Categories
гадаад мэдээ

Парист еврейчүүдийн эсрэг үзэл айдас төрүүлж байна

Францын “Эн Ар Жи” сэтгүүлийн сэтгүүлч Звика Клайн еврейчүүдийн өмсдөг киппа малгайг толгой дээрээ тавин Парис хотын төвөөр 10 цаг орчим алхаж хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байгааг танджээ. Үр дүн нь түүнд айдас төрүүлсэн байна.

Парис хотын төвөөр алхаж явахад хүмүүс түүнийг элдвээр харааж, зарим нь бүр араас нь дагаж, мөрдөж явсан гэнэ. Сэтгүүлч залууг хаана ч явсан түүнтэй таагүй хандах хүн нэмэгдэж түүнд болгоомжлох сэтгэл төрж байжээ. Франц улсад өдөр бүр хоёр еврей үндэстэн өөрийн шашин шүтлэгээсээ болж ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг байна.

Өнгөрсөн 2014 онд л гэхэд тус улсад 851 еврей үндэстэнг ялгаварлан гадуурхсан хэрэг гарч бүртгэгдэж байжээ. Хэдийгээр Францын Засгийн газраас еврейчүүдийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх зорилгоор тодорхой алхамуудыг авч байгаа ч тэдний эрх зөрчигдсөн хэвээр байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинэдийн саран тунгалагших цаг дор

Баянхангай хайрханы тэргүүн дээр арвантавны саран тэргэлтжээ. Дугуй цагаан сарны туяа Хөшөөтийн голыг дэлхэн бүрхэж, алсын уулсын сэрвээг ажихуйд тунгалаг хөх чулууд сүүнд булхагдан байна уу гэмээр. Тийм л үзэсгэлэн төгөлдөр хийгээд зөөлөн дулаахан ажгуу. Сэтгэл ихэд хөхин баясч, даанчиг амгалнаар Гозгорынхоо орой дээр зогсоход нутгийн салхи энгэр заамаар шургална.

Гозгорын өвөрт өвөлжиж буй аавын гэрээс нарийн цэнхэр утаа шөнийн саруулд эгц дээшээ олгойдож, тэрүүхэн дор хэрээтэй, морьд тургилах нь нэг л дотныг яана. Хаврын тэргүүн сарын шинэдээр ус нутагтаа ирж, уулсынхаа салхи савирт алгадуулан, сарны гэгээнд сэтгэл цэнгэгших шиг агшин хором юутай ч зүйрлэмгүй билээ. Дүүгийн хамт хоёр морио чөдөрлөж орхичихоод буцаад гэр рүүгээ алхсанаа санаа бодол нэг л тогтож ядан байсан учир шөнийн аниргүйд ийн зогсож байгаа хэрэг.

Шинийн арван таванд багтаж аавдаа ирж золгов. Аав минь, Баянхангайн даваан дээгүүр машин гарч ирэн Хөшөөтийн голыг хөндлөн огтолж, Гозгорын өвөлжөөнд жолоогоо таттал гаднаа дурандан суудаг сан. Үр хүүхэд нь мөн ч бай, биш ч бай яг л тэгж хүлээнэ шүү. Энэ удаа мөн л ялгаагүй. Үзүүр нь сэмэрч, гандаж хөхөрсөн алчуураар дурангаа ороосон шигээ зогсож байлаа. Аавдаа ирж үнсүүлэх бүр нэг зүйл санаанаас гардаггүй. Дээд сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа цагаан сарын өмнөхөн гэртээ ирлээ. Хагас жилийн хичээлээ дуусаад амралтаараа ирж байгаа минь тэр.

Сумын төвд ирчихээд хэд хэдэн айлаар оров. Бас ч үгүй төв газар удсаных орох айл, уулзах хүн мундаагүй байлгүй. Аав хонио хариулангаа баз хүргэчүүдийн нэг болох Амаагийнхаар бууж л дээ. Гэрийн эзэгтэй цай өгөх зуур “Төвд хүү чинь ирсэн дуулдсан” гээдэхэж. Тэр даруй халуун цайг залгилах нь холгүй уугаад мордоод давхичихсан байгаа юм. Хар эрчээрээ гэрийн гадаа ирээд уяан дээрээс ээжийг дуудан, баяртай мэдээ дуулгая, төвд хүү ирсэн гэнэ гээд хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтчихсэн, манайхны хэлдгээр хөл нь газар хүрэхгүй орж ирсэн гэдэг.

Оройхон мотоцикл унан гэртээ давхин ирэхэд нохой дуугаар минь таньж, сүүлээ шарван ар өврөөс зүүгдээд гэрт ээж “Чи гараач ээ, хүү чинь ирчихээд байна” гэх нь сонсогдоно. Яваад ортол аав эрэгнэгийн тэнд зогсож байх юм. Намайг үнсэж ч чадалгүй уйлаад байж билээ. “Алив хөгшөөн, айраг цагаа, хоол унд” гээд л. Бүх зүйл өмнө нь бэлэн байгааг анзаарах ч сөхөөгүй. “Хүүгээ хотод өнгөрүүлсэн таван сар аавд нь таван жил болох шиг удлаа. Ээж нь яахав, хаа нэг очоод уулзчих юм, төв ороод утсаар ярьчих юм. Аав нь хэдэн адууныхаа дэргэд хий дэмий санаж, сэтгэл дотроо л уйлж явлаа даа” гэж хэлэхэд л миний бие гэртээ ирэлгүй, аавдаа үнсүүлэлгүй удсанаа ойлгосон доо. Тэр цаг мөч өчигдөр мэт л санагдах авч даруй арван жил өнгөрчээ. Хөшөөтийн голынхон нэгнийд нь холоос гийчин ирэхэд морьтой нь морьтойгоо, машинтай нь машинтайгаа давхин ирдэг бичигдээгүй хуулийн дагуу нэг л мэдэхэд аавын гэр зочдоор дүүрсэн байлаа. Сар шинэ хэдий хуучирсан ч айраг цагаа бүх зүйл элбэг дэлбэг. Өвөлжөөн дээрх өвсийг дарсан цас үзүүрээсээ хайлмагтан урсаад, сүрэгтэйгээ алхаа нийлэх тэнхэлгүй болсон хэдэн борлон пин дотор бөөвийчихсөн зогсоно. Бас болоогүй ээ, ногоон өвс голдоо хаяулчихсан, хар онгоцонд ус дүүргүүлчихэж. Тэгээд л санаа амар, хэвтэх нь хэвтээд, зогсох нь зогсч байгаа аж.

Цугласан олон цагаан сарын бөх болон хол ойрын сонин сайхныг хуучилна. Доржсамбуугаа хоёрын даваанд унана гэж бодоогүй шүү. Түрүүлэх л юм бодож байлаа гэнэ. Мөн залуу заан М.Өсөхбаярт нутгийнхан маань бас л найдлага тавьж байсан бололтой. Шигшмэл морьдын Дүнжингарав уралдааны төвийн бүсийнх нь манай сум (Булганы Хишиг-Өндөр)-нд болно гэж байснаа больчихлоо. Яагаад больчихов. Уул нь “Авзага”-ын Мэндээ хийнэ л гэж байсан гэх яриа бас өрнөөдөхсөн. Мал хэдийгээр төллөж эхлэх, гүү унагалсан эсэхийг малчдаас сонирхоход, гуравдугаар сарын арвад гээд мал төллөнө. Гүү өнөө маргаашгүй болчихоод байгаа гэв. Намайг хөдөө гэртээ очдог тэр өдөр Тээг баг буюу гуравдугаар багийн хурал болжээ. Сумын Засаг дарга, багийн дарга гээд бүгд л ирцгээсэн аж.

Энэ онд Хишиг-Өндөр сумын 80 жилийн ой тохиож байгаа. Багийн хуралд суусан хүмүүс, хурал тараад бүгд манайхаар ирлээ. Өглөөгүүр тэд гөрөөнд гарч, Ар, Өвөр булаг, Ангалын эхийг үргээсэн гэнэ. Хоёр чоно гарсан даа, хаагуур явчихав. Шар жалгаар л дутуу эргэчихлээ хэмээн бууз жигнэх хооронд хөөрөлдөв. Тэр зуур Засаг даргатайгаа тусгайлан уулзаж, сум орон нутгийн талаар асууж сонирхлоо. Өнөө жил манай сум 148 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил 174 мянган мал тоолуулж байсан юм байна. Сумын хэмжээнд хоёрхон тэмээ байгаа нь анхаарал татав. “Шоо” Мягмарсүрэн хэмээх айлынх хэдэн жилийн өмнө арваад тэмээтэй Могодоос шилжиж ирж билээ. Манай сум тэмээгүй. Харин Мягмарсүрэн гуай ирсэн цагаасаа л сумын хамгийн олон тэмээтэй хүнээр ямар ч өрсөлдөгчгүй манлайлж байгаа. Арваад тэмээнээс нь одоо хоёр л үлдсэн хэрэг. Харин нэгдүгээр багийн нутаг болох Цагаан үзүүр, Тогтоогийн хөндийгөөр 200 гаруй тэмээ бэлчээрлэж байгаа гэнэ.

Тэр бол даян аварга А.Сүхбатын тэмээнүүд. “Аваргын тэр олон тэмээ манайд өвөлжлөө. Одоо хаваржих гэж байна. Бэлчээр тахаллаа гээд малчид дургүй байдаг. Тиймээс сумын удирдлагууд аваргын малыг нутагтаа байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тэмээнүүд өвөлжчихлөө” гэж М.Зоригт дарга өгүүлэв.

А.Сүхбат аварга малчид дээрээ хаа нэг л ирдэг гэнэ. Сум орон нутгийн удирдлагуудтай хоёр, гурван жилийн өмнө уулзаад хэд хэдэн зүйл дээр санал солилцсон аж. Ухаандаа, танай суманд бөхийн дэвжээ байгуулна. Бөх төрүүлэх тал дээр ихээхэн анхаарна гэжээ. Тэр бүгдийнхээ хариуд малаа бэлчээрлүүлж байхаар тохирсон нь мэдээж. Бөхөө дээдэлдэг монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын тийм санал тавихуйд хүн бүр дуртай хүлээж авсан нь тодорхой. Гэтэл аварга маань малаа эргэчихээд, өмнөх амлалтаа бол мартчихсан шиг байгаа юм. Тэмээ малыг нь байлгахгүй гэсэн шийдвэр гаргачихсан, хөөж туугаад байгаа болохоор өнөө бөхийн дэвжээ байгуулах ч өнгөрсөн байх даа гэж засаг ноён жаахан харамсангуй өгүүлж байсан.

Батлайн Төмөрхуяг хэмээх сайхан хүн бөхийн дугуйлан ажил-луулж байх үед Хишиг-Өндөрийн залуучууд орон нутагт байтугай улсад мөчөөгөө өгдөггүй байсан.Түүний нэг жишээ И.Доржсамбуу гарьд л даа. Гурванбулагаас наймдугаар анги төгссөн хүүхэд манай сумын сургуульд арван жил дүүргэх гэж ирээд Төмөрхуяг багшийн дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Мөн манай хүргэн.

Ингэхэд манай сум хоёр бөх хүргэнтэй. Нөгөө нь сүүлийн үед олныг шуугиулж байгаа Ч.Санжаадамба юм. Цагаан сараар гарьд, цэргийн хурц арслан хоёулаа л Хишиг-Өндөрт очиж хадмындаа золгоцгоосон гэсэн. Хэд хэдэн фермерийн аж ахуй байгуулагдаж байгаа, сүүний үйлдвэртэй болж буй, Францын хөрөнгө оруу-лалтаар сум дундын хоёр давхар эмнэлэгтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөжээ.

Нүдний хэмээгддэг ардын эмч Ж.Баасанхүү нутагтаа ахмадын сувилал байгуулсан байна. Манай суманд “Орхон гол” төсөл хэрэгжиж байгаа. Тэр тухай нутгийн удирдлагаас лавлахад, сум орон нутгийнхан 100 хувь дэмжиж байгаа гэж байсан. Тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэнддоо тэргүүтэй үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн Асгатын хүрэм нэг үе мөс нь хайлаад тиймхэн байсан ч одоо хуучиндаа орсон гэнэ. 2001 онд тэшүүрийн улсын аварга манай суманд болж байсан түүхтэй. Тэр уламжлал дахин сэргэх бололтой. Уг яриа хөөрөө багийн хурлаас ирсэн зочдын дунд өрнөсөн юм. Сар шинийн үеэр нутагт маань нэгэн явдал болжээ. Тэр тухай уулзсан бүхэн л ярьж байв. Юу гэвэл наян саяын үнэтэй хөөрөг хагарсан байгаа юм. Бүр тодорхой өгүүлье л дээ. Намдагийн Бадарч хэмээх бүхий л насаараа сумандаа эмч байсан хүнд ид шидтэй гартаам хөөрөг өвөг дээдсээс нь уламжлагдаж ирчээ. Өвдөж хавдан, хариугүй л явдгийн даваан дээр уг хөөрөг аминд орно.

Хэдэн жилийн өмнө тэрхүү хөөргийг ховор үнэт эдлэл хэмээн улсын сан хөмрөгт бүртгэж, үнийг нь наян сая хэмээн тогтоож, батламж өгчээ. Гэтэл өнөө наян саяын хөөргийг сумын цагдаа залуу эхнэрийн хөх хавдаад гэж хэдэн өдөр гуйгаад, өгөхгүй болохоор нь сүүлдээ уурласан байгаа юм. Бадарч эмч гэргийдээ хандан, юуг нь нуухав дээ, хэдэн хүүхэд минь бор дарс хаа нэг хүртдэг. Наад цагдаад хөөргөө өгчих. Тэр хэдийг “зуучихвал” хэцүү шүү дээ гэж эцэг хүний хувиар хэлсний хүчинд гэргий нь өгчихөж. Хөөрөг чухам яаж хагарсан нь мэдэгдэхгүй, ёотон шиг хэдэн хэсэг болчихож. Өнөө цагдаа залуу болон гэргийнх нь яриагаар аягатай усанд хийгээд цонхны тавцан дээр хонуулсан гэж байгаа. Ийм л нэг зохиол шиг зүйл болсон байгаа юм. Бадарч эмч “нэгэнт хөөрөг маань үгүй болжээ. Шүрэн толгой, алтан нуух нь байгаа учир би наян сая гэхгүй, дөчин саяыг л авъя даа” гэсэн дуулдсан.

Хөдөө гэртээ ирснийх морь унаж Хөшөөтийн голоо өгсөв. Цэцэг-Өндөр хайрханы орой тэртээд хөхрөн цэнхэртэж, тэнгэрийн хаяатай алсран цэлийнэ. Наагуур нь Хөх асганы хад эрвийн сэрвийн харагдаж, Бавуу ажаагийн минь нутаглаж байсан Ханхын өвөлжөө, Хавтгайн бэл сэтгэлд дотнохон үзэгдэх ажгуу. Чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, амь шүтээн хэмээн дээдэлж явдаг Арцын улаан хад минь нэг л энхрий дотно харцаар ширтэх шиг болж, бодлын үзүүрт тунгалагшина. Нар баруунаа хэвийх ахуйд Өвөрбулагийн орой дээр гарлаа. Өвөрбулаг бол төрийн шагналт зохиолч Зундуйн Доржийн нутаг. Ерэн таван онд манайх Өвөрбулагт зусч, аав минь арав гаруй морьд уяж байсан сан. Доржпалам гуайн олон цагаан ноход морьд үсэргэхэд барьж идчих гээд хэцүү байдгийг санав. Дорждаваа гэж Өвөрбулагаас гардаггүй хөгшин байлаа. Ус нутгийн олон “Тос агаа” гэж авгайлна. Том дурангаа зургийн аппарат гэж хүүхдүүдийг хууран гэрийнхээ гадаа зогсоож байгаад зургийг нь авдаг сан. Нэг удаа хаяа айлынх нь бүсгүй дуран гэж мэдэхгүй, шинэ дээлээ өмсөн зургаа авахуулчихаад “та ямар муухай юм” гээд уйлсан гэдэг шүү. Энэ бүгдийг эргэцүүлэн байх ахуйд хэдийнэ мал хотолж, шинэдийн сарны туяа асгарч байлаа.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид эмнэлэгт хүргэгдлээ

“Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад өнөөдөр 10 хонож байгаа юм. Төр засаг тэдний үгийг сонстол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байсан билээ. Болохгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байсан тэдний нэг болох 61 настай эмэгтэй болох Цэрэннадмидийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдээд байна. Түүнийг яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзээд даралт нь ихэссэн, дотор халуунтай гэсэн оноштойгоор Улсын төв Нэгдүгээр эмнэлэг рүү авч яваад байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн өлсгөлөн зарлаж буй Борхүүгийн биеийн байдлыг тааруу байгаа ч “Үхтлээ нутгаа хамгаална. Эмнэлэг явахгүй” хэмээн мэдэгдэж эмнэлгийн тусламж авахаас татгалзаад байгаа юм. Өлсгөлөн зарлаж буй бусад найман иргэн бие нь муудсан ч эмнэлгийн тусламж авахгүй хэмээн мэдэгдээд байгаа аж.


Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэргийн гаралт их байна

Хөхөгчин хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд нийтдээ 8819 дуудлага ирсэн байна.

Үүнээс цагдаагийн 102 утсанд 3814, түргэн тусламжийн 103 утсанд 4462, 101 болон 105 тоот утсанд 545 дуудлага иржээ. Харин энэ дотроо гэмт хэргийн шинжтэй 322 дуудлага ирсэнээс 48 нь гэмт хэрэгт бүртгэгдсэн бол гал түймэр аврах ажиллагааны 22 бодит дуудлага ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт их байгаа аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд өчигдрийн байдлаар орон байрны хулгайн 8 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн дээгүүр явган болон машинтай зорчихгүй байхыг анхааруулж байна

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрс ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарах төлөвтэй байна.

Мөн манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрчээ. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Иймд, иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзний галыг сайтар унтрааж гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хакухогийн ментал буюу дотоод хүч” ном уншигчдын хүртээл боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Японы мэргэжлийн сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргалд Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг гардуулан өгсөн билээ. Түүний сумод зүтгэсэн 15 жилийн түүхийг М.Даваажаргалын багш Н.Кенши ном болгон бичжээ.

“Хакухогийн ментал буюу дотоод хүч” номыг нь Япон судлаач Д.Төмөрбаатар Монгол хэлээр орчуулсан байна. Хакухо Даваажаргал Хөдөлмөрийн баатар болсныхоо дараа энэ номынхоо дээжийг Монголынхоо уншигч нарт хүртээв.

Хакухо уг номын нээлтийн үеэр “Аварга хүн ялагдах эрхгүй, ялагдвал зодог тайлдаг тийм л жамтай учраас сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Миний багш Найто Кэнши 15 жил надтай хамт байсан учраас миний үйл хөдлөл, яриа, зан чанарыг хамгийн их ажиглаж мэддэг хүнийхээ олон жилийн үр дүнд тулгуурлаж энэхүү номыг гаргасан. 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн номоо өнөөдөр Монгол хэл дээрээ орчуулан ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн баатар цолыг минь номын ариун цагаан мөр дагаж байгаад бүр ч баярлалаа” гэв.

Categories
мэдээ спорт

Oлимпийн эрхийн оноо олгох Европын цуврал эхэллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өнөөдөр Германы Дюсселдорф хотноо эхэллээ. Манай улсаас “Дюсселдорф Гранпри”-т дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, О.Балжинням, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй

60кг Г.Хэрлэн, Г.Болдбаатар

66кг Д.Төмөрхүлэг

73кг С.Ням-Очир, Г.Одбаяр

81кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

-90кг Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл

-100кг Н.Түвшинбаяр

+100кг Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

48кг М.Уранцэцэг

52кг А.Цолмон, М.Бундмаа

57кг Д.Сумъяа

63кг Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа

70кг Ц.Наранжаргал

“Дюсселдорф Гранпри” тэмцээн хоёрдугаар сарын 22-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав-2015” уралдаан маргааш эхэлнэ

Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хурдан морины уралдаан маргааш эхлэх юм. Энэ удаад Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болoхоор болсон. Харин уралдаанд оролцох эрлийз дээд насны морьдын бүртгэлийг битүүний өдөр явуулсан бол хоёрдугаар сарын 22-нд уралдах, азарга, их нас, соёолон морьдын бүртгэлийг маргааш өглөө 09.00 цагаас Өлзийт хорооллын 59-р сургууль дээр хийх юм. Бүртгүүлэхээр ирэхдээ уяачид морьныхоо фото зураг, унаач хүүхдүүдийн даатгалтай ирэх шаардлагыг Монголын морин спорт уяачдын холбооноос тавьж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Египет, Энэтхэг улс Оростой өөрийн мөнгөөр наймаалцана

Оросын http://orensmi.ru цахим хуудсанд мэдээлсэнээр Оросууд Энэтхэг, Египет улстай өөрсдийн мөнгөн тэмдэгтээр арилжаа хийх хэлэлцээ хийж байна. Дээрх улсуудын үзэж буйгаар өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх нь хэн хэндээ ашигтай тусна. Түүгээрч зогсохгүй тухай улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг сааруулна. Учир нь оросууд дээрх орнуудтай атомын цахилгаан станц, зэвсэг нийлүүлэх зэрэг том хэмжээний мөнгөн дүнтэй гэрээг сүүлийн хоёр жил шургуу хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг өргөлөө

Тус арга хэмжээний хүрээнд оны Гран-Пригаар шалгарсан “НВЦ” ХХК, оны онцлох аж ахуй нэгжээр шалгарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Макс” групп, “АПУ” ХК, “Номин Констракшн девелопмент” ХХК, “Витафит” групп, “ТЭСО” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Мобиком Корпораци” ХХК-ийн тугийг өргөсөн байна.

Х.Бат