Categories
мэдээ нийгэм

Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх, тусгах ажиллагааг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн иргэд www.president.mn, www.cityhall.gov.mn, www.mongolforum.mn сайтуудад холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн ам 2.2 хувиар өсчээ

Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өссөн байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 2014 онд 81715 хүүхэд мэндэлсэн нь төрөлтийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ. Түүнчлэн манай улсын хоёр сая дахь иргэн төрж байсан үе буюу 1988 онд 75832 хүүхэд, 2013 онд 79780 хүүхэд төрсөн нь хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тэмдэглэгдсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд гадаадад 1124 монгол иргэн мэндэлж, манай улс нийтдээ 82839 шинэ иргэнээр бүл нэмлээ.

Манай улсын нийт хүн ам 4051-ээр нэмэгдэхэд гурван саяд хүрнэ. Гурван сая дахь иргэн энэ оны 1 дүгээр сард төрөх төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Хятад иргэд хуурамч карт ашиглаж мөнгө хулгайлжээ

БНХАУ-ын иргэд монгол залуустай хамтарч арилжааны банкуудын ПОС терминал төхөөрөмжийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэг он солигдох өдөр гарсан байна. Энэ хэрэгт холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилсан бөгөөд эдгээрийн дөрөв нь Хятад улсын иргэн аж. Эх сурвалжийн ярьснаар сэжигтнүүд Монгол дахь хамсаатнуудтайгаа урьдчилан тохирч, зохион байгуулалттайгаар энэ хэргийг үйлдсэн гэнэ. Хулгайд ашигласан картуудыг өмнөд хөршид үйлдвэрлэсэн байжээ. Одоогийн байдлаар нийт 100 гаруй удаагийн гүйлгээгээр 40 гаруй сая төгрөг хулгайлсан нь тогтоогдоод байгаа бөгөөд цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АН Ерөнхий нарийн бичгийн даргаа томилно

Өнөөдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана. Хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Тус намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг АН-ын дарга санал болгож, ҮЗХ хэлэлцэн томилдог.

Харин энэ удаад Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар генсекийн үүрэг гүйцэтгэгчийг томилох бололтой.

Categories
мэдээ спорт

Дэлхийн оюутны универсиадад манай цаначид оролцоно

Дэлхийн “Оюутны универсиад-2015” өвлийн спортын 27 дугаар их наадам анх удаагаа хоёр улсын хоёр уулсын дунд өөр цаг хугацаанд зохион байгуулагдахаар болсон. Эхнийх нь энэ сарын 24-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энд “Универсиад-2015” наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрлийн тэмцээн болно.

Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй долоон тамирчин оролцох юм. Манай улсын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтаж байгаа юм.

Ийнхүү манай тамирчид “Универсиад 2015” наадмын дөрвөн зайн уралдаан, багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчид 1991 онд Японы Саппоро хотноо болсон өвлийн Универсиад наадамд анх оролцож байсан. Түүнээс хойш сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн.

Харин өвлийн “Универсиад-2015” наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо ирэх хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд явагдах юм. Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох тэмцээнүүдэд оролцох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бизнес эрхлэгчидтэй өнөөдөр 15.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд уулзалт хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн өнөөдөр ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Өнөөдрийн уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Саусгоби сэндс”-ийн компанийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компани 2007-2011 онд онц их хэмжээний татвар төлөөгүй аж. Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Карбат, Санхүүгийн ерөнхий менежир асан Флиппин улсын иргэн Кристопол Данид, Халитон, Кажкон нарт холбогдоод байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Намрын хонгор салхи” үзэсгэлэн нээгдэнэ

МУЭ-ийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Үзэсгэлэнд зураачийн сүүлийн хоёр жилд шинээр зурж бүтээсэн тосон будгийн 70 гаруй бүтээл, судалбар зургуудыг тавих юм.

Бүтээлийн олонх Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлэн гаргаснаас гадна зураач Европын орноор аялан тэмдэглэсэн шинэлэг бүтээлээсээ дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болох аж.

Categories
мэдээ цаг-үе

ШУА-ийнхан 500 мянган төгрөгийн тэтгэмжээсээ салахгүйн тулд хөгжлөөс ухарч байна

-ШИНЖЛЭХ УХААНАА АШИГЛАХ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭЖ ХӨГЖИХ САНААЧИЛГЫГ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН ШИГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА НЬ АРЧААГҮЙ ХЭРЭГ

МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, профессор С.Буднямтай ярилцлаа.

Математикийн хүрээлэн МУИС-ийн харьяанд очоод багагүй хугацаа өнгөрсөн. Танай хүрээлэнг их сургуулийн бөөрөнд очоод ажиллахаа больсон гэж ярих эрдэмтэд байна. Үнэн үү?

-Тийм сонин, худлаа мэдээллийг УИХ-ын зарим гишүүн, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийнхан ярих боллоо. Тэд ийм утгагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой. Математикийн хүрээлэн өнгөрсөн жил 40 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Манайх 1997 онд МУИС-ийн харьяанд очсон шүү дээ. Хуучин класик чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед шинэ салбаруудаар эрчимтэй хөгжиж байна. Англи, Япон, АНУ-д сурч ирсэн залуус энд ажиллаж, залуу боловсон хүчнээр байнга сэлгэгдэж байгаа. Хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат Төрийн шагнал хүртлээ. Академич Т.Жанлав Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн хүндэт доктор боллоо. О.Чулуунбаатар доктор Дубнад секторын эрхлэгч хийж байна. Ч.Алтаннар АНУ-д доктороо хамгаалаад Англид ажиллаж байгаад ирлээ. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг хоёр ч залуу авлаа. Гадаад, дотоодод үнэлэгдэж байгаа хамт олныг ингэж үгүйсгэсэнд харамсч байна.

Танай хүрээлэн Их сургуулийн харъяанд очоод эерэг өөрчлөлт гарсан уу?

-Шилжилтийн үед ШУА-аас салгаж байсан учраас нэг үе боловсон хүчин, гадаад харилцаа доголдсон нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд доголдлоо нөхөж, үйл ажиллагаа сайжирсан. Их сургуулийн дэргэд байгаа учраас залуу боловсон хүчнээр байнга нөхөгдөж, тэр хэрээр хөгжижбайна. Багшилж байгаа залуучуудаас сонгох, тэднийгээ гадаадад сургаж авахад ойр байдаг. Ахмад эрдэмтэд мэдлэгээ залуу үед дамжуулдаг. Ингэж эргэх холбоотой, цусаа сэлбэж хөгждөгийг олон улсын жишиг харуулж байна. Багш хүн өөрөө эрдэмтэн байх учиртай. Барууны “профессор, оюутан” гэдэг нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэх сонгомол загвар шүү дээ.

Их сургуулиудаас тасарчихсан академид энэ бол боломжгүй, удирдлагууд нь ч хүн сургах гэдгийг мартчихсан. Тийм ч учраас ШУА өнөөдөр маш хүнд байдалд орчихсон.

Их сургуулиудын харъяанд эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд байх нь оюутнуудад ч ашигтай болов уу. Олон улсын нэр хүндтэй сургуулиуд ийм жишгээр хөгждөг.

-Чанартай боловсон хүчин бэлтгэгдэх үндэс нь болж байгаа юм. Барууны сургуулиудын харьяанд биеэ даасан судалгаа хийдэг төвүүд бий. АНУ-ын Харвард, Калифорнийн Технологийн их сургууль гэх мэт сургуулиуд дотроо том лобараторитой. Тэнд ажиллаж байгаа эрдэмтэд нээлт хийгээд Нобелийн шагнал аваад байна шүү дээ.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяанд өгнө гэсэн Ерөнхий сайдын саналыг ШУА-ийнхан эсэргүүцэж, жагсаал хүртэл хийсэн. Ер нь олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Хуучин социалист, социализмын чиглэлтэй орнуудын шинжлэх ухааны хөгжил хоцрогдсон шалтгаан нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн хоёрыг эртнээс салгасанд байгаа юм. Манайх ОХУ-ын загварыг авч хэрэглэсэн шүү дээ. Петр-I хааны байгуулсан академид гаднаас уригдаж ирсэн хүмүүстэй нь Ломоносов муудалцаад тусдаа их сургуулиа байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Орост их сургууль, академи хоёр 300 гаруй жилийн турш салангид байсан түүх бий. Харин их сургууль төвтэй шинжлэх ухааны загварыг Германы Гумболд бий болгосон. Тэр хүн шинжлэх ухаан бол их сургуульд төвлөрсөн байх ёстой гэдгийг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. XX зууны эхэн, дунд үед Германы том мэргэжилтнүүд их сургуульдаа байсан. Шинжлэх ухаан нь ч дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон. Харин дэлхийн II дайнаас болж Германы олонхи том эрдэмтэд нь Америк руу гарч, дэлхийн шинжлэх ухаанд тэргүүлэх байр сууриа алдсан л даа. Ер нь их сургуулийг түшиглэж хөгжсөн шинжлэх ухаан хамгийн өгөөжтэй, сонгомол загвар гэдгийг олон улсын жишээ харуулж байна. Техникийн хувьсгал, нийгмийн бүх л өөрчлөлт шинжлэх ухаантай холбоотой. Шинжлэх ухааны том том нээлтүүд хүн төрөлхтөнд дэвшлийг авч ирдэг. Харин тэр дэвшлийг хэн хурдан хүлээн авч, улс орныхоо хөгжилд ашиглаж байгаа нь бусдаасаа тэргүүлж байна. Шинжлэх ухааныг төр, эдийн засгийн бодлогодоо зөв тусгаж байгаа улс хөгжиж чадаж байна шүү дээ. Газар нутаг багатай, хүн ам цөөтэй Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоогч Ли Куан Ю “Хөгжил бол ард түмний толгойтой холбоотой. Ард түмний ухамсарт юу байгаа нь хөгжлийн хөшүүрэг байх ёстой” гэж тийм бодлогоор улсаа хөгжүүлсэн шүү дээ.

Барууны орнууд их сургуульдаа түшиглэн шинжлэх ухаанаа хөгжүүлдэг юм байна. Харин социалист байсан орнуудад ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид шилжиж байгаа нийгмээ муу мэдэрч, өнгөрсөн 25 жилийн турш ихэнх асуудлыг туршилтын байдлаар шийдлээ. Харин одоо өнгөрсөндөө дүгнэлт хийж хөгжлийн гарц нь сайн боловсролтой иргэд, шинжлэх ухааныг хүлээж авдаг чадавхитай болох ёстой. Инженер, эрдэмтэд, зохион бүтээгчид ийм чадвартай байвал дэлхийн шинжлэх ухаанд гарч байгаа том том нээлтийг хүлээж авах чадвартай, бэлэн байна шүү дээ. Өмнө нь газар, хөдөлмөр, байгалийн баялаг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл байсан бол одоо хүний оюуны багтаамж шингэсэн технологи, бүтээгдэхүүн хөгжлийн тулгуур болж байна. Хуучин социалист орнууд үүнийг мэдрээд бүгд шинжлэх ухааны хуучин менежментээ өөрчилсөн. ОХУ-ын эрдэмтдийн нээлт дэлхийн шинжлэх ухааныг тэтгэж байлаа. Харамсалтай нь шилжилтийн үед үүргээ шинэ нөхцөлтэй уялдуулж чадаагүй. Тиймээс өнгөрсөн жил дээрээс нь Шинжлэх ухааны хүрээлэнг татан буулгаж “Та нар эрдэмтдийн клуб. Бид та бүхнээс зөвлөгөө авна. Та нар их, дээд сургуулийн судалгаанд дүгнэлт хийж, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиглэлийг нөхцөл байдалдаа тохируул” гэдэг чиглэлийг өгчихсөн.

Манай загвар болсон ОХУ өөрчлөлтийг хийчихэж гэж ойлголоо. Харин манай эрдэмтэд яагаад энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй гээд эсэргүүцээд байгаа юм бол?

-Үе, үеийн Засгийн газар зохицуулалт хийхийг оролдсон. Харин ШУА-ийнхан өөрийгөө хамгаалаад, социализмын үеийнхээ нэрийг ашиглаад өөрсдийгөө бөөцийлж байсан хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилга үнэндээ мөнгө хэмнэх, эдийн засгийн хямралтай ямар ч холбоогүй. Харин хөгжилд нийцүүлж боловсрол, шинжлэх ухааныг ашиглах хэрэгцээ гарсан учраас олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон. Нүүрс, зэсээ зарсан эдийн засгийн өсөлт чанарынх биш хөөсөн байж гэдгийг хүлээн зөвшөөрч зөв гольдиролд оруулах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл энэ саналыг хямралтай холбож эмзэг бүлгийнхэн шиг хүлээж авч байгаа нь арчаагүй хэрэг. Харин ч ШУА-ийнхан өөрсдөө “Таны санал зөв байна. Бид ийм байдлаар хүчээ нэгтгэж эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай судалгаа хийж ажиллах хэрэгтэй” гэдэг санал гаргаж, Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой байсан. Ерөнхий сайд энэ ажлаа хөгжлийн нөөц гэдэг талаас нь шийдвэртэй хийгээсэй гэж хүсч байна. Үүний тулд ШУА-ийн хүрээлэнгүүдийг БСШУ-ны яамандаа авах ёстой. ШУА-ийн 64 гишүүний сар бүр авдаг 500 мянган төгрөгийг хасах хэрэгтэй. Тэдэнд ямар агуулгаар тэтгэлэг өгч байгаа нь ойлгомжгүй. Дэлхийд хоёрхон улс академийнхаа гишүүдэд тэтгэлэг өгдөг. Манайх тийм баян улс биш. Жилд 400 гаруй сая төгрөгийг ШУА-ийн гишүүдэд тэтгэлэг болгон өгч байна. Гишүүд нь энэ тэтгэлгийнхээ хажуугаар цалин, тэтгэврээ бас авна.

Тэгвэл ШУА-ийн гишүүд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд эсэргүүцээд байна уу. Эсвэл ажилгүй болохоос айгаад байгаа хэрэг үү?

-500 мянган төгрөгөөсөө салчихна гэж айж байна. Бас их сургуульд очоод юу зааж, юу сургаж чадах вэ гэдэг нь толгойны өвчин болчихож. Бэлэн болсон зүйл дээр гарын үсэг зурах, зөвлөгөө өгөх нь их сургуульд ажиллахаас огт өөр. Их сургууль дээр оюутнууд тэднийг зүгээр суулгахгүй. ШУА-ийн гишүүдийн олонхи нь их сургуульд багшилж үзээгүй, оюутнуудад уншчих лекц бичээгүй, сургалтын системээсээ тасарчихсан хүмүүс.

Эрдэмтэд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд тэмцэж байна гэхэд өрөвдөлтэй санагдаж байна. Олон улсад эрдэмтэд бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зардаг, хамгийн орлоготой хүмүүс байдаг шүү дээ. Манайд тийм боломж байхгүй юу?

-Ажиллаж чадвал тийм боломж байгаа. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд компаниуд шинжлэх ухааны бодлого боловсруулдаг төвүүдтэй байх шаардлага гарч байна. Шинэ технологи, патентийн мэдээллийг судалж, дүгнэлт хийн бизнестээ ашиглах шаардлага гарчихаад байна. АНУ-д инновацийн менежер ажиллаж байна. Нэг судлаачид есөн менежер ажиллаж байна шүү дээ. Үүний хүчинд технологийн шинэчлэлээ цаг алдалгүй хийж чадаж байна. Манай бизнес эрхлэгчид энэ тал дээр дутуу ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадваргүй байгаа хэрэг. Хөдөө аж ахуй, эрдэс баялгаа боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд эрдэмтдээ ашиглах хэрэгтэй. Газ гаргах, коксжуулах технологи дээр хөрөнгө оруулагчидтай хатуу тохирвол хөгжил ойр байна.

Эрдэмтэд оюутнуудаа ашиглаад өөрийнхөө онолыг хөгжүүлэх боломж байгаа. Технологитой холбоотой судалгаа хийдэг эрдэмтэн бизнес эрхлэгчдийг өөртөө татах шинэ санаа гаргавал тэтгэмж байтугай мөнгө олно. Барууны зарчим ийм. Эрдэмтэн судалгаагаа л хийнэ. Шинжлэх ухааны нээлт бүх нийтийн хүртээл. Тэр технологийг дамжуулж, өөртөө нутагшуулах чадвар өндөртэй нь хөгжиж байна шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд цусаа сэлбэж, дэлхийн нээлтийг нутагшуулбал хөгжил аяндаа ирнэ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудыг их сургуулиудад шилжүүлбэл хэр хугацаа хэрэгтэй бол?

-Их сургуулиудад бие даасан төвүүдийг яаж байршуулж, хөгжүүлэх вэ гэдэг загвараа гаргана. Дараа нь ШУА-ийн хүрээлэнгүүдийг хаана нь байршуулах шийдвэрээ гаргах ёстой. Төрийн статуст авсны дараа алийг нь их сургуульд аажмаар өгөх вэ, алийг тусад нь байлгах вэ гэдгийг шийдэх учиртай. Түүнээс их сургууль руу шууд механикаар хийж болохгүй шүү дээ. УИХ-ын зарим гишүүн “Их сургууль чинь 17 настай “охин”. Ийм байхад юм нэмж “жирэмслүүлэх” хэрэг байна уу” гэж ярьсан гэнэ лээ. Их сургууль дотор шинжлэх ухааны төвүүдийг бойжуулах гэж байгаа бол эхлээд бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь эргээд төвөө тэжээх байдлыг харгалзах ёстой. Энэ бүхэнд гурван жилийн хугацаа хэрэгтэй болов уу. Засгийн газрын хугацаанд амжихгүй гээд битгий орхиосой гэж хүсч байна. Үндсэн хуульд шинжлэх ухааны бодлого, хөгжлийг Засгийн газар хэрэгжүүлэх тухай тодорхой заачихсан. Үүнийгээ хийг л дээ. Шинжлэх ухааны салбарт олонхиороо асуудлыг шийддэггүй. Хэн зөв сэтгэж, хэн онол гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөгддөг. Санал хураалтаар, эсвэл хэсэг улстөрчдийг худалдаж авах замаар хийгддэггүй. Ардчилал нь тэргүүлж байгаа цөөнхдөө байдаг. Түүнийг хүлээж авах нь ёс зүйн асуудал.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Уртнасан үл мартагдах гавъяатай хүн

Шударга, эх оронч, ажил хэрэгч, мэдлэг чадвараараа шилэгдэн шалгарч 1992 онд АИХ-ын II хуралдааныг удирдсан Жамбалдоржийн Уртнасанг монгол түмэн мартаагүй байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн энэ хуралдааны дарга, онол улс төрийн мэдлэгээр зогсохгүй Монгол орон, энгийн амьдралыг гайхалтай мэдэрдэг байсан тэрээр нийгмийн амьдралын салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй хүнийг хоёр сар хагасын туршид ухааны цэцээ уралдуулан улс орныхоо өнөө маргаашийн бус алс хэтийн зорилго зорилтыг дэнслэн ажиллахад удирдан зангидсан эгэл атлаа агуу зохион байгуулагч байв. Энэ хүний үлгэр дуурайллыг өнөөдөр энэ өдөр эргэн дурсахуйд нэн таатай. Тэрээр аливаа бэрхшээлтэй асуудлыг санаанд оромгүй байдлаар эвтэйхэн шийдвэрлэдэг байсансан. Тэр өдрүүдэд Үндсэн хуулийг нэгдлийн дарга нарын баталсан хууль гэх мэтээр элдвийн болох болохгүйөргөдөл сэлт саналууд ирж байсан. Нэгэн тийм сүрхий бичиг ирснийг Уртнасан дарга уншингуут намайг шүүмжилж болно хөдөлмөрийн баатар Намжиг, Рагчаа, Лодойхүү, Чулуун нарыг юу гэх юм болоо гээд ураад цаасны сав руугаа хийчихэж билээ. Тэр Пунсалмаагийн Очирбат, Жамбын Гомбожав бид гурав усан морь жилийнх Бяраагийн Чимэд модон нохой жилийнх ивээл жилтэй удирдагч нар байсан гэж ирээд л сэтгэлийн сайхнаар ярьдаг сан. Доктор Мижигдоржийн бичгээр ирүүлсэн “Мал төрийн хамгаалалтанд байна” гэсэн саналыг хуульд тусгуулахад Уртнасан дарга гол үүрэг гүйцэтгэсэн. Бэлчээрийн мал аж ахуй оршин байгаа нөхцөлд газрыг хувьчилж болохгүй гэдгийг энэ ч биш ээ гээд, газар бэлчээрийг өмчлүүлэх, цагаачлал ба хүн ам зүйн бодлого, түүний дотор үр хөндөхийг хориглодог явдлыг зогсоох зэрэг асуудлаар маш их мэдээлэл авч дэлхийн улсуудын туршлагыг сонирхож байсан. Ер нь Үндсэн Хуулийг хэлэлцэхэд хөндөгдөөгүй асуудал бараг байхгүй байсан гэхэд болно. Эрэгтэй хүн олон эхнэртэй байх нь хүний эрхийн асуудал учраас тэр тухай Үндсэн хуульд оруулна, оруулахгүй гээд л хэдэн цаг маргана. Аливаа маргаан эрс хурцадахад нам, бүлгүүдийн аль нэг нь завсарлага авч, тусдаа цуглараад тухайн асуудлыг тал бүрээс нь шүүн ярилцаж, өөрсдийн саналаа нэгтгээд эргэн чуулгандаа орно. Д.Бямбасүрэн Засгийн Газрын тэргүүнээсээ огцрох санал чуулганд оруулж ирлээ. Коммунист гэж хэлүүлж бай­гаа одоогийн энэ хүмүүс үзэл бодлоо өөрчилж, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай гэдгийг үзүүлье гэж бодож энэ албанд зүтгэж эхэлсэн. Монгол орны өөрчлөлт шинэчлэлийг идэвхижүүлэх, гүнзгийрүүлэх энэ үед төр, ард түмний маань дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн гол хүчнүүдийн дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн хамгийн эгзэгтэй үед Засгийн Газрын тэргүүн огцрох ёсгүй гэдэг асуудалд Ж.Уртнасан депутатуудыг удирдаж чадсан. Засгийн газрын тэргүүнээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай эргэж хуралдаанд орсон юм. Тэгэхэд зарим хүмүүс сэтгэл дундуур байсан боловч Бямбасүрэнг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналыг олонхи нь дэмжсэн билээ. Депутат бүр өөрийн саналыг хэлэх гэж хурлын танхимд байрлуулсан чанга яригчийн өмнө өдөржин шөнөжин дугаарлана. Энэ бүхнээс шантралгүй миний л үүрэг гэсэн шиг огт уур­лаж ундууцалгүйгээр депута­туудын асуултанд хариулж, тэсвэр тэвчээртэй, ажил хэрэгч, өндөр боловсролтой, удирдагч гэдгээ Уртнасан дарга харуулж байсан би­лээ. Үндсэн хуулийг бат­лагд­­санаас хойш тун удал­гүй АИХ-ын даргын тодорхойлолтоор Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган Б.Чимидэд гавьяат хуульч цол хүртээсэн.

Миний тэвчээр үнэхээр барагдлаа МАХН-ын нөхдүүд ардчиллын талыг барилаа, ардчиллын нөхдүүд маань хуучинсаг хандаж байна гэж байнга шүүмжилсээр байна. Би тодорхойгүй хугацаагаар хурал хаялаа гээд хурлыг орхиж гарсан хурлын орлогч дарга нар хуралдааныг удирдаж явуулах гэсэн боловч хэн нь ч тэдний үгийг үл тоож, танхимаа орхиж явалгүй дэмий л 2-3 цаг хүлээж байсан юм. Гэтэл хэн нэгэн нь “Хурлын дарга ирлээ гэж нэлээд дооглонгуй хашгирахад хүмүүс хэнээр ч шаардуулалгүй танхимдаа орж суудлаа эзлэн нам чимээгүй суухад хурлын дарга маань юу ч болоогүй юм шиг хуралдааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөтлөхөд олон хоногоор гацаад байсан асуудлуудыг төд удалгүй ямар ч хэрүүл тэмцэлгүй шийдэж байсансан. Хорин нэгдүгээр тойргийн депутат генерал, яруу найрагч Пүрэвийн Мөнхдоржийн зүрх зогсож, хурлын танхимд нас барахад царай нь цонхийж хөдөлгөөн нь удаашран өрөөндөө орлогч дарга Н.Батбаяр Т.Шагай Ц.Лоохууз Д.Моондой нартай орж мөн ч олон хоног хуралдаж байна даа. Энэ хуулийг батлуулчих юмсан. Сонгогчдоос АИХ-д ирж буй өргөдөл хүсэлт шаардлага улам их боллоо гээд сэтгэл нь маш их зовнисон шинжтэй хоолой нь зангирч байсансан. Төрийн сүлдний тухай олон хоног маргалдах үед эрдэмтэн Далай, Сүхбаатар, Бадар-Ууган нартай өдрийн зоогонд орохдоо хүртэл зөвлөлдөж зураач Ойдовыг хожим ажлынхаа өрөөндөө хүлээн авч санал бодлыг нь сонсож байсан. Үндсэн хуулийн гол гол заалтуудыг хэлэлцэж байсан тэр халуухан өдрүүдэд өдрийн хоолны завсарлага, оройн хуралдааны дараа ер нь цаг зав л гарвал эрдэмтэд, Монголд суугаа гадаадын дипломатчидтай хийх уулзалт, ярилцлагаар дүүрэн байдаг байсан. Энэ үед Монголд ирсэн зочин төлөөлөгчид хамгийн түрүүнд АИХ-ын даргатай уулздаг байлаа. Түүнчлэн гачигдал ярьсан, чөлөө авахыг хүссэн депутатуудын дараалал, өргөдөл, санал гомдол, түүнийгээ тайлбарлах гэсэн уулзалтын дараалал тасрахгүй түүнийг хүлээнэ. Бүр зарим депутат өрөөнд нь орчихоод хуралдаан эхэлчихээд байхад хүртэл асуудлыг нь шийдэхгүй бол гарахгүй гээд суучихна. 2001 оны арваннэг, арванхоёрдугаар сард сум, нэгдлийн дарга нарын 60 хувь нь 7-14 хоног орон нутаг руугаа явах хүсэлт тавьж байсан. Хүсэлтийн гол агуулга “оны эцэс боллоо, онд багтааж хийх төлбөр тооцооны болон мал тооллогын тулгамдсан асуудал байна” гэх бол зарим нь идэш ууш, бүр өвчин зовлон тоочиж ялархдагсан. Сэтгэн бодох өндөр чадвартай, аливаад ухаалаг ханддаг, эелдэг зөөлөн, эгэлхэн атлаа зарчимч, хүний мөс дэндүү сайтай, нөхөрсөг тусархуу, ихэрхүү зангүй, ямар ч хүнтэй үг хэлээ ололцож чаддаг, уян хатан гайхалтай эгэл чанарууд нь чухам л түүнийг тэнгэрийн зарлигаар тэр албанд томилсон юм шиг л байлаа. 1992 оны ардчилсан үндсэн хуулийг хэлэцэн батлах тун ч шаггүй ажлын ард гарахад түүнийг даргалагч АИХ-ын дарга хамгийн чухал үүрэг гүйэтгэсэн нь ойлгомжтой хэдий ч манай депутатуудын монгол сэтгэхүй ажил албан тушаалын тал бүрийн мэдлэг туршлага хомс байдал олны дотор ажиллаж байсан ёс зүй сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх чадвар сул байсны дээр үзэл бодлын зөрүү тэр үеийн төрийн бүх институт, иргэдийн ардчилалд суралцах үйл явц дутмаг зэргээс шалтгаалан хууль тогтоогчдод удаан мэдрэгдэж ардчиллын агуулгыг гүн гүнзгий танин мэдээгүйгээс хуулийг хэлэлцэн батлах ажил хэт олон хоног сунжирч хүнд замыг туулсан юм. Хэдийгээр иймэрхүү саад бэрхшээл мундахгүй байсан ч ардчисан шинэ үндсэн хуулиа амжилттай хэлэлцэж баталж чадсан тэрхүү түүхэн өдрүүдэд түмэн олныхоо төлөөлөл 400 гаруй депутатыг зангидан удирдсан Ж.Уртнасангийн гавьяа зүтгэлийг түүх мартахгүй.

Ж.Уртнасан Ховд хотын 10 жил, ХААДС, БНБАУ-ын нийгмийн удирдлагын акаде­мийг тус тус төгссөн. ХАА-н ухааны доктор МААЭШ-ний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХААЯ-ны ор­логч Сайд БНМАУ-ын сайд нарын зөвлөлд ахлах референт Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын ги­шүүнээр ажилласан юм. Ар­дын Их Хурлын II чуулганаар баталсан шинэ Үндсэн хуулийн үндсэн эхийг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатад хууль тогтоогчдын өмнө Төрийн ордны Их танхимд биечлэн гардуулсан түүхэн хувь заяатай хүн.

Улс төрийн ноён нуруутай уян хатан чанар, хүний эвийг олох дүй, ухаалаг үйл ажиллагаа, асуудалд хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байдал, туйлширдаггүй, шулуун шударга зантай, ажлын онцлог арга барил нь депутатуудын талархлыг хүлээж байсан нь үндсэн хуулийг батлахад ихээхэн нөлөөлсөн гавьяат үйлстэн тэрээр батлуулсан хуулийнхаа 20 жилийг үзэж чадалгүй бурханы оронд очсон юм.

Дааж ядсан ачаалалтай далан зургаан өдөр Уртнасан асантай хамгийн их холбоотой ажилласан орлогч дарга Н.Батбаяр Т.Шагай Ц.Лоохууз Д.Моондой нар юунаас ч хараат бус сууж хуулиа баталсан гавьяатууд.

Баруун Алтай нутаг, тунгалаг Буянт голынхоо хөвүүн болохоор Алтайн улсдаа сүслэн залбир­дагсан. Мандан яваа гэхээсээ мацаж яваа хүнд тус дөхөм болох сэтгэл амьдралынх нь сүүлийн жилүүдэд Уртнасан дарга минь дутагдсаныг нуух юун.

АИХ-ын даргын туслах асан доктор профессор О.ЛХАГВАРЭНЦЭН