Categories
мэдээ нийгэм

Энержи Ресурс, Эм Си Эс интернэшнл хамтран ажиллахаар болжээ

“Mongolian Mining Corporation”-ий охин компани болох “Energy Resources” нь “MCS International”-тэй хамтран Ухаахудагийн цахилгаан станцын төсөлд ажиллах 86.3 тэрбум төгрөг (45.8 орчим сая ам.доллар)-ийн гэрээ байгуулсан талаар Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ. Гэрээний дагуу “MCS International” нь 18 МВт-ын хүчин чадалтай Ухаахудагийн цахилгаан станцын эрчим хүч түгээх болон халаалтын тоног төхөөрөмж, дизель хөдөлгүүрийн ашиглалт, засвар үйлчилгээг энэ сарын 1-нээс 2017 оныг дуустал гүйцэтгэх бөгөөд цахилгаан, дулааныг эцсийн хэрэглэгчдэд хүргэх ажлыг хариуцах юм байна. “Energy Resources” компани дээрх төлбөрийг гурав хуваан төлөх гэнэ. “MCS International” нь Ухаахудагийн цахилгаан станцын ашиглалт, үйлчилгээний ажлыг 2011 оны тавдугаар сараас өнгөрсөн жилийг дуустал гүйцэтгэсэн бөгөөд өмнөх 2014 оны 8-р сард болсон шалгаруулалтад оролцон дахин сонгогдсон юм байна.

“Energy Resources” компанийн захиалгаар барьсан Ухаахудагийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр “MCS International” ажилласан бөгөөд манай улсад анх удаа хуурай хоргөлтийн систем (турбинээс гарах уурыг шууд агаараар хөргөх) ашиглан усны хэрэглээг багасгаж байсан юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Та өөртөө хайртай бол бусдыг уучилж сурах хэрэгтэй

Таныг өмнүүрээ дайрч байгаа машинд зам тавьж өгөхийг бид уриалдаг. Үүнд та тийм ч дуртай биш байдаг байх гэж заримдаа бид боддог. “Яагаад би үүнд зам тавьж өгөх ёстой юм бэ. Харин ч эсрэгээрээ энэ муу надад зам тавьж өгөх ёстой” гэсэн бодол харван орж ирж байгаа нь мэдээж. Тийм ээ үүнийг бичигч надад ч тийм бодол төрдөг. Тэгвэл яагаад “нэг машин өнгөрөөвөл нэг ажил чинь бүтдэг” гээд уриалаад байдаг юм бэ. Хамгийн гол нь таныг өөрийгөө хүндэлдэг байх аа л гэж бодсоноос ийм уриалгыг бид гаргаад байгаа юм. Та мэдээж аз жаргалгүй, зовлон гуниг, уур унтуу, хэрүүл шуугиан дунд байхыг хүсдэггүй байлгүй. Энэ бүх муу муухай зүйлээс хол байг гэсэндээ л бид ингэж уриалж байдаг юм. Урдуураа ухасхийсэн нэг машин өнгөрөөж байна гэдэг нь та тэр машиныг уучлан өршөөж байна л гэсэн үг. Энэ нь тэр ухасхийгч уучлуулах ерөөлтэй гэсэн үг биш. Түүнийг уучилснаараа та өөрийнхөө хувь заяаг өршөөл уучлал, амар амгалангийн агуу ертөнцтэй л учруулж байгаа хэрэг шүү дээ. Та өөрийгөө хайрладаг, өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг учраас л тэр ухасхийгчийг уучлан өршөөж өмнүүрээ гаргаж байна. Таны энэ бяцхан өгөөмөр зан таныг маш их гай барьцадаас хамгаалан авч үлддэг. Түүнтэй тэмцэлдэх, түүний өмнүүр өрсөлдөн дайрах ад мөрийн хүсэл нь таныг аз жаргалгүй болгоно. Нэг удаа өрсөөд сайхан эз дийлсэн мэт санагдах ч энэ ямар ч хэрэггүй. Эцсийн дүндээ та дэв давхийсэн, дийлж дарангуйлсан, босчихсон гөрөөс шиг айж цочсон, бас зам дээр түгжирч гацсан, түүндээ уурлаж бухимдсан азгүй амьтан л болно шүү дээ. Та өөртөө хайртай л бол бусдыг уучилж сур гэсэн санаанаас л бид тэгж уриалдаг билээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ

12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ.

12:00 цагт Нийслэлийн Засаг дарга ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд шалгарсан компаниудад батламж гардуулах ажиллагаа НЗДТГ-ын “Б” танхимд болно. Утас: 99666553

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд жүжигчин Латифын Нурбулан сүүлийн үед өөрийнх нь талаар гараад буй мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт Монголын анхны дуу хөгжмийн цэнгээнт шоу нэвтрүүлэг “UNIVERSE BEST SONGS” наадам 7 дахь жилдээ эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал UBS телевизийн байранд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил тодын хуулийг яаралтай батлах шаардлагатайг бизнес эрхлэгчид онцлов

МҮХАҮТ-ын удирдлага, тэргүүлэгчид Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хуулийг нэн яаралтай батлуулж, далд байгаа хөрөнгө орлогоос эхлэн хөрөнгө оруулалт, мөнгө санхүүг ил болгож эдийн засгийг тэлж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн эрх чөлөөг өгнө гэж үзэж байгаа тухай хэлцгээж байсан юм.

Бизнес эрхлэгчид маргааш уг хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой уулзаж санал бодлоо солилцох аж. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль цаг үеэ олсон, хямралд өртөөд байгаа энэ нөхцөлд бизнес эрхлэгчдэд чухал байгаа учир нэн даруй батлуулах нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчилж байсан юм. Ингэхдээ татварын тогтолцооны шинэчлэлийг давхар хийж, Ил тод байдлын хуулийг аудит, нягтлан бодох, Компанийн тухай, Эрүүгийн болон бусад хуулиудтай уялдуулан цогцоор нь, Өршөөлийн тухай хуультай давхар гаргахгүй бол дан ганцаар хэрэгжихэд учир дутагдалтай гэдэг дээр санал нэгдэцгээлээ. Тиймээс хуульд бэлтгэх Ажлын хэсгийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулъя гэсэн саналыг “Голден такс” ХХК-ийн захирал А.Цолмонтуяа гаргасныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжсэн. Гэхдээ уг хуулийн хүрээнд ганц МҮХАҮТ бус УИХ, Засгийн газрын гишүүд хамтран гаргах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлцгээж байлаа. Түүнчлэн уг хуулийг сайн гаргаж чадвал дахин татвар нуух, хоёр тайлан гаргах явдлыг зогсоох боломжтой. Тэгэхгүйгээр дан ганц улс төрчид уг хуулийг батлан гаргавал сөрөг үр дагавар үүсч мэднэ. Ер нь томоохон нууцын ард улс төрчид байдаг гэдгийг сануулцгаасан юм. Уг хууль батлагдан гарвал Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудын концепцийн өөрчлөлт хийгдэнэ гэдгийг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хэллээ. Мөн хуулийн хүнд сакцаар баялаг бүтээгчдийг дарамталдаг явдал арилна. Өмнө нь нэг татварын байцаагч 17 тэрбумын хэрэгт холбогдсон энэ мэт явдлыг таслан зогсооход уг хуулийн ач холбогдол их гэцгээлээ.

Эдийн засгийн хүндрэл газар авч төсвийн орлого нэг их наядаар тасарч байгаа явдлыг Эдийн засгийн ил тод байдлын хууль гарснаар нөхөх боломж бүрдэнэ. Нэг их наядын төсвийн орлого тасарсан нь тийм ч хүнд асуудал биш гэдэг санал ч гарч байсан юм. Эл хууль гарч ганц удаа бизнес эрхлэгчдэд боломж олгон өршөөх биш цаашдын үр дагаврыг бодолцох ёстойг сануулав. Хууль хэрэгжиж эхлэхээр нэгдсэн бүртгэлийн системийг бизнес эрхлэгчид өөрсдөө хянах боломжийг бүрдүүлж өгөх ёстойг сануулан одоогийн Сангийн яамны мэдээлэл боловсруулах систем хоцрогдсон гэлээ. Бид л энд хууль батлуулна гээд яриад байх биш Сангийн яам саалиа хийх саваа бэлтгэх ёстойг хэлж байлаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид том, жижиг гэлтгүй бүгд нэг гараанаас гарах, өнөө үед хамгийн их хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ДНБ-ий 30 гаруй хувьд хүрээд байгаа далд эдийн засгийг багасгах, нийгмийн нэг том асуудал болоод байгаа авлига, хээл хахуулийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, бизнесийн олон чухал ач холбогдол, үр дүн гарах боломжтойг танхимын гишүүд хэлж байлаа. Тус хууль батлагдан гарснаар олон мянган аж ахуйн нэгжүүдийн хувьд эхлэлийн тайлангаа шинээр гарган бизнесээ цааш шударгаар “шилэн дансаар” эрхлэн хөтлөх, татварын шударга харилцаанд орж өрсөлдөөний тэгш боломж бүрдэн бизнес эрхлэх орчин сайжирч үйлдвэрлэл, худалдаа улам бүр өсөн тэлэх үүд хаалга нээгдэн санхүүгийн шинэтгэл бодитойгоор хэрэгжиж эхлэх болно гэдэгт итгэл дүүрэн байгаа аж. Өнөөдөр мөрдөгдөж байгаа эдийн засагтай холбоотой хуулиуд ихэвчлэн 1993 онд батлагдсан байдаг тул өнөөгийн нөхцөл байдалд тааруулан өөрчлөхгүй бол чөдөр тушаанаасаа салж чадахгүй гэдгийг Танхимын дарга хэлэв. Энэ чөдрийг тайлахгүй бол баялаг бүтээгчдийг авлига хээл хахуулийн зам руу оруулж байгаа албан тушаалтнуудыг л баярлуулж байна гэлээ. Өмчийн харилцааны хууль мөн удахгүй батлагдвал үндэсний баялаг, иргэний өмч хамгаалагдах юм байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт баялгийн системийг мэдэхгүй хуульчид шударга ёс ярьдаг номын эхний аксиомоо яриад явбал уг хууль хэзээ ч бүтэхгүй гэдгийг танхимын дарга Б.Лхагважав нэмж тодотголоо. “Голден такс” компанийн захирал, эдийн засагч Цолмонтуяа “2007 онд өршөөлийн хууль гарахад албан ёсны тоон мэдээллийг одоо болтол хараагүй. Тухайн үед Монгол Улсын дотоод нөөц бололцоог дайчлах өнгөц аргууд байсан. Өнөөдөр өөрийнхөө дотоод нөөц боломжийг дайчилсан хүмүүс дандаа хохирсон. Ил тод байдлын тухай хууль гарах нь цаг үеэ олсон ч яаж хийх вэ гэдэг дээрээ тогтвортой хандаж, дүн шинжилгээ хийх ёстой. Бид сая дотоод нөөц бололцоогоо дайчилсан. Одоо л эдийн засгийн бодит хямрал эхэлнэ” гэлээ. МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Санхүүгийн асуудлыг тусдаа компаниуд хийх ёстой. Тэгэхгүйгээр нэг ногоо тарьдаг хүн үүнийг хийх гэж яваад будилж байна. Тиймээс санхүүгийн бичил 300-400 компани байгуулж чадвал мэргэжлийн хүмүүсээр юмаа хийлгэж чадна. 2000 оноос хойш 43 мянган нягтлан төгссөн байна. Одоо 23 мянга нь ажлаа хийж байгаа. Ил тодын хууль гарснаар 20 мянган хүнийг мэргэжлийн талбарт гаргаж ажиллуулах боломж бүрдэнэ. Ингэж чадвал нэг их наяд төгрөгийн эргэлт үүснэ. Манайд хууль тайлбарлахгүй гэдэг жишиг бий. Нэг хууль гарахад 2-3 мянган хуудас бүхий тайлбар байх ёстой. Тэгэхгүйгээс болоод хүмүүс алдаж байна” гэв. “Манай татварын системийг гажгийг хийдэг татварын дарга нар, татварын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүх эрхийг авсан байдаг. Аудит, татварын систем шинэчлэгдэх ёстой. Хэдэн дарга нар нь гол хоёр зүйлийнхээ эрхийг авчихаад цаанаа далд бизнес хийгээд эхэлчихдэг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсны дараа арилна” гэж бодож байгаагаа хэлэв. Эдийн засагч С.Аюуш “Өмнөх хуулиар далд байсан олон хөрөнгийг ил болгосон. Хуулийн хэрэгжүүлэх тал дээр зөв зохицуулалт хийж өгөхгүй бол нэг сарын дараа хуулийн хэрэгжих хугацаа дууссан нь өмнөх хуулийг хэрэгжүүлж чадаагүй гол шалтгаан болсон. Засгийн газар болон хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хууль батлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд гэж оруулж өгөх хэрэгтэй. Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн журмыг Засгийн газар гаргана гэчихээд хоёр жил буюу бараг хүчингүй болтол нь журмаа гаргаагүй. Түүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт багассан. Эсвэл дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Нэгэнтээ л энэ хуулиар хөрөнгийг ил болгох учраас ил болж буй хөрөнгө, мөнгийг ЖДҮ-ээс аваад бизнесийг цааш нь хөгжүүлэх эх үүсвэр болгоё. Хөрөнгө оруулалтын сангууд, ялангуяа хараат бус хувийн сангуудыг байгуулъя. Хөрөнгө оруулж буй ААН-үүдийг давхар Өршөөлийн хуулинд хамруулдаг болъё. Ингэж байж санхүүгийн тогтолцоо шинээр бүрэлдэнэ гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр энэ хууль батлагдвал бизнесийг цааш нь хэрхэн яаж хамгаалах вэ гээд олон асуудлыг сайн бодож тусгах ёстой гэдэг асуудал ч хөндөгдөж байсан юм. Өнгөрөгч онд эдийн засгийн хүнд жил байсан тул олон компани Х тайлан гаргасан. Ил тод болгох гээд байтал Х тайлантай компани яаж ил болгох юм. Байцаагчийн акттай холбоотойгоор аж ахуй нэгжийн тоо цөөрч байна. Тэгснээр хуулийн хэрэгжилт тодорхой нөхцөлд хумигдмал үр нөлөө багатай байх юм биш үү гэсэн болгоомжлол ч гарч байлаа. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаж өөрсдөөр нь өөрсдийнх нь нууц гэгдэж буй хоёр дахь тайланг гаргуулчихна. Уг хууль нэг удаа л үйлчлэх тул дараа нь түүн дээр нь дөрөөлөх юм биш биз гэлээ. Б.Лхагважав “2008 онд шалгагдсан 2800 гаруй компанид ямар ч татварын шалгалт ороогүй. Тухайн үед би 10 тэрбумын татвараа нуусан гээд гараараа цаасан дээр бичээд өгөхөд л болж байсан. Цаана нь 10 тэрбумаа нуусан этгээдүүд дээр айхтар том шалгалтууд орсон. Хууль сайн муу хоёр талтай байдаг. 2008 онд уг хуулийг мэдэж байсан хүмүүс ирээдүйд бий болох орлогоо энд биччихсэн юм. Таван жилийн хугацаанд тэр мөнгөө авсан. Уг хуулинд чагт хийж чадаагүй нэг том асуудал нь энэ байсан. Тэр хүмүүс завшаад өнгөрсөн. Макро эдийн засгаас улбаалан манай компаниудын үнэ цэн унаж байна. Үүнтэй адилхан дотоодын компаниудын үнэ цэн унаад ирэхээр нь худалдан авах процесс ихэсч байна. Ойлгомжтой үүнийг хажууд байгаа мөнгөний урсгал орж ирж авна. Тэгэхээр үндэсний баялаг өөр эзэнтэй болох гээд байгаа юм. Үүнээс урьдчилан сэргийлж байгаа нэг алхам нь уг хууль мөн” гэлээ. Дурын цагдаа ТҮЦ-нд байгаа хүнийг айлгаж хэдэн ч төгрөг авах боломжтой. Эрүүгийн хуулийн санкц ашиглаж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад өмнөөс нь ял өгдөг эрүү үүсгэх ёстой. Энэ бол Эрүүгийн хуулинд орох зайлшгүй асуудал. Өнөөдөр манайд дурын цагдаа, татварын байцаагч Эрүүгийн хуулийн таван жилийн ялтай шүү гэж авлига авдаг болсон. Үүнийг алга болгохын тулд буцаагаад тэр хүмүүсийг шинэчлэхээс өөр арга байхгүй.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

20 ортой хүүхдийн эмнэлэг нээгджээ

Увс аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 20 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт 40 ортой хүүхдийн тасаг үйлчилгээ үзүүлдэг. Ханиад, томуу зэрэг улирлын чанартай өвчлөлүүдийн үед нэгдсэн эмнэлгийн ачаалал нэмэгддэг.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дагнан үзүүлэх, улсын эмнэлгийн ачааллыг хуваалцах “Энхжин” хүүхдийн эмнэлэг нээгдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харагчин хонь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 7. Буд гариг. Билгийн тооллын 17. Үнэг одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 08.39 цагт мандан, 17.11 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ спорт

​Месси ахлах дасгалжуулагчтайгаа муудалцсан хэвээр

Испаний хэвлэлүүдэд шинэ он гараад бичиж байгаа ганц сэдэв нь “Барселона” багийн од Месси болон энэ багийн ахлах дасгалжуулагч Луис Энрике нарын дунд үүсээд байгаа үл ойлголцол, хэн нь дийлэх вэ гэдэг асуудал болоод байна. Он гараад явагдсан анхны тоглолтыг Месси сэлгээний сандлаас эхэлж баг нь Реал Сосьедад багт 0:1-ээр хожигдсон. Үүний дараах өдөр Месси бэлтгэлдээ “өвчтэй байна” хэмээн мэдээ бичээд ирээгүй нь байдал нэг л “но”-той болжээ гэдгийг баталж хэвлэл мэдээлэлийн “ахан дүүс”-ийг энэ чиглэл рүү хөтөлжээ. Тэгвэл Sport.es-ынхэн энэхүү шуугиан үнэн болохыг батлаж Хави, Иньеста, Бускетс нар тэднийг эвлэрүүлэхийн төлөө зуучлагчын үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг дэлгэжээ. Маргааш тоглох цомын тэмцээний өмнө багийнхаа томцуулыг ухаажуулахын тулд багийн “хөгшин бурхиуд” хэрхэн ажиллаж байгааг Испаний хэвлэл бичсэнгүй.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ буурлаа

Дэлхийн худалдааны талбаруудад нефтийн үнэ огцом уналаа. Лондонгийн бирж дээр Brent маркийн хоёрдугаар сарын фьючерсийн арилжаа 4,71 хувиар бууран нэг баррель нь 53.14 ам.доллараар зарагдан даваа гаригийн худалдаа төгсчээ.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI нефтийн үнэ бараг таван хувиар бууран баррель нь 50,14 доллараар зарагдсан байна. Хар алтны үнэ Европ, Америкийн биржүүд дээр ийм багаар сүүлийн таван жилд үнэлэгдээгүй байв.

Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане өчигдөр энэ тухай ярихдаа ойрын саруудад баррель нефтийн үнэ 70-90 долларын хэлбэлзэлд байна гэлээ. Нүүрс устөрөгчийн үнэ өнгөрсөн оны сүүлчээс эрс унаж байгаа аж. Шинжээчид нефтийн санал нь эрэлтээс энэ онд давсан байна гэж таамаглажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын албан нөөц нэмэгджээ

Монголбанк гадаад валютын нөөц 2014 оны 11 сарын сүүлээр 1,352.1 сая ам доллар байжээ. Тэгвэл оны эцэст 1,650 сая ам доллар болж нэмэгдсэн байна.

Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг гэнэ. Манай улсын хувьд өнгөрсөн 11 сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байгаа аж.

Харин Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч архи худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлэв

“Сангийн далай”, “Грэй гүүс”, “Болор”, “Улаанбаатар” зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэн худалдаалж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Энэ хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Эдгээр архийг “Нарантуул” зах болон бусад бөөний төвүүдээр ихэвчлэн худалдаалж байжээ. Тиймээс баталгаагүй газраас хямд үнэтэй хуурамч архи худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.