Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтсайхан: Дээд шүүхийн шийдвэр гарч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар суллагдсан

-ХОХИРЛЫН МӨНГӨ БОЛОХ НЭГ ТЭРБУМ 62 САЯ ТӨГРӨГИЙГ ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх болон тус газарт удирдах албан тушаал хашиж байсан М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу сар шинийн өмнөхөн хянан хэлэлцжээ.

Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Тэдний төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус хэвээр үлдээсэн юм.

Мөн М.Батболдод Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлийн 166.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилжээ. Төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Хуралдаанаас С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарын цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэн тооцож, тэднийг битүүний өдөр суллажээ. Түүнчлэн эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг өмнөх шатны шүүх хүчингүй болгосныг сэргээж, хохирлын мөнгө болох нэг тэрбум 62 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэг үгээр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүханхан болон давж заалдах шатны тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлсэн байна. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан бол ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийн талаар эргэн сануулахад“Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгчдийг ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон гэдэг. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ийн Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгажбайсанбилээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг хэргийгөнгөрсөн онынаймдугаар дугаар сарын 19-ний өдөр анххянан хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байдаг. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус бүр төрийн албанд ажиллах эрхийгхоёр жилийн хугацаагаар хасаж,зургаан жилзургаан сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэж байсан юм. Харин М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн 166 нэгдүгээр зүйлийн 166 .1.2 дахь хэсэгт зааснаар “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийгөнгөрсөноныарваннэгдүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас яриа авах гэсэн боловч тэд сар шинэболоодэнэ хэрэг рүү анхаарал хандуулах хүн алга. Шүүхийн тогтоол албан ёсоор гараагүй байна гэсэнхариуг өгсөн юм. Харин М.Батболдын өмгөөлөгч Х.Цогтсайхан ийн ярьсан юм.

-ИНЕГ-ын С.Батмөнх нарт холбогдох хэрэг нааштайгаар эргэж бүгд суллагдсан байна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж шүүгдэгч нарыг суллах шийдвэр гарсан. С.Батмөнх нарын хүмүүсшүүхийн шийдвэр гарсны дараа бүгд суллагдана.

-Нэг тэрбум гаруй төгрөг шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон байна?

-Шүүхийншийдвэрийн тогтоолтой танилцаагүй байгаа болохоор энэ талаар ярих боломж алга.Бусад хүмүүстэйгээ зөвлөж байгаад албан ёсоор ярилцлага өгөхөө шийдье.

-Хэрэг ингээд төгсгөл болох уу,сарын өмнө АТГ-ынхан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим албан тушаалтныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үүнээс харвал энэ хэрэг задарч магадгүй гэсэн таамаг гараад буй гэх хүн ч байна?

-Энэ тухай нарийн ширийн зүйл мэдсэн юм алга.

Дээдшүүхийн хяналтын шатны шийдвэрбараг л эцсийн шийдвэр гэж хэлж болно. Энэ шийдвэрийг эсэргүүцэжДээд шүүхийн ерөнхий шүүгчдэдаль нэг тал нь гомдол гарах эрхтэй. Хэрэв тэгвэл энэ шийдвэрийг дахин хэлэлцэж болдог. Харин шүүгдэгч нар гомдол гаргах бодолгүй байгаа сурагтай. ИНЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болонулсын яллагч прокурор эсэргүүцэл бичихгүй бол дээрх хэрэг ингээд дуусгавар болж байгаа бололтой.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Амьдралын даатгал нь хүний эрх хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгсэл юм

Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр шийдэн хүний эрхийг дээдэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэдэг нэртэй бө­гөөд энд монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө эзэм­ших, өмчлөх, ажил мэр­гэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тус­ламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг эрхүүдийг тунхагласаныг бид бүхэн мэдэж байгаа.

Энэ тунхаг хэрхэн хэрэгжиж байна вэ. Хүмүүнлэг нийгэмд хүний эрхийг цаасан дээр тунхаглах нь нэг хэрэг, харин түүнийг хэрэгжүүлэх баталгаа буюу механизмыг бүрдүүлэх нь тийм амар хэрэг биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

Барууны өндөр хөгжил­тэй орнуудад хүний эр­хийг баталгаажуулах олон механизмуудыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлж байдгийн гол хэ­сэг нь даатгал юм байна. 1966 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2200А тоот тог­тоолоор баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаархи олон улсын гэрээ”-нд “Энэ­хүү гэрээнд оролцогч улс орнууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийг­мийн хангамж эдлэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ.

Манай улсад социализмын үеэс эхлэн нийгмийн даат­галыг хэрэгжүүлж ирсэн бө­гөөд одоо хэрэгжиж байгаа даатгалын тогтолцоо нь түүнээс улбаатай. Энэ утгаараа одоогийн даатгалын тогтолцоо нь социализмын үеийн халамжийн шинжийг агуулсан хэвээрээ байгаа бөгөөд энэ ч утгаараа зах зээлийн зарчмыг бүрэн хан­гахгүй, учир дутагдалтай бай­гааг судлаачид сүүлийн үед ихээхэн шүүмжилж байгаа. Мэргэжлийн хүмүүс ингэж шүүмжлэхийн хамтаар одоо­гийн даатгалын тогтолцоо зах зээлийн шинжид төдийлөн нийцэхгүй байгаагаас цааш­даа явцгүй болж байгааг төр засаг ч ойлгож, ярьдаг болсон байна билээ.

Амьдралын даатгал нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр даат­­гадаг ажиллагаа юм. Одоогийн нийгмийн даат­галтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадгаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй, тухайлбал,орон сууцны зээл төлөх хугацаатай уялдуулсан зээлдэгчийн амь насны даат­гал ч байна.Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чад­вар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна.

Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гад­на хүний амьдрал ахуй, амь­жиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэ­мэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даат­галууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн ху­римт­лал зэргийг хамруулан хэрэгжүүлдэг ажээ.

Амьдралын даатгалын энэ онцлогийг товчлон то­дор­хойлбол, эд баялаг, эд хөрөнгийг ердийн даатгалд даатгадаг бол хүний амь нас, ахуй амьжиргаа, бая­лаг бүтээгчдийг өөрийг нь амьдралын даатгалд даат­гадаг юм байна. Амьдралын даатгал нь ингэж Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг илүү өргөн хүрээ­тэй хэрэгжүүлдэг.

Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даат­галыг далайн тээврийн даат­галд нэмэлт болгон бие даа­сан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг он­гоц болон ачаа барааг даат­­гахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даат­галын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм.

Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаард­лагыг аль болох бүрэн дүү­рэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын ний­гэм­лэг”-ийг байгуулсан бол дараагаар анхны даат­галын компани “Шударга амьд­ралын даатгалын нийгэмлэг”нэртэйгээр үүгсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Цюрихт байрладаг Швей­царийн давхар даатгалын Swiss Re компанийн мэдээгээр 2013 онд дэлхийн хэмжээгээр амьдралын даатгалын нийт хураамжийн хэмжээ 2.6 их наяд ам.долларбайгаа бол ердийн /амьдралын бус/ даатгалын хураамжийн хэмжээ 2.0их наяд ам.доллар байгаа ажээ. Энэ нь зах зээлийн эдийн засагт амьдралын даатгал илүү ач холбогдолтой байдгийг харуулж байгаа юм.

Хүний эрхэд илүү нийц­сэн амьдралын даатгалын ердийн даатгалаас ялгагдах нэг зарчмын шинж бол түү­ний хуримтлалын шинэ ча­нар юм. Чухамхүү хүний амьдрал цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилдэг уч­раас мөнгөн хөрөнгийг ху­римт­луулан нэмэгдүүлэх за­маар хүний эрхийг эрсдлээс хамгаалдагаараа амьдралын даатгал гарцаагүй давуу талтай байдаг.

Одоогийн манайд хэрэг­жиж байгаа нийгмийн даат­гал нь хүн бүрийн эрхийг бүрэн дүүрэн хангах батал­гаа болж чадахгүй байгаа юм. Судлаачдын хийсэн тооцоогоор иргэд нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө маш бага хэсгийг хүртэж бай­­гаа бөгөөд хуульд заас­ны дагуу хүүтэйгээр өсгө­сөн тохиолдолд ч гэсэн тэтгэв­рийнхэн нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө сарын хүүгийнтодорхой хувийгл хүр­тэх боломжтой ажээ. Германы эрдэмтэн Эрнест Бендагийн үзэж байгаагаар хүний нэг чухал эрх болох өөрөө өөрийгөө мэдэх эр­хийн үүднээс авч үзвэл, ир­гэдийг амьдралын даатгалд хамруулсан тохиолдолд даат­галын шимтгэл төлөгч хувь хүн мөнгөө өөрөө өөртөө зо­риу­лан хуримтлуулж, хүссэн үедээ хуримтлуулсан мөнгөө зарцуулах эрхээ эдэлж, энэ эрхээ даатгалын механизмаар хам­гаалуулснаар хүний эрх илүү баталгаажих болно.

Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар, нэг хүний эрх, эрх чөлөө таньтай зэрэгцэн амьдарч байгаа бусад хү­мүүсийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг бо­ловч ийм хязгаарлалт аль болох бага байвал хүний эрх илүү хэрэгждэг ажээ. Энэ утгаараа, одоогийн манай нийгмийн даатгалын тогтолцоонд хэрэгжиж байгаа “эв санааны нэгдлийн зарчим” нь амьдралын даатгалтай харьцуулахад хүний эрхийг хязгаарлаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан амьдралын даатгалын зарим төрлүүдийг авч үзье.

Одоогийн тэтгэврийн даат­галын хувьд даатгал төлөгч нь хуулиар тогтоосон, өөрийнхөө цалингаас хамаарсан, тогтмол хэм­жээний даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэртээ гарахаараа шимтгэлийн хэм­жээнээс хамааруулан улсаас тогтоосон тэтгэвэр авдаг. Ийм тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсэдсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр аваад л зогсоно. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан бүх хугацаанд төлсөн даатгалын хураамж тэр хүний ар гэрт ногдохгүй дуусна.

Манай оронд сүүлийн үед амьдралын даатгалын нэг төрөл болгон хэрэгжүүлж бай­гаа тэтгэврийн хуримт­лалын даатгал бол тэтгэ­вэрт гарахаараа авах тэтгэв­рийнхээ хэмжээг хувь хүн өөрөө урьдчилан тогтоогоод түүндээ дүйцсэн даатгалын хураамжийг тогтмол төлж, энэ хураамж нь урт хугацаанд хуримтлагдах юм. Ингээд тэтгэвэртээ гарсан хүн урьд­чилан тогтоосон тэт­гэврээ авна. Тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсдвэл хуримтлуулсан даатгалын хураамжийнх нь үлдсэн хэсгийг ар гэрт нь олгоно. Даатгуулагч нь энэ үлдсэн хэсгээ урьдчилаад хэн нэгэнд өвлүүлэн үлдээж болно. Хуримтлуулсан хураамжаа өөрийн хүссэн үед авч зарцуулж болно. Хуримтлал үүсгэж байх явцад гэнэтийн осолд орсон тохиолдолд мөн холбогдох хамгаалалтуудыг авч хэрэглэнэ.

Энэ бүхэн нь амьдралын даатгал нь хүний эрх, эрх ашигт илүү нийцэж, Үндсэн хуульд заасан өндөр наслах эрхийг илүү хэрэгжүүлж байгааг то­дор­хой харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд амьдралын даат­галын энэ чухал шинжийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бай­гуул­лагаас “хамтын тэтгэврийн даатгал”-ыг хуульчлах талаар санаачилга гаргаж байна.

Амьдралын даатгалын бас нэг төрөл бол хүүхдийн сургалтын төлбөрийн ху­римт­лалын даатгал юм. Энэ тохиолдолд эцэг, эх нь хүүхдийнхээ их, дээд сур­гуулийн сургалтын төлбөрийн хуримтлалд сар шимтгэл төлж даатгал хамрагдсанаар 18 нас хүрсэн хүүхэд их, дээд сургуульд суралцах 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрөө бүрдүүлнэ. Их, дээд сургуульд ороогүй хүүхдүүд хуримлуулсан даатгалын хураамжаа авна. Даатгал үйлчлэх хугацаанд эцэг, эхийн аль нэгний амь нас эрсдвэл хүүхдэд 18 нас хүртэл даатгалаас тэтгэмж авна. Даатгалын хугацаанд хүүхдэд эмчилгээний зардал шаардлагатай болсон тохиолдолд хуримтлалаасаа зардал авч болно.

Энэ нь бас л Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг илүү үр дүнтэй, санхүүгийн хувьд ачаалал багатай хэрэгжүүлж болдогийн тодорхой жишээ юм.

Ийм учраас зах зээлийн эдийн засаг хөгжсөн, хүмүүнлэг нийгэм бүрдүүлсэн гэгддэг өндөр хөгжилтэй орнуудад хүний эрхийг хэрэгжүүлдэг гол механизм болсон амьдралын даатгалд илүү ач холбогдол өгч байдаг юм байна.

Эдийн засагч С.ЭНХБААТАР

Categories
мэдээ цаг-үе

“Болор цом-32” наадмын шилдэг таван шүлгийг толилуулж байна

“Болор цом” наадамд нийт 34 яруу найрагч оролцсоноос тэргүүн байрын шагналыг яруу найрагч Б.Мягмаржав хүртсэн билээ. Тус наадмын сүүлийн шатанд тунаж үлдсэн шилдэг шүлгүүдийг уншигчдадаа хүргэж байна.

ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсым

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Б.Мягмаржав

ЧОНО ОРД

Огторгуйн жингүйдэлд үүрнээсээ төөрсөн

Өндөгний хувьтай гаригт

Чоно ордноос зарлигдсан дэлхийн жин зорголд

Чоно ордынхон ирээд хэдэн галав өнгөрч байна.

Бэхэн цэнхэр тэнгэрээс ирсэн зам минь эдгээгүй

Сүүн зам нь зурайж байхад

Бичин гаригийн амьтас эсийн чинээ торниогүй,

Сүнс нь бүрэлдэж амжаагүй байхад

Энэхэн замбутивийг эзэгнэж явсан монголчууд

Энд тэнд нийлэлдээд бусдын галд дулаацаж байна

Улангассан шуурганд уруулж

Урд хойноосоо тасдуулсанч

Усан галавын хуртай хөх үүл нүүдэл Монгол

Өндөр дээд өвгөнийхөө гал тулгалсан газар дээр

Өнчин байхынхаа тухай уйлагнаж хэлээд удлаа.

Ундаалж буй марлын нүдэт охид

Ульж буй чоныг санагдуулам эрс

Эвий гоо хатдынхаа залбирч бүтээсэн оронд

Эзэн Чингэс хааныхаа зандарч хураасан гүрэнд

Хасаг тэрэгний мөөр шиг даяар тэнцүү зарлиг дор

Хамаг улсыг төвшитгөөд хэдэн зуун өнгөрч байна.

Туурайн хурцад эсгэгдсэн газрынх нь шарх аниагүй байхад

Тугны минь өмнө сөхөрсөн өвдөгнийх нь бохироо арилаагүй байхад

Ил булхайг дарангуйлсан түрэмгий хөх түмэн минь

Энд тэнд тараад алсын газарт амьдарч байна

Татсан нум уулынхаа зэв төдий овоондоо

Тандаан, маньдаагаан шивнэсэн олохын донгоо орхиж

Бүрий барай зүүднээс ч уйлуулж сэрээдэг Монголоо

Бүтэн болохыг хүлээж арай ч дэндүү удлаа

Мөсөн галав, усан галав, галан галав

Мөддөөн төгсөхгүй орчлон байтал

Элгийг минь эмтэлж, эсийг минь задартал санагдах

Их Монголын минь заяа хэзээ юм бэ, эх орон.

Ц.Эрдэнэбаатар

АДИЛХАН

Мөс хайлах,

Сэтгэл цэлмэхтэй адилхан

Мөргөлчин зовж ирэх

Мөрөн гол урсахтай адилхан

Мөндөр шаагиж орох

Ой шуугихтай адилхан

Мөдхөн ирэх он жилүүд

Зуун зуунд адилхан

Дүнсийсэн уулс хичнээн хуучравч

Дүрстэйгээ адилхан

Дүр төрх бүдгэрэх

Шувууд буцахтай адилхан

Нуурын цэнхэр ахуй

Түмэн тэрэг эрдэнэстэй адилхан

Нулимсны өчүүхэн дусал

Түмэн тэмээ давстай адилхан

Эгэл царилаар даваа гаргах

Эгэлгүй шүлэг бичихтэй адилхан

Эсгий гэрт хүн төрөх

Элсний ширхэгээр бурхан бүтээхтэй адилхан

Үсэг бичигтэй нэгэн насаар нөхөрлөх

Үүрд амьдарсантай адилхан

Үр садөтгөрөх

Үндэс нахиа үргэлжлэн цөлийг хучихтай адилхан

Үүлс тэнгэрт хөлхөх

Үртэй хүн газарт амьдрахтай адилхан

Үүр манхайн цайх

Үүрсэн ачаагаа эмгэн хүн буулгахтай адилхан

Аглагт даяанчлах хуврага

Зөөлөн зөөлөнсалхитай адилхан

Амандаа шивнэх үг

Зүрх сэтгэлтэй адилхан

Өмссөн хувцас гандаж хуучрах нь

Өвөл цас их орохтой адилхан

Өвдөж шаналсны эцэст илаарших

Үзмийн талбай улайхтай адилхан

Өөрийнхөө буруутай учрах

Ачлалт багшаа олсонтой адилхан

Элэнц хуланцын минь онгон үл олдох

Эр хүний хүсэл биелэхтэй адилхан

О.Цэнд-Аюуш

АВДРЫН ЦЭНХЭР УУЛ

Хол оогэвэл тал,

Хорвоо гэдэг хол

Ойр оогэвэл уул

Орчлон гэдэг үүл

Хомоолон чинээ зүрх

Хоргодож үлдээд шатах

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртэх

Айлууд алга.

Аян дайны хөлөөс

Алдуурсанюм шиг алга

Алтны униар татаад,

Ар Шавартын толгод нүүчихсэн юм шиг алга

Чулуугаар мал шидүүлдэггүй

Чулуун бор өвгөд минь чулуу болоод алга

Адуу дааганы туурайгаар эмтэлж

Алтан дээр эрхэлж өссөний бурууг

Өөрөө өөрөөсөө нэхэхээс

Өөр хариуалга

Үйрчихнэ чинээ бодоогүй

Үүцэн цэнхэр уулс

Үхэр тугалын аргал шиг

Үүгэж хийсэхийннаана

Дуусчихна чинээ санаагүй

Дууны мөнгөн түрлэг шиг

Ээвж, Номтын гол

Эргэж урсах нь хаана

Хомоолон чинээ зүрх минь

Хоргодоод л, шатаад л

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртээд л

Малгай нь гандсан, цаг хугацаа

Манан дунд шоволзоно, товолзоно

Аавын минь гэрийн бууриар цагираг хэлхэж

Агаарт орон зай тоглоно

Орон зай тоглоно…

М.Баттөмөр

МЕССЕНЖЕРТ

Ts.B: …Наана чинь тэгээд бороо ороод л байна уу?

L.M:Энд бороо орох нь хувин хувингаар

Дээрээс пал хийтэл асгаж байх шиг

Үлгэрлэвээс ширхэг нь ганцхан том

Үрэл шиг, үүрд дуугүй амьтдын нүд шиг аймшигтай юм аа

Үдшийн саравчиндаа хүмүүс нь

Өнөөх миний харсан бороон дундах амьтны биеийг

Үлэмж тайвнаар зажилж утаа суунаглуулаад

Үнэхээр хачин, буяныг ч бодохгүй сууцгаах юм аа

Хүүхэд харагдах нь ч цөөн

Хүүхнүүд нь том гэдэстэй дайралдах нь ч ховор

Шүхэрт дүүжлэгдсэн нарийн дүрснүүд л

Шөнийн гудамжиндаа авирцгаах юм аа

Энд бороо биш далай дээрээс асгардаг гэж

Би тэгээд бодлоо

Энд далай биш далайн эх болсон амьтдын нүд

Дандаа ирж үрсээ нэхэж уйлдгийг би бас мэдэрлээ

Би шүхрээ дэлгэхчээн болж дээрээ барьсаар

Шөнийн 12 цагт л сая амьдардаг байрандаа ирлээ

Үнэндээ энд далай ирж цутгах бүрий

Үлэмжийн их маани уншиж залбирмаар юм байна шүү дээ.. kkk

Ts.B: Хэ хэ, … далайн амьтан идэж сураа, талын ахуйгаа хааяа март аа. …

Last message received on 7/9/2011 at 1:09 AM

Л.Моломжамц

Categories
мэдээ нийгэм

Хонин жилийн босгон дээр хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд тодров

Монгол түмний уламжлалтсар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган салбар бүрт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Энэхүү шагналыг сар шинийн битүүний өмнөх өдөр олгосон юм. Энэ өдөрМонгол Улсын хөдөлмөрийн баатар цолтон нэгээр нэмэгдсэн ньЯпон улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга М.Даваажаргал байлаа. Төв аймгийн Бүрэн сумын малчин Б.Батпүрэв, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Д.Дашзэвэг нар гавьяат малчин цол хүртсэн юм. Тэгвэл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн дулааны инженер Н.Лувсангомбо, Баян-Өлгий аймгийн “Аватекс Хайнар” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн зөвлөх инженер Т.Халифа нар шагнуулав. Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Ж.Баатарсүрэн шагнуулсан бол“Алтан дуулга” ХХК-ийн зөвлөх архитектор Г.Лувсандорж, СХД-ийн 32 дугаархорооны иргэн, ахмад хилчин С.Самдандовж,Дархан-Уул аймгийн “Дархан орд харш” ХХК-ийн ерөнхий инженер, ахмад барилгачин Ч.Баатаржав нар гавьяат барилгачин боллоо.

Гавьяат тамирчин цолоор Япон улсын Мэргэжлийн Сумогийн их аварга М.Ананд, Нийслэлийн 18 дугаар сургуу­лийн зөвлөх багш, уулын спор­тын ахмад тамирчин С.Заяа нар энгэрээ мялаав.Харин “Монголын Ахмад багш нарын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Амар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын ахмад багш С.Батсуурь, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн “Уран өд” дугуйлангийн монгол хэл уран зохиолын багш Д.Мандахсан, Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн согог зүйч багш Ж.Оюунчимэг, Нийслэлийн хоёрдугаар сур­гуу­лийн бага ангийн ахмад багш З.Хишигжаргал нар гавьяат багш болов. Гавьяат дасгалжуулагч цолоор Эрүүл мэндийн яамны Спорт бэлтгэлийн төвийн эрдэм шин­жилгээний ажилтан Л.Ням, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дасгалжуулагч Ч.Раднаабазар нарыг шагналаа. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Дундговь аймгийн Алтат цагаан толгой ХХК-ийн дархан Ж.Пүрэвийг, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянмонгол чуулгын удирдаач Б.Нямдоржийг, хүний гавьяат эмч цолоор Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Галбадрахыг, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн салбарын эрх­лэгч Д.Базаргүрийг, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын ахмад ажилтан Д.Гомбосүрэнг, Хө­дөл­мөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Япон улсын Мэргэжлийн сумогийн “Така­саго” дэвжээний бөх Б.Дашням, ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч Ц.Төмөрхуяг нарыг тус тус шагналаа. МИАТ ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн агаарын хөлгийн дарга Т.Ауезийг Алтангадас одонгоор,Зэвсэгт хүчний ахмад ажилтан,бэлтгэл дэд хурандаа Д.Чойбаатарыг цэргийн гавьяаны одонгоор, Засгийн газрын Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Ц.Чадраабалыг хөдөлмөрийн хүндэт медалиар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Ж.Хүдэрчулууныг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнав. Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс Монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Золбоо хийморийн бэлгэдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна. XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурьсгаж яваа бид бүхний бахархлын эзэн алдар болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш, эмч, малчин, барил­гачин, эрдэмтэн, архитектор, инженер, хилчин, тамирчин, дасгалжуулагч, удирдаач, дархан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн-иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна. Япон улсын мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны барилдаанд гучин гурвантаатүрүүлэн, түүхэн шинэ амжилт тогтоосон Дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав хүү баатруудтай боллоо. Нүүдэлчин түмнийхээ өв соёлыг уламжлан, хагас зуу гаруй жил мал маллаж, Улсын чанарын аварга, Улсын сайн малчны болзлыг биелүүлэн, найман хүүхдээ мянгат малчин болгож, олон арван айл өрхийг малжуулсан Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн малчин Балжингийн Батпүрэв гуай, сумынхаа анхны мянгат малчин, аймгийнхаа анхны хоёр мянгат малчин, улсынхаа анхны гурван мянгат малчин болж, мал маллах арга ухааны гүнд нэвтэрсэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Доржийн Дашзэвэг гуай нар Гавьяат малчин цол хүртлээ. Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн 8 отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан ху­ран­даа Самбуугийн Самдандовжид гуай Гавьяат барилгачин цол хүртэж байна.Билгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон иргэн маань өөр өөрсдийн гавьяа зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.Монголчууд морин жилийн хатираанд гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Бид улам олуулаа болж, Монгол Улс цэцэглэн хөгжиж, даяар Монголын гал голомт өнө мөнхөд мандан бадрахын бэлгэ ерөөл биелэн оршиж байна. Зон олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшидийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж байгаа хонин жил монгол түмэнд минь ээл ивээлээ хайрлаж улс орны минь урагшлах зам, бүтээх ирээдүй улам өөдрөг байх болтугай. Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг минь өнөд ивээг” хэмээн хэлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өлсгөлөн зарлагсдыг албадан буулгажээ

Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг урьд шөнө албадан тараасан байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 12 хоног өлсгөлөн зарласан “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн сар шинийн өдрүүдэд ч өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байсан юм. Тэд өчигдөр сэтгүүлчдэд хандан өлсгөлөнгөө болихгүй, харин тэмцлийн хурц хэлбэрт шилжин хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан юм. Гэвч урьд шөнө тэдний хуурай өлсгөлөнг хүчээр зогсоон Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэсэн байна. Тодруулбал, Босоо хөх монгол бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “Хоёрдугаар сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэжээ. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй эх сурвалжуудаас тодруулан хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

“Саусгобисэндс” шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарчээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан сар шинийн өмнөхөн морин жилийн шилдэг хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан байна. 2014 оны “Шилдэг хөрөнгө оруулагч есөн алдартан”-ы нэгээр “Саусгобисэндс” компани шалгарсан бөгөөд орон нутгийн удирдлагуудаас өргөмжлөл гардуулсан байна.

“Саусгобисэндс” нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Профессор Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Тэрээр 02 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Миний урилгыг хүлээн авч, Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд тохиож буй энэ сайхан өдөр Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Монголчууд бид эдгээр өдрүүдэд уулзсан хүмүүсийнхээ амар мэндийг эрж хөөрөг зөрүүлэн, тамхиладаг уламжлалтай” гээд ноён Жэймс С.Фишкинтэй хөөрөг зөрүүлсэн юм. Харин ноён Жэймс С.Фишкин “Юуны өмнө Монгол сайхан нутагт, тэр дундаа Улаанбаатар хотод зочилж байгаадаа туйлын их таатай байна. Өнөөдөр тантай уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. АНУ-ын Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн, профессорууд таныг Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэм хүн хэмээн хүндэтгэдэг” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны хийж буй ажил бидэнд ихээхэн хэрэгцээ, шаардлагатай байгаа тул Улаанбаатар хотод зочлохыг урьсан. Учир нь манай нийслэлийн шинэчлэлийн баг ажилласнаасаа хойш аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээж ажиллаж байна. Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал маань үр дүнтэй биш төдийгүй байгаа олохгүй байна уу даа гэсэн бодол байна. Жишээ нь Улаанбаатар хот анх удаа хогны зориулалтын уутыг ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаасаа өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бүгд л шахуу дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байсан атал яг уутаа тараагаад ашиглаад эхлэхэд эсрэгээрээ болж таарсан. Магадгүй мөнгөн дүн, улс төрийн явуулга нөлөөлсөн байх л даа. Гэхдээ санал асуулга явуулж байгаа хэлбэр арай биш болж таараад байгаа юм. Нэг үгээр бид иргэдийнхээ саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаад байна. Тиймээс таныг энэ асуудалд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна ” гэлээ.

Харин АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг ажил, шийдвэртэй тусгаж ажиллана гэдэг маш том дэвшил, давуу тал. Та бүхнийг үүнд санаа тавин, үр дүнг чухалчилж байгаад их таатай байна. Миний Улаанбаатар хотод ажиллах, ажлын төлөвлөгөөнд энэ асуудлаар лекц, уулзалт зохион байгуулагдана. Тухайн үед илүү дэлгэрэнгүй ярилцана гэж найдаж байна. Харин энэ удаад товчхон дурдхад, санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэд оролцох ёстой. Мөн нэг удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулж нэг санал, асуудлаа шийдвэр байдлаар давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” гэж онцлон хэлсэн юм.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн.

Тэрээр Улаанбаатар хотод ажиллах өдрүүдийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах юм. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншин харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонин жилд монголчууд бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлнэ

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн тавны өлзий бэлгэтэй өдөр. Хөндийн жавар уясаж, хөр цасан захаасаа хайлмагтсан сар шинийн тэлэмгэр өдрүүдэд монголчуудын хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн учир ерөөлтэй байдаг. Аливаад бэлгэшээлийг бодож ирсэн ард түмэн билээ, бид. Тиймийн учир миний биеч бэлгэ ерөөлийг бодож сууна. Модон хонин жилд монголчууд бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Морь жилийн сүүл хонин жилийн босгон дээр бид гурван саяулаа болсон. Хүн нэмбэл хүнс нэмдэг нь жам. Энэ онд эдийн засаг сэргэж, газар сайгүй бүтээн байгуулалт өрнөж Монгол Улс улмаа цэцэглэн хөгжих нь дамжиггүй.

Өнгөрөгч онд Монголын эрдэнэт мал сүрэг толгой бүрээр өсөж манай улс 51.9 сая толгой малтай болсон. 2013 онтой харьцуулахад 6.8 саяар буюу 15.1 хувиар өссөн. Мөн сүүлийн хэдэн жил аваагүй арвин ургац хураасан сайхан он жил болсныг бүгд мэднэ. Тодруулбал, 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан гэх албаны тоо баримт бий. Наяад оны дунд үеэс хойш ийм хэмжээний ургац хураасангүй гэж салбар яамных нь сайд мэдэгдэж байсан.

Эрдэнэт мал сүрэг минь толгой бүрээрээ өсөж, арвин ургац хураасан энэ цагт эдийн засаг хямарлаа, элгээрээ харуулдлаа гэж харуусахын хэрэг юусан билээ дээ. Малын буян, газар эхийн буян, уул усны буян гэж монголчуудад хэмжээлшгүй зүйл бий. Тавин хэдэн сая толгой малтай гурван сая монголчууд хэзээд ч гэдэс цатгалан байж таарна. За тэгээд тариан түрүү алтран сугсарч байхад гурил будаагаар дутахын зовлон гарна гэж үү. Дээрээс нь төрөл бүрийн хүнсний ногоогоо хашаа хашаандаа ургуулаад банжиж байдаг ард түмэн шүү дээ.

Сүүлийн хэдэн жилд бид цатгалдахын өвчнөөс өөр зүйлийг мэдрээгүй шиг санагдана. Өнөө “маханд хахдаг монголчууд машинд хахдаг болж, замбайд хахдаг монголчууд замд хахдаг болж” гэдэг шиг улсын маань нийслэл машин тэргээ багтааж ядахаа байсан. Дэлхийн баячуудын унадаг жийпүүдийг эгэл жирийн залуус хүлэглээд давхиж явна. Бидний амьдрал ийм л сайхан болсон. Гэтэл эдийн засгийн хямрал гэж цагийн салхийг дагаж намираад, юм л болбол ядуу хоосноо гайхан хар амлаж суух минь тийм ч таатай санагдахгүй л байна.

Төрийн орон сууцны корпорациар дамжуулж хичнээн ч иргэд орон байртай болов. Монголын төр найман хувийн зээл гаргаж иргэдээ байртай болгосон. Төрийн албан хаагчид энгийн иргэд хэн ч гэсэн энэхүү зээлд хамрагдах эрхтэй. Наад захын жишээ гэхэд “Буянт-Ухаа-1” хороололд 1764 айлын орон сууц баригдаж эхний таван зуун жар гаруй айл өрх өнгөрөгч оны дөрөвдүгээр сард байрандаа орсон. Аймаг бүрт 1000 айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байна.

Гарч буй хонин жилд монголчуудын сүүлийн хэдэн жил хүлээсэн, итгэл найдварын нь гол гогцоо нь болсон Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж эхэлнэ. Одоогийн байдлаар Тавантолгойг ашиглах олон улсын консерциумд Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитомо”, Хятадын төрийн өмчит “Шинхуа” гэсэн гурван компани шалгараад байгаа. Оюутолгой хөдөлж эхэлсний дараахь жилүүдэд Монголын эдийн засаг сэргэсэн. Учир нь Оюутолгойн ханган нийлүүлэлтийн далаад хувийг Монголын компаниуд гүйцэтгэж байлаа. Айл өрх бүрт үр шим нь хүрч байлаа.

Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр амжилттай болбол эхний гурван жилд гурван тэрбум, дараагийн гучин жилд 94 тэрбум долларын ашиг монголчууд хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан байдаг. Гол нь Тавантолгойн мега төслийн хэлэлцээр амжилттай болох хэрэгтэй. Монголчуудын маань амны хишиг, буян заяа гэж дэлхий ээж шигээ дэлгэмэл зүйл бий юм сан. Таван толгой, Оюу толгой хэмээх улс орны ирээдүй,цаашдын хувь заяанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх томоохон төслүүд амжилттай хэрэгжиж монгол хүн бүр ашиг шимийг нь хүртэх нь мэдээж. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Тус хурлаар Тавантолгойн асуудлыг авч үзэн төслийг саадгүй хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явцын үр дүнг УИХ болон олон нийтэд танилцуулж байх чиглэлийг Засгийн газарт өгснийг энэ дашрамд дуулгая.

Хөхөгчин хэмээх модон хонин жилд Монгол Улс гуравдагч хөрш орон болох Япон улстай байгуулсан эдийн засгийн түүхэн хэлэлцээрээ хэрэгжүүлж эхэлнэ. Цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад төрийн айлчлал хийх үеэрээ “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Монголчууд түүхэндээ анх удаа ийм хэлэлцээрийг байгуулж буй нь энэ. Японы хувьд энэхүү хэлэлцээрийг хийж буй 15 дахь орон нь Монгол болж байгаа юм билээ. Наран улстай эдийн засгийн хэлэлцээр хийсэн улс орнуудын хөрөнгө оруулалтын хэмжээ дандаа нэмэгдэж иржээ. Хамгийн өндөр нь Мексик юм гэсэн. Хөрөнгө оруулалт нь 70 хувь нэмэгдсэн жишээ дуулдана. Монгол Улсын эдийн засаг Мексик шиг далан хувиа больё гэхэд 15 хувь нэмэгдэхэд л хангалттай. Илт сэргээд ирнэ. Ийм л түүхэн хэлэлцээрт хонин жилийн босгон дээр хоёр улсын Ерөний сайд гарын үсэг зурсан.

Ерэн оны цагаан морин жилд ардчилал, эрх чөлөөний замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ дэлхий дахинд тунхагласан Монгол Улс одоо эдийн засгийн хувьд баталгаатай болж, бүтээн байгуулалтын шинэ эринд шилжих цаг нь нэгэнт болжээ. Бид энэхүү хорин таван жилийн хугацаанд алдаж онож, унаж босож ирлээ. Одоо хашир сууж улс шиг улс болох хэрэгтэй. Монгол хүн монгол хүндээ итгэж, бие биенээ дээд зэргээр хайрлан хүндэтгэх тэр сайхан он жил энэхүү хаврын тэргүүн сарын шинэдээс эхлээсэй билээ. Бид нэг нэгийгээ яасан их үзэн ядаж, амжилт гаргасан, гавьяа байгуулсан нэгэн рүүгээ атаа хорсол, арга ядсан муу муухай бүхнээ хайр найргүй цацаж ирэв. Одоо болоо юм биш үү. Юм хэмжээтэй байдаг. Цахим ертөнцөд нүүрээ нуусан хорсогчид ямар их болж улс орныг аалзны тор адил бүрхэв ээ. Монгол төрийн тэргүүн ч үүнийг хүлээн зөвшөөрч “Юмыг бүтээх биш нураах нь сайхан юм шиг. Мөнгө хүчээ үйлдвэрт бүтээн босголтод биш нэгнээ харлуулах, гутаах төлбөрт зориулах нь хожоотой мэт харагдах боллоо. Ингэж л эх орноо “хайрлах” нь зөв мэт. Ийм байдалд олон нийт ч автаж, түүнийг сөрсөн хэсэг нь улам нүд үзүүрлэгдэх янзтай” хэмээн “Өдрийн сонин”-д зориулж бичсэн “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлдээ өгүүлсэн байдаг.

Мөн тэрээр Эрдэнэтийн орд өнөө цагт олдсон бол “Эрдэнэт” үйлдвэр баригдахгүй байх магадлалтайг, өнөө цагт монгол хүнд сансарт анх нисэх хувь тохиосон бол Гүррагчаа нисэхгүй ч байсан байж болохыг хэлээд “сансрын баатар минь цагаа олж төрсөн нь юутай гайхалтай” хэмээн дуу алдсан нь бий.

Монголчууд өөрөөс нь илүүтэй амжилт үзүүлсэн, өөрөөс нь илүү сайхан амьдарч яваа нэгэндээ амиа тавинхорсдог, нэг нүдээрээ ч үзэж чадалгүй элдэв муухайгаар доромжилж, увайгүй атаач зандаа хөтлөгдөж ирсэн учир түүхэндээ юуг ч байгуулж чадаагүй. Ялангуяа сүүлийн хорин таван жилд юуг ч бүтээсэнгүй. Дандаа л нэгнээ хараасан, зүхсэн, үл ойшоосон, гар барьж салаад цааш нэг алхаад л муулсан, хүүхнүүдийг нь больё эрчүүд нь уулзахаар хошуу амаа нийлүүлж хов ярьсан, хор найруулсан, талцсан, хэрэлдсэн ийм л дүр зургийг энэ хэдэн жилийн турш харлаа. Явж ирсэн зам мөр, он жилүүдийнхээ алдаа оноог дэнсэлж монгол хүн, монгол хүндээ итгэж, нэгнээ хүндэтгэж хүнлэг сайхан сэтгэлээр улс орныхоо эрин зууны бүтээн байгуулалтыг хамтдаа цогцлооё.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн 2 дугаар ээлжинд сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт энэ сарын 26-ны өдөр дуусна

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан.

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа бөгөөд 2 дугаар сарын 26-ны өдөр дуусна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм.

Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулсан. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг 2 дугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Оюутолгой”-н экспорт сая тоннд хүрлээ

“Оюутолгой”-н экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тоннд хүрчээ. Тус компани баяжмалаа 2013 оны долдугаар сараас экспортод гаргаж байсан юм. бол ийнхүү нэг сая тонн болсон амжилтад хүрч байна.

Өнгөрсөн онд “Оюутолгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж төлсний зэрэгцээ дотоодоос 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийжээ.

Х.Баттөгс