Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав-2015” уралдааныг хойшлууллаа

Төвийн бүсийн “Дүнжингарав-2015″ хаврын морин уралдаан өнөөдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд эхлэх байсан ч цаг агаарын байдлаас болж уралдах байсан эрлийз дээд насны уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ талаар одоо 11.00 цагаас Монголын морин спорт уяачдын холбооны төв байран дээр тэргүүлэгчдийн хурал хуралдаж, хэдий хэр хугацаагаар хойшлуулах талаар хэлэлцэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнд даацын машин унажээ

Сар шинийн баярын эдгээр өдрүүдэд орон нутгийг зорих иргэд их байна. Төв аймаг руу явах замд хүнд даацын машин унасан байна. Иргэдийн өгч байгаа мэдээллээр машин их ачаатай байсан байна.

Өнөөдрөөс эхлэн Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн замд цасан шуурга шуурч зарим газар үзэгдэх орчин муу болсон тул олон иргэд замд саатлаа. Иймээс зарим газар замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар маргааш хүчтэй шуурга болох тул ард иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим газар хөдөлгөөн хязгаарлаж байна

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

-Онцгой байдлын комиссоос Улаанбаатараас Дархан, Сэлэнгийн замыг хаалаа-

Шинийн 2 буюу өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрч байна. Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүслээ. Мөн Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга шуурч байна.

Өнөө өглөө Дархан, Орхон аймгийн замд цасан шуурга болж, үзэгдэх орчин муу болсон тул олон иргэд замд саатлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөлийн постоос Орхоны гүүр хүртэл 12 км-т зам боогдож, 300 гаруй машин саатаад байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн ОБЕГ-ын шийдвэрээр УБ-Эрдэнэт, УБ чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоохоор болжээ. Мөн Хөвсгөл аймгаас Улаанбаатр хот руу ирэх замын хөдөлгөөнийг хаагаад байна.

Онцгой байдлын комиссоос Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ орох замыг хаасан бөгөөд зайлшгүй явах шаардлага гарвал анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

Өнөө шөнө Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн зарим хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх аж. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтий аймгийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэр аймгийн нутгаар цасан шуурга шуурна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар маргааш хүчтэй шуурга болох тул ард иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж дээр аймгууд руу зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

2500 жилийн настай хүрэл муур 52 мянган еврогоор зарагджээ

Саяхан эртний Египетийн үеийн соёлд хамаарагдах хүрэл муур дуудлага худалдаагаар орж 52 мянган еврогоор зарагдсан байна. Энэхүү хүрэл муурыг эрдэмтэд 2500 жилийн настай хэмээн тодорхойлсон бөгөөд Английн баруун Корнуолл орчмоос олсон аж.

Дуудлага худалдаанд оролцогч ноён Дэвид Лэйгийн ярьснаар хүрэл муурийг анх олж, эзэмшиж байсан Дуглас Лидделл 2003 онд нас барсан байна. Тэрээр өмнө нь “Spink & Son” хэмээх эртний Египет эдлэлүүдийг арилжаалдаг фирмийн захирлаар ажиллаж байгаад 1987 онд тэтгэвэртээ гарч Корнуолл руу нүүжээ. Гэвч түүнийг нас барсны дараа эзэмшиж байсан хүмүүс хүрэл муурын үнэ цэнийг төдийлөн мэддэггүй байсан учир байшингийн агуулахад хаясан байжээ.

Их Британийн музейн мэргэжилтнүүд энэхүү хүрэл муурыг МЭӨ 700-500 жилийн үед Египетийн сурвалжит гаралт язгууртнуудын захиалгаар хийлгэсэн бүтээл хэмээн таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “ITB Berlin 2015” үзэсгэлэнд оролцоно

ХБНГУ-ын Берлин хотноо ирэх гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд дэлхийн 190 орны 10,000 гаруй аялал жуулчлалын салбарынхныг нэгтгэх “ITB Berlin 2015″ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болох билээ.

Монгол улс энэ үзэсгэлэнд анх удаа албан ёсны түнш орноор оролцохоор болсон байна. Үүнтэй холбогдуулан “Аялал жуулчлал–Ирээдүй” ТББ болон “ITB Berlin” үзэсгэлэнг зохион байгуулагч Германы “Messe Berlin” байгууллага хамтран хоёрдугаар сарын 18-ны өдөр Берлин хотноо хэвлэлийн бага хурлыг зохион байгуулжээ.

Хэвлэлийн хуралд “Messe Berlin”-ий Дэд ерөнхийлөгч Мартин Бук, “ITB Berlin” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн дарга Дэвид Рютц, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, “АЖИ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Индраа, төслийн менежер Б.Эрдэнэчимэг нар оролцож, Монгол Улс албан ёсны түнш орноор оролцох болсон тухай болоод, үзэсгэлэнд хэрхэн оролцох тухай мөн манай улсын аялал жуулчлалын талаар танилцуулга хийсэн байна.

Германы 100 гаруй сэтгүүлч оролцсон тус хэвлэлийн хурлын үеэр Монголын ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэр зэргийг толилуулжээ.

1966 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн “ITB Berlin” үзэсгэлэнг энэ жил Европын улс орнуудаас төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 170,000 гаруй хүн үзэж сонирхох тооцоотой байгаа бөгөөд манай улсаас нийт 17 аялал жуулчлалын компани болон төр засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөл оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд монголчуудад мэндчилгээ дэвшүүллээ

Энэтхэгийн сонгууль бол дэлхийн хамгийн сонгуульд тооцогддог. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын эдийн засгийн хөгжил олон улсын анхаараалд орж байна. Тус улсын парламентын сонгууль 2012 онд болж, Гуджарат мужийн захирагч Нарендра Моди гэдэг эрхэм Ерөнхий сайд болсон юм. Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд 1950 онд төрсөн улс төрийн боловсролтой нэгэн. Гуджарат мужийн эдийн засгийг сэргээсэн амжилтаар Ерөнхий сайд болсон тэрээр твиттерт арав гаруй сая дагагчтай юм байна. Шинийн 1-нд тэрээр монголчуудад зориулж доорх жиргээг илгээжээ.

Narendra ModiVerified account @narendramodi

Ирж байгаа шинэ жилдээ амжилт бүтээл арвин, аж жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Монгол дахь миний эгч, ахан дүүс Та бүхэндээ Цагаан сарын баярын мэндийг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Сайхан сар гарлаа

Энэ жил шинийн 1 их дулаахан өдөр байлаа. Шинийн эхний хоёр өдөр хүмүүс амгалан хэрүүл, уруулгүй (цахим сүлжээнд үзэгдэх ганц нэг муу үгийг эс тооцвол), нэг ч согтуу хүнтэй таарсангүй. Эхнэр, нөхрүүд бага насны хүүхдүүдээ гүнж, ханхүү мэт гоёсон сайхан өдрүүд үргэлжилж байна. Дархан, Эрдэнэтийн зам бөглөрсөн боловч хүмүүс бие биендээ найрсанг хандаж, аль болохоор бухимдахгүй хичээж байгаа бололтой. Дээр нь өдөр ирэх бүр дэлхийд нөлөө өсч байгаа Энэтхэг гүрний Ерөнхий сайд монголчуудад монголоор сар шинийн мэнд хүргэж байна. Ерөнхийлөгч маань мянгат тэмээчинд шагнал гардуулж, УИХ-ын дарга маань улам их ажиллахаа амлав. Ирэх жил бидний амьдрал элбэг байхыг Ерөнхий сайд маань хүсч байна. Сайхан сар гарлаа

Х.Бат

Categories
гадаад мэдээ

Исламын улсад 2000 шахам оросын иргэд байлдаж байгааг зарлажээ

Ирак болон тухай бүс нутгийн орнуудад түгшүүр төрүүлээд байгаа Исламын улс гэгчид 2000 шахам Оросын иргэд тулалдаж байгаа тухай ОХУ-ын ХАБА-ны дарга А.Бортников Вашингтонд мэдээлжээ. Түүний баталж буйгаар Исламын шашинтай орны иргэд оросуудаас их байгаа аж. Тусгаар тогтнолоо зарласан Исламын улс гэгчид 100 шахам орны 20 мянган иргэд дайтаж байгаа гэжээ.

Х.Бат

Categories
гадаад мэдээ

Хятадууд дэнлүүний баяраа тэмдэглэсээр…

Хятадуудын ямар нэгэн баярыг тэмдэглэхдээ хэрэглэдэг хамгийн чухал хэрэгсэл бол дэнлүү. Тэд баярыг дэнлүүгүйгээр төсөөлж чадахгүй. Энэ нь таван мянган жилийн түүхтэй өв соёл гэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэнлүүний баярыг хумих бодлого явагдаж байгаа ч одоохондоо бүрэн зогсоож чадаагүй л байна. Энэ жил хятадын цөөнгүй хотод дэнлүүний баярыг өргөнөөр тэмдэглэж байна. Тэдний нэг нь Чанчунь хот юм. Эртний ёс заншил хатуу баримталдаг хотын дарга нар дэнлүүний баярыг хориглох нь нийгэмд таагүй уур амьсгал төрүүлнэ гэж болгоомжилдог аж. Харин байгаль орчныг хамгаалагчид, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулагчид дэнлүүний баяр нь галын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, агаарыг бохирдуулж байна хэмээн шүүмжилдэг гэнэ.

Х.Бат

Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржих газарт 20 хүүхэд мэндэлжээ

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-ний 19.00 цагаас хоёрдугаар сарын 20-ны 07.00 цагийн байдлаар нийслэлийн “Өргөө” /I амаржих/ төрөх газарт 20 эх амаржиж, 12 хүү, 8 охин мэндэлжээ. Харин “Хүрээ” /II амаржих/ төрөх газарт дөрвөн эх амаржсанаас хоёр хүү, гурван охин /ихэр/ мэндэлсэн бол “Амгалан” /III амаржих/ амаржих газарт мөн дөрвөн эх амаржиж, хоёр хүү, хоёр охин төрсөн байна.