсэн хуучны үг байдаг. Хятад үндэстэн их үндэстэн уч­раас хуучин уламжлалаа ягштал барим­талж эртний хаадынхаа цаазаар тог­тоо­сон тооллыг баримтлан “Хуанли” гар­ган мөрдөж буй нь гайхамшигтай хэрэг.

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хий­гээд жилийн эзэн одны хөдөлгөөн байрш­­лыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нө­лөө­­лөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.

Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой” хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу. Тиймээс энэ бичгийг бас “Худам монгол бичиг” гэх нь буй.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гариг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчид эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гариг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гариг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гариг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбо­дын барилдлага, шүтэн барилдлагыг тавь­д­аг.

Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны мон­гол үн­дэс­тэнд зориулан номлож хайр­ла­сан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хү­мүү­сийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэ­лийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэм­нэ­лийг гаргадаг ялгаатай.

-Цагаан сар бол монголчуудын эртнээс уламжилж ирсэн баяр. Өтгөс буур­луудаа хүндэтгэн золгож, ахан дүү­с­ээрээ уулзан учирдаг энэхүү бая­рыг хөл ихтэй тэмдэглэдгээс болж, хү­мүүс тээршаах, зардал чирэгдэл ихтэй гэж ад үзэх нь бий. Залууст хандан цагаан сарыг хэрхэн зүй зохистой тэмдэглэх талаар зөвлөгөө өгнө үү. Цагаан сарын билэгдэл нь юү вэ?

-Цагаан сарын сарын бэлгэдэл нь сэтгэлийн цагаан юм. Сайн бүхнийг даган баясах нь хамгийн чухалтай. Ер ганцхан цагаан сар ч биш аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг ид хаваар гайхуулах үзмэр болгомооргүй байгаа юм. Таны хэлдгээр ахас ихэс, аав, ээж, ачит багш нараа хүндэтгэн баясгаж, энхрий бяцхан хүүхэд багачуудыг баярлуулахыг эрхэмлэвэл зүйд нийцнэ. Заримууд цагаан сарын эрхэм ёсыг их нүсэр төвөгтэй мэт харагдуулахаар оролдон буй нь сайхи баярыг шамшаан мөхөөх гэсэн явуургүй бодлого ч байж магад… Тийм учраас л таны хэлдгээр “хүмүүс тээршаах, зардал чирэгдэл ихтэй гэж ад үзэх” маяг ч цухалзах боллоо.

-Шинийн 1-ний өглөө хүн бүр мөр гаргах учиртай юү. Зарим хүн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөр гаргалгүй гэрийн эзэн зам мөрөө зөв засчихвал болно гэдэг. Энэ зөв үү?

-Шинийн нэгний өглөө гэрийн эзэн, өрхийн тэргүүлэгч нар мөрөө гаргадаг нь хуучны ёсон.

-Шинийн 2-ны сарыг харсан хүн азтай байдаг. Тэр өдрийн сар руу хэтэвч, түрийвчээрээ даллавал мөн­гө дууддаг гэх юм. Ийм ёсон бий юү?

-Сар хараад азтай болдгийн учрыг мэд­­сэнгүй. “Монгол хүмүүн бэлгээрээ” гэ­дэг болохоор “хэтэвч, түрийвчээрээ дал­­ла­даг” нь өөр гүрний ёсон байж мэдэх юм…

-Нэгэн үе монголчууд цөмөөрөө ганц таны зурсан зурлагыг дагаж мөрд­дөг байсан. Харин сүүлийн жи­лүүдэд зурхай зурдаг хүн олон болжээ. Энэ жил л гэхэд таны зурсан цаг тооны бичиг гараагүй байгаа гэсэн. Гэтэл та­ны нэрээр бизнес хийж буй хүмүүс цөөн­гүй байна гэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Үеэ өнгөрөөсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гариг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюунт шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн” нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн боддог. Миний бие “Таван Богд ХХК”-ны Ц.Баатарсайхан захиралтай тохиролцож, “Улаанбаатар принт” хэмээх нэртэй хүчин чадал сайтай хэвлэх үйлдвэрт зохиогчийн эрхээ өгч хэвлүүлнээс хойш олны хэрэгцээ хангах чанартай цаглабар гарч байгаад сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс ч “Цаглабар тань чанартай болжээ” гэж намайг омруутуулан алдахад тэр хэвлэх үйлдвэрийнхэнд талархацгаа хэмээдэг. Тэр хэвлэлийн компанитай байгуулсан гэрээн дотор “Архи, тамхи, садар самууныг сурталчилсан зар сурталчилгаа гаргаж болохгүй” хэмээн хатуу заасан байгаа. Бас цаглабарыг хэвлэх, зарах, тархаах зэрэг бизнесийн үйл ажиллагааг тэр компани хариуцаж ашиг орлогоо ч тэд хүртдэг. Харин судлагаа шинжилгээний бүтээлийнхээ эрх шилжүүлсэн хэмээн надад болмжийн хэдэн төгрөг өгдөг юм аа. Энэ жил ч мөн “Улаанбаатар принт” надтай байгуулсан гэрээний дагуу цаглабарыг чанар сайтай хэвлэж нийтэд тарааж байгаа юм байна. Зохиогчийн эрхтэй холбогдсон хяналтыг тэр компани хариуцаж, эрх зөрчигчдөд зохих хариуцлага оногдуулж байдагт талархахаас өөр аргагүй. Миний гаргаж буй цаглабар монгол зурхайн мадаггүй тооцоолон бодох аргаар зохиогдсон тул монголчуудыг тийн дагаж мөрддөг болов уу хэмээн боддог. Хөдөөнийхөн миний цаглабарыг сайтар мөрддөг гэцгээдэг. Ямар сайндаа л тэд намайг ханын толгойд дүүжлээтэй байдаг хүмүүн гэх вэ дээ. Цаглабар минь эргэх дөрвөн цагийн улиралд малчдын ханын толгойд хавчуулаастай байж хавтай үйлд нь хэрэг болдогоос л тэр.

Үүнийг уншигч эрхэм абугай нар ирэх жилдээ аз жаргалаар бялуурч, амжилт бүтээлээр бялхаж яваарай! Сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан байдаг

Цагаан сарын баяртай холбоотой олон сайхан дурсамж бий шүү. Баян-Өлгий аймагт төрж өссөн болохоор тэндхийн цагаан сарыг арван нас хүртлээ үзсэн гэсэн үг. Урианхай эрчүүд шинийн нэгний өглөө үүр хаяарах үеэр ойролцоох тахилгатай хайрхан, овоондоо гарч Алтайн 13 сан тавина. Үүнийг балинд гарах гэнэ. Шашны сударт лам хуврагууд болон сvсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээсэн байдаг. Дээр нь өвчүү шатаах тавцан байрлуулсан, дөрвөн талтай чулуугаар хийсэн зүйлийг балин гэж ойлгож болно. Идээ шүүсээ тэнгэр хангайдаа өргөж, арц хүж уугиулж балингаа гороолно. Эрчүүл балингаас бууж ирснээр цагаан сарын золголт эхэлдэг. Гүрмэл боовоор тавга а засна. Энэ нь урт удаан наслах, идээ унд элбэг дүүрэн байхын бэлгэдэлтэй. Цагаан сарын шинийн нэгний өглөө гэрийн тооноор гурван сум тавих ёслол үйлдэнэ. Тухайн гаргаж буй сумаар тэр айл, ургийнхны муу муухай бүхэн хамт оддог хэмээж тайлдаг. Багадаа энэ бүх үйлийг харж өссөн болохоор цагаан сарын баяр гэдэг зүйлийг тэр чигээрээ зан заншлын баяр юм байна гэж л ойлгодог байлаа. Хүүхдүүдэд элдэв төрлийн эрээн мяраан юм өгөхөөс илүүтэй цуулсан цагаан давуу бэлэглэнэ. Хадаг шиг хэлбэртэй болохоор хүүхдүүд цагаан давуу бэлгэнд авах дуртай. Олон айлаар хэсч олныг цуглуулснаараа бахархаж бүгдийг нь дээлнийхээ бүсэнд хавчуулдаг байлаа. Ийм өнгө аястай цагаан сарын баярыг үзэж байгаад Төв аймагт шилжин ирээд бас өөр цагаан сарыг мэдэрсэн юм. Мэдээж ерөнхий зан үйл нь ижилхэн ч зарим талаараа өөр л дөө. Цагаан сарын зан заншил бага байхаас сонирхлыг минь татсаар ирсэн. Гэхдээ эргээд харахад тэр бүхнээс илүүтэй өвөөгийнх рүүгээ, ахан дүүсийнхээрээ очиж золголт хийхээр явж байсан мөчүүд илүү дурсамж үлдээжээ. Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан санагддаг юм.

Өвөөгийнх рүүгээ цуван уван очихгүй, аль болох бөөнөөрөө очихын тулд аавын “Портер”-т сууцгаана. Настай хүмүүс нялх хүүхдүүдээ өвөр дээрээ авч бүхээгт чихэлдэнэ. Харин томхон хүүхдүүд, залуус нь тэвшин дээр сууна. Бүгд сандалтайгаа сууна л даа. Өвөөгийнд очихоор сандал хүрэлцэхгүй, босч зогсох юм болно. Тийм болохоор урьд жилүүдийнхээ “туршлага” дээр үндэслээд ийн сандалтайгаа ачааны машин дээр гарна. Хэдий хаврын сар ирж буйг бэлгэдсэн баяр ч гэлээ тэвшин дээр ил суугаад явахад Зуунмод голын жавар хацар, чих хайрна шүү. Өвөөгийн гадаа буухад төвд байдаг үр хүүхдүүд нь хэдийнээ ирчихсэн цайлж сууцгаана. Өвөөгийн гэрт бүгд багтахгүй учир цай ууж, тавгийн идээнээс амссан хүүхдүүд гадаа гарч барилдаж ноцолдоно. Ингэж байтал хотоос өвөөгийн хүүхдүүд нь нэмж ирнэ. Түрүүлээд ирчихсэн дүү нар нь босч ах, эгчтэйгээ золгоод суудал тавьж өгнө. Бүгд өвөө, эмээтэй золгох гэж хоймор руу зүтгэцгээнэ. Өвөө маань 14 хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн байсан юм. Хүргэн, бэр, хүүхдүүдийнх нь хүүхдүүд гээд тоймгүй олуул. Золголтын үеэр нэг хүнтэйгээ хоёр золгох, ахмад нь дүү хүнийхээ тохойг түших гээд андуурах, будилах зүйл гарна. Зарим нь би ах, би тэдэн оных гээд насаа хуруу дарж тоолж, хэн нь хэнийгээ үнсэхээ “шийднэ”. Бүх хүмүүс золгоод суудлаа эзлэхэд бараг арваад минут зарцуулна шүү. Бүгдэд нь цай аялгаад суулгах гэхээр сандал хүрэлцэхгүй. Тэгэхээр ээлжилж таарна. Эсвэл өнөө машин дээрээс сандлаа буулгаж ирнэ.

Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг мөч буюу бэлэг авах цаг ирнэ. “Өвөө бэлэг өгч байна” гэх үг чихний үзүүрт дуулдангуут балчрууд ар араасаа жагсаад өвөөгөөс бэлэг авна даа. Өвөө дэргэдээ бараг шуудайны тал хэртэй чихэр тавьчихсан, шинэ мөнгөн дэвсгэртүүдээ гаргаж ирнэ. Том хүүхдүүдэд шинэ мянган төгрөг, атга чихэр, багачуулд нь таван зуун төгрөгтэй чихэр бэлэглэнэ. Өвөө мунгинаад нэг хүүхдэд хоёр удаа бэлэг өгч бөөн инээдэм болцгоодог байж билээ. Өвөө, эмээгээсээ авдаг тэр бэлгийг гүйцэх тийм сайхан бэлэг одоо хаана байх вэ дээ.

Дараа жил нь өвөө маань хүүхдүүддээ ойрхон амьдарна гээд манай хойд гудамжинд нүүж ирж билээ. Хэдий том саруулхан байшинд амьдрах болсон ч бид мөн л шинийн нэгний өглөө өвөөгийнх рүүгээ сандалтайгаа очдог хэвээрээ. Жил ирэх бүр л үр хүүхдүүд нь өсч нэмэгдсээр, шинийн нэгний өглөө өвөөгийнд багтахаа байж билээ. Тэгээд бага зэргийн зохицуулалт хийж, ойр байх хүүхдүүд нь өглөө эрт ирж золгосны дараа хотоос хүүхдүүд нь ирэхдээ цагаа зөрүүлдэг болж билээ.

Тэр үед манайханд машин тэрэгтэй хүн ховор байлаа. Хотод байх ахан дүүс рүүгээ ирэхийн тулд өнөө ганц цагаан портер дээрээ ярайтал суултай биш. Цагаан сарын шинийн нэгэн, хоёронд аймгийн төвөөс хот орох унаа олно гэдэг тун чиг хэцүү даваа шүү. Нэг микро ирнэ, хүмүүс гүйлдэж очоод суучихна. Хөгшин хүн, хүүхдэд суудал олдоно гэж үгүй. Тийм болохоор таван айл нийлээд микро автобус хөлсөлнө дөө. Хамгийн том ахынх нэгдүгээр хороололд юм чинь тэднийх рүү шууд очно. Бөөнөөрөө орно доо. Бэр эгч “Олон том хүний дунд хүүхдүүд орхигдоод, юм идэж чадахгүй үлдчихдэг юм. Алив нааш ир” гээд хүүхдүүдэд тусгайлан ширээ засч чацарганын шүүс, салат, амттанаар дайлна. Бас тавганд бууз тавьж өгнө. Эднийх дэлгүүртэй болохоор хамгийн гоё бэлэг өгдөг гэж хүүхдүүд хоорондоо ярилцаж, буузаа хурдан идэхийг хичээнэ. Бууз идвэл бэлэг араас нь ирдэг юм хойно. Бэлгээ авангуутаа хармаалж болохыг хармаандаа хийчихээд багтахгүйг нь ээжийн торонд хадгалуулна. Ингээд хотын ахан дүүсээрээ иймэрхүү байдалтай золгоцгоож, бууз идэж, бэлгээ авсаар явтал нар жаргачихна. Буцах унаа олох ажил эхэлнэ дээ. Манай аав л голдуу унаа зохицуулна. Зам дээр гар өргөөд “Төв аймаг явах гэсэн юм. Хэдээр явах вэ” гэж асууна. Гайгүй жолооч таарвал “Төв аймаг хүртэл хэд билээ. Буцахад хүн олдох уу” гэж асууна.

Ямартай ч унаа олоод бүгдээрээ чихэлдэж аваад аймаг руу жирийлгэж гарна даа. Тэгж байтал “Зогсоорой, жижиг Ганаа бөөлжих гээд байна. Уут олдохгүй байна” гэж аавын отгон дүү Бэлэг эгч хойноос хашгирна. Манайх их олон Ганаатай л даа. Хооронд нь ялгаж Эрдээгийн Ганаа, том Ганаа, жижиг Ганаа гэж дуудна. Микро зогсч жижиг Ганааг гаргаж бөөлжүүлж, салхилуулна. Тэгтэл жижиг Ганааг бөөлжихийг хараад надаас эхлээд дотор муутай хүүхдүүд бүгд дагаж бөөлжинө дөө. Ээжүүд нь нурууг нь илэхийн оронд “Хэлсэн биш билүү. Бага ид гээд байхад. Хүйтэн ундааг амаа олохгүй уугаад байсан юм. Дотор чинь зайлагдаад тэгж байгаа юм” гэж үглэцгээнэ. Дотор муу хүүхдүүдээ ээжүүд нь дэргэдээ суулгаад айлуудын бэлэг сэлтийг хийсэн торнуудаа суллаад юмыг яаж мэдэх вэ, дахиад бөөлжиж магадгүй гэж сэргийлнэ. Тэгж байтал дахиад л “Жолооч оо зогсоорой” гэж нэг нь хашгирна. Яав ийв болоод явчихна. Эмээ, авга эгч, манай ээж мэтийн цайнд дуртай эмэгтэйчүүлд бие засах шаардлага тулгарна шүү. “Давсаг чинэрээд байна. Тэсэшгүй нь” гэсээр микроноос гүйлдэж гараад замын цаад руу орцгооно. За нэг иймэрхүү байдалтай явсаар Төв аймагт ирж хүмүүсийг гэр гэрт нь буулгана даа. Цагаан сарын хамгийн том золголт ийн өндөрлөнө. Өдөржингөө айл хэссэндээ ядарч, хоолоо ихдүүлснээс дотор жаахан муу байгаа нь мэдрэгдэнэ. Гэсэн ч айлуудын өгсөн бэлэгнүүдээ хараад сэтгэл сэргээд л явчихна. Өмсч болохоор юмнуудыг нь өмсч, задалж идэж болохоор чихэр шоколадыг нь задална. Бэлгэнд авсан хөзрөө гаргаж ирээд ах, хоёр дүүтэйгээ тоглоно доо. Айлуудын бэлэглэсэн мөнгөөрөө мөрийтэй үзнэ. Отгон дүү маань хамаг мөнгөө алдчихаад ёс юм шиг уйлдаг хүүхэд байж билээ. Аав ах бид гурвыг загнаж “Бага дүүгээ юм мэдэхгүйг нь далимдуулж мөнгийг нь авлаа” гэж зэмлээд мөнгийг нь буцааж өг гэнэ. Тэгээд яахав дүүгээс шулсан мөнгөө буцааж өгснөөр бидний тоглоом өндөрлөнө. Шинийн хоёрны орой ах дүү бид дөрөв ингэж хөзөр тоглодог уламжлал одоо ч бий л дээ. Энэ жил ч бас тоглоно оо, харин дүү минь уйлахааргүй том эр болсон шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.БЯМБАЖАРГАЛ: Хөдөө өссөн минь уртын дуучин болох гол түлхүүр болсон

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалтай ярилцлаа. Түүнийг телевизийн цагаан сарын баярт зориулсан нэвтрүүлэгт оролцох үеэр нь ийн уулзсан юм.

Цагаан сар дөхөөд таны ажил ундарч байна уу даа?

-Ид ачаалалтай үе шүү дээ, уртын дуучдын хувьд. Цагаан сар, наадмаар үндэсний урлаг хэрэгтэй болдог учраас бид их ачаалалтай байдаг. Телевиз, радио ч олон болж. Оролцох нэвтрүүлэг ч мундахгүй. Тэр болгонд очиж мэдээлэл өгч, уран бүтээлээ хүргэж байгаадаа баяртай байдаг ч нөгөө талаараа их завгүй болно.

Монголчууд шинийн нэгэнд морин хуур татаж гэрийнхээ жаврыг үргээдэг. Таныг цагаан сараар гэрийн жавар үргээгээд өгнө үү гээд дуулуулдаг л байлгүй?

-Шинийн нэгэнд золголтоо хийгээд явж байхад ах дүүс маань дуулуулна даа. Нэг жил дуулуулсан бол хоёр, гурван жил завсарлуулчихаад “За, одоо нэг дуулна байх аа” гэцгээгээд л дуулна.

Хэдэн хүртэл тэгж дуулдаг вэ?

-Шинэ дуустал шүү. Шинийн 15 хүртэл дуулдаг юм. Манай ард түмэн уртын дууг аливаа юмны мууг зайлуулдаг гэж бэлгэшээдэг шүү дээ.

Ямарваа нэгэн урлагийн үйл ажиллагаан дээр уртын дуучин, морин хуурч орж ирэхэд хамгийн эхэлж гардаг. Монголчууд уртын дуу, морин хуураа ингэж хүндэтгэдэг?

-Бидний хэл ус, ёсыг мэддэггүй гадаадад очоод дуулахад ч яалтгүй хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Би нэг сонин юм хэлье л дээ. Хоёр жилийн өмнө Сан-Франциско хотод амьдардаг дүүгийндээ ээжтэйгээ очлоо. Ээжийгээ тэнд үлдээчихлээ. Тэгээд буцаад ээжийгээ авах гээд хил гаалиар нэвтрэх юм болов. Тэндхийн гаалийн ажилтан “Та яагаад дахин дахин орж гараад байгаа юм. Ямар учраас манай нутгийг дахин зориод ирэв” гэж асууж байна. Би ч учраа хэлж дүүгийнхнээсээ ээжийгээ авах гэж байгаагаа тайлбарлав. Тэгтэл “Та өөрийгөө дуучин гэж танилцуулсан байна. Монголоос ирсэн юм байна. Дуучин юм бол дуулаад үзүүлнэ үү” гэдэг юм байна. Намайг хянаж шалгадаг өрөө рүүгээ орууллаа. Би ч дотроо “Эд намайг гаднаас хараад дуучин биш бололтой гэж бодож байна. Тэгэхээр ерөөсөө том, хүчтэй дуу дуулъя” гэж бодоод “Жаргалтайн дэлгэр”-ийг дууллаа даа. Гаалийн ажилтнууд “Болно, болно. Та биднийг уучлаарай. Үргэлжлүүлээд дуулбал тань бид таны тоглолтын тасалбарыг таслаад зогсох юм болох нь дээ” гээд сандраад бичиг баримтыг минь өгөөд гаргаж байлаа.

Монгол ардын уртын дуу гэдэг бол аугаа урлаг. Үндэсний хувцастайгаа гадаадад явахаар хүмүүс шаваад “Ямар гоё юм бэ. Тантай зураг авахуулж болох уу” гээд салахгүй шүү. Сонин содон, гоё харагддаг юм шиг байгаа юм, манай үндэсний хувцаснууд. Үнэхээр ч баялаг хувцастай л даа. Гадныхан тэгж хүлээж авч байгаа юм чинь манай монголчууд бүр ч илүү сэтгэл зүрхээрээ хүлээн авдаг. Улсын баяр наадам, цагаан сарын баяраар бүгд үндэсний хувцсаараа гоёдог боллоо шүү дээ. Тэгэхээр уртын болон ардын дуучин хүн дуугаа хүнд хүргэхээс гадна дээл хувцсаа дээр үеийн жаягаар нь өмсөх юм бол орчин үеийн залууст үлгэр дуурайлал болдог гэж боддог.

Таны аав Ховдын Эрдэнэбүрэнгийнх, ээж тань Увсын Тэс сумынх. Ингэхээр та бага залуугаасаа л баруун Монгол ардын дуу хууранд өлгийдүүлж өссөн байж таарна. Өссөн орчин тань уртын дуучин болоход нөлөөлсөн болов уу?

-Тийм. Ерөөсөө хөдөө өссөн маань ийм мэргэжил уртын дуучин болох гол түлхүүр болсон. Би эхлээд Соёл, урлагийн их сургуульд элсэхдээ дуурийн дуучны ангид орсон юм шүү дээ. Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн удирдлага дор хичээллэж байгаа нэг сарын дараа Норовоо (Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуайг хэлэв. сурв) багшид хэлсэн юм. Дуурийн энэ дасгалууд миний ой тойнд ерөөсөө хүрэхгүй байна. Би уртын дууны ангид ормоор байна гэж хэлж байлаа. Тэр үе чинь ардчилал гарахын өмнөхөн 1980-аад оны сүүлч шүү дээ. Уртын дуу, ардын дуу гэж бараг мартагдахаа дөхсөн байлаа. Баруун монголчууд маань уртын дуундаа муухан байсан үе. Нутгийнхаа дуунуудыгдуулна л даа. Түүнээс биш төв халхын уртын дууг дуулдаггүй байсан юм. Тийм болохоор уртын дуучин болоход надад анхандаа хэцүү байсан ч дуурийн дуунаас илүү монгол ахуйтай ойрхон байсан учир уртын дууны ангид орж байлаа. Ингэж би уртын дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, “Зууны манлай уртын дуучин” Намжилын Норовбанзад, ардын багш, гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшаараа заалгасан юм.

Зах зээлийн тэр үед юун ардын урлаг, уртын дуу вэ, талх, гурилаа яана даа гэж байсан хэцүү цаг байлаа шүү дээ?

-Дэлгүүрийн лангуун дээр улаан, цагаан давснаас өөр юм байдаггүй байлаа. Оюутан байхдаа өглөө таван цагт босоод зургаа гээд картынхаа талханд оочерлодог байв. Манайх чинь олон оюутантай байлаа. Дүү нар маань оюутан, манай нөхөр оюутан. Зургаа, долоон оюутантай байсан юм. Өглөөд өнөө талхаа хувааж идээд хар цайгаараа даруулаад л хичээлдээ явдаг байлаа. Тийм л хэцүү үе. Манайхан “Чи юун сонин ангид орчихов оо. Ямар ч ирээдүйгүй, юун уртын дуучин бэ. Хээ, хээ… гээд зогсч байдаг яасан хачин юманд орчихсон юм” гэдэг байсан. Миний шийдвэрийг манайхан анхандаа ингэж эсэргүүцдэг байснаа жилийн дараанаас ойлгож эхэлсэн. Бүгдээрээ намайг дагаж “Эрдэнэ засгийн унага”-ыг аялдаг боллоо. Бүтэн жилийн турш уртын дуу сурч давтаж дөртэй болсон минь гэрийнхнийг маань зөвөөр ойлгоход хүргэж хүлээн зөвшөөрүүлсөн гэж боддог. Одоо бол миний гэр бүл ахан дүүс бүгд хүлээн зөвшөөрөөд намайг уртын дууг сайхан дуулж байна гэдэг юм.

Таныг Монголын ард түмэн хэдийнэ хүлээн зөвшөөрсөн болов уу гэж боддог. Аль л 1990-ээд оны эхнээс л дуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ урлагтаа үнэнч зүтгэсээр яваа шүү дээ?

-Аливаа мэргэжлийг төгссөн хүнд мэргэжлээрээ мэргэшинэ гэдэг чухал. Мэргэштэлээ маш олон жил явдаг. Дуулж байхдаа алдаа гаргах тал бий. Тэр алдаагаа байнга гаргадаг байсан бол тоог нь цөөрүүлсээр л явдаг. Ард түмэнд танигдсан, тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ сурах юм их бий. Мэргэжил дээрээ боловсрох хэрэгтэй гэж боддог.

Уртын дуучин гэгдэхийн сайхан нь юунд байнам?

-Дуугаа дуулаад дууссаны дараа тэнд суусан хүмүүс, орчны уур амьсгал мэдэгддэг юм. Хүлээн зөвшөөрөөд, сэтгэлээсээ алга ташиж, үнэнээсээ баярлаж байгаа хүмүүсийн харцыг хараад мэргэжлээрээ омогшдог. Түүнээс гадна гадаадад явж байхад “Миний орны дууг би л дуулж чадна” гэж маш их бахархдаг. Хэлийг маань мэдэхгүй хүмүүсийн өмнө үндэсний хувцастайгаа дуулаад нижигнэсэн алга ташилтыг сонсох хамгийн бахархалтай.

Таныг хөдөөтэйгээ ойрхон, Монгол ахуйгаа эрхэмлэдэг болов уу гэж боддог юм. Танайхыг таван хошуу малтай гэж сонссон?

-(Инээв).

Танай чуулгынхан хэзээ амардаг юм бэ?

-11 дүгээр сард амардаг ш дээ. Зунжингаа ажиллана. Манай чуулгын онцлог гэвэл аялал жуулчлалын оргил үеэр үндэснийхээ урлагийг жуулчдад хүргэдэг. Тийм болохоор бид зуны дэлгэр цагт тийм ч сайн амарч чаддаггүй. Гэхдээ яахав дээ, ажил төрлөө тодорхой хэмжээгээр зохицуулаад зун ийш тийш явна аа.

Манай гэр бүлийн хүн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгээд арав гаруй жил болж байна.

Илүү нугаламтай хонь үржүүлдэг гэв үү?

-(Инээв). Илүү нугаламтай хонины аж ахуйтай. Төв аймагт байдаг юм. Бас тэмээ үржүүлдэг. Тэмээд маань Увс аймгийн Завхан суманд байдаг. Аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд малчдад уналгын морь хэрэг болж таарна. Тийм болохоор хоёр, гурван азарга адуу хэрэг болно. Малчид маань хар цай уугаад байж болохгүй. Тэгэхээр саалийн хэдэн үнээтэй байх жишээтэй. Тийм болохоор энэ бүхэн хоорондоо уялдаад яалтгүй ч таван хошуу малтай болчихсон. Үүнийхээ хажуугаар газар тариалан эрхэлнэ ээ. Тэр олон малд өвөл өвс, тэжээл хэрэг болж таарна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй чинь ингэж хоорондоо холбогддог юм билээ. Манай гэр бүлийн хүн чинь хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй л дээ. Би чинь “Манай Энхбаярын мал”, “Манай Энхбаярын хонь” гэж ярина. Тэгэхээр найзууд шоолно. “Энхбаярын л мал гэх юм. Манай мал гээч. Танай мал шүү дээ” гэнэ. Би тэнд нь ямар нэгэн хөрөнгө оруулалт хийдэггүй, миний оролцоо төдийлөн байдаггүй юм чинь тэр хүний хөдөлмөрийг хүндэтгээд тэгдэг юм гэчихдэг.

Та овор багатай юм. Наснаасаа харьцангуй залуу харагддаг?

-Хүмүүс намайг овор багатай гэдэг. Миний ууган хүү 21 настай, одоо Токиогийн их сургуульд сурч байсан шүү дээ. Оюутан байхдаа төрүүлсэн юм. Дундах нь “Сант” сургуульд сурч байна. Отгон нь долоон настай.

Танд олон дээл байдаг биз?

-Олон байлгүй яахав. Үндэснийхээ хувцсыг би л өмсөх юм чинь. Жил бүр дээлээ шинэчилнэ. Тоглолтын хувцаснаас гадна цагаан сар, наадмаар өмсдөг дээлүүдээ ч шинэчилнэ.

Дуулчихаар сэтгэл тань тайтгардаг сайхан дуунууд бий дээ?

-“Сэтэрт баахан шарга”-ыг дуулах дуртай. Энэ дууг хоолой ямар ч байсан, ямар ч нөхцөлд дуулчихдаг юм. Найзууд маань “Сэрүүн сайхан хангай”-д дуртай. Нутгийнхан маань “Хартай сарлаг”-т дуртай.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Саусгоби Ресурс” компанийн гүйцэтгэх захирал С.ЭНХ-АМГАЛАН: Бид хууль зөрчөөгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна

Саусгоби Ресурс” компа­нийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Саусгоби сэндс” компа­нид ажиллаж байсан гадны гурван иргэн Монголын шүүхээс ял сонслоо. Энэ нөхцөл байдалд ямар тайлбар хийх вэ?

-Хэрэг гээд байгаа энэ асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Бид 31 дэх сардаа буюу бараг гурван жил явлаа. Анх асуудал эхлэхэд би байгаагүй ч “авлига өгсөн гэж” Авлигатай тэмцэх газраар шалгагдаж эхэлсэн байдаг. Авлигын хэрэгт манайх холбогдолгүй нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болсон. Тэгээд Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй гэж үргэлжлүүлэн шалгасан ч хэрэгсэхгүй болгосон. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь 6.1 их наяд төгрөг буюу тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний мөнгө шүү. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй бол­гох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Харин татварын хэрэг нь үргэлжлэн яригдсаар өнөөдрийг хүрлээ. Эхлээд 234 тэрбум төгрөгийн тухай ярьж эхэлсэн. Ер нь 2007-2011 оны хооронд манай компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг. Гэтэл үүн дээр яриад байгаа 234 тэрбум төгрөгийг нь нэмж тооцохоор 300 гаруй тэрбум төгрөг буюу манай компанийн нийт орлогын 75 хувийг нь татварт авна гэсэн үг.

Тэгэхээр ямар нэгэн тооцоололгүй, зохиомол тоо гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа болов уу. Манай компанийн зайлсхийсэн гэх татварын хэмжээ хэд хэдэн шинжээчдийн дүгнэлтээр тус тус буурсаар байсан. Нийтдээ дөрвөн удаа шинжээчийн баг орж ажилласнаас хамгийн сүүлд 35 тэрбум төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн. Манай компани олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэл­тэй, нээлттэй компани. Нээлт­тэй компаниудын хувьд тавигд­даг гол шаардлага бол хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгуул­лагаар жил бүр шалгуулж байх. Хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар нь дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг.

Эдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй. “Саусгоби сэндс” компанид хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд энэ бүх тайлантай танилцдаг.

Тэгэхээр бид Татварын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж ирсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс компанийн байр суурь бол 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг огт үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

НӨАТ, Татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гарчихаад байгаа. Хуулийнхан ямар заалтыг зөрчсөн гээд, та бүхэн ямар тайлбар хийгээд байгаа вэ?

-Монголд жил бүр хэдэн мянган татварын маргаан өрнөж байдаг. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ аж ахуйн нэгжүүдтэй холбоотой татварын маргаан тодорхой хугацаанд өрнөөд, шийдэгдээд явж байдаг. Татварын маргаан үүсэхэд Татварын маргаан таслах зөвлөлөөр орж шийдэгдэх учиртай. Энэ зөвлөлөөр асуудал шийдэгдэхгүй бол дараа нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг.Ер нь энэ төрлийн хэрэгт татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд акт үйлдэх ёстой байдаг. Тэр актыг үндэслээд татварын маргааныг эхлүүлнэ. Гэтэл манай компани дээр татварын шалгалтыг хийгээгүй. Яагаад татварын байгууллага нь шалгалт хийж акт үйлдээгүй байхад татварын хэрэг үүсч байгаа юм бэ гэдэг нэг асуудал босч байгааюм. Тэгэхээр Мөрдөн байцаах газар, прокурор бол татварын шалгалт хийх эрх бүхий субъект биш. Гэтэл ийм байгууллагууд хөндлөнгийн шинжээч томилсон гээд асуудлыг шүүрч аваад яваад байна. Хөндлөнгийн шинжээч гэдгийг би бие даасан дүн шинжилгээ хийх чадвартай байх ёстой гэж ойлгож байгаа. Жишээ нь хоёр хүн хоорондоо өр зээлийн асуудлаар маргахад өөрийнхөө дүүгээр маргааныг таслаад өгөөч гэж болохгүй биз дээ. Дүү нь мэдээж ахынхаа талд асуудлыг шийдэх нь ойлгомжтой. Үүнтэй ижил хэргийн нэхэмжлэгч тал болж байгаа төрийн байгууллагын буюу агентлагийн албан хаагчид нь хөндлөнгийн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах боломжгүй. Тиймдээ ч тухайн шинжээчдийг бие даасан дүгнэлт гаргасан гэж үзэж болохгүй юм. Ямар нэгэн байдлаар компанийг буруутгасан шийдвэрүүдийг өөрсдийн хөндлөнгийн бус нөхцөл байдалд уялдуулан гаргажээ л гэж харж байна.

Одоо яригдаад байгаа 35 тэрбум төгрөгийг татвараас ямар замаар бултуулсан гэж үзээд байгаа бол?

-Үндсэндээ 35 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь ханшийн зөрүүний бодит бус алдагдал. Монгол орон бол импортлогч. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас аж ахуйн нэгжүүд гадаадаас худалдан авалт хийхийн тулд гадаад валют ашигладаг. Ам.доллар, юань гэх мэтээр. Үүнийг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүд валютаа хөрөнгө оруулалт юм уу зээл хэлбэрээр олж ирдэг. Эсвэл өөрт байгаа төгрөгөө валютаар солино. Тэгэхээр ийм ханшийн зөрүү Саусгоби сэндс компани толгой компаниасаа авсан зээлийн бодит бус алдагдлыг үүсгэж байгаа. 2007-2011 оны хооронд мэдээж төгрөг байнга суларч ирсэн. Тэр хугацаанд бид баланс дээрээ төгрөгөөр бичдэг учраас ам.доллараар авсан зээлээ төгрөгт хөрвүүлээд тэр нь жил жилдээ төгрөг суларч байгаагаас шалтгаалаад өсч бичигддэг. Түүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Бид үүнийг нь гайхаж байгаа. Жишээ нь Чингис бондыг босгосноос хойш төгрөг суларсаар өнөөдөр бараг 300 тэрбум төгрөгийн зөрүү гарчихаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Чингис бондыг босгосон хүмүүсийг хуурамчаар өглөг өсгөсөн гээд барьж аваад шийтгэх үү.Монголын олон мянган аж ахуйн нэгжүүдийг мөн адил шийтгэх үү. Дээр нь бид хуулийн дагуу хоёр өөр төрлийн тайлан өгч байдаг. Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхүүгийн тайланг өгнө гэсэн үг. Санхүүгийн тайланг Монгол Улс олон улсын нябо бүртгэлийн стандартын дагуу хүлээж авдаг. Манайх хоёр тайланг бодох ёстой аргачлалаар бодож өгдөг. Аль аль нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу. Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр буруутгах гэж зүтгээд байгаа нь заавал буруутгах сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэдэг.Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр дүгнэлт гаргаж, буруутгах гэж зүтгээд байгаа нь сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэж байна.

-25 тэрбум нь ийм учиртай байж. Тэгвэл үлдсэн 10 тэрбум төгрөгийг нь шинжээчид юу гэж үзээд та бүхэн ямар тайлбар хийж байгаа юм бэ?

-Манай компанийг бусдад бараа бүтээгдэхүүн үнэ төлбөргүй шилжүүлж татвараас зугтаасан гэж буруутгасан. Гэтэл энэ нь гал гарсны улмаас шатсан 17 тэрбум төгрөгний үнэ бүхий экскаватор, 1.5 тэрбум төгрөгийн орон нутгийн сургууль цэцэрлэг, малчдад өгсөн өвс, нүүрсний үнэ зэрэг байгууллагад өгсөн мөнгөн хандив байгаа. Шатсан экскаваторыг Авлигатай тэмцэх газраас газар дээр нь очиж үзээд лацадсан, манай уурхайн талбай дээр байж байгаа. Тэрийг бид ямар нэг байдлаар зарж үрээгүй, ашиглах боломжгүй. Гэтэл яагаад НӨАТ ногдуулж, бид түүнийг төлөх ёстой вэ гэж. Энэ мэтээр элэгдэлд орж балансаас хасагдсан дугуйнууд бас байна.

Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтаа дэмжлэг үзүүлэх нь бараг ёс болоод хэвшчихлээ. Сургууль, цэцэрлэг, зам, зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байдаг. Үүнтэй ижлээр бид Гурвантэс суманд багагүй ажил хийж өгсний дотор цэцэрлэг барьж өгсөн. Энэ бүхэн дээр буюу хандиваас хүртэл татвар авах тухай асуудал тавиад байгаа. Бид үүнийг нь сайн ойлгохгүй л байна. Тиймдээ ч бид болон манайд хөндлөнгийн аудит хийдэг олон улсын аудитын байгууллагууд ямар ч төрлийн татварыг нэмж төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Анх авлига өгсөн гэд­гээр эхэлсэн энэ хэ­рэг яагаад сүүлд нь татва­раас зайлхийсэн гэдэг зүйлчлэлээр ял онооход хүргэв. Цаана нь ашиг со­нир­хол нуугдаж байна уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч энэ асуудал авлигын хэргээр анх төрийн албан хаагчид шалгагдахад хэд хэдэн компанийг татан оролцуулж байсан юм билээ. Тэр нь явцдаа нотлогдоогүй бөгөөд харин ч төрийн албан хаагчид албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж компаниудыг дарамталсан нь нотлогдсон. Энэ нь явсаар мөнгө угаасан гэгдсэн бол мөнгөний хэмжээ нь улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцүү хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгээд тэр нь яваандаа 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байхад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар авах тухай асуудал болсныг би ойлгодоггүй. Яагаад ингэж урт хугацаанд шалгагдсан юм, гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг мэргэжлийн битгий хэл энгийн хүн ойлгохоор байхад шийтгэж байгаа нь гайхашруулж байна.

Ер нь гурван жилийн явцад ойлголцох боломж гараагүй юм уу?

-Бид өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай нь хэн ямар материал хүснэ түүнийг нь өгөөд хамтарч ажиллаад л яваад байсан. Бид татварын шалгалт хийгээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Актаа өгчихвөл маргах үндэс нь тогтоно гэдгийг ярьсан. Гэтэл энэ хүсэлтэд татварынхан “Мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас бид татварын шалгалт хийхгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Бид үүнийг нь гайхаад л байгаа. Мөрдөн байцаалт явагдах татварын шалгалт хийх хоёр хоорондоо ямар хамаатай юм. Өөр өөрсдийнхөө ажлыг л хийж байна гэсэн үг биз дээ.

Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн асуудлыг та гайхаж байгаа ч шүүхийн шийдвэр нэгэнт гарчихлаа. Танай компанид ажиллаж байсан гурван ч хүн ял сонсч танай компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх шийдвэр хүчин төгөлдөр болсон?

-Бид урт хугацаанд энэ байр сууриа илэрхийлж ирсэн дээ. “Монголын хууль тогтоомж, процессийн дагуу энэ асуудал явах ёстой. Та бүхний яриад байгаа нөхөн татварыг чинь та нар тогтоодог юм биш. Татварын мэргэжлийн байгууллага нь тогтоох учиртай. Тиймээс Татварын ерөнхий газар нь шалгаад асуудал байвал акт тавих ёстой. Процессийн дагуу асуудал явсангүй. Хөнд­лөнгийн гэсэн нэртэй хөндлөнгийн бус шинжээч­дийн тавь­сан дүгнэлтүүд л бий” гэж. Татварын хэрэг захиргааны журмаар бү­рэн шийд­вэрлэгддэг. Ийм асуудлыг зориудаар хүндрүүлээд эрүү­гийн хэрэг болгон гадаадын гурван иргэнийг хорьж байгаа нь маш харамсалтай. 2011 оны сүүлийн хагаст Жастин Капла 6 сар, Кажуком 4 сар ажилласан хүмүүс. Тэр хүмүүсийн ажиллаж байгаагүй хугацааны асуудлыг энэ хүмүүст зориудаар холбож байгаа юм. Ер нь ийм хэргээр, Эрүүгийн хуулийн 166-гаар хоригдох ял авсан Монгол хүн байдагт ч би эргэлзэж байна. Гэтэл ийм хэрэг өдүүлсэн гэх ямар ч үндэслэл байхгүй байхад гадны гурван иргэнийг хорьчихлоо.

Зайлсхийсэн гэх 35 тэрбум төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байсан. Гэтэл яагаад нэгдүгээр сарын 30-нд гэнэт хорих ял сонсгосон юм бол?

-Прокурорын ялын санал торгох байсан юм билээ. Гэтэл ялын саналаа сүүлийн өдөр нь өөрчилсөн байна. Уг нь ялын саналыг эхнээс нь прокурор хэлээд өмгөөлөгчид түүнийг нь үгүйсгэж мэтгэлцдэг.

Мэтгэлцээний зарчмын бүх зүйл дуусчихсан хойно прокурор нь ялын саналаа өөрчлөхөөр бүх зүйл буруу болж байгаа юм. Үндсэндээ өмгөөлөгч талд хамгаалалт хийх боломжийг нь олголгүйгээр ялын саналаа өөрчлөөд түүн дээр нь шүүгч шийдвэрээ гаргасанд бид их гайхаж байгаа. Шүүх хурал хууль тогтоомжийнхоо дагуу явж чадсан уу гэдэг асуулт бас л урган гарч байна. Асуудлын талаар хуульчидтайгаа зөвлөлдөж байна. Тэгээд ч та бүхэн шүүхийн дүрс бичлэг, тэмдэглэлтэй өөрсдөө олж танилцаад энэ бүхэн үнэн эсэхийг харж болно.

Хоригдох ял сонссон гурван хүн танай компанид ажиллаж байсан. Өнөөдөр ямар хамааралтай байгаа вэ?

-Өнөөдөр бол шууд хамааралгүй. Тухайн үедээ гэрээгээр манайд ажиллаж байсан. Гурвуулаа гадаадын иргэн. Нэг нь 2007-2011 оныг хүртэл, нөгөө хоёр нь 2011 оны дундаас эцэс хүртэл ажиллаж байсан.

Эдгээр хүмүүсийн намтар хэр цэвэр вэ. Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлж байсан нөхөд юм биш биз?

-Тийм зүйл байхгүй. Санхүүгийн хоёр мэргэжилтэн нь Филиппин улсын иргэн. Тэд нутагтаа нэр хүндтэй олон улсын компаниудад мөн бусад улсад мэргэжлээрээ ажиллаж байсан. Саусгоби сэндсийн захирлаар ажиллаж байсан Америкийн иргэн бол уул уурхайн мэргэжилтэй. Мэргэжлээрээ Монголд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2011 оны сүүлээр компанийн захирлаар ажиллаж байсан. Бас л мэргэжлийн ур чадвартай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй ийм хүмүүс бий.

Энэ хүмүүс бараг гурван жил Монголын хилээр гарч чадсангүй?

-Өөрсдийнх нь ярьдагаар гурван зул сарын баярыг үдсэн. Энэ хугацаанд ар гэрт нь олон гачигдал гарсан. Ойр дотны хүмүүс нь нас барсан. Энэ бүхэн дээр гэртээ очиж чадаагүй. Тиймээс эдгээр хүмүүсийн хүний эрхийн асуудлыг нэлээд хөндөж байгаа. Бидний хэн нь ч байсан гадаадад явж байгаад хилээр нэвтрэх боломжгүй болчихсон үед ар гэрт нь асуудал гарахад очиж чадахгүй байна гэдэг хүний ёсонд хэцүү шүү дээ. Энэ хүмүүсийг эхлээд гэрч гэсэн статустайгаар мэдүүлэг авч байгаад яваандаа сэжигтэн болгож сүүлдээ ялтан болгоод хувиргачихлаа.

Жастин Капла гэдэг хүн нь Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн байна. Үнэхээр буруутай болоод өршөөл хүсээд байна уу гэж харахаар байгаа?

-Энэ гурван хүнийг гурвуулаа Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэсэн мэдээлэл авсан. Мэдээж хэнд ч гэсэн шоронд хоригдох хүсэл байхгүй. Тиймээс хурдан гарах нэг боломж нь Ерөнхийлөгчийн уучлал юм бол тийшээ хандах нь тэр хүмүүсийн хуулиар олгогдсон эрх л дээ. Нэгэнт анхан шатны шүүхээс шудрага бус шийдвэр гарсан тул дараагийн шатны шүүхэд итгэх итгэл тэдэнд үлдээгүй байлгүй дээ.

Энэ гурван хүн сүүлийн гурван жил Монголд яажшуухан амьдарч байсан юм бол. Жилийн ихэнх өдөрт мөрдөн байцаагчийн хаалгыг сахиж таарсан байх?

-Хоёр нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Цагдаагийн байгууллагад тогтмол бүртгүүлдэг. Мөн Улаанбаатараас гарах тохиолдолд хэлж бүртгүүлдэг. 60 настай хүн ч бий. Бие муутай ч хүн бий. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнгөрсөн гурван жил тийм амар байгаагүй нь ойлгомжтой.

Энэ нөхцөлд хүний эрх хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг юм бол?. Судалж үзсэн үү?

-Энэ талаар нарийн судалж мэдсэн зүйл надад байхгүй. Жастин Капла бол өөрийнхөө өмгөөлөгчдөөр дамжуулаад НҮБ-ын Хүний эрхийн комисст өргөдөл гаргасан юм билээ. Зүй бусаар урт хугацаанд хилийн хориг тогтоон хохироож байна гэж. Түүний дагуу НҮБ-ын холбогдох байгууллагаас асуулга ирүүлсэн гэсэн. Би түрүүн хэлсэн дээ. Татварын маргаан бизнес эрхэлж байгаа хүмүүст тохиолддог л зүйл. Түүний төлөө хүмүүсийн чөлөөтэй байх эрхийг нь ийм урт хугацаанд хязгаарлах шаардлага байсан уу гэдэг дээр л хүний эрхийн асуудал яригдаж байгаа байх. Үүний сацуу ар гэрт нь гачигдал тохиолдол гарах бүрт хилийн хоригоор цагдах шаардлага байсан уу гэх асуулт байгаа юм билээ.

Америкийн тал хүнийхээ хойноос нэлээд хөөцөлдөж байна. Танайхтай уулзав уу?

-Хоёр орон хоёулаа л хүнийхээ хойноос, иргэнийхээ эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа. Филиппинээс Монголд Элчин сайдын яам байхгүй. Бээжингээс консул нь ирж нэлээд хэд хоног ажилласан. Байнга л өмгөөлөгчтэй нь холбоотой байгаа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллээр бичсэн, сэтгэгдэл үлдээсэн, зарим хүмүүсийн ярьж байгааг сонсоход америкчууд даварч байна гэж байна. Аль ч улсын иргэн хаана ч асуудалд ороход иргэнийхээ эрхийг нь хамгаалахын төлөө явж байвал сайн биз дээ. Манайхнаас ч гэлээ гадаадад явж байгаад асуудалд орооцолдоход манай Элчингийнхэн эргэж тойроод, юу болов гээд явж байвал баярлана биз дээ. Тэр ажлаа хийснийх нь төлөө бид “Том гүрний дээрэнгүй зан гаргаж байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болов уу. Элчин сайд нь байна уу, консул нь ч байна уу “хүнийхээ асуудлыг шүүхээр үнэн зөв шийдүүлье” гэж ярьж байгаа болохоос “хүнээ авч явмаар байна. Энэ хэргийг танай шүүхээр шийдүүлэхгүй” гэж хэлээгүй шүү дээ. Бас “Шүүгчийн тавьсан асуултыг зөв ойлгосон уу. Өөрийнх нь хэлсэн үгийг зөв орчуулсан уу” гэдэг асуудлыг Элчин сайдын яамныхан нь хөндөж байгаа нь их энгийн ойлголт гэж бодож байгаа. Хүнлэг ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой байх ёстой. “Тэр эрх нь хангагдсан байна уу. Энэ хүнийг Монголын хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байна уу. Шүүх хур­лын явц хуулийнхаа хүрээнд процедурын дагуу явж чадаж байна уу” гэдэгт аль ч орны Элчин сайд санаа зовних нь энгийн л ойлголт. Тэгээд ч Америкийн ЭСЯ-ныхан өөрсдөө шүүх хуралд бүтэн 3 өдөр суусан бүхнийг харсан. Филиппин Улсын тухайд Элчин сайдын яамны зүгээс хэвлэлтэй ажиллаагүй. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэлээ ч ялгаагүй л хүмүүстэйгээ уулзаад, тэднийхээ эрхийг хангахаар явж байгаа. Түүнээс биш америкчууд нь давуу эрх эдэлж филиппинчүүд нь дутуу эрх эдлээд байгаа юм биш.

Одоо танай байгуул­лагын зүгээс хэрхэх бол. Мэдээж давж заалдах уу?

-Давж заалдана гэж байгаа. Ялын тогтоолоо хүлээж аваад удаагүй байна. Тогтоолтой танилцаад, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаад 14 хоногтоо багтаагаад давж заалдах өргөдлөө өгнө.

Компанийн эзэд гэдэг юм уу, хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа бол?

-Манай компанийн хувьд Канадад бүртгэлтэй. Монгол дахь Саусгоби сэндс гэдэг нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Сүүлийн үед хүмүүсийн дунд сонин үзэл газар авч байх шиг байна. “Гадаад хүмүүс Монголын баялгийг зөөж байна” гэж. Тэгэхээр зарим тоон дээр түшиглээд ярихад манай компанийн гадны хөрөнгө оруулагчид гээд байгаа хүмүүс 1.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шууд оруулчихсан. Энэ компани ажиллах хугацаандаа 1.2 их наяд төгрөгийн дотоод худалдан авалт хийсэн. Уул уурхайг дагасан олон бизнес байдаг даа. Тоног төхөөрөмжөөс эхлээд ажилчдын хувцас, хоол хүртэл. Уул уурхайн салбар Монголд хүчтэй хөгжиж байх үед буюу 2010-2011 онд шилдэг татвар төлөгч байсан. Үүний зэрэгцээ энэ компанид сайн үед 700 гаруй хүн ажиллаж байсан бол өнөөдөр 400 хүн хөдөлмөрлөж байна. Энэ компанийн ажилчин 400-гаар яригдаж байгаа ч харилцан хамааралтай байдаг бусад компаниудыг оруулж тоолбол хэдэн мянган айлын амьжиргаа Саусгоби сэндсийн үйл хэрэгтэй хамааралтай. Мэдээж энэ компанид хөрөнгөө оруулсан тэдгээрийг төлөөлсөн ТУЗ-ийн байр суурь тодорхой. “Бид ямар нэгэн хууль зөрчөөгүй л юм бол давж заалдах нь зүйтэй” гэж. Хууль зөрчөөгүй гэдгийг юунд үндэслэж хэлж байгаа вэ гэхээр жинхэнэ утгаараа хөндлөнгийн аудитын тайлагнасны дагуу. Энэ аудитын байгууллагууд яагаад худлаа ярихгүй вэ гэвэл тэдний бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагч мөнгөөр нь бизнес хийж байгаа менежментийн ажлыг дүгнүүлж өөрийнхөө мөнгийг зохистой зарцуулж байна уу гэдгийг шалгуулахын тулд тэднийг хөлсөлдөг. Хэрвээ энэ байгууллагууд худлаа хэлдэг бол тэднээр шалгуулах хүн олдохгүй. Нэг л худлаа дүн гаргадаг гэсэн муу нэрийг аудитын байгууллага зүүвэл дампуураад л алга болдог. Тэгэхээр аудиторуудын хоолоо олж иддэг хэрэгсэл нь аудит. Харин манайхны шинжээч гэж нэрлээд байгаа хүмүүсийн хоолоо олж иддэг арга нь аудит биш. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчдын хувьд хоолоо олж иддэг хүмүүс үнэн хэлэх үү, ямар нэгэн байдлаар томилогдсон хүмүүс үнэн хэлэх үү гэдэг асуултын хариулт ойлгомжтой байх. Урт хугацаанд энэ аргаар хоолоо олж идье гэсэн хүмүүс л үнэн хэлнэ биз дээ. Тиймээс манай компанийн дээд удирдлагууд нэгэнт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй юм чинь давж заалдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Энэ асуудлыг гадаад ертөнц ихээхэн сонирхож байгаа бололтой. Ер нь Монгол гэдэг орон гадны хөрөнгө оруулалт, гадаад иргэдэд халтай гэж бичиж, нийтлэгдээд байх шиг байна?

-Манай компани гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай ч 99 хувь нь монголчууд ажиллаж байна. Бид Монгол хүн байж Монголынхоо нэр хүндийг унагаах сонирхолгүй. Биднээс болж Монголын нэр хүнд унаж байна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Шалгагдаж байгаа хүмүүс гадаадын иргэд байж таарсан. Гадаадын иргэд мэдээж эрх ашгаа хамгаална. Тэдний ар гэрийнхэн хийгээд бүр Америкийн зарим мужийн сенаторууд нь иргэнийхээ эрхийг хамгаалахад ихэд анхаарч байна. Тэд асуудлыг илүү өргөн хүрээнд том тавцанд гаргаад тавьчихаж байгаа юм. Тиймээс дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Гадаад хүмүүсийг нь цагдахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэдэг аудитын дүгнэлт манай дотоодын шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөд байгаа учраас ямар зүйлд үндэслэж ял оноосон бэ гэдэгт эргэлзэж байна. Дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхлын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү л гэсэн асуудал. Ийм учраас мэдээж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага сенсаци хөөж мэдээлж байгаа. Мэдээлэх эрх нь тэднийх. Энэ компанид хөрөнгө оруулагчид болоод хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн хаана ярилцлага өгөөд явах вэ гэдэг нь тэдний эрх чөлөөний асуудал байх. Манайх харин компанийнхаа байр сууринаас нэг мэдэгдэл гаргасан. Өнөөдрийг хүртэл би гадны хэвлэлд ярилцлага өгөөгүй. Монголынхоо хэвлэлд энэ тухай ярих бодолтой байсан учраас “Өдрийн сонин”-д энэ бүхнийг ярьж байна.

Гол нь хөрөнгө оруулалт буурсан, хямарсан энэ үед шүүхийн шийдвэр ухаалаг бус байлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа юм л даа?

-Анх Монголын Эзэнт гүр­ний үед Pax Mongolica тогтоож эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр гадны худалдаачид хэнээс ч айхгүйгээр, манайхаас өгсөн пайзаар худалдаа наймаагаа чөлөөтэй эрхлээд явж байсан. Үүнийг анх монголчууд санаачилсны ачаар өрнө, дорнын хооронд технологийн нээлт ололтууд чөлөөтэй солилцогдож дэлхий дахины хөгжил хурдассан гэж ярьдаг. Гэтэл чөлөөт худалдааг мянгаад жилийн тэртээ эхлүүлж, зарлан тунхаглаж байсан монголчууд өнөөдөр яг эсрэгээрээ гадны хөрөнгө оруулагчдаа хөөж тууж байгаа нь их харамсалтай юм даа.

Танай компанийг авах цаад санаатай явуулга үргэлжлээд байна гэх таамаглал ч гарах болж?

-Би “Саусгоби сэндс”-ийн захирлаар 2013 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод жилийн дараа 2013 оноос үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг юм. Миний гол зорилго бол компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахадтөвлөрч ажилласан. Би улстөрч биш. Ямар нэг улс төрийн ажил хийж үзээгүй. Цэвэр бизнесийн чиглэлээр Монголын томоохон компаниудад ажиллаж байсан. Нүүрсний салбар ихээхэн хүндэрсэн учраас компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой явуулахыг эрмэлзэж ирлээ. Толгой компани болох “Саусгоби Ресурс” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогдлоо. Тэр цагаас хойш энэ ажилд илүү их оролцоод эхэлж байна. Хэн юу сонирхож байсан бэ гэдгийг хэрэг анх үүсэхэд байгаагүй учраас хэлэхэд хэцүү. Өнөөдрөөс хараад дүгнэхэд ч бас хэцүү. Гэхдээ миний бодлоор энэ хувь хүмүүсийн хоорондын асуудал байна уу, бизнес хоорондын асуудал байна уу тэр нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол Монгол Улсын шүүх яаж ажиллах ёстой юм бэ. Үнэхээр дотоодын болон гадаадын иргэдэд тэгш хандаж чадаж байгаа юу. Гадаадын компани, дотоодын компанийн хэргийг шударгаар шүүж чадаж байна уу гэдэг асуудал л их чухал. Тийм ч учраас шинжээчид гээд байгаа хүмүүсийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Яагаад ийм дүгнэлт гаргачихав. Миний өмнө байгаа асуудал бол ерөөсөө л энэ. 35 тэрбум төгрөгийн зохиомол дүнгийн асуудлыг шийдэх нь илүү чухал байна.

Асуудал урт хугацаанд үргэлжилсэн, бас ч үгүй ихээхэн ээдрээтэй байна. Шат шатны шүүх одоогийн ялын нөхцөлийг хэвээр нь үлдээгээд байх юм биш биз?

-Бид энэ асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэхийн тулд эцсийг нь хүртэл явна. Давж заалдах хоёр шат байна. Тэнд үнэн мөн нь тогтоогддоггүй юм бол хаана ярих боломжтой байна тийшээ хандах байх.

Маргааны тухайд ийм тайлбартай байна. Тэгвэл эцэст нь нэг зүйлийг тодруулахад хямарсан, эрдэс баялгийн үнэ буурсан энэ үед Саусгоби сэндс компанийн нөхцөл байдал ямар байна?

-2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд 200 тэрбум төгрөгийн татварыг улсын орлогод төвлөрүүлсэн. Бидний төлсөн татвараар бүрэн хэмжээний 200 сургууль барьж болох мөнгө. Хэлсэнчлэн 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн байдаг. Энэ нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулсан гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ найман тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд зориулсан байдаг. Нүүрс олборлож, борлуулж байгаа хэмжээгээрээ ч тэр эхний 4 уул уурхайн компанийн нэг юм. 2013 онд манайх 3.2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 2.1 сая тонн болж буурсан. Гэхдээ үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Харин өнөө жил төлөвлөгөө зорилтоо өндөр тавиад ажиллаж байна. Ингээд эцэст нь нэг зүйлийг хэлэхэд нэгэнт 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихсан байж юу гэж л хууль зөрчих бодол өвөрлөх вэ дээ. Тийм тэнэг хүн байхгүй биз дээ.

Л.МӨНХТӨР

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Нэг машин өнгөрүүлбэл нэг ажил бүтнэ”

Шинийн нэгний өдөр зон олон золгуут хийж, замын хөдөлгөөн ачаалалтай байна. Нэгдүгээр хорооллын арын зам, 21 дүгээр хороолол, Дэнжийн мянга, Чингэлтэй, Долоон буудал, Шар хад, Баянзүрхийн товчооны замууд ачаалалтай байгаа аж. Ийм үед жолооч нар нэг нэгэндээ хүлээцтэй хандаж, “Эерэг өөрчлөлтийг бүтээцгээе” хэмээн “JCI Монгол” төрийн бус байгууллагаас ураилжээ. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо “Эхлээд та, дараа би…”, “Та Би Та” гэсэн зарчмаар явбал, түгжрэл, бухимдал тэр хэрээр буурч, цаг хугацаа хэмнэнэ. Өдрийн сонин “Нэг машин өнгөүүлбэл нэг ажил бүтнэ гэж уриалдаг билээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын их ажил хүлээж байна

Билгийн тооллын XVII жарны хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, “Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно” хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө”

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудтай золголоо

Өнөөдөр зарим улстөрчид тойргийнхоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн золгох юм байна. Эдгээрийн тодроос УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Хан-Уул дүүргийнхээ тус бүр хоёр ахмадуудад очиж хүндэтгэл үзүүлэн золгосон юм. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд ч тойрогтоо байгаа 100-аас дээш настай ахмадуудад очиж золгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: , Монгол түмний маань буян заяа өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу.

Энэ жил өнтэй сайхан гарч байна. Өвгөн жил улирч, өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Өнтэй жил гэдэг энэ байх аа.

Монгол түмэн маань бүл нэмж, бид бүгдээрээ гучин бумуулаа, гурван саяулаа боллоо. Энэ сайхан мэдээг морин жил, хонин жил уулзах энэ үед сонсож хотол олноороо баярлалаа. Монгол түмний маань амны хишиг өөдрөг сайхан байлаа. Тариа ногоо, газар дэлхий маань бидэнд үр өгөөжөө хайрлалаа.

Олон сайхан бүтээн байгуулалтууд бий болж, улс орон маань өнгөтэй өөдтэй сайхан байна.

Хонин жил Монгол түмэнд маань буян хишгээ хайрлаж, Монгол түмний маань буян заяа өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бүгдээрээ болох бүтэхээс нь дэмжиж, монголчууд монголоо дэмжиж, урагшаа хөгжин дэвжие.

Та бүхэнд сар шинийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хиам, өндөг, саладаа 24 цагаас илүү хадгалж болохгүй

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
• Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.
• Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
• Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
• Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
• Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
• 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх.
• Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

20,21-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс, Завханы, нутгаар 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.Шөнөдөө хотын төв орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 18-20 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.