Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд “УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Монголын талаас өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие мөн найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна. 2020 онд Токиод олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Олимпийн эрхийг авах энэхүү чухал үйл явдалд танай улсын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монголоос олон тамирчин, үзэгчид ирнэ гэдэгт итгэл төгс байна. Спортын их наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам өргөжин хөгжөөсэй” гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Түүнчлэн монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт японы оролцоог ханган ажиллахад бэлэн байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ чиглэлд танай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг үнэлж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг Монгол Улсад айлчлан ирэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Японы парламентын ордонтой танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзалт хийнэ. Мөн УИХ-ын даргад Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхана. Энэ талаархи мэдээллийг http://open.parliament.mn, www.parliament.mn цахим хаягуудаар хүргэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт янгир ямаа хамуурч, хорогджээ

Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурчээ. Орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ.

Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурчээ. Зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурч үхсэн байсныг нутгийн иргэд олсон байна.

Энэ дагуу аймгийн Байгаль орчны хэлтэс тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй байгаа учраас асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх ёстой хэмээн нутгийн иргэд үзэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт албан бичиг явуулсан байна.

Харин Ч.Хүрэлбаатар гишүүн уг асуудлаар Засгийн газарт буюу БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд албан бичиг хүргүүлж, асуудлыг нэн даруй шийднэ хэмээн найдаж буйгаа давхар уламжилжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 16 оронд гурван мянга гаруй иргэн суралцаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд манай 3000 гаруй иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа аж.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах оюутныг “Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам , магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг “Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам /Хоёрдугаар хавсралт/-ын дагуу шалгаруулж байна. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт дээр дурдсан журмуудаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас шаардсан нөхцөл, журмыг баримтална.

Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид хариуцдаг. Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.

Улс

Чех

Энэтхэг

ОХУ

Польш Унгар
Болгар Румын

Хорват

БНХАУ
ӨМӨЗО

Турк Украин Казакстан Вьетнам Лаос

Куба

БНАСАУ

Хугацаа

/сараар/

XI-XII

I-II

III

II-IV

III, IV

IV-V

V-VI

Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315 (үүний 220 нь ӨМӨЗО-д), Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост 8, Чехэд 6, Унгарт 4, Казахстанд 4, Румынд 3, Украйнд 3, Болгарт 2, Куба, БНАСАУ-д бүр 2 хүнийг эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцаж байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам” /Нэгдүгээр хавсралт/-ын дагуу сонгон шалгаруулж байна. Яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтоож, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах нөхцөл, хугацааны хамт яамны вэб хуудсанд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Энэ санхүүжилтэд хамруулах олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэрсийн жагсаалтыг /Rank1 (20 KB), Rank2/ их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, яамны вэб хуудсанд байршуулна.

Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцагч нь “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB)“-ын дагуу гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах арга хэмжээ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 30 гаран орны их, дээд сургуульд нийт мянга гаран хүнийг суралцуулсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын их дээд сургуульд элсэн суралцсан 117 хүнд Сургалтын төрийн сангийн зээл олгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өлсгөлөн зарлагчдыг албадан буулгаагүй”

Ноён уулыг аврах, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн, 12 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” бүлгэмийн найман гишүүнийг өнгөрсөн шөнө тараасан тухай мэдээлсэн билээ. Тус бүлгэмээс шаардлагынхаа хариуг нааштайгаар хүлээж авахгүй бол хуурай өлсгөлөнд шилжиж, амь биеэ золино гэж өчигдөр мэдэгдээд байсан юм.

Босоо хөх монгол бүлгэмийнхэн цахим хуудсандаа энэ талаар “Хоёрдугаар сарын 24-ий 00:50 цагийн үед хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр сүлжээ унагагч ашиглан, мэдээллийг гадагш цацахаас сэргийлж, хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэж мэдэгдсэн.

Харин ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү Чухам шалтгаанаар өлсгөлөн зарлаж байсан иргэдийг тараасан талаар хэвлэлийнхэнд өгсөн тайлбартаа “Өлсгөлөн зарлаж буй долоон иргэний биеийн байдал дордож, цаашид хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар албадан эмчлэх шийдвэр гарсан. Энэхүү захирамжийн биелэлтэд буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалахад цагдаагийн байгууллага хамгаалалтад гарч ажилласан. Анх найман иргэн өлсгөлөн зарласан. Нэг иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаа. Харин нэг иргэн биднийг очиход өлсгөлөн зарлаж байгаа гэх газраа байгаагүй. Тиймээс тэнд байсан зургаан иргэнийг эмчилгээнд хамруулаад байна” гэлээ. Цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн гэх мэдээллийг тодруулахад “ Ямар нэгэн хүч хэрэглэсэнасуудал байхгүй. Албадан эмчилгээнд хамруулах тухай иргэдэд танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эмнэлгийн байгууллага руу явсан. Мөн өлсгөлөн зарлаж байсан иргэдийг дэмжиж байсан бүлгэмийн гишүүд болон бусад дэмжигчид өөрсдийн санаачлагаар барьсан гэрийг буулгаж авч явцгаасан. Ямар нэгэн үйл ойголцол, зөрчил гараагүй. Эмнэлгийн байгууллагаас эдгээр иргэдийн хэвтүүлэн эмчлэх өрөө, эмчлэх эмч нарыг томилох асуудалд багагүй цаг зарцуулсан. Мөн тухайн орчин хотын төв хэсэгт байрлаж байгаа тул тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, мөн зам хааж байж ажиллагааг зохион байгуулсан тул хотын төвөөр зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөнд саад болохгүй байх үүднээс шөнөөр энэхүү ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханы АН-ынханы тэмцэл үргэлжилсээр

Сонгинохайрхан дүүргийн АН-ын хуучин дарга Ө.Пүрэвбаатар тэргүүтэй 40 гаруй залуус өнгөрөгч битүүний өдөр намынхаа байранд хүч түрэн хаалгыг нь эвдэж оржээ. Тус намын хороо өнгөрөгч сард шинэ удирдлагаа сонгосноос хойш хэрүүл шуугиантай байгаа. Учир нь тус намыг өмнө нь удирдаж байсан Ө.Пүрэвбаатар нарын хүмүүс шинээр сонгогдсон удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр намын хуучин дарга Ө.Пүрэвбаатар хууль бус нөхөн сонгууль явуулсныг эсэргүүцэж жагсаал хийсэн гэв. Ингээд нийслэлийн Сонгуулийн хорооноос дээрх нөхөн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаснаар 11-ний өдөр Удирдлагын академийн байранд нөхөн сонгуулийг шинээр явуулжээ. Энэхүү хурлаас дүүргийн намын даргаар нийслэлийн иргэдийн төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг томилсон байна. Гэтэл Ө.Пүрэвбаатар нарын хэсэг хүмүүс өнөөдрийг хүртэл эсэргүүцэж битүүний өдөр намын байрны хаалга үүдийг 40 гаруй залуусаар эвдүүлж хүч түрч орсон аж. Өнөөдрийн байдлаар Ш.Одгэрэлд намын хорооны тамга тэмдэг байгаа бол Ө.Пүрэвбаатар нар намынхаа байрыг эзэгнэсэн байдалтай байна.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад 41 иргэн тэнцжээ

Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан 136 иргэнээс 41 иргэнийг сонгон шалгаруулж хөдөлмөрмийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч “Сертификат” олгожээ.

НИТХ-аас нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Үүний дагуу сургалтад хамрагдаж төгссөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ны өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэлэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Энэ жилийн хувьд Япон Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тун сайхан эхэлж байна.

Учир нь Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар Япон Улсад ирж туршлага солилцсон. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсний зэрэгцээ хоёр орны хооронд диломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр та манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Өндөр дээд хэмжээний айлчлалуудаас гадна манай хоёр орны ард иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарч чадсан. Цаашдаа ч Япон Монголын харилцаа бүх шатанд илүү өндөр түвшинд хөгжих боломж их байна. Манай парламентын зүгээс хоёр орны харилцаанд хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ эрхэм таны Япон Улсад хийж буй айлчлалын үеэр онцлон тэмдэглэе хэмээн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура хэллээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхим, түүний гишүүд, Парламент дахь Либерал Ардчилсан намын М.Хаяаши гишүүн тэргүүтэй Япон, Монголын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлж байв. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал бөгөөд энэ чиглэлд та дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Саяхан Монгол Япон хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлов.

Хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа, солилцоо чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд монгол иргэдийн Япон Улсад зорчих нөхцлийг эрс хөнгөвчлөх, улмаар иргэдийг визээс чөлөөлөх чиглэлд японы тал тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Энэ асуудал хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээ болон Парламент дахь ЛАН-ын Япон Монголын бүлгийн гишүүдийн манай Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр хөндөгдөж, хоёр тал эхний алхам болох арга хэмжээнүүдийг авч эхэлж буйд баяртай байна. Монголын тал нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Япон Улсаас дэмжлэг авах, Японы Засгийн газрын тэтгэлэгээр Японы их дээд сургуульд инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог улам нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг манай улс үнэлж, НҮБ-ын шинэчлэлийн асуудал болон Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжинэ гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Н.Мачимураг Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Галд өртөж байсан иргэний амийг цагдаа нар аврав

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер ахмад Б.Ганхүү, ахлах ахалагч Н.Наранхүү нар үүрэг гүйцэтгэж явахдаа нэгэн иргэний амь насыг аварсан байна. Тэдний эргүүлд гарч байсан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн айлд гал гараад байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн Г согтуу хоол хийж гал алдаж, угаартах гэж байсныг олж харжээ. Ингээд тэд түргэн тусламж дуудан түүний амийг аварсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Шинзо Абэтай уулзана

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад айлчилж байгаа билээ. УИХ-ын дарга өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзалт хийх юм. Мөн өнөөдөр Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэн болоод түүний нас чацуутнуудыг эх барьсан эмч нарт хүндэтгэл үзүүлнэ

Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр Эүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба гурван сая дахь иргэн түүний үе чацуутнууд болон тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нар хүндэтгэл үзүүллээ.
2015 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн юм. Гурван сая дахь иргэний нас чацуутан нийт 180 хүүхэд мэндэлсэн билээ.