Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ – ын дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм.

“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой.

Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уралдааныг цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг биелүүлж байгаа байдал, жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн албан хаагчид дүрэмт хувцас, хэрэглэлийг хэрэглэж хэвшсэн байдал, анги, салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хашаа, машины дунд хавчуулагдаж амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар багийн нутаг Үтрэмийн нэгдүгээр гудамжинд блокон хашааг “Huyndai elentra” загварын автомашин мөргөсөн осол өчигдөр гарчээ. Хашааны завсар хоёр хүн хавчуулагдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн есөн алба хаагч ажиллаж 42 настай эрэгтэй хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлэгт хүргэжээ. Мөн нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Хоёр аймгийн гурван сумын нутагт “Галзуу” өвчний 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр, тус аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-ийн 1 хонь, Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-ийн 2 үхэр галзуурч үхсэн нь шинжилгээгээр тогтоогдсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн таван дуудлагатай хонолоо

Нийслэлийн онцгой байдлын газар гал түймрийн таван дуудлагатай хоножээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 2 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Т-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 11:47 хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургуулийн дэргэд шонгийн мод шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 20:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч унтраажээ.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 45 дугаар гудамжийн 678 тоотод иргэн У-ын байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 21:39 цагтхүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгинын 29 дүгээр гудамжийн 351 тоотод иргэн Э-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг өнөө шөнийн 01:46 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 19 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Д-ийн гэр, иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөө үүрээр хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Морин жилийн онцлох алдартнууд

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүд ариун цэврийн шаардлага хангаагүй, шаардлагатай эм тариагүй байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн аж. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зөрчлүүд илэрчээ. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Өсөхбаяр: Битүүний орой хөдөө суугаа ээж рүү ярьтал өмнөөс уйлаад жигтэйхэн баярлаж байлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” групп, “Булган хангай” дэвжээний бөх Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр модон хонин жилийн сар шинийн барилдаанд залуу заан Ч.Санжаадамбатай үлдэж үзүүр булаасан билээ.

Хонин жилийн сар шинийн барилдаанд үзүүр булаалаа. “Хоёр гуяа савчиж шидлээд ирэхээрээ ч Өсөхөө заан аатай даа” гэж бөх сонирхогч олон хэлдэг. Өөрөө бол задгай барилдаантай бөх. Өнөө жилийн цагаан сараар их сайхан барилдаан үзүүллээ?

-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй байсан. Түүний үр нөлөө гарлаа гэж бодож байна. “Булганхангай” дэвжээнийхээ бөхчүүдтэй уламжлал ёсоороо бэлтгэлээ базаасан. Манай дэвжээнд улсын гарьд И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргалаар ахлуулсан олон хүчтэнүүд бэлтгэл сургуулилтаа хийдгийг бөх сонирхогч олон мэдэх байх. Миний хувьд санасан бодсон хэмжээндээ хүртэл сайхан барилдлаа. Үзэгч олонд түрүүлчихгүй яав гэсэн бодол байсан байх. Сар шинээр золгож, уулзсан бүхэн баяр хүргээд, “Санжаадамбыг барсангүй юу. Өсөхөөгөө түрүүлэх байх гэж харж байлаа” хэмээн хэлж байв. Миний хувьд сар шинийн барилдаанд анх удаа түрүү үзүүрт шалгарч, үзүүр булаасандаа ихэд баярлан, бэлгэшээж байна. Тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох барилдаан гэж манайхан хэлдэг. Өнөө жилийн наадмаар сайхан барилдах байх. Тийм итгэл төрлөө.

Өмнө нь цагаан сарын барилдаанд хэрхэн амжилт үзүүлж байв даа?

-2012 оны луу жилийн сар шинийн барилдаанд тав давж их шөвгийн наймд үлдэж байсан юм. Тэр жил чинь Мөнхбат аварга түрүүлж, Мөнхбаатар арслан үзүүрлэж байсан. Говь-Алтайн Ду.Батбаяр начингаар дөрөв, Увсын П.Бүрэнтөгс арслангаар тав давж зургаагийн даваанд Сангисүрэн начинд тахимаа өгсөн. Харин дараа жилийнх нь сар шинийн барилдаанд зодоглож чадаагүй.

Яагаад тэр билээ?

-Олимпийн аварга, эрхэм дотнын анд нөхөр Н.Түвшинбаярын хамт АНУ-ыг зорьж байв. Найз маань өвдөгний хагалгаанд орсон. Тэгэхэд нь хамт байж сар шинийн барилдааныг өнжиж байсан.

Өнөө жилийн сар шинийн барилдаанд Бүрэнтөгс, Батсуурь гээд Увсын залуу арслангуудыг дараалж давсан. Тэд бол төрийн наадамд түрүүлсэн бөхчүүд. Арслангуудтай хэрхэн барилдсанаа хуваалцахгүй юу?

-Гурвын даваанд Өвөрхангай аймгийн арслан Б.Батдоржийг амлаж барилдаад давсан. Батдоржийн хувьд “Хилчин” спорт хороонд улсын арслан Б.Ганбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг улсын цолонд ойр яваа бөх. Дараа нь Говь-Алтайн Батбаяр начинтай оноолт таарсан. Өмнө нь олон удаа барилдаж байсан хэн хэнийхээ барилдааныг мэдэхийн хувьд барилдаан таарсан гэж хэлж болно. Тавын даваанд Мөнхбаатар арслан намайг амласан. Миний хувьд хутгах мэх хийгээд давсан. Үндсэндээ шийдсэн мэхээ хийсэн хэрэг. Намайг тийм хурдан мэх хийнэ гэж Мөнхбаатар арслан бодоогүй байх. Ингээд зургаа, долоогийн даваанд Бүрэнтөгс, Батсуурь арслангуудтай хүч үзсэн. Бөх сонирхогч уншигч олон ямархан барилдаан үзүүлснийг санаж байгаа болохоор юу ярих вэ. Ерөнхийдөө шийдсэн мэхээ хийгээд санасан хэмжээндээ барилдсан. Бүрэнтөгс арслантай ч, Батсуурь арслантай ч аль алинтай нь барилдаан таардаг бөхчүүд л дээ.

Санжаадамбыг барсангүй юу нээрээ?

-Санжаадамба заан бол энэ цаг үед үнэхээр л барилдах гэж төрсөн сайхан бөх. Бөхийн ёс жудгийг чандлан хадгалж байгаа залуу хүчтэн гэж Санжаа заанаар бахархдаг. Бид өмнө нь олон таарч барилдсан. Түвшинбаярыг олимпийн аварга болоод ирэхэд Булган аймаг аваргадаа зориулж том баяр хийсэн. Улсын цолтой ихэнх бөхчүүд очиж барилдахад Санжаадамба бид хоёр түрүү үзүүрт үлдэж, миний бие түрүүлж байлаа. Санжаадамба цагаан сарын барилдаанд өмнө нь Өсөхөө аваргыг давж улсын цолгүй түрүүлж байсан удаатай. Даваа өгсөх тусам задгай барилддаг бөх л дөө. Миний хувьд жаахан түргэдсэн тал бий байх. Давуулах гээд буруудчихсан. Гэхдээ харгүй сайхан барилдаад л унасан.

Сар шинийн барилдаанд өөрийгөө түрүү үзүүрт үлдэнэ гэж бодсон уу. Гэр бүлийнхэн болоод ойр хүрээний хүмүүс чинь ихэд баярласан нь мэдээж?

-Ямар ч барилдаанд тэд эд давна гэсэн ойлголт төрөхгүй шүү дээ. Зүгээр л сайхан барилдъя л гэж бодно. Өнөө жилийн цагаан сараар ч ялгаагүй. Тэгж л бодсон. Харин битүүний орой Булганы Бүрэгхангай суманд суугаа ээж рүүгээ ярьсан. “Хүү нь үзүүрлэчихлээ” гэтэл өмнөөс уйлаад, цаана нь байгаа ах дүү нар маань жигтэйхэн их баярлаж байгаа нь утасны цаанаас мэдрэгдэж байлаа. Унах, давах бүрт минь хамт байдаг Баасандорж ах маань мэдээж их баярласан. За тэгээд “Булганхангай” дэвжээний хамт олон, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, “Жигүүр гранд” группийн хамт олон маань ихэд баярласан болов уу.

Баасандорж заан яагаад зодоглосонгүй вэ?

-Бэртлийн улмаас зодоглоогүй ээ. Түүнээс Баасандорж ахын бэлтгэл сургуулилт тун сайн байсан. Энэ оны эхээр болсон Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд харцага Оюунболдтой үлдэж түрүүлж байсан шүү дээ. Манай хүн цагаан сарын барилдаанд өмнө нь их сайн барилдаж байсан. Их шөвөгт ч шалгарч байсан. Энэ удаа бэртлийн улмаас барилдсангүй.

Баасандорж заан та хоёрыг эгч дүүсийн хүүхдүүд гэдгийг хүмүүс мэднэ. Удам гарлынхаа тухай сонирхуулахгүй юу?

-Өвөө маань “Өндөр” Цэрэндолгор гэж аймгийн начин цолтой бөх хүн байсан. Манай аав болохоор огт барилддаггүй хөдөөний малчин хүн байв. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн сумын заан бий. Бүрэгхангайдаа бол “дархан аварга” юм даа. Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань. “Миний хүү мундаг бөх болно” гэж үргэлж урмын үгээр мялаадаг байлаа. Би чинь багаасаа л барилдах өвчтэй, сахилгагүй нөхөр байсан. Дээд ангийнхаа хүүхдүүдтэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон доо. Сургуулийн захирал Догсом гэж өөрөө бөхөд дуртай залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан юм. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрдөг сөн. Гуравдугаар ангийн сурагч аймгийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанд зодоглох гэж очоод бичиг баримтгүй гэж хасагдчихаад уйлж суусан даа. Бөхөд тэгж л амиа тавьдаг байж билээ.

Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг бөх болно гэж ихэвчлэн мөрөөддөг. Өөрийн тань хувьд?

-Эхлээд сумын заан Ц.Мөнхбаатар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээдбайнд авсан даагыг нь хөтлөөд буцна шүү дээ. Өөрөө түрүүлчихсэн шиг л баярлана, хөөрнө, догдолно. Тухайн үед ах их л том бөх юм шиг санагддаг сан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргаас аваад л олон хүнийг биширч эхэлж байгаа юм чинь. 1994 онд Сумъяа аваргыг начин болох жил нь би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.

Өсөхөө заан маань хэдийд анх өөрийгөө бөх болох нь гэж урамшиж байв. Хүмүүст сонин байх болов уу?

-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтайгаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлэн ихэд урамшиж байсан. Үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж эхэлсэн нь тэр. 2003 ондКазахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн. Эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ямар бахтайг тэгэхэд анх мэдэрч билээ.

Аймгийн цол хэзээ хүртсэн бэ. Мөн улсын наадамд хэдэн онд анх зодоглосон бол?

-Хоёр мянга дөрвөн онд Булган аймгийнхаа наадамд аймгийн цол хүртчих санаатай зодоглосон юм. Тэгтэл тавын даваанд Түвшээтэйгээ (олимпийн аварга, хөдөлмөрийн баатар) тунаад өвдөг шороодсон. Өнөө цол авах мөрөөдөл будаа болж байгаа хэрэг. Ингээд жаахан гомдолтойхон байж байтал Дорноговь аймгийн наадам наймдугаар сард болох сураг дуулддаг юм байна. Аймгийн цол авчихсан гэж сэрүүн зүүдэлж байгаа үе тэнгийнхээ аваргуудтай давхиад очилгүй хаачихав. Дорноговийн наадам улсын наадмаас хойно болсон болохоор том цолтой бөхчүүд олноороо очсон байсан. Одоогийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Амартүвшин нарыг начин цолтой байхад нь өвдөглүүлж тухайн наадмын түрүү бөх болдог юм. Баярласан гэдэг тоймгүй. Ингэж л аймгийн арслан цол хүртэж байлаа. 2005 онд улсын наадамд анх зодоглосон. Төрийн наадам эхлэхийг өмнө нь зурагтаар л харж байсан. Зодог шуудгаа бүслээд цэнгэлдэх рүү ороод ирэхэд их гоё санагдаж билээ. Тэр жил Сэлэнгэ аймгийн начин Ш.Зоригтоор хоёр давж гурвын даваанд одоогийн улсын заан тухайн үед аймгийн арслан цолтой байсан Т.Санчираар тунаж давсан юм. Дөрвийн даваанд Б.Ганбат арсланд тахимаа өгсөн. “Миний дүү сайн бөх болно шүү” гэж хэлэхэд нь баярлаж билээ. Гурвын давааны төгсгөлд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бөхийг хэн ч амлаагүй хооронд нь тунааж байсан удаатай. Одоо бүгд л улсын цолтой хүчтэнүүд болж дээ. Төрийн наадамд анх зодоглосон жил Д.Баасандорж ах маань Хэнтийн Одхүү начингаар тав давж улсын цолонд хүрэхэд өөрийн эрхгүй баярлан наадмын талбай дээр уйлаад зогсч байсан.

Өөрөө ахаасаа нэг жилийн дараа буюу 2006 онд начин болж байсан. Бас л өөрийн хүчээр цолонд хүрч их л баярлаж байсан санагдана?

-Тийм ээ, Т.Амартүвшин харцагыг начин цолтой байхад нь тавын даваанд давж өөрийн хүчээр цолонд хүрсэн. Тэр чинь 2006 он. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан жил. 1024 бөх зодоглосон төрт ёсны баярт улсын начин цол хүртсэндээ бэлгэшээдэг.

Заан цолыг хэдэн онд хүртлээ?

-2009 онд улсын заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл ч сайн байсан. Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав, шинэхэн начин Эрдэнэбилэгийн Энхбатаар зургаа давсан юм. Зургаагийн даваанд ам сонсоход улсын цол дөнгөж хүртээд байсан гурван залуу байж байлаа. Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Э.Энхбат нар. Тэгээд л Энхбатыгаа авсан. Бид хоёр чинь нэг нутгийн нэг дэвжээний бөхчүүд шүү дээ. Харин долоогийн даваанд Н.Ганбаатар гарьдтай тунасан. Ганбаа гарьд бол надаас биеэр том, чац өндөртэй бөх л дөө. Түүнийг хутгах мэхээрээ давж заан цолонд хүрсэн.

Заан цол хүртсэнийхээ дараа жил мөн л зааны даваанд шалгарч байсан. Тэгэхдээ зургаагийн даваанд өөрийн ах Д.Баасандоржтой тунаж байлаа. Тухайн барилдаанаа эргээд дурсахгүй юу?

-2010 оны наадам шүү дээ. Зургаагийн даваанд яалт ч үгүй Дорж ах (Д.Баасандорж заан)-тай тунадаг юм. Тэгээд яахав, хүч үзсэн. Энгийн амьдал дээр ах дүү болов ч төрийн наадмын дэвжээнд ах дүү гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ бүр чиг үнэн хүчийг үзээд хоёр биенээ цуцаагаад зүтгэхэд бас хэцүү. Хэн сайн байгаа нь л дээшээ барилдахыг бодно. Ингээд Дорж ахаар зургаа даваад долоогийн даваанд тэр жилийн түрүү бөх Б.Ганбат арсланд унасан юм. Тэр жил Ганбат арслан Өсөхөө аваргыг давж түрүүлснийг манайхан мэднэ. Наадмын түрүү бөх гэдэг арай өөр байдаг юм билээ. Яалт ч үгүй баралгүй унасан юм даг. Дараа жил нь би мөн л наадмын түрүү бөх болох П.Бүрэнтөгс арсланг тавын даваанд амлаж барилдаад тахимаа өгсөн.

Ерэн жилийн ойгоор наадамчин олон Өсөхөө заандаа багагүй итгэл хүлээлгэж байсан. Ер нь цолоо ахиулах болов уу гэж тааварлаж байсан. Тэгтэл зургаагийн даваанд Д.Баасандорж заанд өвдөг шороодсон. Хүмүүс бол ахдаа өгчихлөө дөө гэсэн байдлаар хүлээж авсан даа?

-2011 онд Баасандорж ах үнэхээр гойд байсан. Төрийн наадмын түрүү болчихоод зогсож байхыг нь үгүйсгэх аргагүй байсан. Тийм болохоор ахыгаа дээшээ барилдана гэж бодсон. Тэр жил ах маань Т.Өсөх-Ирээдүй харцагаар долоо давж заан болсон доо.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Од гэвэл Норовбанзад гуай, хуучны киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажавтай ярилцлаа.

Дуучин хүн бүр тайзан дээр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Таны нэрийг зарлангуут л үзэгчдийн нүд сэргээд, нүүрэнд нь баясал тодроод ирэх шиг санагддаг юм?

-Би чинь өөрөө цоглог, эмоцитой дуунуудад дуртай. Уянгын дуунууд дуулсан л даа. Гэхдээ голдуу цоглог дуунуудтай. “Намирын гол” дуу байна. Уг нь голын тухай өгүүлсэн дуу. Хадан дундаас, дээрээс харгиж урсдаг гол учир дууны хөгжим нь хурдан байх ёстой.

Та тэр дууны хөгжмийг зохиосон юм уу?

-Миний ая шүү дээ. Уг гол нь хадан дундаас харгилж хүчтэй урсч ирээд намуухан болчихдог юм. Энэ бүхнийг нарийн судалж байж хөгжмөө хийх хэрэгтэй. Би чинь их олон тоглолт хийсэн. Монголын ард түмэндээ их хайртай шүү дээ. Яагаад гэхээр намайг л тайзан дээр гараад ирэхээр сэтгэл нь сэргээд ирдэг нь мэдрэгддэг юм. Би ямар харагддаг юм бол. Явдал алхаа гишгээ түргэнтэй хүн шүү, би. Намайг гараад ирэхээр их дуртай байдаг юм. Ард түмнээ баярлуулаад явж байна гэдэг чинь сайхан. Би 28 жил дуулчихлаа.

Дуучин М.Бямбажав гэхээр л хүмүүс таныг өнөө 1990-ээд онд дуулж байсан төрх, байр байдлаар тань хүлээж аваад байдаг?

-Нас яваад л байна. Би насыг нэг их юманд боддоггүй. Хүн төрөлхтний ёс жаягаар тийм нэг тоо цифр явж л байг. Насанд баригдаж явна гэж байхгүй.

-“Оройтсон бороо” тань 1990-ээд онд жинхэнэ хит болж байлаа. Олон хүний амьдралын дурсамжийг хөглөсөн дуу шүү?

-1990 онд ардчилал гээд л өөрчлөлт болж байсан тэр үетэй зэрэгцэн гарч ирсэн дуу. Би чинь цэргээс дөнгөж халагдаад ирсэн, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд. Зохиолчдын хороонд Үлгэрийн танхим гэж байсан юм. Би тэр танхимд ерөөлч, магтаалч байлаа шүү дээ. Азийн язгуур урлагийн наадмаас хамгийн анх Гран при шагналыг авч байлаа. Би чинь ерөөлч, магтаалч, бие биелгээ хийнэ. Аягатай бүжгийг хийдэг хүн байлаа. Юмны учрыг нь мэдэхгүй, Туяа гэж эгчийн нэг шүлгийг авчихгүй юу. Мартын наймны бичлэгт орох юм, энэ шүлэгт ая зохиочих хүн байна уу гэхээр нь би зохиоё гээд авчихсан юм. Тэгээд л би гитар дээр нэг ая зохиогоод дуулж үзлээ. Бичлэгэнд ч ороогүй юм. Эмэгтэйчүүдийг ширээнд суулгаад хүлээн авалт маягийн юм хийсэн. Тэрэн дээр нь очоод гитартай дуулчихлаа. Тэр үед магнитофон гарч байсан үе. Нэг хүн намайг дуулахад кассетанд хураалгаад авчихсан юм билээ. Өө, тэгтэл Дэнжийн мянгын хар зах дээр миний дуулсан өнөө дуу цангинаж эхэллээ дээ, “…Оройтсон бороо” гээд л. Тэр чигээрээ л ард түмэнд хүрсэн дээ. Нэмж дээр нь хөгжмийн найруулга ч хийгээгүй, клип ч хийлгээгүй, яг оригоороо нийтэд түгсэн. Гитартайгаа л хит болчихсон дуу. Цэцэрлэгийн хүүхдүүд ч дуулдаг байлаа. Одоо хүртэл хүмүүс “Оройтсон бороо”-гоо дуулаач ээ гэдэг. Дараа нь “Бэрсүүт жүрж” кинонд хүртэл “Оройтсон бороогоо захиалаарай. Хорин доллар” гээд гардаг биз дээ.

Та кинонд тоглож байсан уу?

-Үгүй. Нэг удаа санал ирсэн юм. Би их азгүй ээ, их гоё кинонд тоглуулах байсан юм билээ. Гэтэл би зураг авахуулах өдрөө гадагшаа явчихсан юм. Тэгээд л өнгөрсөн. Ер нь кинонд тоглохсон гэж боддог. Урилга ирвэл тоглоно шүү. Би чинь жүжиглэх чадвар өндөртэй ш дээ (инээв).

Нэг хэсэг хойшоо яваад байгаа дуулдсан, аль хотод нь байсан бэ?

-Ленинградад жил гаран байсан. 1994 оны үед. Тус хотод Монгол туургатны дацан байдаг юм. Тэнд Монголын язгуур урлагийг сурталчилж цамын бүжиг хийдэг байлаа. Тэндээсээ Финланд руу яваад цаашаагаа Америк гарах гээд чадаагүй юм. Ленинградад “Тогдгор” Галсантогтох ах, бүжигчин Сандагдорж, Болдхүү, Төгсөө гээд баахан бүжигчид байсан юм. Тэнд чинь зүгээр суугаагүй ээ, бид. Бурхан бүтээлцсэн. Дацанд халимаг, якут, буриад, тува гэсэн Монгол туургатны лам нар, Түвдийн том Ринбүүчи нар ирсэн байлаа. Дөрвөн метр өндөртэй бурхан бүтээсэн. Тэрэнд нь би гар бие оролцсон юм. Тэр бурхан, дацан нь одоо ч бий. Монголчууд очиж мөргөдөг. Бурхны шуумлын ажилд нь тусалж, бадамлянхуатай сэнтий гээд бүх юмнаас нь хийлцсэн дээ. Би чинь буянтай, буянтай. Бурхан бүтээлцэхэд оролцсон. Одоо тэр бурхан руугаа нэг очихсон гэж боддог юм.

Та саяхан Өмнөд Монголоор яваад ирсэн гэв үү?

-Зүүн, баруун үзэмчин, хорчингоор яваад ганц хоёр тоглолт хийгээд ирлээ, бид. Чаминчулуун эгч, Магсаржав, “Хар хархан харц”-ыг анхлан дуулсан Өвөр Монголын дуучин Отгонтуяа, Энхбат бид хэд явсан юм. Өвөр монголчууд биднийг мундаг хүлээж авсан. Миний дуунуудыг бүгдийг нь мэддэг юм билээ. Дуулж байгаад “…Үй зайгүй найз аа” гээд л микрофоноо өгөхөөр шууд л “…Үгүйлж явъя аа, нэгнийгээ” гэж үргэлжлүүлээд дуулж байгаа юм чинь. “Оройтсон бороо”-г дагаад дуулаад байсан. Их бахархмаар.

Ойрд тоглолт хийх үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хүмүүс минь амьдрах сайхан” гэсэн бие даасан тоглолтоо хийчихлээ. Дараа нь зургадугаар сарын нэгэнд багштайгаа хамт “Зуу наслаарай ээж ээ” тоглолт хийлээ. Одоогоор жаахан амрангаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Заавал уулзах тавилан”, “Сээтэн зүрхний хээ”, “Ижий дээ ирлээ”, “Янзаган нүдтэй бүсгүй”, “Цуутай алтан нутаг”, “Нутагтаа очъё доо” гээд хэд хэдэн шинэ дуу бүтээгээд эхнээс нь дүрсжүүлж байна. Баянгол дүүргийн 50 жилийн ой болох гэж байгаа. Тус дүүргийн долдугаар хороонд манайх амьдардаг юм. Долдугаар хорооныхоо сүлд дууг нь хийгээд өгчихлөө (инээв). Ер нь их л завгүй байна даа. Би дууны үг их голно. Зохиолчдын хороонд байсан. Тогоонд нь чанагдаж үзсэн хүн. Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд энэ бүх мундгууд зохиолчдын хороонд байхад л би жаахан хүүхэд очиж байсан юм чинь.

Ер нь урлагийнхан чинь бараг бүгд л чөлөөт уран бүтээлч юм уу даа. Өөрөө менежерээ хийгээд л явцгаадаг?

-Зарим залуус би менежертэй, туслахтай гэх юм. Тэр хүн ямар албан байгууллага юм уу, ганц хүнд менежер гэж яах юм. Дуучидтай хамтраад л, багштайгаа хамтарч дуулаад явж байна. Гадаадад язгуур урлаг үзүүлэхээр бол үзүүлээд л дотооддоо дуулаад л явж байна. Жуулчны бааз байвал магтаалаа уншаад л, төмөр хуураа тоглоод цуураа үлээгээд л явж байна.

Хөрвөх чадвартай, бүхий л талаа хөгжүүлсэн хүн юм?

-Би чинь уг нь бүжигчин хүн. Аягатай биелгээ, Агсал, баруун Монголын татлагуудыг биелчихнэ шүү. Багаасаа л урлагаар явчихсан болохоор энэ талдаа сонирхолтой.

Танд Ард түмний гавьяат цолыг хэзээ өгсөн юм бэ?

-Долоо, найман жил болж байна. Анх тэр тэмдгийг санаачлаад хүмүүст өгөхдөө надад өгсөн шүү дээ. Сүххуяг, Адарсүрэн ахад өгөхдөө надад бас өгсөн юм. Гэтэл тэр тэмдгийг одоо энгийн нэг зурагчин хүртэл зүүчихсэн яваа харагдах юм.

Та дуу шуутай, хөдөлгөөнтэй, юм бүхэнд оролцсон сурагч байсан болов уу?

-Би чинь багадаа магтаал их уншдаг байлаа. Сумандаа зориулж магтаал зохиочихсон, Өмнөговь сум гэдэг магтаалтай. Тэрийгээ товшуур хөгжим байхгүй юм чинь домбор дээр л точигнуулна даа. Жигмэд гуайн “Архины шог”, “Хүүхнүүдийн яриа”-г их уншина.

…Урд айлын Ундармаа

Уран дархны Хандармаа гээд л тачигнуулж өгдөг, магтаалч хүүхэд байлаа. Морин хууртай магтаал уншина. “Архины шог”-ийг их уншина аа.

Алим жимсний үрнээс

Тарьж гардаг архи бий

Айраг сүүний шимнээс

Нэрж л гардаг архи бий

Орос, Монгол архи бий

Олон янзын бий юм аа

Олж уугаад согтуурвал

Онцын согтуу тэр юм аа

Нууранд байгаа загасыг

Нуруу төмрөөр хатгана

Нууж байсан үгийг

Шилтэй цэнхэр хатгана

Цээлэнд байгаа загасыг

Сэрээн төмрөөр хатгана

Цээжинд байгаа үгийг

Шилтэй цэнхэр хатгана гээд л хэлж өгнө дөө.

Урлагийнхныг түмний нүдэнд харагдахгүй, нам жим болчихоор бор дарсанд оржээ гэцгээдэг. Таныг ч бас ийм яриа тойроогүй?

-ФМ радиогоор дуулахгүй, зурагтаар гарахгүй болчихоор хүнийг юу гэж боддог юм. Гадагшаа явчихсан эсвэл нас барчихсан нэг бол архинд орчихсон гэж ярьцгаадаг. Ийм л гурван зам байдаг юм уу. Тийм биш байхгүй юу. Уран бүтээл их сонин явагддаг болчихсон. ФМ радиод мөнгө өгөхгүй бол дуу явахгүй, зурагтад мөнгөө өгч байж дуугаа зоолгоно. Бидний үед тийм байгаагүй. Харин ч бид очиж мөнгө авдаг байсан. Биднийг хүмүүс нэгэнт л мэддэг юм чинь мөнгөө төлж ФМ, телевизэд хандаад байх шаардлагагүй. Шинэ уран бүтээлчид л тэгж явдаг юм байгаа биз.

Та аялан тоглолтоор хөдөө орон нутаг, хилээр их явдаг байх. Аян замд, очсон газарт янз бүрийн л сонин хачин, хөгтэй явдал тохиолдоно доо?

-Бүх газраар явлаа. Хангалттай, залхталаа явлаа. “Өө, ахиад л чи ирэв үү” гэхийн наагуур л бид их явсаан. Янз янзын юм тааралдана. Засан хүмүүжүүлэх газраар ч явна. Эхийн, хайрын тухай сэдэв чинь мөнхийнх шүү дээ. Дууны шүлэг гэдэг чинь хүнд их хүрдэг. Дуу сонсоод ухаараад ойлгоод гэмшдэг хүмүүс таарч л байсан.

Баян-Өлгий аймгийнхан миний “Хүмүүс минь амьдрах сайхан” дуунд их дуртай. Тэнд тоглолтоор очоод гайхаж байсан. Б.Зангад гуай, Н.Чулуунхүү багш бид гурав тоглолтоор явж байлаа. Тэгтэл намайг л ийш тийш уриад, дайлаад, казаа чанаад л. Би тоорцог өмсчихсөн, эрээн мяраан хээтэй хувцас өмсчихсөн, тэндхийн иргэн шиг л явсан. Гудсан дээр суулгаад дөрвөн талаасаа өргүүлээд явах дайны л юм болдог байлаа.

Алтанцөгц суманд тоглочихоод Цагаан нуур гээд дараа дараагийн сум руу явахад “69” машинтай хүмүүс дагасаар л байсан. Их хурлын гишүүн л явж байгаа юм шиг тэгж л явлаа. Баян-Өлгийнхөн “Найз минь” дуунд ч дуртай. Тэгж л хүндлүүлж явдаг юм. Янзан бүрийн л зүйл тохиолдоно. Нэг удаа “Соёолон” дуугаа дуулж байгаад пиджакаа тайлаад шийдчихсэн юм, үзэгчид рүү. Дотор нь өмссөн цамцны гоё ганган гэж жигтэйхэн. Бүжгийн хувцас шиг л гоё зах, ханцуйтай. Дууныхаа дараагийн бадган дээр үзэгчдийн хэсэг рүү ороод пиджакаа авах гэтэл өгдөггүй. “Өгсөн биз дээ. Бид нарт дурсгачих л даа” гээд өгдөггүй шүү. Би ч хувцсаа авах гээд татаад байдаг. Тэгтэл пиджакны нэг ханцуй нь бүхлээрээ урагдаад. Үзэгчдийн хэсгээс нэг ханцуйгүй гарч ирж билээ. Тэр ханцуй маань нэг аймагт л байгаа байх даа. Говь-Алтайд байна уу, Баянхонгорын цаана л байж байгаа даа. Өрөөсөн ханцуйгүй тэр улаан пиджак минь байгаа ш дээ.

Н.Чулуунхүү гавьяат та хоёр “Эр хоёр загал”, “Соёолон”-г дуулахдаа бүжиглэдэг. Тэр бүжгийг тань Бооёо, Сөрөлт хоёр дуурайгаад үзэгчдийг инээлгэдэг?

-Нөхөрсөг шог байдаг л даа. Тэр чинь эргээд тодорхой хэмжээний сурталчилгаа болчихдог юм уу даа. Бооёо, Сөрөлт хоёрыг тэгж элэглэхийг зурагтаар хараад инээд минь хүрч л байдаг юм.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр дахь хүү маань дуулна. Их гоё дуулна аа. Өвөрмөц. Поп талдаа дуулдаг юм. Бас хайчилбар зураг хийнэ. Манай ээж их гоё дуулна. Аав ч сайн дуулна. Ээжийн удамд мундаг хоолойтой дуучин байсан гэдэг. Хээр явж байхдаа уртын дуу дуулахаар тэр аяараа сонсогддог ёстой талыг дүүртэл дуулдаг байсан хүн тухай сураг бий. Тэгсэн байтал би уртын дуу ёстой дуулж чаддаггүй юм. Манай удамд ерөөл, магтаал хэлдэг хүмүүс байсан ч байж магадгүй. Би чинь олон дүүтэй. Тэдэн дунд над шиг дуулдаг, урлагийн хүн болсон нь үгүй шүү.

Нутагтаа хэр очдог вэ?

-Жилдээ нэг удаа оччихдог юм, уг нь. Сүүлийн хэдэн жил очиж амжсангүй. Нутгийн минь ерэн жилийн ой ч боллоо. Бас очиж чадсангүй. Амжихгүй юм.

Зохиолын дуунд ханхүү, гүнж мүнж хүртэл гарч ирэх болж?

-Нэг юманд их харамсах юм. Дуурийн театр, цэргийн ансамбльд мундаг дуучид байна. Гоё, гоё дуучид зөндөө байна. Тэднийг л гаргаж ирмээр байна. Гаргаж ирэхгүй бол тэд зэвэрлээ. Нэг дуу хийхийн тулд ямар их мөнгө төлдөг гэж бодож байна вэ. Цэргийн дуу бүжгийн чуулга тоглолт хийе гэвэл очиж үзэх хүн байхгүй. Таньдаг дуучин тань тэнд байхгүй юм чинь та очиж үзэхгүй. Цэргийн ансамбльд Бурмаа, Мөнхбат, Банзрагч, Жавхлан, Болдбаатар нар дуулдаг байлаа гэж бодъё. Цэргийн ансамбль тоглох нь гэвэл хүн бүр очно. Тэгнэ биз дээ. Тэгэхээр дуучдаа дотроо бэлтгэх ёстой байхгүй юу. Энэ хэдэн дуучдаас илүү дуулдаг дуучид тэнд байгаа байхгүй юу. Тэр дуучдыг гаргахгүй тэнд хашаад л байдаг. Үүнийг удирдлагууд нь бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй байна. Бас нэг зүйл байна. Рок попынхон биднийг зохиолын дуучид гэцгээх юм. Тэд өөрсдөө тэгээд зохиолгүй дуу дуулдаг хүмүүс юм уу, би учрыг нь олдоггүй юм.

Та хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?

-Гадуур чинь хүмүүс “Би төдөн саяар дуулж байна” гээд зарлачихсан байх юм. Том мөнгөөр дуулдаг од гээд боддог юм уу, өөрийгөө. Манайд од гээд байх шаардлага байхгүй. Үнэндээ од гэдэг чинь тэнгэрт байдаг. Тээр дээр л гялалздаг болохоос биш од мичидтэй өөрсдийгөө зүйрлэж хэлэх хэрэггүй. Яг од гэж хэлэх юм бол Норовбанзад гуай, дээр үеийн киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ. Тэр хүмүүсийг л од гэж хэлж чадна. Түүнээс биш эд нар бол зүгээр л хиймэл дагуул. Сүүлд хөөргөсөн, баттерей нь дуусахаар унадаг хиймэл дагуулууд шүү дээ (инээв). Нээрээ тоглоом биш шүү. Од мод гэхээ больцгоох хэрэгтэй, тэр хүмүүс.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Красноярскийн эдийн засгийн чуулган”-д оролцохыг урьж байна

Хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Красноярск хотноо ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Красноярскийн эдийн засгийн XII чуулган” зохиогдох гэж байна. Чуулганы зохион байгуулах хороог ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович тэргүүлнэ. 2015 оны эдийн засгийн энэ чуулган нь “Орос улс болон Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд. Интеграцын бодлогоос хөгжлийн төслүүдэд” гэсэн сэдвээр явагдах юм. Ажил хэрэгч төслийн хөтөлбөрт дараахь арга хэмжээнүүд зохиогдоно.

Үүнд:

Хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Залуучуудын чуулган;

Хоёрдугаар сарын 27-нд (Чуулганы эхний өдрийн гол хуралдаан) “Орос улс болон Ази Номхон Далайн бүс нутгийн орнууд. Интерграцын бодлогоос хөгжлийн төслүүдэд” сэдвээр бүгд хуралдаан;

Хоёрдугаар сарын 28-ны өдөр (Чуулганы хоёр дахь өдрийн гол хуралдаан) “Хямрал уу, аль эсвэл боломжийн цаг уу? Орос улсын эдийн засгийн дотоод асуудал” сэдэвт бүгд хуралдаан;

Хуралд оролцогчид Оросын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар нээлттэй мэтгэлцээний хэлбэрээр хэлэлцэх юм. Ялангуяа, импортыг орлуулах болон Ази-Номхон далайн бүс, Латин-Америкийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлууд дээр голчлон анхаарах болно.

“Красноярскийн эдийн засгийн чуулган” уламжлал ёсоор Орос улсад жилийн эхний олон нийтийн болон ажил хэрэгч улирлыг нээдэг юм. Чуулган хуралдаж эхэлсэн үеэсээ Оросын экспертын төвийн талбай хэмээгдэх онцгой статустай болсон билээ.

2014 онд чуулганы гол мэтгэлцээнүүдэд Орос улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд И.И. Шувалов оролцсон. Чуулганы арга хэмжээнүүдэд 7000 хүн оролцсоны дотор Оросын 71 бүс нутгийн болон дэлхийн 33 орны төлөөлөгчид оролцож байжээ. Чуулганаар нийт 239,6 тэрбум рублийн хөрөнгө оруулалтын 28 хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Арга хэмжээнд уламжлал ёсоор Орос улсын Засгийн газар, ОХУ-ын Холбооны хурал, Орос улсын Холбооны болонбүс нутгийн эрх баригчид болоод хөгжлийн институт, төрийн болон бизнесийн корпорациуд хийгээд Орос, гадаадын шинжээчид оролцоно. Одооноос Дэлхийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, БНХАУ-ын Тээврийн яам, ОХУ дахь Аргентины ЭСЯ, Перу улсын ЭСЯ, Мексикийн ЭСЯ,Никарагуагийн ЭСЯ, Кубын ЭСЯ, Уругвайн ЭСЯ, Орос улс дахь Эквадорын Худалдааны төлөөлөгчдийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, McKinseyand Company, Японы Орос болон ТУХН-ийн орнуудтай худалдаагаар харилцах холбоо, Sun Investment LLC (Япон) оролцох мэдэгдлээ ирүүлээд байна. Монгол улсаас одоогийн байдлаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар төмөр зам, Монголын хөгжлийн банк болон “Багануур“ хувь нийлүүлсэн компани тус тус оролцохоор мэдэгдээд байна.

Чуулганд оролцогчдыг албан ёсны сайт www.krasnoforum.ru дээр нээлттэй бүртгэж байна. Зохион байгуулах хороо сонирхож байгаа бүх түншүүдийг Красноярскийн эдийн засгийн XII чуулганы арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Краснояркийн эдийн засгийн XII чуулганы гүйцэтгэх зөвлөл

www.krasnoforum.ru

+7(499)940-93-29, registrator@krasnoforum.ru

Categories
мэдээ цаг-үе

Амьдралаа даатгана гэнэ үү?

Даатгалыг муу ёролсон , хэрэггүй гэж үздэг ойлголтууд хуучирч даатгалыг ач тусыг нийгмээрээ ойлгодог, бас ч үгүй хэрэглэдэг болж байна. Бидний Монголчуудын сон­гож авсан нийгмийн тогтолцоонд даатгалгүйгээр ямар ч хүн сайн сайхан амьдралын тухай санасны ч гарз юм чинь арга ч үгүй биз. Ийнхүү даатгал гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд нэвтрэхийн хирээр та бид даатгалын тухай ойлголтоо сайжруулах бодит шаардлагатай нүүр тулж байна.

Таваар мөнгөний харилцаа хүн төрөлхтөний амьдралд нэвтэрснээс эх­лээд л даатгалын хэрэгцээ бий болж улмаар ийм үйлчилгээ нэвтэрч байс­ныг Хятад, Египетийн түүхийн эх сурвалжуудаас мэдэж болно. Зах зээлийн харилцаа хөгжсөн улсуудад даатгалын үйлчилгээ мөн л сайн хөгжиж нийгэмд гүйцэтгэдэг үүрэг нь даатгагдсан иргэдэд хүрдэг үйлчилгээнээс халин улмаар ту­хайн нийгмийн өмнө тулгарч байгаа олон олон асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгсэл нь болсон байх юм.

Олон улсад даатгалыг ерөнхийд нь life insurance ба non-life insurance буюу амьдралын даатгал ба амьдралын бус даатгал гэж ангилдаг. Амьдралын даатгалыг мөн урт хугацааны даатгал гэдгээр нь ч тусад нь ангилж болно. Ийнхүү тусдаа ангилах шаардлага нь амьдралын даатгал ба амьдралын бус даатгалын үйлчилгээний ялгавартай мөн чанараас үүдэн гарч байгаа хэрэг. Амьдралын бус даатгалыг general буюу ердийн даатгал гэдгээр нь манайхан илүү сайн мэднэ.

Та бидний сайн мэддэг Wikipedia хэмээх нэвтэрхий толинд дурьдсанаас үзэхэд 84 төрлийн даатгал байдаг. Энэ нь улс төрийн, хариуцлагын, эд хөрөнгийн, далайн тээврийн, газар хөдлөлтийн, аюул ослын, нислэгийн, эрүүл мэндийн, тээврийн хэрэгслийн, зээлийн, гэмт хэргийнгээд л их олон төрөлд ангилагддаг гэсэн үг. Тэгэхдээ бас төрөл бүрийг нь задлаад үзвэл дотроо бас их олон ангилагдана. Тухайлбал, эд хөрөнгийн гэхэд л дотроо хүний эдэлж хэрэглэдэг эд хөрөнгийн төрөл бүрээр , жишээ нь малын, орон сууцны, цахилгаан барааны , тээврийн хэрэгслэлийн гэх мэтээр дотроо хуваагдана.

Амьдралын даатгал нь юугаа­раа ердийн даатгалаас ялгаатай вэ?

Юуны өмнө амьдралын даатгал нь хүний биеийг бүрдүүлдэг эд эрхтэний үйл ажиллагаанд цаг хугацаа болон гаднын бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөс үүдэн бий болдог өөрчлөлтүүдийн улбаалан бий болдог тохиолдолуудад үйлчилдэг даатгал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Лавшруулан үзвэл хүний насжилт, өвчлөлт, гэнэтийн ослоос үүдэн бий болсон тохиолдолууд хамаарна. Жишээ нь: өвчний улмаас тухайн даатгуулагчийн бие эрхтэнд гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн бол даатгалаас эмчилгээнийхээ зардлыг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн гаргуулна. Өөр нэг жишээ бол хүний нас ахисаар бие мах бодь нь хөгширч улмаар хөдөлмөрлөх чадваргүй болж бидний хэлж заншсанаар тэтгэвэртээ гарах үед амьжиргааны зардлаа тэтгэвэрийн хэлбэрээр даатгалын байгууллагаас авна.

Тэгвэл ердийн даатгал нь хүний бие мах бодиос тусдаа, хамааралгүй даат­галын тохиолдолуудад үйл­­чилдэг. Тухайлбал, газар хөдлөл­тийн улмаас орон сууц, байранд гэмтэл , хохирол үүссэн бол тийм гэмтэл хохиролыг үнэлээд ул­маар нөхөн олговорыг даатгалын байгууллагаас гаргуулан авна. Цаг агаарын ноцтой хүнд нөхцөл байдлын улмаас мал сүрэг үхэж үрэгдвэл даатгалын байгууллага нь холбогдох нөхөн төлбөрийг төлнө.

Амьдралын даатгал ба ердийн даатгалын бас нэг том ялгаа нь амьдралын даатгалын тохиолдол нь тухайн хүний хүсэл эрмэлзэлээс үл хамааран амьдралд заавал хэзээ нэгэн цагт бий заавал болдог бол ердийн даатгалын тохиолдол нь ерөөсөө хэзээ ч бий болохгүй байх нь магадлалтай байдагт оршино. Жишээ нь: хүн хөгширнө, өвчинд нэрвэгдэнэ, бас үхнэ. Үхдэггүй, өвчилдөггүй, хөгширдөггүй амьд­ралыг хүн төрөлхтөн бий болгож амжаагүй л явна.

Ийм л ялгаатай учраас хүн төрөлхтөн өдий болтол даатгалыг амьдралын даатгал, амьдралын бус даатгал гэж ангилаад хүнийг нь амьдралын даатгалд, эд баялгийг нь ердийн даатгалд хамруулдаг болсон юм.

Энэ ялгаа нь эцсийн эцэст даатгуулагчийн авч байгаа үйл­чил­гээний мөн чанар, түүний төлбөрийн хэмжээний ялгаагаар илэрч гарна. Жишээ нь : хүн аливаа эрсдэлд орж амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлын давтамж, магад­лал ньньнь өмч хөрөнгө гал түймэрт эсвэл газар хөдлөлтөд өртөж үнэ цэнээ алдах эсвэл мал сүрэг байгалийн гамшигт өртөж үхэж үрэгдэх тохиолдлынхоос ялгаатай байдаг. Иймд хүн амь насаа, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдлыг ердийн даатгалд даат­галд даатгуулахыг өвдөж шаналсан хүнийг мал эмнэлэгт эмчилж байгаатай зүйрлүүлж болох юм.

Өөр нэг жишээ бол манай нийг­мийн даатгал. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүхэлд нь авч үзвэл энэ нь төрнэгдсэн журмаар иргэдийг амьдралын даатгалд бүхэлд нь хамруулж байгаа үйлчилгээ юм.

Амьдралын даатгал нь даатгуул­сан иргэдэд ашигтайгаас гадна нийгэмд өөр олон олон хэлбэрээр үр өгөөжөө өгнө. Тухайл­бал, амьдралын даатгалын нөөц сангуудыг орон сууцны урт хугацааны зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах аж­лын санхүүжүүлэх эх үүсвэрт ашиг­лана. Мөн түүнчлэн Засгийн газрын урт, богино хугацааны үнэт цаасыг худалдан авахад эх үүсвэр болгодог аж. Өөрөөр хэлбэл амьдралын даатгал нь нийгэмд нэгэнт бий болгосон орлогыг хэрэглээнд биш харин хуримтлал болгон нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой, хамгийн гол нь оролцогч бүх талуудад ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Манай улсын хувьд иргэд болон төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэгдсэн олон санал санаачил­гуудыг улс төрийн намуудын зүгээс санаачилсан байдаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын баталгааг бий болгосон. Ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдах, хөдөлмөрийн чадваргүй болох, эрүүл мэндээрээ хохирохгэх мэтийн тохиолдолууд гарвал төрөөс тэрхүү албан хааг­чид мөнгөн олговор олгохоор хуульчилсан байна. Энэ төрлийн нийгмийн хамгаалалтуудыг тодор­хой санхүүгийн хэрэгслэлийг ашиг­лан хэрэгжүүлдэггүйн улмаас төсвийн орлогоос хэт хамааралтай, жигд хүрч чаддаггүй хүртээмж муутай бас төлөвлөлтийн болон бусад ихээхэн хүндрэлүүд гарч байгаа. Тэгвэл амьдралын даат­галын хэлбэрт шилжүүлснээр дээрхи хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй, нэгэнт бий болсон хуримтлалыг эдийн засгийн бусад салбаруудад оруулах боломжтой болох юм.

Нөгөө нэг жишээ бол хүүхдийн мөнгө юм. Сонгуульд аль болох олон санал сонгогчдоос авах гэсэн улс төрийн намуудын эрмэлзлээс үүдэлтэй энэ халамжийн хэлбэр нь сүүлийн үед маш ихээр шүүмжлүүлж байгаа. Улсын тө­сөвт маш их дарамт учруулдаг, хавтгайрсан халамж, инфляци хөөрөгддөг, иргэдийг залхуу болгодог, хүүхдэд өөрт нь наалдац муутайгэх зэрэг олон олон сөрөг үр дагаварууд гарсаар байгаа. Тэгвэл төр хүүхдүүдийг эцэг эхтэй нь хоршиж Сургалтын төлбөрийн хуримтлалын даатгалд хамруулбал дараа­хи давуу байдлууд үүсэхээр байна. Үүнд:

– Төсвийн зардал буурна

– Хүүхдийн ирээдүйн сурч боловсрох эрх баталгаатай болно

– Хөрөнгийн зах зээл дээр төлбөрийн чадвар сайтай үндэсний хөрөнгө оруулагч бий болно.

– Орон сууцны урт хугацааны боломжийн хүүтэй зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ

Ажил олгогчид хүний нөөцтэй холбоотой олон олон хүнд асуудлуудыг амьдралын даатгалыг ашиглан оновчтой шийдвэрлэдэг аж. Тухайлбал, ажиллагсдаа тогтвор суурьшилтай ажиллуулах нь аль ч ажил олгогчийн хувьд бизнесээ тогтвортой, амжилттай байлгах үндсэн гол нөхцөл байдаг. Өнөөдөр Монголд ажил олгогчид ажилтандаа машин, орон байр авч өгөх, гадаад дотоодод аялуулах , бонус олгох, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдах мэтийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь хүртээмж муутай, өндөр өртөгтэй, хамгийн гол нь ажилтан ажил олгогч хоерын сонирхолыг урт хугацаанд хослуулж чаддаггүй сул талтай. Ийм ч учраас сүүлийн үед ажил олгогчид байгуулагадаа тэтгэврийн сан үүсгэх санаачилга их гаргадаг болжээ. Гэтэл энэ нь ерөнхийдөө хамтарч хуримтлал үүсгэх зөв хандлага боловч бас нэг том сул талтай. Үүсгэсэн хуримтлалын менежментийг хэн хийх вэ?, хэн хариуцлага хүлээх вэ?, ямар хариуцлага хүлээх вэ? гэдэг асуултууд хариултгүй байгаад дээрхи хандлагын сул тал байгаа юм. Тэгвэл ажил олгогч ажилтан хоер хоршиж ажилтнаа эсвэл ажилтаны гэр бүлийн гишүүнийг хуримтлалын даатгалд даатгуулж хуримтлал үүсгэвэл дээрхи асуудлуудыг оновчтой шийдвэрлэж ажилтанаа тогтвор сууршилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

Г.АРИУНЖАРГАЛ