Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулийн хүүхэд амиа хорлохыг завджээ

Өчигдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 64 айлын 4 давхар орон сууцны дээвэр дээрээс арваннэгдүгээр ангийн охин үсэрч амиа хорлохыг завджээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн 7 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллахаар тэнцсэн 41 иргэн сургалтад хамрагдаж байна

Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах шалгаруулалтад тэнцсэн 41 иргэнийг Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд 21 хоногийн хугацаагаар сургалтад хамруулж байна. Сургалтад тэнцсэн Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын тушаалаар томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэмт хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах юм. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрх, үүрэг хүлээнэ. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрх, үүрэг хүлээх юм. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь 20 насанд хүрсэн, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, албаны сургалтад хамрагдаж тэнцсэн байх шаардлагатай. Эрх зүйч мэргэжилтэй болон цэргийн алба хаасан байвал Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах давуу тал болдог байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүнд уучлал үзүүллээ

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс юм.

Мөн бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй Э.Халиунд уучлал үзүүллээ. Э.Халиун анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялын хэмжээнийхээ талаас илүүг биечлэн эдэлсэн, өр төлбөргүй, гэм буруугаа бүрэн ухамсарласан тул уучлалд хамруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлнэ

Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох гэж буй талаар өнөөдөр ГХЯ, БОНХАЖЯ-ны хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцохоор болжээ.

“ITB Berlin” үзэсгэлэнд оролцож улс орноо сурталчилсан улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг тул Монгол Улс зохион байгуулалт сайтай оролцож, нүүдэлчдийн соёл ахуй, үндэсний ёс уламжлал, өвөрмөц байгалиа сурталчлан жуулчид татах гол зорилт тавьж байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын урлаг, спортын одод оролцох юм. Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор оролцохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаанд бараалхана

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.25/ үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана.

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарын товч намтар

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд Японы нийслэл Токио хотод төрсөн. 1952 онд Гакушюин сургууль, 1956 онд Гакушюин Их сургуулийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн.

1952 онд насанд хүрч, Японы үе залгамжлагч Хунтайжаар өргөмжлөгдсөн.

1953 онд Английн Хатан хаан Елизабета-2-ыг хаан ширээнд суух ёслолд Японы Эзэн хааны төлөөлөгчөөр оролцож, энэ үеэр Баруун Европын 4 орноор айлчилсан.

1959 онд Хатан хаан Мичикотой гэр бүл болсон. Эзэн хаан гадаадын оронд айлчлах болон Японд зохиогдож буй олон улсын арга хэмжээнд оролцохдоо соёл, боловсрол, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг ихэд сонирхон танилцдаг ажээ.

Эзэн хаан Акихито нь хаан Хирохитог 1989 онд нас барсны дараа 1990 онд Япон Улсын Эзэн хаанд албан ёсоор өргөмжлөгдсөн.

1947 онд батлагдсан Японы шинэ үндсэн хуулиар Эзэн хааны улс төрийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, түүнийг төрийн билэг тэмдэг хэмээн өргөмжилсөн ба үүний дагуу тэрээр Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг.

Эзэн хаан Акихито англи хэлийг сайтар эзэмшсэн, ардчилсан үзэлтэй, даруу зөөлөн зан төрхтэй хүн хэмээн үнэлэгддэг. Хаан ширээг залгамжлан авахдаа “Үргэлж ард түмэнтэйгээ хамт байж, Үндсэн хуулийг ёсчлон сахина” гэж мэдэгджээ.

Эзэн хаан загас судлал сонирхдог. 3 хүүхэдтэй. Хааны үе залгамжлагч Хунтайж Нарухито 47 настай, Ханхүү Фүмихито 42 настай, Гүнж Саяако 34 настай. Гүнж Саяако энгийн япон иргэнтэй гэр бүл болж, Эзэн хааны албан ёсны гэр бүлийн гишүүн хэмээн нэрлэгдэхээ больсон.

Япон Улсын Эрхэм дээд Хатан хаан Мичико 1934 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Токио хотод төрсөн. Нишшины Гурилын үйлдвэрийн эзэн Хидэсабуро Шода болон гэргий Фумико Соэжима нарын том охин юм.

Футаба дунд сургуульд сурч байсан хэдий ч Дэлхийн 2 дугаар дайны үеэрх Америкийн бөмбөгдөлтийн улмаас 4 дүгээр ангиасаа сургуулиасаа гарахад хүрсэн. Дайны дараа тэрээр сургуульдаа эргэн сурч, Токиогийн Сэйшин хэмээх ахлах сургууль, Сэйшин их сургуулийн Утга зохиолын ангийг тус тус дүүргэсэн.

1957 оны 8 дугаар сард Угсаа залгамжлах Ханхүү Акихитотой теннисийн талбай дээр танилцсан. 1959 оны 4 дүгээр сарын 10-нд гэр бүлээ батлуулсан. Японы Эзэн Хааны гэр бүлийнхэнтэй гэр бүл болсон энгийн гаралтай анхны хүн болж байсан бөгөөд тухайн үеэд энэ талаар Японы хэвлэл мэдээллээр багагүй дуулиан болж байсан.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар ордны асрагч нарт даатгалгүйгээр өөрсдийн гараар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ хэмээн мэгэдэж байсан нь Эзэн хааны ордны тогтсон ёс жаягийг эвдсэн бас нэгэн шинэлэг зүйл болж байсан байна.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар 40 орчим оронд айлчилсан.

1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ханхүү Акихито Японы 125 дахь Эзэн Хаанаар, Гүнж Мичико Эрхэм дээд Хатан хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд ийнхүү өргөмжлөгдсөнөөсөө хойш 20 орчим оронд зочлоод байгаа. Хамгийн сүүлд 2007 онд Балтийн орнуудад айлчлаад байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

20 дугаар сургуулийн биеийн тамирын заалыг засварлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42,0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Осгож амиа алджээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн “Өлзийт нуур” гэдэг газраас иргэн 51 настай эрэгтэй С хоёрдугаар сарын 21-ний өдрийн 13:00 цагийн орчим иргэн М-ийнхрүү яваад сураггүй болжээ. Тус сумын Тамгын газрын даргаар ахлдуулсан 18 хүнтэй эрлийн хоёр хэсэг эрэн эрэн хайж өчигдөр 13:28 цагт иргэн М-ийнхээс хойд зүгт 5-6 км-ийн зайтай газраас осгож нас барсан байдалтай байсныг олжээ. Цаг агаар муудах тухай мэдээлэл авсан бол гэрээсээ хол явахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг тусгажээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, 2015 оны төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн ажлуудыг хийж, гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажилласан байна.

Тухайлбал, нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд эмнэлгүүдэд хүүхдийн тасаг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөтгөн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангахад 2,8 тэрбум төгрөг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хандивласан шээсний шинжилгээний зөөврийн аппаратыг оруулж ирэх татварын зардалд 130 сая төгрөг, Бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3,8 тэрбум төгрөг төсөлд тусгажээ.

Нийслэлийн 2015 оны төсөвт Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол төсвийн өөрчлөлтийн төсөлд 2 тэрбум төгрөг нэмэхээр санал оруулсан байна. Бичил бизнесийг дэмжих зээлийг хэрэгжүүлэхэд 2014-2015 он дамжин 6,7 тэрбум төгрөг зарцуулах бол тодотголоор 7,5 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад 3 тэрбум төгрөг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихад 500 сая төгрөг тусгалаа.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эдийн засаг хямралтай байгаа ч ажлынхаа цар хүрээг улам нэмэгдүүлж, ажлын хурдаа ахиулах хэрэгтэйг нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд анхааруулсан. Үүний дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг төсвийн төсөлд боловсруулахад бүрэн тусгасан гэдгийг онцлон хэлсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, нийслэлийн 2015 оны төсвийн өөрчлөлтийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар болж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах санал гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаас бүрдүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн 2015 оны төсөвт 434,3 сая төгрөг бүрдүүлэхээр тусгасан бол тодотголоор нэмж 282 сая орчим төгрөг тусгасан байна. Энэ нь чамлалттай тоо. Тиймээс өмчит газруудын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэлээ.

Харин нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай: Олон жил алдагдалтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж, үйл ажиллагааг нь сайжруулах, төрийн ачааллыг багасгах замаар хувьчлах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм.


Categories
мэдээ спорт

​“Барселона” өрсөлдөгчөө нутагт нь ялж чадлаа

Аваргуудын лигийн шилдэг 16 багийн тоглолтууд өнгөрөгч шөнө “Ман сити”-“Барселона”, “Ювентүүс”-“Боруссиа”Д гэсэн хос тоглолтоор үргэлжлэв. Каталонагийн гайхамшигт баг “Барселона” Англид зочилж Пеллегринигийн “Ман сити”-г 2:1-ээр хожсон бөгөөд Суарес хоер гоол хийлээ. Ийнхүү Пеллегрини “Барселона”-д 15 дахь удаагаа дараалан хожигдож хар цувралаа үргэлжлүүлсээр үлдлээ.

Харин нөгөө хос болох “Ювентүүс”-“Боруссиа”Д –ийн тоглолтод нутгийн эзэд үзэгчдээ гомдоосонгүй. Италичүүд сүүлийн үед хямралаас гарч гайгүй тоглолт үзүүлэх болсон Дортмундын “Боруссиа” багийг нутагтаа 2:1-ээр буулган авч хариу тоглолтод сэтгэл зовохгүй бэлдэх нөхцлөө бүрдүүлэв.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Хээр хоёр машин мөргөлдөж арван хүн гэмтжээ

Булган аймгийн Булган сумын төвөөс таван км-ийн зайнд буюу Хуурай ам гэдэг газар өчигдөр 20.30 цагийн үед Mitshubishi Pajero” загварын автомашин, “Huyndai Sonato-5” загварын автомашинтай мөргөлдөж олон хүн гэмтжээ. Тодруулбал, Mitshubishi Pajero” загварын автомашин дотор 5 иргэн зорчиж явснаас О /34 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/, Б /1.6 настай, эмэгтэй/ нарын биеийн байдал дунд зэргийн байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт, “Huyndai Sonato-5” загварын автомашин дотор 7 иргэн зорчиж явснаас жолооч Э /44 настай, эрэгтэй/, Б /49 настай эрэгтэй/ нарын биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт, Б /34 настай, эрэгтэй/, Д /12 настай, эмэгтэй/, М /19 настай, эмэгтэй/, С /21 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нарын биеийн байдал дунд зэргийн байдалтай мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.