Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ онд дажгүй ээ, бид

Ерөнхий сайдаар ажиллаж байсан, манай толгой эдийн засагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал он солигдохын өмнө нийгмийн сүлжээ болох твиттерт жиргэхдээ “52 сая малтай, 450 мянган тн үр тариатай, 20 орчим сая нүүрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хүнээ өлгийдөнө. Ирэх онд дажгүй ээ” хэмээжээ. Бид чинь дандаа л болохгүй бүтэхгүйг нь түрүүлж яриад байхын оронд гэгээтэй гэрэлтэй бүхнийг ярьж хэлэх яасан сайхан юм бэ. Эдийн засаг улам л хямарна, улам л хэцүүднэ гэж дуулаад байхаас биш сайн талыг, сайхан зүйлийг харж сонсохоо байгаад уджээ. Гэтэл хүн гэдэг амьтан мөн чанараараа сайхан зүйлст дуртай, сайн мэдээнд баярладаг. Тиймээс аль болох нэгэндээ болж бүтэж байгаагаа эхэлж дуулгаж, бас түүнээс нь эрч хүч, эрчим энерги авч байх чухал юм байна аа.

Бид 1990 онд 25.9 сая малтай боллоо гээд хөөрч байсан нь саяхан. 1985 оны мал тооллогын дүнгээс даруй 3,4 саяар өссөн дүн учраас арга ч үгүй байсан биз. Малчид хувьдаа малтай болсноор тэдний өсгөж үржүүлэх, адгуулах маллах сэтгэлгээ ч эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэгвэл хөөрч баярлаад байсан тэр тооноос даруй дахин өсч, 52 сая малтай болчихлоо шүү дээ. 2013 оны мал тооллогын дүн 45.1 сая болж өмнөх жилээсээ 11 хувиар өсч байсан бол жилийн дараа өсөлт 15 хувиар тоологдож байна. Энэ урвайж, ундууцаад байх мэдээ мөн үү. Бид яагаад ч юм болохгүй бүтэхгүйгээ өмнөө барьж, түүндээ өөрсдийгөө шархдуулж эмтлээд байх юм. Харин одоо дандаа болж, бүтэж байгаагаа түрүүлж харахыг хичээцгээе. “Байна байна гэхээр байна нэмэгддэг, байхгүй бүтэхгүй гэхээр үгүй нэмэгддэг” гэдэг дээ. Өнгөрсөн хавар гэхэд 16.7 сая төл мал хүлээж авсан байдаг. Хангай дэлхий ээлтэй, тавтайхан байвал энэ үзүүлэлт ирэх хавар 18 сая болох төлөвтэй гэж байгаа.

Өнгөрч буй жилд 313 мянган га-д тариалалт хийж 520 мянган тн үр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л үзүүлэлт. Түүний өмнөх жил ургац алдаж, 388.4 мянган тн үр тариа авсан нь бидний хэрэгцээний 84 хувийг хангасан хэрэг болсон. Харин өнгөрч буй жилд хэрэгцээгээ бүрэн хангасан учраас бидний авдар үр будаатай, өлсөхгүй гэж ойлгож болно. Ер нь бид үр тариагаараа хэрэгцээгээ хангадаг болсон нь сүүлийн хэдэн оны л явдал шүү дээ. Төмсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болсноор бас овоо хэдэн жилийг үдлээ. Тэр нэг жилийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хо­рооны хурал дээр энэ мэдээ анх хэлэгдэж, тэнд суугаа гишүүд бөөн баяр болж байсан санагддаг. Хүнсний захууд дээр монгол төмс, зэрэгцээд жинхэнэ монгол төмс гэсэн хаягтай төмснөөс л сонголтоо хийдэг байлаа шүү дээ. Харин одоо хужаа төмс гэдгийг мартаж. Төмснөөс бусад хүнсний ногооны хангалт өмнөх жил нь 54 хувьтай байсан бол 2014 онд 56-57 хувь болсон гэнэ лээ. Жилд л 4-5 хувь нэмэгдээд яваад байгааг талархаад хүлээж авахад гэмгүй. 1991 оноос хойших 23 жилийн хугацаанд анх удаа 360 мянган тн хүнсний улаан буудай хурааж авсан гэж байгаа. Манай хэрэгцээ жилийн 320 мянган тн харин бид давуулаад биелүүлж. Жилдээ 320 мянган тн хүнсний буудайгаараа 250 тн гурил гаргаж идээд байхад болдог бол өнөө жил нөөцөндөө өөрсдийнхөө тариалсныг хадгалж чадав. Болж л байгаа биз дээ.

За тэгээд, Атар газар эзэмшиж ирсэн 55 жилийн түүхэндээ хамгийн анх удаа нэг га-гаас 16.9 цн улаан буудай хурааж авсан гэдэг амжилт ч бичигдэж байна. Тэгэхээр заавал бид нар болохгүй бүтэхгүй гээд л нэгнээ хэмхчих гээд байх хэрэг байна уу. Хүнс маань ч нэмэгдчихсэн хүн маань ч нэмэгдэх гээд бид хэрдээ баяртай л байгаа. Монголчууд бид гурав дахь сая хүнээ хүлээж авах өдөр хэд хоноод болох гэж байна. Хоёр сая дахь иргэнээ 1988 онд хүлээж авч байсан бол гуч хүрэхгүй жилийн дотор тэр тооныхоо тэн хагасаар нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн зууны эхэнд саяынхаа талаар л яригдаж байлаа шүү дээ. “Хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга” гэж гаргаж байсныг нь харахад цөөхүүлийн зовлон ч юм шиг. Гадна дотно хамаагүй байгаа хэдийгээ нийлүүлээд л зургаан зуун мянга гаргаж байжээ. 1962 оны хоёрдугаар сард нэг сая дахь, 1988 оны долдугаар сард хоёр сая дахь иргэнээ хүлээж авч байсан бид 2015 оны нэгдүгээр сард гурван сая иргэнтэй улс болох гэж байна. Энэ тоо тун удахгүй олны олноор үржээд явчихна. Бид чинь ядаж 5 сая болчихвол дийлдэхээ болих үндэстэн гэж ярьдаг даа. Монголын хүн амын 51.7 хувь нь эмэгтэй, дээрээс нь 800 орчим мянга нь 0-14 насных, 1.9 сая орчим нь 15-59 насныхан гэхээр хүн амын тоо цаашид нэмэгдээд явчих нь тодорхой.

Амьжиргааны доод түвшний үзүүлэлт ч байнга өссөөр ирснийг бид мэднэ. 2002 онд баруун аймгийнхны амьжиргааны доод түвшний үзүүлэлт сарын 19200 төгрөг байсан бол өнөөдөр 146600 төгрөг болсон. Мөн онд зүүн бүсийнх 20200, Улаан­баа­тарынх 24600 байсан бол одоо зүүн нь 144500, нийслэлд 169000 болсон талаар Үн­дэс­ний Статистикийн сай­тад мэдээлсэн байх юм. Үүнийг ханшийн уналт, бүтээгдэхүүний өсөлттэй холбож нэмэгдсэн гэж тайлбарлах дэндүү өрөөсгөл учраас энэ өсөлтийн цаана эерэг тал байгааг бид харгалзах л ёстой.

Бид ганцхан “Эрдэнэт” үйлдвэртэй, хоёрхон сая хүнтэй байхдаа хэчнээн сэтгэл хангалуун амьдарч чаддаг байлаа даа. Одоо түүнээсээ илүү байх боломж бидэнд бий. Илүү хүсэл, шунал тачаал зовлон авчирдаг гэдэг шиг байгаадаа сэтгэл ханахгүй, илүүг нэхэх тусам өөрсдөд маань заримдаа зовлон болох юм.

Яндаж болохгүй далай шиг

Яасан баян нутаг вэ гэж соц реализмийн сэтгэлгээгээр биччихсэн мөртүүд биш юм. Ийм дэлхийн тийм баялагтай газарт хилээ зоож, хашаалаад авчихсан бид Гаитид амьдарч байгаа юм шиг гамшгийн сэтгэлгээтэй амьдрах дэндүү гунигтай билээ. 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 11168,1 тэрбум төгрөг болж, 17.4 хувиар өсч байсан сайхан дурсамж бий. Тэр үед CNN-ий сэтгүүлч “Та дэлхийд хамгийн түргэн хөгжиж байгаа баян орон Катар гэж боддог уу. Тэгвэл дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн орон байна. Энэ бол Монгол” гэж ирээд танилцуулж байлаа. Бид гадагшаа гаргах юу ч үгүй, гадныханд харуулах ямар ч эдгүй улс биш билээ. Манай нийт газар нутгийн 17 хувь л судлагдсан гэж үздэг. Харин тэр судлагдсан газрын хэдэд нь ямар нөөц байгааг хэлүүлэх юун. Геологичид 11 тэрбум тн төмрийн хүдрийн нөөц байгаа гэдэг. Хоёр жилийн өмнө гурван сая тн, өнгөрсөн онд таван сая тнн төмрийн хүдэр, баяжмал олборлосон нь ирэх гурван жилд 11 сая тн-д хүрнэ гэсэн тооцоо гарсан. Манай эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг Эрдэнэтийн нөөц багассаар байгаа ч ойр орчимд нь хайгуул хийж таван лицензийг үйлдвэр мэдэлдээ нэмж авснаар тус үйлдвэрийн ашиглах нөөцийн хэмжээ нэмэгдсэн. Мөн дэлхийд тавдугаарт орох Оюутолгойн орд байна, Цагаан суваргын орд ч байна.Популизм хийж, ажлыг хойш нь татахгүй урагшилж чадвал бидэнд байхгүйгээс байгаа нь их шүү. Бас манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т ордог. Дэлхийнгурван зуугаад улсаас шүү. Дээрээс нь Монголд хэзээ ч нефть байхгүй гэж хүүхэд ахуйд маань яригдаж байсан цаг улирч Монгол Улс нефть олборлогч орон болсноо зарласан. Занар хийгээд цаашлаад яривал зөндөө л бий. Тэгэхээр юу нь болохгүй байна аа. Бидэнд болгох бүтээх боломж нь бүгд байна. Харин бид өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт хийж, байгаа боломжоо гарздуулж хаялгүй ашиглах нь чухал юм. Ирэх он бол монголчуудад уруудаж доройтохын бус харин урагшилж дэвжихийн он цаг байх болно. Тийм ээ, энэ онд бид дажгүй ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны байгууллагыг их сургуультай нэгтгэх нь салбараа үгүй хийх эрсдэлтэй

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх талаарх Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг эсэргүүцэн, шинжлэх ухааны академийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд жагссан билээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед улсын төсвийн орлого их наядаар тасарсан учраас ШУА-ийг татан буулгаж, төсөв хэмнэх гэж байгаа гэвэл эндүүрэл гэдгийг жагсагчид хэлж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ онд БШУЯ-ны төсвийг танаагүй атал сайд Л.Гантөмөр бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр зөвхөн шинжлэх ухаанд зарцуулах ёстой хөрөнгийг танах гэж байна гэдгээ тэд жагсаалын үеэр онцолж байсан юм.

ШУА-ийнхан их сургуультай нэгдэлгүй, тусдаа үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны жишиг ч ийм гэдгийг хэлж байгаа юм. ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатартай энэ талаар ярилцлаа.

Шинжлэх ухааны академийг дэлхийд байхгүй нүсэр бүтэцтэй хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

– Шинжлэх ухааны академи Европын сэргэн мандалтын үед буюу XVII-XVIII зууны үеээс эхтэй. Тэдгээрээс Германы Леополдын ШУА, Английн хааны нийгэмлэг, Оросын ШУА зэрэг байгууллагууд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл бүхий л цаг үед шалгагдсан сонгодог бүтэц байхгүй юу. Түүнчлэн Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрсэн үедээ буюу XIX-XX зуунд Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага байгуулсан түүхтэй. Тухайлбал Голланд1808 онд, Австри 1847 онд, АНУ 1863 онд, Хятад 1926 онд тус тус ШУА-аа байгуулсан.

Харин манай орны хувьд 1924 онд ШУА-аа Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулж, ” … энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны академи болох буй заа” гэж хүртэл үүрэг чиглэлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Монгол орон харанхуй, бүдүүлэг байсан юм биш. Тэгж яривал аугаа түүхт Монголын ард түмэн ихээхэн оюунлаг учраас хэдэн зууны өмнөөс буюу Их Монгол Улсын үед ч эрдэмтдийн байгууллагатай байсан. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби Хубилай хааны намтрыг олон жил судалсан. Тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ тусгасан. Тэр ч бүү хэл, тэрхүү академийнзарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби хэлсэн удаатай. Тэгэхээрманай ард түмэн эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай юм шүү.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи гэдэг нь хойд хөршийн хэдэн арван жилийн өмнөх буюу социализмын үеийн бүтэц гэдэг нь ташаа болж таарах нь ээ дээ?

-Юуных нь социализмын үеийн бүтэц байх билээ дээ. Интернетийн тусламжтайгаар өнөө цагт ямар ч мэдээллийг олж авахад их хялбар болчихсон. Хуучны Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс хавьгүй өмнө буюу Шинжлэх ухааны академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд нэг л итгэж өгөхгүй л байна шүү.

Шинжлэх ухааны академи нь судалгааны хүрээлэнгүүдтэй байх нь мөн л Зөвлөлт маягийн буюу хуучны бүтэц учраас их дээд сургуулиудтай нэгтгэх замаар шинэчлэх хэрэгтэй гэцгээх болсон. Энэ тал дээр?

-Ухаандаа ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь хуучин хэв маягийг халж, орчин үеийн сонгодог бүтэц рүү шилжүүлж байна гэх гээд байх шиг байна. Энэ ч бас үндэслэлгүй худлаа юм л даа. Өнөөдөр дэлхий дахинаа эгнээндээ судалгааны хүрээлэнтэй ШУА байхад хүрээлэнгүй нь ч бий. Тухайлбал Европын 40 гаруй улсын ШУА-уудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Тэдгээрийн талаас илүү нь судалгааны хүрээлэнгүй бол бусдад нь бий. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд болох Чех, Словак, Польш, Унгарт тус бүр 50 гаруй хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Австри, Голланд, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүр арав гаруй шинжлэх ухааны хүрээлэнтэй. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад ШУА-ийг байгуулж, хөгжүүлэх бус зөвхөн их сургуульд л шинжлэх ухааныг хөгжүүлдэг болсон юм биш үү?

-Энэ бол бас л өрөөсгөл ойлголт. Жишээлбэл АНУ-ын Холбооны төсвөөс ШУ-ны судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулиас гадуурх судалгаанд зарцуулагддаг. Америкт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны газар бий. Японд мөн л ШУ-ны үндэсний хүрээлэнгүүд байдаг бол Германд 80-аад хүрээлэнгээс бүрдэх Макс Планкийн, Лайбницийн, Хельмхолцын, Фраунхоферын зэрэг хэд хэдэн нийгэмлэг бий. Францын CNRS 80 хүрээлэнтэй бол Италийн CNR 100-аад хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнгүүдийн үндсэн зорилго нь зөвхөн судалгаа хийх. Товчхондоо бол барууны орнуудад их дээд сургуулиудаас гадна ШУА, Төв лаборатори, хүрээлэн, нийгэмлэгүүд дээрээ шинжлэх ухааны судалгаа хийдэг юм.

Тэгвэл манай оронд шинжлэх ухааны байгууллагуудаа их сургуультай нэгтгэлгүй тусад нь хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн аль алиных нь судалгааны загвар оновчтой, боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх хэрэгтэй. Дээрээс нь их дээд сургуулийн багш нар таваас зургаан жил багшилсныхаа дараа нэгээс хоёр жил шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр ажиллаж яагаад болохгүй гэж. Үүнийхээ дараа эргээд багшилж болно. Түүнээс биш ШУ-ны байгууллагыг төсөв мөнгө хэмнэх нэрийдлээр механикаар нэгтгэвэл шинжлэх ухааны салбараа өөрсдийн гараар самрах эрсдэлтэй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн олон адуутай сумаар Булганы Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант тодорчээ

МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР МАЛЫН ТОО 51.9 САЯ ТОЛГОЙД ХҮРЧ, ӨМНӨХ ОНЫХООС 6.8 САЯ ТОЛГОЙ БУЮУ 15.1 ХУВИАР ӨСЛӨӨ


Манай улс 51.9 сая толгой мал тоолуулаад байна. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр ийм тоо гараад байгаа юм.

Урьдчилсан дүнгээр Орхон аймгийн малын тоо толгой 55.9 мянгаар буурсан бол бусад аймагт 43.8-625 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гарчээ.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэгаймаг, Улаанбаатар хотын малчид таван хошуу малаа жигд өсгөсөн байна.

Архангай аймаг дөрвөн сая 292768 мал тоолуулж улсдаа тэргүүлж, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгууд удаалжээ. Аймгууд хичнээн мал тоолуулсныг дараахь жагсаалтаас харж болно.

1.Архангай4.292.768

2.Төв4.181.510

3.Хөвсгөл4.156.821

4.Өвөрхангай4.111.515

5.Баянхонгор3.465.864

6.Хэнтий3.268.826

7.Булган3.132.637

8.Завхан2.895.637

9.Сүхбаатар2.818.181

10.Ховд2.625.577

11.Говь-Алтай2.577.869

12.Увс2.561.150

13.Дундговь2.435.739

14. Баян-Өлгий 1.883.370

15.Өмнөговь1.849.043

16.Дорноговь1.686.794

17.Сэлэнгэ1.471.684

18.Дорнод1.393.447

19.Улаанбаатар385.364

20.Говьсүмбэр339.438

21.Дархан324.241

22.Орхон123.202

Малын тоо толгойгоороо улсад тэргүүлээд байгаа Архангай аймгийн хувьд Булган сумын малчин Ч.Жамбалжамцынх хамгийн олон мал тоолуулсан өрх болоод байгаа аж. Тэднийх 3836 толгой мал тоолуулсан гэж тус аймгийн Мал хамгаалах сангийнхан дуулгалаа.

Төв аймаг 330.971, Архангай 303.921, Булган 253.329, Өвөрхангай 246.950, Сүхбаатар 231.248 адуу тоолуулсан нь улсын хэмжээнд хамгийн олон адуутай аймгууд болж байна. Харин Өмнөговь аймаг 112.741 тэмээтэйгээрээ улсад тэргүүлсэн бол Баянхонгор 41.668, Дорноговь 34.792, Говь-Алтай 32.736, Дундговь 28.030 тэмээтэйгээр айргийн тавд жагсчээ. Харин Улаанбаатар 154, Дархан 89, Орхон 61 тэмээтэйгээр энэ жагсаалтын сүүлийг мушгижээ.

Архангай аймаг 2.229.293 хонь тоолуулж улсад тэргүүлсэн бол Төв аймгийнхан 2.125.718 хоньтойгоороо удаалсан байна. Хөвсгөл аймаг 1.996.902, Өвөрхангай 1.821.050, Булган 1.648.711 хонь тоолуулж удаах байрт оржээ.

Баянхонгор аймаг 2.138.102 ямаатайгаар бусад аймгуудаасаа хол давуу байгаа аж. Ямааны тоо толгойгоороо Баянхонгор аймгийн араас Өвөрхангай (1.838.280), Говь-Алтай (1.620.884), Хөвсгөл (1.619.267), Төв (1.432.545) аймгууд орсон байна.

Ийнхүү аймгуудыг төрөл тус бүрээр нь малаа хэрхэн өсгөж, улсын хэмжээнд ямархуу байр эзэлж байгааг сонирхуулахад ийм байна. Харин тооллогын дүнг сум, багийн хэмжээнд нарийвчлан гаргасан тоо баримтаас дурдъя.

Нийт малын тоогоор Архангай аймгийн Эрдэнэ­мандал сум улсад тэргүүлээд байна. Тус сум 420.445 мал тоолуулжээ. Энэ сумын араас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Баян­дэлгэр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд оржээ. Хамгийн олон адуутай сумдаар Булганы Сайхан (40.227), Төв аймгийн Эрдэнэсант (31.966), Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан (29.600), Баруун-Урт (28.797), Булганы аймгийн Могод (28.439) тус тус тодроод байна.

Үхрийн тоогоор Архангай аймгийн Өндөр-Улаан, Их Тамир, Чулуут сумд улсад эхний гурван байрыг эзэлсэн бол Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Тариат сум удаах байрт оржээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум 22.655 тэмээ тоолуулж бусад сумдаа тэргүүлсэн бол тус аймгийн Мандал-Овоо сум 18.208, Баянхонгор аймгийн Баянлиг 17.486, Өмнөговь аймгийн Манлай 10.264, Дундговь аймгийн Өлзийт сум 8.665 тэмээ тоолуулж айргийн тавд орсон байна. Энд сонирхуулахад, Завхан аймгийн Асгат гурав, Төв аймгийн Архуст, Сэлэнгийн Зүүнбүрэн, Архангайн Эрдэнэ­булган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр сумд тус тус хоёр тэмээ тоолуулсан бол Төв аймгийн Угтаалцайдам сум нэг тэмээ тоолуулжээ.

Архангай аймгийн Эрдэнэ­мандал 273.603, Төв аймгийн Эрдэнэсант 212.777 хонь тоолуулж улсад тэргүүлээд байгаа бол, Өвөрхангай аймгийн Богд 230.687, Баянхонгор аймгийн Баацагаан 211.869 ямаа тоолуулж ямааныхаа тоогоор эхний байруудад бичигджээ.

Хамгийн олон мал тоо­луулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын нэгдүгээр баг буюу Жаргалант баг тодорч байна. Тус багийнхан 139 мянга 279 толгой малтай ажээ. Адуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат, үхрээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян баг, хониор Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг, ямаагаар Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг тус тус улсад тэргүүлсэн байна.

Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн нэгдсэн дүнг энэ сарын 15-нд олон нийтэд албан ёсоор танилцуулна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Зам, шугам сүлжээний ажлын уялдаа холбоог сайжруулна

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгийн шинэ оны эхний хурал боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлан Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэргэжлийн хяналт, Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар төмөр зам, есөн дүүргийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаагаас зарим нэг бүтээн байгуулалтад зарцуулсан төсвийн хөрөнгө үр дүнгүй болох тохиолдол багагүй гарч байна. Ийм учраас газар шорооны ажил хийдэг Ус суваг, Цахилгаан, инженерийн байгууллагууд болон дүүргүүдийн энэ онд хийх ажлыг уялдаа холбоотойгоор нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана” гэлээ. Мөн энэ онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг энэ сарын 8-ны дотор гаргаж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Нэг баррель газрын тос 50 ам.доллар хүртэл уналаа

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байна. Өчигдөр /01.05/ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 50.04 ам.доллараар худалдаалагдав.

Шинжээчдйин мэдээлж буйгаар энэ нь 2.65 ам.доллар буюу 5 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд 2009 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр бууралтад тооцогдож байна.

Газрын тосны арилжаа шинэ онд маш сул эхэлсэн хэмээн шинжээчид дүгнэлээ. Өмнө нь жилийн эхэнд газрын тосны зах зээлийн өсөлтөд нөлөөлөх зорилгоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байсан бол энэ жил эсрэгээрээ энэ салбараас хөрөнгө оруулалтаа татаж авах нь элбэгшсэн байна.

Европын хөрөнгийн биржүүдэд мөн адил хар алтны үнэ унаж байгаа аж. Тухайлбал Лондонгийн олон улсын арилжаанд Брент маркийн газрын тосны үнэ 3.53 ам.доллараар буурч, нэг баррель нь 52.86 ам.долларт хүрсэн байна.

Эндээс үзэхэд, газрын тосны үнийн уналт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй. 2015 онд эрэлт тогтворгүй байснаар газрын тосны үнэ үргэлжлэн буурна гэж Олон Улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийг хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албаныхан оролцоно. Мөн Монгол банк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцож, хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцэнэ

Төрийн ордноо өнөөдөр хоёр байнгын хорооны хурал товлогдсон байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр нь танилцуулж байна.


Categories
мэдээ спорт

Их Өргөө аравтуудын гурав дахь легионер Дейн Хадли ирлээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тэмцээн гурав дахь жилдээ амжилттай явагдаж байна. Лигийн 11 баг одоогоор 8-10 тоглолтууд хийж нэгдүгээр тойргийг өндөрлүүлэх дөхөөд байгаа юм. Тэгвэл Супер лигт дөрвөн хожил, дөрвөн хожигдолтой яваа Их Өргөө аравтууд багийн шинэ легионер тамирчин Дейн Хадли өчигдөр орой 23 цагт газардлаа. Их Өргөө аравтууд баг Хадлиг ирэхээс өмнө Жордан МакКой, Аундра Виллиамс гэсэн хоёр легионер тамирчинтай байсан юм. Ямартаа ч Аравтууд дахин нэг легионероор хүч нэмэн Супер лигийг үргэлжлүүлэхээр болоод байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Нойтон соронзон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо

Дархан хотноо төмрийн хүдрийг нойтон, соронзон аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтанд оржээ. Уг үйлдвэр нь одоогоор Монгол улсдаа хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд жилдээ 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай гэлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь өөртөө суурилсан уул уурхайн металлургийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дэд хөтөлбөрийнхөө нэг зорилтыг ийнхүү биелүүлсэн байна.

Шинэ үйлдвэрийн үндсэн үзүүлэлт болох төмрийн агуулга нь 64%-иac дээш бөгөөд металлургийн шаардлага нь 700 мянган тонн баяжмал байх юм. Үйлдвэр нээгдсэнээр улсынхаа уул уурхай, металлургийн цогцолборын үндсэн түүхий эдийг бэлтгэхэд том алхам болж орон нутагт шинээр 120 ажлын байр нэмэгдүүлж байгаа юм.

Нойтон аргаар баяжуулсан хүдэр нь шууд ангижруулах төмрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог ба төмрийн ийм үйлдвэр байгуулахаар Финландын “Outotec” болон Японы “Kobe Steel” компаниудын технологийг судлан, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулжээ. Металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Канадын “Hatch” компаниас ч туслалцаа авч төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байгаа геомембран доторлогоотой барьсан уг үйлдвэрийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү технологи нь усыг үр ашигтайгаар буюу 70%-иас дээш дахин ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй гээд нийлээдгүй давуу талтай юм.