Categories
мэдээ нийгэм

44 хоногийн шатахууны нөөцтэй

Хоёрдугаар сарын 22-ны байдлаар манай улс 1,17 сая баррель газрын тос олборлож, 1,09 баррель газрын тос экспортолсон байна. Улсын хэмжээнд ердийн хэмжээгээр тооцвол 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа ажээ. А-80 автобензин 60 хоног, Аи-92 автобензин 52 хоног, дизелийн түлш 48 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд Японы цог жавхлант эзэн хаан Акихитод бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон түүний гэргий Т.Бат-Өлзий нар өнөөдөр /2015.02.25-ны өдрийн 14.30 цагт/ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхав.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдыг Япон Улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа уулзалтын өмнө илэрхийллээ. Мөн тэрээр Япон, Монгол хоёр орны харилцаа ойр дотно байдагт туйлын баяртай явдаг гээд саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгон баталсанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийллээ. Хоёр орны хооронд байгуулан Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэв.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито УИХ-ын даргаас Монгол орны байгаль, цаг уурын талаар сонирхон асууж, Монголын Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөсний зэрэгцээ Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичикод бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, “Миний бие Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эрхэмсэг ноён Мачимурагийн урилгаар Танай сайхан оронд айлчилж байна. Цог Жавхлант Эзэн Хаан Танд бараалхах завшаан тохиосонд баяртай байна. Монголын ард түмэн 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал өрнүүлж, улс төр, нийгмийн тогтолцоогоо шинэчилж, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлж, шинэ хөгжлийн суурийг тавьж чадлаа. Япон Улс Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй дэмжин тусалж ирснийг манай төр, засаг өндөр үнэлж, талархан хүндэтгэж байдаг.

Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар амжилттай урагшилж байна. Улс төрийн яриа хэлэлцээ, бүс нутгийн хамтын ажиллагаа, соёл, олон нийтийн харилцаа жил ирэх бүр өргөжиж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хоёр улс анхаарах шаардлагатай байгаа. Гэвч саяхан хоёр орны Ерөнхий сайд нар үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр буюу EPA нь эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ үеийг нээж өглөө.

Хоёр орны харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд Цог Жавхлант Эзэн Хаан Таны гэр бүлийнхний оруулж ирсэн хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье. Ханхүү Акишинономия, Хунтайж Нарухито нарын Монголд хийсэн айлчлалыг монголчууд одоо хүртэл халуун дотноор дурсаж байдаг.

Цог Жавхлант Эзэн Хаан Та Монголд айлчлах сонирхолтой гэж манай Элчин сайд надад хэлж байсан. Таныг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байна. Танд эрүүл энх, сайн сайхныг ерөөе” хэмээн онцлон тэмдэглэв.

Бараалхалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тээврийн хэрэгслийн төлбөрөө төлнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автомашины үзлэг оношилгоо хуваарийн дагуу үргэлжилсээр байдаг ч иргэд тавдугаар сарын сүүлээр л автомашинаа оношилгоонд оруулдаг байна. Ингэснээр оношилгооны төвүүдийн ачаалал ихэсдэг аж. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталжээ.

Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм байна.

Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдах юм.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Мөн автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг болгосон байна.

Албан татварын хэмжээ: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна. Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албанд элсэгчид монгол бичгээр шалгалт өгнө

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг батлаад удаагүй байна. “Хэн дуртай нь толь бичиг гаргадаг, эрдэмтэд нь эрвээхэй гэж бичих уу, эрвээхий гэж бичих үү гэх мэт дэмий асуудлаар маргалддаг, монгол хэл, бичгийн дүрмийг хэн баталдаг, хэний хэлсэн дүрмийг Монгол Улсад дагаж мөрдөх юм бэ гэдэг нь тодорхойгүй замбараагүй байдал бий болсон. Хууль батлагдсанаар энэ байдал цэгцэрнэ” гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг талбайрласан. Энэ хууль дагуу төрийн албан хаагчдыг ажилд авахдаа монгол хэлний шалгалт авах юм байна. Тодруулбал, төрийн албанд элсэх хүмүүс шалгалтынхаа дөрөвний нэгийг монгол бичгээр өгөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн өргөдөл баталгаажуулалтыг баасан гариг хүртэл сунгажээ

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан.
Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа юм. Иргэдийн өргөдөл баталгаажуулалт энэ сарын 26-нд дуусах байсан ч, 27-нд дуусгахаар сунгажээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа анхаарах зүйлс

Barilga.mn сайтаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд

Орон сууц худалдан авах гэж байгаа иргэд та бүхэн барилгын компанитай орон сууц худалдан авах тухай гэрээ байгуулахдаа доорхи заалтуудийг анхаарч үзээрэй. Үүнд:

1. Талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэсэн заалт байвал таны худалдан авах талбайг багасгаж тооцхоор (луйвар) байна гэж ойлгоорой.

2. Орон сууцны талбай тооцох Монгол улсын MNS 6058:2009 стандартын дагуу тооцно гэсэн заалт заавал гэрээнд байх, тусгах ёстойг анхаараарай.

3. Гэрээнд тусгагдсан талбайн хэмжээг хөндлөнгийн тусгай эрхтэй компанаар хэмжүүлж акт үйлдэж хүлээн авна гэсэн заалт оруулах хэрэгтэй.

4. Иргэдийг хохироодог, чанаргүй барилга барьдаг, хэл амтай барилгын компануудаас болгоомжлох

5. Гэрээнд худалдан авагч таныг төлбөр төлөх хугацаа хэтэрвэл % торгууль, алданги гэсэн заалтууд байвал тэр болгоныг судалж ярилцаж тохиролцох хэрэгтэй. Нөгөө талд гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтад орохгүй бол таны өмнө ямар хариуцлага алданги төлөх бэ? гэдгийг тавьж гэрээнд тусгуулах шаардлагатай гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцаж дараах шийдэлд хүрлээ.
Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн үйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах нь зөв..
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн эмч мэргэжилтний багт хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж гүйцээх нөхцөлөөр энэ барилгыг шилжүүлэх нь зүйтэй, барилга нь төрийн өмч байх бөгөөд түрээсийн төлбөр тэг байхаар зохицуулалт хийх нь зөв гэж Ерөнхий сайд хэллээ.
Тус барилгыг буцааж эмнэлэг болгоход хагас жилийн хугацаа, 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Манай эмнэлэгт хүний нөөцийн боломж хангалттай байна. “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийн баг энэ асуудлаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахаар болж буй нь зөв шийдвэр болж байна гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлээд менежментийн багийг дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийллээ.
“Засаг та бүхэнд итгэлээ. Итгэл даана гэдэгт найдаж байна. Эрхийг нь бүрэн олголоо. Харин үүргээ бүтэн биелүүлээрэй. Улсын эмнэлэг түмэн олноо ч эмчлээд, төрийн тусгай албан хаагчдаа ч хүлээж аваад, хэрэгцээтэй боломжтой нь төлбөртэй үйлчлээд ажиллабал улсын эдийн засаг, хүний эрүүл мэндэд ашигтай. Бид бүхний урдаа барьдаг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн туршлага, ур чадвар дээр тэргүүний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж нэмбэл монгол хүний эрүүл мэндийн нэг баталгаа болно. Сайн эмнэлэг болгож ажиллуулаарай. Засгийн газар шийдлээ гаргаж дэмжиж ажиллана” гэж Ерөнхий сайд хэллээ.
Эрүүл мэнд, спортын яам, Төрийн өмчийн хороо,, менежментийн баг гэрээ байгуулж Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулан албажуулах үүргийг Ерөнхий сайд өглөө. Мөн Засгийн газрын Х дугаар байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдах ажил ямар шатанд байгааг Ерөнхий сайд тодруулахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж “Дуудлагаар худалдахад бэлэн болсон. 5,9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан” гэж хариуллаа. Эндээс олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулах ёстойг Ерөнхий сайд хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий прокурор дүүргүүдийн прокурорын үйл ажиллагаатай танилцана

Улсын ерөнхий прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан нийслэл, дүүргийн прокурорын газар, Сургалт судалгааны төвийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин өчигдөр тэрбээр Нийслэлийн прокурорын газарт ажиллажээ. Энэ үеэр улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус прокурорын газарт хянаж буй ээдрээ түвэгтэй, удааширсан, онц хүнд, олны анхаарал татсан хэргүүдтэй биечлэн танилцсан гэнэ. Нийслэлийн прокурорын газрын хяналтад АТГ-ын шалгаж буй олны анхаарал татсан олон хэрэг байгаа аж. Тухайлбал, “Цэвэр агаар” сангийн удирдлагын хоёр дахь үйлдэл, “Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын зэрэг хүлээлт үүсгэсэн хэргүүдтэй танилцжээ.Тэрбээр өнөөдөр Дүүргийн I прокурорын газрын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн аж.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн салбар 19.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2015 оны 1 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөг байна. Харин Газрын тосны газар нийт 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөг, бусад орлого 60.5 сая төгрөгт хүрчээ. Игэснээр уул уурхайн сайдын багцын хэмжээнд улсын төсөвт 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр бүсгүйг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт өнгөрсөн оны тавдугаар сард хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоон дор нуусан байсныг малаа хариулж явсан хүн харж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ноцтой хэргийн мөрөөр цагдаагийнхан орж ажилласан билээ.Хов, Өвөрхангай аймгийн харьяат хоёр бүсгүйтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу хохирогч Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан амийг нь бүрэлгээд уг хэргээ нуун далдлах зорилгоор дараа нь найз Х-ыг нь егүүтгэснийг цагдаагийнхан тогтоосон юм. Уг хэрэгт Б.Идэрзаяагийн найз З-г холбогдуулан шалгасан ч гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй бололтой. Дүүргийн I прокурорын газраас сэжигтэн Б.Идэрзаяад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, энэ сарын 13-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлжээ. Өмнө нь нэг удаа уг хэргийг шүүхэд шилжүүлсэн ч зайлшгүй шалгаж тодруулах зүйл байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.