Categories
мэдээ нийгэм

Богд ууланд аялж, зугаалахыг хориглов

Богдхан уулын Төр хурахын аманд энэ сарын 4-ний өдөр ой хээрийн түймэр гарсан билээ. Түймэр гарах үеэр Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлстийн алба хаагчид болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж галын голомтыг бүрэн унтраасан байна.

Нийтдээ 20 га газарт түймэр гарсан бөгөөд урьдчилсан мэдээгээр галын шалтгааныг хуурайшилтаас үүссэн байж болзошгүй хэмээн тогтоогоод байгаа аж. Учир нь, энэ жил харьцангуй дулаан өвөл болж энэ хэрээр хуурайшилт ихтэй байгаа юм. Мөн хоёрдугаар сард түймэр гарсан нь бараг анхны тохиолдол болсон байна.

Тиймээс Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Самбуу агсны гэр музейг ЭСЯ-ны байранд нээжээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны төв байранд нээжээ.

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан юм. Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой фото зургуудыг жаазлан өлгөжээ. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулсан аж. Ж.Самбуугийн бичсэн “Малчидад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлжээ. Энэхүү ховор чухал номыг шилэн хоргонд байрлуулсан байна.

Онцлоход, Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан анхны Элчингийн алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэр музейг нь нээжээ.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын нөлөөллийг судлах Ажлын хэсэг байгууллаа

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй таамаг, мэдээллүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх зорилготой юм.

Ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ахалж, Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, БСШУЯ зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Ерөнхий сайд Гацууртын алтны ордыг ашигласнаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, санал дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсгийн даргад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 691 компани бүртгүүлжээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд нийт 691 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 619 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан, эдгээр аж ахуйн нэгжээс 2015 оны 2 дугаар сарын 23-ны байдлаар 285 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 642 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-15, Сингапур-8, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-2, бусад-8/, 10 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд аж. 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр 240 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 159 өргөдлийг хүлээн авч шүүлт хийснээс 81 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 159 өргөдлийг хүлээн авч зураг зүйн шүүлт хийхэд 120 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн 3 өргөдөл гаргасан талбай шүүхийн маргаантай байгаа тул түр хүлээж байна. Харин 36 өргөдөл гаргасан талбайн хэлбэр хэмжээ хуулийн шаардлага хангаагүй мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцалтай шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна. Цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, зураг зүйн шүүлт хийж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Профессор Жэймс С.Фишкин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхжээ

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна.

Өнөөдөр Профессор Жэймс С.Фишкин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Азийн сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ким Хантер нар оролцлоо. Уулзалтын эхэнд ноён Жэймс С.Фишкин “Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад ардчилсан хувьсгалыг өрнүүлж, өнөөдөр бүс нутагтаа манлайлахад онцгой үүрэг гүйцэтгэж буйд хүндэтгэж явдаг” гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр Монгол Улс зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх гэж байгаа 23 дахь улс бөгөөд нийслэлийн удирдлагууд иргэдийн оролцоог аливаа шийдвэртээ бодитойгоор тусгахад анхаарч ажиллаж байгаа нь засаглалыг сайжруулах зөв алхам хэмээн тодотгон хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөгийн ардчилсан нийгэм байгуулах зам дардан байгаагүйг дурьдаж, Зөвлөлдөх Ардчилал буюу нийгэм, эдийн засагт тулгамдаж буй тодорхой асуудлуудаар иргэдийн саналыг авч шийдвэр гаргахад бодитой оролцоог хангах нь Монгол Улсад нэн шаардлагатай цаг үеэ олсон чухал ажил” гэдгийг онцлоод дэлхийн олон улсад амжилттай хэрэгжүүлсэн Зөвлөлдөх ардчиллын арга замыг Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүний төлөө-Зөв тус” аян зохион байгуулна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилгоор улсын хэмжээнд “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг гуравдугаар сарын 02-ноос зохион байгуулахаар болжээ.

Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.

“Хүний төлөө – Зөв тус” сарын аяны үеэр аюулгүй ажиллагааг хангуулах талаар хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллах аж. Мөн дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ тогтоон, ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээг үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулах юм байна.

Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Аюулгүй ажиллах нөхцөл хангагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд хяналт тавин ажиллах аж.

Удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад нь хүргүүлэн, шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн аяны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг долоо хоног бүрийн баасан гаригт нэгтгэн мэдээлж байх аж.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн батламж гардуулах ёслол болно


ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газарт гардуулах ажээ. Эл ёслол хоёрдугаар сарын 27-нд 11.40 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм байна. Уг ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах ба “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж сонирхуулах ажээ.

Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Уг конвенцид дэлхийн 150 орон нэгдэн орсон ба нийт 314 өв Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд одоогоор бүртгэгдээд байгаа юм. Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт – 3, Дэлхийн соёлын өвд -2, Дэлхийн байгалийн өвд- 1 өвийг тус тус бүртгэгдээд байгаа юм.

ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийн жагсаалтад:

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:

  • Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
  • Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
  • Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
  • Монгол Ардын уртын дуу, 2009 онд
  • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008онд
  • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013 онд
  • Монгол шагайн харваа, 2014

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд:

  • Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
  • Монгол Тууль, 2009 онд
  • Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
  • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
  • Монгол уран бичлэг 2013
Categories
мэдээ нийгэм

Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэг маргааш Иргэний танхимд 11.00 цагт болох юм. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүд Ноён уулаа аврах уриалгыг гаргаж тэмцэж байгаа юм. Тус уулаас долоон км-ийн зайд Гацууртын ордыг Сентарра гоулд компани ашиглах саналыг тавиад байгаа билээ.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав” уралдаан ирэх бямба гаригт болно

“Дүнжингарав-2015″ хаврын уралдаан энэ сарын 21-22-ны өдрүүдэд болох байсан ч цаг агаарын байдлаас хойшилсон. Энэхүү уралдаан ирэх бямба гаригт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр болох юм. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулах аж. Ингээд тус уралдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

“ДҮНЖИНГАРАВ-2015″ ХАВРЫН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр

1. Эрлийз дээд нас мордох 07.00 цаг
Эрлийз дээд нас гараанаас гарч уралдах 08.00 цаг
Эрлийз дээд нас барианд орох 08.30 цаг

2. Азарга мордох 09.00 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Азарга гараанаас гарч уралдах 11.00 цаг
Азарга барианд орох 11.30 цаг

3. “Дүнжингарав-2015″ хаврын бүсийн уралдааны нээлт,
“Дүнжингаравын хишиг-Өргөө гэр” гардуулах ёслолын ажиллагаа 11.40 цаг

4. Их насны морь мордох 12.10 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Урлагийн тоглолт
Их насны морь гараанаас гарч уралдах 13.30 цаг
Их насны морь барианд орох 14.00 цаг

5. Соёолон насны морь мордох 14.30 цаг
Уяачид, уралдаанч хүүхдүүдийн ээжүүд цацал өргөх
Урлагийн тоглолт
Соёолон насны морь гараанаас гарч уралдах 16.30 цаг
Соёолон насны морь барианд орох 17.00 цаг

6. Цоллох, бай шагнал гардуулах 17.30 цаг

Жич: Морины бүртгэл 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын дунд сургууль дээр явагдана.

2015 оны хоёрдугаар сарын 28-ны өглөө Хүйн долоон худагийн Цагаан хөтөлд бүртгэх ба тухайн насны морь мордохоос хоёр цагийн өмнө бүртгэлийг хаана.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталжээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр боллоо” гэв. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон тооны мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжин, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ ажил хэрэг болно хэмээгээд тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллах болно гэв.