Categories
мэдээ нийгэм

Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн замыг нээлээ

Өчигдрөөс цаг агаар хүйтэрч, зарим нутгаар цасан болон шорон шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын газраас сэрэмжлүүлээд байгаа. Тэгвэл байгалийн гарч болзошгүй хүнд нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөө орон нутгийн зарим замыг хаагаад байсан юм.

Тодруулбал, Онцгой байдлын комисс, цагдаагийн бие бүрэлдэхүүн өчигдөр шөнийн 20:00 цагаас Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замыг хааж байгаа талаар мэдээлсэн. Харин өнөөдөр өглөө 07:00 цагаас эдгээр аймаг руу зорчих замыг нээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи 19-ний өдөр баруун зүгийн нутгаар, 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрс ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарах төлөвтэй байна. Манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Иймд, иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, чүдэнзний галыг сайтар унтрааж гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Бараашиг асгасан цагаан сар

Цагаан сар хаяанд ирлээ. Бага байхад цагаан сар, шинэ жилийн баяр ойртох тусам хоног уртассан мэт санагддагсан. Авга ах маань биднийг жил бүр наадам үзүүлэх гэж хот руу чирнэ. Ахаас бусад нь “Цэнгэлдэхэд орохоор нүд эрээлжлээд байна” гээд явахгүй. Харин цагаан сарыг бүгд хүлээнэ. Бууз банш идэхдээ биш, хамгийн гоё нь айл хэсч бэлэг цуглуулах. Дээлийн энгэр бэлгэндээ цүдийсээр урд хормой бүс давахын цагт гэртээ очиж юүлээд буцаад гарна даа. Айлууд 12 хуудастай дэвтэр, харандаа, жигнэмэг бэлэглэнэ. Ихэнх айл түүн дээр нэмж нэг төгрөг өгнө. Талх 1.4, сүү 0.9, кг гурил нэг төгрөг байсан үе. Ямар ч айлд орсон багадаа л атга чихэртэй гарна. Миний мэдэхийн манайх цагаан сарыг даруухан тэмдэглэдэг байж. Зуунмодод аавын маань хоёр дүүгийнх байх. Шинийн 1-нд тэр хоёр нь ирчихнэ. Намын хороо, захиргааны цөөн дарга үд дунд ирээд золгочихно. Манай цагаан сар ерөнхийдөө ингээд өндөрлөнө. Аав том эгч хоёр айл хэсэх дургүй. Би аавыг дагаж хоёр дүүгийнхээр нь очно. Байрандаа байдаг ангийнхаа дөрвөн хүүхдийн аав ээжтэй нь золгоно. Ингээд миний цагаан сар дуусчих гээд болдоггүй, тийм учраас өөрийн зоргоор явах гэнэ. Манайхаас хамгийн нүсэр цагаан сар тэмдэглэдэг хүн бол миний ах. Ахдаа би арай л хүрэхгүй л дээ. Нэг удаа ах маань цагаан сараар 100 шахам төгрөгтэй болсныг санаж байна. Бид цагаан сараар олсон мөнгөө том эгчдээ өгнө. Харин тэр их мөнгө олсон жилээ ах маань 20 гаруй төгрөг авч үлдсэн юм билээ. Би түүний бэлэг сэлтий нь багцаалдаж байгаад “Чамд лав арван төгрөг байх ёстой гэж тулгав. Тэгсэн чинь мань хүн 20 ширхэг нэгтийн дэвсгэрт гаргаж ирээд “Хоёулаа энэ мөнгөөр улаан ус (ундаа), элэгний нухаш авч иднэ. Харин чи хэнд ч хэлж болохгүй шүү” гэж байна. Ах маань ийм хоншоортой эр л дээ. Дээр нь бас нэг болзолтой. Тэр нь би ахын чавх, тэвэг, бөглөө зэргээ нуусан газрыг аавд илчлэхгүй. Бас зун нууцаар самарт явсныг, сүүний мөнгөний хариултыг том эгчид өгдөггүйг хэлэхгүй гэсэн ам өгч байж 20 төгрөгийг нь үрэхээр хэлэлцээр хийж чадав. Бидний нууц гэрээ дараа жилийн цагаан сар хүртэл хүчин төгөлдөр байх тодорхой заалттай. Харин би мөнгө үрэх хугацаанд л амаа хамхиж чадсан юм. Бусад цагт нь би тувт шантааж хийсээр… ах маань Алтанхуяг шиг тэссэн ч нэг л өдөр би түүний бүх булхайг олонд дэлгэсэн билээ. Гэхдээ намайг бодвол эдийн засгийн ухаантай ахдаа би газраа хөлдөөсний гор гарч миний хувьд дараа жилийн цагаан сар хүртэл нэг ч төгрөгийн орлогогүй хүндэвтэр жил өнгөрсөн юм. За энэ ч яахав, цагаан сардаа оръё. Биднийг хүүхэд байхад цагаан сарыг малчдын баяр гэж нэрлэдэг байсан. Нэг үе хот суурин газарт чимээгүй өнгөрдөг байсан ч гэж ярьдаг. Харин нэг удаагийн цагаан сарын баяр санаанаас гардаггүй юм.

Манай гэр Зуунмодны төв талбайд байдаг. Цонхоор Аймгийн захиргааны аавын өрөөний цонх гэрэлтэй эсэх нь харагдана. Гэрэл унтраад аав захиргааны хаалгаар гарч ирэхгүй бол би гүйж орно. Аав шөнө дөл болтол их сууна. Тэр жилийн цагаан сарын өмнө өрөөнийх нь гэрэл унтарсан боловч, аав ирдэггүй. Аймгийн захиргаа руу ортол хэсэг ажилтнууд цагаан сар тэмдэглэх тухай маргаан өрнүүлж байв. Угаасаа баяр ёслолд ач холбогдол өгдөггүй аав маань байгууллага дээр цагаан сар тэмдэглэнэ гэдэг бол байж болшгүй үйлдэл гэж зүтгэж байна. Таван хүн 3:2-оор хуваагдан аавын тал дийлж байгаа бололтой юм. Ялагдаж байгаа тал оросууд манай цагаан сарыг тэмдэглүүлэхгүй бодлого баримталдаг, тусгаар улс үндэснийхээ баярыг тэмдэглэдэг байх ёстой маягийн юм ярьж байна. Мэдээж тэр үед шууд тэгж ярих зүрхтэй хүн байхгүй л дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс утгачилбал тиймэрхүү л утгатай үг хэлж байв. Харин манай талынхан (аавын тал) аймгийн захиргаа айлын гал тогоо шиг харагдана, ууц, боовонд гаргадаг улсын мөнгө гэж байх ёсгүй. Тэгээд ч төрийн ордонд эр эмгүй үнгэлдээд зогсч байх нь зохилтой зүйл биш гээд феодалын талынхныг бут ниргэж байв. Дайсны тал ч мөчөөгөө өгсөнгүй. Тэдний үзэж буйгаар бол цагаан сарын дараа хэсэг бүлгээрээ нуугдаж нэгнийдээ очиж бууз жигнүүлдэг. Тэр нь архидалт болдог. Түүний оронд ажил дээрээ золголт хийвэл хэн хэндээ төвөггүй гэнэ. Харин манай тал тийм намч бус үйлдлийн хажуугаар дуугай өнгөрөөд зогсохгүй, өөгшүүлнэ гэдэг нь нам засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа л нэг хэлбэр гээд сануулж байгаад донгодно гэдгээ тойруу замаар ойлгуулав. Дайсны ч дайралт ширүүсч цагаан сарын баяр бол улсын баяр байх ёстой, малчдын гэсэн нэрээр ёс заншил мартагдаж байна. Тиймээс зарим хүн элдэв янзын ус хэрэглэх болсон хэмээн аавын эмзэг газрыг хатгах нь тэр. Аав маань архи, тамхи хэрэглэхгүй. Харин айраг, пиво, бараашигийг бол нэлээд уучихна. Бараашиг гэдэг нь тухайн үед буцалсан усыг хөргөөд исгэгч, элсэн чихэр, үзэм, чангаазтай иссэн пивотой төстэй ундаа. Гэхдээ согтоох чанар сул. Бараашиг уугаад согтуу явсан хүн дуулдаагүй. Түүнийг захиргааны зарим дарга элдэв ус гэж нэрлэж байсан гэдэг. Аав маань хааяа бараашиг исгэж ууна. Би аавын дуугаа өндөрсгөж байхыг хоёр удаа л харсан. Энэ удаа анхных нь байв. Аав маань “Одоохондоо бараашигийг хорьсон хууль алга. Харин баяр ёслолыг хуулиар зохицуулж байгаа” гээд бараашиг хавар намар чийг баманд сайн, харин цагаан сар хаврын мах ховордсон үед социалист төлөвлөлтийг алдагдуулдаг. Дээр үед алсаас ирсэн зочдод зориулж их хэмжээний хүнс (ууц, боов) бэлддэг байсан болохоос одоогийнх шиг хөршдөө зориулж бүтэн хонины ууц тавих зохисгүй цамаархал хэмээн бараг 30 шахам минут хурлын индэр дээр илтгэл тавьж байгаа мэт үг хэлсэн санагдаж байна. 19 цагийн орчим гэртээ ирж хоолоо идээд буцаад ажил дээрээ суудаг аав маань тэр орой 23 цагийн үед хоолоо идээд буцаж гараагүй. Тэр орой захиргааны жижүүр аавын тал илт давуугаар ялсан гэж үзэж байсан ч хожим гарсан шийдвэр тийм биш гэдгийг харуулсан юм.

Удалгүй цагаан сараар айлууд бараашиг эсгэхийг хориглосон шийдвэр гарсан дуулдав. Хэний ямар тушаалаар гэдэг нь мэдэгдэхгүй тэр яриа цагаан сараар батлагдав. Том эгч маань бараашигны ус бэлдэх эсэхийг ааваас асуухад “Бэлд” гэсэн аж. Бараашигийг уухаасаа арваад хоногийн өмнөөс бэлдэж эхэлнэ. Манайх 30 литрийн вааранд исгэнэ. Цагаан сараар манайд хоёр шил архи жаахан айраг, пиво, бууз л байхад хангалттай. Цагаан сарын дараа үлдсэн 20 литр бараашигийг захиргааныхан цувж ирсээр дуусгана. Орж ирсэн хүнд илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг модон хул бараашиг өгөөд гаргана. Нөгөөдүүл нь мэддэг болохоор золгохдоо илүү дутуу хараад байхгүй дэгтэй. Тэр жил цагаан сар болохоос гурав хоногийн өмнө “Есөн тэнэгийн хороо” нэртэй гэр хороололд айлын бараашигийг асгасан тухай дуулдав. Энэ тухай аавд хэлтэл “Мэдэж байна” гэснээс өөр юм хэлсэнгүй. Том эгч маань жаахан айсан маягтай хоёр хонов. Манай байрны нэг даргын хүүхэд шийдвэр гаргасан хүний нэрийг хэлээд зогсохгүй, бараашиг асгагч нар хэн байгааг мэдэж байгаагаа надад хэлэв. Шийдвэр гаргагч дайсны тал, харин бараашиг асгагч бүлгийн ахлагч манай талын эмэгтэй болж таарав. Битүүний өмнөх өдөр би цонхоор харж зогстол захиргаанаас бараашиг асгагч бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ манай байрыг зүглэв. Би яаран аавын өрөө рүү утасдаж “Манай байр руу бараашиг асгагчид ирж байна. Хаалгаа түгжчих үү” гэтэл “Хэрэггүй” гээд утсаа таслав. Эгч маань жаахан айсан маягтай. Би ажиглалт хийх, асгагчдыг тагнахаар гэрээс гарав. Бүлгийн дарга “Сайн уу Төгсөө, эгч нарынхаа үгэнд орж байгаа биз” гээд нүд ирмээд өнгөрөв. Бараашиг асгах гэж яваа хүн их баяртай байхыг хараад гайхав. Манай байр нэг давхар найман айлын орон сууц. Энэ байранд манайх 1959 онд орсон гэдэг. Асгагчдын бүлэг орох гэсэн эхний айл цоожтой. Үнэндээ би утсаар сануулаад тэд дотроо бүгэж байгаа. Дараагийн хоёр айл бараашиггүй. Дөрөв дэх айл буюу манай өөдөөс харсан айлын бараашигийг асгаж байгаа нь дотор эвгүйтүүлээд явчихав. Асгасан бараашигны савыг намайг оруулж өг гэж манай талын эгч хэлэв. Би ”Та нар намайг эднийх руу орсон хойгуур манай бараашигийг асгах нь уу” гэтэл “Танайд юу гэж бараашиг байхав дээ” гээд инээгээд яваад өгөв. Манай талын эгч манайд бараашиг байгааг мэдэхийн дээдээр мэднэ. Хааяа ганц нэг аяга татна. Манай ааваас арай дүү олон жил хамт ажиллаж байгаа нэгэн. Хожим нь мэдэхнээ манай байранд гуравхан айл бараашиг эсгэсэн гэсэн. Хамгийн эхний айл миний сануулгын ачаар хаалгаа түгжиж амжсан. Хоёр дахь айлыг би бараашиг эсгэдэгийг мэдээгүй учраас утсаар анхааруулаагүй юм.

Том эгч маань оройдоо дүү, эгч, ахыг тойруулж суулгаж байгаад кино, үлгэр ярьж өгнө. Заримдаа зохиогоод ярьчихдаг байсан гэж бидэнд хожим нь ярьж билээ. Тэр цагаан сарын дараа нэгэн сонин түүх ярьсан юм. Хоёр дарга санал солилцож байгаад маргаж эхэлсэн гэнэ. Нэг нь бараашиг уудаг нөгөө нь архи уудаг. Бараашиг уудаг нь нөгөөдөхөө хурал дээр олон удаа шүүмжилсэн. Тэгээд архи уудаг нь бараашиг уудгийгаа дарах нэгэн арга бодож олсон аж. Тэр нь цагаан сараар шүүмжлэгч нөхрийг бараашиг эсгэж байгааг нь илрүүлээд намын Төв хороонд илтгэх. Харин бараашиг уудаг нь тэрийг мэдээд комисс байгуулахдаа өөрийн хүнийг даргаар тавьчихаж. Нэгэнт дээш нь мэдээлэх журамтай тул архи уудаг дарга бараашигаа асгуулсан өөрийн талын нөхрийг матах ацан шалаанд орсон гэнэ. Үүнээс хойш архи уудаг дарга бараашиг уудаг даргатайгаа шөргөөлцөлдөхөө больжээ. Эгчийн энэ яриаг би аавд дамжуулснаар эгч маань миний мэдэх гурав хоног аавд загнуулсан юмдаг. “Тийм юм огт болоогүй, бараашиг асгах нь монгол даяар хэрэгжсэн ажил. Хаанаас та нар ийм юм олж сонсоод байна” гэх нь нэг л сэжигтэй санагдаж байв. Гэхдээ л би аавын үгэнд итгэсэн дүр үзүүлээд өнгөрсөн юм. Гурван жилийн өмнө аавтай тэр үед хамт ажиллаж байсан өндөр настантай хуучилж суух нээ, “Нэг тиймэрхүү зүйл болох нь болсон. Гэхдээ чи тэрийг мэдэх хэмжээний ухаан ороогүй байсан санагдаад байна” гээд инээж билээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Д.Мандахсан: Зохиолчдын эвлэлийг алтан гургалдай гэвэл “Уран-өд” дугуйлан түүний нэг өд нь юм

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсантай ярилцлаа

-Та бол насаараа хөдөө сууж буй бичгийн хүн юм. Манай сонин хөдөө суугаа зохиолчдоос ярилцлага авч цувралаар гаргаж байна. Эл удаа танаас яриа авах боллоо. Та бол гучаад оны эхээр төрсөн насны хувьд Сүрэнжав, Бадарч, Цоодол, Урианхай гээд аваргуудаас ахимаг хүн. Тэгэхээр эртний хүн болж таарна. Их утга зохиолын босго хэдий үеэс алхав даа.

-Хотоос зайдуу сууж уран зохиолтой нөхөрлөсөн нь нэг талын их таатай санагддаг шүү. Байгаль дунд, чимээгүйн дунд, хааяа ганцаардлын орон зайд элдвийг бодох сонин байдаг. Магадгүй бие дааж өсөж өндийхөд нөлөөлдөг ч байж мэднэ. Би хөдөөдөө дуртай болохоор, хөдөөгөө өмөөрч байгаа хэрэг. Гэхдээ хөдөө бол хөдөө л байдаг шүү дээ. Гэтэл бичгийн ажил бичгийн ажил байдаг. Багшийн ажил бол бичгийн ажил юм даа.1957 онд дээд сургууль төгсөөд хүүхдийн дунд орж явчихсан нь зураг сонирхдог намайг шүлэг бичихэд хөтөлсөн юм. Он тоо нь эртнийх сонсогдовч 1960-аад оноос сонин хэвлэлтэй нөхөрлөж “Могойт голын модон гүүр” хэмээх хүүхдийн анхны номоо 1986 онд хэвлүүлсэн. Ер нь өөрийн уран бүтээлд хожуу орсон гэж болно. Миний анхны номын зургийг мэргэжлийн зураач Төгс-Оюун зурсан нь би өөрийгөө бас азтайд тооцдог юм.

-Булган хангайн нутгаас авьяас билэгтэй олон сайхан уран бүтээлч гарсан. Ихэнх нь таны шавь нар. “Уран-Өд” гэж дугуйлангийн үе үеийн найрагчдыг та өврөөсөө шувуу шиг нисгэсэн хүн дээ. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Миний залуу настай хамт төрсөн дугуйлан бол “Уран-өд” юм. Тэртээ 1957 онд багшлах ажилтай минь хамт буй болсон энэ дугуйлангаас олон зохиолч сэтгүүлч, багш нар төрж гарчээ. Товч дурдахад эхэн үеэс : Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг, Н.Хишигдорж, Ж.Батцэцэг, Д.Баттогтох, С.Оюунчимэг, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа, Ц.Чинбат, Б.Цэрэнжамц, Д.Ганчимэг, Б.Баасай, дунд үеэс Б.Эрдэнэсолонго, М.Хангал, Л.Ганзул сүүл үеэс Н.Мөнх-Идэр, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам гээд олон шавь нар бий. Алийг хэлж барах вэ. Он жил холдсон ч үл мартагдах сайхан уулзалт болж байлаа. Уран-өдийнхөн Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Ж.Лхагва нартайуулзаж Багшийн дээдийн Дашдорж багшийн дугуйлан болон радиогийн М.Шийрэвийн дугуйлантай холбоо харилцаатай байлаа. Монголын радиогийн сэтгүүлч Пүрэвсүрэн манай дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэж түүндээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс “Уран-өд” дугуйлан түүний нэг өд нь юм“ гэж тодорхойлсон нь сэтгэлд тод үлджээ.

-Он он жилд хөдөө суудаг болоод тэр үү уран зохиолын аваргуудаас жаахан дөлж явсан уу. Дотны найз нөхөд хийгээд уулзаж учирч явсан зохиолчдынхоо тухай дурсахгүй юу?

-Хөдөөд удсан болохоор хотынхон шиг дотор нь унаж тустал хутгалдаж явсангүй ээ. Харин нутгаараа ирсэн зохиолчдыг таньдаг таньдаггүй ч ирсэн л бол уулзаж, урьж дайлж явлаа. Нэг удаа “Үнэн” сонины сурвалжлагч Дамдинжав гуай М.Цэдэндоржтой анх танилцуулсан юм. Цэдэндорж “Чи арван шүлэг унш.Танайд ирлээ гээд би чамайг магтахгүй гэж билээ”. Би уншлаа. Тэрээр нэлээн дуугүй сууснаа “Шүлгийнхээ төгсгөлийг сайн хий. Төгсгөл дутуу байна.Тэгээд өөрийгөө хэн бэ гэж тань” гэж билээ. Өөр олон юм яриагүй. Харин Солонгосын нэг зохиолчийн амьдралын тухай хүүрнэж байсан сан. Тэрнээс хойш бид хоёр ойр харилцаатай байлаа. Өөрийгөө ойлгоход өөрийгөө хэн бэ гэж бодоход сургасан ачтан гэж одоо ч бодож явдаг юм.

-Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойгоор санагдана, та “Могойт голын модон гүүр” номоороо эвлэлийн шагнал хүртсэн дээ. Тэгэхэд хот хүрээнд ирсэн үү. Ирэхээрээ ямар хүмүүстэй уулздаг вэ?

-Тийм ээ, Хүүхдэд зориулсан шүлгийн номоороо зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Ц.Хулан, Б.Ичинхорлоо нартай хамт авч байсан санагдана. Хот орж ирэхээрээ зохиолч С.Надмид, Д.Төрбат нартай уулзаж учирч явлаа. Одоо бол шавь нарынхаараа зочилно доо. Тэр бүр хот орж ирэхгүй юм даа.

-Хөдөө очсон зохиолч бүрийнхээ уулзалтынхаа дурсамжаас он он жилээр нь ярихгүй юу. Ухаандаа тэр маань ирээд тэгж тэгж хэд хоног наргиж уран бүтээлээ ярьж онгод хиймориор халгиж байгаад буцтал дахиад тэр тэр нар зөрөөд ирж байгаа юм. Тэгээд л мөн уулзалт үдэшлэг, шүлэг найраг гээд явчихна гэх утгатай дурсамжууд юм шүү, багш аа?

-Юм л бол уран бүтээл ярьж, бие биенээ хөглөж, зөвлөж сургадаг нутаг нугын нэрторчуулагч С.Бадраа гуай, шүүмжлэгч Ц.Мөнх, уран нийтлэлч Д.Дашдорж, яруу найрагч алтан гадаст Жан.Шагдар, АрхангайнСоронзонболд нараас эхлээд Булган аймагт уран үгсийн чуулган болж олон зохиолчдын шүлэг зохиолыг сонсож явлаа. Энэ тухай дараа хөөрөлдье. Одоо эрхэмлэж явдаг хоёр хүний тухай товч дурсья. Намайг уран зохиолд анх хөтөлсөн багш маань Ө.Баасанжав. Би бол аргагүй л гарын нь шавь. Анхны минь номыг өлгийдөж авсан ачтан. Сайн байна уу, багш аа гэхээр “Өвгөний хүү би, өндөр болоод сүрлэг байна гэх. Өөрөө намхан болохоор нь би ихэд хөхөрдөгсөн. Хөгжилтэй сэргэлэн хүн байсан юм. Нөгөө нь хүүхдийн алдарт зохиолч Д.Содномдорж. Шүлэглэдэг, дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг их авьяаслаг энэ хүнийг би “багш аа” гэж хүндэлж явдаг. Одоо ч дурсдаг аа.

Дамдинсүрэнгийн Мандахсан

Цогтой золбоотой хөвгүүнд

Дамдинцоогийн Содномдорж

Цохолж хэлэх үг байна. гээд өнгийн балаар шүлэг бичээд өгч байлаа. Гарын үсгээ их чамин уран бичдэг байж билээ. Энэ хоёр хүний буянаар би хүүхдийн зохиолч хэмээх эрхэм нэрийг хүртсэн гэж эрхэмлэж явдаг юм.

-Утга зохиолд таны хайрлаж хүндэтгэдэг хүмүүс гэвэл хэн хэн байна?

-Ер хүнийг зохиол бүтээлээр нь, чин сэтгэлээр нь хүндлэх юм даа. Хүндлэх хүн байлгүй яахав. Хүнийг хүндэлснээр өөрөө дор болчихгүй шүү дээ. “Уран-өд” дугуйлан тайлангаа хийхдээ Б.Лхагвасүрэнгийн шүлгээр эхэлж М.Цэдэндоржийн шүлгээр өндөрлөдөг байлаа. Зохиолч Л.Дашням, Д.Урианхай, Г.Аюурзана, Л.Нямаа болон гарын шавь Баянаагаа хүндэлсээр өдий хүрлээ.

-Та бол яруу найргийн нэртэй төлөөллөөс гадна сайн багш хүн. Олон шавьтай. Багшийнхаа эрдмийнхээ талаар, төгссөн сургууль соёлынхооо талаар ярихгүй юу?

-Би УБДС-ийн унаган бүтээгдэхүүн. Нэг насаараа багшийн ажилд сэтгэл зүрхээ зориулав. Даасан 8-р ангиас маань Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг, 10-р ангиас Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа төрж гарсан юм. Барилгачин хүн бүтээж босгосон орд харшаараа бахархдаг бол багш хүн улс орныхоо нэр төрийг өргөж явдаг шавь нараараа бахархдаг онцлогтой. Багшийн мэргэжил сайхан, би багш нартаа баярлаж явдаг.

-Эрдэнэт хотод хэдэн оноос суурьшиж эхлэв. Хичнээн уран бүтээлийн ном туурвисан билээ?

-Би чинь нутагтаа байгаа хүн дээ. 1985 онд Эрдэнэтэд ирсэн. Уул түшсэн амьдралтай сайхан нутаг шүү. Зууны манлай болсон бүтээн байгуулалттай, дэлхийд нэртэй газар. Эрдэнэт бол миний зохиолч болох, өөрийгөө таньж төлөвшихөд нөлөөлсөн гэж омогшиж явдаг. Гэхдээ би олон номгүй гарын арван хуруунд багтах бүтээлтэй хүн юм. “Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн дуутай шүү.

-Та бол бүхий л насаараа шүлэг бүтээлээ туурвиж буй найрагч. Ер нь ингэхэд яруу найргийг залуу цагтаа бичдэг гэдгийг үгүйсгэдэг хүн бол та шүү дээ. Сүүлд гаргасан шүлгүүд чинь маш өөр, сонин сэтгэлгээний шүлгүүд байдаг. Тэр тухайгаа?

-Яруу найрагт нас хамаарахгүй гэж бодох дуртай. Он удах тусам харин ч өсөж төгөлдөршиж, буйр сууж, гүнзгийрдэг шиг санагддаг. Авьяастай төрсөн аавын хүү нас нь байдаг юм бол, нэг их яагаа ч үгүйбайж насаараа түрий барин –миний яруу найргийн нас төгслөө гээд байх нь нэг л аятайхан биш! Харин ч бодол нас нь жигдэрч, хур авьяасаа хурцалж гүнзгийрдэг юм биш үү гэж би өөрийгөө уруу татан “тэнэглэх” дуртай. Ийм л юм. Түүнээс залуу насны дүрэлцсэн гал цогийг яахан үгүйсгэнэ. Аль аль нь байж гэмээ нь сайныг бүтээх биз дээ.

Би өөрийгөө “Мандахсан гэж тэмүүлэхээс

Намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өдөөж хатгадаг нэгэн билээ. Миний л бодол шүү дээ. Хүн юу гэх ч билээ.

-Хөдөө суугаа зохиолч нөхөдтэйгээ хэр ойр байдаг бол. Холбоо сүлжээ юу байна?

-Одоо цаг бол дуртай цагтаа холбоо барьж ярьж хөөрч болох цаг. Малчин хүн бэлчээр дээрээсээ л хол суугаа хүүхдүүдтэйгээ ярьчихдаг үлгэрийн цаг юм. Би Сүхбаатар луу Амартайвантай, Дархан руу Цэндтэй, Говьсүмбэр лүү Энхтөр, Булган луу Дагваатайгаа ярьчихна шүү дээ. Саяхан П.Батхуяг маань цүнх дүүрэн ном илгээсэн байсан. Эрдэмтэн зохиолч Л.Дашнямынхаа гурван ботийг хүлээн авлаа. Яруу найрагч С.Оюун, Ж.Батцэцэг Б.Хүрэлтогоо нарынхаа шинэхэн бүтээлүүдтэйзолголоо. Энэнээс илүү сэтгэл оюуны сайхан холбоо гэж юу байх вэ. Тийм ээ, хөө.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсонН.Энхбаттай ярилцлаа.

-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн аймгуудын замыг хаалаа

ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАМЫГ ХААЛАА

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр оройноос Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын замыг хаагаад байсан ч өнөөдөр өглөө тус чиглэлийн замыг нээжээ. Харин өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Багахангай, Багануур чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.

ГАМШИГ ҮЗЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Өнөөдөр Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул хол замд явахгүй байхыг анхааруулж байна.

2015 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 17-22 градус, говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруунаас зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 5 -10 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.


2015 оны 02 дугаар сарын 22-ноос 2 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24 нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж байна

Нийслэлийн түргэн тусламжийн төв шинийн 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлжээ. Сар шинийн баярын өдрүүдэд түргэн тусламжийн дуудлага ирэх нь их байдаг. Тиймээс баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд 10.00-14.00 цагийн хооронд ажиллах хуваарийн дагуу иргэдэд үйлчилж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр шинийн гурван

Аргын тооллын 2 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 3, Могойг хүлэгч одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм

Солонгосчууд цагаан сарын бэлтгэлээ 170 ам.долларт багтаадаг

Өмнөд Солонгосын иргэд сар шинийн баярыг олон мянган жилийн турш тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд иргэд нэгдүгээрсарын 1-нд шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэдэг болсон ч уламжлалт сар шинийн баярын ач холбогдол буураагүй байна. Тус улсад Сар шинийн баярыг гурав хоног тэмдэглэдэг бөгөөд баярын өдрүүдийг гэр бүлийн гишүүдтэйгээ хамт өнгөрүүлдэг.

Мөн өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, бурхан шүтээндээ мөргөдөг юм байна. Энэ удаагийн сар шиний баяраар Өмнөд Солонгосчууд бага зардал гаргах төлөвтэй байна гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Солонгосын жижиглэнгийн худалдааны “Лотте Март” сүлжээнээс мэдэгдсэнээр, энэ онд иргэд баярын бэлтгэлдээ дунджаар 170 орчим ам.доллар зарцуулж байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.8 хувиар бага үзүүлэлт юм.

Баярын хүнс болон өвөг дээдэстээ өргөх тахилын бэлтгэлд урьд жилүүдээс бага мөнгө зарцуулж байна гэж Лотте Мартаас мэдээлсэн байна. Тэдний хэлсэнээр, баяраар хэрэглэдэг 28 нэр төрлийн бүтээгдэхүүний 11-ийнх нь үнэ буурчээ. Харин хонины мах, загас, жимс, хүнсний ногоо, самар, гурил болон Солонгосын үндэсний дарсны үнэ хэвээр байгаа бол бусад зургаан бүтээгдэхүүний үнэ өссөн байна.

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчдэд санхүүгийн хүндрэл учруулахгүйн тулд баярын өдрүүдэд бүтээгдэхүүнүүдээ аль болох хямдаар зарахыг хичээж байна гэж Ариранг телевиз мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Мөн говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.