Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ялгуусан амьдралыг туулсан төрийн зүтгэлтэн таалал төгслөө

Монгол Улсын төрийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч Түмэнбаярын Рагчаа 2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 99 насандаа таалал төгслөө. Тэрээр 1917 онд Увс аймгийн Хяргас нуур (Одоогийн Хяргас) сумын Хүүшийн өвөлжөөнд төрж, арван настайгаасаа эрдмийн мөр хөөн сумын бага сургууль, ЗХУ-д худалдааны ажилчдын сургууль, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа 1931 онд Хяргас нуур суманд бичээч, түр сургуулийн багшаар эхэлж төрийн алба ажлыг нугалж ирсэн. Тухайлбал, Хоршоодын төв холбоонд ажилтан, сургагч, нягтлан бодогч, Чойбалсан хот дахь дамжлага баазын дарга, хэлтсийн дарга, орлогч даргаар ажиллаж байжээ. Хоршоодын төв холбооны ажилтнаас орлогч дарга хүртэл дэвшиж ажилласныхаа дараа Гадаад худалдааны яамны ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга, МУИС-д багш, Монгол Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч, даргаар ажиллаж байсан түүхтэй. Улмаар 1960-1986 онд Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч, нэгдүгээр орлогч даргын хүндтэй өндөр албан үүргийг олон жилийн турш нэр төртэй гүйцэтгэсэн билээ.

Т.Рагчаа 1931 онд МХЗЭ-ийн гишүүн, 1941 онд МАХН-ын гишүүнээр бөгөөд МАХН-ын XIV-XIX их хурлын төлөөлөгч, XIV-XVIII их хурлаас Намын төв хорооны гишүүн, 1972 оноос Төв хороо­ны Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1976 оноос Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон намын удирдлагад 25 жил ажиллажээ.

Тэрээр Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар 1960 оноос хойш тасралтгүй зургаан удаа сонгогдсон эрхэм.

Талийгаачийн намтрыг уншихад л хуучин цагийн боловсон хүчин, шалгарсан төрийн хар хүн болсон нь харагдана. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Жа.Пүрэв 2004 онд Т.Рагчаа гуайтай ярилцахдаа “Орон нутагт таны ирэх сураг баруун аймгуудын нутгаар 40 м/сек салхитай гэх шиг сүртэй сонсогддогсон.Та ч сүрлэг гэж жигтэйхэн. Таны яваад өнгөрсний дараа аймаг, сумдын төв индүүдсэн юм шиг цэмцийгээд л хаалга үүдний түгжээ хүртэл бүтэн болсон байдагсан. Тэр жил Баянхонгорт очоод гуравхан хоногт ногоон тэжээлийн хоёр сайхан зоорь бариулчихсан. Таны албан тушаал өндөр, дээр нь түүнээсээ ч өндөр шаардлагатай, нэр хүнд бас өндөр. Тэр олон өндрүүдийн сүр хүчээр хүмүүс ажлыг ёстой бужигнуулж байлаа…” гэж асуусан байдаг. Түүнийг зарчимч, шударга, өндөр сүрлэг хүн гэж ойр дотныхон нь, улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ.

Түүнийг хэтэрхий шулуун шударгаасаа болж зарим дар­га нарт “зуугдаж” ч яв­сан үе байдгийг хүмүүс ярь­даг. Т.Рагчаа 2004 онд өгсөн ярилцлагадаа “Би чинь шоронгийн хоригдлоос хэлтсийн даргаар шууд томилогдож байлаа. 1950-аад онд аав минь Увсаас хот руу хэдэн сувай малтай нүүж ирлээ. Тэгээд малынхаа ноос, махны ноогдлыг нь хүчрэхээ байв. Одоо яах вэ гэж байтал Алтан-Овоогийн мал баазад зааз мал худалдаж байснаас нутгийн хоёр хүнтэй гурвуулаа арван ямаа, 100 хонь худалдаад авчихав. Тэр үед би Хоршоодын холбооны орлогч дарга байсан юм. Нэг өдөр Намын төв хорооны нарийн бичгийн дарга Дамба гуай дуудлаа. Конторт нь ортол улсын прокурор Жамбалдоржтой хамт сууж байна. Тэд “Чи МАХН-ын гишүүн байтлаа баяжих санаатай аавдаа мал авч өгсөн байна” гээд тулгадаг юм байна. Ингээд л шүүхэд өгч дээд шүүхийн дарга контортоо ардын төлөөлөгч хоёр хүн суулгаж байгаад хоёр жилээр таслан шийтгэв. Дээд шүүхийн дарга бид хоёр сайн найзууд байсан. За яахав. Ийм л юм болчихлоо гээд цай хийж өгөөд хэдэн үг солилцсон. Нэг өдөр шоронгийн дарга дуудлаа. Өршөөлийн зарлиг уншиж сонсгоод дараа нь “Таныг манай Хорих лагерийн төлөвлөгөөний хэлтсийн даргаар томилсон. Май өрөөнийхөө түлхүүрийг ав” гээд өгч байлаа. Хоригдлоос дарга болоод дөрөвхөн хонож байтал бас дуудагдлаа. Очтол Гадаад худалдааны яамны санхүүгийн хэлтсийн даргаар томилчихсон” гэжээ. Бас Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг 1990-ээд оны үед “Тойрон хүрээлэгч” нэр зүүж шалгаж байсан ч удаатай. Энэ бүхэнд төрийн зүтгэлтэн Т.Рагчаа нугараагүй. Монгол төрийн хар хүний ноён нуруу хэзээ ч, хаана ч нугардаггүйг тэр харуулсан. Монголын нийгэм, улс төрд хүчин зүтгэснийг нь үнэлж, төр засгаас Т.Рагчаад Монгол Улсын Гавьяат эдийн засагч болон Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар удаа дараа шагнажээ.

Ум сайн амгалан болтугай.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн төлөв байдлыг танилцуулна

“Эмнести Интернэшнл” төрийн бус байгууллагаас Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах юм байна. Өнгөрсөн онд 160 улс оронд хүний эрхийн төлөв байдал ямар байсан талаар болон бүс нутгийн тойм, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар өнөөдөр Үндэсний номын сангийн уншигчдын танхимд хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

Манай улсыг үзэсгэлэнт байгальтай ч аялал жуулчлал тааруу хөгжсөн орны тоонд оруулдаг. Тэгвэл манай улс олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд анх удаа түншлэгч орноор орохоор болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд манай улс анх удаа түншлэгч орноор оролцохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон байж магадгүй ч та яг цагаа олж манай хотод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд шууд ардчилал гэдэг зүйлийг санаачилж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт тусгах ажил эхэлсэн юм. Энэ санал, санаачилгаар нийслэлийн 100 орчим хороонд Иргэний танхим байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч энэ иргэний танхимыг бид зөвхөн хэлбэр талаас ашиглахаас, агуулга талаас ажиллуулж чадахгүй байгаа юм. Монгол Улсын 44 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Бидэнд иргэдийн оролцоотой шийдэх олон асуудал бий. Одоогоор нийслэлээс 6 удаа иргэдийн дунд санал асуулга зохион байгуулж, иргэдийн саналаар шийдвэр гаргасан. Гэвч зарим ажилд иргэдийн 60-70 хувийн дэмжлэг авсан ч хэрэгжүүлээд эхлэхэд эсэргүүцэлтэй тулгарч, асуудал үүсэх тохиолдол байна. Тиймээс таны олон улсад хэрэгжүүлсэн иргэдийн саналыг авах, сонсох, шийдвэр гаргасан туршлага бидэнд хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Ноён Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг үйл ажиллагаа, шийдвэрт тусгахаар ажиллаж байгаа нь маш том давуу тал. Монгол Улс нь Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх 22 дахь улс болж байгаа юм. Ерөнхийдөө хөгжингүй, хөгжиж байгаа улсууд энэ аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал асуулгыг зохион байгуулж, засаглалын чанарыг сайжруулдаг аргачлал юм. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцлон хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хот дүрэмгүй хот. Тиймээс асуудлыг эхнээс нь зөв хийж, хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд ч бид ажиллаж байгаа. Эхлээд хотынхоо асуудлуудыг жагсаая. Тэр жагсаалтаас сонгож зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” гэлээ. Харин ноён Жэймс С.Фишкин уг саналыг зөв зүйтэй гэж дэмжээд, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай эрдэмтэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ижийн энтэй эгч” тоглолт болно

“Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон хит дууны эзэн, дуучин П.Идэржавхлан ирэх сард уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолтоо товложээ. “Ижий энтэй эгч” нэртэй түүний тоглолт гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлуудын архи дуусаагүй талаар амьтан ах дүүс ярилцаж байна

Сар шинийн өдрүүд хуучраагүй, шинэлэгч олон ах дүүсийнхээрээ орж гарсаар, буузаа жигнэн идэж, боов боорцгоосоо нэг нэгэндээ хуваалцсаар буй өдрүүд үргэлжилж байна. Бас Гандан хийдийн үүдээр зайгүй, золголт үнсэлт ч дуусаагүй. Яг энэ өдрүүдэд онцолж чухалчилмаар зүйл байгаа нь сархад хэтрүүлэн хэрэглэж, агсан согтуу тавьж байгаа хүмүүс илэрхий бага болжээ. Монголчууд бид архийг бас ч гэж тааруулан хэрэглэж чаддаг болсон байна. Тэр жилийн шинийн өдрүүдээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэлцсээр байдаг ч шинийн 1-ний өдрөө нам согтож, тас унасан хүмүүс олон л байдаг байсан. Харин өнөө жил илэрхий багассан нь хүмүүст илт анзаарагдаж, өөр хоорондоо энэ тухай ярьсаар байна.

“Манайх өнөө жил задалсан ганц шил архиа дуусгасангүй шүү. Хүмүүс бүр архи уухаа байж. Ерөөсөө ёс болгож амсаад л гардаг болжээ”, “Хөдөө сумандаа очиход энд ч нэг, тэнд ч нэг унасан хүн байдаг байсан. Өнөө жил манай суманд ганц л хүн согтсон байна лээ. Хүмүүс бүр уухаа байжээ” хэмээн ярилцах нь сонстоно. Манай ажлын ахын ээж дээр жил бүрийн Цагаан сараар ирж золгохдоо чадвал нэг бүтэн, амжихгүй бол тал шил архи баараггүй цааш нь харуулдаг ах хүү байдаг гэнэ. Харин өнөө жил ердөө хоёр хундагыг л тогтоогоод “Илүү уухгүй. Шинэдээр архи уухгүй, муухай” гээд гараад явжээ. Ёстой л гайхсандаа хоёр нүд орой дээрээ гармаар л үйл явдал болж. Архинд живсэн монгол гээд л нэгнээ шүүмжлээд ч байгаа юм уу, цаашлаад дарвиулаад ч байгаа юм уу явж ирсэн монгол түмний архины тухай бодол үндсэндээ ихээхэн өөрчлөгджээ.

Зарим ахмад настнууд өнөө жил Цагаан сараар архи задлахгүй гээд сүү өргөж баяраа тэмдэглэсэн сурагтай. Тэгээд олон жил сурч ирснээ өөрчилж байгаа хөгшид ойр дотнынхноосоо “Хүүхээ, архи задлахгүй эвгүй байна уу” гээд сэм тандаад урмын үг хариуд нь сонсоод жигтэйхэн баяртай суусан талаар эргэн тойрны хүмүүс ярилцана. Үнэндээ ч хөөрхий, идээний дээж гээд сархад сөгнөөд ухааныг нь, биеийг нь балартуулаад гаргадагтаа ахмадууд ч зовниж явсан байх нь шүү дээ. Харин өнөө жил нэхэж уух нь ч багасч, шахаж уулгадаг нь ч өөрчлөгдөж уламжлалт баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж чадсандаа сэтгэл хангалуун хүмүүс олон байна. Зах зээлийн шуурганд хөл алдаж, хаа сайгүй хэрхэхээ мэдэхгүй явах үедээ гашуун ус ууж өөрийгөө хуурах явдал олон хүнд байсан. Нийгмээрээ нийтээрээ уугаад байгаа үед уруу татагдаж, бас өөрийгөө бусдын л жишгээр байгаа гэж андуурах хүмүүс ч олон байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Шилжилтийн үеэ ч давж, бас амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн байна. Аль болох эрүүл зөв амьдралын талаарх үгс хүмүүсийн амнаас унаж эхэлсэн. Монголд хорт хавдрын өвчлөл өндөр. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их хувийг эзэлдэг. Хавь ойрынхоо хайртай хүнээ элэгний хавдраар алдсан монгол хүн хаанаас ч олдоно.Харин элгийг гол гэмтээгч эд бол архи. Тиймээс энэ хар усны хар хорыг сэтгэл зүрхээ шархлуулан байж мэдэрсэн хүмүүс архийг үргэлжлүүлээд уугаад байхгүй нь ойлгомжтой. Ер нь монголчуудын архинаас зугтаж, архинаас аандаа холдож байгаад олон шалтгаан бий. “Бас нэгэн гол шалтгаан бол Архигүй Монгол болцгооё” гэж дээр, доргүй олон жил ярьсных яах аргагүй мөн биз ээ. Ерөнхийлөгч нь “Сүү өргөж амьдарцгаая” гээд баяр наадмаар сүү өргөөд эхлэхэд гайхашран хачирхах хүмүүс их байсан. Ямар ч утгагүй, сүү өргөөд зогсч байдаг гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Гэвч аливаа юманд хэн нэгэн эхлэлийг нь тавьж, сэдэл өгөх чухал байдаг юм байна л даа. Одоо хуримыг архигүй, Цагаан сарыг архигүй тэмдэглэнэ гэж байгаа хүмүүст тийм нэг гартаа барих, өмнөө хэлэх зүйлтэй болчихсон учраас тэдэнд ч амар хэвшил болоод явчихаж байх жишээтэй. Өнөө жилийн Цагаан сар ийм нэг сайхан, амар амгалан болж өнгөрлөө гэдгийг олон хүн хэлж байна.

Айл гэрийн хэн нэгэн нь архинд толгойгоо гашилгаж, эрүүл бус ухаанаар хандахгүй болохоор хэрүүл тэмцэл, зодоон цохион гэмт хэрэг ч багасах нь ойлгомжтой. Шинийн өдрүүдэд гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө илэрхий цөөн, багассан нь Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Зам тээврийн осол 50 хувиар, гэмт хэрэг 30 хувиар өмнөх жилээсээ буурчээ. Үүнд архи шууд нөлөөлж таарна. Цагдаагийн байгууллага ч тун сайн ажилласан гээд хүмүүс ам сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд баяраар архи уудаг хүмүүсийн тоо багаслаа гээд л байдаг байсан. Өнөө жил бүр илэрхий, гарт баригдаж, нүдэнд харагдахаар анзаарагдаж байна. Ёстой л тооноос чанарт шилжинэ гэдэг л болж байна. Архи үйлдвэрлэж борлуулдаг компаниуд баярын үеийн борлуулалтаа олон жилийн дундажтайгаа харьцуулж гаргадаг бол сонин л үзүүлэлт гарах байх даа. Гэхдээ бизнесийн нууц энэ тэр гэхгүй бол тун таатай тоо гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оноос эхлээд архи, спиртийн үйлдвэрүүд манайд борооны дараа шаагитал ургадаг мөөгшиг нэмэгдэж эхэлсэн билээ. Бас манай төсөвт ч гол хөрөнгө татаж төвлөрүүлдэг компаниуд нь эд байсныг нуухын аргагүй. Харин сүүлийн үед тоотой, томоохон хэд нь үлдээд бусад нь эрхгүй цөөрч байгаа. Нэгэнт хүмүүс хэрэглэх нь багасаад эрэлт нь татраад эхлэхээр зах зээлийнхээ хуулиар зохицоод л явчихна. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед гаднаас хүчлэх ямар ч шаардлагагүй билээ. Сүүлийн үед яригдаад байгаа Архины зохицуулалтын тухай хууль гараад ирвэл асуудал үүсгэхийг үгүйсгэхийн аргагүй. Хуурай хууль гарах тусмаа далд бизнес цэцэглэж, асуудал босгодог гэлцдэг. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, эрүүл амьдрах хэв маягийг ойлгох байдал, цаг хугацааны өөрчлөлтөөр манайхны архины хэрэглээ эрс өөрчлөгдлөө. Харин үүнийг хуулиар нэмж зохицуулбал нэмээд нэрмээс болох аюултай. Тиймээс хууль санаачлаад, өөр хоорондоо лобби хийгээд батлаад явчихдаг төрийн түшээд өнөөдрийн нөхцөл байдал, амьдрал дээрх хөрсөө мэдрээд явчихвал болчихож байгаа нь тэр. Яг хүмүүс дундаа ороод явчихвал цаана чинь хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү. Заавал уух архийг нь хэмжиж, тамхилах газрыг нь заагаад байлтгүй өөрчлөгдөөд байна. Хуулиар, хүчээр бүгдийг зохицуулах гээд байхаас сэдлээр, сэтгэлгээг нь өөрчлөөд байвал мал биш хүн хойно ойлгож л таараа. Цагаан сараар ард түмэн дундаа орж, хотын захын айл, хөдөө айлын хотонд очсон бол архи уугаад байдаг хүмүүс багасчээ гэдгийг анзаарч л таарна даа. Урьд нь хэдэн шилээр нь архиа нөөж аваад баярладаг байсан айлууд ганц гожингийнхоо ард ч гарч чадаагүй гэж байна шүү. Монголчууд бид өөрчлөгджээ. Сайн тал руугаа шүү. Архи уухаа багасч. Лав Цагаан сараар архины араас хөөцөлдөөд байдаг хүмүүс ховордсон байна. Айлуудын базаасан архи барагдаагүй талаар амьтан ах дүүс ярилцсаар л байна шүү.a

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал”

Орцныхоо үүдээр орж явтал ард тар няр хийгээд явчихав. Эргээд хартал нэг хүүхэн жижгэвтэр суудлын машины цонхыг чулуугаар хайр найргүй балбаж харагдлаа. Хавь ойрд нь явж байгаа хүмүүс бүсгүй рүү харах хэдий ч хажуугаар нь юу ч болоогүй мэт зөрөөд өнгөрөх аж. Нөгөө хүүхэн “Чи ингээд уур хүргээд бай” хэмээн хашгичиж машины цонхыг хагалчихаад яваад өгөв. Намайг гэртээ ортол машины эзэн гарч ирээгүй юм. Магадгүй тэр цонхоороо энэ бүхнийг хараад зогсож байсан ч байж болох. Энэ явдлаас гурав хоногийн дараа тэр өдөр чухам юу болсныг олж мэдсэн. Нөхөр нь гэртээ хоноогүй аж. Гэтэл ажил дээр нь эхнэр нь ирээд зогсоолд байсан машиных нь шилийг хагалаад явсан нь тэр аж. Машины эзэн энэ явдалд огт бухимдаагүй гэсэн.Тэр машинаа нэг тойруулж харснаа “Манай эхнэр 400 мянган төгрөгөөр энэ удаа бухимдлаа тайлчихлаа. За яах вэ, 600 мянган төгрөгөөр уурлачихаагүй нь яамай” гэж хэлснийг дэргэд нь байсан хүн надад дамжуулсан юм. Эхлээд ухаан муутай хүүхэн мэт бодогдож байсан ч тэр бүсгүйн зоримог араншинг бахархмаар санагдсан. Нөхөр нь чухам яасан болоод тэр хүүхэн ийм алхам хийснийг мэдэхгүй шүү дээ.

Хайр, задгай мөнгө хээнцэрлэл, чимэг зүүлт биш. Магадгүй энэ тухай нөхөртөө сануулах гэсэн байх тэр бүсгүй. Хэн нэгнийг хайрласан бол эргүүлээд авч болдоггүй зүйл. Чи хүссэн бол тэр хайр ирж л таараа. Харин хариу нь муу сайн ямар үр дагавартай байх нь хамаагүй. Бас дэнгийн эрвээхэй шиг түүндээ оосорлуулаад чирэгдэж болно. Эсвэл хатан хаан шиг амьдарч болно. Энэ бол сугалаатай адил зүйл. Хайрлалцахадхэн нэг нь хариу нэхдэггүй гэдгийн үлгэр магадгүй дээрх хоёрын жишээ байж болох юм. Эд хөрөнгө бол олдоно. Харин тэр бүсгүйн “400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал” залууд түүнээс том ухаарлыг өгсөн байж болно. Хайраас хайр төрж тэр бүхэн бидний амь болон дэлбээлдэг утга ч энэ байж болох.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 25. Буд гариг. Билгийн тооллын 7. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр. Өдрийн наран 07.41 цагт мандан, 18.17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулиудыг буцалтгүй тусламжаар засварлана

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд энэ жил Архангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, дотуур байруудад их засвар хийхээр болжээ. Их засварт нийт 623,199 ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Аймаг

Төслийн нэр

Төсвийн дүн (ам.доллар)

1

Ховд

Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн засварын төсөл

86,409

2

Хэнтий

Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн их засварын төсөл

89,370

3

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын сургуулийн засварын төсөл

79,635

4

Архангай

Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл

98,238

5

Дундговь

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн Далай” цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төсөл

84,590

6

Дархан-Уул

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2-р сургуулийн засварын төсөл

89,536

7

Увс

Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл

95,421

Categories
мэдээ нийгэм

Таван тойлгойн хэлэлцээ ирэх пүрэв гаригаас үргэлжилнэ

Тавантолгойн II шатны хэлэлцээ тун амжилттай явж байгааг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байгаа бол дэд уулзалтуудыг хариуцсан ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарыг томилсон. ҮАБЗ-өөс Тавантолгойг саадгүй явуулах үүргийг Засгийн газарт өгсөн бөгөөд одоогийн байдлаар хэлэлцээ түр завсарлажээ. Учир нь Хятадын еэвэн сар манай цагаан сартай давхацсан, тиймээс “Шэнхуа”-н төлөөлөгчид нутаг буцсан учраас хэлэлцээг түр зогсоож, ирэх пүрэв гариг буюу энэ сарын 26-наас эхлүүлэх юм байна. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг ирэх сард дуусгахаар төлөвлөөд байгаа аж.