Categories
мэдээ нийгэм

М.Энхсайхан Н.Энхбаяртай золголоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэг эх, элгэн садантайгаа золгохоор эх орондоо ирсэн гэнэ. Тэрбээр өнөөдөр намынхаа гишүүд дэмжигчид болон ахмадуудаа хүлээн авч золголоо.
МАХН-ын золголтын үеэр Н.Энхбаяр “XVII жарны модон хонь жил сайхан гарч байна. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид хонь жилдээ зорилгодоо хүрч эв эеэр бүхнийг шийдэж, сайн сайхан бүхнийг цогцлоохын ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

Золголтод ирсэн ахмад настнууд ерөөлийн үгээ хэлж, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эх орондоо ирсэнд баяртай буйгаа илэрхийлжээ.
Золголтын үеэр Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан намын удирдлагуудын хамтаар ирж Н.Энхбаяртай золгон хүндэтгэл үзүүлсэн юм.

МАХН-ын удирдлагууд мөн “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгээр намын гишүүдээ шагнасан байна.

Categories
гадаад мэдээ

Компьютер тоглохыг хориглосны төлөө гэр бүлийнхнийгээ хөнөөжээ

Цахим тоглоомонд донтох явдал хүүхэд залуучуудын дунд газар авах болсон. Улмаар эцэг, эхийн тавьсан шаардлагаас үүдэн гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох явдал ч нэг бус тохиолдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг Кентуки мужид цахим тоглоомонд дурлагч нэгэн хүү аймшигтай гэмт хэрэг хийжээ.

16 настай Джейсон Хендрикс гэгч өөрийг нь компьютер тоглохыг хориглосны төлөө өөрийн эцэг Кевин болон эх Сара Хендрикс, 12 настай охин дүү Грейс нарыг буудан хөнөөжээ. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ дараа галт зэвсэг, буу, сумаар зэвсэглэн зугтаасан байна. Гэмт этгээд зугтаж явах үедээ зам тээврийн зөрчил гаргаж түүнийг зохицуулахаар ирсэн цагдаа нартай буудалцаж байгаад суманд өртөн амиа алдсан байна. Түүнийг компьютерт хэт автаж, цаг хязгааргүй тоглохыг хориглосон явдал гэр бүл, ойр дотны хүмүүсээ хөнөөх гол шалтгаан нь болсон хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлнэ

Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойд зориулж хүндэтгэлийн концерт, эрдэм шинжилгээний хурал, фото үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

Эрдэм шинжилгээний хурал, фото үзэсгэлэн нь маргааш 11:00 цагт ХБК-ийн концертын “А” танхимд болох бол хүндэтгэлийн концерт 25-ны 18:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Ийнхүү их хүмүүний түүхт ойг түүний нэрэмжит “Хөгжим бүжгийн коллеж”-ын хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулиас төрөн гарсан хэн бүхнийг түүхт ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна лээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн ташуур” балет УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.

Атилла хаан болон Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр УДЭТ-ын уран бүтээлчид харуулах болно. Балетын хөгжмийг А.Батдэлгэр, Хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур” балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Одоогоор Аттила хаанд тус театрын жүжигчин О.Ганцоож тоглохоор болжээ. Мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрүүдэд тоглох юм. Харин “Тэнгэрийн ташуур” балетын тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бутээж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Оросын эх орноо хамгаалагчдад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр ОХУ-ын “Эх орноо хамгаалагчдын өдөр” тохиож байна. Энэхүү хүндэтгэлийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, дэд сайд А.Баттөр болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын албан хаагчид ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид хүндэтгэл үзүүлсэн.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнө удаан жилийн ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн Оросын ард түмэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэрэг дайчид, зэвсэгт хүчнийхэнд энэхүү аугаа өдрийн мэнд хүргэж байгаагаа ноён Элчин сайдаар дамжуулан уламжиллаа. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа үеийн үед бэхжин хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Дашрамд дурдахад, 1918 онд Герман Зөвлөлт Орос улс руу довтолсон үед Псков, Нарвагийн дэргэдэх тулалдаанд байгуулсан ялалтыг мөнхлөн, жил бүрийн 02 дугаар сарын 23-ны өдрийг “Улаан армийн ялалтын баяр” болгон тэмдэглэж байсан бөгөөд 1991 оноос эхлэн “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон, уламжлан тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчин, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам болон оросын байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай.

Categories
мэдээ улс-төр

БНКазУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.И.Кобландиныг 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг ахиулах боломжийн талаар ярилцав. Мөн Монгол, Казахстаны цэргийн салбарын харилцаа 2000 оны эхнээс хөгжиж ирсэн, Цэргийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй байна

Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажилласан гэв.

Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, жолооч бэлэн байдалд ажиллав. Энэ хугацаанд нийтийг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, тайван шинэлжээ.

Мөн НЗДТГ, Нийслэлийн Шуурхай алба, ОБЕГ, ХӨСҮТ зэрэг газруудтай байнгын холбоотой байж, цаг үеийн мэдээлэл солилцон хамтран ажилласан. Нийслэл болон зарим аймагт гал түймэр гарсныг тухай бүр унтраасан, цаг агаар муудсанаас орон нутгийн зарим зам хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт, хорио тогтоосон бөгөөд иргэдээс даралт ихэссэн, ханиад томуу туссан гэсэн дуудлагууд холбогдох газруудад ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн II ээлжид сонгогдсон иргэдийн өргөдлийг баталгаажуулж байна

Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр болсон. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдөр дуусна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм.
Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулсан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг 2 дугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Арвин гишүүн гуравдугаар төрөх эмнэлэгт цэвэрлэгээ хийв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлэгийн шинэ барилга удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд өнөөдөр биечлэн оролцлоо.

Өнөөдөр л гэхэд тус дүүргийн 110 гаруй эмэгтэй цэвэрлэгээ хийхээр ирээд байгааг энэ үеэр дуулгасан юм. Төрөх эмнэлэгийн шинэ байр 3 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх бөгөөд энэхүү шинэ төрөх эмнэлэг нь зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлэгийн нэг болох ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэ үеэр онцолсон юм.

Хуучин 3 дугаар төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийж байна. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна.

Түүнчлэн долоон давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилт хийжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд маргааш Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр Япон улсад хүрэлцэн очлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015.02.24-ний өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ. Түүнчлэн тус өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийх юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд 2015.02.24-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийнэ. Харин 2015.02.25-ны өдөр УИХ-ын дарга Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм.