Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэв үү

Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Б-г хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж зарим сонин мэдээлжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар, “Жигүүр Гранд” группийн Ерөнхий захирал Д.Баттөрийн төрсөн дүү “Хааны элч” гэж өөрийгөө тодотгодог Д.Дашдаваа, “Айс Топ” хамтлагийн зарим гишүүд нарын зургаан хүнийг хар тамхины хэргээр шалгаж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан юм. Тэгвэл энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэг нь Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга М.Бадрах юм байна. Тэднийг хар тамхи хадгалсан, борлуулсан гэх үндэслэлээр шалгаж байна гэлээ. Нэмж мэдээлэл өгөхөд хар тамхины хэрэгт холбогдуулж 132 хүнийг шалгаж байгаа юм. Дээрхи хүмүүсийг хар тамхи үнэхээр хадгалж борлуулсан эсэхийг нь эцсийн байдлаар шүүх тогтоох аж.

Categories
мэдээ нийгэм

16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засахаар болжээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн тул тус шугамын засварын ажилд шаардагдах 36,865,189 төгрөгийг нийслэлээс шийдвэрлэлээ. Хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар даалгасан байна. Инженерийн шугам сүлжээний засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зээлээр амины орон сууц авсан бол 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой гэв

Монгол банкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн захирал Д.Дарханбаяр орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Өмнө нь амины орон сууц худалдан авчихаад байсан иргэдийн хувьд зээлийн нөхцлийг хангасан тохиолдолд дахин санхүүжилтийн журмаар зээл нь 8 хувьд шилжих боломжтой” гэжээ.

Тэрбээр “Монголбанк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөө орон нутгийн иргэдийн “Амины орон сууц”-ыг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болгосон. Орон сууцны санхүүжилтийн журамд хөдөө орон нутгийн амины орон сууц гэж аймаг, сумын батлагдсан хөгжлийн төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтанд орсон, дэд бүтэцийн шийдэл бүхий орон сууцыг хэлэх ба газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрх нь 20-иос дээш жилийн хугацаатай байх шаардлагатай хэмээн журманд заасан гэдгийг хэллээ.

Тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар нийт арилжааны 10 банкны салбар ажиллаж байна. Монгол банкны хэлтэсээс тэдгээр банкны салбаруудын төлөөлөлтэй энэ асуудлаар уулзалт хийж Капитал банкнаас бусад арилжааны банкууд өнөөгийн байдлаар зээлийн журмыг судлаж өөрсдийн журмандаа өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байна гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ амины орон сууцыг жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авах боломжийг олгож байгаа энэ зээлийн журам нь зөвхөн худалдах, худалдан авах харилцаанд үйлчлэхээс бус хувьдаа амины орон сууц барьсан ялангуяа түүнийгээ банкны тухайн төрөлд хамрах зээлээр барьсан нөхцөлд үйлчлэх боломжгүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй. Харин энэ их айлыг найман жил удир­дах хугацаанд нийг­мийн шинжтэй олон үйл явдлын дунд Олон ний­тийн статустай энэхүү мэдээллийн аварга хэрэг­сэл ямар байр суурьтай байсан, ямар зарчмаар ажил­лаж ирсэн зэрэг хүмүүс мэдэ­хийг хүсч байдаг асууд­луудын талаар ярилцлаа.

-Монголын үндэсний телевиз гэсэн их айлын хаалгаар анх хэрхэн хөл тавьж байв?

-Анх телевизэд ирээд юугаа ч мэдэхгүй нөхөр эхлээд хүүхдийн нэвтрүүлэг бэлддэг юм байна. Ер нь хүүхдийн нэвтрүүлэг их хэцүү, нарийн, чимхлүүр. Телевизэд анх ажилд орж байгаа уран бүтээлч бол эхлээд хүүхдийн нэвтрүүлэг хиймээр байгаа юм. Хүүхдэд, эцэг эхэд нь, цэцэрлэгийн багшид нь гээд бүгдэд нь тааруулж нэвтрүүлгээ бодно. Хүүхдийн нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн сэтгүүлч их мэдрэмтгий болдог, тэгээд цааш явчихдаг. Улс төрийн нэвтрүүлэг бол сүүлд шүү дээ. Миний хувьд бурханы авралаар зөв редакцидаа эхлээд хөл тавьсан юм шиг байна лээ.

-Гэхдээ та анх нэвтрүү­лэг­чээр орж байсан санаг­дах юм?

-Анх бол нэвтрүүлэгчийн шалгаруулалтад 67 хүн өрсөлдөхөд нэгдүгээрт орж байсан юм.

-Тэгээд нэвтрүүлэгчээр ажилласан уу?

-Гурван сар дагалдан нэвтрүүлэгч хийсэн. Б.Цэенханд гуай багшилна. Б.Цэенханд гуай телевиздээ хэдэн аятайхан нэвтрүүлэгч бэлдээд өгчихье гэж үнэхээр хичээсэн. Өглөө 8.00 цагт шуурхай хийнэ. Тэр шуурхайд нь дадлага хийж байгаа бид нарын хэрэг байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ идэвхтэй ирнэ. Ирээд тэдний юу ярихыг сонсоно. Цэенханд гуай чинь, Нарантуяагаа, Бямбаагаа дуусгана даа. Өнөө аашлуулж суугаа хэд нь мань мэтдээ бол аймаар амьтад шүү дээ. Чи ингэж уншдаг хэн бэ гээд загнахыг нь харахаар за бид хэд бол бүтэхгүй юм байна гэж бодно.

-Бид хэд гэдэг нь хэн хэн байв?

-Одоо Эхо (нэвтрүүлэгч Ичинхорлоо), Чимгээ, Чоглоо, Адъяа… гэсэн хэдэн залуу. Та нарын гоё сайхан хамаагүй шүү, чиний тэр мисс падлийгүй шүү гээд Ичинхорлоо эд нарыг чинь будаа болгоно. Тийм өндөр шахалт шаардлага дундаас хөтлөлт ингэдэг юм байна, уншилт ингэх ёстой юм байна гэсэн төсөөлөл авна. Гэхдээ тэр үеийн чиг хандлага арай өөр л дөө. “Монгол ардын хувьсгалт намын бүгд хурлын шийдвэрээр”… гэдгийн чинь үлдэгдэл нь байсан юм. Цэенханд гуай, Хишигээ гуай эд нар тэгж заадаг. Залуучууд нь үүнд жаахан дургүй, зөрчилдөх маягтай. Одоо манай энэ Цоодол эд нар чинь хаалганы ард томорно. Эдний мэддэг гэж юу байсан юм. Онолын юм юу ч байхгүй байж… гэсэн юм ярина (инээв). Өөрсдөө сүрхий онолтой, шинэ үеийн хүмүүс. Ийм л бужигнаан дундаас юм олж авч байгаа юм даа.

-Телевизийн хүн болох хугацаа хэр удаан байв?

-Хөтлөгч хэдэн сар хийс­­ний дараа хүүхдийн нэвтрүүлэг рүү орсон юм. Өглөөний шуурхай дээр хатуу үг сонсоно. Томчуудад алуулах шахан байж нэг юм дөрөө олсон. Залгаад би спортын нэвтрүүлэг рүү орлоо. Спортыг гайгүй ч хийж байсан. 1997 оны үед манай телевиз дотроо тендер маягийн юмтай байлаа. Гадаад явна гэсэн ойлголт залуучуудад байхгүй. Бараг улсын Ерөнхийлөгч маань жилд ганц хоёр удаа гадаадад явдаг байсан ч юм уу. Тийм томилолтод явдаг хүмүүс нь онцгой хүмүүс. Сарангэрэл, Мөнхтөр… гэхчлэн… 1997 онд энүүхэн Красноярскт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хэн явах вэ? боллоо. Би ялав аа. Тамирыг “будаа” болгоод явах боллоо. Тамир чинь тэр үед базарваань спортдоо ганц нь байсан юм. Тамир шартай, зардлаа даагаад явдаг юм. Нэг тэмцээнд явсан хүмүүс чинь ирээд адилхан л нэвтрүүлгүүд хийнэ биз дээ. Бид хоёр тус бүрдээ 11 нэвтрүүлэг бэлдэж хэнийхийг нь оруулах вэ гэж уран сайхны зөвлөл дээр бас тендер болж миний 10 нэвтрүүлэг тэнцсэн юм. Мундаг том тулаан болж 11 нэвтрүүлгийн 10 нь минийх болж сүрхий юм болов (инээв). Уран бүтээлчдийн сайхан өрсөлдөөн юм даа.

-Сэтгүүл зүйн хөдөлмөр адармаатай. Үүнийг ер нь л гайгүй хийлээ дээ гэж бодсон уран бүтээлийг өглөөний шуурхай дээр томчууд арчаад өнгөрдөг. “Үүнийг ч би халтуурдсан даа” гэж бодсоныг тэнгэрт тултал магтдаг. Бас л амаргүй шүү?

-Яг л тэгдэг. Анх хүүхдийн нэвтрүүлэг бэлдэж байхад мөн ч их хичээдэгсэн. Өглөөний шуурхай дээр магтуулах байх гэж бодоод ордог, юун магтах намайг чинь байхгүй болгож болгож төгсгөлд нь манай Ганбат гуай “Гэхдээ энэ хүүхдэд авах юм байна…” гэхэд нь арайхийн нэг юм толгой өндийнө. Сэтгүүл зүйн тогоонд насаараа чанагдсан хүмүүсийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Тэгж байж л бид нарт жаахан дөр суулгадаг байх. Танай сонины Ш.Цэрэнпил ах бид хоёр их ойр дотно байлаа. Нас барахаасаа гурав хоногийн өмнө өрөөнд маань ороод ирлээ. Хэдэн номоо барьчихсан. Бие нь тааруу, мөнгө төгрөгний ч хэрэгтэй байсан байх. Байгаа 100 номыг нь авч мөнгийг нь шилжүүллээ. Сүүлд нь аудит орж над дээр номны мөнгөний асуудал босоход нь би нүүр бардам хэлж билээ. Наад ном чинь сэтгүүл зүйн сурах бичиг. Наад номын зохиогч Ш.Цэрэнпил гэдэг чинь Монголын хөрөг бичлэгийн мастер байсан хүн, хөргийг ингэж бүтээдэг юм байна гэж уран бүтээлчид маань хардаг юм гэж. Цээпээ ах шиг угийн намуун дөлгөөн хүмүүс л харин ширүүн дориун байж чаддаггүй байсан байх. Тэрнээс дийлэнх нь ширүүн шүү дээ.

-Өнөөдөр та Монголын хамгийн том мэдээллийн сувгийг удирдаж байна. Нэг нэвтрүүлгийг брэнд болгох нь таны сэтгүүлчийн хөдөлмөр байсан бол одоо энэ байгууллагыг брэнд болгох нь таны зорилго. “MNB” гэсэн брэнд бий болж чадсан уу?

-Нэг үе хэцүү байсныг нуух­гүй. Одоо бол би хэ­ний ч өмнө “Уучлаарай, ма­найх сайн байгаа” гэж хэл­нэ. Одоо мэдээллийн хэрэгс­лүүд олон болчихсон. Бид юугаараа ялгарах ёстой вэ. Мэдээж шуурхай чанар, олон талаас нь нягталсан, бодитой мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт телевизийг бид урлаг талаас нь олон нийтэд сайн хүргэх ёстой. Ийм зарчмууд манайд үйлчилж байна.

-Та бол ажлаа дүгнэх хэмжээний хугацаанд ажилласан байна?

-Сая он гарснаас хойш би юу хийж амжуулснаа дахин бодож үзсэн. Хийх ажил, дутуу юм их байгаа. Гэхдээ басчиг хийсэн юмтай, дотроо урамтай байгаа. Өөрийнхөө хийснийг өөрөө ярих нь монголчуудад таалагддаггүй юм шиг санагд­даг. Үзэгч сонсогч олон түмэн, хамт олон минь хэлнэ биз дээ. Манайх Олон нийтийн статустай болоод есөн жил болж байна. Найман жилд нь ажилласан гэхээр би бараг чацуу юм.

-Энэ хугацаанд та олон ч төрийн нүүрийг үзэж дээ?

-Гурван төрд нүүртэй хүн гэж үү, тийм өнгөөр сонсогдож байх чинь.

-Бараг л тийм дээ, яаж үлдэж байв?

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд… гээд олон хүмүүс намайг “томилоод” явжээ. Хүн өөрийгөө өмгөөлөх дуртай юм чинь би ч ялгаагүй өөрийгөө л өмгөөлнө. Дээрх бүх л хүмүүст на­майг аваачиж наагаад наагаад болсонгүй. Улс төрийн хүрээнд одоо намайг Ерөнхийлөгчид аваачиж нааж байх шиг байна. Би зарим нэг хүний ярьсныг яг үгээр нь хэлэх үү, “Зальтай муу новш, яаж яваад бүгдээрэнд нь очоод наалдчихдаг байнаа” гэж. Яг үнэндээ наалдаад байсан юм байхгүй. Бүх зүйл зарчмаараа л явсан.

-Гэхдээ Ерөнхийлөгчтэй бол уулздаг биз дээ?

-Нэг бус удаа уулзсан. Ажил төрлийн шаардлагаар цаашид ч уулзана.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай их ойр байсан гэж ярьдаг?

-Энд би Энхбаяр даргаас зугтаж зуларсан санаа оноогоор хэлж байгаа юм биш. Тэр хүнтэй ойр дотно байсан бол түүнийгээ нууж хөгийн зан гаргах хүн нь би лав биш. Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр тэнд та хоёр… гээд ярих үйл явдал лав байхгүй. Ажил төрлийн шугамаар уулзаж таарч байсан зүйл байлгүй яахав дээ.

Улстөрчдийн зүгээс дарамт бол их биз?

-Мэдээж дарамт ирэл­гүй яахав. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар ярвиг­тай байсан. Айхавтар үндэс угсаагаар нь дуудсан нэвтрүүлэг орж ирэх гээд байдаг. Түүнд би зарчмын ямар хориг тавьсан гэхээр “Бусад телевизээр гарчихсан нэвтрүүлгийг манайх гаргахгүй л” гэсэн. Ер нь та намайг нэг их амар амгалан сууж байдаг гэж бодож байна уу. Тиймгүй шүү дээ.

-Гэхдээ одоо бол арай өөр болсон биз дээ?

-Бүх зүйл зарчмаараа, хууль дүрмийн хүрээнд явж байгаа. Би ажил дээрээ нэг их малилзтал инээгээд, хүний арга эвээр, нялцагнаад суудаггүй. Эхлээд бол зохицох гэж үзнэ. Зохицохгүй бол шууд хаяад цааш явна. Миний, бас манай хамт олон, байгууллагын маань, мөн үзэгч олон түмний аврал нь ОНРТ-ийн хууль байхгүй юу. Энэ бол сайн хууль. Гэхдээ засах юм маш их бий. Санхүүжилт, төрийн оролцооноос эхлээд. Гэхдээ ямар ч байсан бид хуультай. Уучлаарай, Ерөнхий сайд аа, хуулинд ингэж заасан гэж өмнөөс нь тайлбар хэлэх үгтэй байдаг. 2010 онд юм байна. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гээд Батцогт, Уянга эд нар босчихсон үе. Би хэсэг хүмүүсийн бодлоор бол тэр үед аймаар ухаантай зан гаргасан байгаа юм. Бүх юмыг зохион байгуулалцчихаад Өмнөговь руу бултчихсан. Манайхаар тэр хөдөлгөөний тухай мэдээллүүд гарсан юм. Нийгмийн шинжтэй тийм тодорхой үйл явдлыг ард түмэнд мэдээлэлгүй яах юм бэ. Бүтэн сайн өдөр нь Уянга “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орсон. Манай Гүрээ ч гэж Гүрээ “Ээ, Ард түмэн минь ийм жаахан охин ард олон та нарынхаа төлөө…” гээд туучихдаг, тэр нь илүүдчихгүй юу.

Зүгээр л “За таны бодол ийм байгаа юм байна” гээд сэтгүүл зүйн зарчмаараа дуусгачих нэвтрүүлгийг.

-Бослого маягийн зүйлд бараг уриалчихсан юм байна.

-Тэгж ойлгогдсон бо­лол­той, орой нь Ерөнхий сайдын утас ороод ирлээ. -Танайхыг би хариуцаж авсан гэж бай­на. Би чинь хүн шүү дээ, тийм шулуухан яриа на­дад таалагдалгүй яахав. -Асуудалгүй болох байхаа, Ерөнхий сайд аа гэсэн. Тэгсэн залгуулаад -“Маргааш танайх жагсаал цуглааныг талбайгаас шууд дамжуулах гэнэ, тэр тухай мэдээлэл огт гармааргүй байна” гэлээ. Би хэллээ “Яг шууд дамжуулах тухай яриа бол байхгүй, гэхдээ болж байгаа үйл явдлаас мэдээлэл хийхгүй бол болохгүй” гэсэн юм.

-Иймхэн юман дээр та одоо… гэсэн зүйлийг надад хэлэхэд нь “Иймхэн юм бол та юу гэж ярьж байгаа юм” гэж хэлснээр бид хоёрын яриа биш боллоо. Сүүлдээ ч би “Танай сайд нарын зарим нь манай хэдэн муу бор сэтгүүлчийн утсыг авахгүй болтлоо томорсон байна лээ” гээд хэлчихлээ. Залгуулаад Ц.Нямдорж сайд утасдаад “Би энэ ард түмний чинь амгалан тайван байдлыг хариуцдаг юм, танайх яагаад ард түмнийг бослого тэмцэлд уриалаад байгаа юм” болов. Та Батцогт, Уянга нартайгаа уулзаад учраа олчихож болдоггүй юм уу гэчихсэн биш “Чи миний ажлыг заадаг хэн бэ” гэж байтал нь миний утасны цэнэг дуусаад тасарчихсан. Иймэрхүү асуудлууд эрх баригчид, бидний дунд болдог юмаа. Хаа хаанаа л хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүс.

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг цочроосон олон үйл явдал боллоо. Долоон сарын 1-нээс эхлээд. Энэ бүх өрнөлийн үед наад зах нь саяынх шиг улс төрийн үзүүр танай байгууллага руу их ирнэ биз?

-Долоон сарын 1-ний үйл явдлын үеэр байгууллага хамт олны аюулгүй байдал, машин техник, тоног төхөөрөмж гээд санаа зовох зүйл их гардаг юм билээ. Манай жижиг явуулын станц МАН-ын байрны урдаас шууд дамжуулалт хийж байсан. Би яг энэ ширээний ард телевизээ хараад сууж байлаа. Тэгсэн юу юугүй өнөө олон хүн чинь чулуу мод болоод манай станц руу шидлээ. Тэгэхээр нь станц сүйд хийх нь гэж сандарсан хүн өнөө газар руу чинь жирийгээд очно биз дээ. Түгжрэл гэсээр дөчөөд минут болж очсон. Ёстой нэг юу ч бодолгүй, өнөө олон үймж дайрсан хүмүүс рүү чинь алхаад арваад метр ойртож явтал биш болсон. Яг дотор нь байсан хүмүүс мэднэ дээ, хүмүүс ямар аймаар болчихсон байсныг. Зарим нь ам хамраа таглаад боочихсон, хар нүдний шил зүүчихсэн… тэгсэн тийм нэг эрүүл биш нүдтэй эмэгтэй… одоо ч миний нүдэнд харагдаад байдаг юм. Тэр эмэгтэй “Хүүе энд телевизийн дарга Наранбаатар явж байна, бариад аваарай” гэж хашгирсан. Өнөө олон сэтгэл нь хөөрсөн хүмүүс чинь юу ч бодолгүй пар гээд дайрлаа. Яахаас ч буцахгүй хүмүүс чинь аймаар юм билээ, намайг одоо юу гэж бодсон юм, шууд дайрсан шүү дээ. Би шууд л эргээд зугтсан. Баригдсан бол би алуулах байсан байх. Манай фондод миний хар эрчээрээ зугтааж байгаа бичлэг одоо байдаг юм… Онц байдал зарлалаа. Тэр үед манай сэтгүүлчид ёстой ямар ч командгүйгээр өмнөх ажлаа хийж байсан. Манайхан одоо хэлэх байх даа, тэр өдрүүдэд Наранбаатарын зүгээс тэрийг дамжуул, тэрийг боль гэсэн юм огт байгаагүйг. Гэхдээ өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж ажиллахаа сэтгүүлчид маань мэднэ л дээ. Яг л голоор нь, зарчмаа мэдэж дамжуулалгүй яахав. Тэгээд ч манай маш туршлагатай хүмүүс тэр өдрүүдийн гаралтыг бүрэн хариуцаж байсан болохоор надад санаа зовох зүйл бага байсан. Ерөөсөө л баланс барих, дээр нь ямар нэг даалгаваргүйгээр мэдээлэл дамжуулах. Онц байдал зарлаж онцгой байдлын штаб байгуулагдсаны нэг гишүүн нь би юм. Дарга нь Ц.Мөнх-Оргил сайд. Хэд хэдэн хуралд нь суусан. Янз бүрийн юм болсон. Зарим нь ч төрийн нууц, аюулгүй байдалтай холбоотой байх. Тэнд юу болж байсан талаар би нэг ч хүнд ярьдаггүй.

-Удирдлагын түвшинд чухам юу болсныг та гадарлах л юм байна?

-Ч.Амарболд генералтай цагдаагийнхан ямар байр суурьтай байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн ямар хандлагатай байсан, хэн нь юу хэлж байсан зэргийг ганц би биш олон хүн мэднэ. Онц байдал зарласан үед бүх телевизийг тодорхой хугацаагаар хаах ёстой юм байна. Гэхдээ зөвхөн төрийн мэдээллийг дамжуулж байх Үндэсний Олон нийтийн телевизийг нээлттэй байлгая, зөвхөн төрийн мэдээллийг дамжуулахын тулд шүү гэсэн шийдвэр гарсан. Онц байдал зарласан үед Наранбаатарын захирал байтугай хэвлэлийн эрх чөлөөний хууль ч огт хамаагүй. Хүмүүс болохоор манайхыг нээлттэй байсан болохоор бүх мэдээллийг ил тодоор бүгдийг нь дамжуулах ёстой байсан гэж одоо ч ойлгодог.

-Үүнээс болж танайх хатуу үг нэлээн сонссон доо?

-Сонссон, хатуу үг их сонссон. Төр мэдээлэл өгөх үүргээ л манайхаар дамжуулсан. Манайд онц байдал зарласан үед яах тухай хууль тодорхой бус. Манай хуульд бол онц байдал зарласан үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг дамжуулах үүрэгтэй. Бусад үед энэ гурвын үгийг дамжуулах эрхтэй л гэсэн ганц өгүүлбэр бий. Энэ үед би Онцгой байдлынхаа штабын даргатай нэлээн зөрөлдсөн. “Магнай, Батзандан нар намайг тэг, ингэ гэсэн” гээд нэг мэдрэл муутай нөхөр ярьдаг, түүнийг нь дамжуул гэнэ. Би үгүй л гэдэг.

-Мэдээж ийм хүмүүсийн үг бол цаанаас зорилготой гэж та үзэж байж?

-Угаасаа миний өрөөнд миний хажууд хүн сууж байсан юм чинь. Штабын дарга болохоор “Монгол улс онц байдал зарласан байна, ойлгож байна уу” гэхэд хэлэх үггүй болдог байсан. Онц байдал зарлана гэдэг хуулийн үйлчилгээ хязгаарлагддаг, онцгой орчин нөхцөл үүсдэг юм билээ. Тэгээд би хаширласан нь тэр юм уу, өөрийгөө хамгаалах гэсэн санаатай байсан юм уу, тэр үедээ сэтгүүлч явуулж Мөнх-Оргил сайдыг наад үгээ хэл гэж байгаад хэлүүлж архивтаа авсан байдаг юм. “Онц байдал зарласан үед ямар ч хууль үйлчлэхгүй, ямар ч хэвлэлийн эрх чөлөөний хууль энд хамаагүй” гэсэн утгатай. Одоо манай фондод бий.

-Тэр үгийг нь нийгэмд хүргэсэн үү?

-Хүргэсэн. Хоёр гурав ч дамжуулсан. Штабын даргын зүгээс штабын гишүүндээ хэлсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс үзэгчдээсээ уучлалт гуйх ёстой.

-Юунд уучлалт гуйна гэж?

-Үзэгчдийнхээ хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахгүй байсандаа. Тэгэхдээ манайх үүргээ боломжит бүх хувилбараар гүйцэтгэж байсныг үзэгчид маань мартаж болохгүй. Маргааш өглөө нь манайхан штабаас команд ирээгүй байх үеийг ашиглан, амжиж нэгдүгээр эмнэлэг дээрээс хүмүүсээс яриа авч, тэдэн хүн буудуулж амь насаа алдлаа гэдгийг хамгийн анх дамжуулсан. Ингэх нь үнэхээр хүнд байсан. Боломжгүй шахуу байсан ч бид ард түмэндээ амжиж ямар аймшигтай үйл явдлууд өрнөж байгааг, өрнөснийг хамгийн эхэлж мэдээлсэн. Энд миний оролцоо бараг байгаагүй, манайхан гудамжинд танк, буутай цэргүүд гараад зогсчихсон тэр үед аймшигтай хэрэг явдлуудын дундуур гүйлдээд, гэрчүүдийн яриаг нийгэмд хүргэсэн юм.

-Тэр мэдээлэл цацагдсаны дараа юу болсон бэ?

-Манайхан дамжуулж дууссан, дууссантай зэрэгцээд шахуу “Юу явуулаад байна” гээд хүмүүс ороод ирсэн. Манайхан бүрэн хяналтад орсон, миний хажууд салалгүй хүн суусан. Ер нь онц байдлын тухай хууль манайд их тодорхой байх ёстой юм билээ. Ядаж л хэвлэл мэдээлэл нь энэ үед ямар эрх үүрэгтэй байхаас эхлээд. Бүгдээрээ л ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй хэдэн өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ би “Энд миний хэрэг алга явъя даа” гэхээр явуулахгүй байсан.

-Та бол үндэсний радио телевизийг хоёр өөр статустай байх үед нь ажиллалаа. Ялгаа их бий биз?

-МҮОНРТ-ийн хууль ганц манай байгууллагад бус Монголын ард түмэнд их том гавьяа байгуулж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс олон болсон. Бат-Үүл баатрыг, трактортой байсан үед би телевизийн бага шиг дарга өглөөний хуралд суудаг байлаа. Трактортой Бат-Үүлийн жагсаал манай телевизээр сураг ч үгүй шүү дээ. Тэр дээрээс “Мэдэж байгаа биз” гээд нэг хуруу гозойно. Би энэ бүхнийг мэдэх учраас ярьж байна л даа. Өнөөдөр бол мэдээлнэ, мэдээлж ч байгаа. Наад захын ийм жишээнээс ялгааг харж болно. Гэхдээ ганц хууль гарснаар ч сайн болоод байгаа юм биш. Хуулиа ойлгохгүй хүмүүс бий. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн нь Монголын нийгмийн голлох 15 салбарын төлөөлөл байхаар заасан. Гэтэл 15 мундаг сэтгүүлч Удирдах зөвлөлд орж ирээд гялалзуулна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Гэтэл хуулийн амин сүнс нь өөр өөр салбарын 15 толгой ирж суугаад, тал талаас бодлогоо боловсруулж түүнийг нь Ерөнхий захирал гүйцэтгэнэ гэсэн хуультай.

-Танай байгууллагыг гаднаас очсон хүмүүсийг тогтоодоггүй, тэсгээдэггүй, тийм нэг адайр газар гэж хардаг хүмүүс бий.

-Хэнийг тэсгээхгүй явуулсан гэж.

-Удирдлагад нь очсон хүмүүс нэг их удалгүй явчихдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд…

-Даваабаяр уу?

-Тийм.

-Хамт олноороо дээшээ их цоройж булгидаг, дээр нь удирдаж байгаа хүн нь хавь ойрдоо халгаатай гэсэн ойлголтыг ганц нэг хүн ярьдаг байх. Энэ том байгууллага үеийн үед гадна дотноос дарга нь томилогдож байсан. Хамт олон болохоор нүүдлийн шувуу шиг удирдлагад жаахан таагүй. Гэхдээ манайх даргад халгаатай газар бол биш. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Манай хамт олон уран бүтээлч зантай, маш их элгэмсэг, дулаан уур амьсгалтай, ажлыг нь ойлговол улам л урам ороод, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж чаддаг хүмүүс. За зөвхөн телевиз дээр нэрлэе. Оюундарь, Мөнхбаатар, Ариунбат, Куланда, Энхбат… эд нар хөөгдсөн юм уу. Бүгд л хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажлаа өгөөд дараагийн ажил руугаа явсан. Харин Даваабаярын тухайд бол өөр л дөө.

-Даваабаяр бол тайлбарыг хангалттай өгсөн. Та харин дуугараагүй. Тухайн үед ажлаас нь чөлөөлөх тушаалыг их л хурдан гаргах шиг болсон.

-Одоо бол Шүүхээр эцэслээд дуусчихсан үйл явдал. Наранбаатар буруу шийдвэр гаргаагүй юм байна гээд шүүх эцэслэчихсэн. Би Даваабаяраас их ажил хүлээсэн. Хамт олон нь ч түүнээс их зүйл хүлээгээд байсан нь тийм байдалд хүргэсэн. Би хамт олонд нь хэлсэн, “Энэ байгууллага чинь гурван сар болохгүй даргаа солиод байвал хэн тогтох юм бэ. Хоорондоо ойлголц” гээд Даваабаярын сайн талуудыг тэдэнд хэлсэн. Даваабаярт ч хамт олонтойгоо ойлголцож ажиллахыг зөвлөсөн. Ийм үйл явдлын ард заавал толгойлогч хайдаг. Зарим хүн намайг зохион байгуулсан юм боддог байх. Хамт олны дунд бүрдсэн олон зүйл чинь хуралдсаар нэг нөхөр гарч ирээд зохион байгуулахаар хуй салхи шиг босдог юм билээ. Тийм л зүйл болох шиг болсон. Уг нь Даваабаяр гайгүй ойлгосон л юм шиг байсан даа. Тэгсэн ч болоогүй. Толгойлж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэд юу гэсэн гэхээр “Бид энэ хүний асуудлаар танд удаа дараа хандсан. Та хөдлөөгүй. Энэ удаа бид Удирдах зөвлөлд хандаж байгаа” гэсэн. 200 уран бүтээлчийн 180 нь гарын үсэг зурчихаар яаж ч болдоггүй юм билээ. Даваабаярт одоо гарц алга гэдгийг хэлсэн. Манай хүн ч шүүхдээд л явж өгсөн. Таван удаа шүүх хурал хойшилсон. Дөрвийг нь Даваабаярын саналаар хойшлуулсан. Гэвч дөрвүүлэнг нь би хойшлуулсан нэр зүүсэн. Болсон процесс гэвэл товчхондоо ийм.

-Ийм үйл явдал байгууллагын нэр хүндэд сөргөөр тусдаг байх?

-Банк, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын үйл ажиллагаа олон түмний итгэл дээр тогтдог. “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай байгаа нь танай байгууллагад, танай хамт олонд итгэдэг болоод л тэр. Түүн шиг манай байгууллагад итгэдэг олон мянган хүн байгаа болоод манайх олон үзэгчтэй байгаа. Хамгийн уршигтай нь Даваабаяр, Наранбаатартаа байгаа юм биш. Энд чинь баахан иддэг, уудаг нөхөд байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрч байгаад юм. Үзэгчид юу гэж ойлгодог гэхээр “Бидний төлдөг мөнгөөр хэдэн хүн наргичихдаг юм байна” гэж ойлгоно. Саяын бужигнаанаас болж хамгийн их хорлогдсон газар бол манай байгууллага юм…

Ер нь энэ асуудлыг ингээд орхиё, хэнд ч хэрэгтэй юм. Үүнээс өөр олон ажил манай байгууллага дээр өрнөдөг юм шүү дээ.

Тэр тухай чинь товч ярилцъя?

-Манай телевиз шинэ бүтэц, шинэ стратегиар ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байна. НD технологид шилжих техникийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Олон улсын зах зээлээс контент худалдаж авах ажлууд амжилттай боллоо. Бид Америк, Оросын зах зээлээс кино худалдаж авахаар гэрээгээ хийж байгаа.

Нийгмийн асуудал талаас нь ярья гэвэл жишээ нь, өнөөдөр манай байгууллагын 66 айлын орон сууц ашиглалтад орох гээд, хэн тэр байрнаас авах вэ гэсэн марафон цаана чинь болж байна. МҮОНРТ-ийн нийт орон тоо 720 шүү дээ. Хаа байсан Хөвсгөлийн Цагаан-Үүрт хураамжаа авах гээд айлын нохой шуугиулж яваа хүн манай орон тооны ажилтан юм. Өмнө нь 124 айлын орон сууц барьж өнгөрсөн онд ажилтнуудаа оруулсан. Одоо 66 айлын орон сууц дээр үзэж байна. Би энэ байгууллагыг удирдсанаасаа хойш нийтдээ 200 гаруй ажилтнаа орон сууцтай болгохоор зорьж байна. 140-өөд нь байртай болсон. Нэмээд 100 хүнийхээ байрыг шийднэ. Ажилтнуудын маань нийгмийн асуудал чухал. Хэдийгээр миний хийх үндсэн ажил биш ч гэсэн ийм том хамт олныг удирдаж, хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд хийх ёстой ажил гэж ойлгодог. Ер нь бол нервний ажил, гэхдээ нэгэнт л хариуцаж байгаа болохоор нэг айлынх нь шал хүртэл яаж хийгдэж байгаад санаа тавих хэрэгтэй болох юм байна шүү дээ (инээв).

-Үндэсний олон нийтийн радио телевиз бие даах боломжтой юу?

-Ер нь олон нийтийн статустай радио, телевизийг бусад оронд бие даалгадаггүй юм. Улсаас өгдөг мөнгөтэй. Реклам явуулдаг эрхтэй. Ийм л зарчмаар явдаг юм билээ. Хамгийн анхны олон нийтийн статустай болсон телевизүүд бол BBC, NHK хоёр. 1940-өөд оны үед NHK анх удаа дайнд ялагдсан тухай эзэн хааныхаа үгийг дамжуулах гэж байгаад улс төрийн шалтгаанаар гэнэт больжээ. Гэтэл нэгэн нөхөр бичлэгийг нь авч зугтаагаад цацсанаар анх удаа олон нийтийнх болох статус нь нээгдсэн түүхтэй. Ер нь бол төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. Гэхдээ гол зарчим нь олон нийтээс санхүүжиж, олон нийтийн хяналт дор, олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулна. Манай байгуулагын хуулийн үзэл баримтлал ч энэ. Тухайн улсын нүүр царай Үндэсний олон нийтийн телевизээс харагддаг. Англи яагаад хүчтэй байна гэхээр BBC хүчтэй байгаа учраас тэр. Англи улс бол агуу юмаа гэдгийг BBC байнга үзүүлээд байхаар Англи нь Англи улс шиг харагдана биз дээ. Орос ч мөн адил. Оросууд ОРТ, РТР-ээрээ хаячихсан бол бусад улс орнууд Оросыг мэдэхгүй. Бид ингэж харах ёстой. Миний суудал дээр хэрэвзээ орос юм уу, хятад хүн ирээд суучихгүй бол би телевизээр, радиогоороо аль болох Мон­голынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ. Сая тэр Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад ороход бид ямар их баярлав. Ийм юмыг бид том болгож л үзүүлнэ биз дээ. Ийм амин сүнс уран бүтээлч бидний хэний ч сэтгэлд бий. Ер нь Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн салбартаа “MNB” гэсэн лого эхний тавд орно шүү.

Ярилцсан П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн өөдрөг мэдээнүүд

Эдийн засгийн хямрал, уналт, хөрөнгө оруулалтын зогсолт гэх мэт гутруу үгс хөвөрсөн энэ үед өөдрөг мэдээлэл ч багагүй сонсогдож байна. Эдийн засгийн өөдрөг мэдээллээс хүргэе.

АЛТ, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ДАЖГҮЙ БАЙХ НЬ

Ирэх онд нүүрснээс бусад экспортын ашигт малтмалын үнэ унахгүй гэсэн өөдрөг мэдээг шинжээчид хэлж байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан ч,”Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүй гэж сэрэмжлүүлсэн ч гэлээ алтны үнэ ирэх ондоо өснө гэсэн таамаг гарчээ. Алтны үнэ уналаа гэхэд 1000 дээр очно, мянгаас өгсөөд 2500 хүртэл “галзуурах” боломжтой гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна. Шинжээчид алтны үнийг удаан хугацаандаа энэ хавьцаа хүрнэ гэж таамаглаж байгаа. Удаан гэдэг нь зургаан сар хүртэлх хугацаа гэхээр ирэх жилдээ алтны үнэ огцом өсөх хандлага анзаарагдаад эхэлчихэж.

Төмрийн хүдрийн үнэ лав л өнөөдрийнхөөс буухгүй гэсэн таамаг бий. Болгоомжлонгуй хандсан тоо гэж хэлэх шинжээч ч байна. Дэлхийн уул уурхайн “акул” компаниудын нэг, төмрийн хүдэр олборлолтоороо тэргүүлэгч”Вале” төмрийн хүдрийн үнэ сүүлийн таван жилийн доод түвшнээсээ эргэж сэргэнэ гэж таамаглажээ. Гал тогоонд нь байгаа компанийн үнэлгээ учраас амьдралд илүү ойрхон байх магадлал өндөр.

Нийлүүлэлтийн илүүдэлд орж он гарсаар бараг 50 орчим хувиар унасан төмрийн хүдрийн үнэ өгсөх болсон нэг том шалтгаан бий аж. Өндөр өртгөөр олборлолт хийдэг хэд хэдэн уурхай үүдээ барьсан юм байна. Энэ нь ханш өсөх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж “Вале” үзжээ. Тэдний харж байгаа хоёр дахь шалтгаан нь төмрийн хүдрийн гол хэрэглэгч тивтэйхолбоотой.Азийн бүтээн байгуулалт сэргэсэн нь төмрийн хүдрийн үнэд эерэг нөлөө үзүүлэх нь. Төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 85-90 ам.доллар хүрнэ гэсэн таамаг яригдаж байна. Энэ металлын ханш одоогоор 68 ам.доллараар үнэлэгдэж байгаа. Зэсийн үнийн хувьдөнөөдрийнхөөсөө буухгүй гэсэн таамаг байна.

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Газар доорх баялгийнхаа хэмжээг тодорхой болгоно гэдэг улсынхаа үнэ цэнийг тэр хэрээр өсгөж байгаа хэрэг. Тэнд тийм орд төчнөөн тонн нөөцтэй нь тогтоогдлоо гэсэн мэдээ бүр Монгол Улсын дэлхийн зах зээлээс мөнгө босгох боломжийг нэмж байдаг. Саяхан Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани

“Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Баруун ноён уул ордын гарцыг нэмэгдүүлсэн төлөвлөгөөг баталлаа” гэсэн мэдээг хөрөнгө оруулагчдад хүргэлээ.

Гарц нэмэгдсэнээр энэ ордоос 2015 онд1.5 сая тонн, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлох боломж бүрджээ. “Guildford Coal”-ийн дуулгасан өөр нэг сайн мэдээ ньБаруун ноён уул ордын коксжих нүүрсийг угааж боловсруулснаар үнслэг багатай сайн чанарын нүүрс болдог нь туршилтаар дахин батлагдлаа гэсэн мэдэгдэл. Сингапурын “Sino Construction” -ызүгээс “Guildford Coal”-ийг худалдан авах саналаа албан ёсоор хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогийн үнэлгээнээс нь бүр 17 хувиар өсгөж үнэлжээ.

ДОЛЛАР ХЭМНЭЖ, ДОЛЛАР ОЛОХ ГУРВАН ҮЙЛДВЭР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Шинэ үйлдвэр байгуулагдах хэрээр гадагшаа урсдаг долларын урсгал багасна гэсэн шалгуураар хэмжвэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр үйл явдал өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. “Эрдэнэт хивс” компанийн дэргэд Ноос угаах үйлдвэр, Нано технологийн даавууны үйлдвэр нээлтээ хийсэнюм. Үүнээс гадна”Хөх ган” компанийн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж эхэлж байна. Нано технологиор үйлдвэрлэсэн даавууны эдэлгээ 2-3 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлтийг үйлдвэрлэгчид сонирхуулсан. Гэрийн бүрээсний даавуугаа хүртэл урд хөршөөс худалдаж авдаг монголчуудын хувьд гэрийн мянган метр бүрээс үйлдвэрлэчихсэн нано технологийн даавууны үйлдвэр сайн мэдээ байж чадсан. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх ноосны шинэ үйлдвэрийн онцлог нь өмнөхөөсөөнарийн цэвэрлэгээ хийх боломжтойгоороо онцлог. Ингэснээр дэлхийн зах зээлд чамлахааргүй үнээрборлуулдаг монгол хивснийчанар сайжирна гэсэн өөдрөг мэдээг үйлдвэрлэгчид онцолно лээ. Монгол руу урсах долларын урсгал бага ч гэсэн нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг. Шууд ангижруулсан төмөр ч ялгаагүй. Валютын нөөц нэмэгдэхэд дажгүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

ТӨГРӨГ

ЧАНГАРАХ СУРАГ

Хоёр мянга дөхөж явсан ам.долларын ханш өнгөрсөн хоёр хоногт уруудав. Тодруулж хэлбэл амралтын өдрүүдэд 1880 төгрөгт хүрсэн юм. Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш 1867-1870 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөг байна. “Найман шарга” валют арилжааны цэгтөчигдөр 16.00 цагийн үед ам.долларыг1875 төгрөгөөр авч, 1880 төгрөгөөр зарж байлаа. Засагт АН, МАН хамтрах болсон нь долларын ханш буухад нөлөөлсөн гэх таамаг бий. Эдийн засагчид өмнө нь “Долларын ханш өсвөл ханш хөөрөгдөх гэж байгаа хэрэг, түүнээс биш ам.доллар чангарах боломж байхгүй” гэсэн таамаг хэлж байсан юм. Энэ талаас нь харвал улс төрийн тогтворгүй байдал ногоон валютын ханш чангарахад нөлөөлсөнбайж болох талтай. Тэгэхээр засаг үймснээс болж хөөрөгдсөн ам.долларын ханш, засаг тогтворжих хандлага руугаа орсон учраас хөрсөн дээрээ бууж эхэлсэн гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Өөр нэг таатай мэдээ гэвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгийн голлох валютуудтай харьцах ханшийн өөрчлөлт харьцангуй тогтвортой байж. “Летфорекс” валют арилжааны төв болон зарим банкныхан “Ам.доллар төгрөгийн эсрэг өнгөрсөн таван сарын хугацаанд 3.6 хувийн өсөлттэй байсан бол юанийн төгрөгтэй харьцах ханш 4.7 орчим хувиар чангарчээ. Олон улсын зах зээлд ам.доллар голлох валютуудын эсрэг өссөн дүр зурагтай байна. Евро сүүлийн таван сарын хугацаанд ам.долларын эсрэг ес орчим хувиар, иен 16 хувиар суларсан” гэж онцолж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнөөдрийнхөөс ч чангарна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ТАСРААГҮЙ

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасарсан ч гэлээ хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйг өнгөрсөн хугацаанд болсон хоёр ч үйл явдал нотлов. Саяхан Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулганаас хэрэгжүүлэхээр зэхсэн том төслүүд маань мөнгөтэй эрхмүүдийн анхааралд бий нь тод харагдсан. Хөрөнгө оруулагчдын ирц өмнөх жилийнхээс төдийлөн буураагүйг “Блүүмбэрг” онцолсон.Өнгөрсөн сарын 26-28-нд уг төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буйФранц, Солонгосын хамтарсан GDFSUEZ & POSCO Energy консерциумын баг Таван толгойн цахилгаан станц баригдах талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажилласан нь үүний нэг нотолгоо. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байгаа билээ. Японы “Marubeni” корпораци, “Kansai electric”, Солонгосын “Daewoo Engineering” компанийн багууд арванхоёрдугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана гэсэн мэдээлэл байна.Сая дурдсан компаниудаас Таван толгойн цахилгаан станц төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүлээж авах юм.

Хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйн бас нэг жишээ нь Хөгжлийн банкны босгосон гэж мэдээлээд буй синдикат зээл. Хөгжлийн банк анх олон улсын зах зээлээс анх 200 сая ам.доллар босгоно гэж төлөвлөж байсан ч эрэлт их байсан учир 300 сая болгож нэмэгдүүлсэн байдаг. Эрэлт гэдэг нь Монголын Хөгжлийн банкинд мөнгөө өгөх гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолөндөр байсан гэсэн үг. Монголыг гэсэн шинэ хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байгааг Хөгжлийн банкны сүүлд босгосон синдикат зээл нотолсон. Тухайн үед “Credit Suisse Securities”-ийн гүйцэтгэх захирал Пол Трегидго Нью Йорк дах Блүүмбэрг телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ үйл явдал цоо шинэ зах зээл рүүнэвтэрч байгаагаас гаднашинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам болсон. Монголд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд олон бий ч Монголын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгаа. Монголын эдийн засаг дунд, болон урт хугацаандаа өндөр өсөлттэй байх учраас хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах тохиромжтой цаг ирсэн гэсэн үг” хэмээн ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлэцээ өнөөдөр эхэлнэ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулан, хамтран ажиллах сонгон шалгаруулалт шинэ оны өмнө дуусаж, Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс” компанийн хамтарсан консорциум ялагчаар тодорсон. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээг Ажлын хэсгийнхэн өнөөдөр эхлүүлэх юм. Засгийн газрын төлөөлөл болон тус консорциумынхан Цагаан сараас өмнө хэлэлцээг дуусгахаар тохиролцоод байгаа аж. Тавантолгойн ордын лиценз төрийн мэдэлд үлдэх бол үйл ажиллагаа, менежментийг нь сонгогдсон консорциум хариуцан ажиллана. Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Сонгон шалгаруулалтад их боломжийн консорциум ялсан” гэж ярьсан.

Уг консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд нийт дөрвөн тэрбум ам.долларын хөр өнгө оруулах санал гаргаад буй. Тэднийх Тавантолгойн орд газарт нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх, төмөр зам барих, 2.5 жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах, Хятадын “Чалко” компанид тавьсан “Эрдэнэс Тавантолгой”-н өрийг барагдуулахад энэ хөрөнгийг зарцуулах аж.

Тус консорциум төмөр замын суурь бүтцийн 51 хувийг 30 жилийн дараа төрийн өмчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээ мэдэгдсэн. Мөн Монголын Засгийн газар хүсвэл эргэн суутгаж авах нөхцөлтэйгөөр 250-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлж болно гэжээ. Уг консорциумын санал нь Засгийн газрын шаардлагыг бүрэн хангасан юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дутуугийн завшаан

Манай оронд хоёр ян­зын өмч, бизнес байна. Нэгдүгээрт улсын болон хувийн өмч, хоёрдугаарт хувьд байгаа бүх ард түмний өмч болон хувийн хэвшилд хийгддэг эх ор­ны бизнес. Эхнийхийг бүгд мэднэ. Тэгэхээр хоёр ­дахийг нь ярьж таарна.

Цагаан сар гаруут аминдаамал бүү хэл амбаартаа олиг­­той­хон хулгана ч үгүй хотынхон хүртэлсүрэг, малаа онд мэнд оруулах, маш олон төл бойжуулах талаар санаа зовнино. Социа­лиз­мын үед тийм байсан. Тэр үед бүх малыг эзэм­шиж байсан боло­хоор зөв. Гэтэл одоо ч хэвээрээ. Намрын на­март л, бүх мал хувьд гараад удаж байгаа боловчхадлан тэжээл бүх нийтийн үйлс хэмээн ярьсаар байна. Газар тариалан мөн л аминд очсон. Хүнс­ний ногоог тоохгүй боловч тариа ху­раах нь “бүх ард түмний санаа зоволт”дагуулсан хэвээр.

Сонирхолтой нь бүх ард түмэн санаа зовохын хэрээр ажил хэрэг дампуу байдалтай. Жишээлэхэд ногоо тарьдаг хүмүүс түү­нийгээ бизнес болгоод хөдөлмөрийнхөө үр ши­мээр амьдарч байна. Ард түмний анхаарлын төвд буй тариа будаа болоод ирэхээр нь бөөн маа­паа­ны уурхай. Хий тарьж, хий хадгалаад, хий муутгаад, хий устгаад мөнгөө харин бодитойгоор авсан байна ч гэх шиг…

Ер нь ард түмэн ан­хаарч байна гэдэг бол нарийндаа хэн ч анхаа­рахгүй л гэсэн үг юм шүү дээ. Орон даяараа хад­лан бэлдэхэд санаа зовж байгаа боловч яг малч­дын санаа огт зовохгүй байгаа. Ер нь эх орны санаа зовж байхад хувь хүн сэтгэлээ тавгүйдүүлэх ямар хэрэг байна. Мал­чид хадлан огт бэлдэхгүй. Яах юм бэ? Зуд болбол эх орон ард түмэн өвс ачаад ирэх юм чинь. Их хурлын гишүүн улс төрч­дөд “Эх орондоо хайр­тай”-гаа харуулах сайхан боломж гарна. Өвс тэ­жээлийг цуваа, цуваагаар нь илгээж байгаагаар зурагтаар гарч, ирэх сон­гуулийн саналыг урьд­­чилан цуглуулна. Зуд бо­лоо­гүй нутгийн депу­та­тууд дэмий л атаархан “Үүл буудаж цас оруулан хиймэл зуд сэтгэх боломж байдаг бол уу” гэх маягтай санааширна.

Айхавтар зуд болоод хамаг малаа барчихлаа гэхэдмал­жуулах төсөл гэж нэг сайхан юм байна. Үнэгүй мал өгөөд гол залгуулчихна. Мал өсө­хөө болохоор цөөдөхгүй, нэг мэдэхэд овоо хэд болчихно.

Адилхан хувийн өмч­тэй, тэрийгээ мачийж байж арчлан амь зууж яваа иргэд үүнд дургүй нь хүрэх боловч “Амьт­ны ад болох байх” гэж айгаад юм хэлэхгүй. Юм хэлэхгүй байх тусам улам оодор­но. Хот нь нүүдлээ авран хамгаалах, тэтгэх үүрэгтэй мэт.

Хэрэв хүйт эхлэхийн хэрд “Нийслэлийн иргэ­дээ, машины тос тосоо­лыг өвлийнхөөр солио­рой” гэж уриалаад. Зас­­гийн газарт иргэдийн төдөн хувь нь машиныхаа аржаатарт хөлддөггүй тосоол хийж амжаад бай­гаа тухай сонсгол орж ирээд л. Хотын дарга “Ирэх долоо хоногт баг­таан иргэдийн машиныг дулаан гараажид өвөл­жүүлэх асуудлыг шийднэ” гэж амлаад эхэлбэл шууд л элэг доог болно.

Харин хөдөөгийн ир­гэ­дийн малчдыг дааруу­лахгүй, тураахгүй өсгөх талаар яривал улс орны тулгамдсан асуудал болоод ирнэ.

Ерийн сайхан сэтгэл, хүн хүндээ туслах уламж­лалын нэг илрэл юм уу гэхээр эргэх холбоо байх­гүй. Энд “Хотод орон гэр­гүй ядуус өчнөөн байдаг юм гэсэн. Ядахдаа дэв­сээд унтаг” гээд нэхий явуулсан тухай мэдээ, “Улаан­баатарт махны үнэ тэнгэрт хад­сан гэсэн. Хоногийн хоол­гүй нэгэнд нь өгөөрэй” гэсэн захиас­тай ганц хөл мах ч болов 22-ын товчоогоор ирсэн гэх сураг ер гарч байгаагүйг л хэлж байна.

Хүний ач санадаггүй хэсэг нь хөдөө байна гэсэн үг бас биш шүү. Малчид бол хэзээ хэзээ­нээс ном зохиолд цайл­ган цагаанаараа алдар­шин бичигдсэн улс.

Энд хоёр юм ажиг­лаг­даж байна. Юуны өм­нө мал мал­лан амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн үлэмж хувь нь түүнийхээ ирээдүйд ит­гэхгүй болсон шиг байна.Өөрөөр хэлбэл, амьд­ра­лынх нь чанарт мэдэгдэм ахиц гаргах, өсч дэвжих хэрэгслэл бол мал биш гэж харж байна. Харин тодорхой бизнестэй зал­гатал идэх уух өмсөх зүү­хээр таслахгүй байх та­лон маягаар харж, хайх­рамжгүйдүү хандаад байх шиг. Тийм болохоор тодорхой менежмент хийх­­гүй, хадлан тэжээл бэлтгэх, зуд турханыг давах энэ тэрд тийм ч их санаа зовохгүй байдаг бололтой. Мал өсөхийн хэрээр үнэ ханш нь багасч байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа.

Малчдын үлэмжхэн нь ирээ­дүй­гээ хотшил, суурьш­лаар төсөөлж бай­гаа боловч тэнд очоод хөлөө олох эсэхдээ эргэл­зэж байгаа учраас л тээ­нэ­­гэлзэн хүлээж байгаа.Хэзээд явна гэсэн бодол­той.Тийм болоод л ху­вийн өмч, хувийн бизнес­тээ хайхрамж муу байгаа.

Хоёрдугаарт, малчид нийг­мийн­хээ бусад хэс­гээс хариуц­лага болон үнэлэмжээрээ ялгарч бай­на. Туслуулах нь өн­гөн дээрээ сайхан боловч цаагуураа их урхагтай эд.Тусламж хөнгөлөлт ньхэн нэг­нийг хүч чадлаар бус­даар дорой гэдгийг албан ёсоор хүлээн зөв­шөөрсний илэрхийлэл болж гарч ирдэг. Ингээд харахаар малчид хэмээх нийгэмд хариуцлага хү­лээх чадамжаар нэг шат доогуур анги гарч ирж байгаа дүр зураг хараг­дана. Энэ нь мал маллан амьдарч буй Монгол Ул­сын иргэдийн хувьд тун тааруу зүйл юм. Хотын­хон л тусалж байхгүй бол өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй бүлэг иргэн бий болж байна гэсэн үг.

Өнөөдөр малчин хүн”бан­кинд зээлээ төлөх­гүй” гэж хэлэхэд болж байгаа төдий­гүй депутатч тэднийгээ догиож байх юм. Депутатыг ойлгож болно. Тэдэнд ухаан­тай сонгогч биш харин са­налаа өөрт нь өгдөг сон­гогч л хэрэгтэй.

Харин хотын хүн “Бан­­кинд зээлээ төлөх­гүй” гэвэл тэнэг манга­раараа дуудуулна. Хо­риод жи­лийн өмнө бол гэртээ хэвлэлийнбага хурал хийлгээд “Дахин зээл өгөхгүй бай­гаа уч­раас түрүүчийн зээ­лээ төлөх­гүй” хэмээн мэдэг­дэж болдог байсан. Одоо бол өнгөрсөн.

Цаашдаа хотынхон малч­даа хайрласаар, өвс хадаач гэж үглэсээр, зуд болбол тусламж илгээ­сээр байх байх л даа. Гэхдээ өөрснөө бие даах, хариуцлага хүлээх чад­вар бусдаас доогуур гэж хар­даг болно. Ав адилхан сонгуулийн эрхтэй боловч ажилд орох болоход “За даа, хотын нөхөр нь дээр байх аа. Ядаж л хариуц­лага хүлээх чадвартай. Харин энэ малчин чинь өөрийнхөө өмчийг зу­даас хамгаалж чадахгүй хэвтэж, миний хөрөнгийг эрсдэлээс хамгаална гэж юу байхав” гэсэн байд­лаар гадуурхагддаг болох эрсдэлтэй.

Ингээд харахаар нийг­мийн тодорхой хэсэг нь иймэрхүү хариуц­лага­гүй байдлаар амьдарч, “дутуу төрсөн” явд­лаараа түрий бариад явж таа­рахгүй. Бас малыг энэ байдлаар мал­лаад цаа­шаа бас явахгүй. Нэг ийм дүр зураг хараг­даад байна.

2010 оны 8 сарын 12

Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхболд: “Өдрийн сонин”-д манай компанийн тухай нийтлэл гарсны дараа санаанд багтамгүй их захиалга ирлээ

-“ИХ ИНХМЭЛ” ХХК АЖИЛЧДАА НЭМЖ,

УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ-

Манай сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах бо­ломжтой болжээ” нийтлэл хэвлэгдсэн. Уг нийтлэлийн дараа манай сонины редакц руу олон зуун хүн утасдаж халаалтын шинэ технологи нэвтрүүлсэн “Их инхмэл” ХХК-тай холбож өгөхийг хүссэн юм. Тус компанийнхан ч гэсэн сонинд нийтлэл гарсны дараа захиалгаа дийлэхгүй болтлоо ачаалалтай ажиллаж байгаа аж. Ингээд “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболдманай сонины редакц дээр ирж нийтлэлийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа ярилаа.

Манай сонинд хэвлэгдсэн нийтлэлийн дараа маш олон хүн бидэнтэй холбогдсон. Танайх руу бас олон хүн залгав уу?

-Манай компанийн тухай, бидний үйлдвэрлэж байгаа халаалтын радиаторын тухай мэдээлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн. Лхагва гаригийн өглөө найман цагаас эхлээд бидэнтэй холбоотой утаснууд зогсоо зайгүй хангинаж эхэлсэн. Манай компани байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн тавдугаар сараас албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мэдээж хэрэг шинээр байгуулагдсан компани олон нийтэд танигдаж, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болно гэдэг хүнд бөгөөд хамгийн гол ажил байдаг. Ингэж олонд танигдаж хүмүүст бизнесээ сурталчлахад танай сонины дэмжлэг үнэлж баршгүй тус боллоо. Бидний шинээр нэвтрүүлж буй шинэ технологитой халаалтын системийн тухай сурвалжлага нийтлэгдсэнээс хойш миний болон манай компанитай холбогдох утаснууд зогсоо зайгүй дуугарч байна. Нэг утсаар компанийнхаа тухай мэдээллийг өгч байхад нөгөөх нь зэрэгцээд дуугарч байх жишээтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр “Өдрийн сонин” үнэхээр хүчтэй юм. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд маш том түүчээ болж байдаг юм байна. Манай компанийн хамт олон сэтгэл их өндөр байгаа. Үнэхээр их баярлалаа.

Бүр хаа байсан Америкаас хүртэл утасдаж байна лээ?

-Харин би бас их гайхаж байна. Америкаас залгаад “Баянхошуун дахь аавынхаа гэрт халаалтын систем тавиулмаар байна. Хэдэн төгрөг болох вэ. Мөнгийг нь дансаар шилжүүлчихье” гэж ярьсан. Бас Чилид амьдарч байгаа эмэгтэй холбогдсон. Гэр нь арвангуравдугаар хороололд байдаг юм байна. Хангалттай дулаахан биш болохоор 12 секцтэй паар тавиулъя гэсэн. Би өөрөө хүртэл сониноо харж амжаагүй байхад хаа байсан өмнөд Америкаас ингэж утасдахад үнэхээр гайхсан. Бүр гайхаад хаанаас мэдээлэл авсан бэ гэхэд “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn хаягаар дамжуулан цахим сонин уншиж байдаг юм байна. Гадаадад байгаа монголчууд маань дээрх сайтаар дамжуулан эх орондоо өрнөж буй үйл явдал, шинэ бүтээн байгуулалтын тухай мэдээллийг цаг алдалгүй авч байдаг ажээ. Бас орон нутгаас олон хүн холбогдлоо.

Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээгээ яаж хүргэдэг юм бэ?

-Дархан, Эрдэнэт болон Өмнөговь аймагт өөрсдийн салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо захиалгын дагуу хүргэлт хийж байна. Танай сонины нийтлэлийн дараа орон нутгаас олон хүн ярьж халаалтын систем тавьж өгөөч гэж утасдсан. Гэхдээ ганц нэгэн айлд халаалт тавьж өгөх гээд хол аймаг руу явах хэцүү. Тиймээс ямар ч хүн уншаад ойлгох хэмжээний гарын авлага хэвлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Халаалтын систем худалдаж авч байгаа хүн зааврын дагуу гэртээ суурилуулах боломжтой болох юм.

Захиалга хэр байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд танай сонин дээр мэдээлэл гарснаас хойш захиалгаа гүйцэхээ больсон. Хүн бүрт хүрч ажиллахыг хичээн ажиллаж байгаа болохоор ажиллах хүчээ нэмлээ. Манайхтай өмнө нь хамтарч ажиллаж байсан бригадууд байдаг. Тэднийгээ дуудаж байна. Ажлын цагийн хуваариа бас уртасгалаа. Ээлжээр ажиллах төлөвлөөгөтэй байгаа. Хэдхэн хоногийн өмнө бид 18 цагт тардаг байсан. Харин сүүлийн хэдэн өдөр шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Манайд хандсан хэрэглэгч захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа халаалтын системийг нь хүргэж өгч байгаа.

Танайх халаалтын радиаторт хэрэглэх тусгай шингэн үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой. Өдөрт хэдэн литр шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Шингэний нийлүүлэлт хангалттай гэж хэлж болно. Манай компанийн зөвлөх инженер И.Бодийн эко аргаар гаргаж авсан шингэн шүү дээ. Бид өдөрт мянган литрийг үйлдвэрлэх боломжтой.

Мянган литр шингэнээр 12 секцтэй хэдэн паар үйлдвэрлэх вэ?

-Мянган литрээр 100 орчим радиатор үйлдвэрлэнэ. Харин халаалтын системээр тавихад харьцангуй их хэрэгтэй болдог. 6*8 хэмжээтэй 48 м2 байшинд 18-20 литр шингэн орно. Тог зарцуулалтын хувьд бусад төрлийн халаалтын системтэй харьцуулахад тун бага.

Баталгаат хугацаатай юу?

-Нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Механик гэмтлээс болоогүй, бидний үйл ажиллагаанаас хамааралтай эвдрэл, гэмтэл гарвал нэг жилийн хугацаанд үнэгүй сольж өгнө. Гэхдээ эвдэрлээ гэх юмуу ямар нэгэн асуудал гарлаа гэж нэг ч хүн утасдаж байгаагүй. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгах үүднээс баталгаа өгч байгаа юм.

Халаалтын системтэй танилцах хүсэлтэй хүн байвал хаана очиход болох вэ?

-“Peace tower”-ын 11 давхрын 1103 тоотод манай компани байрладаг. Тэндээ өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа халаалтын системийг суурилуулсан. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс манай компанийн байранд хүрч ирээд үзэж болно. Мөн 8911-9410, 9999-2878, 9191-9164 дугаарын гар утсаар холбогдоорой.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийдэд “Сандуйн жүд” хурна

Өнөөдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдэд өглөө 09.00-15.00 цаг хүртэл “Сандуйн Жүд” хурах юм байна.
“Сандуй буюу Нууцын Хураангуй” хэмээх энэхүү номонд Бурханы шашин хураагддаг бөгөөд Монголчууд эрт дээр үеэсээ энэхүү номыг ихэд онцгойлон шүтэж биширсээр иржээ. Үүний нэг илрэл нь билэг ухаант өвөг дээдэс маань тус номыг мөнгөн хуудасыг товойлгон алтаар бүрж, шүр, сувд зэрэг эрдэнэсээр чимэглэн урлан бүтээсэн явдал юм. Энэ гайхамшигт бүтээл өдгөө дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
“Сандуйн Жүд” уншсан хүний салхин доогуур гарахад нүгэл хилэнц ариусч байдаг хэмээх ба тус ном нь гэнэтийн осол аваар, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигуртай тул Монголчууд эрт дээр үеэс тус судрыг үргэлж биедээ авч яван, “Сандуйн Жүд”-ийн хураангуйг сүсэглэн бишрэн уншиж явдаг байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрүүдийг хүртэл зохион байгуулахаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан болохыг мэдэгджээ. Энэ тааар өнөөдөр НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийх аж.